НӨАТ-ын босго 50 сая болно. Тавин саяас бага орлоготой бол НЭГ хувийн татвар төлнө. НӨАТ, аж ахуйн нэгжийн татварын тухай хуульд ийм өөрчлөлт орох нь чөлөөлөлт юм.Засгийн газрын санаачилсан хуулийн төслийг УИХ баталбал НӨАТ-аас чөлөөлөгдөх 10 мянган компани, хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээрээ амьдралаа өөд татахаар зүтгэж байгаа ажилсаг хүн бүр нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. НӨАТ төлөгч 16 мянган аж ахуйн нэгжээс чөлөөлөгдөх 10 мянга нь тоогоор олон боловч нийт татварын орлогын ердөө 10 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг. Дөрвөн том үсэгтэй, тэр бүр үл ойлгогдох НӨАТ төлөгч нь 10 саяас дээш орлоготой, тайлан гаргагч компаниуд юм шиг боловч ширхэг талханд шингэсэн энэ татвар эцсийн хэрэглэгч, энгийн иргэний түрийвчнээс цуглардаг, эгэл олонхийн нуруун дээр ачаа болсон 10 хувь билээ. Талх, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингэсэн НӨАТ-ыг төлөгч нь эцсийн худалдан авагч иргэд учраас чөлөөлөлт олон тохиолдолд 10 хувийн хямдрал, сэйл болно. Монголд нэг удаа өмнө нь үзүүлсэн татварын өршөөлд том компаниуд, акулууд нь хамрагдсан юм.Энэ удаа жижиг, дунд бизнес эрхлэгчид өршөөлд орох учир илүү шударга.Татварт хэдийг төлөх, хэд хичнээн хүн хамрагдах нь эдийн засгийн эрх чөлөөний гол хэмжүүрийн нэг.Эцэг дээдсээс өвлөгдсөн эх орны үүц баялаг нээгдсээр, уул уурхайгаас орж ирэх төсвийн орлого нэмэгдсээр байна.Энэ онд зөвхөн нүүрснээс 925 тэрбум, уул уурхайгаас 1,7 их наяд төгрөг төсөвт орж ирэх төлөвтэй.Газрын хэвлий дэх баялгаас мөнгө цутгаж нөхцөлд хишиг хувь хүртээх хамгийн үр дүнтэй арга бол бэлэн мөнгө түгээхээс илүү амьдралаа дээшлүүлэх хүсэл мөрөөдлийг нь тэтгэх хөшүүрэгажиллах явдал. Эдийн засгийн 20 хувийн өсөлт эзнээ олох, иргэддээ хүрэх, “Айлын хаалгаар орох” эрэлт шаардлагад ч нийцэж байна. Эмч, цагдаа, багш нарын цалин, тэтгэвэр, тэтгэмж, сургууль, цэцэрлэгийн халаалтын мөнгийг төлөх орлого уул уурхайгаас бүрдэж буй нөхцөлд жижиг дэлгүүр, буузны гуанз, эсгий цех, багахан үйлдвэр эрхэлж байгаа ажилтай анхиатайхүмүүсийг татварын дарамтаас чөлөөлчихье гэж байгаа бодлого.Өөрөө барьсан талх амттай.Хоёрын хооронд мал хариулж зовохын оронд хөнжилдөө олсон хүүхдийнхээ тоогоор тэтгэмж хүртэж, боорцогны гурил, хямд спиртээ авчихдаг “биеэ үнэлэгч”-ийн сэтгэлгээ хавтгайрсаар байна.Гол зогоох мөнгөнөөс илүү амин зуулгаа өөд татъя гэсэн хичээл зүтгэл татвар гувчуур, дарамт шахалт бага бол, эдийн засгийн эрүүл хөрсөн дээр шарилж биш үр тариа ургана.Ядуурал, ажилгүйдлийг ялах үндсэн арга бол халамж тэтгэмж биш.Ажил хөдөлмөр эрхлэх дур сонирхлыг дэмжих, эзнийг нь олж тэтгэх, эрүүл саруул орчин хөрс бүрдүүлж “уринш хийх”, дундчуудын эгнээг тэлэх явдал билээ.



НӨАТ-аас чөлөөлөгдөх нь

Засгийн газрын саналаар компани, хувь хүний орлого 10 саяд хүрэхэд НӨАТ төлөгчөөр бүртгэдэг байсан бол тав дахин өндөрсөх юм. Жилд 10 саяын эргэлттэй компанийн санхүүгийн чадамж гэвэл сард 833 мянган төгрөг. Сард сая хүрэхгүй орлоготой компани, аж ахуйн нэгж хэдээр цалин өгч, ямар ашиг олдог вэ? НӨАТ-ын хуулийг одоогоос 14 жилийн өмнө, 1998 оны 1 дүгээр сарын 8-наас эхлэн мөрджээ. Арван дөрвөн жилийн өмнөх 10 сая төгрөгийн бодит үнэ цэнэ одоогийнхоос хэд дахин зөрүүтэй. Ерэн найман оны 10 саяар гурван өрөө байр авч байлаа. Өнөөдрийн арван саяар дөрвөн тал хашаа авч чадахгүй.Эдийн засаг тэлж, мөнгөний эргэлт нэмэгдэж байна.НӨАТ бол хэрэглээнд оногдох татвар.Их хэрэглэвэл их төлнө.Бага хэрэглэвэл бага төлнө.Хэрэглэснийхээ хэрээр төл гэдэг шударга зарчимтай.Том компаниуд, арван саяас дээш орлоготой аж ахуйн нэгжүүд л НӨАТ-ын тайлан гаргадаг,  төлөгчиднь байдаг гэж олон хүн боддог ч тийм биш. Компаниуд худалдсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэд нь шингээж, улсад цуглуулж өгч тушааж байгаа болохоос биш эцсийн хэрэглэгч, энгийн иргэд л авсан болгоныхоо 10 хувиар төлчихдөг. Мянган төгрөгний үнэтэй жүүсний 100 нь НӨАТ-ын татварт тооцогдон Таны түрийвчнээс гарчихдаг юм. Компаниуд НӨАТ-аа илүү төлсөн бол буцааж авдаг, суутгуулдаг.Өнгөрсөн жил НӨАТ-ын буцаалт 62 тэрбум төгрөг болсон мэдээ байна. Уг нь иргэн дэлгүүрээс авсан зүйлийнхээ баримтыг цуглуулж байгаад 10 хувийг нь буцааж авч болох ёстой. Германд дэлгүүрийн талон, төлбөрийн баримтаа хаяхгүй бол авсан үнийн дүнгийнхээ тодорхой хувийг буцааж авахаа монголчууд сайн мэднэ. Хятадад НӨАТ төлөгч дэлгүүр, компаниас авсан барааныхаа 15 хувийг буцааж авч болох ч яаж хөөцөлдөхөө сайн мэдэхгүй. Өвөрмонголчууд буцаалт хийж өгдөг үйлчилгээ эрхэлж, тал дундуур нь хуваахаар тохирдог.Манайд НӨАТ яг үндсэн зарчмаараа хэрэгждэг үү?Жишээ нь, НӨАТ-аа илүү төлсөн бол буцааж авч чадаж байна уу?Дэлхийн улс орнууд анх НӨАТ-ыг хэрэглэхдээ үйлдвэрлэгчид, экспортыг дэмжих, далд эдийн засгийг ил болгох зорилго тавьсан. Францын үйлдвэрлэгчдэд 20 хувийн ашгийн татвар ноогдуулж байсан нь тэдний нуруун дээр тавьсан хүнд ачаа болсон, тэгсэн атлаа жижиглэн худалдааны татварыг 2,7%-иар тогтоосон  нь хэт зөрүү үүсгэсэн учир НӨАТ-ыг орлуулан хэрэглэх болжээ. Америк дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд 1975 оноос хуучин татварын системээ халж, НӨАТ-ыг хэрэглэх болсон байх юм.Орлогын татварт суурилсан систем нь экспортлогч компаниудын бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, тэр хэрээр Европ, Японы пүүсүүдэд цохигдох аюул тулгарсан тул НӨАТ-д шилжсэн байна. НӨАТ-аа 6%-иар тогтооход компаниудад дарамт багатай мөртлөө орлогын татвараар цугладаг мөнгийг бүрэн орлож, 30 их наяд доллар хурааж байжээ. НӨАТ бол ашгаас тооцдоггүй эд.Ашигтай, ашиггүй ажилласнаас үл хамааран төсөвт орох мөнгө тогтвортой.Хамгийн гол ач холбогдол нь сүүдрийн эдийн засгийг наранд гаргаж, бий болж буй баялаг бүртгэгддэг. Хувь иргэн гаалиар 10 саяас илүү үнэтэй бараа нэг оруулаад л НӨАТ төлнө. Нэг чингэлэг бараа 10 саяас доош үнэлэгдэнэ гэж байхгүй. Дунд гарын жийп битгий хэл бага оврын машин 10 сая хүрчихээд байна. Энэ бүхэнд  НӨАТ төлдөг. Харин түүнийхээ 10 хувийг яаж буцаах вэ? Арван саяын чингэлэг компот оруулсан иргэн НӨАТ төлчихсөн. Түүнээс цаашаа авч жижиглэнгээр борлуулж байгаа хүн бөөндөгчдөө  НӨАТ-ын падаан бичиж өгөхгүй, төлөгч биш. Тэгээд гаалиар оруулж ирсэн хүн 10 хувиа зүгээр алдчихаж байгаа хэрэг юм. Арван саяын босго, улаан шугамнаас доогуур орохын тулд олон мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч, аж ахуйн нэгж хүчин төгөлдөр хууль зөрчиж, хэрэв шийтгэл тооцвол бүгд гэмт хэрэгтэн болно.Хүмүүс хэдэн мянгаараа тооцуулаагүй л болохоос биш гэм зэмийн эзэд, гэмт хэрэгтэн болчихоод байгаа нь бодит байдал.Татварын албанаас үе үе сэрэмжлүүлэг гаргадаг. “НӨАТ-ын тухай хуулийг зөрчиж, татвараас зайлсхийсэн дараах 8 төрлийн зөрчил гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгжид анхааруулж байна…Импортын барааны НӨАТ-аас зайлсхийхийн тулд үнийг нь зориуд бууруулан мэдүүлэх…НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан бичих…Татварын тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан доорхи зүйл ангиар шийтгэл оногдуулдаг болохыг анхааруулан сэрэмжлүүлж байна…”Сэрэмжлүүлсээр, хууль нь хүчин төгөлдөрулс орон мөртлөө барилгын материалын 100-н айлын захад ил тодтоор будаг НӨАТ-тай 5000, НӨАТ-гүй 4500 гэж бичээд хадчихсан байхтай шууд таарна. Ажил хөдөлмөр эрхэлж, сэдэж санаачилж, хөдөлж зүтгэж байгаа ажилсаг хүмүүс сум дүүрэг, хороо гудамж бүрт мянга мянгаараа байна.Ажилч хичээнгүй хүмүүсийн амьдралаа өөд татах хүсэл нь тулах цэг.Тэр жам ёсны тулах цэг хөшүүрэггүй байна.Илүү сайхан маргаашийг угтахын төлөөх эгэл жирийн монгол хүнд төр бодлогын амин дэм өгчихвөл тэд өөрсдөө бүтээж чадна.Ажил хийвэл ам тостоно гэдэг нь Монголын үг. Сүүдрийн эдийн засгийн эзлэх хувь 30, бүр 40 гэсэн судалгааны тоо ч бий. Буй болж байгаа баялаг бүртгэгдвэл “Капиталын нууц” нээгддэг гэдгийг бид Эрнандо дө Сото гуайгаас мэдэж авсан.

Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын санаачилсан татварын өөрчлөлт, нэг ёсондоо чөлөөлөлт, хөнгөлөлтийн талаар “Том аж ахуйн нэгжүүдэд өмнө нь нэг удаа татварын өршөөл үзүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Одоо жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд өршөөл үзүүлэх хэрэгтэй.Гэхдээ татвартай холбоотойгоор том аж ахуйн нэгжүүд задарч жижиг болохгүй байх гарц олох, хүнд суртал, ар, өврийн хаалганаас хол байлгах ёстой” гэж хэлсэн байна.Том агуулгаараа Монгол Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн нэр хүнд өсөхөд ч нууц биш ил тод бүрэн мэдээлэл ташуур өгнө. НӨАТ төлөгч болохгүйн тул орлогоо дарж байгаа аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 50 хүрч холдсон босго сүүдрээс гарахад нь тусална. Сүүдрээс гарсан бол зээл авах, тухайлбал 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэнэ. Байргүй нь байранд орвол яндангийн тоо буурна.Утаанаас тусдаа уушиг гэж байхгүй учир Улаанбаатарынхны мэнгэр багасна гэх мэт.НӨАТ-аас чөлөөлөгдөх нь чөлөөлөлт.Эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхэд нэг алхам урагшаа.

НЭГ хувийн татварт нэгдэх нь

НӨАТ-ын босгыг 50 сая болгож өндөрсгөхтэй зэрэгцээд ийм хэмжээний орлоготой аж ахуйн нэгжийг жижиг дунд бизнест тооцон, НЭГ хувийн татварын тухайхуулийн төслийн хавтас бичиг Засгийн газрын танхимаас УИХ-д очоод байна. Дал гаруй мянган аж ахуйн нэгжийн 92 хувь нь жижиг татвар төлөгчид. Төрийн ордны зүүн жигүүрээс, Засгийн газраас УИХ-ын байрладаг баруун хэсэг рүү хэдэн хуудас цаас очоод байгаа юм шиг боловч энэ хавтасны бичээгүй гарчиг нь “эдийн засгийн эрх чөлөө”.  Ерэн хоёр  хувь эзэлдэг аж ахуйн нэгжүүд тоогоор олон ч төлсөн татвар нь нийт орлогын 10 хүрэхгүй хувь болно. Жижиг, дунд бизнес эрхлэгч дээд тал нь 20 хүртэл ажиллагчтай. Эдний төлдөг татвар уул уурхай, банк, санхүү, архи, тамхи, түлш шатахууны акулуудтай харьцуулахад 10 дахин бага. Зүгээр суухгүй хөдөлмөрлөж зүтгэж байгаа жижиг дунд ангиллын бизнес, үйлдвэр эрхлэгчдийг НЭГ хувийн татварын хөнгөлөлтийн орчин буюу инкубаторт оруулж бойжуулна.Улсын төсөв хэдэн хувиар биш хэд дахин өсч байна.Оюутолгой битгий хэл түүнээс хэд дахин жижиг уурхайн ноогдол ашиг, рояалти, нэг бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс ийм орлого цуглана.Монголд нүдээ аниад өнгөрдөг нэг үнэн бий.Тэр нь үнэн, худал хоёр янзын тайлан.Захирлуудын гар утас хоёр, компаниудын тайлан хоёр.Татвараа багасгахын тулд худал тайлан, эсвэл чагт зураад явуулдаг.Төр буй дор татвар бий нь үнэн хойно төлж сурцгаах, өгсөн мөнгөөр нь юу хийж байгааг хянах идэвхтэй байх нь чухал.Үнэн зөв тайлан, төлсөн татвар нь баталгаажсан мэдээлэл компани, иргэн бүр санхүүгийн цэвэр түүхээ бичих, ирээдүйн ашиг орлогоороо одоо хэрэгтэй байгаа байр сууц, машин тоноглол зэргээ түрүүлж авах зээл, хөрөнгө оруулалт татах боломж нээнэ.Өнөөдөр бидний олонхи нь Монголдоо Брестийн цайзад бүгсэн “Бүртгэлд ороогүй хүмүүс” болчихоод байгаа хэрэг. Жижиг дунд бизнес нийт татварын 10 хүрэхгүй хувийг төлдөг ч аяга угаагч, ачигч, тогооч, худалдагч зэрэг ажлын байр хамгийн олноор буй болгоно. Тэдний орлого НЭГ хувийн татварын цэвэр орчинд бодитоор бүртгэгдэж, зээл авна, зээлийн түүх нь бичигдэнэ.Жижиг дунд бизнес эрхлэгчдийн жилдээ төлдөг татвараар төсвийн орлого дундарч, дутахгүй. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтэн жилд төлсөн татвар 10 тэрбум төгрөг болдог байна. УИХ-ын гурван гишүүний тойрогтоо зарцуулдаг мөнгөтэй л дүйнэ. Жижиг дунд аж ахуйн нэгжийн төлсөн татвар жилийн дүнгээр 90 орчим тэрбум болдог юм байна. Гучин гишүүнд тойрогтоо хөрөнгө оруул гэж хуваарилдаг мөнгөнөөс хэтрэхгүй. ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгийнх нь л төлдөг татварын хэмжээ. Хувь хүний орлогын албан татварыг бас НЭГ хувь болгохоор төсөлд тусгажээ.Иргэн авсан цалин хөлсөө, ажил олгогч нь өгсөн мөнгөө нуух шаардлагагүй болно.Тэр нь хувийн хэвшлийнхэн цалин нэмэх сонирхлыг буй болгоно. Гайгүй цалин өгсөн биш 30 хувиар торгуулдаг шийтгэл арилна.Ажил хийж ам тосдоцгоон, ашиг орлогоо үнэн зөв мэдүүлдэг болох нь, дагаад элдэв дарамт шахалт багасах нь  ажилгүйдэл, ядуурал, түүний сүүдэр болсон архидалт, гэмт хэргийг онилно гэсэн үг.  Тавин саяын босго, НЭГ хувийн татварыг шүүмжлэн хэлэлцэж, түүнээс цааш өсгөж, үүнээс нь нааш бууруулж, арга зам, эрсдэл хүндрэлийг нь тооцож төлөвлөж маргалдаж мэтгэлцэж болно.Улс төрийн хэрүүл зодоон, хэл ам, улаан ба цагааны талцлаас гадна ард түмний амьдрал ахуй, ажил хэрэгч асуудал сэдэв бас бий.Анчин Балт улаантан, цагаантан хоёрыг “Хоёулаа шар юм байж“ гэдэг шиг Монгол ганц, асуудал олон.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай яриа дуусах биш эхэлж байна.Татвар нэг үү, НӨАТ тавь уу?

Д.Болдхуяг