МАН-ын Бага хурлын VI хуралдаан болж өнгөрлөө. Бага хурлаа намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг шинээр сонгож, нарийн бичгийн дарга нараа өөрчилж, мөн намын Удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэн сонголоо. Сонгуульд ялагдал хүлээсэн халуухан уур амьсгал дунд, цаг алдалгүй алдаа эндэгдлээ авч хэлэлцсэнд уг хурлын гол ач холбогдол оршино. Намын шинэ даргыг зарим хэвлэлүүд коммунистаар нь дуудан таагүй уур амьсгалаар угтаж байна. Үйл явдлынхаа хувьд энэ тийм шинэ юм биш. Ө.Энхтүвшингийн оронд өөр хэн ч дарга болсон нэг улс төрийн хүчин дагадаг хатуу байр суурьтай хэвлэлүүдийн зүгээс  коммунист гэж хэлэгдэх л байсан, хуучинсаг гэж чичлэгдэх л байсан. Тэгэхээр сүртэй шүүмжлэл биш гэсэн үг. Ө.Энхтүвшин гэж ингэхэд хэн бэ. Түүнийг монголын нийгэмд танилцуулах шаардлагатай юу. Би хувьдаа шаардлагагүй гэж үзэж байна. Түүний хийж ирсэн улс төр ноён нуруутай, цэгц байж ирсэн. 

Хуучин МАХН нэрээрээ хуралдсан намынхаа сүүлчийн  их хурал дээр тэрбээр нэн шинэ улс төр дэх амьдралдаа хамгийн сонирхолтой алхмыг хийсэн гэж би хувьдаа дүгнэдэг.  С.Батболдыг жинхэлдэг XXVI их хурал шүү дээ. Нэлэнхүйдээ С.Батболдоор амьсгалж байсан тэр үед бие даан шийдвэр гаргаж, зоримогоор нэрээ дэвшүүлж намын даргад өрсөлдсөн лидер Ө.Энхтүвшин байлаа. Хэрэв тэр гэнэт шийдэн тийнхүү өрсөлдөөгүй бол тухайн үеийн С.Батболдын амжилт хэтэрхий жул болох байсан. Улстөрчийнх нь сэргэлт сэхэлт хийгээд уруудалт доройтолтынх нь мөчлөг  яагаа ч үгүй ид дундаа яваа Ө.Энхтүвшингийн хийсэн тэр алхам зарчимтай улс төр дутагдаж буй энэ цаг үед дуугарсан гоё хонх байсан юм. МАХН-ын хамгийн сүүлчийн их хурал дээр МАН-ын хамгийн анхны индэр дээр тэр ийн шазруутан сөрж, чингэснээрээ хувийн рейтингээ өндөрт өргөн, өөрийгөө сануулахад нь сануулж, харуулахад нь харуулсан. Энэ алхам нь өнөөдөр ялагдлын гашуун ормон дээр намын даргын сэнтийд түүнийг авчрах хөрс болсон байхыг үгүйсгэхгүй. Ялсан намын алдар суугаа мандуулсан сэнтий рүү л хүмүүс авирдаг. Ялагдсан, уналтад орсон, түүнийхээ хэрээр дотоод эв түнжин нь сүүдэртсэн ядруу тарчиг үед хал үзсэн, хатуу хөтүүгээс халирахгүй л хүн ийм суудалд ирж  сууна. Тэгэхээр намын даргын суудалд суусан цаг үе нь бараг энэ алхмынх нь үнэ цэнийг тодорхойлж болох юм.



МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар боллоо. Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар нарын хүчтэй өрсөлдөгчидтэй нүүр тулж, хотын бүлгийнхний том дэмжлэг, У.Хүрэлсүхийн бодлого хоёроор хашуулсан “хаалтгүй” нөмөр нөөлгөн дунд Г.Занданшатар генсек болсон байх. Улс төрд байдаг л технологи. Гэхдээ технологиор “хийж” явсан зам улстөрч хүнд богинохон аз жаргал өгдөг, хэврэг шинжтэй байдгаараа халтай. Бусдаар бол тэр Генсект жижигдэхгүй. Аливаа намын Генсек  хувийн тоглолт хөөдөггүй, намын хамт олноо нягтруулан гагнагч, гадагшаа улс төрийн хэлэлцээрт амжилт ологч, манлайлагч, нийгмээс намдаа “A” үнэлгээ цуглуулагч, стратегич, бодлого тээгч л байх ёстой. Г.Занданшатарын түүх захаасаа л эхэлж байна гэж хэлж бараг болно. Тэр улам чигжүүрч, улам хөгжиж, улам туршлага суух биз. Харин намын даргаасаа хааж нуусан, бүлэглэлийн шинжтэй бодлогод үйлчлээд, тэрний л төлөө яваад эхлэвэл тэр хэн ч биш болно.

МАН хамгийн олон нарийн бичгийн даргатай нам. Бараг манай улс төрийн хүчнүүд дотроос хамгийн данхар толгойтой нам нь ч байх. Энэ удаагийн бага хурал нь ч нарийн бичгийн дарга нарынхаа орон тоог хумисангүй. Дотоодоо төвхнүүлэх чухал цаг үе болохоор тэгсэн биз. Эхлээд орон тооны нарийн бичгийн дарга нарыг танилцуулъя.

Нийслэлийн намын байгууллагууд хариуцсан нарийн бичгийн даргаар Ц.Мөнх-Оргил, Аймаг орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Хэвлэл, мэдээлэл олон нийт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Сарангэрэл, Сан, хөрөнгө хариуцсан нарийн бичгийн даргаар Т.Бадамжунай нар ажиллах болжээ. Харин орон тооны бус нарийн бичгийн даргаар Н.Энхболд, Д.Цогтбаатар, Э.Мөнх-Очир, Ж.Мөнхбат, Б.Гарамжав нар ажиллана. Бүтцийг нь харахад басаад баалаад байх хүн бараг алга. Эдний олонхийнх нь талаар дүгнэлт өгч чадахуйц хэмжээнд мэдэх юм даа. МАН ийнхүү хуучин удирдлагаа үдэж шинэ удирдлагаа угтаж байна. Цаг хугацааны хувьд энэхүү эмзэг үед МАН-ын түүхэн дэх нэгэн хүнд бэрх сорилтын үед нам толгойлж ажилласан С.Батболдын тухай бодогдоно. Хэдхэн хоногийн өмнө намын даргын ажлаа өгсөн С.Батболд улс төрд шинэ соёл тээгч юм. Тэрийгээ үзүүлсээр ч ирсэн, үзүүлсээр ч намын даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлэн бууж одов. Одоо намын нэр сольсон гэх мэт элдэв ял зэмээр түүний зүг дайрч давшилж байна. Бууснаас нүүр буруулж, ирсэнд тал тохой татан шавдаг үндэсний гэмээр ёс зүй маань үйлчилж байгаа нь тэр. Түүний хийхээр чардайн зүтгэсэн, үндэс суурийг нь чамгүй сайн тавьсан  эдийн засагт суурилсан улс төр гэх ойлголт харин сарниж тарчихалгүй яваасай билээ. Орчин цагийн хамгийн том улс төр  эргэлтгүйгээр “Эдийн засаг-бизнес” болж хувирсан шүү дээ. Энэ цонхоор харвал С.Батболд том зиндааны лидер гэдгийг түүх үнэлэх биз ээ. С.Батболд алдаа оноогоо шударгаар шүүлгэлээ. Ёс суртахууны хувьд ч үнэ цэнтэй соёл тээгч гэдгийг нь хожмын биш одоогийн шинэ үе тэртээ тэргүй үнэлнэ. Манайхан хоорондоо дайтах, нэг нэгэнтэйгээ ахиж уулзах учиггүй юм шиг урж ноцох увайгүй тоглоомонд хэт гаршсанаас бус гадагшаа том харах, үндэсний гоо зүй, ёс зүйгээ хайрлаж тордох, том үзэл санаан дээрээ нэгдэн нягтрах тал дээр алхам хийж чадахгүй өнөөдөртэй золгож байна. Одоогийн улс төрд үүсээд буй гацаа ч энэ өнцгөөс л тайлбарлагдана шүү дээ.