Загас амлаад байх уу, загас барих арга заах уу?
Хоёр мянган оноос хойш буюу сүүлийн гурван удаагийн сонгуульд дараалан засгийн эрх авсан МАН залхуучуудад “загас” амласаар иржээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь нэр нэрийн загасаар дүүрэн хүнсний агуулахыг санагдуулам. Харин түүний өрсөлдөгч Ардчилсан нам загас барих арга заах гэж “цэцэрхдэг” нь бэлэн загас олоод үмхчих хүсэлтэй залхуучуудад таалагддаггүй бололтой.
Тэгэхээр монголчуудыг залхуу гэж загнахаасаа өмнө залхуу байхаас ч аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл монголчууд ерэн он хүртэл хувийн өмч, хувийн бизнесгүй, өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх гэдэг ойлголтгүй байсан учраас залхуурч сурсан хэрэг. Ийм сэтгэхүйтэй ард түмэнд загас амлах нь хамгийн таарсан хувилбар, үүний нотолгоо нь МАН энэ олон сонгуульд үргэлж олонхийн санал авч байсан явдал.
Баримт сөхөж харья. 2000 оны сонгуульд МАХН /МАН/ “Дотоодын их сургууль, коллежид суралцаж байгаа ядуу өрхийн болон малчин өрх, хоёроос дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа айлын нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төр хариуцдаг болно” гэж амлаж байжээ. Яг энэ сонгуулиар Ардчилсан нам “Газар өмчлөл, хувьчлалын асуудлыг бодлогын хувьд шийдэж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээрээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэдэд хувьчилна. Эн тэргүүнд хот, суурин газрын хашаа байшин, ногооны талбайн газрыг хувьчилна” гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж байв.
Мөн 2004 оны сонгуульд МАХН /МАН/ “Малын хулгай, авлига, хээл хахууль, архидан согтуурах зэрэг нийгмийн гаж үзэгдлийн эсрэг шийдвэртэй тэмцэнэ” гэсэн бол Ардчилсан нам “Цагдааг улс төрийн явцуу эрх ашигт ашигладаг явдлыг зогсооно” гэж байлаа.
Харин 2008 онд МАН “Эдийн засгийн өсөлт 10 хувиас доошгүй болно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 он гэхэд 5 мянган ам.долларт хүрнэ” гэж амлаж байлаа. Үнэхээр ч эдийн засгийн өсөлт 10 хувиас дээш гарсан ч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2700 ам.доллараас хэтэрсэнгүй. Эдийн засгийн тэрхүү их өсөлт хаашаа шингэсэн бэ гэдэг тусдаа асуудал, ямар ч байсан өсөлтийг өрх айл, иргэн бүрт хүргэх бодлого нь МАН-д байгаагүй юм. Гэвч сонгуулийн дараа Ардчилсан намтай хамтарч Засгийн газар байгуулснаар тус намын мөрийн хөтөлбөр дэх “Иргэн бүртээ эрдэнийн хувь олгоно”, “Стратегийн ордуудын 50-иас доошгүй хувийн ашиглалтыг ойрын жилүүдэд, түүний дотор Тавантолгой, Оюутолгой, Төмөртэйн ордын ашиглалтыг нэн даруй эхлүүлнэ” гэсэн стратегийн зорилтуудыг төрийн бодлогын хэмжээнд хэрэгжүүлсэн юм. Чухамдаа тэр үед Ардчилсан намтай хамтрах шийдвэр гаргасан С.Баярын зоримог алхам нь МАН-ыг өнгөрсөн дөрвөн жилд ажилтай болгож, өнөөдөр сонгогчдын өмнө хэлэх үгтэй болгосон. Энэ бол зөвхөн улс төрийн агуулга нь.
Харин эдийн засаг, нийгмийн агуулгаар бол Монгол Улсыг эрчимтэй хөгжлийн гараан дээр аваачиж, цаашдын хөгжлийн талаар бодох, ярих боломжтой болгосон юм.
МАН бэлэн зүйл амлаж, үр дагаварт нь төрийн халамж хүлээх залхуучуудын бүхэл бүтэн арми төлөвшсөн ч нөгөө талд нь хорин жилийн өмнө суулгасан чөлөөт эдийн засгийн үр жимс нахиалж байгааг бид тооцоолох ёстой. Өөрөөр хэлбэл, хувийн өмчтэй, бизнестэй, өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх зөн мэдрэмж, ухамсартай иргэд олноор буй болсон гэсэн үг. Тэдэнд өнөөдөр дэгээнд орсон загас сонин биш загас барих арга илүү үнэтэй болсон. Ажилгүйдлийг бууруулна, ядуурлыг арилгана гэдэг сонгууль бүрээр давтагддаг амлалтууд биелэх битгий хэл эсрэгээрээ өрнөсний уг шалтгаан нь эрх барьж ирсэн намд тэр бүхнээ хэрэгжүүлэх бодлого нь байгаагүй, байсан ч оновчгүй байсны л илрэл. Өнөөдөр амлалт сонин уу, арга зам бодлого чухал уу гэдэг асуултад хариу олох хэрэгтэй болсон байна.
Засгийн эрхийг сонгуулиас сонгууль дамжуулан авч, хэрэгжүүлж ирсэн МАН-ын үзэл баримтлал, үнэт зүйл, хөгжлийн бодлогогүй, ард түмнийг амлалтаар аргацаан хуурдаг энэ байдал сүүлдээ Ардчилсан намыг ч өөртөө уусган шингээх хэмжээнд хүрсэн. Бодлого, итгэл үнэмшил, үнэт зүйлгүйгээр улс орон хөгжихгүй, бас устах ч үгүй. Үүнд л хамгийн гол аюул нь бий. Товчхондоо бид Ази дахь “Африк” болж хувирна.
Улс төрд нь хоёр нам голлох үүрэг гүйцэтгэдэг улс орнууд АНУ-аас эхлээд цөөнгүй бий. Тэдгээрийн туршлагаас харахад аль нэг нам нь урт хугацаагаар засгийн эрхийг дангаар хэрэгжүүлээд явахаар төрийн бодлого нэг тал руу хэлбийдэг аж. Ийм байдал ажиглагдаж, амьдралд нь мэдрэгдээд ирмэгц сонгогчид нөгөө нам руу нь саналаа өгөх байдлаар төрийн бодлого, чиг хандлагын зохистой тэнцвэрийг бий болгодог байна. Өнөөдөр Монголын төрд дутагдаж байгаа зүйл бол энэ юм. Төрийн бодлого халамж, амлалтыг гүйцэлдүүлэхэд чиглэж ирснийг бид өөрчлөх, өрөөсгөл бодлогыг тэнцвэржүүлэх шаардлага хэдийнэ бий болсон байна. Өөрөөр хэлбэл, загас амлах биш загас барих аргыг заах бодлоготой намд төр барих эрхийг өгөх цаг болсон байна.