Монгол улсын тусгаар тогтнолын баталгааны нэг нь бидний өвөг дээдэс тухайн газар нутаг дээрээ эртнээс нааш оршин тогтнож байсны гэрч, түүх соёлын үл хөдлөх архиеологийн үнэт дурсгал, олдворууд байдаг. Одоогоос 2200-аад жилийн тэртээ Төв Азийн нүүдэлчдийн дотроос хамгийн түрүүнд Монгол угсаатнууд анхны төрт улсаа Хятадын Хань улс, Цин династитэй (Хятадыг нэгтгэсэн анхны гүрэн улс) олон зуун жилийн маш хатуу ширүүн тэмцлийн дүнд байгуулж түүнийгээ Хүннү гүрэн, Европ болон дэлхийн түүхэнд Гунну хэмээн нэрлэдэг.

Тухайн үед ертөнцийн 7-н гайхамшгийн нэг Хятадын цагаан хэрэм баригджээ. Цагаан хэрэмнээс хойш нум сум агссан нүүдэлчид, хэрэмнээс урагш тариа тарин амьдардаг суурин хятадууд амьдарна гэж тохирсноор Хятадын хаан Лю Бан өөрийн гүнжээ Хүннүгийн их хаан Модун Шаньюи-д өгч найрамдлын гэрээ байгуулснаар дэлхийн түүхэнд анхны хил хязгаарын дээсийг тогтоож байжээ.

Эр нөхөр нь эхүүн үнэртэй арьсан хувцас  өмсдөг, байнга нүүдэллэн амьдардаг, эрчүүд нь хүдэр чийрэг, эрэмгий дайчин, өвөл нь хүний чих хөлдөөд уначихмаар хахир хүйтэн улиралтайг өгүүлэн харийн нутагт эх нутаг,элгэн саднаа санагалзан бичсэн Хятадын хааны гүнжийн утга уянгын шүлэг хятад хэлнээс монгол хэлнээ орчуулагдан гарч байлаа.

Энэхүү шүлэг нь эртний соёлт туурга тусгаар хоёр их гүрэн мянга мянган жил хаяа дэрлэн оршиж дэлхийн түүхийг бичилцэж явсны амьд гэрч болон үлдэж олон сая уншигчдын хүртээл болсоор байна. Дэлхийн түүхэнд алтан үсгээр бичигддэг Хүннүгийн Атилла хаан Ромын эзэнт гүрний цэргүүдийг Германы эртний овог Готуудтай нийлэн бут цохиж явжээ. Адольф Гитлер ч монголчуудыг хүндэтгэдэг байжээ. Хар, цагаан, улаан өнгийн хослолтой  хас тэмдгийг хүч чадлын билэгдэл гэдгийг монгол хүнээс анх дуулж мэдээд, судалснаар өөрийн намын билэгдлээ болгож байсан түүхийг би Бавари нутгийн нэг эрхэмээс сонсон.

Бидэнд элгэмсэг ханддаг оросын алдарт эрдэмтэн Л.Н.Гумилёв “Түүх соёлоосоо тасарсан ард түмэн амархан мөхдөг. Байгаль орчноо мэдэхгүйгээр түүхээ бүрэн мэдэхгүй.Түүхээ бүрэн мэдэхгүйгээр байгаль орчинтойгоо зөв харьцаж чадахгүй” гэжээ. Монголчууд л анх өрнө дорныг холбон Торгоны замыг ажиллуулж байлаа. Хүннүгийн үеийн археологийн гайхамшигт олдвор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын зүүн талд орших Ноён уулаас олдсон  Хүннүгийн ширдэг юм.



Бид мөнх хөх тэнгэр, уул ус, газар шороотойгоо мөнхийн шүтэлцээтэй амьдардаг ард түмэн. Бөө мөргөлийн соёлтой монголчуудын шүтдэг, өөрсдийн гарал үүслээ ч гэж билэгдэн үздэг марал буга, бөртө чонын дүрсийг ширдэг дээр арга билэг хослуулан урлажээ. Энэ олдворын талаар түүхч докторант Д. Бямбасүрэнгийн “Хүннү соёлын тотем” номонд дэлгэрэнгүй өгүүлжээ. Д. Бямбасүрэн нь Чингис, Хүннү

судлалаар олон сайхан бүтээл хийсэн судлаач хүн юм. Энэхүү дэлхийн археологийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг хосгүй үнэт олдворыг 1925-1926 онд Оросын эрдэмтэн П. Козловын удирдсан экспедици Ноён уулны Хүннүгийн үеийн язгууртны булшнаас олжээ. Эдүүгээ Оросын Санкт-Петербург хотын Эрмитаж-д хадгалагдаж байна.

Чингис хааны дүү Есүй мэргэний 365 алд газраас нум сумаар бай харваж оносныг тэмдэглэн бичсэн хадны бичээс мөн л Эрмитаж-д хадгалагдаж байна. Цэрэг дайны зарим түүхчид  одоо болтол ийм хол газар нум сумаар онох боломжгүй гэж  мэтгэлцдэг. Гэвч бидний өвөг дээдэс “Монголын Нууц Товчоонд” бичин тэмдэглэж, чулуун дээр сийлээд хойч үе бидэндээ үлдээжээ.

Оросын эрдэмтэн Е.Баллод 1912онд Ноён уулнаас Хүннүгийн үеийн олдворуудыг анх нээн олж одоо Эрхүү хотын музейд хадгалагдаж байна.2009 онд Орос-Монголын хамтын экспедици дэлхийн аль ч том музейд тавигдах хэмжээний олдворууд олж Новосибирск хотод үзэсгэлэн гаргажээ.

Монгол Улсын Эрүүгийн Хуулинд  шунахай сэдлээр гэдэг үг олон давтагддаг. Яг ийм сэдлээр Ноён уулыг минь Канадын хөрөнгө оруулалттай Сентерра Гоулд компанид нэг этгээд  зарж орхижээ. Ууландаа Ноён гэдэг нэрийг өвөг дээдэс минь учиртай л өгсөн байж таараа.

“Газар нь улсын үндэс мөн. Газрыг бусдад өгснөөс толгойгоо өгсөн нь дээр” гэсэн алдарт үгийг Модун Шаньюи хаан хэлжээ. Ой мод нь жигдэрсэн, тал талаас нь горхи булаг ундарсан, 290 км урт Хараа голын эх, Монгол Улсын алтан түүхийг элгэндээ тэвэрсэн, өвөг дээдсий минь булш бунханыг хэвлийдээ хадгалсан, эртний бөө мөргөлийн тахилгат эрдэнийн сайхан Ноён уулаа газрын хөрстэй  тэгшлүүлэх гэжүү. Ноён уулаа эртнээс шүтэн ирсэн монгол зон олон юугаа шүтэхийн. Гарцаагүй төрийн тахилгат уул болгох ёстойг манай Ерөнхийлөгчийн тамгын газрынхан анхааралдаа яаралтай авч эрдэмтэн судлаачидтай ярилцаж шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Гэхдээ төрийн тахилганд тангад ном пижигнүүлээд байх нь буруу. Чингис хаан өөрийн шадарууддаа “Тангад улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж бай” гэж дахин дахин хэлж байсан нь их хаан олон зууны дараахыг харж л байждээ.

Дэлхийн олон дайн шашин хоорондын мөргөлдөөнөөс эхтэй байдаг. 16-17-р зуун бол Монголын түүхийн хамгийн хар үе. Манж Чин улс Монголын хөрсөнд бурханы шашинг Түвдийн тусламжтайгаар маш хорт аргаар Монголчуудыг хооронд нь алалдуулж байж суулгажээ. Зөвхөн шашны шар, улааны урсгалаас болж  Цогт Хун тайж, Гүүш хааны цэрэг хоорондоо тулалдаж байсныг бодоход туйлын харамсмаар байдгийг хэлэх юун. Цогт тайж өөрийн үе залгамжлах төрсөн хүү Арслан тайжийг шарын шашинд орсон гэж цаазаар авсан нь Монголын түүхийн  олон баримтанд байдаг.


 
Галдан Бошигт, Өндөр гэгээн Занабазар нар нь хоёул Түвдэд тангад ном үзсэн шашны мяндаг хэргэмтэй байжээ. Халх, ойрад түмнийг тэмцэл тулалдаанд татан оролцуулан нэгдмэл улсын хүч чадлыг бууруулж байжээ.  

Ертөнцийн нөгөө талаас ирсэн луйварчид алтыг нь аваад явчихна, нүүрс  болон байгалийн баялагтай газрыг нь урагшаа зарчихна. Америкийн Соко. Канадын Айвенхоу Майнз, Бороо Гоулд, Цайрт Минерал гээд урт цуваа үргэлжилнэ. Зарахаа хүрвэл өөрсдийнхөө юмыг өөрсдөө зардаг байгаадаа. Бороо Гоулдын алт боловсруулах үйлдвэрээс Ноён уулын Гацуурт уурхай хүртэл 45 км зам, Ноён уул дотроо уулын модыг хяргаж модон дундуур тусгай зам тавьж, уулын хоёр талд тусгай хамгаалалтанд хөлсний монголчуудыг гаргаж хүн байтугай жигүүртэн шувуу ч ороход бэрх болжээ. Ноён уулнаас минь 85.000.000 тонн уулын цул олборлож, Бороогийн алт боловсруулах үйлдвэрлүү өдөр тутамд 5.000-6.000 тонн алтны хүдэр ачуулах аварга төсөл боловсруулжээ.

Тэгээд ч Бороо Гоулд яалаадаа яг л тийм. Яахаараа Бороо Гоулд гээд нэртэй байсан компани зүсээ хувиргаад Сентерра Гоулд болоод ороод ирэв. Манай нинжанууд ч хулгана адил тал талаас нь ухаж сэндийчэж байна. Мэргэжлийн хяналтынхан хаана байнаа? Урт нэртэй хуулийн хэргэжилт хаа байна? Монголын засаг төр хаа байна? Бороогийн алтны уурхайгаас олборлосон 46 тонн алтнаас Монгол Банкинд 1кг байна уу? Л. Гүндалай гишүүн автобус дүүрэн хүнтэй  Бороогийн алтны уурхай руу  эсэргүүцэн очиж  байлаа. Зүй нь манай татварынхан автобустайгаа очих байсан юм. Миний эмэг эх Дамдины Пагмадуламын тухай ,,Бүрхэг шөнийн тэргэл саран,, кинонд найруулагч Бадрал “Залруулаагүй алдааг жинхэнэ алдаа гэнэ” гэж дахин дахин хэлдэг.www.d.pagmadulam. УИХ ын гишүүн Б. Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй хэсэг гишүүд урт нэртэй хуулийг  хэрэгтэй үед, хэрэгтэй цагт, хэрэгтэй газар нь гаргасан. Мэдээж асар их эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь ойлгомжтой. Ард түмэн шударга улс төрчдөө итгэл найдварийн харцаар харж байгаа шүү.

Эх оронч хүн гэж элэг нэгтнээ хайрладаг хүнийг хэлдэг шүү дээ. Хэдэн зуун сая төгрөгөөр бугуйн цаг авч, хэдэн зуун сая, тэрбумаар үнэлэгдэх байшин савтай болж, хүүхдүүдийн хуриманд 4 машин авлаа ч гэх шиг. Зугаа цэнгэл, найр наадам, үнэгүй цайллага, морин уралдаан, төрийн мөнгөөр хийдэг аялал жуулчлал, бусдын хийсэн юмны тууз хайчлах ийм л газруудаар төрийн түшээд их харагдах юм даа. МИАТ компанийн орлогын нилээд хэсгийг төрийн сангаас оруулдаг мөнгө эзэлдэг нь нууц биш. Төрийн мөнгийг болохоор хамаагүй үрэн таран хийдэг, өөрсдөө болохлээр “зажилсан бохио ч хүнд өгдөггүй”, ядарсан элэг нэгтнүүдээ хайрлах нинжин сэтгэлгүй, үүний тод жишээ нь хүн амын 40-өөд хувь нь ядууралд нэрвэгдээд байна. Зөвхөн эрх мэдэл зоос мөнгөний хойноос улайран хөөцөлддөг, төрөлх хотыг минь там болгосон, эцэг, өвгөд минь амиараа хамгаалсан үржил шимтэй Халх голын сав газрыг гадныханд “май” гээд зүгээр өгчихдөг ийм л  увайгүй улс төрчдөд зургадугаар  сарын сонгуулиар үзгээрээ  үхлийн цохилт өгөөрөйдээ ард түмэн минь!

Монгол төрийн голомт ариун байж бид хөгжил дэвшлийн тухай ярина шүү. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байг гэдэг шүү дээ. Хүнийг хэмждэг 2 хэмжүүр байдаг. Хүнийг хайрлах нинжин сэтгэл болон мэдлэг чадварын тоо хэмжээ, чанараар нь хэмждэг. Тэрнээс биш эхнэрийн унадаг машин, бугуйн цаг, утас, машины дугаар, хатан Туулын эргээр шивээлэн барьсан хаусаар хэмждэггүй.

Ноён уулын минь аврах талаар нэг ч төрийн түшээ ган гэж дуугарсангүй. Харин Сэлэнгэ нутагт энэ нутгаас гарсан төрийн түшээ урд зүгт хийсэн баримал ч гэлүү бурхан ч гэлүү нэг юм дээр өөрийн нэрээ биччихсэн тарааж явах юм. Бурхан тэнгэр дээр л байдаг болохоос шавар, гуулиар хүний гараар хийгдсэн зүйлийг хэлмээргүй юм. Монгол төрийн мөнгөний хайрцагны түлхүүрийг чамд бариулахдаа Оюу Толгойн гэрээг сайн  хий, зоосыг нь арвижуул гэсэн болохоос гандангийн ажлыг хий гээгүй биздээ.

Монгол төрийн алтан жолоог барилцаж байгаа нөхдүүд шашны зан үйлтэй холбоотой зүйлээс ангид тусдаа байвал зохино.  Сайд дарга нар “шүд” оллоо гээд гүйлдээд байсан. Арай тэнгэрлиг зон олноо “шүдэнд” мөргүүлэх гэж байгаа юм биш биз. Францын Ерөнхийлөгч асан Франсуа Миттеран өөрөө католик шашинтан мөртлөө Ерөнхийлөгчийнхээ хувьд өөрийн улс орныхоо бусад шашинтай ард түмнээ хүндэлж Ромын Пап Иоан Павел ll-той огт уулздаггүй байсан бөгөөд зөвхөн нас барахад нь очиж арга хэмжээнд нь оролцож байжээ. Түвдүүд Бурханы шашнаа, оросууд Үнэн Алдартны Христийн шашнаа, хятадууд Күнзийн сургаалаа л шүтдэг.

Аливаа ард түмэн өөрсдийн бодож олсон зүйлээ шүтэж биширч байвал өлзийтэй сайн байдаг. Тэнгэр заяат ард түмэн тэнгэрлэг өвөг дээдсийн оюун ухаан, уул усаа л шүтдэг шүү дээ. Монгол хүн монгол эхийн ариун шар уургийг хөхөж өсвөл эрүүл саруул, хүдэр чийрэг болж торнидог. Бид тэнгэр шүтлэг бөө мөргөлийг эхийн ангир шар уурагтай адилтган үздэг. Бөө мөргөлийн нэрийг барин зарим нэг шуналтан хүмүүсээс их хэмжээний мөнгө нэхэмжилдэг тухай сонсогддог. Хулгайч шоронд л байх  ёстой. Одоо манайд дэлхийн гурван том шашин хэдийнээ байр сууриа эзэлж, 40 гаруй янз янзын шашны урсгалууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Улаанбаатарын хойгуур мянга мянгаараа амь зуулгаа даруухан авч явдаг олон айл өрхийн нилээд хэсэг нь хүнсний зарим бүтээгдэхүүнийг граммалж авч амьдарч байна шүү нөхдүүдээ. Ямарч амьдралын баяр баясгалан байхгүй болсон, нүдний гал цог нь алга болсон, эрэлхэг өвөг дээдсийн эрэмгий чанар нь хаа байнаа гэмээр, хогийн шуудай үүрсэн амьдаараа өмхийрсэн хүмүүс хотын гудамжаар хэдэн арав, зуугаараа хөлхөж байх юм. Хэн ч тэднийг тоохгүй хааяа л гадны буяны байгууллагууд харж үзэх юм. Гадныхан  Монголчууд  биднийг арчаагүй гэж байна. Яс махны тасархай бидний л нэг  хэсэг шүүдээ. Хотын Захиргаа шийдвэртэй шийдэл гаргаж цэгцлээчээ.

100 хүнээс 1 хүн олиггүй явбал тэр хүнийг олиггүй гэхсэн. Одоо манайд 100 хүнээс олон хүн гундуухан явж байна. Хүндээ байна уу, засагтаа байна уу? Монголын нийт компаниудын дийлэнх хэсэг нь татварын тайлангаа “0”-ээр өгдөг. Өөрөөр хэлбэл ашиггүй ажиллалаа гэсэн үг. Улс орон маань хөгжлийнхээ алтан ирмэг ирчихээд байхад хөгжлийн хар хайрцагны бодлого байхгүй, орж ирж байгаа мөнгөө хөгжлийн бодлогодоо ашиглахгүй хамгийн үрэлгэн байдлаар цацдаг, арилжааны гол гол банкуудаа гадныханд тавиад туучихсан, зээлийн хүү нь асар өндөр, стратегийн гол ордуудаа хэдхэн гэр бүл гадныхантай хуваагаад эзэмшчихсэн, баян хоосны ялгаа нь Энэтхэгийг ч даваад гарчихжээ хөөрхий.

Бидний толгойг гашилгаж байгаа нь Оюу Толгойн гэрээ. Дэлхийд байдаг хосгүй алт, зэсний орд. Нөөцийг нь бичээд ч яахав. Эдийн засагч Дашзэвэг дээхэн үед Оюу Толгой 50/50 гээд биччихсэн пайз зүүчихсэн Ордны гадуур алхаад явж байсныг тодхон санаж байна. Зарим нөхдүүд түүнийг шоолоод  л. Санхүү, эдийн засгийг насаараа судлаж байгаа хүн чинь наад захын залилангийн гэрээнүүдийг мэдэлгүй яахав дээ. Эцсийн дүнд Монголчууд бид л хохирлоо. Канад нөхөр Монгол руу дэлхийн анхаарлыг хандуулж өгсөн гавъяатай ч, Оюу Толгойгоос бидэнд тусах тусгал нь туйлын муу санагддагыг хэлэх юун.

Биднийг олон арван жил тэжээх гэрээнд амьдралын хат суугаагүй, өнгө мөнгөний хор гараагүй, энэ гэрээнд  балчирдах залуусыг дэлхийн хэмжээний эдийн засгийн алуурчин, луйварчингуудтай нэг ширээнд суулагчихлаа. Засаг барьж буй хоёр намын залуус олон жил гацаанд орчихоод байсан төслийг хөдөлгөсөн сайн талтай ч зүй нь засгийн газар энэ талаар хөндлөнгийн олон улсын мэргэжлийн шинжээчдээр хөлс мөнгийг нь төлөн хийлгэж санал бодлыг нь гэрээндээ тусгаж, улс орныг удирдан ажиллаж байсан хашир туршлагатай хал үзэж халуун чулуу долоосон ахмад үеэсээ сургааль үгийг нь сонсож долоо битгий хэл дал дахин  хэмжиж аль аль талдаа ашигтай гэрээ хийх байсан юм. Дахиад давтъя. Залруулаагүй алдааг жинхэнэ алдаа гэнэ.

Сурч мэдэх, ид ажиллах насандаа яваа залуусыг үй олноор нь улс төр лүү татан оролцуулж, “чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамайг оролдоно” гэсэн хорт мессежээр тархийг нь угааж байна. “Харахгүй юу бидний амьдарч байгаа хаус, унаж байгаа машин, зүүж байгаа цаг, уралдуулж байгаа морь, барьж байгаа хөөрөг” гэж гайхуулцгааж эрдэм боловсролыг эд мөнгөний дараа тавьдаг, боловсролоосоо мөнгө нь түрүүлээд явчихсан дүйрчихсэн төрийн түшээд, бизнесменүүд хотын хогноос их болжээ. Нэг ч бизнесийн салбарт ажиллаж үзээгүй мөртлөө хэт их баяжсан төрөөс төрсөн тэрбумтануудыг байдаг байранд нь тавье.

Хуучин цагт нэг яамны хэлтсийн даргыг 20-иод жил бэлтгэж, олон шалгуурыг давж байж тавьдаг байсан.Одоо мөнгөөр дарга сайд болж байгаа нөхдүүд өөрийн дотоод сэтгэлрүүгээ өнгийж харж,ичих булчирхай байдаг эсэхээ шалгах хэрэгтэй байна. Олон намын систем  Монгол улсын оюуны чадамжийг саармагжуулж, төр засгаас гарч байгаа шийдвэрүүд нь зангидсан гар шиг хүчтэй байж чадахгүй байна. Цэрэг, эдийн засгийн асар их хүчин чадалтай хоёр их гүрний дунд байгаа бид хүчтэй ерөнхийлөгчийн засаглалтай баймаар байна.

Адуун сүрэг рүү чонын сүрэг довтлоход сайн азарга  унагануудаа адуу сүрэг дундаа хийж хураан  хамгаалж, эрсдэлгүйгээр авж  гарч чаддаг. Сайн азрагагүй айлууд унагаа чононд түүлгээд идүүлээд халаглаж суудаг. Бид өөрсдийнхөө саалийн үнээнүүдээ гадныханд түүлгээд л. Муу ард түмэн байдаггүй, муу удирдагч л байдаг. Дэлхий дахины улс төрийн байдал хурцдаж дарийн үнэр манайтай ойрхон Солонгосын хойг, Иран зэрэг улсуудад үнэртээд, нэг жоохон эвгүйцэхэд л хөрөнгийн биржүүдийн индексүүд  уналтанд орж, валютын ханшид огцом өөрчлөлтүүд гарч дэлхийн эдийн засаг хямрахад бид бэлтгэлтэй байна уу?

Байгалийн гамшиг хүн төрлөхтний хаалгыг байн байн тогшиж, Улаанбаатарт 4 баллын сэгсэргээнд л ороход олон арван хуучин байшин нурахад бэлэн байна. Засаг нь олсон хэдэн зоосоо хуваагаад тараагаад  байхын оронд арын халаасандаа хадгалж хэрэгтэй цагт хэрэгтэй газар нь гаргаж баймаар байна. Юм л бол гадныхнаас бадар барьж байдгаа төр засаг болимоор. Парламентийн барилгаа арабуудаас мөнгө гуйж бариулах гээд шившгээ тарьж байх юм. Өвөг дээдсийн омог бардам зангийн хэлтэрхий ч алга. Монголчуудын шүтээн шонхор шувуугаа хэдэн ногооноор зарчихна. Чингис хааны туг сүлдэнд байдгыг хүн бүхэн мэднэ шүү дээ.  

Бензины үнэнд өөрчлөлт ороход л бидний хоолны цэсэн дэхь махны хэмжээ багасмааргүй байна. Монголчууд хүн төрлөхтний хамгийн хар боолын нийгэмийг алгасан нь бишрүүштэй. Бүх зүйлийг гав гинж ташуурын хүчээр шийддэг, мэсчин боолуудын амь эрхий хурууны хөдөлгөөнөөр л шийдэгддэг, хүнийг малнаас дор үздэг ийм л бузар нийгмийг   алгасчээ. Гадныхан манай нийгмийн бодлого боловсруулдаг яамтай хавсран мал адгуус худалдаж авч байгаа мэт шүд бөөрийг нь үзэж байгаад бие бялдар сайтай шигшмэл залуусыг экспортонд ажлын хүч болгон гаргаж байна. Жендерийн асуудал, генфонд, нөхөн үржихүй, улс үндэстний дархлаа гээд бидний бодох үндэсний аюулгүйн асуудал их байна.

“Алсын хараатай амьдаръя” гэсэн сайхан үгийг архины рекламанд ашигласан нөхдүүдийг яалтай ч билээ. Байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой амьдардаг бид чинь мэлмийгээ сайн нээгээд харвал өвөг дээдсийн гүн ухаан алхам тутамд тааралддаг. Өгөөдэй хааны бие муудахад дараа нь хаан болох отгон дүү Тулуй өөрийнхөө амийг  тэнгэрт өргөж Монголын Их Хааны суудлыг хамгаалж байжээ.

Мөнх хөх тэнгэр, Их Засаг хууль, Аугаа их Модун Шаньюи, Чингис хааныхаа алтан сургаалийг дагахгүй яаж хөгжил дэвшил ярих юм бэ? Сархадын шилэн дээр эзэн хааныхаа хөрөгийг тавин худалдаанд гаргаж байгаа нөхдүүдийг алгадсан ч багадана. Ёс зүй гээч зүйлийг уландаа гишгэжээ. Аливаа ард түмэнд хүндэтгэн хайрлаж, бишрэн шүтэж явдаг хүмүүс байдаг. Сархадаар олон түмнээ хордуулаад зогсохгүй дараа нь шил нь хогийн савруу шидэгддэг. Жүжигчин Сувдаагийн сүүний хайрцаг дээр гарсан зураг хэдэн зуугаараа хогийн саванд хэвтэж байдаг нь түүнд лав л сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй нь ойлгомжтой.

Хүн ажил ихтэй байвал зав гардаггүй. Сэтгэлд  муу орон зай үүсч ж амьждаггүй. Тийм учраас ямар нэг ажил заавал хийцгээ. Цэнхэр дэлгэцээр хэрүүл маргаан бүү гарга. Өсч яваа залуу үеэ хэрүүлийн бузраар бүү буртагла. Улс орны бодлогын чанартай асуудлуудыг хэлэлцэхдээ нууж байвал зүгээр. Айл гэр байтугай хувь хүнд ч нуух зүйл байдаг. Нийгэм гэр бүлийн харилцаан дээр тогтож байдаг. Шинэ гэр бүлд мөнгө өгнө гэсэн сургаар гэрлэсэн олон хосууд одоо салах гэж олноороо шүүхийн хаалга татаж байна. Ёс суртахууны хамгийн эмзэг хэсэг болсон хамтын амьдрал, хайр сэтгэлийг өчүүхэн мөнгөөр үнэлсэн нь одоо ч гай нь тасрахгүй байна.

Австралийн Сидней хотын Кингс Кроссд нутгийн уугуул иргэд аборигенүүд шалдан нүцгэн, согтуугаараа хөлхөлдөж байдаг. Цагаан арьстанууд аборигенуудын уугуул нутаг дээр амьдардаг гээд долоо хоног бүр мөнгө тарааж өгдөг байхгүй юу.Сиднейн Олмпийн 4000 метрийн гүйлтийн аварга хүүхэн,телевизийн шоу нэвтрүүлэг хөтөлдөг залуу хоёроос өөр мундаг абориген би л лав мэдэхгүй юм байна. Нутгийн уугуул аборигенуудын олонхи нь архинд донтсон, нийгэмд хэрэггүй иргэд болжээ. Сул мөнгө тараасны лайг манайд ч бас олон гэр бүл амсаж байна. Эх орны хишиг 21 мянга сардаа нэг буухад өргөнөөр архидах явдал орон нутагт нийтлэг болж, архи ууж цаг нөхцөөсөн залуучууд ажил, хөдөлмөр хийх хүсэлгүй болж байна. Одоо сая төгрөг авах сурагаар “баян” болно гэж бодсон нөхдүүд олон арваараар холхилдож байна.

Улс төрийн нам сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь Монгол улсын хөгжил дэвшилд  гай таримааргүй байна.  Дээрх бэлэн мөнгө тараах бодлого нь ардчиллын жилүүдэд гарсан нийгэмд хамгийн хор нөлөөтэй шийдвэр болсон болов уу,  алдаагаа залруулах хэрэгтэйгээ мэдсээр байж үргэлжилж байгаа нь жинхэнэ аюул дагуулж байна.  Бүгдээрээ лангууны ард суугаад улс орон хөгжихгүй. Гар хөлөө  ажиллуулж өөрсдийн гараар  хоолоо олж идвэл шингэц сайтай байдаг. Азийн бар орнуудын хөгжсөн түүхийг хараад байхад нэг л хүчтэй лидер улс орноо хөгжүүлсэн байдаг. Парламент нь  60-аас дээш насны үхэхээс бусдыг үзсэн хөгшин бурхинууд сонгогддог. Засгийн газар нь алдаа гаргавал ард түмнээсээ уучлал гуйгаад шууд ажлаа өгдөг ёс жудагтай.

Манайд хувийн хэвшлийн аж ахуй, жижиг дунд бизнесийнхэнд урт хугацаатай  хүү багатай зээл олдохгүй байна. Улс орны хөгжлийг тодорхойлогч дундаж түвшинийхэн доошоо ихээр гулсан орж байгаа нь манай эдийн засгийн механизм буруу эргэж байгаагийн илрэл. Зах зээлийн нийгэмд хүмүүс хувийн хэвшил рүү зүтгэцгээж байвал тэр төр засгийн  эрэг боолт зөв ажиллаж байна гэсэн үг.

17-р зууны үеийн Японы самуурай Миеэмото Мусаши сэлмийг  гайхамшигтай эзэмшдэг байжээ. Тэрээр сэлмээр байлдах урлагын талаар “Таван цагираг” хэмээх ном бичсэн нь одоо ч Япончуудын  ширээний номын нэг байдаг. Түүний байлдааны тактикийг бизнестээ авч хэрэглэж та бидний мэдэх олон Японы компаниуд  дэлхийн хэмжээний болтлоо өсч дэвжжээ. Сүбээдэй баатар өөрийн цэргүүдээ удирдан том жижиг 40 гаруй тулалдаанд орж нэг ч ялагдаж үзээгүй бөгөөд  дайсныхаа хүчийг зөв тооцоолж, цэрэг зэвсгийнхээ хүчийг маш оновчтой ашигладаг жанжин байсан.

1241 оны 4 сарын11-нд одоогийн Польш улсын Легниц хотын дэргэд өөрийн 20 мянган цэргийг удирдан Польш, Германы хамтарсан 60 мянган хүлэг баатаруудыг хиар цохиж байжээ. Энэхүү тулалдааны тухай дэлхийн олон орны цэргийн сургуулиудын хичээлийн хөтөлбөрт ордог. Польшийн Краков хотын радиогоор өглөө бүр бүрээн дуу дуугарч байснаа хэсэг чимээгүй байснаа дахиад дуугарч эхэлдэг. Бат хааны их цэрэг үүрээр манан дундаас гэнэт Краков хотын хэрэмний өмнө гэнэт гарч иржээ. Хэрэмний оройн цамхаг дээр байсан харуулын цэрэг аюулын дохио өгч бүрээ үлээтэл, толгойн ангид байсан монгол харваач эхний харвалтаараа хүзүүгий нь нэвт харважээ. Хажууд нь байсан цэрэг бүрээг үргэлжлүүлэн авч үлээсэн гэдэг бөгөөд судлаачид 200  орчим метрээс харвасан гэж үздэг.

Дайн тулааны талаар бичээд байгаа нь өвөг дээдсийнхээ хэрэглэж байсан стратеги тактикийг эдийн засгийн бодлогодоо авч хэрэглээчээ л гэсэн санаа юм.Тэнгэр шүтлэг, уртын дуу, хөөмий, морин хуур, гээд л нэрийг нь сонсоход өвөг дээдсийн гүн ухаан, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой хамгийн ойр амьдардаг ард түмэн монголчууд бид билээ.Толгой муу байна гэдэг ганц толгойн буруу биш. Бусад биеийн хэсгүүд ч хамаатай. Иймд бултаараа толгойдоо байгаа оршин байгаа муу орон зайгаа чөлөөлж, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Бодол саналаа  tumen5541@yahoo.com хаягаар бичнэ үү.

Хиад Боржигон овогт Б.Түмэнбаяр. Үргэлжлэл бий.