Ноён хутагт шүлэг сургаалаа “бясалгал дунд ургасан дуу”, “зүүдэнд гарсан эгшиглэн”, “согтуу үеийн солио наадам” гэхчлэн хэлж байсан нь ариун билгийн агаараас ая зөнгөөрөө цаг нь тохиож, нөхцөл нь бүрдэхэд зад тавин урсах оюуны их эрчим хүчийг илт, ёгт элдэв янзаар томъёолон илэрхийлсэн нь тэр ээ. Энэ бол буянтай нь сонсч, билигтэй нь ухаарч, бусад нь анзаарахгүй өнгөрөх үгээр оньсолсон үлэмжийн чанар. Төрлөөс төрөлд, үеэс үед дамжин хувьт шавийнхаа зүрхэн лянхуад амин шимийг соёрхох рашаан. Амьдрал, үхэл хоёрын алинд нь ч ажрахгүй, жаргал зовлон хоёрын юунд нь ч төөрөхгүй, эрх чөлөөний онгодыг сэргээх эгшиг дуун.

Агсан галзуу миний дууг эс мэдвэл
Амьдрал үхлийн нууцыг тайлах нь бэрх ээ.
        “Бясалгал дунд ургасан дуу”

Хутагтын дуунаас бид аав ээжийн ачлал журам, амраг хайртны сэтгэл зүрх, анд нөхдийн эв эеийн учир утгыг ойлгох болно. Ачтанаа дээдэлж, бачтанаас зайлах самбааг олох болно. Хураахын баханд шуналгүй, арвилахын зохист мэргэших аж төрлийн ухааныг сэнхрэх болно. Жаргах цагт сэрэмжтэй, зовох цагт хатамжтай явах сэтгэлийн тэнхээг олох болно. Бэлгэтэйг өмсч эдэлж, зохистойг идэж ууж, бие эрүүл, ухаан саруул явахын нууцыг тайлах болно. Эгэл гүн ухааныг ойлгоогүй хүн эгэлгүй судар, тантрыг ойлгоно гэж үү.

Хутагтын дуунаас бид амин зүрхний багшаа мэдэрнэм. Гэгээрлийн замч багшаа усан нүдэт, цусан зүрхэт төдий бодолгүй, бурхан гэж бишрэх, улмаар бурханаа заяач тэнгэр, засаглагч эрлэг төдий бодолгүй өөрийн сэтгэлийн чанад эрдэнэ гэж мэдрэхүйд багш, бурхан, сүнс гурвын амин нэгдэл нь есөн цагаан хүслийн хурыг буулгах чандмань эрдэнийн утга болъюу.  

Багш ламаа бурхан гэж эс мэдвэл
Бага их шидийг олох нь бэрх ээ.
Ядам бурхныг өөрөөс ангид бодвол
Ямарваа үрийн амгаланг олох бэрх ээ.
“Бясалгал дунд ургасан дуу”

Хутагтын дуунаас бид үхэл, мөнх бусын хорвоог таних болно. Үхлийн тухай Ноён хутагт маш чанга, маш нухацтай хэлдэг. Түүний анхны айлдсан гүр дуу ч үхлийн сургамжаар эхэлсэн. Үхэл, мөнх бусын ухаарал бол гэгээрлийн замд хөл тавих анхны алхам гэж “Тогмар ложон” сургаалд өгүүлсэн бий. Энэ бол гутранги үзэл, айдас сэжиг биш, харин дотоод чанад руугаа нэвтрэх үүд болсон гэгээн ухаарал юм. Үхлийг ойлгоогүй хүн амьдралыг ойлгохгүй. Үхлийг үнэлж чадахгүй хүн амьдралыг үнэлж чадахгүй. Үхлийг мэдэрч сураагүй хүн амьд яваагаа ч үл мэдэрнэ.

Үйлийн үрийг итгэсэн хүнд
Өчүүхэн буян ч нэмэр болдог.
Үхэх жамыг санасан хүнд
Үнэн мөр холгүй болдог.
        “Эртний барилдлагаар”

Хутагтын дуунаас бид эрдэнэт хүмүүн заяаны үнэ цэнэ, чөлөө учралыг мэдрэх болно. Чөлөө учрал – хэдэн мянган төрөлд ховор олдох аз завшаан, гэвч маргаашийн нарнаас ч урьтан замхарч болох богинохон мөчлөг, энэ богинохон мөчлөгөө үүрдийн амирлангуй хутаг болгох боломж, өөрийгөө таних, бурхан чанараа нээх боломж гэсэн үг. Энэ боломжоо эс хэрэгсвэл “галавт эрэвч олдошгүй хүний биеийг гавъяагүй өнгөрүүлээд сүүлд нь гаславч хожимдох” болно.

Сая олдсон хүний биед
Салж ядсан энэ насанд
Мунхарч хоцрох хүслийн харанхуйд
Мунгинаж төөрөх сансрын жам л.

Идэр сайхан насны эрчимд
Ингэж учирсан чинийхээ ачинд
Тунгалаг хоосон чанарын гэрэлд
Тунамал билгийн гэгээг олъё л.
        “Дэлгэр зуны жаргалд”

Хутагтын дуунаас бид амьдралын төвөг бэрхшээлийг дөнгө биш, чимэг болгон хувиргах увдисыг сонордоно. Уйтан цээжтэй хүнд дөнгө дарамт болдог зүйлс нь ухаан саруул хүнд чимэг гоёл болно. “Жаргал зовлон хоёроор өөрийн сэтгэлийг чимж, сэтгэлийн ганц баатраар шуналын дайсныг дарахын” учир тэр ээ. Шунал байгаа учраас л хорсол бухимдал байгаа юм. Шуналын балчгаас ангижирсан хүн хорсол бухимдлын хир тоосонд сэтгэл үл хиртэнэ. Тэрээр ахуйн боолчлолоос өөрийгөө чөлөөлж, орчин тойрны сөрөг нөлөөг ч эерэгт урвуулах учир айдас хүйдэс, сэтгэл ханамжгүйн зовиураас хол хөндий байна. Энэ бол амьдралын найман тохиолд тэгш амирлангуй хандах гайхамшигт урлаг юм.

Сэтгэлийн энэ нууц эрдмийг эзэмшээгүй эгэл мунхгууд зугаа цэнгэлд баясч, зугаа цэнгэлгүйд уйдаж, нэр цолд дурлаж, нэр цолгүйд гутарч, магтаал сайшаалд онгирч, муушаал зэмлэлд гундаж, олз баялагт эрэмшиж, олз омоггүйд бухимдахыг “ертөнцийн найман ном” хэмээнэ. Тийм хүн таатай, таагүй тохиол бүрт сэтгэл санаа нь живэх, догшрохын савлагаанд насан турш савлаж, агшин зуур ч амсхийх чөлөөгүй энэлнэ. Дээшээ хөөрөхийн хэрээр дорогш унах нь хатуу хорвоогийн наадгай болсон тэд эрх чөлөө, сэтгэл хангалуун байдлыг жинхэнэ утгаар нь хэзээ ч мэдрэх хувьгүй.

Хөндий талд төөрсөн
Хөгшид нялхас хөөрхий.
Хүний нэгэн насыг
Хөөгч амьтас хөөрхий.

Амиа заартаа алдагч
Аглагийн хүдэр хөөрхий.
Алдраар насаа барагч
Атгагч мэргэд хөөрхий.

Эдээ үл эдлэгч
Элбэг баяд хөөрхий.
Эрдмээ үл танигч
Өөрийн сэтгэл хөөрхий.
“Арван тавны сартайд”

Гагцхүү Хутагтын дууг ухаарч, “найман номын толгойг тэгшилсэн” буюу амьдралын хүлээснээс сэтгэл ангижирсан хүн л тийм эрх чөлөөг мэдэрнэ. Мөнх бусын жамыг танисан хүн мөсөн дээр байшин барих гэж зовохгүй. Холын зэрэглээг голын ус шиг эндүүрч хөөсөөр, цангаж үхэх гашуун тавиланг тэд амсахгүй. Амьдралын урсгал дунд агшин бүрийн гэгээг мэдрэх сэхээ зөвхөн тэдэнд л бий. Үлэмжийн чанарт аялгууг зүрхэн тольтоосоо сонсон, уярч хайлж суухын зав чөлөө зөвхөн тийм хүмүүст бий. Ихэнх нь энэ амьдралаас гар хоосон буцахаа мэдэхгүй, зүрх сэтгэлээ анирлах ч завгүй, тайван унтах ч завгүй “хийж, бүтээсээр л”
    
Харамлаж хураах эдгүй
Хагацаж ядах садангүй
Хатуу зориг барих
Хавтай сайхан жаргал бий.

Өвдөнө гэж зовохгүй
Үхнэ гэж гэмшихгүй
Үнэн сэтгэлийг барих
Үнэхээр сайхан жаргал бий.

Үүртэх зовлон үгүй
Өчүүтэх жаргал үгүй
Энэ хойтод урвалтгүй
Ийм сонин жаргал бий.

Хутагтын дуунаас бид “ертөнц гэдэг чинь би өөрөө юмсанж“ гэсэн гүн ухаарлыг олох болно. “Үнэндээ там ч гэж байдаггүй, диваажин ч гэж байдаггүй. Там, диваажин хоёр энд, одоо байна. Тэр бол чиний амьдрал, оршихуйн хэлбэр юм. Амьдрал чинь диваажин болтол амьдарч чи чадна” Ошо ингэж хэлсэн. Равжаа ч ингэж хэлсэн.

Там там гэвч там хаанаас байх вэ.
Тамтаггүй явбал там чинь тэр буйза.
        “Лам гурван эрдэнэ”
    
Бурхан ч сэтгэлээс бүтнэ.
Буг ч сэтгэлээс гарна.
Буян хилэнц хоёр
Булт хоосон сэтгэл бий.
        “Зүйл зүйлийн үзэгдэл”

Магад таньж, өөрийн сэтгэлийг мэдвэл
Махагалын бэлэг билиг холгүй ойрхон гэнэ.
Махарч энэ хойтоо ухаарах бодгальд
Мандаж гэгээн гэрэл дотроос ургана л.
“Элдэв зүйлээр”

Магадгүй, зарим хүн энэ үгийг Буддын номлолоос гажууд гэж эргэлзэж болох юм. Эхлэл төгсгөлгүй цагийн урсгалд, эн хэмжишгүй орон зайд хүсэлт, дүрст, дүрсгүй гурван ертөнцийн мандалд там, бирд, адгуус, хүн, асури, тэнгэрийн тоо томшгүй амьдралын хэлбэр зүйл орших бус уу. Тэр бүхэнд эерэг, сөрөг, саармаг үйлийн үрээр сүнс тэргүүлшгүй цагаас хэрэн хэсэх бус уу. Тийм ээ, гэвч тэд өөрсдийн үйлийн бийрээр зурсан өнгийн зүүдэндээ л амьдардаг, атгаг төсөөллөөр урласан зэрэглээн дундаа л хөвдөг. Тийм ч учир бурхан чөтгөр, там диваажин, сансар нирваан, буян нүгэл бүгд тэдний өөрсдийнх нь дотоод ертөнцөөс ангид тусгаар биш. Үйлийн үр, үхэх жамыг зөв ухаарсан хүн жаргал зовлон, нүгэл буяны үр үндсийг өөрөөсөө эрэх болно. Тэрээр бурханыг ч, чөтгөрийг ч, тамыг ч, диваажинг ч өөрийн оршихуйгаас олж үзнэ, өөрийн дотоод ертөнцөөс сэрж мэднэ, өөрийн үйл амьдралаас ухаж ойлгоно.
    
Биегүй хоосон сэтгэл
Буруудвал нисваанис болно.
Нисваанис арвидвал там боловсорно.
Зөвдвөл буянт мөр болно.
Буян арвидвал бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл
Бүгд шүтэн барилдлага
Үзэгдлийн төдий хоосон.
            “Цаасан шувууны сургаал”

Хутагтын дуунаас бид хайрыг сонсох болно. Өөрийгөө хайрлахуйн дээд нь бусдыг хайрлахуй гэж ойлгох болно. Бэртэгчин үзлээс салах хирээр бурханлаг болохоо мэдэрнэ. Бурханлаг хайрыг судар номд “бодь сэтгэл” гэж нэрлэдэг. Бодь гэдэг нь гэгээрэл гэсэн үг. Бодь хутагт тэмүүлсэн сэтгэлийн амь амьсгал нь хайр юм. Хайр үгүй бол гэгээрлийн цэцэг дэлбээлж амжилгүй хатаж гандана. Хайр ухаарлаас эхэлдэг. Хүн бүхэн, цаашлаад амьтан бүхэн амар амгаланг хүсч, зовлон шаналал үл хүсдгийг Хутагт бидэнд сануулж, “Өөртэйгөө өрөөлийг зүйрлэн бодож сур!” гэнэм. Бусдын зовлонгоор өөрийн жаргалыг бүтээх нь бурангуй харгисын туйл гэдгийг ухуулнам.

Өргөсний төдий зовлонд
Өөрөө тэсэхгүй байтал
Өөрөөсөө өөрцгүй амьтны
Өрийг нь яагаад зурна вэ.
“Гайхамшигт богд”

Амьтан бүхнийг эх шигээ хайрлагчийг бодь сэтгэлтэн буюу бодьсадва гэдэг. Түүнийг бас өөрөөр “Бурханы хүү” гэнэ. Агуу их Шантидэва гэгээн “Бодь сэтгэл төрсөн агшинд боолын боол, үйлийн үртэн ч Бурханы хүү гэсэн алдрыг олж, ертөнцийн сүр жавхлан болно” гэж хэлжээ. Ноён хутагт ч тэгж хэлжээ. “Бодь сэтгэл буй бол нөхөр үл болох амьтан нэг ч үгүй. Тэрээр нялх боловч олныг эзэмдэнэ”

Энэ хорвоогийн бүх амьтан чиний ээж, амраг садан. Чи ачийг нь хариулах гэж энэ хорвоод ирсэн. Ачийг нь яаж хариулах вэ. Чи гэгээрэх ёстой. Тэднийг гэгээрэлд замчлах ёстой. Энэ хайр зүрхэнд чинь амьсгал болж, бясалгалд чинь хөг оруулж, амьдрал үйлст чинь жигүүр дэлгэнэ. Хайр үгүй бол зүрх чинь амьгүй, бясалгал чинь хөггүй, үйлс чинь жигүүргүй болно.

Ариун бодь сэтгэлээр
Амьтны аврал болоод
Амгалан хоосны мөрийг
Алгасалгүй бясалгаасай.

Өлзий буяныг хурааж,
Өнчин амьтныг аварч
Өглөгийн цаана хүрсэн
Үйлсийн эзэн болтугай.
        “Богд лам”

Хутагтын дуунаас бидсав, шим ертөнцийг бодь гэрэл болгох бясалгалын нууцыг анирлана. Эгэл мунхгуудын хувьд хүсэл тачаалын хүчир урсгалд хөл алдан живдэг хүслийн таван эрдэм нь нууцыг тайлсан егүзэрийн хувьд дээд цэнгэлийг соёрхох охин тэнгэрийн бүжиг болно. Өнгө тунамал толь шиг гэгээн үзэсгэлэн нь нүдийг гийгүүлж, хөхөөн яруу донгодоо шиг уран хоолой нь сонорыг чимэглэж, улаан зандны анхилга шиг сэнгэнэсэн үнэр нь хамрыг цэнгүүлж, бал бурмын амтат уруул нь хэлний мэдрэхүйг согтоож, тэнгэрийн хив торгон эдлэл шиг уян налархай бие цогц нь бүхий л хүртэхүйг эзэмдэх агшнаа гадна дотно, би чи-гийн ялгаа арилж арга билгийн дээд нэгдэл болсон амгалан хоосны цэнгэл л оршихуйн утга болон тодорно.

Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүүн юмс үзэгдэл бүгд хоосон чанарын агаараас охин тэнгэрийн цэнгэлийн бүжиг болон ургах тэр сацуу үзэх, сонсох, үнэрлэх, амсах, хүртэхүйн ухамсар ч дотоод чанадын агаараас хутагтын бэлгэ билгийн таашаал болон ундарна.

Бие гэвч бие биш
Гэгээн хоосон солонго.
Хэл гэвч хэл биш
Очирын гүн эгшиглэн.

Сэтгэл гэвч сэтгэл биш
Амгалан хоосны агаар.
Үзэгдэл гэвч үзэгдэл биш
Үнэмлэхүй номын чанар.
        “Эцэг багш ламыгаа”

Бид уйтан бодлынхоо бүтээл болсон давчуу ертөнцөд амьдардаг. Харин одоо дусал ус далайд шингэх шиг тэр давчуу ертөнц маань орон зайн хязгааргүйд уусан алдарнам. Бид атгаг ухаанаар ямагт өнгөрсний дурсамж, ирээдүйн найдварт живэн, энэ агшны амт шимтийг мэдэрч чадалгүй амьдардаг. Харин одоо цэцэг цоморлигоо нээх эгшинг мэдэрч, цаг хугацааны мөнхийн урсгал үнэмлэхүй одоо цаг дээр зогсном. Энэ үед бодол эргэцүүллийн хүндээс хүнд дарамт хүлээс алдран унаж, гагцхүү сэрэх мэдрэхүйн гэгээн хоосон үлдэнэ.

Ариун номын чанар нь
Алив бүхэнд түгээмэл.
Анхаарсан илбийн цэнгэлд
Амт тэгш уусъя л.

Ачит чинийхээ нүүрийг
Ариун сэтгэлийн толинд
Алгасалгүй тодруулмаань
Ашид хамтдаа жаргая л.

Баяр баясгалан бол гэгээрлийн мөн чанар.Цэнгэл жаргал бол ариуслын жинхэнэ утга. Аугаа хайранд уусах тусам энэ цэнгэл энгүй өргөн цэлгэр болж, бодгаль бүхэн амраг хайртны хувилал болно. Хоосон чанарт нэвтрэх тусам энэ цэнгэл ёроолгүй гүнзгий болж, үзэгдэл бүхэн тунгалаг гэрлийн цацраа болно. Энэ агшинд л бид мунхгийн зузаан нойроос сэрнэ. Энэ агшинд бид өөрсдөө хутагт болно. Өөрсдөө хутагт болж байж л хутагтын жинхэнэ дүрийг үзэж, үнэн оршихуйг таних болно. Хутагт бээр үүнд л хүргэх гэж биднийг шат шатаар, алхам алхмаар замчилжээ. Ердийн ухаанаас номын ухаан руу, хавтгайн сэтгэлгээнээс огторгуйн сэтгэлгээ рүү, судрын номлолоос тантрын бясалгал руу хийсэн оюуны их нүүдлийн түүчээ тэр бөлгөө.

Будда “Үнэмлэхүй үнэнийг таниагүй бол намайг яахин таних” гэж Очирт огтлогч судартаа өгүүлсэн байдаг. Үлэмжийн чанарыг ойлгоогүй цагт Ноён хутагтыг ч бид ойлгохгүй. Ойлгохгүйдээ өөрсдийн явцуу үзэл бодлоор хэмжүүр хийж, хутагтыг авгай хүүхний өнгөнд шунасан, архи дарсанд толгой мэдүүлсэн, эргэн тойронтойгоо эвдэрч зөрчилдсөн, гутарч ганцаардсан, үзэл санааны зөрчил дунд учир зүгээ алдаж төөрсөн нэгэн гэж бодвол түмэн алдас, буман хилэнц болох вий. Өөртөө хорвоог тааруулах гэдэг нь бэртэгчний зан болохоос, хутагтын араншин биш ээ. Тийм ч учир Будда: “Ертөнц надтай зохицохгүй, би ертөнцтэй зохицно” гэж нэгэнтээ айлдсан. Учир мэдэхгүй балчир хүүхдэд эцэг эх нь нялх ухаанд нь тааруулан харьцаж, зэмлэхдээ зэмлэн, аргадахдаа аргадан, сурган хүмүүжүүлэх бус уу. Тэгвэл эгэл хүмүүс хутагтын хувьд нялхас юм. Хутагт бээр эцэг эхийн уран арга, уужим энэрлээр нялхсын сүнсэн биеийг торниулж, оюуны лянхуаг нээж өгдөг.

Цагаан гэрэл долоон өнгөнд задрахын адил эгэл олныг энэрсэн хутагтын хайр нь санаа сэдэл, үг хэл, үйл хөдлөлийн дурын хэлбэрээр илэрч, тэр бүхэн нь хүн төрөлтний будангуйралд гэгээ тусгах шалтгаан болно. Эглийн үзэгдэлд хилэгнэх, тачаах сэтгэлийн хувирал хийгээд магтах, муушаах үгийн өнгө, хуран үймээнт явдлын аяс бүхэн нь хэрхэвч санамсаргүй шалдар булдар үйл биш, нялхсын ухаанаар хэмжих аргагүй утга учирт зангилагдана.Хутагтын хувьд амьдрал бол бүжиг жүжиг юм. Гэхдээ энэ нь өөрийгөө дөвийлгөж, өрөөлийг хуурах гэсэн ов мэхтний жүжиглэл биш, харин урвалтгүй номын агаараас орчлонг соён гийгүүлэхээр илбийн үзэгдэлд ургасан энэрэл хайрын бүжиглэл юм. Тэр ямархан ч дүрд тоглож чадна. Учир нь эгэл хүмүүс шиг сансрын хоригдол, хүслийн боол биш. Тэр бол эрх чөлөөтөн. Хэрэгтэй бол гуйлгачны дүрд ч, язгууртны дүрд ч тоглож чадна. Тустай бол бурханы дүрд ч, буг чөтгөрийн дүрд ч тоглож чадна. Гэвч тэр хутагт хэвээрээ л байна. Олон дүрээр үзэгдэвч ганцхан чанараар цэнгэх нь тантрын сургаал, хутагтын замнал билээ.

Ах дүүгийн жам мэт
Адсага арьсны тоос мэт
Алаггүй сэтгэлээр бүжсэнийг минь
Амьтан бүгд ажиглаасай.
        “Ертөнц авгайн жам”

Хутагтын бүжиглэл нь хувь ерөөлтний сэтгэл зүрхэнд ах дүүгийн ачлал журам шиг дотно тусах ч бий. Хувьгүй мунхгуудын санаа саванд адсага арьсны тоос шороо шиг аягүй санагдах нь ч бий. Тэглээ гээд Хутагт өөрт нь бишрэгчийг дотуурчилж, үл бишрэгчийг гадуурхаж үзэхгүй, ав адил алаггүй сэтгэлээр хандана. Өөрийг нь үзэн ядагч Дэвадатта, төрсөн үр Рахули хоёроо Будда ав адилхан хайрладаг байсан шиг Ноён хутагт ч охин тэнгэр Дадишуарийг ч, Шулам авай хатныг ч адилхан нигүүлсэх бөлгөө. Гэлээ ч алтан нар гэрлээ арван зүгт тэгш түгээх атал хойшоо харсан нүх харанхуй хэвээрээ үлдэнэ. Хутагт багшаа дээдэлж гэмээ нь нар галд ижилдэж, сар усанд нөхөрлөх шиг эртний ерөөл биелэх учрал бүрднэм зээ. Хутагтын дууг сонссон бүхэн Хутагттай учирсантай ялгаа үгүй. Үлэмжийн чанарт аялгууг зүрхэндээ мэдэрвэл юутай их аз завшаан!

Шавар дотор ургасан
Лянхуа цэцэг адил
Тунгалаг дээд багш минь
Насад наддаа санагдана.

Эртний сайн ерөөлөөр
Энэ цөвүүн цагт
Чам лугаа учирсан
Юутай сайн хувь бэ.
“Усгал зөөлөн аальт”

“Агнистын гэгээ” цуврал – “Үлэмжийн чанар” номоос.