Уул уурхайн цаана бөөн мөнгө харагдаж байгааг би үгүйсгэхгүй. Гэхдээ нийтээрээ тийшээ хушуураад хөөрцөглөөд байх нь арай эрт юм. Яг нарийндаа гарт баригдаад хийгээд байгаа үйлдвэрлэл бизнес гэж байхгvй, экспорт нь дан валют болж үрждэг ажил үйлчилгээ ирээдүй цаг дээр байгаа.

Ийм нөхцөлд Орос-Хятадын завсарт, бүр тодорхой яривал Дорнод Сибирь-Умард Хятадын хооронд манай банкууд "Offshore bank", эсвэл манай хилийн бүс нь "Tax heaven" болж болох нэг гарц харагдаж байж болно. Чухам тийм гарцыг олж харж бий болгочиxоод үр дүнг нь олон арван жил хүртэж суугаа дэлхийн хамгийн баян улс гэж байх юмаа.

Лихтенштейн хэмээх тэр улсыг монголчууд төдийлөн мэдэхгүй, газрын зургаас ч олж зааж чадахгvй. Боловсролтой, дэндүү хэрсүү, цэгцтэй, чанга 35.8 мянгахан хүн Төв Европын зүрхэнд Австри, Швейцарь гэх хоёрхон хөршийн завсарт байна. Бид Лихтенштейний хүн ард хэрхэн баяжих овсгоо гаргаж, ухаан сийлснээс нь суралцахад яагаад болохгүй гэж?

Эд яаж баяжив гэхлээр хамгийн бага татвараараа гадаадын компаниудыг даллан дуудаж чадсан, тиймдээ ч офшорын бүс (зон) гэж алдаршсан, дэлхийд офшороор бизнес хийдэг нь Сан-Марино, Эмират, Монако, Мальта, Андорра гээд дандаа жижиг улсууд, цаашаа нэг их олонгүй. Лихтенштейнд нэг хүн жилдээ хичнээн ам.долларын орлого олдог вэ гэдгийг тодруулах гээд би ертөнцийн олон сайтыг ухлаа. Wikipedia хэмээх нэвтэрхий лавлахаас үзвэл, 2009 оны байдлаар ДНБ нь 3872 тэрбум ам.доллар болж, нэг хүн амд хувааж үзвэл 134 045 ам. доллар буюу дэлхийд 1-рт явж байх аж. Юу нөгөө газрын тосондоо хахаж цацсан Булангийн орнууд вэ – Лихтенштейний дэргэд гуравны нэгд нь ч хүрэхгүй байна.



Хэрэв бид 160 кв.км.нутагтай, 35.8 мянгахан хүн амтай, Улаанбаатар нийслэл нь 5000 хүн амтай байсансан бол яах бол гээд Та төсөөлөөд үз дээ. Юун дэлхийн эдийн засагт байраа эзлэх, хөгжил дэвшил манатай, шууд сэтгэлээр унаад үхчихмээр. Үнэхээр жижгийн жижиг улс гэвэл ийм л улсыг нэрлэх байх. Эдний дэргэд бид чинь ёстой их гүрэн байхгvй юу, хэрэв хийж бүтээж чаддагсан бол!

Монгол, Лихтенштейний хооронд 1998 онд дипломат харилцаа тогтоосон, 2002 онд Н.Багабанди айлчилсан гэснээс цааш энэ улсыг судалсан мэдсэн, эдийн засгийн хөгжлийн нууцыг нь тайлбарлах хүн үгүй тул би зориглон бичлээ.

Энэ бяцхан улс банкны элдэв махинацаар их алдартай. Бvр дэлхийн II дайны vед төвийг сахиснаараа нацистуудын дээрэмдэж олсон алт эрдэнэс, мөнгийг банкиндаа хадгалж үлдсэн ба нацистын бөөнөөр хорих газраас ажиллах хүчнийг үнэгvй авч хамаг ажлаа хийлгэсэн, нэгэнтээ банкиндаа байршсан бэлэн мөнгөтэй (улсын орлогын гуравны нэг банкны үйлчилгээнээс) тул түүнээ "чулуу болгох" талаар ард иргэд нь язганатлаа хөдөлмөрлөж, баялаг хангалуун амьдралын үзүүлэлтээр дэлхийд хошуучлах хэмжээнд яваа. Мөн Офшор улс болж дэлхийд жүжиглээд айхтар хөлжсөн юм байна.

Офшор гэснээс манайханд төдийлөн танил биш. Би анхлан бичигчийн нэг байж магад. "Offshore company", "Offshore investment", "Offshore fund", "Offshore bank", "Offshore construction" гэх мэтээр олон улсын эдийн засгийн ухаанд олон ойлголт бий бөгөөд эдийн засгийн илүү үр ашигтай үйл ажиллагаа явуулах, хэмнэлт хийх, мөн татвараас зайлсхийх ("Tax heaven" буюу "Татварын диваажин" гэх хоч нэр ч бий) зорилгоор offshore-ын үйл ажиллагааг жишээ нь дээрх нэр бүхий хэсэг улс явуулдаг. "Татварын диваажин" гэхлээр маш бага татвар хураадаг, эсвэл огт татвар төлдөггүй хууль зүйн зохицуулалт үйлчилдэг. Гаднын өөр улсын иргэн тэрхүү "Татварын диваажин" буюу офшорт компаниа бүртгүүлж, өөр газар олсон орлогоо офшорт шилжүүлж татвараас зайлсхийх арга түгээмэл.

Жишээ нь, Нидерландын "PHILIPS" -ын төв компани Карибийн тэнгисийн нэгэн офшор арал дээр бүртгэлтэй байсан ба ингэснээр тус корпораци ихээхэн хэмжээний татвар төлдөггүй байсан түүх саяхных юм. Ийм жижигхэн хэрнээ (35 мянга нэг зуун хvн) дэлхийн хэмжээний хүчирхэг гүрэнтэй ана мана үзэлцээд, хамаг мөнгийг нь ховх сорчих шахаад буй нэгэн баримтыг энд би ихэд олзуурхав. Герман ба Лихтенштейний хооронд заяатай л дайн дэгдвэл заан, шоргоолжны үлгэр болох нь гарцаагvй. Гэвч цаадуул нь жижгээ үл голон германчуудын амин чухал судсыг нэг удаа атгаад авсан. Германдаа татвараас зугтаасан бизнесчид (1000 гаруй хvн) орлогоо нуун Лихтенштейний банкинд аваачиж хадгалуулаад байх нь Германы санхүүд гэнэтийн цохилт болжээ. Герман нь татвараас жилдээ 30 тэрбум орчим евро олдог байтал нэг мэдэхнээ 8 тэрбум еврог татвараас зайлсхийгчид нь энэ бяцхан улсын банкинд аваачаад байршуулчихаж.

Ингээд маргаан дэгдэх нь тэр. Deutsche Post хэмээх шуудангийн захирал нэг сая еврог Лихтенштейний нэг банкинд сэмхэн хадгалуулсан хэргээр эрүү үүсгүүлжээ. Германы прокурорын газар, Холбооны тагнуулын алба нь Лихтенштейний санхүүгийн нууцыг тайлах гэж тэр үед махаа идэж байлаа. Лихтенштейнийн банкны тогтолцоо маш нууцлаг байгааг ил болгохыг хатагтай Ангела Меркель өөрөө хүртэл шаардаж амаа бузарласан. Хэрэв банкныхаа нууцыг үл дэлгэж гэмээж нь Лихтенштейнийг Европоос шахаж, ганцаардуулна гэх хүртлээ заналхийлж байв.



Лихтенштейний LGT хэмээх банкны хадгаламж эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг Германы тагнуулынхан олж авснаар, эндхийн офшорын бүсээр дамжин татвараас зайлсхийсэн гадаадын иргэд дэлхийд ил болжээ. Лихтенштейний дансанд ганц Герман бус Швед, АНУ, Британи, Франц, Итали, Испани, Норвеги, Финланд, Дани, Канад, Австрали, Шинэ Зеландын толгой баячууд мөнгөө байршуулчихсан байж. Нэрсийн жагсаалтыг зарим орны татварын албад худалдан авч мөрдөн шалгасан. Энэ нь ч бас нэг төрлийн бизнес юм байна. Жишээ нь, Лихтенштейний LGT банкнаас иргэдийнхээ нуун дарагдуулсан мөнгөний дvнг олж авахын тулд Их Британи улс 100 мянган фунт стерлинг төлсөн мэдээ бий.

Татвараас зайлсхийгчдэд том боломж олгодог Лихтенштейний банкны тогтолцоо нь Альпийн уулсын буйд оршин буй 35 мянгахан хүн ардыг хэдийнэ алдаршуулан дэлхий дахинаараа тийшээ анхаарал хандуулаад байна. Лихтенштейний араас Монако, Андорра гэхчлэн офшорын улсууд хардлага үүсгээд бөөн хэл ам таталжээ.

Лихтенштейний банкны энэ үйл ажиллагаа бүр 1926 оны хууль тогтоомжоор явсаар өнөө хүрсэн ба дэлхийн II дайн тэдэнд томхон боломж олгож, нацистуудаас нэг нь ч хадгалуулсан мөнгөө авч чадалгvй хоцорсон аж. Харин одоо Европын нэг гэр бvлийн гишүүний хувьд хэдий жижиг улс боловч цааш ингээд хожоод байх нь халгаатай тул 1926 оны тэр хуулиа өөрчлөхөд хүрч байна. Өөрөөр хэлбэл, 1926 оноос хойш 80 гаруй жилийн турш европчуудын мөнгийг эргүүлж эргүүлчихээд, одоо Европын Холбооны Банкны тогтолцооноос суралцъя, Шенгений бүсэд оръё гэж заль гаргаж байна. Лихтенштейний банкны тогтолцоог энд нуршаад байх нь чухал бус, эндээс нэгэн дүгнэлт хийе.

Хүн ам нь 35-хан мянга. Ийм цөөхүүлээ байж 82 сая хүн ардын (ХБНГУ) мөнгө санхүүг бужигнуулж, 8 тэрбум еврог нь эргэлдүүлж яаж чадаж байна вэ? Ямар гээч увидас, овсгоо, мэргэжил вэ? Үүнийг монголчууд судалж үзэж болохгүй гэж үү? Үндэсний мөнгөн тэмдэгт байхгүй, монгол хүнийхээр бол гарын салаанд багтаад ирэх хэмжээний дэндүү цөөхүүлээ, манай нийслэлд бол нэг хороо хорины хүн ам шахуу байж яаж ингэж чадав аа? Бид тэдэн шиг ажиллаж хөдөлмөрлөж болохгvй гэж үү?



Зөвхөн банкны хүүн дээр л тоглоод ингээд баяжчив уу гэтэл үгүй юмаа, нөгөө 35 мянга чинь. Тоног төхөөрөмж, хиймэл шүд, хиймэл шүдний эд анги, хүнс, шуудангийн марк үйлдвэрлэх талаараа энэ 35.8 мянган хүн дэлхийд алдаршиж, жишээ нь шаазан шүдний үйлдвэрлэлээр гэхэд л дэлхийд ганцаараа хошуучилж яваа гэсэн мэдээлэл байна. Экспортын гол бүтээгдэхvvн нь машины, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхvvн, нэхмэл, шавар шаазан, хиймэл шүд гэнэ. Банкны үйлчилгээнээс орлого олохын сацуу цаана нь ийм их зүйлээр дэлхийн зах зээлд гарч өрсөлддөг гэхлээр энэ 35 мянган хүнд амрах, цэнгэх цаг ер гардаг юм болов уу гэхээр. Жижиг орон хэрнээ жижиг хөрш Швейцарьтайгаа эдийн засгийн нягт харилцаатай байж ирсэн, тэдний мөнгийг хэрэглэдэг, хөдөө аж ахуйд нь 35.8 мянгынх нь гуравхан хувь ажилладаг хэрнээ жимс, ногоо, сүү гэхээр бас ч үгүй гайгүй үзүүлэлттэй. Бүр 1950-иад онд Лихтенштейнийг хөгжингvй, аж үйлдвэржсэн улсад тооцох болсон. Бага татвартай тул гадаадын бизнесчид ийшээ томхон хөрөнгө оруулдаг гэхчлэн, арааны шүлс асгарахаар баримтууд ар араасаа хөвөрч байна.

Банкны үйлчилгээ, офшорын бүсийн үйл ажиллагаа нь жижиг чулуугаар том чулуу цохиж зовлогоо зовоохгvй мөнгө олдог хамгийн (бараг үнэмлэхvй) мэргэн арга нь гэхээр юм. Гэтэл ганц банк бус, олон салбарт экспорт хийдэг гэхлээр жижиг атлаа маш том (хүн амд нь хувааж үзвэл) эдийн засаг энд байх шиг.

Тэгэхээр миний хэлэх санаа, санал бол бид ядаж Дорнод Сибирь, Өвөрмонголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олж болохгvй гэж үү дээ?

-о0о-