Түлээ хагалж, ус зөөдөг “элит” сурагчид

Олон улсын лаборатори сургуулийн сурагчид хичээлээ тараад, түлээ хагалж, ус зөөж байна. Ангидаа хорин хэдүүлэхнээ, танхим бүр нь иж бүрэн тоноглогдсон, англи, монгол хос хэлээр хичээллэдэг гоё сургуулийн хүүхдүүд Хайлааст, Рашаант, Яармагаас хичээлдээ явдаг юм. Элит айлын булбарай хүүхэд гэр хорооллын амьдралтай танилцах аялал хийж, хариу нэхээгүй тус, сайн үйлсийн өдөр санаачилсан хэрэг биш. Олон улсын лаборатори сургуулийн сурагчийн оршин суугаа хаяг нь “Рашаантын 18” эсвэл “Булгийн 17”. “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл”, “Шинэ эхлэл” сургуулийг барилга байшин, орчин нөхцөл, хос хэлний хичээлийн хөтөлбөр, Монголынхоос гадна олон улсын гэрчилгээтэй төгсөх учраас хувийн “элит” скүүлтэй андуурдаг. Зурагтаар гардаг, Ерөнхий сайд зочилдог, гоё ч гэсэн ямар нэг үнэ төлбөргүй, улсын сургуульд ардын хүүхэд сурч байна. Улсын жишиг гурван сургуулийн нийт 320 сурагчийн 85% нь сард саяас доош орлоготой өрхийн хүүхэд. Гурван сурагч тутмын нэг нь буюу 36 хувь нь сард 600 мянган төгрөгөөс бага орлоготой эгэл айлын жаалууд. Гэр хорооллоос хичээлдээ явдагаасгадна бүр Архангай, Баянхонгор, Өвөрхангайгаас шилжин ирсэн хөдөөний хүүхэд ч байна. Төрийн үйлчилгээний албан хаагчид буюу эмч, сувилагч, багш, эргүүлийн цагдаа зэрэг аав ээжтэй хүүхэд хамгийн олон. Хувиараа хөдөлмөр эрхэлж амин зуулгаа залгуулагсдын хүүхэд нийт сурагчдын 20 хувь. Арын хаалгагүй, ардын сургуулиуд жил бүр элсэлтийн шалгалт авна. БСШУ-ны сайдын хэлснээр ирэх намар англи хэл, монгол хэл, математикаар элсэлтийн шалгалт авах юм байна. Чи хэний хүүхэд вэ? Эцэг эх чинь төлбөрийн чадвартай юу? гэж асуухгүй. Чи ямар сурдаг хүүхэд вэ? л гэж асууна. Ардын “элит” сургуулийн жирийн монгол айлын хүүхдэд дэлхийн хүн болох зам нээгдэж байна. Кэмбрижийн стандартаар буюу Монголын болон олон улсын хөтөлбөрөөр зэрэг хичээллэж, хоёр гэрчилгээ авна. Олон улсын болон Монголын дунд боловсролын гэрчилгээтэй төгсөх юм. Дэлхийн 120 орны зургаан мянган их дээд сургууль Монголд эзэмшсэн ерөнхий боловсролыг нь хүлээн зөвшөөрнө. Жилийн 12 мянга хүртэлх долларын төлбөртэй хувийн сургуулийн олгодог гэрчилгээг эгэл жирийн айлын монгол хүүхэд үнэгүй сурч, гардаж авах нь бодитой болсонд л хамгийн гол ач холбогдол нь оршино. Элсэлтийн шалгалтаа сургууль өөрөө авахгүй. Боловсролын үнэлгээний төв элсэх хүүхэд бүрт нууц дугаар өгөх зэргээр чангалж, арын хаалга онгойхгүй байгаа  учраас төлбөртэй юм шиг гоё мөртлөө үнэгүй, элит маягийн атлаа ардын улсын сургуульд гэр хорооллын жаал олон байна. Одоо байгаа олон улсын лаборатори гурав, үндэсний лаборатори 31 сургууль бүгд төлбөргүй, улсын өмчийн, ардын хүүхдийнх учраас мөнгөний биш “оюуны элит” гэж болно. Социализмын үед улсынхаа зардлаар, үнэ төлбөргүйгээр боловсрол олж авсан хүмүүс өнөөдөр капитализмын цагт Монголыг удирдаж,  амьдралаа авч явна. Харин тэдний үр хүүхэд, хойч үеийн дүү нар нь эцэг эхийнхээ мөнгөтэй, мөнгөгүйгээс хамаараад, хичнээн сайн сурсан ч гадаадын нэртэй сургуулийн босго давахгүй үлдэж, хэдий муу байсан ч төлбөрийн чадвараараа хилийн чанадыг зорьж байна. “Хожсон хүмүүс, хожимдсон залуус” гэж хэзээ төрснөөр нь нь хоёр хуваах нь шударга биш. Өнөөгийн дөч, тавиад насныхан хүүхэд байхдаа олимпиадын аварга болж, онц сураад улсынхаа зардлаар улаан Москва, алтан Прагийг  зорьдог байлаа. Өнөөдрийн олимпиадын аварга, онцын эзэд хоосон хоцорч байна. Нарантуул зах дээр наймаа хийдэг ээжийн хүү арван олимпиадын аварга сурагч хаачих вэ?



Кэмбриж тойрсон эндүүрэл

Кэмбрижийн хөтөлбөр, Кэмбрижийн стандарт гэсэн нэр томъёог тойрсон энгийн эндүүрэл төөрөгдөл их байна. Английн алдарт Кэмбрижийн их сургууль Улаанбаатарт гурван дунд сургууль байгуулчихсан гэж андуурсан тохиолдол ч гарчээ.  Олон улсын лаборатори гурван сургууль БСШУЯ-ны харъяанд ажиллаж байна, мэдээж улсынх. Үүн дээр үндэсний лаборатори, хос хэлний 31 сургууль нэмэгдэж байна. Улаанбаатарт арав, аймаг бүрт нэг, нийтдээ 31 сургуульд хөтөлбөр шинэчлэх, нэвтрүүлэх туршилтэнэ 4 дүгээр сараас эхэлж байна.Английн стандартыг Монголд нэвтрүүлэх тухай яриа огт биш. Кэмбрижийн их сургуулийн салбар байгуулж байгаа хэрэг бүр ч биш. Кэмбрижийн стандартыг баримжаалсан, боловсролын шинэчлэл. Монголын дунд боловсролын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахад Кэмбрижийн олон улсын шалгалтын төв хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл дэмжлэг үзүүлж байгаа юм. Туршилтаа амжилттай хэрэгжүүлээд Монгол улс шалгалт өгнө гэсэн үг. Тэнцвэл Монгол улсын ерөнхий боловсрол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх юм. Кэмбрижийн олон улсын шалгалтын төвийнхөн хөтөлбөр боловсруулахад болон шалгалтыг амжилттай өгөхөд тусалж дэмжинэ. Монголын дунд боловсролын хөтөлбөрийг бусад улсынхтай дүйцүүлэхэд зөвлөнө. “Энэ манай хөтөлбөр. Үүнийг аваад хэрэгжүүл гэж байгаа юм биш. Монголын шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулахад нь дэмжиж байгаа ажил” гэж Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Брижс ярьсан байна. МУИС-ийн багш, профессор Д.Ганбат “Бид гадаад улс орны боловсролын системийг Монголд тэр чигээр нь нэвтрүүлэх гээгүй. Монголд тохирч болох зүйлүүдийг нь авч, өөрийнхөө онцлогт нийцүүлэн хэрэглэх утга агуулгатай ажил. Монголын онцлог байх ёстой. Нөгөө талаар дэлхийд даяаршил түгж байна. Монголын боловсролыг дэлхийд үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй” гэж хэллээ. БСШУ-ны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Манайд өнөөдөр маш олон хичээл үзэж байна. Тэгсэн хэрнээ тэр бүхэн нь бүрэн хэмжээгээрээ үр дүнтэй сургалт болж чаддаггүй. Тийм учраас сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгоно. Бүх мэргэжилд математикийн гүнзгий мэдлэг шаардлагагүй. Математик хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Гэхдээ ялгаатай математик хэрэгтэй” гэж ярьсан байна. Эмч болъё гэж байгаа хүүхэд хими, биологи, анотомийн хичээл түлхүү сонгоно, инженер, эдийн засагчийн мэргэжлийг ирээдүйд эзэмших дур сонирхолтой нь математикаа гүнзгийрүүлнэ гэсэн үг юм. Кэмбрижийнх, Монголынх гэхээрээ хичээлийн агуулгад асар ялгаа үгүй. Англи математик, франц физик, итали хими, эсвэл заир биологи, кампучи шугам зураггэж тус тусдаа байхгүй. Гагцхүү заах арга, үнэлэх шалгуур, хүүхэд бие даах, багаар ажиллах, онол үзсэнээ амьдралд хэрэглэх, батлах, хамгийн гол нь уян хатан шинж чанартайд л асуудлын гол нь байна. Хүүхэд бүр өөрийн авъяас чадвараа насны бага, нарны эрт дээр улам хөгжүүлнэ, сонгон чиглэнэ гэсэн үг юм. Гучин хоёр хүүхдээс математикийн яг адилхан шалгалт авахгүй, заахгүй. Хүүхдийн нэг хэсэг нь тоондоо сайн бол нөгөө зарим нь хэл, түүх, уран зохиолдоо илүү байдаг нь байгалийн жам ёсны эд. Сургууль нэг бол бүх талын мэдлэгтэй сүүпэр хүн бэлтгэх гээд үзчихдэг, үр дагаварт нь цөөн тооны “гавал”, онцчууд, их хэмжээний хоцрогдсон гээгдсэн хүмүүсийг эртнээс төлөвшүүлж орхидог билээ. Өнгөрсөн зуунд Зөвлөлтийг баримжаалсан боловсролын тогтоц үүргээ гүйцэтгэсэн. Зөвлөлт маягийн  хүнийг бэлтгэн гаргаж байлаа. Өнөө цагт дэлхийг баримжаалсан, дэлхийн хүнийг бэлтгэх шинэ тогтоц эрэлт хэрэгцээ болж байна. Хэдхэн жилийн өмнө зургаан настай хүүхдүүд сурагч болж эхлэхэд  хүүхэд ядарна, худлаа дэмий гэж шүүмжилж байсан ч  өнөөдөр хэв ерийн стандарт болжээ. Дэлхийн монгол хүмүүийг өнөөдөр бэлтгэнэ.