С.Цэцгээ: Илүүдсэн хүсэл шунал л амьдралын гоо сайхныг эвддэг
Улаанбаатар хотын Гаалийн газрын дарга С.Цэцгээг “Ярилцъя” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр өндөр албан тушаал хашиж яваа цөөхөн эмэгтэй дарга нарын нэг юм
Эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй энэхүү саад тотгорт өөр юу хөшүүрэг болоод байдаг вэ гэсэн нэг асуулт төрж байгаа биз. Үүнд эрчүүд нэгэн тохуутай хариултыг өгцгөөж байна. Аргагүй шүү дээ, эмэгтэйчүүд та нар эмэгтэйчүүддээ саналаа өгдөггүй, нэг нэгийгээ дэмждэггүй шүү дээ гэсэн.
Энэхүү хоржоонтой сэдвийг тунгаан үзэж, бүсгүйчүүд бид ухаантай байх цаг ирсэн байна. Үнэнийг хэлэхэд сэтгүүлч миний хөтлөн явуулдаг “Ярилцъя” буланд маань ч эмэгтэйчүүд тун цөөхөн уригдаж байжээ. Ингээд би өөрөөсөө эхлээд алдаагаа засахаар шийдлээ. Та бүхэн дэмжээрэй. Өнөөдөр уншигч та бүхэнтэйгээ даруу төлөв, цэх шулуун, тэсвэрлэг, бас эрдэмлэг нэгэн хатагтайг уулзуулахаар урьсан нь энэ.
Түүний амьдралыг үзэх үзэл, төрд өөрийн гэсэн үзэл санаатай зүтгэдэг тод араншингаас энэ ярилцлагынхаа гарчгийг шууд олчихлоо.
-Өөрийг тань гаальд шинэ хүн биш гэдгийг мэднэ. Гэхдээ ажил амьдралын гараагаа хаанаас, хэрхэн яаж эхэлж байсан талаар тань мэдээлэл алга. Эндээс яриагаа эхлэх үү?
-Би Сэлэнгэ аймагт төрсөн хүн л дээ. Гэхдээ хотод дунд сургуульд суралцаж төгссөн. Нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийн төгсөгч.
-Хотын хүн л гэсэн үг юм байна. Дунд сургуулиа төгсөөд ямар сургуульд элсэж байв?
-Эрхүүгийн Улс Ардын Аж ахуйн дээд сургуульд явж байлаа. Дараа нь сургуулиа төгсч ирээд Удирдлагын академид докторантурт суралцсан. Дараа нь докторын зэрэг хамгааллаа. Дараа нь Сингапур улсад “British consul” англи хэлний сургуульд явж суралцсан. Боловсролын байдал гэвэл товчхондоо ийм. Хөдөлмөрийн гараагаа Геологийн экспедицид хөдөлмөрийн эдийн засагчаар ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш төрийн байгууллагуудад алба хашч яваад 1996 онд гаалийн байгууллагад орсон. Гаалийн байгууллагад 14 дэхь жилдээ ажиллаж байна даа. Гаальд ажиллах хугацаандаа Хотын гаалийн газар, Сэлэнгийн гаалийн газар, нисэхийн гааль, олон улсын шуудан илгээмжийн гаалийн хороо зэрэг газруудад ажилласан. Одоо буцаад Хотын гаальдаа ажиллаж байна.
-Ихэвчлэн удирдах ажил хийсэн үү?
-Ерөнхийдөө тийм ч эргээд харахад би бүх л ажлыг нь хийсэн байдаг. Нягтлан бодогч ч хүртэл хийж байсан. Тэгээд байцаагч, ахлах байцаагч, газрын дарга, орлогч дарга зэрэг албуудыг хашиж ирсэн байна.
-Хотын гаалийн даргаар хоёр дахиа томилогдон ажиллаж байгаа биз дээ?
-Тийм.
-Сүүлд томилогдоод хэр удаж байгаа билээ?
-Өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлчээр томилогдсон.
-Гааль бол нэр төрийн хувьд их эмзэг дэнсэн дээр явдаг, улс орны эдийн засаг, аюулгүй байдалд хүчирхэг нөлөө үзүүлж байдаг өвөрмөц байгууллага. Нэр хүндийн хувьд нэлээд сэв суусан үед нь та нөхөд томилогдон ажиллаж байгаа. Одоо байдал хэр өөрчлөгдсөн бэ?
-Манай гаалийн байгууллагын нэр хүндэд нөлөөлөх болсон тэр сэв хэзээнээс сууж эхэлсэн юм бэ гэдгийг шулуухан яръя л даа. 2002 он юм. Би тэр үед нисэхийн гаальд ажиллаж байсан. Тэр үед нэг хурцхан асуудал босч ирээд, маргааш нь дарга нар маань бужигнаж, халагдаж солигдох асуудал болоод явчихсан. Тэр явдлын ердөө маргааш нь л байдал өөрчлөгдчихсөн байсан. Зүгээр машинаа зогсоол дээрээс авах гэхэд л “Авилгачаа чи наад машинаа өөр газар тавь” гэж хашгирч байсан. Тэр үеэс л гаалийн нэр хүндэд өөрчлөлт орсон. Дотор нь ажиллаж байгаа бид чинь бас л ард түмний нэг хэсэг. Ийм байдалд орчихсоны төлөө хэн нэгнийг би буруутгах гээгүй. Би өөрөө бас судлаач хүн. Сүүлийн үеийн судалгааны байдлыг үзэхэд манай гаалийн байгууллагын рейтинг олон нийтийн дунд өссөн үзүүлэлт гарч байна. Бид дотооддоо дүгнэлт хийж, аль болох алдаа гаргачихгүй юмсан, нэг ч хүнийг гомдоохгүй юмсан, төрийн албыг нэр төртэй хаших юмсан гэж чардайн хичээж ажиллаж байгаа. Гаалийн байгууллага бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагын хувьд энэ чиглэлд гол анхаарлаа тавьж ажилладаг. Газрын даргын хувьд би төрийн өмнө хүлээсэн энэ үүрэг, чиглэлийн дагуу өндөр шаардлага тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн онд гаалийн системийн хэмжээгээр манай хамт олон төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлсэн, мөн гаалийн хяналтын ажлыг зөв зохион байгуулсан гэсэн үзүүлэлтүүдээр тэргүүлж ажилласан. Энэ дүн ямар нэг хэмээгээр үнэлэмж болох болов уу гэж бодож байна.
-Гаалийн зарим удирдлага хэрэгт татагдаж, гаальд нэр хүндийн хувьд эрсдэл тулгарсан хүнд үеийн дараа танай харилцагчдын сэтгэл зүйн байдлаас нэг тийм давралт харагдаад байсан. Хавтгайруулсан хардлага, гүтгэлэг газар аваад л, захын хүн муусайн авилгачдаа гэж хашгираад л, дарамталж эрх ашгаа хангах гээд ч байгаа юм шиг. Иймэрхүү байдал гаарч байгаа нь та нарт мэдрэгдэж байсан уу?
-Ажиглагдалгүй яахав. Сэтгэл зүйн хувьд манай ажилтнууд асар их дарамттай ажиллаж байсан. Энэ байдал одоо ч нэг их өөрчлөгдөөгүй. Манай байцаагчдыг худал гүтгэх, гүжирдэх, ажлын байран дээр нь дарамтлах, зодох, эрх чөлөөнд нь халдах байдал их гардаг. Хэл амаар доромжлох бол юу ч биш шүү дээ. Манайх бол төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байгууллага. Өөрсдөд нь таалагдахгүй шийдвэр гаргасны төлөө гаалийн ажилтныг гүтгэх, худал мэдээлэл өгч шалгуулах, дарамтлах энүүхэнд болчихоод байна л даа.
-Төрийн албаны сүр хүч буурч байгаагийн л нэг илрэл шүү дээ. Захын атгаг санаатай нөхдүүд давраад л, загнаад л, элдэв зохион бичлэг сонин хэвлэл рүү барьж гүйгээд л байна гэдэг?
-Нэг талаасаа тийм. Төрийн албаны сүр хүч гэсэн үг олон юм бодогдуулсан, сайхан үг байна. Би хувьдаа хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нэлээд ойр дотно ажиллахыг хичээдэг. Дөрөв дэх засаглал гэдэг утгаар нь хүндэтгэж харьцдаг. Ажиглаж байхад манай хэвлэлийнхэн гаалийн холбогдолтой сөрөг мэдээллүүдийг бол дуу дуугаа авалцан цацаж байдаг. Зарим нь шалгаж нягтлаагүй байх нь ч бий. Гэтэл эерэг мэдээлэл өгөх гэхээр хүлээж авдаггүй. Энд чинь өчнөөн сайхан гаальчид ажиллаж байна. Улс орныхоо өмнө гавъяа байгуулж байна. Хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, бахархмаар үйл бүтээж байна. Тийм мэдээллүүдийг санал болгохоор нэг нь ч авдаггүй нь гайхал төрүүлдэг юм л даа. Уг нь тэнцвэртэй л хандмаар санагддаг.
-Тийм асуудал байгаа бол анхаарч ажиллахыг хичээнээ?
-Баярлалаа. Би дотроо бодож явдаг зүйлээ л хэлж байгаа юм.
-Төрд алба хашиж байгаагаараа өмнө нь хүмүүс их бахархдаг байсан. Одоо дарамтыг нь гайхширч байдаг болцгоож. Тэдний цээжинд байсан бахархал, итгэл үнэмшил нь саарч, дарамтад нь сөхөрчих шахан ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь харагддаг. Танайд бол багагүй мэдрэгдэж байгаа үзэгдэл болов уу?
-Би хувьдаа төрд 26 дахь жилдээ ажиллаж байна. Одооных шиг ийм хэцүү, хүнд үе байгаагүй юм уу даа. Гэхдээ гаальчдын нэг чанар байдаг. Ямар ч дарамт шахалтыг давж чаддаг нэг чадвар. Одоо хэндээ ч гэж гомдох юм билээ. Нэгэнт л бид өөрсдөө энэ төрийн албыг хашъя, ажлыг нь хийе гэж өөрсдийн хүсэл зоригоор ажиллаж байгаа хүмүүс. Юу гэмээр юм бэ дээ. Өөрсдийгөө төрд хэрэгтэй хүмүүс гэсэн нэг тод томруун итгэл үнэмшилтэй. Энэ үзлээрээ л тэжээгдэж явдаг, тэр үзлээрээ баргийн юмны ард гардаг хатуужлыг олж авсан тийм хүмүүс байдаг л даа. Ийм төлөвшилтэй төрийн албан хаагчид манайд маш олон байгаа. Манай ахмад гаальчид ч их сургадаг байсан. Гаалийн албан хаагчид их даруухан байх ёстой гэж. Тэр нь явсаар байгаад энэ цээжинд хадагдчихсан. Барагтай бол тэр тэгээд байна, энэ ингээд байна гэхгүй шүү. Би жишээ нь анх удаа таны ярилцлагад орж, ингэж ярьж байгаа байх. Бид хийх ёстой. Ажиллах ёстой. Ямар ч хүнд нөхцөл байсан даваад гарах ёстой л гэсэн нэг зарчим үйлчилж ирж дээ. Ард түмний амьдрал хүнд, улс орон эдийн засгийн хямралтай байгаа ийм үед дарамт шахалтын тухай яриа бараг илүүц ч юм уу. Яавал нэг ч болсон хүнийг аврах вэ, яавал хэнийг ч гомдоохгүй үйлчлээд гаргах вэ гэсэн бодол нь бидэнд илүү байдаг даа.
-Эдийн засгийн хямрал гэсэн сэдэв өнөөгийн амьдралын өнгө төрхийг тодорхойлоод эхэллээ. Та нөхөд бол яг бодит байдалтай нүүр тулан ажиллаж байгаа улсууд. Жишээ нь, Замын-Үүдийн боомт дээрх ачаа эргэлт навс унаж байна гэсэн мэдээ ирж байна. Үнэхээр хямралын сүүдэр тийм хурц илэрч байна уу?
-Манайхаар бол ихэвчлэн чадалтай гэж үзэж болох зэрэглэлийн бизнесийнхэн үйлчлүүлдэг. Чингэлгээр бараа оруулж байна гэдэг чинь тэгж үзэж болох хэсгийнхэн байх, тийм үү. Ажиглаад үзэхэд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаад худалдаа нэлээд буурсан. Зарим бараа бол илт буурч байгаа. Би хүнсний гол нэрийн бараанууд дээр судалгаа хийж үзэж байсан л даа. Бүрдүүлэлт бол бараг 50 орчим хувиар буурчихаад байгаа. Бараа эргэлт ч 60 орчим хувьтай байна. Импортын барааны нэр төрөл нь болохоор хэвээрээ. Тоо хэмжээ нь багасчихаад байна.
-Улсад төвлөрүүлдэг татварын хэмжээнд тань ямар өөрчлөлт гарч байна?
-Эхний гурван сарын байдлаар гаргаж үзлээ. Нийтдээ 59 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Жилийн эхнээс харахаар 84 хувийн төлөвлөгөөний биелэлттэй харагдаж байгаа.
-Машин зөөдөг наймаачдын асуудал гэхэд их хүндэрсэн дуулдах юм. Танай агуулахуудыг татвараа төлж чадахгүй байгаа тэр хүмүүсийн машин, бусад бараа дүүргэж байна гэдэг үнэн үү. Монголчуудын амьдрал зээл дээр л явдаг. Банкууд зээлээ хаачихаар байдал ингэтлээ хүндэрч байна гэсэн үг биз дээ. Ийм тохиолдолд танайх яаж ханддаг вэ?
-Оргүй биш, ортой явдал л даа. Гэвч бидний хувьд яах ёстой юм бэ. Бид хууль тогтоомжийг л хэрэгжүүлэхийн төлөө тэнд ажиллаж байгаа. Тэрийгээ л биелүүлнэ шүү дээ. Гаалийн тухай, гаалийн тариф, татварын тухай хуулиудад яаж заасан, тэр дагуу л ажиллана. Энэ нь гаалийн хяналтанд байх хугацаа дуусвал улсын орлого болгоно гэсэн үг л дээ.
-Их хатуу сонсогдож байна?
-Хуулийн дагуу л бид ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Энийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Манайхаар үйлчлүүлдэг хүмүүс харьцангуй эдийн засгийн боловсролтой, эдийн засгийн боломжтой хүмүүс байдаг. Гэхдээ л зарим хэсэгт нь хандаж дээрх үгийг хэлэхээс өөр арга байхгүй.
-Танай хотын гаальд дандаа л том дарга нарын татаасны улсууд байдаг. Тэгээд нөгөөдүүл нь тэр байр байдалдаа эрдэж даналзсан авиртай, ерөнхийдөө их давилуун байгууллага гэх яриа явах юм. Энэ талаар та юу хэлэх бол?
-Уулын мод өндөртэй намтай гэж нэг үг бий. Олон хүн дотор янз янзын л хүмүүс байгаа. Би хамт олноо яг тэр нь тийм, энэ нь ийм гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юу гэж ярихав. Яриад байх ч тийм ноцтой асуудал байхгүй. Хэний ч үр бай, хэний ч хамаатан бай тэр хүн улсын ажлыг зохих хууль дүрмийн дагуу л хийх ёстой. Энэ л тавигддаг үндсэн шаардлага шүү дээ. Давилуун байх, давруу байх энэ тэр бол явж явж хувь хүний өөрийнх нь хүмүүжил, боловсрол, төлөвшлийнх нь л асуудал.
-Эмэгтэй хүн аливаа албан тушаалд томилогдоод гараад ирэхэд эрчүүдийнхээс хэдэн арав дахин хэцүү нөхцөл байдал угтдаг. Таны өмнө ямар хүндрэлүүд байсан бэ. Өнөөдрийн байдлаар та хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн удирдлага мөн үү?
-Би өмнө нь хотын гаалийн удирдлагад гурав дөрвөн жил ажилласан хүн л дээ. Бусад үед нь ч гаальдаа алба хашиж ирсэн. Энэ үүднээс нь манай хамт олон бол намайг мэддэг. Удирдлагын хувьд жаахан хатуу шаардлага тавьдаг хүн байж магадгүй. Гэхдээ энэ хамт олныг л удирдаж яваа хүн юм чинь тэдэнтэйгээ ойр байж, бодол санааг нь сонсч, ажил байдалдаа тусгах юмыг нь авч, хаях зүйлийг нь хаяж явдаг. Аливаа удирдах ажил хийж байгаа хүн хамт олонтойгоо ойлголцож л ажиллах ёстой. Гэхдээ өндөр шаардлагатай, зарчим барьж явах нь зүйн хэрэг. Манай хамт олон намайг маш сайн ойлгодог. Одоогийн байдлаар надад учирсан айхтар дааж давшгүй бэрхшээл алга байна. Намайг хэрхэн юу гэж үнэлдэг талаар манай хамт олон л хэлэх байх даа. Би бол төрийн албаар л анхнаасаа төлөвшсөн, тэр шугамнаасаа гараагүй хүн.
-Манай эрчүүд чинь эмэгтэй хүнээр даргалуулах нэг их дуртай биш шүү дээ. Тэдэнтэй хэр учраа олдог вэ?
-Гайгүй дээ. Урьд нь хамт ажиллаж байсан болохоор бие биенээ мэднэ.
-Аливаа байгууллагад атаа жөтөө, хов жив гээд амьдралын бүх эрээн бараан агуулагдаж явдаг. Иймэрхүү юманд та ямар байр суурь баримталдаг вэ. Эмэгтэй дарга дээр хов зөөсөн улсууд их орж ирэх гээд байдаг?
-Над дээр харин ёстой хов ярьж хүн ирдэггүй ш дээ. Сонин байна уу. Энэ угаасаа л тийм юм сонсдоггүй байсан, одоо ч хэвээрээ биз гэж санадаг байх. Нэг их тэр тэглээ, энэ ингэлээ гэсэн хов ирдэггүй. Нөгөө талаас би бас жирийн л нэг монгол эмэгтэй шүү дээ. Хэдий төрөөр төлөвшсөн, тодорхой алба хашиж ирсэн гэлээ ч. Бас л нэг ийм тийм гээд яривал хүн юм чинь надад зовлон байгаа. Гэхдээ надад өөрийн нэг үзэл байдаг. Ийм сайхан монгол эх оронд хүн болж төрлөө. Сайхан цаг үед амьдарч, сайн боловсрол эзэмшлээ. Улсынхаа буянаар зөндөө л сурч боловсорлоо. Хажуугаар нь эмэгтэй хүний хувь тавиланг эдэлж, эх хүн болж, үр хүүхдээ төрүүлж өсгөж, айл гэрийн эзэгтэй болж нэг үгээр өөртөө нэлээдгүй цаг хугацааг зарцууллаа. Өнөөдөр бол миний амьдрал ахуй тэгширч, үр хүүхэд маань өсөж өндийж, ахуйн асуудлуудад санаа бодлоо чилээх үеэ өнгөрөөчихсөн байна. Хэрвээ энэ төрд, монгол улсад маань миний өчүүхэн хувь нэмэр хэрэгтэй гэвэл би хэзээ ч харамсахгүйгээр бүх хүчээ дайчлан ажиллах ёстой. Энэ үзэл маань намайг тодорхойлж байгаа болов уу. Ялимгүй жижиг сажиг юмыг би бэрхшээл гэж үздэггүй. Би дараа нь өнөөдрийн баримталж байгаа зарчмынхаа төлөө эргэж хэзээ ч харамсахгүй.
-Хуучин та төвийн хэвлэлүүдэд нийтлэл их бичдэг байсан. Одоо яагаад больчихсон бэ?
-Яахав дээ. Эх эцэг маань намайг ном эрдэмд дуртай байхын эх суурийг тавьж өгчээ. Дараа нь сайхан сайхан багш нараар би хүмүүжиж. Би цаг цагийн урсгалд надтай учирч явсан бүх багш нартаа их баярлаж явдаг юм. Ялангуяа Удирдлагын академийн эрдэмтэн багш нартаа их талархаж явдаг. Намайг докторантуртаа элсүүлж авч, сургаж, миний амьдралд эрдэм судлалын дараагийн шинэ үеийг нээж өгсөн явдалд нь үргэлж баярладаг. Тэр цагаас хойш би судалгааны ажлаас огт салаагүй. Ялангуяа өөрийнхөө ажилтай холбоотой, Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэдвүүд дээр тасралтгүй ажиллаж байгаа. Би судалгааны нийтлэлүүдээсээ “Өдрийн сонин”-д нийтлүүлдэг байсан. Маш их хөдөлмөр гаргаж бичдэг байсан. Жишээ нь хүнсний аюулгүй байдлын талаар нийтлэл бичихийн тулд би улсын номын санд очиж холбогдох бүх номыг шүүдэг. Дараа нь тэнд байгаа бүх дессартациудыг шүүж үздэг. Тэгээд бүгдийг нь уншиж судалдаг. Дараа нь Хүнсчдийн Холбоон дээр очиж Гиймаа гэдэг хүнтэй уулзаж байгаа юм. Хавдар судлалын төв, цэргийн госпиталаар орж тасгийн эрхлэгч эрдэмтэн хурандаа Юндэн гуайтай уулзаж байгаа юм. Тэрний дараа эрүүл мэндийн хүрээлэн дээр Баяраа гэдэг ажилтантай уулзаад, Мэргэжлийн хяналтын байгууллага дээр очиж байгаа юм. Их ч цаг нар зарцуулдаг. Хамгийн гол нь өөрөө энэ ажилдаа дуртай. Хэн ч намайг тэгж яв гэж хэлдэггүй. Ингэж их хөдөлмөр гаргасны эцэст нийтлэлээ бичээд сонинд өгдөг. Дараа нь сонины хуудаснаа миний тэр их хөдөлмөр шингэсэн бүтээл гарсан байхыг харах сайхан байдаг.Хамгийн гол нь нэг хүн ч гэсэн олж уншсан байх, хэсэг хүнд ойлголт өгсөн байх, хүмүүс санаа авч амьдрал ахуйдаа тусгах юмсан гэж бодсон байх нь надад таашаал өгдөг. Түүнээс биш миний доктор байх нь гол биш. Миний сурсан мэдсэн юм зөвхөн намайг боловсруулахаасаа гадна миний найз нөхдөд, танил хүмүүст, эсвэл хэн нэгэн уншигчид ойлголт өгөөсэй л гэсэн сэтгэлээр хийдэг юм. Тэр ажлаа би хийж байгаа. Өнгөрсөн онд үндэсний аюулгүй байдлын асуудлаар нэг ном бичсэн. Судалгааны ажлууд маань хийгдээд л явж байгаа.
-Мартсанаас гаалийн байгууллагад тагнуулын ажилтнууд нэлээд олноороо ажилладаг гэх мэдээлэл байдаг. Тийм хүмүүсээ та нар гадарладаг уу?
-Миний хувьд нэг их мэдээд байх шаардлага байхгүй. Юунаас нь айх юм бэ. Шалгаж л байг. Харин ч зүгээр биш үү. Гол нь нүд, чих нь эрүүл байх ёстой.
-Хамт олны уур амьсгалд төвөгтэй биш үү?
-Хуулийнхаа хүрээнд л ажиллаж байгаа бол ер нь юунаас айх ёстой юм бэ. Илүү л ил тод, илүү л нээлттэй ажиллана гэсэн зарчим баримталж ажилладаг.
-Төрийн албыг намын харъяаллаас салгасан. Танайхаас хэр олон хүн намаас татгалзсан бэ?
-Судалгаа байгаа. Бүгд татгалзсан. Гэхдээ нарийн тоо хэлэх бодол алга. Яг улс төрийн харъяалалтай хүн цөөхөн байдаг юм билээ.
-Гаалийнхны цалин ямар байдаг юм бэ?
-Бусад төрийн алба хаагчидтай л адилхан. Цагдаа, хүчнийхэн, гааль гээд бүгд адилхан шүү дээ.
-Ярих зүйл зөндөө байгаа боловч бидний зай талбай бага байна. Нэг сониуч асуулт тавьчих уу?
-Тэг тэг. Ямар асуулт юм бол доо.
-Та гэр бүлдээ хэн бэ. Лидер нь үү. Бас л дарга биз дээ?
-Яалаа гэж. Хөгжилтэй асуулт байна. Би гэртээ хамгийн жирийн эзэгтэй. Өөртөө ямар ч илүү эрх олгодоггүй. Нөхрөө хүндэтгэнэ. Үр хүүхдээ хүмүүжүүлнэ. Гэрийн эмэгтэй хүн юу хийх ёстой тэр бүгдийг л бусдын адил үүрч явдаг. Нөхөр маань бизнес эрхэлдэг. Би тэр хүний буянд өдий зэрэгтэй яваа. Эр нөхрөө их шүтэж амьдардаг үзлээрээ жаахан хоцрогдсон санагдаж магадгүй. Азаар би сайхан ханьтай. Амьдралаас би илүү юу ч хүсдэггүй. Хань ижил, үр хүүхэд маань эрүүл энх, миний дэргэд л байж байвал болоо. Би арван хэдхэн насандаа эцэг эхээсээ өнчирч, амьдралын хатуу хүтүүг үзсэн хүн. Миний хүүхэд ахуй нас бусдынх шиг танхил, нялцгай байгаагүй. Өнөөгийн баргийн юмыг даваад гарчихдаг сэтгэлийн хатуужлаа тэр үеэс олсон байх. Надад одоо байгаа амьдрал минь хангалттай. Илүү юм хүсч, өөрийгөө зовоож шаналгах дургүй. Ер нь илүүдсэн хүсэл шунал амьдралын гоо сайхныг эвддэг зүйл юм шиг санагддаг.
-Та үргэлж формоо өмсч явах юм?
-Сурчихсан. Төрийнхөө энэ сайхан формыг би их хүндэтгэдэг. Хоёрдугаарт, би өөрөө энэ байгууллагыг удирдаж яваа дарга хүн. Өөрөө формоо өмсөхгүй байж, дороо ажиллаж байгаа 200 хүндээ яаж шаардлага тавих юм бэ. Бүх юм ном журмынхаа дагуу явах ёстой. Тэр нь төрийн ажлыг хийхэд гол шугам болж явдаг юм.
цэцэгээ сайн хүн л дэ