Оросын Төрийн Думын гишүүн бөгөөд Олон улсын харилцааны байнгын хорооны дарга Алексей Пушковын (нэрт судлаач, хөтлөгч, дипломатч) хөтөлдөг ТВЦ телевизийн “Постскриптум” нэвтрүүлгийг үзэж суутал гарчигт дурдсан “Путины гурван удар” гэдгийн талаар чих сортолзуулсан баахан мэдээлэл цухалзав. Тэр гурав нь 1) Сочийн өвлийн олимп; 2) Крымыг Орост нэгтгэсэн; 3) Хятадтай байгуулсан 400 тэрбум ам.долларын нүсэр том төслийн баримт бичиг юм гэв. Дараалсан энэ гурван цохилтын дараа Путины нэр хүнд асар өсч, Оросын түүхнээ байгаагүй өндөр рейтинг тогтоолоо хэмээн “Постскриптум” –аар ярив. Оросын либерал ардчилагчдын гудамжны тэмцэл (“Крымыг эзлэн авсан нь Оросын гутамшиг” гэх уриатай) бол тэр рейтингийн өсөлтийн дэргэд бол юу ч биш хэмээн “Постскриптум” үзэв.



Хуучраагүй байгаа шинэхэн түүх. “2014.03.16-ны Крымын референдум”. Энэ өдөр болсон үйл явдал юуны өмнө ОХУ дахь орос үндэстнүүдийн омогшлын баярын өдөр болсныг нийтээрээ харсан даа. Залгаад Зүүн өмнөд Украины хэрэг явдал оросуудын цөсийг хөөргөж чухам сэрлийг нэг хэсэг бадраасан. Оросын философич А.Дугины алдарт афоризм байна. “Орос орон хэлмэгдлээсээ өндийж, оросын сүнс сүлд аугаа ихээр босч ирлээ”, “Их Оросын сэтгэлийн гүнд бугшин байсан их патриотизмыг Галичины жижиг бэртэгчин национализм сэрээлээ”– хэмээн тэрээр бахдан бичжээ. Галичин гэдэг нь дэлхийн II дайн өмнө СССР-т хавсаргагдан нэгтгэгдсэн Баруун Украины мужуудыг нэрлэсэн хэрэг.

Түүнийхээр бол Донецкийн ардын бүгд найрамдах улсын төлөө зүрх нь лугшиж буй, Харьковын залхаан цээрлүүлэгчдийн эсрэг эвлэлдэн нэгдсэн, Луганск, Николаев хотод үхлийг сөрөн буй хүн ард, Одесст өөрийгөө хамгаалан буй отряд – энэ бүгд бол аймшгийг сөрөн, харин ч Оросыг нойрноос сэрээж, босогтун, нэгдэгтүн хэмээн уриалан дуудаж буй түүхэн элч болох аж. Энэ бүхэн оросуудын нэр төр, нандин чанар, итгэл үнэмшил, оросын их хүч чадал, ялан дийлэхийн аугаа эрмэлзэл нь гэнэ.

Оросын хувьсгал эгшиглэж эхэлжээ. Украин–энэ бол  манай толины нөгөө тал, бидний байж байгаа дүр зураг. Энэ бол бидний гунигт, аймшигт тусгал. Үзэшгүй муухай энэ эрэмдэг юмны эсрэг Зүүн өмнөд Украин босч тэмцлээ, өмнө нь Крым босоод ирчихсэн байсан юм. Донецк, Луганс, Харьков, Николаевск мужид Оросын үзэл санааг хамгаалах баатрууд гараад ирнэ гэж хоёр сарын өмнө хэн төсөөлж чадах байлаа. Бүс нутгийн нам, украины орон нутгийн олигархи гэж л төсөөлөгдөж байснаас бус хэн тэгж сэтгэх байлаа. Тэгвэл одоо шинэ цаг үе – Оросын цаг үе ирлээ. “Оросын иргэншил”-ийн цаг үе ирлээ. Түүнийг манай ахан дүүс – зүүн өмнөд оросууд, украинчууд бүтээж байна. Их сэргэн мандлын төлөө тэд цусаа урсгаж байна. Оросын их үзэл санааны төлөө тэд амь насаа өргөж байна. Тэдний зориг зүрх,  шийдмэг баатарлаг эр зоригийг түүхэн хүрдээр авч үзвэл үнэлэшгүй их ээ. Тэд одоо Орос орныг жинхэнээсээ хамгаалаад зогсохгүй жинхэнээсээ аварлаа ... гэжээ.



Энд Александр Гeльевич Дугиныг товчон танилцуулах нь зүйтэй. Оросын нийгмийн зүтгэлтэн, философич, социологч, геополитикийн онолч тэрээр 1998 оноос ОХУ-ын Төрийн Думын даргын зөвлөх, Төрийн Думын даргын дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын асуудал судлах мэргэжилтний зөвлөлдөх зөвлөлийн геополитикийн төвийн гол мэргэжилтэн, 2001 оноос “Евразия” хэмээх бүх оросын нийгэм-улс төрийн хөдөлгөөний лидер, 2002 оноос “Евразия” намын улс төрийн зөвлөлийн дарга, 2003 оноос Олон улсын евразийн хөдөлгөөний лидер, 2008 оноос ОХУ-ын эрх баригч Нэгдмэл Орос намын нэг үзэл сурталч, Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн профессор, 2012 оноос ОХУ-ын Төрийн Думын даргын дэргэдэх мэргэжилтний зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

А.Дугин нь хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудыг Оростой интеграцчилан Евразийн шинэ холбоо үүсгэх замаар Евразийн хүчирхэг их гүрэн байгуулахыг онолдогч бөгөөд “Основы геополитики” номынхоо “The Fall of China” хэмээх дэд бүлэгт Монголын талаар эгэл бус, ноцтой санаа дэвшүүлж байв. Тэрээр “Монгол-Түвдийн Холбооны улс” байгуулах төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй гээд, тэр холбоонд Монгол, Түвдээс гадна Буриад, Тува, Хакасс болон Алтайн бүгд найрамдах улсыг оруулах, буддын шашны уламжлал бүхий эдгээр улс нь Москвагийн хувьд Хятадын эсрэг геополитикийн стратегид нь чухал зэвсэг  болно хэмээн үзжээ. Ингэхийн тулд түүх рүү ухралт хийж Манжуурыг Хятадаас салган, Түвд, Шинжаан, Монгол, Манжуурыг оролцуулсан Оросын аюулгүй байдлын бүслүүр бий болгох хэрэгтэй  гэжээ. “Москва-Токиогийн тэнхлэг” хэмээх утгаар А.Дугин “Евразийн буддист анклав”  гэсэн орон зай үүсгэж, түүндээ Монгол, Өвөр Монгол, Түвд, Халимаг, Тува, Буриадыг оруулбал Орос-Японы хооронд бат бэх холбоос, завсрын жигүүр  бий болно гэсэн санаа дэвшүүлжээ. Соёл, шашин, арьсны нийтлэгтээ үндэслэсэн “Пан-Азийн буддист эвсэл” нь Алс Дорнодод геополитикийн бат бэх бүтэц бий болгох чухал зэвсэг  хэмээн А.Дугин үзэх авай (Энэ тухай “А.Дугин. Основы геополитики, Москва 2000” номын 31-р хуудаснаас уншиж болно)   

Дугинээс холдож Украины хямрал руу оръё. Путины дараалсан гурван цохилтын дараах  анир чимээгүйг эвдэх дараагийн алхмууд гараад ирлээ. Украин даамжрах тусам Орост энэ улсын үүсэл гарал, түүхэн эх сурвалжийн талаар ихээхэн шуугиан дэгджээ. Украин Орост нэгдсэнээс хойш 360 жил болж байгаа ба тогтсон нэр ус ч байхгүй, “Украйне”, “Укранья”, “Юкрэн”, “Юкрэйн” хэмээн европын хэлнүүдэд олон янзаар дуудагдаж ирсэн, жинхэнэдээ бол Русь улсын Окраина байж ирсэн, “О” үсэг нь сэлгээд “У” гэж дуудагдаа биз, түүнийг нь Европ өгсөн болохоос өөрсдөө тэгж нэрлээгүй хэмээн ил мэтгэх болжээ. Окраина гэдэг нь зах хязгаар гэсэн үг болж таарах ба хөрвүүлбэл “Оросын зах хязгаар нутаг” гэж бууна. Энэ тухай “Украина - окраина чего? Значит, всё-таки России? otvet.mail.ru/”, “Украина — часть Руси, nstarikov.ru/blog/” зэрэг сайтуудаас уншиж болно.

Энэ мэтгэлцээн одоогоор судлаачид, хэвлэлийнхний сэдэв болж буй ч Төрийн Думд энэ талаар яриад эхлэх хүн ЛДПР намын лидерээс эхлээд гараад ирнэ. Украины хямралын дараалсан үе шат гэмээр үйл явдал өрнөлөө. Приднестровья буюу Днестр хавийн  Молдавын бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрөх асуудлыг Төрийн Дум дэх “Шударга Орос”, ОХУКН, ЛДПР намын фракцууд (намын бүлгүүд) палхийтэл гаргаж тавьжээ. Дум нь улс төрийн намын 4 фракцтай бол гурав нь ингэж үзжээ. Днестр хавийн Молдавын бүгд найрамдах улсын парламентын депутатууд Москвад айлчлахдаа ийм итгэл горьдлого, бүр баталгаа аваад буцсан хэмээн оросын өөрийнх нь хэвлэлүүд илээр мэдээлжээ. Днестр хавийн Молдавын бүгд найрамдах улсын парламентын спикер Михаил Бурла гэгчийн ярилцлага байна. Түүний ярьснаар “Шударга Орос” нам Днестр хавийн  улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай хууль санаачилахад бэлэн байгаа, тэгээд  санаачлаад ирмэгц нь ЛДПР намын фракц дэмжээд, уг асуудал Төрийн Думд хэлэлцэгдэхээр ороод ирмэгц оросын коммунистууд үг дуугүй дэмжээд өгнө гэж амласан бололтой. Днестрийн парламентын депутат Олег Хоржан гэдэг нөхрийн бас нэг ярилцлага байна. Москвагаас маш өндөр сэтгэгдэлтэй, бүр хатуу итгэл үнэмшилтэй буцаж ирлээ гээд, хэрэв ойрын үед манай тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч гэсэн бид дуу хоолойгоо нэгэнтээ хүргэчихлээ гэжээ...