Тэтгэврээ хүртээд эрих имрээд нүдээ аниад үхлээ хүлээгээд хэвтэхэд үр хүүхдээс хааяа халиад толгойд хоёрхон бодол эргэлдэх болж. 50-60 жил тархинд чуулсан сэдвүүд үргэн нисээд ердөө хоёр үлджээ. Нэг нь угаасан нүүрсээ төмөр замаар зөөх. Нөгөө нь эрчим хүчний эх үүсвэр. Нарийн төмөр зам тавьж танк их буунд сүйрэх аюулаас аварсан лидерүүд Төр барилаа. Эгийн УЦС-ын гамшгаас Байгал нуурыг ах нар 30 жил хамгаалав. (эцэст нь БНХАУ-ын тэрбум долларын урт хугацааны хөнгөлттэй зээлийг хаасан). V ДЦС барих ганц дов сая таван зуун мянган кв. км нутгаасаа өгөлгүй 20 гаруй жил бултлаа. Тууз хайчилж хуврагуудаар тарина дүнгэнүүлж хадаг цай өдий төдий нүхэнд сохор номин шиг булсныг гарз гэсэнгүй. Шав тавьсан дош болгонд тэрбум тэрбумаар зохиосон ТЭЗҮ бяцхан төсвийг минь холголоо гэж би харамсдаг. Харамсах хэрэггүй юмсанж. Барууны ба инээсэн данжаадуудын залгих дээрмээс эх орноо хамгаалсан баатарлаг үйлс гэнэ. Эдийн засгийн алуурчдаас ингэж авардаг баатруудаа бид Их хурал, Засгийн газартаа бөөнддөг. Давшаад! хэмээн ирэх сонгуулиар тэднийгээ дахиж зална. 

Тулган дорх нүүрсний ордоо түшиглэж хэдэн залуу Хөвсгөл Завханы бөглүү хязгаарт станц барьж, (мөнгө нь хүрээгүйгээс хятадуудтай хамтарч), сумынхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг тогтой болгосноор орос цахилгаанд урсдаг валютаа улсдаа шингээх гэжээ. Өнөөхийг нь Ц.Даваасүрэн унтрааж Хятадад эзлэгдэх эрсдэл зайлуулснаар рейтингээ өсгөлөө. 20 жилийн дараа хөл дорх хүрэн нүүрсээ цахилгаан болгох хүсэлдээ хөтлөгдөн дахиад л тууз хайчлав. 20 насаар хөгширсөн ахимаг эрс цөхрөөгүй ч Даваасүрэнгээс айсаар. Гишүүн сонгогчдоо гоё жижигрүүлж байгаа биз. Эрхэм гишүүний үйлдлээс ямар дэвшил ургав? Оросууд эрчим хүчээ шахсаар. Гишүүний сонгогчид ижилгүй үнэтэй импортын тогонд шулуулсаар. Хөвсгөлийн төлөөлөл, тэдний яс махны тасархай Ц.Даваасүрэнг УИХ-д оросууд сонгоогүй байлтай. 65 суудлаар ялсан МАН Ц.Даваасүрэн гишүүнийг Эрчим хүчний сайдаар томилсон нь түүнийг Тэлмэний одой станц зогсоож, хужаа аюул холдуулсан гэж шагнав уу яав? Мэдэх аргагүй нууц! 

Ц.Даваасүрэн сайдын гараа: Сайд гарааны зураанаас хөдөлмөгц Тэлмэний туршлагаараа Багануурын өндөр чадамжтай ДЦС-ыг гялс зогсоож гавъяа байгуулав. Ц.Даваасүрэн сайд, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Л.Мөнхбаяр хоёрын суртал гайхам өрнөлөө. Хоёр эх оронч маань Багануурт станц баривал Хятадын арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий хятад тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх өвгөн станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж бүгд шатна гэх битүү утгатай марзан ухуулга цацаж эх оронч чанараа гайхуулсан. Тэгээд энэ чиг баримжаанаасаа хазайлгүй зүтгэв. 

Инженерийн яриа: Хүний насжилт дунджаар 60-65 гэвэл ДЦС-ын насжилт 25 гэж амьдрал тогтоожээ. Манай ДЦС-ууд 40-өөс 50 жил ажилласан. Хүнээр бол манай станцууд 120-150 нас зооглоод буй хөгшид юмсанж. Оросууд биднийг ДЦС ба УЦС шинээр барихын оронд 120-150 настай буурай нарынхаа тархи, зүрх, уушиг, ходоод, бөөрийг соль гэж өндөр хүүтэй зээл өгөв. Орос станцуудын элэгдэж үхэжсэн цогцост шилжүүлэн суулгахад таарсан донор эрхтэнүүд зөвхөн Оросод байдаг бөгөөд хоцрогдсон орос технологиор үйлдсэн эд анги дорхноо эвдэрч ахин дахин зөөж ядуу бидний валют хойшоо урсдаг. Маныг ийм аргаар шулахын тулд арчаагүй ядуу дорой байдалд чөдөрлөөд чадамж өндөр шинэ технологиор эрчим хүчний сүпер эх үүсвэр барихыг зөвшөөрдөггүй юм.

Өөр өнцөг: Цахилгаан станцууд оргил ачааллын үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүд аньж өрдсөөр осол гарах хутагны ирэн дээр өвөлждөг. Эрчим хүчний доголдлыг хаах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц! Гэтэл сайд нь зогсоочихов. 40 хэмд тэг зогсолт болбол хот тэс хөлдөнө. Хүн хэдхэн цагийн дотор осгож дороо үхнэ. Аймшиг. Сүйрэл. Ямар ашгийн төлөө нийслэл, зарим хотынхоо иргэдийн амийг үхэлд дэнсэлж, эрсдэлээс хамгаалах эрчим хүчний шинэ эх үүсвэрийг гацаана вэ? Энэ аюулыг Эрчим хүчний сайдаас илүү мэдэрдэг хүн Монголд байхгүй. Мөн бөх зүрхтэй сайд шүү. Нас нь хоёр дахин хэтэрч зүрх нь тасалдсан станцууд амьтан бол хэлээ унжуулан аахилсаар. Сохор азаар мэнд шүү л явна. Жидүүч сайд гишүүдийн толгой сэтгэлээс өөр маркын толгой сэтгэлтэй ДЦС-ын ажилтан инженерүүд болохгүйгболгон монголчилж, эрсдэл бүрийг зайлуулж яваа нь юутай их буян бэ. 

Эрчим хүчний монгол менежмент буюу хагалбар. 120-150 настай хөгшид тархи зүрх элэг уушиг бөөр ходоод шилжүүлэн суулгах хагалгаа хэдэн он хүртэл хэдэн удаа хийлгэх таавар. Орос геополитик мэдэх асуудал. Хөгшид хагалгаагаа даагаасай гэж залбиръя. Дундаж насжилтаасаа хоёр дахин урт сүүдэр зооглосон буурай станцуудыг гадаад дотоодын докторууд шинжлээд үхэх цаг нь хэтэрчихэж. Хасах 40 хэмийн оргил ачааллынхаа үед дэлбэрэх аюул тун ойртжээ гэж анхааруулсан ч манай эрх баригчид эрдэмтдийн үгэнд ордог жижиг гарууд биш билээ. Өтөл станцууд эцэстээ тулаад амьсгал хурааж хот даяар хөлдөх аюул нөмөрвөл оросууд өндөр үнэтэй цахилгаанаа шахаж аврах ч заавал тэгж баларч өрөнд унах хэрэг юу билээ? Мэдсээр атлаа эрсдэл рүү зүтгээд байдаг мунхаглал уу эсвэл шунал уу? Үүний төлөө л сайд маань зүтгээд явах шиг. Өөрийн төлөө бус өрөөлийн төлөө?! Гишүүн та хэний төлөөлөл бэ? Монголоо хорлосон гацаагаа Та телевизээр бухдаг ч хүйтэн царай тань итгэл төрүүлдэггүй. Бид мал биш хүн. Тэнэг тайлбарт хууртахгүй. 

Багануур ДЦС төсөл: Төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам. доллар. Барих-ашиглах-шилжүүлэх гэрээг 2015 онд хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн бөгөөд 25 жилийн дараа Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулж маневрлан цохицуулах боломжтой 350 МВт-ын хоёр трубин суурилуулахаар төлөвлөж суурийг нь цутгачихсан. Гэрээт хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам. долларын гэрээнд Монгол улсын Засгийн газраас ямар нэг баталгаа шаардахгүй гэх заалтыг тусгачихаж. Мөн худалдах, худалдан авах гэрээнд зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 1-4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. Тав дахь жилээс хоёр блокыг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уяан нөхцөлийг гэрээнд зааж өгчээ. 

Арван жилийн дараа буюу 2028 онд блок тус бүр нь 315 МВт-аар ажиллаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ашиглалтад ормогц эрчим хүчний салбарт нийлүүлэлтийн илүүдэл үүсгэж, цахилгаан худалдах, худалдан авах талаар маргаан үүсгэхгүй гэсэн үг. Энэ нь технологийн хувьд нэг шат ахиулах дэвшил, бас цахилгааны найдвартай аюулгүй ажиллагааг ойрын таван жилдээ хангах шинэ эх үүсвэр юм. Тус станц нэг кВт цахилгааныг өдгөө ОХУ-аас импортолж буй цахилгааны тарифаас хямд үнээр Төвийн бүсэд нийлүүлэх нөхцөл тавьсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос Багануурын ДЦС-ын эрчим хүч борлуулах гарааны үнийг 6,3 цент байхаар баталсан. Тэгвэл 2016 оны байдлаар импортын цахилгааны дундаж тариф 8,2 цент байгаа нь Багануурын цахилгаан станцын нийлүүлэх үнээс өндрийг харуулж байна. 21 жилийн хугацаанд үсрээд 70 сая тонн нүүрс хэрэглэнэ. 812 сая тоннын нөөцтэй уурхайнхаа аман дээр станц байгуулбал мөн ашигтай яа. Ийм төсөл царцаадаг хэн бэ Та. Хүчирхэг боловсронгуй, маневрлах өргөн боломжтой төслийн өө сэвийг сөрмөх тухай Та нэг ч үг унагалгүй шууд хаагаад нас хэтэрч үжирсэн станцуудаа өртөг хайрлахгүй сэлбэхээр гүрийсэн. Даалгавартай юу? 

Хөрөнгө оруулагч тал 214 сая ам. доллар нэгэнт зарцуулжээ. 214 саяыг төлөхдөө тулбал төслийг зогсоосон сайдаас өөр нэг ч татвар төлөгч хохирох ёсгүй. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квотын дагуу Хятад ажилчдын тоо хязгаартай агаад ажиллагсдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятадын арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатаах аюул бэ сайд аа? Импортын дундаж үнэ 8,2 цент байхад гарааны үнэ 6,3 цент. Өндөр үнэ хаана байна Мөнхбаяр аа. Залуус станцын тухай өвгөн надаас асар ихийг мэднэ. Та хоёр тэднийг мэхэлнэ гэж саналтгүй. Үеэ өнгөрөөсөн болхи суртал даяаршлын зуунд явахаа больсон. Их Хятадын сонирхол дэлхий. Тэд мануусыг тоож, хааж боохгүй. Гацаа бол эрчим хүчээ БНХАУ-д борлуулдаг оросуудын биднийг элэг барьдаг зуршил төдий юм. Эрих имрээд хэвтэж буй өвгөн-миний олж мэдсэнийг залуус минь нягтлаарай. Зориуд хэт хүчтэй станц сэм оруулж ирж орос станцуудыг шахан зайлуулах гэлээ гэж хаагсан. Хүнээр бол 120-150 настай станцуудыг байнга сэлбэж хөрөнгөө дэмий асгаснаас орчин үеийн станц барих санаа буруу гэж үү. 

Айлаар бариулсан өртгөө бүрэн төлсөн нөхцөлд гэрээ ёсоор станц зуун хувь манайд шилжинэ. Түлдэг нүүрс дэргэд. Манай хуучин станцуудыг Орос бариад төлбөрөө биднээс бүрэн гүйцэд авчихсан ч аварга савар атгаастай. Эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээгээ өөрсдөө хангах оролдлогыг маань оросууд чагталж, өндөр үнэтэй цахилгаанаа шахсаар! Багануурын ДЦС оросуудыг шоконд оруулсан болтой. Ийм нөхцөлд эрчим хүчний сайд маань Багануурын ДЦС Монголыг сүйрүүлэх гай гамшиг гэж эх орноо хорлон сүйтгэж буйг жигших таарсан үг олсонгүй. Ийм нялуурал хэдий анзааны “юм”-тай дүйх бол? 

В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). О.Дерипаска хувийн УЦС-уудынхаа эрчим хүчийг өөрийндөө борлуулдгаас бурядад 3, манайд дахин өсгөдөг. Бизнес ашгийн төлөө зүтгэдэг тул буруугүй. Түүний цахилгааныг мөнхөд ихээр импортлохын тулд өөрийн эх үүсвэрийг хаадаг монгол ямар хүн бэ. Багануурын ДЦС ядуу бидэнд чухал, харин эрчим хүчээ өндөр үнээр шахдаг оросуудад халтай төсөл болж таарав. Хамгийн ноцтой нь монгол сайд ялж, монголчууд хохирлоо. Тэг зогсолтын гамшигт Даваасүрэн юу ч хийж чадахгүй, буруугаа бусдад чихээд сууж байх сайд гэдгээ зуны нэг сайхан өдөр таниулав даа. Идэр ес тачигнасан үе таарсан бол яах байсныг санацгаая.

Багануурын станцыг унтрааж хужаагаас аврагч Даваасүрэн гацаадөг харшлаараа Рио Тинтог шордов. Рио Тинто ДЦС барьж эрчим хүчээ хангах ёстой гэрээгээ биелүүлээгүй гэх ойлголт над мэтийн мунхаг монголд суулгаж өглөө. Гэрээнд Монголоос эрчим хүч авна гэсэн хэдий ч Монголд цахилгаан байсангүй. Одоо ч байхгүй. Арга ядахдаа ойроор нь Хятадаас авчээ гэж ойлгогддог. Хөрөнгө оруулагч тал ДЦС барих үүрэг авсан юм уу аваагүй юм уу? Гэрээнд юу гэж тусгасныг нийтэд уншуулчихвал эргэлзээ түвэггүй арилмаар. Тэгэлгүй станц барих гэрээгээ зөрчин шулдаг гэж нотлох баримт үзүүлэлгүй нүдэн балай бурдаг хүн улсаа хорлодог аж. Даваасүрэн мэтээс болж манайхыг сонирхон судалж байсан хөрөнгө оруулагчид зай барилаа. Баялаг арвин ч эрх баригчид нь нохойтоод хамтрах боломжгүй улс гэгдэв. Монголд орж ирсэн ганц том хөрөнгө оруулагчийг хөөх гадны далд явуулгыг Даваасүрэн нар дэврээж, эх орон руугаа чиглэсэн олзны амыг хааснаар олноо ядууруулав. Элитүүд хазаарлаагүй бол бүр самарсан.

Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой цаашаа Хятадад гарах цахилгаан дамжуулах агаарын шугам гол зорилго юм биш үү. Өндөр үнэтэй импортын цахилгаанд хамаг байдгаа шавхдаг Монгол агаарын шугамаар юун эрчим хүч экспортолж, зам зууртаа Оюутолгойг хангах гэв ээ? Энэ бол Монголын хувьд өөрийгөө хорлосон бялдуучлал Оросын хувьд эрчим хүчээ Азид гаргах том бизнес. Тэр шугамаар хэний цахилгаан урсах нь тодорхой ч хэдэн жил урсах нь тодорхойгүй. Ийм найрамдал-дружбаг яалтай. Дерипаска оросын ард түмэн биш, оросын ард түмэн Дерипаска биш. Түүний хувийн цахилгааныг Оюу толгой цаашаа Хятад руу урсгахын тулд Монгол өөрийн төслүүдийн өмнүүр очергүй татан өгч буй агаарын шугам. Энэ шугамаар урсах Оросын цахилгаанаар Оюутолгойг хангахын төлөө эх орноо сөхрүүлж буйгаа нуухын тулд худал үгээрээ даралт ихэсгэнэ. Орос цахилгаан Оюутолгойд холбох гэж үхэлдэхдээ Даваасүрэн “Рио Тинто 220-ын шугамаа нээж өгөхгүй байна” гэж эх орноо өрөвдөв. Дүр нь дур гутам хуурамч. Оростой хамтрах чухал гэдэг хүн би. Гэхдээ орос баячуудыг цатгаж, ядуу ардаа хоослох монгол хүний шившиг. Сонгууль айсуй. Даваасүрэн дахиад сонгогдвол далд том зорилгоо хэрэгжүүлэх нь лав. Харин Тэлмэний жижиг станцыг яах бол сонгогчид оо? Өвгөн зохиолчид Тэлмэний станц хүртээлгүй ч цахилгааны эх үүсвэрээ Монгол нэмээсэй гэх мөрөөдөл минь үхтэл унтрахгүй болтой. 

2020-03-01