УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгууль болоход яг сарын хугацаа үлдээд байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хууль кампанит ажлын хугацааг урьд өмнөх хуулиудыг бодвол харьцангуй шахсан. Сурталчилгаа нэр дэвшигч СЕХ-нд бүртгүүлж, үнэмлэхээ авснаар буюу ирэх сарын 6-наас эхлэх юм. 26-наас 27-нд шилжих шөнийн 00:00 цагаас өмнө дуусахаар тогтоосон хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа уртаашаа 21 хоног үргэлжилнэ. Урьд өмнөх хуулиудаар бол өдийд ид оволзож байдагсан. Харьцангуй орой эхэлж, богино хугацаанд дуусгахаар хуульчилсан нь ажлаа аль хэдийнэ эхэлчихсэн сонгуулийн технологичдыг байж ядахад хүргэж байж мэдэх юм. Хуулийн хугацааг хүлээж, дүлэгнэсэн байдал тэдний тэсвэрийг алдагдуулж, “УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн сонгуулийн нууц төлөвлөгөө” гаргах, “С.Ганбаатарт зориулсан хар ном” бэлтгэн хэвлэх гэх мэт хорон ажиллагаа бодож олж, зугаагаа гаргахад хүргэсэн байхыг үгүйсгэхгүй.

Цаг хугацааг ийм байдлаар оройтуулж, давчдуулах нь тойргоо товлохоос эхлээд олон асуудалд улс төрчдийг ч, пиарчдыг нь ч дэгээ, отооны арга ажиллагаа, хорлох, түлхэх далд муу санаа бодол руу хутгах сөрөг үр дагавартай нь анзаарагдаж байна. Бүр өнгөрсөн жилээс эхэлсэн аймгийн Засаг дарга нарыг авилгын хэрэгт золих зохион байгуулалттай гэмээр операцийн уг шалтгаан нь тойрог булаалдсан тэмцэлдээн гэж дүгнэхэд хилс ташаа болохгүй. АТГ руу жим таттал гүйдэлтэй болцгоосон Архангай, Говь-Алтай, Увс, Дорнод, Өвөрхангай, Орхон, Говьсүмбэр, Ховд, Хөвсгөл, Сэлэнгийн Засаг дарга нарын зарим нь аймагтаа нэр дэвших эрхээ авч дөнгөв. Гэвч өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн шөнө дундалж тодорсон нэр дэвшигчдийн зарим нь маргааш нь л “ачигдаж” эхэлснээс үзвэл бүртгэл, шийдвэрээ гүйцэтгээд СЕХ-ноос нэр дэвшигчдийг албан ёсоор зарлахаас нааш энэ тэмцэл дуусахгүй нь бололтой. Харин тэр цагт өөр тэмцэл эхэлнэ.

Багагүй шалгуур, мөнгө сангийн босго давж тус тусын намаас нэр дэвшиж байгаа улс төрчид СЕХ болон тойргийнхоо хороонд бүртгүүлж үнэмлэхээ автал бас ч зай байна. Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг бүрдүүлж 29-ны дотор өгөх ёстой. СЕХ тэдгээрийг нь үзэж, нягталж бас долоо хононо. Энэ хугацаанд нэр дэвшигчдийн жагсаалтууд хэр өөрчлөгдөхийг урьдчилан хэлэхэд түвэгтэй. Зонхилогч намуудын нэр дэвшүүлсэн байдал, гаргасан жагсаалтыг олон нийт янз бүрээр ажиж, шинжиж байна. Хамгийн сондгой шийдэл нь Э.Бат-Үүл, Д.Энхбат, С.Баяр, С.Ламбаа нарынх. Улсын баатар эрэмбэ уруудан, НИТХ-д жагсаалтаар нэр дэвшигчдийг тэргүүлж байгаа бол МАН-ын 15-ыг хотын дарга Г.Мөнхбаяр магнайлан, зүүн жигүүрт нь өрж зогсоо. Э.Бат-Үүлд өөр бодол байгаа, харин Д.Энхбатад ямар бодол байгаа бол? ИЗНН-ын гурван даргын нэг түүний санаанд УИХ-ын сонгуульд намынхаа нэрээр оролцох 28 нэр дэвшигчийн жагсаалтад өөрт нь оногдсон дараалал нийцээгүй гэсэн мэдээ тархсан. Канад нэгэнд зодуулсан гэсэн бор шувуу нисгэчихээд гадаад явчихсан С.Баярын хувьд хойтонгийн сонгуульд биеэ бэлдэж байгаа тухай эртнээс тархсан шумыг УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй нь баталж байна гэх таамагт үнэний хувь байж мэднэ. Д.Энхбатад ч тийм төлөвлөгөө бий гэлцэнэ. Харин Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа намын журамт нөхөр Да.Ганболдод боломж олгож, Сонгинохайрхан дүүргийн мандатаа өглөө. Олны танил улс төрч эрхмүүдийн зангараг, хүн чанар танигдаж харагдсан үйл явдлуудын олон өрнөл дунд Т.Бадамжунай, Ш.Сайхансамбуу, Батж.Батбаяр, Р.Раш, Байгаль, орчны сайд Д.Цогтбаатар зэрэг олон хүн гоц мөргөж, тойроггүй хоцорлоо. Хэн хэнд нь хэлэх тайлбар бий л байх.

Пропорциональ өрсөлдөөний 28 суудалд жагсаалтаар өрсөлдөгчдийг нам, эвслээр нь шинжвэл МАН-ын нэр дэвшигчид илүүтэй жин дарж байна. Харьцангуй олонд танигдсан, нэр нөлөөтэй эрхмүүдийг жагсаалтад бүхэлд нь тун жигд тарааж байрлуулсан төдийгүй 27 дугаарт УИХ-ын гишүүн эрэмбэлэгдсэн нь ч анхаарал татна. Гэхдээ, авсан саналынхаа хувиар жагсаалтын эхнээс шигшигдэнэ гэж тооцвол нэг нам бараг 40 хувийн санал авч байж эхний 10 хүнээ парламентад аваачих боломжтой. Гол намууд болох МАН, АН-ын урьд өмнөх сонгуулиудад авч байсан саналын хувийг дундажлаж багцаалдаад, 45 хувийн санал авлаа гэхэд 12 хүн гишүүн болно. ИЗНН, МАХН-МҮАН-ын эвсэл зэрэг хүчтэй гурав дахь хүчнүүдтэй энэ удаагийн сонгуулиар гол намуудын авах саналын хувь ийм өндөр хэмжээнд хүрэхгүй л болов уу. Жагсаалтын эхний 10-т багтагсдын дунд л пропорциональ өрсөлдөөн явагдана гэсэн тооцоо хийж, ийм байдлаар сонгогчид санал өгнө гэж үзвэл АН-ын жагсаалтын эхний 10 жин дарчихаж тун болзошгүй. Өрсөлдөөний энэ хэсэгт жижиг нам, эвслүүд барагтай харагдаж байна. Дор хаяж таван хувийн санал авах, эхний нэг, хоёр нэр дэвшигчээ түлхэх оролдлогоор хийгдсэн сулхан жагсаалт харин ч сонгогчдыг түлхэж мэдэхээр гарчээ. Нам доторх өрсөлдөөн нь ч ердөө нэг, хоёр дарааллын төлөө явагдсан болохоор хойшхи нэрсийн жагсаалтдаа онцгой анхаарал тавиагүй бололтой. Гэтэл сонгогч Н.Энхбаярын ч юм уу, С.Оюуны төлөө санал өгөхгүй, жагсаалтыг бүхэлд нь харж санал өгнө гэдгийг марафоныхоо үеэр тэд таг мартжээ. Энэ мартагнал нь тэдний хэн хэнийг парламентын гадуур чулуудчихаж ч мэднэ.

Харин 26 тойргийн 48 мандат дээр өрсөлдөх мажоритар өрсөлдөөний талбарт гол намууд мөн л хүч тэнцүү харагдаж байна. Хамгийн ширүүн өрсөлдөөнтэй 1, 10, 13, 20, 22, 23, 26 дугаар тойргуудад эрх баригч намынхан ихээхэн эргэлзээтэй байгаа бол 4, 5, 7, 14, 18, 19, 24, 25 дугаар тойргуудыг АН-ынхан тавиад туучихаж мэдэхээр байна. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлсэн эвслийн нэр дэвшигчдээс Н.Удвал Архангайд, Б.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт тус тус тасархай яваа гэсэн “бор шувуунууд” нисэлдэж байгаа. Нэр дэвшигчдийн тухай яриа хөөрөө идэвхтэй өрнөхөөс ч өмнөөс дэгдсэн эдгээр мэссэж гуравдахь хүчнүүдэд улс төрийн орон зай бий болгох нийгмийн эрэлттэй хоршиэ байлаа. Харин ачир дээрээ ямар үр дүн үзүүлэхийг чухамхүү “тэр өдрийн тэнгэр” мэдэх биз.

Өнгөрсөн сард Сант марал төвөөс гаргасан тандалт судалгаагаар хамгийн өндөр рейтингтэй яваа улс төрчөөр МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар шалгарсан. Тэр Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж байгаа. Сангийн сайд Д.Хаянхярваа, Хууль зүйн Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, МҮАН-ын дарга М.Энхсайхан гэх мэт хүчтэй өрсөлдөгчид шавж тулсан энэ тойрогт ёстой л “гал авалцсан” өрсөлдөөн болох төлөвтэй байна. Өмнөх сонгуулиар хамгийн олон санал авч УИХ-ын гишүүн болсон З.Алтай тэр үед бие даагч байсан бол энэ сонгуульд ИЗНН-аас нэр дэвшлээ. Түүний тойрог болох Баянзүрх дүүрэгт Оюутолгойн гэрээг эрс эцэргүүцдэг “Бридж”-ийн Д.Ганхуяг, МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн О.Чулуунбат, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга асан Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Арвин, дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар гээд олон луугарууд өрчихсөн. Мөн л ширүүн өрсөлдөөн болно. Хэнтий аймагт ИЗНН-аас экс Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч С.Жаргал тоосоо өргөхөөр болсон нь ч гол хоёр намын нэр дэвшигчдийн хувьд хатуухан боорцог байх вий. МАХН-МҮАН-ын эвслээс Өвөрхангай, Увс, Өмнөговь аймгууд, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй гавъяат тамирчин З.Ойдов, гавъяат дуучин С.Жавхлан, эмч Аварзэд, АНАТХ-ий тэргүүн Г.Уянга нар өрсөлдөгчдөө чамгүй хазайлгаж мэднэ. Өмнөговьд гол намуудаас уурхайчдыг сойсон нь оночийн хувьд төдий л мэргэн болсонгүй. Энэ сонгуулийн ерөнхий үзэл санаа байгалийн баялгийн тэгш, хүртээмтэй хуваарилалт, газар нутгийн бүрэн бүтэн байдал, экологийн доройтлыг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн нөхцөл шалтгааныг хангах гэх мэт амин чухал асуудлууд руу чиглэгдэх төлөв гарч буй. Ийм төлөв дотор уурхайчдаас илүүтэй эмч хүн сонгогчдын олонхийн дэмжлэг хүлээх магадлал бий. Гэхдээ л нам, эвслүүд, нэр дэвшигчид өөрсдөө ямар тактик бодлогоор ажиллахаас сонгуулийн дүн шалтгаалах нь мэдээж.

Залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжиж нэр дэвшигчдийн тоонд түлхүү оруулсан тухайгаа МАН, АН-ын аль аль нь ярьж, бичицгээж байгаа. Ингэхдээ мажоритар тойргуудын аль хүнд хэцүү хэсгүүд болон пропорциональ жагсаалтын сүүл рүү голдуу байрлуулсныг дэмжлэг гэхэд тийм ч оновчтой биш. Ялангуяа тойргуудад энэ хоёр намын эмэгтэй нэр дэвшигчдээс ялж гарах магадлал тун муу. Харин жагсаалтаар өрсөлдөж байгаа нэр дэвшигчид дотроос Р.Бурмаа, Д.Сарангэрэл, М.Батчимэг нарт горьдлого бий. Хэрэв МАН, АН хоёр тус бүр нийт сонгогчдын дор хаяж 36 хувийн санал авч чадахгүй бол Д.Сарангэрэл, М.Батчимэг нар урдуураа таслуулна. АН-ын цуглуулах саналын хувь 25 хүрэхгүй бол Р.Бурмаа ч “будаа” болно. Хамгийн гол нь энэ сонгуульд сөрөг хүчнүүдийн байр суурь өрнөлттэй байж, тэд хүчтэй өрсөлдөгчид байх болно.