Ямар нэг зүйл хаана үүссэн нь чухал биш, хэн сайн ойлгосон бэ гэдэг нь чухал. Хөлбөмбөгийн эх орон Англид энэ үг тохироод байх шиг. 1966 оны Дэлхийн аварга болсноос өөр ямар нэгэн томоохон амжилтгүй, Европын аваргын шигшээд үлдэж байгаагүй, дотоодын лиг нь ашиг, үзэгч, телевизийн эрх, сүүлийн үеийн амжилтаар тэргүүлж, шигшээ багийнхан түрүүлэх магадлал үргэлж өндөр байдаг. Гэвч шигшээ багийн амжилт нь дээшилдэггүй. Ямар шалтгаан үүний ард байна вэ?

Шалтгааныг олохоос өмнө Английн сүүлийн 20 жилийн түүхийг харья. 1990 оны Дэлхийн аваргын дөрөвдүгээр байранд орохдоо, хагас шигшээд Германд торгуулийн цохилтоор, 1996 оны Европын аваргын хагас шигшээд Германд торгуулийн цохилтоор, 1998 оны Дэлхийн аваргаар Аргентинд торгуулийн цохилтоор, 2000 оны Европын аваргаар А хэсэгт Португалыг 2-0-ээр хожиж байгаад 3-2-оор хожигдож, Румыныг 2-1-ээр хожиж байгаад дахиад 3-2-оор хожигдов. 89 дэх минутанд Румын торгуулийн цохилтоор хожлын гоолоо оруулсан. 2002 онд Роналдиньогийн “азтай” гоолоор Бразилд 2-1-ээр, 2004 онд Францыг хожиж байгаад, 90 дэх минутанд хоёр гоол алдаж, хэсгээс гараад Португалд торгуулийн цохилтоор, 2006 онд Португалд торгуулийн цохилтоор, 2008 онд урьдчилсан шатанд Хорватад талбай дээрээ хожигдож, 2010 онд Лампардын тэнцээний гоолыг шүүгч тооцоогүйн улмаас Германтай 2-2 болж тэнцэх боломж үгүй болсон гээд Английг азгүйтэл тогтмол дагасан. Азгүйтэл бүр шалтгаантай. Шүүгчийн буруугаас болж, хувь тоглогчийн алдаанаас болсон тохиолдол байгаа боловч, гол шалтгаан нь сэтгэлзүй гэсэн нэг зүйл дээр тогтож байна. Торгуулийн цохилт бол багуудын чадварыг адилхан хэмжээнд авчирч тухайн нөхцлийн сэтгэлзүйгээс шалтгаалдаг. Багаараа сэтгэлзүй муу байх магадлал тун бага бөгөөд заавал нэгээс дээш сэтгэлзүй өндөр тоглогчид байж, тухайн тоглогчийн үйлдэл, шийдвэр, айдасгүй байдал нь багийн сэтгэл зүйг өргөж болдог. Гэтэл Английн лидерүүд бүгд сэтгэлзүй муутай. Яг ч муутай биш. Шигшээ багтаа л сэтгэлзүй нь уначихсан байдаг болохоос клубдээ бүгд тэргүүлэх сэтгэлзүйчид. Тэгэхээр шалтгаан нь шигшээ багт байна. Шигшээ баг нь багаараа сэтгэлзүйн дарамттай мэт тоглолтыг үзүүлж, дэмжигчид нь мэдэрдэг.  Ихэнхдээ бороотой, үүлэрхэг, бүүдгэр Британий арлын цаг агаартай холбож тайлбарлах нь бүр ч утгагүй байдалд хүргэх биз. Тэгж ярьвал Герман ч гэсэн тэднээс дутахгүй тэнгэртэй.



Ихэмсэг, ямагт бүхний түрүүнд байх ёстой гэсэн Англи соёл, зан нөлөөлж байна уу? Англичуудын дэндүү ихэмсэг байдал нь хариуцлагыг өндөр болгож тамирчиддаа дарамт үүсгэдэг. Түрүүлэх амархан, цомоо хамгаалах хэцүү гэдэг шиг, цом хамгаалж байгаа мэт дарамтыг бий болгочихдог. Нэгэнт болоогүй байгаа тэмцээнд түрүүлэх байр суурийг хиймлээр үүсгэж орно гэдэг хэнд ч дарамттай. Испани, Бразил илүү магадлалтай байсан ч Англичууд үүнтэй эвлэрдэггүй. Үүнээс болж тоглогчид алдаа гаргана гэх айдсыг тээж явдаг нь сэтгэлзүйг үгүй хийдэг (аймхай хүнээс сэтгэлзүй гарах уу?). Хэвлэл мэдээллийн хэрэгслээр заавал түрүүлэх ёстой баримт, статистикыг гаргаж, манайх энэ удаа түрүүлэх бүх тохироо нь бүрдчихсэн байна мэтчилэн ярьж, бичнэ. Алдаа гаргах эрхгүй мэт үйлдлийг шаарддаг нь айдастай тоглолт, хариуцлагаас зугтах үйлдийг үүсгэнэ. Бидний сүүлд үзсэн 2006 оны Дэлхийн аваргаар Жэррард, Лампард гэсэн шилдэгүүд нь алдах гэж байгаа юм шиг итгэлгүй ирдэг нь дараа нь ирэх дарамт, хариуцлага, айдсаас үүдэлтэй. Клубтээ байсан бол тэдэнд ийм зүйл бодогдохгүй. Алдсан ч яадаг юм гэсэн бодол зоригтой, итгэлтэй байх нөхцөл болдог. Товчоор хэлвэл өөрийнхөөрөө байх боломжыг нь шигшээ баг нь олгодоггүй. Амжилт “шаардана” гэдэг өөрөө утгагүй. Хэн ч амжилт гаргахгүй гэж ордоггүй учраас нэгэнт хийх гэж зорьж байгаа зүйлийг шаардаад эхлэх юм бол дарамт л болно.

Бүхний тэргүүнд байх ёстой гэсэн зан нь өөр нэг зүйлийг үүсгэдэг нь байрлал бүрийн төгс байдал. Байрлал бүрт Испанитай өрсөлдөх баг бол Англи. Нидерланд хамгаалалт муу, Герман, Франц жигд боловч хувь тоглогч бүрээр харьцуулалт хийвэл Англи, Испанид хүрэхгүй, Португал төвийн довтлогч, хаалгач, төвийн хагасууд тааруу, Итали дундын шугам тэр чигээрээ сул, Хорват сул байрлал ихтэй. Тиймээ, бүрэлдэхүүний чадвар сайн байгаа ч Англид нэг сул харагддаг. Тухайлбал Нидерланд хамгаалалт муутай боловч тэрийгээ дөвийлгөж сүйд болдоггүй, довтолгооны сайн нэхэлтээр асуудлаа шийдэж эсвэл хамгаалагчийн довтолгоонд орох санаачлагыг багасгадаг. Испани зүүн хамгаалалт сул байвал тухайн тоглогчид анхаарал бага хандуулж (хэвлэл мэдээлэл ч ялгаагүй), сул талаа яаж нөхөхөө боддог. Сул байвал тогтсон үйлдлээр тоглож, хувийн санаачлага гаргахгүй, цэвэр тактикаар тоглуулдаг. Англид зүүн жигүүрийн хагас тааруу байвал Гиггз л байвал болохгүй нь, зүүн жигүүр бол “оршуулгын газар” мэтчилэн заавал сул талаа өөр зүйлээс хайдаг. Тэгж ярьвал баг бүрт “оршуулын газар” байдаг. Англичууд үүндээ дасаад уламжлал мэт ярьдаг. Багт муу талын соёл, харилцаа үүссэн гэх үү дээ. Хаалгач муу болохоор амжилт үзүүлсэнгүй гэх нь Англи “зан”. Гэтэл хаалгач муутай Бразил, Франц гээд олон баг тэргүүн байр эзэлж байсан. Тааруу хаалгачтай медаль хүртсэн багуудыг тоочвол дуусахгүй. Тэд заавал байрлалын төгс байдал шаардаж тэрийгээ өөрсдийн дарамт болгочихдог. Зүүн жигүүр сул байсан ч, давуу тал байж л байгаа. Бусад багуудыг бодвол, тэрийг ашиглах нь, итгэл хүлээлгэх нь бага. Сүүлийн 10 жилийн зүүн жигүүрийг харахад 2000 онд Стив МакМанаман, 2002 онд Трэвор Синклэйр (Жэррард гэмтсэн), 2004 онд Скоулз (урьдчилсан шатанд Лампард зүүн тоглож байсан), 2006 онд Жо Коул, 2010 онд Милнэр, Жэррард гээд Синклэйрээс бусад нь сайн тоглогчид. Жэррардын номон дээр гардагчлан “Хэн оршуулгын газар руу явах бол?” гэж хошигнодог нь, зүүн хагас дээр тоглодог хүнд том дарамт очдогийг харуулж, тэр дарамтыг даван гарах хэцүү болохыг харуулж байна. Дарамт учруулдаг, эргээд тэр нь сул тал болдог өөр нэг жишээг авч үзье.

Бүх багууд гарааны бүрэлдэхүүнээ тааварлаж хэн хэн гарах талаар хэлэлцүүлэг болдог. Англид ч ялгаагүй болохоос гадна гарааны бүрэлдэхүүндээ ач холбогдол их өгснөөр сэлгээний хүчийг илт сулруулдаг. Заавал гараанд гарсан тоглогчид эхний арван нэгэн номерийг авдаг уламжлал нь арван нэгээс дээш тоотой тоглогч орж ирвэл энэ сэлгээ юм чинь гэсэн хандлагыг төрүүлдэг. Герман, Испаниас сэлгээ орж ирвэл “энэ гараад юу хийх бол” гэдэг бол Английн сэлгээг “за энэ ч дээ” гэж хүлээж авах нь элбэг. Тиймээс Английн сэлгээ тоглолтыг өөрчилдөггүй, хүчгүй гол нь сэтгэлзүйгүй. Гараа, сэлгээ гэж хоёр хуваагдан 23 тоглогчтой багийн утга алдагдахад хүрдэг. Англид сэлгээнээс аврагч орж ирдэггүй, сэлгэх зориулалттай тоглогч л орж ирдэг.

Өөр нэг жишээ дурьдахад хамгийн сайн гэсэн тоглогчдоо талбайд гаргах дуртай. Од тоглогч сэлгээнд суусан нөхцөлд хэвлэл мэдээллээр дасгалжуулагчаа янз бүрээр хэлнэ. Тухайн од тоглогч тоглоогүй баг нь хожигдсон бол бүр ч их асуудал үүсэх учраас дасгалжуулагч эрсдэл, багийн тактикаа өөрийнхөөрөө шийдэхэд нь томоохон хүндрэл учирдаг. Ур чадвартай байж болно гэхдээ зүгээр л зөв гүйдэг ухаалаг тоглогч дэндүү хэрэгтэй. Английн дасгалжуулагчид Лампард, Жэррард, Паркэр гээд хагасуудаараа бөмбөгдөж өгдөг. Гэтэл Каррик, Барри гэх мэт тоглогчдын тоглолт дутагддаг. Барсад Бүскэтс, Ман Юнайтэдэд Каррик, Ман Ситид Барри, Реалд Хэдира, Чэлсид Микэл гээд гол тоглогчоо сайн тоглох хөшүүрэг болдог тоглогчид зайлшгүй хэрэгтэй. Гол тоглогчид багийг ерөнхийд нь удирддаг бол дээрх тоглогчид баг болох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Нэгэнт баг болоогүй бол хичнээн сайн удирдагч байгаад амжилт гаргахгүй. Каррик, Барри мэтийн тамирчид сайн зөвөлгөө, сайн тактикт орж тоглодог. Тэд хажуудаа лидертэй байвал илүү тоглож, тухайн лидер нь ч тоглолтоо хүссэнээр гаргадаг. Скоулз, Рүүни байхгүй бол Каррик Манчэстэр Юнайтэдийн төвийн бүсийг хангалттай авч явж чадахгүйг олон тоглолт харуулсан. Тэд сайн тактиктай нөхцөлд хэн гэдгээ харуулж, тактикаас гадуур тоглолт бараг хийдэггүй нь багийн зохион байгуулалтыг барьж байдаг. Жэррард, Лампард нар тактикыг зарим тохиолдолд өөрийн дураар эвддэг. Мэдээж ийм үйлдэл гарах ёстой ч, төвийн бүс ээлж дарааллан ингээд байвал тактик хэрэгжихгүй аюултай. Сайн дасгалжуулагч, сайн бүрэлдэхүүнээр биш, сайн тактикаар авч явдаг. 

Дараагийн асуудал бол харилцаа. Чэлсигээс явахын өмнө Дрогба хэлсэн: Хамгийн чухал зүйл бол харилцаа. Оюун санааны, сэтгэл санааны хүчирхэг байдал авьяас чадвараас илүү гарах нь бий” гэж.

Багт үүсэх харилцаа чухал. Торрэс муу тоглож байгааг бүгд мэднэ. Түүнд чадвар байгаа ч, харилцааны асуудал үүсчихсэн. Шигшээдээ сайн тоглодог, клубтээ муу байдаг тоглогчид мөн л харилцаа. Андрэ Виллаш Боаш, Кэнни Далглиш (бэлтгэл дээр аз жаргалтай инээж наргиж байгаа мэт боловч, илэрч гарсан бүхнээр харилцаа сайн гэж хэлж болохгүй) нар харилцааны байдлаас амжилт үзүүлээгүй болохоос ямар сайн мэнэжэр вэ гэдгээ хангалттай харуулсан. Сайн дасгалжуулагчид заримдаа бүтэлгүйтдэг нь харилцаанаас болдог. Амьдрал дээр ч гэсэн харилцаа муу болсон хүнтэйгээ хамт байх, юм хийхэд хүндрэлтэй байдаг шүү дээ. Яг л үүнтэй адил. Парагвай, Дани, Швед, Грек гэх мэт улсууд уламжлал, харилцаа гэдэг зүйлийг анхнаас нь сайн тавьсан учраас багийн нэгдмэл байдал тогтмол өндөр байдаг. Тэд нэгийн эсрэг нэг тоглохдоо тааруу ч, багаар бүлгээр тоглоод ирэхээрээ адил хэмжээнд яригддаг. Англид харилцааны асуудал тун хүнд. Шигшээ багт нь харилцааны үл ойлголцол тогтчихсон. Харилцаа нэг хүнээс хамаардаггүй учраас хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй болдог. Би ч гэсэн багт очоод дасгалжуулагч хийхэд анхны өдрийн харилцаа, багийн дотоод уур амьсгал ямар чухал болохыг сайн ойлгосон. Харилцаа муу бол хичнээн сайн тоглогчид байгаад амжилт үзүүлэхэд хүндрэлтэй.

Чадварын тухай нэг асуудал байгаа нь нэмэлт техникийн мэдрэмж давамгайлсан тоглогчид. Мэдрэмжээ илүү ашигладаг тоглогч Англид ховор. Голдуу хүч, хурдны тоглолт. Премьер Лиг нь өрсөлдөөнтэй байх гол шалтгаан үүнд байж болох. Бас хүндхэн гэмтлүүд Британий арал дээр их болдог. Англи тоглогчдын хууралтын арга барил мөн л хурд хүч. Валэнсиа шиг хурдтай ч, түүн дээр мэдрэмжээ нааж өгдөг тоглогч бараг байхгүй. Байсан ч чадвар дутуу. Валкотт, Лэннон, Райт-Филлипс, Милнэр нар хурдан болохоос мэдрэмжтэй биш. Тухайн улсын өсвөрийн сургалт үүнд нөлөөлдөг. Англид өсвөрийн хөлбөмбөгчид нас барах тохиолдол хамгийн өндөр байдаг нь үүнтэй холбоотой. Хурд, хүчний ачааллыг даахгүй, тэсэхгүй байх тохиолдол бий. Испани, Бразил, Аргентин бол илүү мэдрэмж. Хүчээр бүхнийг шийдэх гэж үздэггүй нь тэдний давуу тал. Англид хүчээр асуудлыг шийдэх нь элбэг учраас мэдрэмж хөгжих нөхцлийг багасгадаг. Хүчтэй (ялангуяа бөхчүүд) хүмүүс мэдрэмж муу байдаг. Английн гол тоглогчид хүртэл Жэррард, Рүүни, Лампард, Тэрри гээд хурд хүчний гайхамшигууд. Ийм шалтгаан нь болзошгүй үйлдэл хийдэг тоглогчдын хомсдолыг бий болгож Анлийн тоглолтыг ойлгомжтой болгосон. Дараагийн үйлдлүүд нь уншигдахад хялбар болохоор хамгаалаахад амар. Англи 2010 оны Дэлхийн аваргаар Алжир, Словенд алуулангаа алдсан. Англид хувь тоглогчийн тоглолт өөрчлөх чадвар сул бөгөөд багийн тоглолт болохгүй, тактик хэрэгжихгүй бол хувь тоглогчид тоглолтыг эргүүлэх хэрэгтэй болдог. Жэррард, Лампард, Рүүни нар үндсэн техникийн үйлдийг мундаг хийдэг болохоос нэмэлт техник ашигладаггүй. Нанигийн гоцлон, Валэнсиагийн хурд, Дрогбагийн ганцаарчилсан зоригтой үйлдэл, Силвагийн даралт, Мэсси, Роналду нарын чадвар тоглолтыг эргүүлдэг. Англид ийм тоглогчид сүүлийн жилүүдэд гарч байгаа ч ашиглах нь бага. Хувь тоглогчийн ганцаарчилсан чанар багт нөлөөлөх ёстой. Гэтэл ийм чадвар өндөр Адам Жонсонг хоёр дахь удаагаа үлдээлээ. Мэссиг хамгаалж чадахгүй байгаа нь хэн ч түүний дараагийн үйлдийг уншиж чаддаггүй. Роналду ч тэр. Тэгэхээр Англи тоглогчдын дараагийн үйлдэл уншигдахад хялбар болжээ. Тэд хурд хүчээр ааглахгүй бол гэнэтийн үйлдэлгүй болчихсон. Бусад сайн шигшээд хурдай, хүчтэй, мэдрэмжтэй гээд бүх төрлийн тоглогчид байдаг нь амжилтын нэг хэсэг нь болдог.

Энэ удаагийн Еврод орох багийн дасгалжуулагч Рой Ходжсон. Хамгаалалт, хурд, хүчийг илүүд үздэг мэргэжилтэн. Англи сайн хамгаална, гэхдээ довтолгоон дээр эргэлзэж байна. Ходжсон прэссинг буюу нэхэлтийг бараг хийдэггүй учраас Англи бөмбөг эзэмшилт ч тийм өндөр байхгүй болов уу! Украин сүүлд нэхэлт сайн хийдэг Германтай тоглохдоо сөрөг довтолгоог сайн бэлдэж 3-3-аар тэнцсэн. Учир нь томчууд ингэж тоглодог учраас Украин ийм үйлдэл хийсэн. Харин Англи нэхэлтийг хийхгүй. Капэлло, Эрикссон байхад ч хийдэггүй л байсан. Дээр нь Ходжсон бол клубийн арга барилд илүү тохирсон. Клуб удаан хугацааны төлөвлөгөөтэй, нэг тоглолтоос илүү улирлын бүх тоглолтоо тооцоолох хэрэг гардаг бол шигшээ багт өөр. Хурц, зоригтой, гэнэтийн шийдвэр багийг өөрчилж болдог. Цөөхөн тоглох учраас тоглолт бүр ач холбогдол өндөр. Нэг алдаа гаргасан бол залруулах боломж хомс. Нэг буруу сэлгээ, нэг буруу үйлдэл (улаан хуудас) тоглолтыг хааш нь ч эргүүлж мэднэ. Рүүни клубтээ хоёр тоглолт өнжвөл том асуудал биш бол шигшээд тэрнээс том зүйл үгүй.

Баруун хамгаалалтын хувьд гараанд тоглох Кайл Волкэр гэмтсэн нь том гарц. Дээр нь Глэн Жонсон эргэлзээтэй болж Фил Жонс үлдсэн. Хэрвээ Жонсон тоглохгүй нөхцөлд Майка Ричардсыг дуудаж гараанд тоглуулж магадгүй. Гэвч Ливэрпүүлийн Кэллиг дуудсан нь гайхмаар. Жонс бол баруун сэлгээ гэхээс илүү багт заавал байх ёстой тоглогч учраас Ходжсон авсан болов уу. Баруун, зүүн, төвийн хамгаалалт, хагас хамгаалалтанд тоглодог. Мөн улирлын турш жигд тоглосон Майкл Каррик шигшээд дуудагдсангүй. Нэмэлт тоглогчид дунд ч алга.

Магадлалтай гараа:

                                                         Жо Харт

Глэн Жонсон              Гари Кэйхилл                     Жон Тэрри               Эшли Коул


                                 Скотт Паркэр                    Фрэнк Лампард

Тео Валкотт                                                                                               Эшли Янг
                                                Стивэн Жэррард
 
                                                  Энди Каррол

Рүүний эхний хоёр тоглолт өнжих нь гарааны бүрэлдэхүүнийг 4-5-1 байрлалд хүргэж байна. Рүүни орж ирвэл өмнөх тоглолтуудаас хамаарч хэн суух нь шийдэгдэнэ. Каррол ч суухыг үгүйсгэхгүй. Ер нь бол нэг хагас хамгаалагч суучихвал байдал илүү гоё болж, сэлгээг ч чанаржуулна. Өмнөх жилүүдийг бодвол Английн жигүүрүүд илт сайжирч, хурдтай, чадварлаг, гоцлон тоглолт сайн хийдэг тоглогчид талбайд илүү харагдах нь. Паркэр шиг жинхэнэ хар ажилчин сүүлийн жилүүдэд байсангүй. “Мөнхийн” гэгдэх хаалгачийн байрлалыг Жо Харт нөхжээ. Дээр нь сэтгэлзүй өндөр, торгуулийн цохилт сайн хаадаг. Ийм бүрэлдэхүүн нэхэлт хийвэл илүү дээр боловч дасгалжуулагчийн арга барил нэхэлтийг чухалчилдаггүй. Бөмбөг их авч байж л сайн хүмүүсийн тоглолт илүү гарна. Каррол тоглох болсноор Алан Ширэр шиг агаарт давуу талыг үүсгэх үүсгэвэр болж стандардууд дээр Каррол, Тэрри, Кэйхилл (Ричардс орж ирэх боломжтой) нарыг зогсооход хэцүү. Арагш татсан хамгаалалтын эсрэг Англи тааруу. 2006 оны Тринидад Тобаго, Швед, Эквадор, 2010 оны АНУ, Словен, Алжир гээд. Аваргуудын Лигт Чэлси түрүүлсэн шиг хамгаалалт Английн эсрэг зогсох нь Швед, Украинаас (Украин, Герман дээр амжилттай туршсан) эхлээд ойлгомжтой. Ийм нөхцөлд жигүүрийн гоцлон тоглолтууд ус агаар мэт хэрэгтэй. Адам Жонсон бол ийм нөхцөлд хамгийн сайн зохицох тоглогч. Эсрэг багийн хамгалалтын гинжийг бут цохих магадлал Адам Жонсоноос гадна Эшли Янгд бий. Нани сайн тоглодог боловч Фэргюсон түүний олон жил сэлгээнээс тоглуулдаг нь Жонсоны арга барилтай төстэй. Арай гэж тактикаар тоглож байтал тэрийг дураараа өөрчилчихдөг. Тиймээс зөв үед өөрчлөлт хийлгэж сургах гэж сэлгээнд суулгаж байсан нь энэ улирлын Манчини Жонсонг талбайд бага гаргасантай адил. Тактикаас гадуур өөрчлөлт хийгээд тэр зөв болох тохиолдол бага. Удаан хугацааны төлөвлөгөөнд саад болох гээд байдаг. Харин шигшээд бол ийм тоглогчид хэрэгтэй. Бүр гол сэлгээнүүдийн нэг болдог.

Энэ удаа гэмтэл бэртэл Англид том аюул тарьж байна. Волкэр дээр Жонсон, Вэлбэк, Барри, Паркэр (Норвеги дээр тоглосон) нар эргэлзээтэй. Гурав дахь хаалгач Норвичийн Жон Радди хуруугаа гэмтээж, Биргинхэмийн Жэк Батланд орлоно.