Авлигыг гэмт хэрэг гэж үзэх итгэл үнэмшил хэрэгтэй
Авлига аюултай, хор хөнөөлтэй зүйл гэж аман дээрээ хэлэх боловч амтанд нь аль хэдийнэ орсон хүмүүс ар хударгаараа авлигыг цэцэглүүлж, хөрс шороог нь арчлан тордсоор өнөөдрийг хүрсэн юм. Авлига авах, өгөхөөсөө айхгүй хэрнээ авлигатай тэмцэх газар ажиллаад эхлэх вий, авлига нэхэх аятайхан шаансаа алдах вий гэдгээс айж байсан гэсэн үг.
Авлигын эсрэг хуультай болох, Авлигатай тэмцэх газар байгуулахын төлөө арван жилийн өмнө цөөхөн хүн ярьдаг, тэмцдэг байсны нэг нь С.Оюун. Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаасаа хойш саяхныг хүртэл хөл дээрээ босч чадахгүй унаж бүдэрч, дарга удирдлагууд нь баригдаж хоригдож байх үед ч хамгаалж өмгөөлж байсан ардчилагчдын нэг нь бас л тэр. Авлигатай тэмцэх алсын зорилго, зоригийг нь мохоох вий гэдэг ганцхан үндэслэлээр АТГ-ыг хамгаалж байсан юм. Ийм улс төрийн хүсэл зоригтой хүн цөөдөж, бүр ганцаардаж байсан нийгэмд гэрэл дөнгөж асч байна.
Авлигачид одоо айж байна. Авлигатай тэмцэх газар ажлаа хийж, авлигын хэргээр “акул”-уудыг баривчилж, байцааж эхэлсний цаад шалтгааныг эрх зүйн эрүүл саруул орчноос хайхын оронд улс төрийн өшөө хонзон дундаас эрж хайж эхлэв. Авлигатай тэмцэх ажил халаасны хулгайтай тэмцэхээс мэдээж өөр. Улс төрөөр дамжин хүрдэг эрх мэдлийн хүрээнд л хамгийн том авлигачид орогнодог болохоос биш 21 мянга тараадаг банкны хүлээлгийн заалаар эргэлдэгсэд бол халаасны хулгайгаас илүү гарахгүй нөхдүүд. Ийм л учраас авлигатай тэмцэе гэвэл улс төр, улс төртэй холбогдсон томоохон бизнесийн хүрээнээс энэ ажлыг эхлүүлж баймааж амжилтад хүрэх хэнд ч тодорхой байсан. Ардчилсан Ерөнхийлөгч, эсвэл Ардчилсан нам улс төрийн хонжоо, зайлуул ирэх сонгуулийн шоу дэглэх гэхдээ улстөрийн хүрээнээс авлигачдыг цохолж хайгаад байгаа юм огт биш, угаасаа л толгой авлигачид нь тэнд байсан хэрэг юм. Харин эрх мэдлийн тойрог дотор ээлж дараалалгүй удсаны хувьд Ардын намынхан дунд авлигачид арай олон байж магадгүй юм даа. Ийм энгийн зүй тогтлыг өнөөдөр хэн ч хөндлөнгөөс олж харж чадна. Гэтэл авлигатай тэмцэх ажиллагаа улс төр, эрх мэдлийн хүрээнээс ийнхүү эхэлсэн нь асуудлыг улстөржүүлэх аятайхан шалтаг болов.
Бүх зүйлийг улстөржүүлдэг, аюулгүй байдалжуулдаг байснаа болиод одоо авлигын хэргийг илрүүлэх, хорьж шалгахыг “хэлмэгдүүлэлт” гэж нэрлэдэг жишиг тогтох нь ээ. Тэр тусмаа ийм жишиг тогтоохуйц мэдэгдлийг төрийн бодлогыг тодорхойлж байгаа эрх баригч намын дарга нь хийлээ. Хэн нэгэн эрх мэдэлтэнд авлигын хэрэг үүсгэвэл улс төрийн шалтгаанаар л ингэж байгаа юм гэж тайлбарладаг, хорьж шалгаад эхэлбэл хэлмэгдүүллээ гэж хашгирдаг жишиг тогтчихвол бид хэзээ ч авлигаас салж чадахгүй. Авлигыг гэмт хэрэг гэж үзэх итгэл үнэмшилгүй ард түмэн хэнд хэрэгтэй юм бэ?! Зөвхөн авлигачдад, авлигаар худалддаг эрх мэдэлтнүүдэд л хэрэгтэй.
Авлигатай тэмцэх хууль ёсны арга хэмжээг улс төрийн өрсөлдөгчөө унагах арга мэх гэж тайлбарлах нь, үүнд ард иргэдээ итгүүлж үнэмшүүлэх нь өөрөө алсын асар их хор уршигтай үйлдэл. Үүнийг ойлгох хэмжээний боловсролтой, нийгэмд ёс суртахууны хэм хэмжээг тогтоох хариуцлагатай албан тушаалтнууд хүртэл өнөөдөр тийм үйлдэл үзүүлээд сууж байна.
Авлигатай тэмцэх ажил амаргүй, халаасны хулгайтай тэмцэхээс хавьгүй илүү хүсэл зориг, цаг хугацаа, итгэл үнэмшил шаардсан ажил. Тийм ч учраас ганц төрийн түшээ, ганц Ерөнхийлөгч үүнийг хийж чадахгүй.
Өнөөдөр замын цагдаа авлигаас айдаг болсныг жолоо барьдаг хэн хүнгүй хэлдэг болсон байна. Тэгвэл зөрчил гаргасан этгээд замын цагдаад тав, арван төгрөг өгөөд хэргээ дараад өнгөрдөг байсан үе яагаад ард хоцров? Цагдааг аргалж болох ч замын хөдөлгөөний хяналтын камерыг аргалж чадахгүй учраас жолооч ч, цагдаа ч хуулиа мөрдөхөөс өөр аргагүй болсон хэрэг. Үүгээр юу хэлэх гэж байгааг та одоо ойлгож байгаа биз ээ. Аливаа хууль бус үйлдэлтэй, авлига хээл хахуультай тэмцэхийн тулд хоёрхон нүд хангалтгүй. Авлигыг хянадаг камер бидэнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, авлигыг буруу зүйл гэдэгт итгэж үнэмшдэг, авлигыг тэвчдэг, жигшдэг ёс суртахуун нийгэмд энгийн хэм хэмжээ болон тогтсон цагт л бид аалзны торноос гарч чадна. Мөнгөний төлөө аав ээж, алаг үр, сүнсээ ч худалдахад бэлэн бидний шунал хүсэл, асар их байгалийн баялаг... Авлигаар худалдах юм бидэнд дэндүү их байна. Авлигыг тэгээд яах вэ?