ХXI зуунд улс орон бүр зах зээлийн эдийн засгийн үр өгөөж болох элбэг дэлбэг эд баялаг, чөлөөт ардчиллын үр өгөөж болох улс төр, соёлын эрх чөлөөг хамтад нь хүртэх боломжтой ч ихэнх орон тэгж чадахгүй байна. Яагаад эрх чөлөөт, ардчилсан төртэй, зах зээлийн эдийн засагтай Монгол Улсын хүн бүр сайхан амьдарч чадахгүй, баян ядуугийн зөрүү улам ихэсч, төр нь төвхнөж чадахгүй байна вэ?

Ер нь ядуу оронд либерал ардчилал хэрэгжиж чадах уу? Монгол Улс эдийн засгаа хөгжүүлж, үр шимийг нь иргэн бүр хүртэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

ЭДИЙН ЗАСГИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ, УЛС ТӨРИЙН АРДЧИЛЛЫГ ЗЭРЭГ ХИЙЖ БОЛОХ УУ?

Монголын хөрсөн дээр либерал ардчиллыг суулгах туршилт амжилтад хүрэхгүй байна гэх дуу хоолой гарч эхэллээ. Тэд хүмүүний хэрэгцээний дарааллын тухай Масловын онолоор хүн эхлээд идэх уух, өмсөж зүүх, орон гэрээ базаасны дараа л урлаг соёл, ухаан санааны хэрэгцээгээ хангадаг гэдгийг сануулж байна.

Эдийн засгаа ардчилсны дараа л улс төрөө ардчилах ёстой, харин зэрэг хийх боломжгүй гэх. Эдүгээ Монголын улстөрчид эдийн засгийн ардчиллыг хийх нэрээр тодорхой эзэнгүй нийтийн баялгийг дахин хуваарилах, төрийн хүч чадлаар зэвсэглэн өөрсдөө баяжихын тулд улс төрийн ардчиллыг ашиглаж байна.

Эдийн засгийн ардчилал бол нийгмийн баялгийг дахин хуваах биш, өөрсдөө баялаг бүтээгээд, түүнийгээ авахыг хэлдэг. Ардчиллын нүүртэй барилгын дотор нийтийн хөрөнгө завших ажиллагаа явагдаж, шүүх, цагдаа, сургууль, төрийн бус байгууллагууд, бүр шашны сүм хийд хүртэлх ардчиллын байгууламжууд ч ардчиллыг бэхжүүлэх биш, түүнийг мөнгө олох хэрэгсэл болгон хувиргав. Авлига дийлдэхгүй түвшинд хүрч, бүр хуульчлагдах хандлагатай болж эхэлсэн нь эдийн засгийн хөгжлөө олон жилээр гацааж, баян ядуугийн зөрүүг улам өсгөх магадлалыг агуулж байна.

Энэ хандлагаар бол улс оронд тогтворгүй байдал үүсч, төр нь үргэлж солигдохоос өөр юм өөрчлөгддөггүй, төөрсөн орнуудын нэг ч болж магад.

Зөвхөн эдийн засгийн ардчилал (либералч лал) хийж буй тодорхой орнуудад хамгийн гол даргад нь (Ерөнхий лөгчид нь) төслийн нийт дүнгийн таван хувийг нь өгчихвөл хаана ч саад тотгор гарахгүй бизнес явдаг. Наад зах нь авлигын бүтэц нь ойлгомжтой. Монголд харин авлига нь ойлгомжгүй, хэн ч, хэзээ ч авч мэднэ. Өгөхгүй бол ямар ч бизнес урагшаа явдаггүй. Авлигыг нь өгөөд байвал та хаана ч байшин барьж болно, замыг зөвхөн хучиж харуулаад л сайн зам тавьсаны бүх төлбөрийг авч болно.

Монголчууд хөрөнгөгүй учир эдийн засгийн хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Зөвхөн төр засгийн мэдээлэлд ойрхон байж газрын дорх баялгийг түрүүлж эзэмших гэрчилгээ авсан, өгсөн хүмүүс л өөртөө авчихна. Ард түмэнд нийгмийн баялгийн дахин хуваарилалтаас юу ч очихгүй, жаахан бэлэн мөнгө өгч хоолыг нь залгуулаад л хуурчихна.

Барууны орнуудад эдийн засгийн ардчиллыг газар дээр суурилж хийсэн, Бид ямар хөрөнгө дээр суурилж хийх вэ. Мөрөөдлийн нийгэм хүртэл олон арван жил байгаа гэж Монголын нийгмийн тодорхой хэсэг ярьж байна.

Сая сонгуульд ялсан Ардчилсан нам ч энэ бүхнийг өөрчилж чадахгүй, тэд байгалийн баялгийг бас дахин хуваарилан өөрсдийгөө баяжуулахаас хэтрэхгүй гэх нийгмийн үзэл бодол газар авч байна.

ЗЭРЭГ ШИЛЖИЛТ ХИЙЖ БОЛНО. ГАНЦХАН…

Төр нь арваад мянган жилийн өмнөөс хүмүүний бүтээсэн байгууламж бөгөөд орчин үеийн эдийн засгийн хөгжлийг дэг журам, аюулгүй байдал, хууль, өмчийн хамгаалалтгүйгээр төсөөлөх аргагүй. Эдгээр үүргээ албадан гүйцэтгэх онц эрхээ төр бас хувийн өмчийг хураах, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хязгаарлах, олон улсын харилцаан дээр хэрэглэж болдог учир төрийн үүрэг хоёрдмол чанартай.

Төрийг зөвхөн үндсэн үүргээ биелүүлэх хүрээнд нь өгөөжтэй ажил луулж чадсан орнуудад иргэдийн амьдралын түвшин нь өндөр байдаг. Засгийн газар төрийн ямар үүргүүдийг ямар зорилгоор ашиглаж байгааг төрийн үйл ажиллагааны цар хүрээ гэдэг. Харин төрийн чадвар гэдэгт бодлогоо төлөвлөх, гүйцэтгэх болон хуулиа цэвэр, ил тод сахиулж чадах эсэхийг буюу байгууламжийн чадвар (institutional capacity) гэж нэрлэх болжээ.

Өнгөрсөн хорин жилийн турш Монгол Улс нь төрийн үйл ажиллагааны цар хүрээг багасгаж төрийн өмчийг хувьчлах, төрийн банкийг татан буулгах зэрэг эдийн засгийг либералчлах бодлого явуулж ирлээ. Гэхдээ төрийн үйл ажиллагааг ил тод, чанартай хэрэгжүүлэх байгууламжуудын чадварыг хөгжүүлж чадахгүй байгаа нь Монголын ардчиллын хамгийн эмзэг цэг юм.

Төрийн хамгийн наад захын үүрэг болох батлан хамгаалах, хууль дэг журмыг сахиулах, хүний болон хөрөнгийн эрхийг хамгаалах, макроэдийн засгийн удирдах зэрэг ажлаа Монголын төр сайн гүйцэтгэж чадахгүй байна.

Үр дүнд нь эдийн засгийн хурдан өсөлт айл өрх бүрт орохгүй, нийгэмд баян ядуугийн зөрүү улам ихэсч, мэдээллийн тэгш бус хэм томорсоор байгаад л хамаг учир оршиж байна.

Сонгуульд ялсан улс төрийн намынхан нийтийн засаглалыг ил байлгахыг ам уралдан ярьдаг ч бодит амьдрал дээр нуугдмал байлгаж, төр засгийн бүх шатанд авлигыг бий болгох замаар улс төрийг цөөнхийн баяжих хэрэгсэл болгож ирлээ.

Ядуу оронд улс төр бол хамгийн ашигтай бизнес болдог. Эрх мэдэлтэй болмогц бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, чадвартай биш тохиромжтой хүмүүсээр шинэ орон тоогоо бөглүүлэн баахан бужигнуулан, нийтийн хөрөнгийг завшсаар дараагийн сонгуульд ордог жишиг тогтож байна.

Өнөөдөр сонгууль дуусаад хоёр сар болох гэж байгаа ч де юре шилжсэн төрийн эрх де факто болохгүй, төр засгаа шинээр эмхлэн байгуулж чадахгүй байгаа нь төрийн байгууламжийн үндсэн дизайнд ч, чадварт ч ахиад л өөрчлөлт хийх ёстойг харуулж байна.

Төрийн байгууламжийн үйл ажиллагааны цар хүрээ бага, харин чадвар өндөр байсан тохиолдолд л эдийн засгийн болон улс төрийн ардчиллыг зэрэг хийж болох юм. Төрийн бүтэц тогтвортой, чадвараа нэмэгдүүлэн ил тод ажиллаж, үндсэн үүргээ төгөлдөр сайн биелүүлж чадвал Монгол Улс цэцэглэн хөгжих болно.