(baabar.mn-ийн коментчин анд нартаа өргөх үг)

Чамаас илүү амжилт гаргасан хүнийг үзэн ядаж, байж сууж чадахгүй байгаа бол өөрийгөө хар атаархлын хүлээсэнд баглагджээ гэж мэд. Хар атаархлын хорыг сэтгэлдээ бүү үүсгэ. Яагаад гэвэл хар атаархлын хор чиний урагшлах замд тээг болон хөндөлсөхөөс өөр юуг ч авч ирэхгүй.

Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн бүтээлээс бүтээлчээр хуулбарлаад гарчиг ба эшлэлээ энд авчихлаа. Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, эрх чөлөөт Монголын иргэн Дашдоржийн Баярхүү гэдэг хүнтэй коментчин анд нар маань нэгийгээ үзэж байх шиг. 

Би их өөдрөг хүн, аливаад гутраад, гуниад, дүлэгнээд байх дургүй. Тэр чанарыг би өөртөө суулгаж чадсан. Тэр утгаараа ч сэтгэлийн хат гэдгийг өөртөө буй болгож чадсан. Миний сэтгэлийн хатыг сорих гэсэн хөндлөнгийн хорлол, ялангуяа атаархал намайг 30  гаруй жил дагаж явна. “Энэ муугийн юунд нь атаархдаг юм. Энэ муу хэн юм бэ?” гэсэн мөртлөө л яг цаанаа атаархчихсан шаналж явдаг түүхийг би дэндүү сайн мэднэ. Атаархаж байна гэдгээ мэдэхгүй мэдрэхгүй байж болох ч хийж буй үйлдэл, гаргаж байгаа ааш аяг нь хэлээд өгдөг юм. Гаслантай нь хамгийн дотно, итгэж явсан нөхдөөс минь тийм авир гарна гээч. Коментчин идэвхтнүүдийн нэлээд нь намайг сайн таньдаг нөхөд байх шиг, хэлж ярьж байсан, агсамнаж цойлж байсан нь нэргүй бичлэгээр нь илрэв үү гэлтэй.

Эдэндээ зориулж, зориулж юу байхав хэрэг болж юу магад гээд, хожмын бүх коментчин нөхдөд сургамжтай байх болов уу гээд Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн мэргэн үгийг сануулмаар санагдлаа. Үүнд:

-    Хүн мөсийг дордуулагч хорлолууд цөөнгүй бий. Тэрхүү хорыг хүн өөрөө ялгаруулдаг юм. Хүн мөсийг муутгадаг нэг хорлолт үйл нь атаархал. Атаархлыг өдөөгч нь хүн бүрт цаанаасаа заяасан байгаа. Хааяа чиний атаархах сэтгэл хөдөлж магад. Атаархал хар, цагаан хоёр өнгө будагтай. Хараар атаархагч хүн хамгийн хар зовлонгоор шаналдаг гэжээ.

Тэгэхээр би бус, харин миний эсрэг талд битүү шаналаад яваа олон нөхөддөө хандаж энэ абзацыг эшлэж байгаа хэрэг. Мэдээж хүн чинь сэтгэдэг боддог матери юм чинь атаархал байж таарна. Хүн гээч энэ бодгаль амьтанд баяслын цэг гээч юм бор тархиных нь хаа нэгтээ байрлаж байгаа. Тэгвэл атаархал гээч нь олон монгол хүний хувьд баяслын цэгт хүрэх гол лугшилт нь юм болов уу. Атаархаж цаад нөхрөө баллаж доройтуулж явах нь баясал таашаал авах гол арга зам нь. Гэхдээ өөрөө түүндээ давхар хордож яваагаа мэдүүштэй. Өөрийгөө хордуулах хэмжээнд очтолоо атаархах аваас тэр нь утга учраа алдана шүү дээ. Н.Багабанди гуай цааш нь бичихдээ:

-    Шаналахыг хүсэхгүй байгаа бол атаархахын хэрэггүй. Цагаан атаархал муу шинж биш. Чи хийж чадах, хийх ёстой зүйлээ дутуу хийгээд байна, хүрч чадах түвшиндээ очиж чадахгүй байна гэдгийг бусдын атаархам амжилт дохио болон сануулах, шавдуулах хэмжээнд байвал биеэ чагнаж, санаа зовох хэрэггүй. Цагаан атаархлыг өөрийгөө дайчлах шинэ эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн эх үүсвэр болгон ашиглах нөөц боломж чамд хангалттай байна гэсэн үг. Цагаан атаархлыг төгс төгөлдөр рүү эрмэлзэж тэмүүлэх хүчит хөшүүрэг болгон ашиглахыг хичээ.

Монголчуудын хувьд атаархал гэдэг нь амжилтын үндэс, ямар нэг хөгжлийн хөдөлгүүр байхыг би ор тас үгүйсгэж болохгүй байх. Атаархлынхаа хүчээр дэгжээд дээшлээд гардаггүй юм аа гэхэд цаад нөхрөө ядаж ойролцоо зиндаанд уяад байх нь нэг талаар бас дэвшил ч юм шиг, бодоод байх нээ. Өөдтэй өнгөтэй, мөнгөтэй, ажил амьдрал нь хослон гялалзаж яваа бол тэр хүнд дайсан захаас аван мундахгүй. Бүр ам бүл дотроос нь хүртэл дайсан гараад ирдэг гээч. “Чи ч бүү сайн яв, би бас сайн явахаа байя!” гэдэг тамын тогооны үлгэрээр атаархал гээч энэ гамшиг Монголын нийгмийг ямагт хэврэгшүүлж байх шиг. Ингээд Н.Багабанди гуайнхаа бичсэнийг цааш эшлэе:

-    Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа хүн, мөн хуурамчаар инээмсэглэж "баяр хүргэе" гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ өөр юм бодож байгаа хүн хоёрыг ямагт мэдэж таньж болдог. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа тэр эрхэм, сайхан сэтгэлт, мөс сайт хүн мөн. Хуурамчаар инээмсэглэн, үнэн хэрэг дээрээ өөр юм бодон баяр хүргэгч сэтгэлийн гүндээ атаархлын хорыг ялгаруулж байгаа атгаг санаатан. Ямар нэг зүйлд хүрэхээр тэмүүлэн зүтгэж байгаа үед чинь сөрөг бодол санал хэлж эргэлзүүлэх шиг хэрэггүй юм байхгүй. Тэрэнтэй тэрэнгүй эргэлзээ тээнэгэлзээ чамд хангалттай байгаа шүү дээ. Зорьж тэмүүлж байгаа үйлээс чинь зөрж эргэлзүүлэх хүсэлтнээс дөлж тойрч яв. Цагаан атаархал чинь тэвчээрийн хил заагаа давж өшөө хорсол, үзэн ядалт дагуулсан хар атаархал болон хувирах вий.

Атаархал нь тэвчээрийнхээ хилийг давчихсан үед цаад нөхрөө баллах гээд гэмт хэрэг үйлдэх хэмжээнд очиж болохыг айхтар санууштай. Хэрэв атаархагч өөрөө  оролцоогүйгээр цаад нөхөр нь аяндаа баларч доройтвол шүлсдэх нь энүүхэнд. Үхсэн хойно нь “болж” гэх нь ч бас түгээмэл. Н.Багабанди энэ тухай юу гэж бичсэнийг эшлэе:

-    Үүнээс ямагт болгоомжилж, хүн мөсөө хадгал. Хэн нэгэнд дургүйцсэн дургүйцэл нь өшөө хорсол болон хувирах үед өшөө авах муу бодол тархи толгойд чинь орж ирж ч мэднэ. Тэр үед ганцхан зүйлийг сана. Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт байдаг гэдгийг санаж, хэрэгжүүл. Түүнээс өөр замаар өшөө авалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл бодохын ч хэрэггүй. Өшөө хорслыг хүчирхийллийн аргаар шийдэхийг оролдож огт болохгүй. Хүчирхийлэл эсрэг хүчирхийллийг төрүүлдэг юм. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэл эргээд түүнийхээ золиос болон хохирно. Өшөө хорслыг ЧИНЬ дэвэргэж байгаа тэр хүнээс илүү сурч, илүү хөдөлмөрлөж, бүр илүү амжилт гарга. Тэр чиний дээд зэргийн өшөө авалт байх болно.

Дэндүү том эшлэл авчихсан бол өршөөж хэлтрүүлээрэй. Ингэхээс ч өөр арга алга. Хэдэн биенээ   занаж зүхэх, тэгэх мөртлөө шаналах  хэрэггүй ээ,  нөхөд минь!

“Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт байдаг гэдгийг санаж, хэрэгжүүл! Түүнээс өөр замаар өшөө авалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл бодохын ч хэрэггүй!” гээд Төрийн тэргүүн асан эрхэм дээр анхааруулсан байгааг би хамгийн оновчтой хариулт гэж бодож байна. Энэ бол алдуул үг биш шүү! Энэ үгээр дүгнэлтээ хийчихвэл арай хэтрүүлсэн болчихдог болов уу, яадаг бол, коментчин идэвхтнүүд минь?

Манай улс хөгжихгүй, ард түмэн нь баяжихгүй, амьдрал ахуй нь сайжрахгүй байгаа явдал бол түүнийг нөхцөлдүүлдэг олон шалтгааны нэг нь, магадгүй гол шалтгаан нь энэ атаархлыг гэж би бодож явдаг юм. Иймээс эшлэж байгаа хэрэг. Монголчуудын тамын тогооны үлгэр манай нийгмийн амьдралыг бүрэн хэрчихээд байна. Үүнээс болж  манай улсын  хөгжил үнэндээ сайн зүгшрэхгүй байна шүү дээ!