Монголын Хөлбөмбөгийн холбоо II хэсэг
Миний бие хөлбөмбөгийн холбоог муулаад, доромжлоод байгаа юм биш. Үнэхээр хөлбөмбөгт хайртай, дуртай, сонирхолтой, тоглодогийн хувьд өөрийн эрхгүй харамсал төрсөн нь энэ.
Нэгдүгээр бүлгийг энд дарж уншина уу.
Миний бие хөлбөмбөгийн холбоог муулаад, доромжлоод байгаа юм биш. Үнэхээр хөлбөмбөгт хайртай, дуртай, сонирхолтой, тоглодогийн хувьд өөрийн эрхгүй харамсал төрсөн нь энэ.
Холбооны ерөнхийлөгч Р.Амаржаргалыг Монгол улсын ерөнхий сайд болоод улс орноо удирдаж байсан хүн гэдэгт би гайхдаг бас харамсдаг. Аугаа хүнийг жижиг хүнтэй яаж харьцаж байгаагаар нь таньдаг гэж үг бий. Улс удирдаад явахын хажууд бол энэ жижиг зүйл. Эсвэл Сталин шиг олонхын эрх ашгийн төлөө цөөнхийг нь “золигт” гаргав уу. Үгүй л болов уу, эхний жишээ их ойрхон тусна байх. Ерөнхий нарийн бичиг Б.Ганболдыг хөлбөмбөг шаггүй тоглочихдог, тамирчин хүн байсан нь мөн л гайхшрал төрүүлнэ. Яагаад тоглодог ганц спортоо хөгжихөд саад болон зогсоно вэ? Гольф түүний сэтгэлийг эзэмдчихэв үү? Тэгвэл сэтгэлээ өгдөг тэр спортоо л хөөсөн нь дээр байх. Монголд Хөлбөмбөгийн мөнгөөр гольф л хөгжөөд байна. Удахгүй Монголын Гольфын холбоог удирдаад эхэлвэл би лав гайхахгүй. Сэтгэлээс гадна боловсрол ч дутагдаж байгаа нь ч харагддаг. Жоохон боловсролтой бол тийм ч хэцүү зүйл биш. Гаднаас орж ирж байгаа мөнгийг зөв юманд нь зарцуулаад, сайн менежмент хийхэд л болоод явчихна. Яагаад гэвэл аваад явчих чадалтай залуус манайд зөндөө бий. Гол нь тэднийг нэгтгэж, зөв замд нь оруулах л үлдсэн.
Хөлбөмбөгөө, хөлбөмбөгийн холбооноос аваръя
Монголын Хөлбөмбөгийн холбоо Төрийн Бус Байгууллага гэсэн статустай. Гэхдээ бусад ТББ-гээс ялгаатай нь Монгол Улсыг төлөөлөн ОУХБХ-ы гишүүнчлэлтэй. Улсын нэрээр энэ ТББ-д тусламж дэмжлэг ирдэг. Тэгэхээр Монгол улсын нэр хүнд ч МХБХ-той хамааралтай болж байна. Монгол улсын иргэн хэн ч, улс орноо төлөөлөх эрхтэй ч улс орныг төлөөлөх чадваргүй бол ОУХБХ-ноос хасах дүрэм байдаг. 1997 онд Монголын хөлбөмбөгийн холбоо Ази болон ОУХБХ-д нэгдэх хүсэлтээ илгээж, нэгдэхэд бараг л бэлэн болоод байв. Шинэ бүтэц бүрэлдхүүн хэрэгтэй байсан учир хуучин удирдлагуудыг халж (нарийн бичиг н.Жамц) нээлттэй санал хураалт явуулах болжээ. Гадаадад төгссөн ганц мэргэжилтэн И.Отгонбаярыг шууд холбооны нарийн бичиг болгохыг хүн бүр дэмжиж байсан ч “Би дасгалжуулагч учраас, дасгалжуулагчаа л хийе” гэж хэлсэнээр сонгууль явуулах болсон юм гэнэлээ. Ингээд ардчилсан, шударга санал хураалтаар одооны удирлага сонгогдож Ази, ОУХБХ-д элсэх сайхан тохироо нь бүрдсэн үед гарч ирсэн. Гэтэл гарч ирсэнээсээ хойш тэд юуг өөрчлөв. Нөгөө шударга сонгууль нь дахин хэзээ ч явагдаагүй. Дахин хоёр удаа сонгууль боллоо, өөрийн талын хэдэн хүмүүс буюу хамт тоглож байсан хөгшчүүд л орно. Дарга нар нэг үг хэллээ бүгд босч алга ташаад яг л 90 оноос өмнөх үе санаанд бууна. Буцаад шааригдаж байна уу гэж бодогдмоор. 2006 онд сүүлийн сонгууль гэнэт зарлагдан, нууцаар болоход Үндэсний Лигийн аварга багийн дасгалжуулагч, шигшээ багийн тамирчид, лигийн бусад дасгалжуулагчид дууссаныхан дараа мэдлээ. Онц сайн гэсэн дүнтэйгээр (аяаяяа) сонгогдсон хүмүүс нь хуучнаараа. 2010 онд “шинэ” удирдлагыг сонгох сонгууль болно. Энэ байдлаараа байвал ахиад л бүх юм хуучнаараа явагдаж дөрвөн жил хөлбөмбөгчид хүлээнэ. Бид хүлээнэ.
Холбооныхон Монголд хөлбөмбөг хөгжчих вий дээ гэж айдаг юм шиг санагддаг. Ямарч мэдээлэл байхгүй. ТВ9-тэй хамтарсан гэх ч олигтой мэдээлэл байхгүй, адаглаад вэб сайт ч байхгүй шүү. Хөлбөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сонирхогчийн Хөлбөмбөгийн холбоо, Их талын Дуулиан ТББ байгууллагууд тэдний ажлыг өмнөөс нь хийж өгдөг гэхэд хилсдэхгүй. Дуулиан 2020 гэхээр хүүхэд бүр, хүн болгон л сонссон байх. Жил дамнан олон сарын турш болдог Монголын цорыг ганц тэмцээн. Үндэсний Лигт бэлдэж багууд 10-20 сая төгрөг зарцуулна. Харин түрүүлсэн баг 3 саяыг л авна. Ийм улаан цайм дээрэм гэж байх уу? Эдгээр хүмүүс хөлбөмбөгөө хөгжүүлэхийн тулд жилд ийм их мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг ч тэдний удирдлага энийг юман чинээ тоодоггүй. Тэгэхээр Монголын хөлбөмбөг сонирхогчдийнхоо нуруун дээрээс буугаагүй л байна. Сургалт семинар АХБХ, ОУХБХ-нөөс үргэлж ирдэг боловч шүүгч, дасгалжуулагчид нь яг л хэвэндээ. Германы залуучуудын шигшээ, Хятадын Мэргэжлийн лигийг байгуулахад гар бие оролцсон Клаус Шлапнэр багш ирэн сургалт сэминар зохион байгуулж шигшээ багийг дасгалжуулах санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Бас л сонин шүү.
Дэлхийд хоёр улсад хөлбөмбөгчдөө хэдэн жилээр торгох явдал түгээмэл байдаг нь Монгол, Вьетнам. Дундаж үзүүлэлт гаргавал манайх тун чиг өндөр хувьтай гарна. Ардчилсан нэртэй боловч үнэндээ ардчилаагүй Хойд Солонгост ийм хэрэг гарч байсан ч сүүлийн жилүүдэд чимээгүй болсон. Бид коммунист цөөхөн улсуудтай иймэрхүү мөр зэрэгцээ л явж байна. Манайд эрхээ хасуулсан 10 гаруй хөлбөмбөгчид байгаа нь шүүгчтэй хэрэлдсэн, цохьсон, хөлбөмбөгийн холбоог муулсан гэх шалтгаанаар дуртай спортоороо хичээллэж чадахгүйд хүрч, энэ жил Лигийн 8 дасгалжуулагчийн хоёр нь дасгалжуулах эрхээ 2-3 жилээр хасууллаа. Хөлбөмбөгчид холбоогоо шүүмжилж, санал оруулах бүр хориотой. Хэдэн жилээр эрхийг нь хасчина. Энэ ч утгаараа Үндэсний Лигийн тэмцээн мөнхийн хэрүүлтэй. 2009 оны Үндэсний Лигийн хаалтын үйл ажиллагааны дараа тамирчид, дасгалжуулагчид нь шүүгчийг аавтай нь хамт зодсон хэрэг гарсан. 2001 оны хүрэл медалийн Мон-Уран – Дархан багуудын тоглолтонд шүүгчээ зодоод аргагүй эрхэнд 2 багт 17 медалийг хувааж өгсөн,шигшээ багийн тамирчид нь эх орноо төлөөлж Олон Улсын тэмцээнд (2009 оны Зүүн Азийн Аваргын урдчилсан тоглолт) оролцож байхдаа хулгай хийгээд 3 жил тоглох эрхээ хасуулсан гээд 12 жил болоход юм юм л сонсогдлоо.
Хөлбөмбөгийг дэмжигч компаниуд ихсэж сая хэдхэн сарын дотор 3 хиймэл зүлгэн талбайтай болоход хөлбөмбөгчид нь “Одоо ашгүй холбооны талбайг гуйхааргүй боллоо” гэж баярлацагаана. Тэгэхээр хөлбөмбөгчид, Хөлбөмбөгийн холбоо гэж тусдаа байж таараад байх нь... Эцэст нь хэлэхэд шигшээ баг маань 2 жилд ганцхан тоглолт хийж байна. Өмнөд Солонгосын шашны шугамаар ирсэн багийг эс тооцвол чанараа дээшлүүлэх нөхөрсөг тоглолт хийгээгүй. 1960 оны үед хойд урдаас багууд хүрэлцэн ирж, Монголчууд шигшээ багийнхаа тоглолтыг догдлон үздэг байсан. Тэр үед манай шигшээ Хятад, Ардчилсан Солонгос, Чита, Буриад, бүр Унгарын багуудтай нөхөрсөг тоглолт хийж цэнгэлдэх дүүрэн балиашиг МОНГОЛ МОНГОЛ гэж хашгираад л. Бидний муулдаг коммунизмийн үед тэгдэг байж. Одоо 21 зуун. Бид 1960 оныхонд ялагдах гэжүү?