Ц.Батбаяр: Зүрх сэтгэлдээ Эх орноо оруулаагүй байж хий дэнсэлж ярьдаг хүмүүс төрд их л нялцгай, амин хувиа хичээсэн, эргэж буцсан улсууд байдаг юм даа
Манай Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт нийтдээ 15 нэр дэвшигч өрсөлдөж байна. Миний хувьд эднээс хоёр юмаараа илүү ялгагдана. Нэгдүгээрт, ардын хүү гэдгээрээ ялгагдах байх.
-Улс төрчийнхөө хувьд өнөөдөр Та маш том өрсөлдөөний өмнө зогсч байна. Танай тойрогт нийт хэдэн хүн өрсөлдөж байгаа вэ. Тэднээс таны хамгийн том давуу тал юу вэ гэсэн асуултаар яриагаа эхлэе?
-Манай Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт нийтдээ 15 нэр дэвшигч өрсөлдөж байна. Миний хувьд эднээс хоёр юмаараа илүү ялгагдана. Нэгдүгээрт, ардын хүү гэдгээрээ ялгагдах байх. Миний удамд дарга даамал явсан нэг ч хүн байгаагүй. Ноёрт гэвэл хороо, дүүрэг, нийслэлийн амьдралыг арван хуруу шигээ мэднэ. Энэ талаар надтай өрсөлдөх хүн байхгүй. Дараагийн нэг давуу тал маань 21 настайгаасаа зөвхөн Төрд ажилласан. Цэргийн албанд татагдаж очоод л Төрд алба хааж эхэлж байна гэсэн үг шүү дээ, ер нь. Цэргийн албыг төрийн алба хаасанд тооцдог. Аль ч утга, аль ч агуулгаараа тэгж үздэг.
-Тэр тэгэлгүй яахав. Хаана алба хааж байв?
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цэргийн албыг хааж, тэндээсээ цэргийн сургуульд орсон хүн л дээ. Цэргийн сургууль бол амьдралын хамгийн том сургууль. Яагаад гэвэл арми гэдэг тэр том алба эр хүнийг хүмүүжүүлдэг, хатуужуулдаг, хат суулгадаг юм.Би цэргийн албаа нэр төртэй хааж, Монгол улсын төлөө зүтгэе гэж тангараг өргөсөн цэрэг хүн гэдгээрээ дотроо үргэлж омогшиж явдаг.
-Эрдэнэцагаанд ангиараа сүүлд очив уу. Дурсамж амилаад гоё байх болов уу?
-Очсон. Эрдэнэцагаан сум бол Сүхбаатар аймгийн том сумдын нэг шүү дээ. Урд талаараа хилийн боомттой. Намайг цэрэгт байхад л лав Бичигтийн боомт гэж алдартай боомт байсан. Мэдээж гурвын гурван жил алба хаасан ангиараа очих сайхан байлгүй яахав. Жагсаалд дуугаа дуулаад алхаж явсан талбайгаас өгсүүлээд бүх юм сэтгэлд дотно байгаа юм чинь.
-18-тай л цэрэгт татагдаж байв уу?
-Тийм.
-Та одоо хэдтэй вэ, эрэгтэй хүний насыг асуухад нэг их цээр байхгүй биз дээ?
-(инээв) 49 настай. Бид нар 18 настай юугаа ч мэдэхгүй хүүхдүүд пижигнээд л цэрэгт явцгааж байсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй төрийн алба хашиж явна. 31 жил гэдэг хүний амьдралын их цаг хугацаа, том ч баялаг байх. Энэ сайхан Монгол оронд хүү нь болж төрөөд, эх орондоо эр цэргийн ёсоор тангараг өргөж, улсынхаа дархан хилээ хамгаалж явлаа. Энэ алба намайг эргэшгүйгээр төрийн хүн болгож татсан. Нэг талдаа бахархалтай ч, нөгөө талдаа асар хүнд ачааг тасралтгүй 31 жил үүрлээ.
-Цагийн салхийг дагаад хүмүүс олноороо төрийн албыг хаяж, хувьдаа хөдөлмөрлөж амжилт олсон. Тэгэхээр төрөөс ямар ч үед нь гарч яваагүй, өнөөдрийг хүртэл зүтгэсэн он жилүүд тань бахархал байхаас яахав дээ?
-Гал унтраах албанд бас зүтгэж үзлээ. Анхан шатны хорооноос эхлээд дүүрэг, нийслэл, их хурал гээд бүх л түвшинд ажиллалаа. Би зарим УИХ-ын гишүүдэд хэлдэг юм. Та хэд ядахдаа гурван сар хорооны зохион байгуулагч хийгээд үзчихээч гэж. Төрийн алба бол хүн болгоны хийгээд байдаг ажил биш. Тэрэн дотор он жилүүдийг өнгөрөөж, маш их туршлага хуримтлуулж байж өнөөдөр төрийн албанд ажиллах ёстой. Өнөөдөр бол тэр дор алхаж явахад нь шууд кранаар татаж ирээд л сайд, агентлагийн дарга болгодог болсон. Тэр дундаа золиос болгож төрийн буулганд насаараа зүтгэж ирсэн ч дээшээ гарч чадаагүй улсуудыг гаргаж гудманд шиддэг. Ийм увайгүй тогтолцоо уг нь манай төрд байгаагүй байхгүй юу. Эхлээд нэг жил хороон дээр ажиллана, дараа нь тамгын газрын мэргэжилтэн хийнэ шүү гээд ингэж дараалуулж дадлага туршлага суулгадаг байсан бол одоогийн энэ систем ямар байна. Нэг өдөр гудамжинд орилж сүрдүүлж байгаад л дээшээ гарчихдаг ийм юм бол байж болохгүй зүйл шүү дээ. Карьерын систем гэдэг бол дэлхий дээр ноёлчихсон систем байдаг юм байна лээ шүү дээ. Бүх түвшинд ажиллуулдаг, тэгээд өрсөлдөөн дундаас өөрийн бодитой хүч чадлаараа хүлээн зөвшөөрөгдөж ялж гарч ирдэг. Манайд эсрэгээрээ. Хэн ч юу ч хийж болдог л болчихлоо. Ингэж монгол төрийн албыг сүр хүчгүй, бяр чадалгүй болгон сулруулж болохгүй.
-10 дугаар ангиа төгсөөд конкурс өгч сургуульд явахгүй яагаад шууд цэргийн албанд явсан юм бэ?
-Тэр үед манай найзууд бүгдээрээ цэрэгт явцгаая, эхлээд эр цэргийн албаа хаагаад ирцгээе гэж ярилцаж тохирцгоосон. Дэндүү мөрөөдөмтгий, дэндүү гоё, нөхөрлөлдөө үнэнч, андгай тангарагтаа хүрдэг үед бид төлөвшсөн юм шүү. Одоо эргэж бодохоор өөрийн эрхгүй нүдний нулимс бүрхдэг юм. Дээр нь тэр үеийн арми чинь үнэхээр цэрэг шиг цэрэг болгодог, эр шиг эр болгоод буцаадаг ийм том төрийн дамжлага алба байсан. Бидний өссөн Улаанхуаран чинь цэргийн амьдрал жинхэнэ буцалдаг газар шүү дээ. Бага байхдаа цэргийн ангиар зөндөө орж гарч гүйж байсан. Цэргийн анги руу ороод шалан дээр нь гишгэхэд л чийхарч дуугардаг байлаа шүү дээ. Тэгээд тэр ор дэрээ тэвхийтэл хураачихсан, цэвэр цэмцгэр. Өмссөн хувцасных нь гоёыг. Тэр бүхнийг харахаар өөрийн эрхгүй татагддаг юм. Хар багаас тэр хавийн хүүхдүүд ингэж армид татагдаж өсдөг. Гэхдээ би ардын армид яваагүй, хилийн цэрэгт алба хаасан. Энэ бол миний бахархал. Манай нэг яруу найрагч хэлсэн байдаг шүү дээ. “Хил хамгаалж үзээгүй хүнийг эр гэдэг юм уу...” гэж. Өнөөдөр уг нь санаагаар болдог бол монгол төрд ажиллаж байгаа бүх эрэгтэй хүн цэргийн алба хаасан байх ёстой баймаар байгаа юм.
-Сая шинэ хуулиар 27 нас хүрсэн, цэргийн алба хаасан эрэгтэй хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж заасан байв уу?
-Энэ бол зүгээр нэг романтик үг биш байхгүй юу. Ядахдаа эх орноо гэсэн сэтгэлтэй болдог юм. Эх орон гэдэг бол юугаар ч солишгүй үнэт баялаг, бидний үхтэл хамгаалах өлгий гэдгийг анхнаасаа мэдрэхгүйгээр, зүрх сэтгэлдээ энэ үзлийг оруулахгүйгээр хий дэнсэлж дэлсч ярьдаг хүмүүс төрд их л нялцгай, амин хувиа хичээсэн, эргэж буцсан улсууд байдаг юм даа.
-Та зорьсондоо хүрдэг айхтар хүүхэд байжээ. Манай төв халхынхан чинь ихэнх нь л цэргийн албаа хааж ирээд бушуухан гэр барьж аваад л амьдралын мөр хөөдөг шүү дээ. Та бол цэргээс ирээд дээд сургуульд явсан байна?
-Хүн яаж шат шат дараалж, аажимхан дээшилсэн карьераар явах ёстой юм би тэр зарчмаар л явсан гэж боддог.
-Батбаяр гишүүний маань өссөн орчин ямар байв. Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Манайх бол социализмын үеийн нийтлэг айлуудтай адилхан л өнгө төрхтэй, энгийн нэг ажилчин айл байсан. Манай аав бол Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хүн. Ээж маань Булган аймгийн Гурванбулаг сумын хүн. Аав маань бол слесарь хийдэг, ээж маань Улаанхуарангийн 40 дүгээр яслид насаараа 40 гаруй жил асрагч хйисэн ийм л улсууд байгаа юм. Манайх долоон хүүхэдтэй айл. Би долоон хүүхдийнх нь том нь.Тэр үед чинь айлын том хүүхэд ачааны хүндийг л үүрдэг байсан цаг.
-Олуулаа юм байна. Долоон хүүхдээс хэд нь охин, хэд нь хүү вэ?
-Манайх таван эрэгтэй, хоёр эмэгтэйтэй. Манай аав ээж хоёр боловсрол эзэмшээгүй улсууд л даа. Тэр үеийн улс ер нь дийлэнхи нь ажил амьдралын мөр хөөгөөд боловсрол эзэмшээггүй байх. Хоёулаа л дөрөвдүгээр анги төгссөн. Гэхдээ бид хэдийг бол гүрийтлээ ажиллаж байгаад бүгдийг нь сургуульд сургасан. Аав ээж хоёр нь боловсрол эзэмшиж чадаагүй, миний хүүхдүүд боловсрол эзэмш гээд бүгдийг нь дээд сургууль төгсгөсөн. Хоёрыг нь гадаадад, бусдыг нь дотоодын их дээд сургуулиудад сургасан. Манай гэр бүлээс хоёр доктор төрсөн байна. Муу аав ээжийн минь үр хүүхдээ гэсэн голынх нь хайр биднийг энэ зэрэгт хүргэсэн.
-Таныг дагаад нүдний нулимс гарах нь. Дүү нараа өсгөлцөх амаргүй үүрэг хүлээсэн байх даа?
-Би бүх дүү нараа өсгөсөн хүн шүү дээ. Нэг удаа би дүүгийнхээ хүүхдэд ярьсан юм. Бид нар нэг нь гялгар уутанд ном дэвтрээ хийчихсэн, тэгээд нөгөөгөө тарахыг сургуулийн наана хүлээгээд зогсч байдаг. Нөгөөдөх нь цүнхийг нь аваад хичээлдээ явчихна. Өглөө ордог. Тэгээд өдөр зөрөөд орохдоо сургуулийн буланд гялс уулзаад ном дэвтрээ сольж хийгээд явдаг байлаа даа гэж.
-Тэгсэн дүүгийн тань хүүхэд юу гэж байх юм. Одоогийн хүүхдүүдэд үлгэр домгийн юм санагдах байх даа?
-Харин тийм байгаа юм чинь. Өөдөөс ах битгий худлаа яриад байгаарай гээд байсан. Тэр үед аав ээж хоёрын маань цалин юу шалих вэ дээ. Томынх нь хувцас багадахаар бага нь шилжүүлж аваад л өмсдөг байлаа. Шинэ,гоё ганган хувцас өмсөх тухай яриа байхгүй шүү дээ. Манай аав их дуугүй, урдах ажлаа л хийдэг хүн байсан. Их дайчин, хөдөлмөрч. Өдөр шөнөгүй, өглөө оройгүй явдаг. Энэ чанар нь бидэнд өвлөгдсөн юм шиг байгаа юм.
-Гаднаасаа бол Та Батбаяр гайгүй дээ зөөлхөн хүн гэж харахаар. Яг тулаад үзэхээрээ мөн ч бууж өгөхгүй, яс үзэх юм. Тэгэхээр төсөөлөгдөх байдал дотоод ясны чанар хоёр хоорондоо эрс тэс өөр бололтой?
-Энэ бол цэргийн хүний чанар юм шиг байгаа юм. Би хувь хүнийхээ хувьд бол нэг их хатуу хүн биш шүү дээ. Гэхдээ л 10-аад жил цэргийн амьдралаар явлаа. Байлдагчаас нь эхлээд бэлтгэл хурандаа хүртэл явлаа. Би цэргийн карентин дуусгаад л штабт бичээчээр очсон юм. Дөнгөж 18 настай цэрэгт очоод, бичээч болсон. Ингээд л шууд улсын нууц задруулбал нөгөө юунд явна гэж баталгаа гаргаж өгч байсан. Штабын бичээч гэдэг бол цэргийн бүх нууцыг мэддэг ийм л хүн шүү дээ. Энэ үеэс эхлээд төрийн албаны өмнө хариуцлага хүлээж сурах чанар суусан.
-Одоо ч гэсэн та дүү нарынхаа “дарга” нь хэвээрээ юу?
-Хэвээрээ. (инээв) Хэвээрээ л гэж бодож байна ш дээ. Манай дүү нар тус тусдаа мөрөө хөөгөөд явчихсан. Өөр өөрийн гэсэн мөн чанартай улсууд л даа. Үнэндээ тэд нар болж байгаа юмаа ахаасаа асуудаггүй. Болохгүй, хүндэрсэн, өөрсдийнх нь гарц хүрэхгүй юман дээр л асууж зөвлөдөг. Би тэднийхээ өмнө аавыгаа, ээжийгээ орлож байгаа учраас болох болохгүйгээ надад хэлэхээс өөр аргагүй. Дүү нар минь намайг нэг их зовоогоогүй ээ. Москвагийн их сургуульд 90-ээд оноос хойш доктор хамгаалаагүй байдаг юм байна лээ. Нэг дүү маань докторын зэрэг хамгаалсан. Нэг дүү хятадад удамжлалт анагаах ухааны чиглэлээр доктор хамгаалаад ирж байна. Бага буурай боловсролтой, энгийн нэг ажилчин ангийн гэрт хоёр доктор төрчихлөө. Ахын хувьд сайхан л байна.
-Танайх хөрөнгө чинээ гээд байх юмгүй айл байсан байх. Гэсэн ч өнөөдөр та гэрээ засчихаад төрөө засалцаад явж байна. Тантай өрсөлдөж байгаа хүмүүсийн зарим бол өнөөгийн монголын толгой баячууд. Чирэгдэж байна уу, эсвэл гайгүй юу?
-Би бол ард түмнийхээ хамгийн энгийн давхаргын төлөөлөл. Тэр дунд, тэр л тоос шороон дундаас гарсан хүн. Тийм болохоор тэднийхээ дуу хоолой нь болж чадна гэж үзэж байна.
-Үнэндээ бол таныг тойроггүй үлдэх байх гэж бодож байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн улс төрийн амьдралыг тань ажиглаж байсны хувьд?
-Тийм үү. Би бол тойроггүй үлдэхгүй болов уу л гэж бодож байсан. Гэхдээ тойроггүй үлдсэн ч яахав гэж хэлж л байсан шүү дээ. Надад хийх ажил зөндөө байна. Монгол төрд би бэлтгэгдсэн боловсон хүчин. Төрийн байгууллагад ажилллах боломж, чадавхи надад байгаа. Гэхдээ манай нам боловсон хүчнээ мэддэг, таньдаг. Хичнээн дотроо маргадаг, зөрөлддөг ч гэсэн улс орны ачааг 90 жил үүрч явсан нам учраас хүнээ ч мэднэ, улс орныхоо зовлон жаргалыг ч мэднэ. Ер нь бол том эрх ашгийн өмнө хувь хүний хоорондын асуудал хамгийн сүүлд л тавигдах ёстой. Улсын эрх ашиг, МАН-ын язгуур эрх ашиг хоёр л ямар ч хувийн асуудлын дээр байх ёстой. Хоорондоо маргах, үл ойлголцох үеүд байлгүй яахав. Энэ чинь амьдрал шүү дээ. Намынхаа даргыг огцор гэж хэлсэн удаа надад байгаа. Ард түмний өмнөөс хэлсэн болохоос хувь хүнийхээ үүднээс хэлээгүй. Намын даргыг огцор гэсэн нь улс төр хийсэндээ ч биш. Өнөөдөр манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын бодлого дээр алдаа гараад байна. “Оюутолгой”-н гэрээгээ засаач ээ, ард түмэнд ашигтай байлгаач гэдэг талаасаа л хэлсэн.
-Танай намын уриа “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” гэсэн байгаа. Таны хувийн уриаг сонирхмоор байна?
-Би “Таны дуу хоолой болж чадна”, “Утаагүй Улаанбаатар, Эрүүл хүн, Эрүүл орчин, Эрүүл засаглал” гэсэн уриатай байгаа.
-Хотыг удирдаж явсан хүний хувьд та бол эмзэг л уриа барьж авсан байна. Гэхдээ бодож л авсан байлгүй дээ?
-Бодож авсан. Яагаад гэвэл монголд эрүүл хүн хэрэгтэй байна. Монголд эрүүл орчин хэрэгтэй байна. Бизнесийн орчин ч, ажиллах орчин ч эрүүл байх хэрэгтэй байна. Монголд эрүүл төр, эрүүл засаглал хэрэгтэй. Эрүүл засаглал л дандаа сайн сайхан юмыг, хөгжлийг авчирдаг. Ард түмэндээ бодлогоо хүргэж чаддаг. Дэмжлэгийг нь авч чаддаг. Монгол орныг гуравхан юм хөгжүүлнэ. Монгол хүн, монгол үндэсний компани, монгол төр. Монгол төр гэдгийг яагаад онцолж байна вэ гэвэл монгол төрд чинь бас янз бүрийн улс шургах гээд байна шүү дээ. Тэрийг манай иргэд маш сэрэмжтэй бодож байх ёстой. Дэлхийн аль ч улс орон өөрийнхөө үндэсний компанийг дэмжиж байж хөгждөг түүхэн уламжлалтай. Гаднаас бүх юмаа аваад явж болж байна, сайн сайхан болж байна гэж ярьж боломгүй байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Би хүү охин хоёртой шүү дээ. Эхнэр маанв Говь-Алтай аймгийн Дарви сумынх. Насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан хүн. Манай хадам аав нисэгч хүн байсан.
-Сургуулиа төгсөөд л танилцсан уу?
-Үгүй. Тэр үед цэргийн сургуулиуд чинь охид олонтой сургуультай шефийн холбоо тогтоодог байлаа шүү дээ. Тэгээд манай сургууль Анагаахын дээдтэй шеф болсон. Би тэр үед чинь бас сургуульдаа эвлэлийн хороон дарга байлаа.
-Таны ямар чанар сэтгэлийг нь татсан юм бол?
-Энэ залуу зөв хүн юм уу даа. Энэ хүнтэй амьдархад би алдахгүй юм болов уу даа гэж бодсон байх.
-Өөрөө тэгж байна уу?
-Өөрөө л тэгж хэлсэн. Сайхан цагаахан сэтгэл чинь татсан гэж. (инээв)
-Тэр үед танд өрсөлдөгч байсан уу?
-Өө, байсан. Тэгээд яахав, “байлдаж” байгаад л ханийгаа олж авсан. Хоёр сайхан хүүхдийг маань төрүүлж өсгөж өглөө. Бусдын жишгээр сайхан л амьдарч байна. Миний ганц түшиг тулгуур минь шүү дээ. Эхнэр маань нисэгчийн гэр бүлд төрж өссөн. Манай хадам аав тэнгэртээ л улс эх орныхоо төлөө үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. 1974 онд Ховд аймгийн Чандмань уулыг мананд орсны улмаас онгоц мөргөж маш том осол болсон. Тэр онгоцны хоёрдугаар нисэгч байсан юм. Хадам аав маань мэргэжилдээ үнэнч, их сайхан хүн байсан гэдэг. Гэргий маань ийм сайхан нисэгчийн гэр бүлд төрсөн, нисэхийн тэр довон дээр тоглож наадаж өссөн хүн байгаа юм.
-Таныг хотын дарга байхад дайрч давшилна гэдгийг нэг хэсэг үзүүлж өгч байлаа. Гэсэн ч Та тэсч гарсан. “Бөмбөгөр” зах шатаад гал маналзаж байхад Та өөрийн биеэр ирж л байсан. Станцид нэг турба задарсан ч яваад ирчихсэн л байж байна. Ингэж олон түмэн Таныг ойроос мэдэрсэн. Хотын дарга байсан үедээ сэтгэл санааны хувьд хүнд байсан уу?
-Хамгийн хүнд байсан он жилүүд байдаг юм шүү дээ. Би хоёр жил, хоёр сар, дөрөв хоног хотын дарга хийсэн юм. Тэгэхдээ өглөө долоон цагаас шөнийн нэг цаг хүртэл ажиллаж байсан. Сүүлд нь тооцоод үзсэн чинь 4 жил 6 сар ажилласан тооцоо гардаг юм.
-Таны үед хотод улс төржилт, халаа сэлгээ зэрэг асуудал хэр байсан бэ?
-Би улс төрждөггүй. Ажлаа л хийж байвал тэр хүн хэн байх нь хамаагүй. Би бараг хүн халаагүй. Хот, дүүрэг гэдэг аппарат чинь ажлаа хийгээд сурчихсан газар байдаг байхгүй юу. Мэргэшсэн аппарат байдаг.
-Таныг хотын дарга болоход би хувьдаа эсэргүүцэж бичиж байсан сэтгүүлч. Ширүүн шүүмжлэл дунд хотын дарга болж байсан шүү?
-Тэр үед хотын даргад 10-аад хүн өрсөлдөж байсан юм билээ. Намайг тавигдана гэж хэн ч бодоогүй байхгүй юу. Жижигхэн дүүргийн дарга гэнэт хотын дарга болчихсон чинь хүн болгон цочирдсон шүү дээ. Янз бүрийн нэр хоч өгөөд л, улаан цагаанаар нь дуудаад л, том жижгээр нь дуудаад л.
-Танд олон янзын нэр хоч өгөөд дуудаж байдаг. Та харин аль нэрэндээ дуртай вэ?
-Хүн өөртөө нэгэнт өгчихсөн нэрийг энэ муухай нэр гэж хэлдэггүй шүү дээ. Батбаяр гэдэг нэрэндээ би хайртай. Улаанаа л гэнэ. Би эмзэглэдэггүй. Харин ч дассан.
-Парламентаас ер нь Та өөртөө юу олж авав аа?
-Парламентад сууснаар монгол төрийн том цогц бодлогыг шийдвэрлэлцлээ. Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөн сууж, ухаан бодлоо уралдуулж, улс орныхоо хөгжлийн бодлогыг боловсруулалцна гэдэг хэр баргийн аавын хүүд олдох тавилан биш. Гэхдээ би нам бүлгийн ямар нэгэн хайрцагт баригдаагүй. Дуугарахаа дуугарчихдаг, хэлэх үгээ хэлчихдэг гишүүн байсныг ард түмэн маань мэдэж байгаа.
-Энэ дөрвөн жил Таныг их ууртай болсон гэж ажиглагчид хэлдэг?
-Харин тийм. Хүн ингээд юм бүтээгээд, зөв зам дээр өөрийнхөөрөө зогсохоор эсэргүүцэл их ирдэг юм байна. Гэсэн ч би няцахгүй. Энэ миний л явах зам. Улаанбаатарт миний зүтгэл шингэсэн олон газар байна. Энэ 32-ын зам гэхэд надтай холбоотой. 400 автобусны төсөл байна, хорооны цогцолбор байна. Өрхийн эмнэлэг цагдаатай хэзээ ч нэг дор байртай байгаагүй шүү дээ. Энийг анх хийсэн. Хороог хөгжүүлж байж нийслэл хөгжих учиртай. Сүхбаатарын талбайг гантиглалаа. Дээр нь гишгээд явж байхад сайхан л санагддаг юм.
-Улс төрд орсон улсууд шууд юмны орой руу л зүтгэдэг. Баг нэгжээс нь ажилласан, энэ төрийн бүх шатны зовлон зүдгүүрийг мэддэг улстөрчид бол бараг байдаггүй. Энэ Таны том давуу тал байх ?
-Хорооноос нь эхлээд дүүрэг, нийслэлийн албанд явчихсан над шиг хүн байхгүй гэж би хаа ч хэлнэ. Хотын ажлыг гэхэд М.Энхболд даргаас би илүү мэднэ гэж юу байхав. Ямар ч байсан М.Энхболд даргын дараа жагсах хүний нэг л гэж ойлгож явдаг юм шүү дээ. Би сайхан нөхдийннхөө буянд, сайхан ард түмнийхээ буянд өдий зэрэгтэй явж байгаа хүн. Хийе гэснээ хийсэн, улс төрд бас тодорхой оргилд хүрсэн. Одоо үлдсэн амьдралаа улс орондоо зүтгэ гэвэл зүтгэсэн шиг зүтгэнэ. Зүтгүүлэхгүй ээ, чи хол бай гэсэн ч зүтгэх үүрэгтэй хүн.
-Хотын асуудал Таны хажуугаар өнгөрдөггүй байх?
-Би чинь тусгай албанд байж байгаад төрийн захиргааны жинхэнэ албанд ирсэн юм шүү дээ. Ер нь Улаанбаатар хотыг гадагш нь тэлж хөгжүүлэх шаардлагатай. Монгол шиг газар нутгйинхаа 0,3 га газар дээр хүн амын 50 хувь нь амьдардаг улс орон дэлхий дээр байхгүй. Улаанбаатар хот чинь 600-700 мянган хүний багтаамжтай л хот. Гэтэл нэг сая хоёр зуу гаруй хүн орж гарч байгаагаа тооцвол сая гурав, дөрвөн зуугаад хүн нийслэлд амьдарч байгаа байхгүй юу. Энэ асуудлыг зохицуулах нь хамгийн том асуудал болчихоод байна.
-Өнгөрсөн дөрвөн жил та гишүүний тэрбум төгрөгөө хааш нь хэрхэн зарцуулав?
-Дүүрэгт л очсон. Дүүргийн дэд бүтцэд очсон, бүх өрхийн эмнэлгүүдийг өөрийн гэсэн машинтай болгосон. Тоног төхөөрөмж байна, бүх цагдаагаа мотоцикл, компьютер, адаглаад суух ширээтэй болголоо. Хийсэн бүх ажлаа яривал энэ цагт багтахгүй. Бүх тайлан нь гардаг журмаараа гарсан байгаа.
-Та улс төрд байгаа эрчүүдийн юуг хамгийн увайгүй зүйл гэж харав?
-Нүүрэн дээрээ сайхан монгол эх орон, монгол төр, монголын төлөө гэж ярьчихаад, цаашаа харахаараа дандаа өөр юм ярьдаг тэр хүмүүсийг хараад би сүүлийн гурван жил уурлалаа шүү дээ. Хоёрдугаарт, за гэж ярьчихаад цаашаа харахаараа зугтдаг. Ярьснаасаа зугтаагаад байдаг хүмүүсийг би олон харлаа шүү дээ. Бид чинь шинэчлэе, өөрчилье гэж баахан ярьчихаад тэгээд эцэст нь есхөн хүн л үлдсэн шүү дээ. Ингэж суурин дээрээ эргэдэг зан монголын төрийг гутаагаад байгаа юм. Монгол орон хөгжихгүй байгаа нэг том зүйл нь энэ. Хүн төрд ажиллаж байгаа хугацаандаа ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Мөнхийн дарга байхгүй, мөнхийн УИХ-ын гишүүн байхгүй. Мөнхийн ард түмнийхээ дунд байна, найз нөхөдтэйгөө байна шүү дээ. Мөнхөд дунд нь байх орон зайдаа төрийн албанаас буугаад очидоо бүтэн нэр, бүлээн зүстэй очих ёстой. Энэ бол хүний ёс, төрийн хүний ёс.
-Та дайсантай юу?
-Байж магадгүй. Урьд өмнө нь бол надад дайсан гээд байх юм байгаагүй. Сүүлийн үед хэлэх үгээ хэлэхээр хүмүүс нүүрэн дээрээ би шүүмжлэлийг хүлээж авч байгаа гэх боловч яг цагаа тулахаар ардаа зууж үлддэг зантай болсон нь их мэдрэгддэг.
-Хоёр том хүчний тохирчихсон юман дээр сөрж дуугарна гэдэг хэцүү л асуудал шүү дээ?
-Амаргүй л юм байна лээ. Тэгээд тэрнийхээ төлөө явахад бас хэцүү л юм байна лээ.
-Намтай ер нь таны түүх хэзээ холбогдсон юм бэ?
-Би 1995 онд 22 настайдаа намын жинхэнэ гишүүн болсон юм. Тэр үед идэвхтэн гишүүн гэж байдаг байсан. 20 настайдаа идэвхтэн гишүүн болж байсан. Цэргийн сургуульд ирээд л тасгийн дарга хийсэн. Тэгээд дараа нь ерөнхий хороон дарга хийсэн. Тэгээд анх намын нөөцөнд бүртгэгдээд л идэвхтэн, орлогч дараа нь 1985 онд 22 настайдаа жинхэнэ гишүүн болсон юм даа.
-Эхлээд эвлэлээр явав уу?
-Би НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн командын дивизоны эвлэлийн хорооны дарга байсан. Тасгийн дарга байж байгаад эвлэлийн хорооны дарга болж байсан. Дивизоны эвлэлийн хороон дарга гэдэг бол бас л тухайн үедээ том алба шүү дээ.
-Цэргийнхэн бол бүгд Таныг манай хүн гэнэ биз ?
-Манай хүн гэнээ. Миний дамжсан гурван салбар байдаг юм шүү дээ. Цэрэг, гал, хот гэсэн гурван чухал газар би ажиллаж үзсэн. Би УИХ дээр энэ гурван салбарынхаа төлөө л дуугарсан. Цэргийн салбарт бол үндсэндээ бас том шинэчлэлтийн асуудал хийгдсэн. Энэ юу вэ гэвэл цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг цогцоор нь шинэчилж өглөө. Энэхүү цэргийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шинэчилж өгсөнөөрөө цэргийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн гэж сая ярьж байна лээ. Ялангуяа хилийн заставынхан. 90-ээд оны эхээс эхлээд нэг хэсэг хилийн заставт ажилладаг хүн олдохгүй байлаа шүү дээ. Сая би хилийн цэргийн зарим дарга нартай уулзсан юм. Хэнтий аймгийн Дадал суманд очсон. Тэнд очиход таны баталж өгсөн хуулинд талархаж байна шүү. Хилийн цэрэгт ажиллах хүн эрс нэмэгдлээ гэж хэлж байсан. Энэ нэгдүгээрт, бол маш том шинэчлэлтийн асуудал. Хоёрдугаарт, тэтгэвэр тогтоолгоход 60 хувь байдаг байсан бол 80 хувь болсон. Илүү ажилласан жил нэг хувь байсан бол 1,5 хувиар боддог болсон. Ар гэр нь хэрвээ ажилгүй бол амьдралын баталгаа мөнгө олгодог болголоо. Орон сууцны дэмжлэг авах хөрөнгийн асуудлыг шийдэж өгсөн. Цогцоор нь шийдсэн. Галын салбарт бол үндсэндээ 2011, 2012 оны төсөв дээр гол дуугарсан хүн би байсан. Ийм онцгой байгууллагуудыг хөгжүүлэхгүйгээр Монгол Улс явахгүй. Гай гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг шүү дээ. Гал унтраах албаныхан өнөөдөр улаан гараараа л үзэж байна. Гаднынхан бол нисдэг тэрэгтэй, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг. Гуравдугаарт, бол хотын эрх зүйн орчин. Энэ дөрвөн жил би хотын төлөө дуугарсан. Тодорхой асуудлыг шийдсэн. Хотын дарга, дүүргийн дарга байхдаа хийж чадаагүй энийг хийчих юмсан гэсэн бодлоо бол саяны дөрвөн жилд хийчихсэн шүү. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд өгчихлөө. Эдийн засгийн орчныг бүрдүүлээд өгчихлөө. Хуучин бол бүх төсвийг улс авдаг байсан бол 2013 он нэгдүгээр сарын нэгнээс хот өөрөө захиран зарцуулах эрхтэй боллоо. Ер нь олсон мөнгөнийхөө 30-40 хувийг л хот хэрэглэдэг байсан шүү дээ. Одоо бол 100 хувь хэрэглэдэг болж байгаа юм. 2008 онд хөрөнгө оруулалт 13-14 тэрбум төгрөг байсан юм. Гэтэл 2012 оны хөрөнгө оруулалт бол 260- 270 тэрбум төгрөг болчихлоо шүү дээ. Энэ бол хотын төлөө хийгдэж байгаа маш том ажил.
-Таны өөрийгөө гоёж явдаг хамгийн том чанар тань юу юм бол?
-Манай ээж бурхан болохынхоо урьд өдөр бүгдийг маань суулгаж байгаад миний хүүхдүүд хүнд муу юм битгий хийж байгаарай, хэрвээ хэн нэгэнд муу юм хийвэл тэр муу юмны уршиг чамд хүрэхгүй ч үр хүүхдэд чинь хүрдэг юм шүү гэж хэлсэн. Би тэр үгийг байнга бодож явдаг. Би хүнд муу юм хийхгүй, гэхдээ хэлэх юмаа хэлчихдэг. Гэтэл манайхан чинь нүүрэн дээр нь хэлж чадахгүй мөртлөө цаашаа харахаар дандаа ярьдаг. Цайлган цагаан сэтгэл, хэлсэн бол тэр юмныхаа төлөө зүтгэдэг энэ хоёр чанар л миний гоёл юм уу даа.
-Та одоо өрсөлдөөнд ороод явж байна. Таны эсрэг ямар нэгэн гүтгэлэг явж байна уу?
-Нэгдүгээрт, тойрог сольсон гэдэг асуудал дээр над руу дайрах гэж оролдож байна. Хоёрдугаарт, ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой “Өргөө” зочид буудалтай холбоотой асуудал, гуравдугаарт, газрыг байрыг сольё гэсэн хөтөлбөртэй маань холбоотой асуулт их тавьж байгаа.
-Тэр “Өргөө” зочид буудлыг Таньтай яагаад холбоно гэж?
-Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой асуудлын хүрээнд намайг асуусан. Би хэлдэг үгээ хэлсэн. Энэ “Өргөө” зочид буудал чинь хувьчлагдаагүй шүү дээ. 100 хувь төрийн мэдэлд байгаа. Хамгийн гол нь “Өргөө” зочид буудал дээр яасан бэ гэхээр хувийн хөрөнгө оруулалтыг хийлгээд үр ашгийг нь сайжруулах ийм л менежментийн асуудал яригдсан. Хувийн хэвшлээр хөрөнгө оруулалт хийлгээд ашгаа хуваалцъя гэдэг зарчим. Манай Монголд зөндөө л байна шүү дээ. Тэгээд энэ нь ганцхан Батбаяр шийддэг асуудал биш. НИТХ шийдвэр гаргаж байж хотын даргын захирамж гаргадаг. НИТХ буруу байна буцаая гэсэн бол эрх нь НИТХ-д байсан. Энэ буудал чинь тухайн үедээ Улаанбаатар хотын хамгийн муу муухай газар байлаа шүү дээ. Нэг сонинд Улаанбаатар хотын янхны газар байсан гэж бичсэн байсан. Үнэн нь л тэр юм чинь. Тэгээд алдагдалтай ажиллаад байдаг, хажууд нь байгаа жижиг буудал ашигтай ажиллаад байдаг. Тэгэхээр энийг чинь менежментийг нь хийж ашигтай ажиллуулахаас өөр арга байхгүй шүү дээ. Төрийн өмч болохоороо алдагдалтай ажилладаг, хажуу талын жижигхэн буудал нь ашигтай ажиллаж болохгүй биз дээ. Тийм учраас энэ талын асуудлыг НИТХ-д оруулж байсан. Тэр үед алдагдалтай ажиллаж байсан. Одоо ашигтай ажиллаж байгаа. Шалгадаг газар нь шалгаад, үнэн мөнийг нь олоод шүүх шийднэ . Нөгөө нэг асуудал бол тойрог сольсон гэх асуудал.
-Энэ бол Таны шийдэх асуудал биш биз дээ?
-Өчигдөр иргэдтэй уулзаад явж байтал нэг иргэн хэлж байсан. Та хотын дарга байсан хүн. Хотын ногоон дэвжээн дээр хаана ч барилдах эрхтэй хүн шүү дээ гэж. Хотын маань иргэд ийм л сайхан үгийг хэлж байна лээ. Намын шийдвэрийг бид дагах үүрэгтэй. Нам Та хотын дарга байсан хүн. Хотын аль ч дүүргийг өмчлөх эрхгүй. Тийм учраас Хан-Уулд яв гэдэг шийдвэрийг өгсөн. Би дагасан. Гурав дахь асуудал бол гэр хорооллыг орон сууцжуулах асуудал. 2008 онд УИХ-д нэр дэвшиж байсан 350 хүн байдаг юм. Тэднээс ганцхан газрыг байраар сольё гэж дуугарсан хүн би. Тэгэхэд намын дарга намайг загнаж байсан юм. Чи намын мөрийн хөтөлбөрөөс гадна ийм том юм амладаг хэн юм бэ гэж. Тэгэхээр нь би хэлсэн. Би Улаанбаатар хотын даргыг хийхдээ 11 ерөнхий төлөвлөгөө хийсэн хүн шүү дээ гэж. Одоо Улаанбаатар хотын хэмжээнд 2000 айл газраараа солиод байр авчихлаа шүү дээ. Хууль эрх зүйн орчныг нь шийдлээ. Цаашаа бүх юм явна.
-Улирлаар бол та ямар улирал шиг хүн бэ?
-Зун.
-Таны амьдралын хамгийн зовлонтой үе хэзээ вэ. Хүний амьдралд жаргал зовлон ээлжлэн байдаг шүү дээ?
-Хүн 10 хуруу тэгш байхгүйтэй адилхан жаргал зовлон аль аль нь л ээлжилж байдаг. Миний амьдралын хамгийн зовлотой үе аав ээжийгээ бурхан болох тэр үе л байсан. Гэхдээ хүн бол зовлон даадаг, жаргалд ташуурдаг. Зургаан өнчин дүүгээ аваад үлдсэн. Одоо дүү нар маань бүгд хүний дайтай болсон.
-Хамгийн жаргалтай үе тань?
-Гэр орондоо дүү нартайгаа сайхан яриад, тойруулаад сууж байх л миний жаргал. Загнахыг нь загнаад, магтахыг нь магтаад. Хүн өөрөө магтаалын амьтан юм шиг байгаа юм шүү дээ. Заримыг нь явуулсан шиг инээдтэй ханиадтай суух л миний амьдралын сайхан үе юм даа.
Тийм ээ, энэ хүн ийм л эгэл, ийм л энгийн, бас ийм л амаргүй. Цагаан цайлган, зөөлөн халуун атлаа байр сууриа ямар ч нам, ямар ч даргын өмнө яс хамгаалан сөрдөг.
Тийм ээ, энэ хүн зун шиг хүн. Налгар, амар амгалан. Олонтой, түшигтэй. Хүний төлөө гүйдэг, сэтгэлд дулаан мөртэй хүн.
Дээр гараад хямсайчихдаг, Монголд ч гадаадад ч амьдардаг нь мэдэгдэхгүй, хүний өөрийн нь ялгагдахгүй хөндий хүн тэр биш. Хоосон цэцэрхэгч, худлаа номлогч, урваж шарваж гүйгч бүр биш. Ийм тодорхой товарищ болохоор нь би түүнийг хүндэтгэдэг.