Хамгийн консерватив лалыг эндээс мэдэрнэ
Ойрхи Дорнод судлалын сэдэвт онгон дагшин түүхэн газруудын тухай танилцуулгаа энэ удаа Мекка, Мединагийн эх орон руу чиглүүлье.
Ойрхи Дорнод судлалын сэдэвт онгон дагшин түүхэн газруудын тухай танилцуулгаа энэ удаа Мекка, Мединагийн эх орон руу чиглүүлье.“Саудын Араб” гэхлээр манай монголчууд хэр мэдлэг, мэдээлэлтэй билээ. Хоёр талын харилцаа гэж огтоос байхгүй, алба амины зочин төлөөлөгч бараг солилцож байгаагүй, 2007 онд дипломат харилцаа тогтоосноос өөрөөр бичигдэх түүхгүй харилцааг эхлүүлэхээр би тэр оронд хөл тавилаа.
Рияд хотод үүр хаяарч, алст наран мандаж буй зураг. Газар зүйн нэр томъёоны дотор Эр-Рияд (англиар Riyadh–утгачилбал, цэцэрлэг гэсэн үг) гэж арабаараа тэмдэглэгдсэн байдаг, манайхан тэр нэрээр энэ хотыг мэднэ. Араб загварын, газрын хөрстэйгээ адилхан нэг загварын байшингууд дунд хэт ялгарах хоёрхон өндөр цамхаг бүхий энэ хотын өглөөний зургийг би онгоцны гэгээвчнээс ингэж буулгалаа. Энэ хоёр өндөр цамхган байшин бол энэ орны нэрийн хуудас.
Газраас тэр цамхган өндөр байшинг ингэж татлаа. 2002 онд баригдаж дууссан Kingdom Centre буюу Kingdom Tower (утгачилбал Вант улсын цамхаг) гэх байшин. Саудын Арабын хамгийн өндөр байшин. Орчин үеийн оффис, худалдааны төв, олон улсын өдий төдий ресторан, орон сууц, мечеть, мөн “Four Seasons” хэмээх зургаан одтой зочид буудал энэ дотор бий. Хунтайж Алвалеед Бин Талал Алсаудын бариулсан, түүний эзэмшлийн нэг гол байшин. Тэрээр энэ улсыг үндэслэгч эзэн хаан Саудын ач хүү, Ливаны анхны Ерөнхий сайдын зээ хүү ажээ.
Ер нь судлаад үзэхнээ надаас өмнө (бүр гэр бүлээрээ) тус улсад зорчоод, тэгээд бүр Цог жавхлант Ванд нь бараалхсан албаны монгол хүн нэгээхэн ч байхгүй юм билээ. Тэр утгаар авч яривал тус улсад Монголоос гэр бүлээрээ зорчсон анхны тохиолдол нь бид болов уу. Миний отгон хүү ч Саудын Арабт хөл тавьсан анхны монгол хүүхэд болж таарна.
Нөгөө айхтар өндөр суваргын орой дээрээс доошоо харвал ингэж харагдана. Энэ бол байшигийн 100 дахь давхраас авсан зураг. Тэр цэнхэр шилэн байшингийн дундуур хүзүүний зүүлт хэлбэртэй онгорхой зай байгаагийн хоёр оройг хооронд нь шилэн хонгилоор холбосон байдгийн яг дунд миний хүү зогсч байгаа юм. Өндөр нь 302.3 метр (тэднийхээр 992 фут).
Дэлхий дээрх лалын хамгийн консерватив орон гэдгийг өмнө нь уншиж, сонсч явснаас бус биетээрээ ингэж мэдрэх тухайд төсөөлөлгүй явжээ. Манайхан Мекка, Медина гэдэг хоёр газрын тухай бишгүй нэг сонсч мэдсэн байдаг ч тэр нь тэр орны тухай мэдээллийг бүрэн орлож чадахгүй юм байна. Мекка бол Коран сударт өгүүлснээр дэлхий дээрх лалын хамгийн анхны, хамгийн ариун дагшин хот. Энэ хотод их зөнч Мухаммед нь Коран судраа тэрлэжээ. Мединад нь Мохаммед нь ясаа тавьжээ. Мекка, Мединад лал бус хүн очих хориотой.
Алвалеедийн 100 давхар шилэн цамхгийг нөгөө нэг өндрийн оройгоос ингэж тольдлоо. Нөгөө өндөр гэдэг нь ёолкны мод хэлбэртэй арай намхан шилэн цамхаг. Аль-Файсалиахтөв (Al Faisaliyah Center), 2000 онд баригдаж дууссан. Мөн л дэлхийн алдартай шилдэг брэндүүдийн олон дэлгүүр, зоогийн газар бүхий өндөр байшин байна лээ. Өндөр тэр цамхган байшин 44 давхартай, 44 дүгээр давхрын дээд талд ил задгай зассан тусгай талбайгаас энэ зургийг нар шингэхийн өмнө авсан юм.
Энэхүү 100 давхар шилэн цамхгийг 400 сая ам.долларын зардлаар италичуудтай хамтран босгосон, гурван жил барьсан гэж байна. Хунтайж Алвалеед Алсаудын толгойлдог Kingdom Holding Company гэх компани энэ өндөр суваргын нэгээхэн хэсэгт байрладаг аж.
Нийслэлийн ерөнхий өнгө төрх иймэрхүү харагдаж байна. Шашны туризм гэдгээр бол лалын шашинтан хэн ч байсан гэр бүлээрээ, багаараа, ганцаараа очиж “Хаж” болж Меккад зочлох эрхтэй. Өөрөөр энэ хотод гадаадын иргэд олноороо очдоггүй бололтой. Очоод явах гишгэх газар нь хязгаартай. Ер нь аялал жуулчлалын тухай анхны ойлголт ч алга гэхээр юм. Адаглаад гадаадынханд зориулсан бэлэг дурсгалын дэлгүүр, зах гэж алга. Бэлэг дурсгалын гар үйлдвэр урлал огтоос хөгжөөгүй бололтой. Аялал жуулчлалын талаарх анхны ойлголт байтугай гадаад ертөнцийн тухай наад захын мэдлэг, мэдээлэл тэндхийн нийгэмд хязгаартай байдаг бололтой юм билээ.
Нөгөө Аль-Файсалиах төв (Al Faisaliyah Center) миний дуранд ингэж буулаа. Саудын Арабын нийслэлийн бизнесийн нэг гол дүүрэгт энэ шилэн цамхаг байрлах ба тэр оройных нь бөөрөнхий бөмбөлгийг алтаар бүржээ. Тэр бөмбөлөг дотор айхтар тансаг зоогийн газар бий. Энэ шовгор суваргыг англичууд санааг нь гаргаж, уран барилгынх нь зураг эскизийг хийж өгсөн гэв.
Тэр хоёр өндөр суваргаас өөрөөр бол Саудын Арабын төрийн яамд, албан газрууд нэг жигдийн, бие биенээсээ онцын ялгарахгүй иймэрхүү загвартай. Тэр миний цаана ногоон далбаа мандуулсан цайз аятай шаргал намхан байшин бол тус улсын ГХЯ нь. Итгэмжлэх жуух бичиг барихын өмнөх бэлтгэл ажил, барьсны дараах ажлын уулзалт гээд би энэ байшинг гайгүй сайн элээсэн. Тэгээд ч ГХЯ-ны яг өөдөөс харсан “Риядын хурлын ордон” гэх буудалд бид байрлаж байлаа.
Бидний буусан “Риядын хурлын ордон” гэх зургаан одтой зочдын буудлын өмнөх фонтан энэ байна. Миний ойлгосноор Inter Continental буудлыг “Хурлын ордон” гэж даруухнаар нэрлээд Вангийн болон Засгийн газрын хүндэт зочдыг энд буулгаж байдаг юм болов уу. Зочид буудлын хүндэт зочдын цомог тэр чигтээ төр, засгийн тэргүүний зургаар дүүрсэн байна лээ.
Миний хүүгийн цаана зочид буудлын давхрууд харагдаж байгаа юм. Шарлаад байгаа нь шар буудгаар будчихсан, шар гэрлээр гэрэлтүүлчихсэн гэсэн үг биш. Төмөр хийц орсон шатны бариул, хүрээ, чимэглэлийг тэр чигт нь алтадчихсан байгаа нь тэр юм. Алтан ордонд бид гурав тансаглаж байнаа гэсэн үг.
Намайг Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулахаар харшид нь очиход Монгол Улсын анхны Элчин сайд хэмээн Гадаад хэргийн сайд Ханхүү Сауд Бин Файсал Бин Абдулазиз Аль-Сауд халуун дотноор угтан авав. Эрхэм дээд Ханхүү ГХЯ-ндаа конторлодоггүй, тэгээд ч үдийн мөргөл эхлээд яам хаалттай тул харшид нь шууд очлоо. Түрүүн дээр үзүүлээд байсан Аль-Файсалиах төв гэдэг нь түүний эцэг Файсал хааны дурсгалд зориулж босгосон шилэн суварга юм.
Зорьж очсон, хүсэн хүлээсэн мөч маань ирлээ. Эрхт улсаа төлөөлсөн анхны Элчин сайд би бээр Итгэмжлэх жуух бичгээ Эзэн хаанд нь өргөн барихаар энэ машинаар Вангийн "Эл Ямама палаас" ордныг чиглэн хөдөллөө. Эртний үлгэр туульст гардаг Хааны ордон л ийм байдаг болов уу гэмээр тэр лут харшид энэ орны нийгэм-улс төрийн амьдрал тэр чигтээ буцалж байх аж.
Намайг 13.30 цагийн үед очиход Цог жавхлант Вангийн торгон цэрэг, Саудын Арабын гурван замын цэргийн болон аюулаас хамгаалах хүчний нэгдсэн хүндэт харуул жагсан их л сүрлэг угтлаа. Хүндэт харуулын дарга командаар сэлэмт ёслол үйлдсэний дараа надад рапорт өгөв. Би Вангийн нэгдсэн хүндэт харуулын өмнүүр аажуухан алхсаар (миний баруун гар талд торгон цэргийн ахмад нь хамт явсан) ордон руу эргэв. Энэ зургийг тэр оройдоо Саудын Арабын ТВ-ийн мэдээллийн нэвтрүүлгээс татаж авлаа. Учир нь торгон цэргийн өмнүүр яваа зургийг тэдний тал надад өгөөгүй өнгөрсөн юм.
Энэ бол Саудын Арабын Хааны ордны сайт, ГХЯ-ных нь сайт дээр тавигдсан албаны зураг. Би Цог жавхлант Ван руу очиж гар бариад гэдрэг хоёр алхам ухраад номхон зогсоод Вангийн нүд рүү эгцлэн харж, чанга дуугаар ёслолын чанартай үгсээ англиар хэлээд Итгэмжлэх жуух бичгэ эдугтуйнаас нь гаргалгүй үл ялиг тонгойсхийн гардууллаа. Цог жавхлант Ван Итгэмжлэх жуух бичгийг маань хүлээн аваад баярлалаа гээд, баяр хүргэж үг хэллээ. Саудын Арабт ёслолын дэг жаяг нь ихээхэн хүндэтгэлтэй, гэхдээ бага зэрэг өвөрмөц аж. Наад зах нь Ванг авгайлах ёсон хүртэл дэлхийн жишгээс өөр юм. Тэрээр Саудын Арабын Ван, Ерөнхий сайд гэсэн албан тушаалтай боловч түүнийг Лалын ариун дагшин хоёр сүмийг хамгаалагч (Custodian of the Two Holy Mosques) гэж заавал нэрлэх ёстой юм билээ.
****