Ж.Мөнхбатад санаа байсангүй. Бараг сэдэв ч байгаагүй бололтой. Түүнд зөвхөн улс төрийн шаардлага л байж. Харамсалтай нь урлагийн бүтээл хийхэд энэхүү байгаа ганц юм нь даанч хангалтгүй байлаа. Тэгээд л зохиол босож ирээгүй байна. Зохиолгүй болоод ч тэр үү, найруулагч А.Мөнхсүхэд бас санаа орж ирсэнгүй. Гол ажлыг гардаж байгаа хүмүүс нь ингэж юу хийгээд байгаагаа мэдэхгүй байснаас болж “Долоон бурхан харвадаггүй” зүгээр л дэлгэцнээ эрээлжилсэн элдэв дүрсүүд, гял цал атлаа дутуу дулим дүрүүдийн хутгалдаан, гэрэл сүүдрийн холилдсон бантагнал болж хувирсан байна. Товчоор хэлбэл, төсөл бүр анхнаасаа буруутаж, улмаар бүтэлгүй болжээ.

Ардын хувьсгал гэж нэрлэдэг түүхэн үйл явдлын удирдагчдын тухай нийтлэг ойлголт, төсөөллийг эвдэх гэж оролдохдоо гол дүрийн фокусыг хэн дээр нь ч тусгасангүй. Долоон гол дүр босгох гэсэн ядмагхан оролдлого нь харин ч бүгдийг гол бус болгож, тарамдуулаад хаячихжээ. Кино бол урлагийн бүтээлүүдийн зохирол төгөлдөр сүлэлдээн байдаг. Хором мөчөөр нь нямбайлан эвлүүлж төгс утгыг гүйцээн гаргахын тулд кадр бүрийг нэг бүрчлэн урлахуйн наад захын шаардлагыг хангахуйцаар дэглэж хэлхдэг. Төгс утга нь дүрүүдийн хувь заяанд нийтгэгдэж, тэдгээр дүрүүдийг мөнхүү төгс болгоно. Жүжигчид ч өөр өөрсдийн дүрийг амилуулахын тулд тодорхой зан чанар, эрмэлзэл ч юмуу, аль нэг үйл явдлын зорилгыг гол болгож авах нь бий. Гэтэл зохиолд дүрүүдийг хүн гэдэг агуулгаар бус баатар, од ч юмуу, ямар нэгэн символ болгоод дүрсэлчихсэн тохиолдолд тэдгээрийг амь оруулахад маш хэцүү. Яг ийм байдал “Долоон бурхан харвадаггүй”-н дүрүүдэд тулгарсан болов уу. Хуурамч, хүчилсэн жүжиглэлт мэргэжлийн жүжигчдээс ч харагдлаа.

Амьдраагүй дүрүүд үзэгчдийг огтхон ч хөтөлж, сэтгэлийг нь хөдөлгөж чадаагүй нь бүтээлийн зорилго биелээгүйг илтгэнэ. Өгүүлж байгаа цаг үеэ зохиолч, найруулагч, оператор, зураач, жүжигчид, ер уран бүтээлийн багт орсон хэн ч олигтой судлаагүйгээс үр хэллэг, диалоги нь дэндүү хүдал хуурай, сүүлдээ бүр орчин үеийн намын хурлын илтгэл маягтай болж ирсэнийг гайхшравч барамгүй. Найруулагч жүжигчиддээ чухам ямар чиглэл өгч, дүрүүдийнхээ тухай ямар ойлголтойгоор ажилласныг тааварлахад бэрх болжээ. Дүрүүдийнхээ тухай төсөөлөлгүй, тэднийг хүнийх нь хувьд дүгнэж цэгнээгүй найруулагчийн ажиллагаа бүтээлдээ огт хүмүүсийн тухай бус өөр “ямар нэгэн юмс”-ын тухай өгүүлэхэд хүргэчихэж дээ гэлтэй.

Түүхэн киноны гол онцлог бол цаг үеийн тоглолт байдаг. 1921 он, шинэ Засгийн он жилүүд, тэр цаг үеийн нийгэм, хүмүүсийн амьдрал огтхон ч тоглогдоогүйгээс болоод гол дүрүүдийн зорилго ойлгогдсонгүй. Зорилгогүй дүрүүдийн үйл явдлуудад оролцож байгаа оролцоо шалтгаангүй, утга учиргүй болж хувирсан төдийгүй ерөөс “Долоон бурхан харвадаггүй” бүхэлдээ ямар ч гол үйл явдалгүй, нэвтрэн гарсан сужетгүй болж хувирчээ. 30 гаруй жилийн үйл явдлыг багтаах гэхдээ цаг хугацаа ба үйл явдлуудыг хооронд нь хэлхэж холболгүйгээр үсэргэж, тасчиж орхисноос тухайн түүхийн талаар мэдлэг, мэдээлэл багатай хүмүүс ойлгоход хүндрэл учрахаар болсон байна. Диалогиудад дүрээ илэрхийлэх гэхээсээ илүү үзэл суртын, уриа лоозонгийн утга шингээснээс болж жүжигчид хэлж чадалгүй оромдсон хэсгүүд асар их. Ялангуяа Д.Сүхбаатарын дүрийг бүтээсэн Д.Эрдэнэмөнх мэргэжлийн жүжигчин биш, хэлэх учиртай яриа нь дан зохиомол, наалдацгүй байснаас болж тоглолт хийж огт чадаагүй бололтой. Худлаа, хоосон хоолойгоор ярих түүний тоглолт дүрийнхээ өгөгдөлд өөрөө ч итгээгүй юм уу гэмээр харагдуулав.

Гол үзэгдэл (сцена) гэж хэлж болох Хиагтын тулалдааны хэсгийг киноны багийнхан огтхон ч хийж чадсангүй. Багагүй масс оролцуулсан нүсэр ажиллагаа дэг журмаар тун тааруухан болжээ гэж дүгнэхээр. Амь зулбан дутаахын оронд спорт алхаагаар явж байгаагаас ялгаагүй гүйлдэх гамин цэргүүдэд дайны тухай, үхэл амьдралын зааг дээр байх тухай ямар ч төсөөлөл төрөөгүй байдалтай байх аж. Алагдсан гамин цэрэг дэлгэцны төв хэсэгт элдэв хөдөлгөөн хийж зураг авалтыг алж хаясныг эвлүүлгийн үеэр анзаараагүй баймгүй. Нүүр хувиргалт муу хийгдсэний зэрэгцээ оролцон тоглогчид өгөгдсөн нөхцлөө (дайн, байлдаан) ойлгоогүй, дүрдээ ороогүйгээс болж үнэмшимгүй болсон нь илт харагдаж байлаа.

Түүхэн фоноо бүтээж, цаг үеийнхээ онцлогийг илэрхийлсэн, учир шалтгааны уялдаа хэлхээ болохуйц хэрэгтэй үзэгдэл маш ховор атлаа хэрэггүй, дэмий юмсыг урт удаан өгүүлсэн байх нь ч элбэг таарав. Тухайлбал Чойбалсангийн орос хүүхэнтэй амраглаж байгаа хэсэг бүтээлд чухам ямар үүрэг гүйцэтгэж байгааг хэн ч хэлж чадахгүй. Учир нь үүнд үүрэг байхгүй. Долоон бурхан одны домгоор хажихыг хичээсэн боловч түүнийг бүтээлийн үндсэн үйл явдал, дүрүүдтэй нааж өгөөгүй болохоор тасархай шигтгээ, үндсэндээ хэрэггүй, зохиогүй чимэглэл л болсон байна. Мэргэжлийн жүжигчид гэхэд У.Батбаатар, А.Баттүшиг нар дүрээ төдий л сайн судалсангүй. Ямар ч зорилгогүй аллага үйлдээд яваа Элбэгдорж Ринчино, сэнтийдээ залрахаас түдгэлзэж байгаа Богд хааны бодол санаанд чухам юу төрснийг жүжигчид өөрсдөө одоо ч хэлж мэдэхгүй суугаа болов уу. Харин орос жүжигчид, тэр дундаа коминтернийн тагнуулч Блюмкины дүрийг бүтээсэн Василий Баталовын тоглолт бусдыгаа бодвол арай эвлэг болж чаджээ. Хэдийгээр цөөхөн гарах боловч тэрээр зорилго болон зан төрхөө зөв гаргаж чадсан байна. Мөн цорын ганц уран сэтгэмжийн дүр болох Гарамыг жүжигчин Н.Ялалт бие хүн болгож дэглэжээ. Харамсалтай нь түүнд зориулсан бүтээцүүд, ялангуяа гэр орныг нь хүйс тэмтэрсэн байх үеийн тайз туйлын болхи болсон байна. Гэр нь шатаад дуусч байгааг илэрхийлэхдээ айл байсан гэмээргүй цөөхөн эд хэрэгсэл хайнгахан өрж, ямар ч айлын бууц гэхээргүй шинэ газарт тавьчихсан нь чухамдаа ор нэр төдий харагдсан.

“Түүхийг бид үнэнээр нь гаргахыг зорьсон” гэж Ж.Мөнхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Үзэл суртлын шуурга дээвэр, туурга сэвэлзүүлсэн социализмын жилүүдэд Монголын түүхийг гуйвуулсан нь гашуун үнэн. Гэхдээ гуйвуулгыг засаж залруулахад түүхийн судалгаа л чухал болохоос сэтгэлийн хөөрлөөр шийдэж болдоггүй. Тэгэх юм бол харин ч улам лавшруулсан гуйвуулга болохын тод жишээ нь “Долоон бурхан харвадаггүй” боллоо. Бүтээлд Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт, тус хүрээлэнгийн захирал С.Чулуун, доктор С.Ичинноров нар зөвлөсөн тухай зохиолч нь ярьжээ. Энэ түүхчид чухам ямар зөвлөгөө өгөөд тэр түүхийг ингэтэл дахин хэлмэгдүүлэхэд хүргэснийг таах гээд чадсангүй.

Цаг хугацаанд давчдаж, шахагдсан байдалд хийсэн юм болов уу гэмээр асар их алдаа, “хог новш” ихтэй болхи эвлүүлэг бүхий эл бүтээлийг кино гэж би хувьдаа нэрлэмээргүй санагдсан. Учир нь кинонд байх ёстой бүх юм үүнд байсангүй. Үйл явдлын үндсэн шугам, гол дүр, зөрчил тэмцлийн учир шалтгаан, өрнөл болон шийдэл, зорилго, утга санаа, дүрслэлийн хэл, дүрүүдийн цогцлол, ер нь кино урлагт шаардагддаг наад захын бүх юм алга. Хов хоосон юмсыг харин ч яаж ийгээд хэлхэж чадсанд нь эвлүүлэгчийг сайшаамаар. Хоёр цаг гаруй үргэлжилсэн энэ сунжруу нуршуу дүрслэлүүдийг яг юу гэж нэрлэхээ шийдэж барсангүй. Кино лав биш. Теле нийтлэл, нэвтрүүлэг ч ийм байдаггүй.


Дүрүүдэд:Догсомын Бодоо – Ц.Төмөрхуяг, Солийн Данзан – Н.Төмөрбат, Дамбын Чагдаржав – Ш.Баянмөнх, Дансранбилэгийн Догсом – Г.Золбоот, Д.Цэрэндагва, Хорлоогийн Чойбалсан – Б.Бямбасүрэн, А.Дашпэлжээ, Дамдины Сүхбаатар – Д.Эрдэнэмөнх, Дарьзавын Лосол – П.Хувьзаяа, Н.Пүрэвдорж, Гарам – Ялалт, Элбэгдорж Ринчино – А.Баттүшиг, Блюмкин – Василий Баталов, VIII Богд – У.Батбаатар, Барон – В.В.Кузьмин, Сүй Шү Жан – Ц.Төмөрбаатар


“Үндэстний тойм” сэтгүүл. №15 (114) 2012.04.09