Багш нар “навшаа”-гаа авлаа. Зөвхөн багш нар ч биш. Төсөвт байгууллагынхан бүгдээрээ. Улс төрийн үйл явц талаас нь дүгнэвэл хоёрдугаар сарыг “хэмнэлттэй” өнгөрүүлж чадсан нь болзошгүй сөрөг урхагийг бага ч болов намжаасан “эс үйлдэхүй” болсон гэж дүгнэж болохоор. Гэвч оюутны 70 мянгатай (нэг, хоёр, гуравдугаар сарынхыг бөөнд нь өгч буй) зэрэгцүүлж төсөвт байгууллагынхны цалингийн 80 мянгын нэмэгдлийг өнгөрсөн сарын нөхвөртэй нь хамт олгохоор болсныг УИХ-ын ээлжит бус чуулганы хамгийн мэдрэмжгүй шийдвэр гэж нэрлэхэд хүргэж байна.

Төв банкны барьц алдагдах уу?


Монголбанк энэ оны нэгдүгээр сарын мөнгөний тоймдоо “Хэрэглээний үнийн улсын индекс өмнөх оны мөн үеэс 10.2 хувь, Улаанбаатар хотынх 10.8 хувиар тус тус өслөө” гэж мэдээлэв. Энэ нь өмнөх сарынхаасаа 3.0 орчим хувь өссөн дүн гэдгийг ч дурджээ. Гэвч инфляцийн тухай төсөөлөл нийгэмд эдгээр тоонуудаас арай өөр байгааг худалдан авагчдын бухимдлын үзүүлэлтүүд хэлээд өгөх байх. Оны эхэнд болсон шатахууны үнийн огцом өсөлтийн дараахан төв банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал хэвлэлд, “Орчин маань ийм шоктой нөхцөлд ханшаа аль болох тогтвортой байлгах үүднээс ханшийн интервенцийг төв банк нэлээд хийж байна” хэмээн ярьсан. Бүр 2011 оны дунд үеэс Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж, инфляцийг хүчээр барьж байгааг энгийн иргэд ч гадарлаж байгаа. Гэсэн хэр нь төв банкны “хав барьц” хүч чадлын хувьд хангалттай биш болохыг нефтийн бүтээгдэхүүний импортлогчдын “үгсэн хуйвалдаан”-аас үүдэлтэй үнийн хөөрөгдөл бидэнд нотлон харуулсан. Энэ ачаалал дээр төсөвт байгууллагынхны цалингийн нэмэгдэл дарамт учруулж, инфляцийг хөөрөгдөх нь зайлшгүй агаад гарцаагүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн доктор, профессор С.Даваасүрэн энэ удаагийн төсвийн тодотгол инфляцийг одоо байгаа түвшнээс нь 2-3 хувиар нэмэгдүүлж болзошгүй гэж таамаглаж байгаагаа хэлсэн юм. Ямар нэгэн хэмжээгээр иргэдийн дотор худалдан авалтын ялгаа үүсгэж магадгүй гэж тооцоолж байгаагаа ч дурдсан. Монголбанкнаас энэ оны нэгдүгээр сард явуулсан инфляцийн хүлээлтийн судалгаанд хамрагдсан 10 шинжээч 2012 оны нэгдүгээр улирлын эцэст инфляци 12.4 хувь, хагас жилийн эцэст 12.6 хувь, оны эцэст 13.1 хувьд хүрнэ гэж төсөөлсөн байгаа юм. Шинжээчдийн төсөөлөл иргэдийн инфляцийн хүлээлттэй ойролцоо байсан нь тун сонирхолтой. Судалгаанд хамрагдсан 1000 гаруй иргэд энэ сарын эцэст инфляци 16.9 хувь, хагас жилийн эцэст 13.3 хувь, оны эцэст 13.2 хувь болно гэж таамагласан байна. Энэ судалгаандаа Монголбанк нэгдүгээр сарын 6-ны үйл явдлын нөлөөллийг хэр хамруулсан нь тодорхой бус. Шатахууны үнийн огцом өсөлт нийгэмд буй инфляцийн бодит хүлээлтийг 180 хэм эргүүлж хаясан шүү дээ.



Бүтээмжийг намнах төсвийн зардал

Улсын төсөвт оруулсан тодотголоор төрийн албан хаагчдын цалингийн нэмэлтийн эхний үе шат буюу 80 мянган төгрөгийн нэмэгдэл хоёр сараар, хоёр дахь нь буюу 23 хувийн нэмэгдэл таван сараар урагшилж байна. Тэтгэвэр тэтгэмжийнхний нэмэгдлийн эхний үе шатыг ч мөн нэг сараар наашлуулсан төсвийн өөрчлөлтөд нийтдээ 180 гаруй тэрбум нэмж шаардагдаж байна. Засгийн газар энэ зардлын эх үүсвэрийг 2012 оны төсвийн орлогын төлөвлөснөөс давсан хэсгээр хангачих боломж байгаа гэж тооцжээ. Ингэж тооцохдоо, нэгдүгээр сарын орлогын урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн, оны эцэст нийтдээ 161.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж бодсон байна. Энэ нь яг төсөвт байгууллагынхны цалинд саяын тодотголоор оруулсан нэмэлтэд шаардлагатай хөрөнгийн хэмжээтэй тохирч байгаа. Ийм тооцоо хийж, зардал төлөвлөж байгаа хандлагыг “орж ирсэн бүхнийг зарна” гэсэнтэй адилтгаж болмоор.

Төсвийн орлогын ихэнх хэсэг нь, үндсэндээ тэр чигээрээ бүтээмж бүхий салбараас ордог. Харин зарцуулалт нь өөр тийшээ явдаг. Хэдийгээр төрийн байгууллагуудыг бүтээмжгүй салбар гэж нэрлэх нь урт хугацааны үр дүн талаасаа өрөөсгөл ч гэлээ эдийн засгийн бодит тооцоололд яг тийм л байдлаар тусдаг. Харьцангуй бүтээмжгүй салбарынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх нь хувийн хэвшлийнхэнд, үйлдвэрлэж, хийж бүтээж байгаа хэсгийнхэндээ нэмэлт дарамт болж очих нь гарцаагүй. Дарамт ямар нэг байдлаар материал баялгийн үйлдвэрлэлд нөлөөлж таарна. Ажилчдынхаа цалинг төсвийнхнийхтэй ижил болгож өсгөхийн тулд цомхотгол хийхэд хүрэхийг ч үгүйсгэх боломжгүй. Цаашлаад төсвийнхний цалин бүтээмж бүхий салбарынхнаас дээгүүр болж тогтвол чадварлаг боловсон хүчнүүд төрийн албан хаагч болохыг эрмэлзэнэ. Улс оронд бүтээдэггүйгээсээ бүтээдэг хүмүүс нь олон байвал, мэдээж хамаагүй дээр шүү дээ.

Үр урхагийн дээд хэмжээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцэст батлагдахаас нь өмнө 2012 оны улсын төсөвт тодотгол орох нь тодорхой болчихсон байлаа. Өөрөөр хэлбэл, дараа нь тэртэй тэргүй өөрчилнө гэсэн хувилбараар баталсан. Төсөв төлөвлөгөө уян хатан байх хэрэгтэй гэдэг ч хуулиар шийдвэрлэдэг энэ зохицуулалтад тогтвортой байдал бас л чухал. Тодотгох нь гарцаагүй гэсэн байдлаар төсөв зохиох явдал олон давтагдаж, цаашдаа эл дол болох юм бол энэ баримт бичгийн боловсруулалт илэрхий муудна. Тодотгочихоос хойш гэсэн хайнга тооцоолол төсөв төдийгүй нийт эдийн засгийн бодлогын сахилга батад муугаар нөлөөлөөд зогсохгүй энэ талын мэргэжилтнүүдийн ур чадварт сөргөөр нөлөөлнө. Хэрэвзээ мэргэшсэн төсөвчдийн бодол дутагдаад ирвэл бид урт хугацааны, стратегийн, хөгжлийн томоохон бодлогууд, олон жилийн чиг хандлагаа тооцож, шийдэж чадахаа болино. Төсөвт тодотгол хийхийн хамгийн том үр урхаг нь энэ юм.

Багш нараар бамбай хийсэн Үйлдвэрчний эвлэл энэ удаагийн ялалтдаа урамшин омогшиж суугаа нь лавтай. Төсвийн байгууллагад ажиллагсадын, тэдний гэр бүл, үр хүүхдийн амьдралд 80 мянгаар зогсохгүй орлого оруулсан энэ тэмцлийг шагшихаас аргагүй. Үлгэр жишээ болохуйц гайхалтай тэмцэл. Харамсалтай нь энэ үлгэр жишээ Монголын эдийн засагт цаашид яаж нөлөөлөхийг тааварлахад бэрх. Олон нийтийн байгууллагууд, иргэний болон эсэргүүцлийн хөдөлгөөнүүд энэ үлгэрлэлийг даган дуурайвал төсвийн бодлого, боловсруулалт ямар байдалд хүрэх бол? Сав л хийвэл төсөв тодотгохыг шаарддаг иргэний нийгмийн байгууллагууд олширвол яах вэ?

Төсвийнхний дараагийн матаа

Багш нар “навшаа”-гаа авлаа. Зөвхөн багш нар ч биш. Төсөвт байгууллагынхан бүгдээрээ. Тэдний дараагийн матаа нь зүгээр л хэрэглээ. Хэрэглээ рүү оруулсан төсвийнхний “хөрөнгө оруулалт” эрэлт үүсгэж, инфляцийг нэмэгдүүлэн, бүтээмжийг нурааж унагах “бульдозерийн” хүчийг л цэнэглэнэ.

2012.03.08