Огторгуйн шахцалдаан
1957 оны аравдугаар сарын 4-д Америк орон тэрчигтээ бажигдан сандарлаа. Оросууд сансар руу цөмийн пуужин харавсан байж магадгүй болоод явчихаж. Хээрийн салхи залгиж суусан АНУ-ын Ерөнхийлөгч амралтаа хаячихаад Вашингтон руу яаравчлан нислээ. Америкийг мэгдүүлсэн нисдэг төхөөрөмж нь ЗСБНХУ-ын хөөргөсөн анхны хиймэл дагуул байсан юм.
1957 оны аравдугаар сарын 4-д Америк орон тэрчигтээ бажигдан сандарлаа. Оросууд сансар руу цөмийн пуужин харавсан байж магадгүй болоод явчихаж. Хээрийн салхи залгиж суусан АНУ-ын Ерөнхийлөгч амралтаа хаячихаад Вашингтон руу яаравчлан нислээ. Америкийг мэгдүүлсэн нисдэг төхөөрөмж нь ЗСБНХУ-ын хөөргөсөн анхны хиймэл дагуул байсан юм. Ердөө 83.6 кг жинтэй, 0.58 м диаметртэй, жирийн радио дамжуулагчаар тоноглосон, 8 000 м/с хурдтай жижигхэн бөмбөлгийн “биб биб” гэх сулхан дохио хүн төрөлхтөнд сансарын эринийг тунхаглажээ. Сар гэгдэх байгалиас ганц дагуултай Дэлхий хүний гараар бүтсэн удаах дагуултайгаа ингэж учирсан юм. Харин US Strategic Command байгууллага 2012 оны нэгдүгээр сарын байдлаар Дэлхийн орбитод 10 см-ээс дээш диаметртэй хаягдлууд, хиймэл дагуулуудтайгаа нийлээд 12 771 хүрлээ гэдэг тоо гаргасан байна. Гэхдээ эдгээрийн 872 нь л ажиллаж буй хиймэл дагуул, үлдсэн 11 899 биет нь “сансарын хог” гэнэ. “Спутник-1” хөөрч үргэлжид үл ханан шунагч хүмүүн төрөлхтөн “шинэ эрх чөлөө”, “шинэ орон зай”-г уухайлан алга ташаад тавин таван жил өнгөрөөгүй байтал манай гариг Улаанбаатарын автозам шиг асар их эрсдэлтэй болчихжээ. Баб баб...
Хураангуй түүх
Ургах хийгээд жаргах нарны туяанд усан нүдээр харж болох хүний гараар бүтсэн бүдэгхэн “од”-ны түүх пуужингаас эхтэй, пуужин нь фашист Германы их буунаас, их буу нь харин Хятадаас үүдэлтэй. Гитлер 1933 онд засгийн эрхэнд гармагцаа Версалийн гэрээг зөрчин алсын тусгалтай их бууны төслийн ажлыг шамдуулжээ. Пуужин бүтээх хорхойтой, авъяаслаг инженер Вернер фон Браунаар толгойлуулсан хэсэг инженер ажилдаа шамдан оров. Ингээд 1936 оноос Пээнемюндэд пуужингийн туршилтын төв байгуулсан бол 1943 он гэхэд “Фау-2” нэртэй, их буугаар хөөргөдөг ч удирдлагын системтэй, хамгийн гол нь шингэн түлш хэрэглэж 300 км хүртэлх зайд тусах хөдөлгүүрт пуужин бүтээжээ.
Үүнээс хоёр жилийн хойно тусгай томилолттой Зөвлөлтийн бүлэг эрдэмтэд эзлэгдсэн Пээнемюндэгийн лабораторид ажилласан аж. Тэдний нэг Б.Е.Черток “Бид хагас жил судалсаны эцэст пуужин гэдэг бол сум биш, их буу ч биш, харин аэродинамик, радиоэлектроник, дулаан техник, түүхий эдийн шинжлэх ухаан хийгээд үйлдвэрлэлийн нэн сүүлийн үеийн ололт амжилтыг цогцлуулсан адармаатай эд болохыг нь ойлгосон” гэж дурсчээ. 1946 оны тавдугаар сарын 13-нд Сталин ЗХУ-ын шинжлэх ухаан, үйлдвэрлэлд пуужингийн салбарыг хөгжүүлэх зарлигт гарын үсэг зураад 11 жил өнгөрөхөд С.П.Королёв тэргүүтэй эрдэмтэд анхны хиймэл дагуул хөөргөсөн нь Хүйтэн дайны гол өрсөлдөөнийг эхлүүлжээ.
Өрсөлдөөнөөс мөргөлдөөн
Коммунистуудаас дөрвөн сараар хоцорч, 1958 оны хоёрдугаар сарын 1-нд “Эксплорер-1”-ээ амжилттай хөөргөсөн америкчууд хүн сансарт нисгэх тал дээр ч бас л хаягдлаа. “Сансарын гүрэн” болох өрсөлдөөнд гэхдээ тэд ялагдаагүй. 1958 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын зарлигаар байгуулагдсан NASA өдгөө сансар судлалаар тэргүүлж явна. Гэхдээ бусдыг хол хаях гэдэг амаргүй. Жишээ нь, 1957 оны зургадугаар сарын 12-нд АНУ-ын хөөргөсөн “Авангард TV3” хиймэл дагуул газрын татах хүчийг даваагүй аж. Харин хойтон жил нь Зөвлөлт тавыг хөөргөснөөс ганц нь, Америкийн 23-аас долоо нь л тойрог замдаа орсон байна.
Үүнээс хойш уралдаан улам ширүүсч Саран дээр буухаас аваад өөр гариг руу хөлөг илгээх хэмжээнд хүрсэн. Жараад онд аль алиных нь харвасан пуужингийн олонх нь Дэлхий дээрх хогийг нэмж байсан бол удалгүй хөөрсөн болгон нь шахам огторгуйд орон зайгаа олох болжээ. Ингээд сансарын хог өдөр хоногоор нэмэгдсээр дээрх тоонд хүрсэн хэрэг. Сансарын өрсөлдөөн 1975 оноор дуусгавар болоход бусад гүрнүүдийн хог ч огторгуйд үзэгдэх болжээ.
1880-аад онд К.Циолковскийн бодож олсон олон шатлалтай, түлшээр ажилладаг пуужингийн зарчим одоо хэвээрээ. Дахин ашиглах хөлөг бүтээх нь зардал ихтэй, дээр нь өндөр технологи шаардлагатай хойно голчлон ганц харавдаг пуужин ашигладаг. Өнөөх нь эрэг шургаараа салан огторгуйд үлдэхээс гадна хиймэл дагуулын нас богино болохоор жил жилээр хог олширдог. Асар өндөр хурд аюул тарьдаг номтой учир 1 мм хүрэхгүй диаметртэй төмрийн өөдөс ч хөнөөлтэй. Гэхдээ 2009 оныг хүртэл хоёр хиймэл дагуул хоорондоо мөргөлдсөн нь үгүй. Тэр жилийн хоёрдугаар сард АНУ-ын Iridium компанийн холбооны хиймэл дагуул ОХУ-ын цэргийн зориулалт бүхий “Космос-2251”-тэй мөргөлдсөн юм. Өрсөлдөөн өндөрлөөд даруй хагас жаран өнгөрчихсөн байлаа.
Сансарын сануулга
Дэлхийг бүчин шавааралдсан хиймэл дагуулууд мөргөлдвөл түмэн хэсэг болж хогийн тоог огцом нэмэгдүүлдэг. Энэ тухай анхлан ул суурьтай бичсэн NASA-ийн эрдэмтэн Дональд Кесслерийн нэрээр уг үйл явцыг “Кесслерийн синдром” гэж томъёолжээ. Азаар агаар мандалд ойрхон Кесслерийн синдром тохиовол хурд нь илт саарахаас гадна нягтралтай агаарын орчинд ороод шатаж дуусах нь элбэг. Харин Дэлхийгээс холдох тусмаа хогийн нас уртсана. Агаар мандал, Нарны шуурга, Сарны таталтын сулхан нөлөөгөөр зам нь хумигдах хэдий ч лавтай мянган жил орох гэнэ.
1993 онд НҮБ-аас гаргасан “Сансарын үйл ажиллагаа хүрээлэн буй орчинд нөлөөлөх нь” тайланд дээрх асуудал хиймэл дагуултай эсэхээс үл хамаарах даяарын шинжтэйг цохон тэмдэглэсэн байна. Хүн бүрийн толгой дээр төмрийн хэлтэрхий буугаад ирэх ойрхон болжээ. Огторгуйг хогоор дүүргэсэн Орос, Америк хоёрт өчүүхэн жижгийг нь ч илрүүлэх газрын байгууламж бий. Одоо олон улсын сүлжээ л дутуу байна. Оросын Нислэгийг удирдах төвийн ерөнхий залуурч Николай Иванов “Огторгуйн замд осол гаргахгүйн тулд олон улсын сансарын хөдөлгөөний дүрэм нэн даруй хэрэгтэй” гэж ярьжээ. Эхний алхамууд ч хийгдсэн бололтой юм.
Уул нь лазерийн туяагаар буудаж устгах мэт сайхан сайхан арга зөндөө бий. Даанч зардалтай болохоор одоохондоо тоо ширхэгийг нь гаргасан шиг хянах л ажил хийдэг юм байна. Ядаж л хөвж яваа тойрог замд нь тогтоохыг хичээдэг гэнэ. Сансарын уудмыг эзэлж авахад хамаг хөрөнгөө шавхаж суугаа орнууд өрсөлдөн-түншлэхгүй бол өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр мэдээж бууна. Монголчууд одоохондоо хээрээс Кока-коланы лонх олдог абориген жаалын хэмжээнд яваа. Уул нь өнгөрдөг бар жил Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын бэлгэшээн тахисан төмрийн хэлтэрхий Бурханы илгээлт бус НҮБ-ын тайланг л танилцуулсан байжээ.
Ашигтай бизнес
Үхэхээ мартаад хөрөнгө цуглуулдаг нь хүний араншин юм хойно бид унацтай болгоныг хийж л таарна. Хиймэл дагуулын бизнес эдийн засгийн хямралаас үл шалтгаалан 2011 онд 11.4 тэрбумын ашиг өгч, өмнөх жилийнхээсээ 5.5 хувийн өсөлттэй гарсан гэж World satellite business week-ийн сайтад бичжээ. Энэ байгууллагын тооцоогоор 2012-2014 онд хиймэл дагуулын бизнес 2009-2011 онтой харьцуулбал гурав дахин нэмэгдэх нь. Ялангуяа Төв Ази, Ойрхи Дорнод, Латин Америкийн орнууд энэ салбарт түрэн орж ирэх төлөвтэй байгаа ажээ. Эд нийлээд салбарынхаа 20 хувийг эзлэх дүр зургийг шинжээч нар харсан бололтой.
Харилцаа холбооны салбар тэлэх хэрээр хиймэл дагуул Дэлхийн тойрог замуудад шахцалдах нь гарцаагүй. Сансарын холбооны гэж нэрлэгддэг Иридиум компани дангаараа 781 км-ийн нам тойрогт байрлах 66 хиймэл дагуултай. Мөн дээр нь нэмэлт төхөөрөмж болон нөөц дагуултай гэхээр овоо тоо гарна. Манийн мэдэхээс гадна яг ийм үйлчилгээ үзүүлдэг Immarsat, Globalstar, Thuraya, ICO Global Communications гээд лавтай дөрвөн компани байх аж. Цаашдаа ч энэ төрлийн үйлчилгээ нэмэгдэх нь гарцаагүй, ашиг нь тэр чинээгээрээ шажигнах унацтай талбар. Гол нь үхэтлээ л ашиг олох нь хүний зорилго юм чинь.
Дагуул улсаас дагуултай гүрэн
“Хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс шиг улс” гэгчээр Монгол удахгүй хиймэл дагуултай болох нь. Шинэ ерөнхийлөгч нь саяхан иргэний үнэмлэхтэй болсон Мьянмар хүртэл ирэх онд хиймэл дагуул хөөргөх гээд дугаар авчихсан байхад бид юугаараа дутах вэ. Манай Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар энэ талын эхний судалгаагаа эхлүүлчихсэн ирэх наймдугаар сард дуусгахаар ажиллаж байгаа. Тус газрын дарга Ж.Бат-Эрдэнийн үгээр бол 2015 он гэхэд хөөргөнө. Мөн академич Б.Чадраагаар тэргүүлүүлсэн, Б.Төгөлдөр, Ц.Нандинбаатар, Э.Батбаяр нарын залуус хойтон гэхэд өөрийн гараар бүтээсэн “Монголсат” хиймэл дагуул хөөргөнө гэдгээ зарласан. Эд ганц УИХ-ын гишүүний зардлаар бүхнийг шийднэ гэсэн. Гэхдээ УИХ гишүүн тийм зардалтай юм уу, хиймэл дагуул ийм хямдхан юм уу гэдгийг мэдэж чадсангүй.
Хиймэл дагуулын үнэ http://www.howstuffworks.com сайтад тавьснаар 290-682 сая ам.доллар, харин хөөргөх хөлс нь тусдаа. Нано технологи нэвтэрсний үрээр овор нь багасчихсан болохоор хэд хэдийг нэг пуужингаар хөөргөдөг болж. Энэ нь ойролцоогоор 50-400 сая ам.доллар юм байна. “Спутник-1” шиг “нэр төрийн хэрэг” бишээс хойш газраас хянах хэрэгтэй. Үүнд бас чамгүй хөрөнгө гаргаж таарна. Гээд яахав, “дэлхий хүртэл дагуултай байхад” бид хоосон хоцролтой биш. Зөвлөлтийн дагуул нэрээс салаад одоо бүр өөрөө дагуултай болчихвол харилцаа холбооны эрин үед цээжээ дэлдэхээс илүүтэй практик ач тустай билээ. Ноцолдож чихцэлдэх дуртай монголчууд бидэнд огторгуйн шалцалдаан л дутаад байсан юм. Хүчээ ч үзнэ шүү. Нэг, хоёрын гурав аа!
uher mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mgl
delgermaa
baatar
Зочин
зочин
Цолмон
Зочин
unshigch
fen
Зөгий
Yah gesen yum bol
nature
Зочин
kkkk
von braun
Зочин
Дагуул
amarsanaa.wordpress.com