ЭЗГҮЙ ГУДАМЖНЫ ЗАХЫН БАЙШИН

Эзгүй гудамжинд нүүж ирснээсээ хойш тэр зүүдлээгүй. Өнөө орой харин удаан хүлээж байсан дохионы хариу үйлдэл мэтээр тэр дороо зүүдлэв. 

Дий нуурын эргээр алхаж байлаа. Модод нууран дээгүүр тонгойн бараан дүрс нь усны мандалд ойно. Сонууд усны мандлыг үнсэн дугариг тойрог үүсгэнэ. Дээрх тэнгэрт харья гэхэд юу ч алга. Хөл доорх элс л олон сая шилний хэлтэрхий мэт хөлийг нь эсгэх ч өвдөлт үл мэдрэгдэнэ. Аль эсвэл, тэртэй тэргүй хангалттай их өвдөж байгаагаасаа болоод хөлийн өвдөлтөө мэдрэхгүй байгаа юм болов уу. Дий цааш алхав. Сэрэхийн тулд, зүүднээсээ гарахын тулд Дий юугаа ч өгөхөд бэлэн байв. Гэлээ ч мод, шувуу, үүр рүү очих ёстой. Зүүд нь тэгж өрнөдөг юм. Тэдгээрийг заавал харах ёстой ажээ. 

Моддын орой ойртсоор, агаарт бүх зүйлийн хүч, энерги мөргөлдөнө. Моддын дундуур дүүлэх шувууд жижигхэн, өнгөлөг сум болон хувирчээ. Тэд жиргэхээ болив. Цөөрөмд буй загас шиг л чимээгүй болов. Нуур хойно нь үлдэхэд тэр моддын сүүдэрт оров. Ойн хөрсөн дээгүүр зүү мэт шилмүүснүүд хөглөрнө. Саяхан ухаж гаргасан булшны шороо мэт зөөлхөн. Толгой дээгүүр нь шувууд элэн зүг бүр шунгинана. Аймшигт тэнгэрийн доорх ойн цоорхойд ирэхэд тэнд нь цагаан моднууд байв. Мөнгөлөг туяхан, сэтгэл булаам хус. Хусыг заримдаа цаасны мод гэж нэрлэдгийг санав. Хачин юм даа, зүүдэлж байхад ийм бодол орж ирдэг. Нарс, хуснуудын залгаа хилд нэгэн нарийн бүтэцтэй үүр байв. Алтан нүдтэй, алтан хошуутай час улаан шувуу газар буув. Авчирсан өвсөө тэр өндөг дарахаар барьж буй үүрнийхээ дотор талд авчран тавив. 

Дий ёолж эхлэв. Үүний дараа хамгийн муухай хэсэг нь зүүдлэгддэг тул Дий сэрэх гэж оролдов. Гэвч сэрж чадсангүй. Хүсээгүй атлаа Дий модод руу, үүр рүү, шувуу руу татагдав. Зүүдний гараараа зүүднийхээ амыг таглав. Зүүдэнд нь хүртэл гэдэс нь базлан мушгирав. 

Зугтах гэж оролдов. Гэвч хаашаа л эргэнэ урд нь ясан цагаан моддын дунд улаан шувуу хошуундаа өвс биш харин нас нөгчсөн дүү охиных нь үсээр үүрээ засаж байлаа. 


Хацар, дух, хамарт нь зөөлөн зүйл хүрэхэд тэр сэрэв. Нүдээ нээвэл тэр үслэг зүйл нь сахал ажээ. Судалт муур чанх хажууд нь ирснээс түүний хамар Дийгийн хамрыг бараг л шүргэжээ. Хилэн сарвуугаараа тэр муур Дийгийн хамарт дахин хүрэхэд л Дий хашхирахаа жинхэнээсээ болив. 

“Уучлаарай муур минь” гэснээ Дий “Чи энд юу хийж байгаа юм бэ?” гэж асуув. Муур хойш болон өгзгөн дээрээ сууснаа түүн рүү тайвнаар харав. Турж, үс нь өрвийж, зодолдсоноос болоод чих нь урагдсан муур байлаа. Зөөлхөн шаргал хүрэн нүдтэй муур байв. Хөөрхөн муур гэж хэлэхгүй ч ямар ч байсан тэмцэгч муур нь үнэн. 

Судалт муур толгойгоо гилжийлгэснээ юм асуух мэт прррр хэмээн хэрчигнэв.

Дий итгэж ядан “Юу?” хэмээн асуув. Гэвч муур өөрөөс нь харц салгалгүй дахин хэрчигнэсээр байх ба энэ нь юу гэсэн үг болохыг хэн ч мэднэ. 

Галын өрөөний шүүгээн дотроосоо Дий туна загасны консерв олов. Таваг гарган лаазан доторхыг цөмийг нь хийв. Муур агаарт сүүлээ шарвалзуулан тамшаан зооглов. 

“Чи нэртэй юу?” гэж Дий асуув. Муур түүнийг тоосонгүй. Тэгснээ жижиг ягаан хэлээрээ уруулаа долоосноо том өрөөгөөр алхлав. Дий тавгаа усаар зайлчхаад араас нь дагав. Түүнийг том өрөөнд орж ирэх үед муур алга болчихсон байлаа. Явчхаж. 

Дүү нь өөр рүү нь гудамжны муур болж ирэхгүй гэдгийг Дий мэдэж байв. Яалаа гэж тийм юм байдаг юм бэ. Галзуурсан биш. Гэлээ ч муур өөрийг нь зүүднээс татаж гаргасан гэж бодогдоод болсонгүй. Энэ бодол түүний сэтгэлийг засав. 


Дий цонхны хажуудах харуулын байрлалдаа ирэв. Дэлхийг бүдэгхэн, нууцлаг гэрэл гэрэлтүүлжээ. Үдшийн бүрий юу, үүрийн гэгээ юу Дий ялгасангүй. Сүүлийн үед түүний нойр солигдчихоод байгаа юм. Тэгтэл зүрх нь хурдсан Дий ангайв. 

Тед урд хашаандаа зогсож байв. Бурбон дарс сахлыг нь даган урсжээ. Тед нэг гараа зугуухан өргөж, хуруугаараа заав. Нүд нь харанхуйг нэвт ширтэж буй мэт. Харц нь өөрт нь хүрчих мэт Дий дороо хавчганав. 

Тед харанхуй байшинд, цонхныхоо цаана сууж буй өөрийг нь харж чадахгүйг Дий мэднэ. Гэлээ ч улаан шувуу мэт айдас далавчаа дэвэх шиг болоход Дий өөдөөс нь сөргөн Би чамайг барина даа хэмээн Тедэд чимээгүй хэлэв. Чи үүнийг мэдэрч байна уу. 

Гар утас нь дуугарахад Дий цочин ухасхийн босов. Цэнэглээд орхижээ. Утсаар ярилгүй их удаж. Дугаарыг нь харснаа царайгаа төв болгон авлаа. 

“Байна” хэмээн тэр дуугарав. 

“Дилайла.” Карены дуу ердийнхөөсөө ч ядрангуй сонсогдов. “Сонин юу байна?”

“Өө, байдгаараа л” хэмээн Дий хариулав. Өөр юу ч түүнд хэлэхгүй. Карен өөрөө л яриг. 

“Чи сүүлийн үед хаагуур байна?”

“Би нүүсэн. Нэг газраа удаан байхаар элдэв юм бодогдоод болохгүй юм” хэмээн хэлэх үед нулимс нь цийлгэнээд ирэв. Уг нь ингэе гэж бодоогүй юм. Хатгуулсан мэт нүдээ ууртайгаар цавчив. Үнэн яг л мөнгөн ус шиг ажээ. Заавал нэг цоорхой, сиймхий олоод гарчих юм. Биеэ барь Дий, заавал. “Би яг одоо Колорадод байна.” Колорадо эндээс хамаагүй хол, аюулгүй мэт түүнд санагджээ. 

“Ямар нэг хэрэг гарвал хэлээрэй.”

Хоолой дээр нь үгс овоорон тээглэхэд Дий хойш залгив. Карен Дийд хэрэгтэй цорын ганц зүйлийг дахиад л өгч чадсангүй. Лулуг. 

“Танаар юу байна даа?” хэмээн Дий өөдөөс нь асуув. 

“Энд Вашингтонд халууны улирал эхэлсэн. Сүүлийн хэдэн жил ийм халуун байсангүй” гэж Карен хариулав. Лулу алга болсон жилээс хойш ингэж халаагүй. Гэлээ ч тэр талаар дурсахгүйгээ энэ хоёрын аль аль нь мэдэж байв. “За за, жилийн энэ үеэр хүнд байдгийг чинь мэддэг болохоор чам руу залгая гэж бодсон юм.”

“Намайг сайн уу гэж байгаа юм уу шалгаж байгаа юм уу?” хэмээн Дий асуучхав. Орегоны хүнтэй уулзсан талаар нь Карен бодож байгааг Дий мэдэж байв. 

“Юу?”

“За зүгээрээ. Баярлалаа, Карен.”

“Гэнэт чи бодогдоод. Тэгээд бас дээр нь, хэд хоногийн өмнө чамайг хотын хүнсний дэлгүүрт харах шиг болсон юм. Их бодсон хүнээ хүн хардаг гэдэг дээ.”

“Тийм ээ” хэмээн хариулахад Дийгийн зүрх хурдсав. “Хорвоогийн тэр мухар руу би яасан ч очихгүй.”

“Ойлголоо. Хэрэг гарвал над руу залгаарай, за юу Дий.”

“За.”

“За баяртай.” Утас тасрав. 

Дий дагжин амандаа хараав. Карен гар утасных нь байршлыг илрүүлсэн юм болов уу? Магадгүй, гэхдээ яах гэж? Би ямар буруу зүйл хийсэн биш. 

Гэхдээ илүү болгоомжтой байхгүй бол болохгүй нь. Энд байгааг минь Карен мэдвэл бүх зүйл бүтэлгүйтнэ. Өдөр гарахаа больё. Хүнсээ цуглуулахдаа автобусаар хот руу явж байя. Ийнхүү өөрийгөө зүхэн харав. Тэгснээ дахин цонхоор шагайтал Тед алга болсон байлаа.