37. Сүүлийн жилүүдэд “Bank of china” манайд орж ирэх талаар их мэдээлэх болжээ. Өнөөгийн нөхцөлд “Bank of china” орж ирвэл юу болох вэ?

- “Bank of china” нь дэлхийн топ 5 банкны эхэнд ордог банк. Тус банк нийт 2.8 их наяд ам.доллар буюу манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнээс мөнгөн дүнгээр 218 дахин их актив хөрөнгөтэй. Хятад улсын Төрийн өмчит банк. “Мөнгө их байх тусам зарц нь их болно” гэдэг мэргэн үгийг бүү март. Төрийн банк байгаа гэдэг нь түүний бодлого, үйл ажиллагаа, ашиг, үр дүнд нь төр нь сонирхолтой байж, шаардлага гарвал нөлөөлж, эрх ашгийг нь хамгаалах боломжтой гэсэн үг. Зөвхөн Европын Сэргээн босголтын банк гэхэд 2010 - 2016 оны 9-р сарын 30-ны байдлаар Төлөөлөгчийн газраараа дамжуулж Монголд 83 төсөлд 1.4 тэрбум еврогийн буюу 3.8 их наяд төгрөгийн зээл санхүүжилт, хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Үүнтэй адилхан Хятадын “Bank of china” өөрийн төлөөлөгчийн газраараа дамжуулж зээл олгож болно шүү дээ.

38. Хятадын талаас шахалт үзүүлэх байдлаар салбараа нээхийг оролдож байна гэж ойлгож болох уу?

- Тэгэхээр орж ирэхээс ч өмнө төрийн хэмжээнд шахалт үзүүлж банкаа байгуулна гэж ойлгож болно. Банкаа тусгаар улсын газар дээр байгуулахаар бидний дунд ийм асуудал үүсгэж самууруулж байгаа хүмүүсийг дараа нь бид хазаарлаж чадах уу. “Ядуус шилж сонгодоггүй” гэдэг дээ. Өнөөдөр баян, хүчирхэг Хятад улс хүссэнээрээ тулгаж, үүнд Монгол улс чадлаараа тийчилж бултаж байна. Тэгвэл үүнтэй адил яагаад Японы, Европын холбоо ч юм уу, АНУ - ын төр ийм маягаар манай улсад банкныхаа салбарыг байгуулахаар шахалт үзүүлэхгүй байгаа юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна. 

Та бид өнгөрсөн түүхээ эргэж харвал, 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа гадаадын капиталыг шахан зайлуулснаар эдийн засгийн бодлогынхоо бие даасан байдлыг бий болгосон. Тус үйл явдлын ач холбогдол өнөөдөр ч бидэнд өндөр. 

Та бид гэнэ гэнэ ийм харалган, ухаан муутай байж болохгүй дээ. Сануулахад, стратегийн ач холбогдолтой гэж тооцож байгаа манай дотоодын банкууд үнэндээ өрсөлдөж сайжрах бус тэр аяараа татан буугдах эрсдэлтэй байна. Дагаад бид эдийн засгийн хувьд хуваагдмал тодорхойгүй байдалд орох эрсдэлтэй.

 39. “Bank of china” ч бай аль нь ч бай бид хөрш орнуудын салбарыг оруулж ирэхдээ онцгой анхаарах ёстой нь усан тэнэг хүнд ч ойлгомжтой. Гэхдээ болгоомжтой ухаалаг харилцан ашигтай арга хэлбэрийг эрэлхийлэх нь бас чухал бус уу?

- Товчхондоо, манай улс өөрийн банкны салбарт хөрш том орны Төрийн өмчит банкны ноёрхлыг зүгээр хүлээж авах нь бусад салбартай шууд харьцуулах боломжгүй хүнд үр дагавартай, үндэсний эдийн засгийн бодлогоо өөрөө удирдах уу, эсвэл хараат болох уу гэдгээ муугаар шийдэх гэж байгаа хувилбар юм. Ямартай ч анхаарах зүйл гэвэл хөрш улсууд нэгэндээ өөрийн банкийг байгуулж ажиллах нь оновчтой бус юм. Учир нь банкнаас өөр хүний өмч хөрөнгийг хуулийн дор барьцаалдаг бизнес гэж байдаггүй. Тэр барьцаанд нь газар, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын орд гээд юу ч байж болно. 

40. Гадны банкны салбар дээр бол бидэнд алдаа гаргах эрх байхгүй байх нь эх оронч шийдвэр гаргагчид дэндүү ойлгомжтой. Улс төрийн Бодлогын алдаа гаргасан улсуудын тодорхой жишээ байна уу?

-Хөрш орнууд түүхийн аль ч үед нөлөөгөө тэлэх, ашиг сонирхлоо тулгах сонирхолтой байсан, үүнээс үүдсэн маргаантай асуудал байсаар ирсэн гэдгийг санавал зохино. Тажик улс өнгөрсөн 2016 онд газар нутгаасаа тасдаж Хятад улсад өрөндөө өгсөн дөө. Алдаа бол алдаа. Нэгэнт алдаа гаргасан бол сөөмийг аваад эргээд бээрийг өгнө. Ийм үйл явдал манай Монгол улсад тохиолдох боломжтой. “Өнгөрсөн хойно мэргэн болох шиг амархан зүйл байхгүй” гэдэг нь болох байхдаа. Хятад улс өөрийн төрийн өмчит банкаар дамжуулж Монгол улсад өөрийн бодлогоо хүндрэлгүй нэвтрүүлэх, манай дотоод актив хөрөнгүүдийг ямар нэг хязгаарлалт байхгүй худалдан авч, манай улсыг эрсдэлд хүргэхгүй гэдгийг өнөөдөр Та бидний хэн нэг нь баталж чадах уу? 

41. Дэлхийн том банкууд зарим улс оронд өөрийн банкны салбараа нээж ажиллуулахаас гарах асуудал нь Монголчууд бидэнд илүү хүнд тусах боломжтой гэж таамаглаж болох уу?

- Тийм. Магадлал дэндүү өндөр юм даа. Манай улс ямар улс билээ, хөгжил нь ямар билээ. бидний хувь хүний мэргэжлийн боловсрол, чадамж дэлхийн хэмжээнд ямар билээ. АНУ, Япон, Герман, Англи, Франц зэрэг Та бидэндээ үлгэр жишээ хөгжилтэй улсын банкуудынх нь хөгжил, эдийн засгийн багтаамж, чадамж, эрсдэл даах чадавх, хүний нөөц, газар зүйн байрлал нь ямар билээ дээ. Харьцуулах ямар ч боломжгүй. Зүгээр Иран улс гэхэд л газраар болон далай тэнгисээр 15-н улстай хил залгаж байгаа.

42. Бид нөхцөл, хөрсөө зөв бэлтгэж чадвал гадаадын банкны салбарыг оруулж ирэх давуу талууд бий юу?

- Гадаадын банкны салбар нь дотоодын банкуудтай өрсөлдөх нөхцөл, боломжийн хувьд ч олон арав дахин давуу гэдэгтэй маргаад хэрэггүй. Салбар байгуулагдсанаар манай банкны салбар дахь хөрөнгө өсч, санхүүгийн хэрэгцээ, хүртээмж болон урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлснээр эдийн засагт шууд болон дам эерэг нөлөө гаралгүй яах вэ, үүнтэй ч маргамгүй. 

Гэвч эдийн засгийн бодит өсөлт, жишээлбэл, бидний дотоодын хэрэгцээг хангах “Нефть нэрэх үйлдвэр”, “Ган бүтээгдэхүүний үйлдвэр”, “Шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр”, “Зэс хайлуулах үйлдвэр” гээд л салбарыг гадны банк маань хэрхэн дэмжих бол гэдэг их сонирхолтой, хариултыг нь таашгүй олон асуулт гарч байна. Өнөөдрийг хүртэл бид газрын тостой атлаа нефть нэрэх үйлдвэргүй байгаа нь хачирхалтай. Тийм үйлдвэрийг барихад Хятадын “Bank of china” хараат байдал нь алга болчихно гээд хөрөнгө оруулалт хийх юм болов уу даа, монголчууд нефтээ түүхийгээр нь Хятад руу гаргаж байх нь тэдэнд ашигтай бус уу?

43. Тэгэхдээ гадны банк салбараа нээснээр ойрын хугацаанд манай эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлэх юм биш үү?

- Үгүй. Би хувьдаа манай улсын эдийн засагт таагүй нөхцөл удахгүй үүснэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, Банкны тогтолцоонд нэн даруй хэт давамгайлах болно. Манай банкуудын зээлийн хүү олон улсын жишгээс харьцангуй өндөр болохоор гадаадын банкны салбарын хувьд энэ нь маш том давуу тал байх болно. Манай өнөөдрийн зээлийн хүүгээс арай бага хүүг санал болгох нь ойлгомжтой. 

Дотоодын банкууд энэ тохиолдолд үнэхээр өрсөлдөж чадахгүй учир зах зээлээс нэн даруй шахагдаж, үндэсний гэх арилжааны банкууд байхгүй болно. Тэгэхээр аж ахуйн үйл ажиллагаа сайн юм шиг мөртлөө бидний эдийн засгийн аюулгүй байдал доголдоно. Түүнээс гадна санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал эмзэг болох, дотоодын банкуудыг сулруулах, төрийн мөнгө, зээлийн бодлого хүчгүйдэх, санхүүжилтийн ялгавартай бодлого баримтлах магадлал хэзээд ч бий.


44. Биднээс Монголчуудын эв нэгдэлээс их зүйл шалтгаалах нь ...

- Гадаадын болон дотоодын банкуудын эрх ашгийг тэнцвэржүүлсэн зарчмыг гаргахдаа бид өөрийн улсын онцлог, нийгэм - эдийн засгийн нөхцөлтэй уялдуулж, гадаадын банкны үйл ажиллагааг аль болох төрөлжүүлсэн байдлаар хүлээж авах шаардлагаа тавих нь зүйтэй. Гадаадын банкууд ихэвчлэн томоохон төсөл, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийдэг тул тэднийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн мэдээллээр хангаж, ААН - үүдийн үйл ажиллагааг зогсолтгүй дэмжих бодлого төрөөс баримтлах шаардлагатай. 

Гадаадын банкуудын үйл ажиллагааны төрөлжилтийг үйл ажиллагаа эрхлэх хугацаатай нь уялдуулан тогтоох, тодорхой хугацааны дараа дотоодын банкуудын өрсөлдөх чадвар сайжирсан гэж үзэхэд гадаадын банкуудын үйл ажиллагааны төрөлжилтийг сулруулах гээд идэвхтэй, байнгын идэвхтэй байх хэрэгтэй гэж харж байна.

45. Тухайн үед Манай Монгол банк буюу Төв банк маань Хятадын Ардын банктай своп хэлцэл байгуулсан. Үүнээс улбаалж ямар үр дагавар гарах бол? Энэ түгшүүртэй асуудал гэж мэргэжлийн олон хүмүүс харж байгааг би Мэдэх юм. Энэ ямар арга замаар шийдэгдэх бол?

- Таны асуултыг өөр үгээр сийрүүлбэл надаас “Төгрөг - юанийн солилцоо, арилжаа, хэлцлийн өглөг” - ийг Монгол улс юугаар яаж төлөх вэ гэж хэлбэл илүү хялбар ойлгогдоно.

Анх 2011 онд Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийг хоёр орны гадаад худалдааг дэмжиж тогтвортой байлгах, Монголын банкууд, аж ахуйн нэгжүүдийн юаниар төлбөрийг түргэн бөгөөд хялбар гүйцэтгэх чадамжийг өсгөх, гадаад секторын эрсдэлийг бууруулах зорилгоор таван тэрбум юанийн хэлцлийг гурван жилийн хугацаатай байгуулсан. 

Монгол Улсын нийт гадаад өрийн статистикаас үзэхэд 2016 оны эхний хагас жилийн байдлаар своп хэлцлийн ашигласан хэмжээ тэрбум ам.доллартай тэнцэхээр буюу 11 орчим тэрбум юань байна. Энэ 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн своп дээрх юанийн өглөгийг хэзээ, ямар орлогоос, ямар хуваарь, шат дараатай хэрхэн төлөх вэ гэсэн асуулт тодорхой хариу нэхсээр байна.

46. Тэгэхээр Хятадын тал давуу байдлаа ашиглах боломжтой байх нь тийм үү?

- Хятадын Засгийн газар нь төгрөг - юанийн своп хэлцлийн өнөөгийн байдлыг ашиглаад Bank of china - гийнхаа салбараар дамжуулж Монголын зах зээл дээр дураараа тоглох аюултай байна. Тухайлбал, Нэгд, эдийн засагт байх мөнгөний нийлүүлэлтийг тухайн орны Төв банк нь шийдвэрлэж, зохицуулдаг. Гэтэл хөрш орны Төв банк нь одоогийн 3.3 их наяд, цаашлаад үүнээс ч илүү дүнгээр төгрөг татан авах шахалтыг Монголбанкинд үзүүлэх, татаж авсан мөнгөө хэзээ хэрхэн эдийн засагт оруулах талаар шийдвэрээ гаргах эрхтэй хоёр Төв банк зэрэгцэж зогсох эрсдэлтэй. “Мөнгө мөнгөө дуудаж, баян нь улам баяжина” гэдэг нь болно. Хоёрд, Монгол дахь Хятадын Bank of china - гийн салбар нь Хятадын ардын банкны зохицуулалтаа, бусад нь Монголынхоо Төв банкны зохицуулалтыг дагах нэгдмэл бодлого, зохицуулалт гээч нь утгагүй болно. 

Гуравд, Bank of china салбараараа дамжуулаад гэнэт их хэмжээний мөнгө таталт, эсвэл огцом мөнгөний нийлүүлэлт хийгдсэнээр инфляц үүсэх, төгрөгийн худалдан авах, бусад валюттай харьцах чадвар үнэлэмж унахаас эхлээд тооцоолоогүй олон хүндрэл гарна.

47. Bank of china Монголын зах зээл дээр чөлөөтэй тоглолт хийж эхэлбэл ямар эрсдэл учирч болох вэ?

- Монголбанк төгрөг өгөхөөс татгалзана гэвэл Хятадын ардын банк своп хэлцлийн хугацааг 2020 оноос цааш сунгахаас татгалзаад, хариу болгож 1.6 тэрбум ам. доллартай тэнцэх 11 тэрбум юанийг эргүүлж төлөхийг Монголбанкнаас шаардана. 

Бодолдоо, Монгол улсын эдийн засагт Монголбанкнаас өөр төгрөг нийлүүлдэг Хятадын төрийн өмчит субъект бий болсноор бие даасан, хараат бус мөнгө -зээлийн бодлого хэрэгжих боломжгүй болж, эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хүндрэл учирна. Бид нэг удаа гадаадын капиталыг шахан зайлуулахдаа ч дангаараа бол чадахгүй л байсан. 

Аж Үйлдвэр, Худалдааны банкийг 1924 онд хуучин ЗХУ - ын хөрөнгө оруулалттайгаар байгуулан ажиллуулж байгаад 1954 онд Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн шүү дээ. Тэр үед манай төрийн удирдлага болоод ард олны хувьсгалч, дайчин, алсыг харж мөрөөдсөн, бодитой бодлого хэрэгжиж байсан. Өнөөдөр бид хийж чадахааргүй хүнд, эрсдэлтэй зүйл тул онцгой анхаарал тавих учиртай.

48. Товчлооод концепцийг томъёолж энэ бүхнийг дүгнээд хэлбэл?

“Жижигхэн гэмээр юмнаас асар том уршиг үүсэх аюултай”, тиймэрхүү зүйлсийн талаар Та бидэнд эртний ном зохиолоос эхлээд шинэ үеийн уран -''сайхны кино хүртэл байнга л сануулж анхааруулж байдаг шүү. Залуус, ялангуяа сайн мэдэх байх даа, “Трой” гээд домог дээр суурилсан Холливудын нэг адал явдалтай, сонирхолтой кино байдаг шүү дээ. “Трой” улсын ханхүү Парис нь Спарта улсын хааны дүүгийн эхнэрийг булаан авдаг ахуйн гэмээр явдал гардаг даа. Гэтэл тэр асуудлаас болоод “Трой” - д ганц ширхэг аварга том модон адууны хийц орж ирээд бүхэл бүтэн улс түүх соёлтойгоо тэр чигээрээ алга болдог доо. Үүнийг мартаж болохгүй.

49. Шийдвэр гаргах түвшинд, бодлого боловсруулагчдад зөвлөгөө өгөөч гэвэл?

- Банк санхүү, эдийн засгийн ухаанаар сурч боловсорч буй оюутан залуус, их, дээд сургуулийн профессорууд, Монголбанк, арилжааны банкуудын удирдлагууд, Их Хурлын гишүүд, бусад институц нь гадаадын банкны салбар Монголд орж ирвэл яах вэ гэдгийг байж болох бүх талаас нь тооцоолж, гарах боломжит бүх эрсдэлийг бодолцож, ултай суурьтай судалгаа хийж, цаашид ямар гадаадын банкийг оруулж ирэх, ямар зохицуулалт, хязгаарлалт хийхээ эргэлзээгүй шийдсэн баймаар байна.

50. Нийтээрээ, нэгдэж, судалж байж шийдвэрээ гаргах ёстой гэж Та хэлэх гээд байна уу?

- Монголчууд бид "Аргыг нь олбол арсланг ч дийлнэ” гэдэг шиг өөдрөг, туйлбартай, ухаалаг, алсын хараатай байх хэрэгтэй.

51. Түүний тулд юу дутагдаж байна вэ?

- Өнөөдрийн бидний, олон нийтийн ундууцсан, эргэлзсэн байдал юунаас үүдэлтэй вэ гэвэл Та бидэн дунд тэр аяараа “Мөнгөгүй бол сүйрэл, мөнгөгүй бол юуг ч бүтээхгүй” гэсэн улс төрийн бодлого, нийгмийн хувь хүмүүсийн хандлага хэт туйлшран хүчээ авснаас болж байна.

52. Монгол Улс 1990 оноос хойш ардчилсан тогтолцоонд шилжсэн. Үүний тулд Үндсэн хуулиа баталсан байдаг. Одоо улс төр, шүүх эрх мэдлийн тогтолцоог шинэчлэхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж байх шиг байна. Энэ талаарх Таны байр суурийг сонсохгүй өнгөрч болохгүй байх?

- Монголчууд Бид 1992 онд баталсан Үндсэн хуулиараа парламентын сонгодог хэлбэрийг тогтоосон мөртлөө гурван эрх мэдэл бүхий, эрх мэдлээ булаацалдсан гурван толгойтой буюу Ерөнхийлөгчийн, Парламентын, Гүйцэтгэх засаглалын гэсэн улс төрийн институцийг бий болгосон. Үүнээс болж гажуудал үүсч эхэлсэн. 

Бид өнөөдөр УИХ - ын гишүүдээ сонгочихоод тэднийгээ хянаж чадахгүй болсон. Бид ардчиллын замаар улс орноо хөгжүүлье гэвэл олон ургалч үзэл байнга байх ёстой. Өнөөдөр 3.2 сая хүмүүсийг 76 хүн төлөөлж байгаа ч тэдний 17 нь давхар дээлтэй сайд хийж байгаа нь хяналтын механизм алдагдсаныг харуулж байна. Ер нь бол Парламент, Засгийн газар, аж ахуй нэгж ч гэсэн хяналтын тогтолцоотой байх ёстой байдаг. Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх бус нэмэлт, өөрчлөлт оруулах нь бол зөв. Ингэхдээ түүндээ хяналтын механизмаа мөн л сайн суулгаж өгөх ёстой. Зөвхөн банкин дээр гэхэд давхар болон дараалсан, Төв банкны, хөндлөнгийн зэрэг маш олон хяналттай байдаг.

Яг өнөөдрийн энэ парламентын гишүүд ёс суртахууны хувьд ч амьдралын туршлагын хувьд ч мөн ЖДҮ, 60 тэрбум, амьдралынх нь философ, ардчилал, зах зээлийн маруухан ойлголт гээд олон зүйлээрээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чадамжгүй гэж үзэж байна. Нэг жишээ хэлэхэд л Ардчиллын суурь зарчим буюу ардчиллыг хамгаалдаг Шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг үгүй хийсэн өөрчлөлт хийхээр болж байна ш дээ. Яагаад гэдэг нь ойлгомжтой, өөрсдөө ЖДҮ – гээс эхлээд асуудлаа хамгаалуулахын тулд ийм өөрчлөлт оруулах гэж байгаа юм, энд ямарч Монгол улсын төлөө, ард түмний төлөө, ардчилсан нийгмийн төлөө гэсэн үзэл бодол байхгүй байна.

53. Гүйцэтгэх засаглал болон парламент хоорондын харилцан хяналт алдагдсан байгаа гэлээ. Ерөнхийлөгч бол бэлгэдлийн чанартай байх ёстой ч хэт их эрх мэдэл олгосон байна гэж Та хэлэх гээд байна уу?

- Ерөнхийлөгч бол эв нэгдэлийг сахиулагч, бэлгэдлийн чанартай байх ёстой. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн одоогийн эрх мэдэл нь парламентын, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал ч юм шиг эрлийзчихсэн байгаа юм.

54. Төв Азийн тэгш өндөрлөгт оршин суух Монголчууд бид өргөн, уудам газар нутаг, байгалийн баялагтай ч цөөн хүн амтай улс. Гэвч хөгжлийн хувьд хоцрогдмол, хүн ам нь ядуу байгаагийн шалтгааныг Та юу гэж харж байна вэ?

- Өндөр хөгжилтэй улс орон, ядуу улс орон байгаагийн шалтгаан нь юу вэ гэдэг дээр бүгд л толгойгоо гашилгадаг. 1853 онд АНУ - ын Гадсен гэж хүн Мексик болон АНУ – тай хиллэдэг Ногалес гэдэг хотын талыг 10 сая ам.доллароор худалдаж авсан байдаг. Үүнээс 166 жилийн дараа түүний худалдаж авсан АНУ – ын Ногалес хот, нөгөө Мексик улсад үлдсэн Ногалес хот хоёр газар тэнгэр шиг ялгаатай хөгжсөн. АНУ - ын Ногалесынхан аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдарч байхад Мексикийн Ногалес нь хөгжлөөрөө хоцрогдож, орлогооро гурав дахин бага байсан. Энэ хоёр бол нэг үндэстэн, нэг хот, соёл, шашин, хүнс гээд бүх зүйл нь нэг ч гэсэн эсрэг тэсрэг байсан. Энэ юунаас болж ийм болов гэдгийг судлахад улс төрийн тогтолцоо, түүнээс шууд хамааралтайгаас ийм эрс тэрс байсан гэдэг дүгнэлтэд хүрч байна. Яг ийм жишээ бол одоогийн хоёр Солонгосыг, өмнө байсан хоёр Герман улсын хөгжлийг харьцуулан дурдаж болно.

55. Нэг үеэ бодвол бид дэлхийн улс оронд зорчиж, ажиллах боломжтой болсон. Гэхдээ хүмүүс шударга ёс, эрх барьж буй намуудыг их шүүмжилж байна?

- Мэдлэг бол ажиглалт дээр суурилдаг. Монгол хүмүүс барууны хөгжилтэй оронд сайхан амьдарч, өндөр цалин авч, үнэлэгддэг. Яагаад Монголд тэгэхгүй байна вэ. Ерөөсөө л тогтолцооны гажиг. Гэтэл тэр гажиг тогтолцоогоо дагаж хууль нь гажуудалтай батлагддаг. 1990 онд зөв тогтолцоо руу орсон ч засах ёстой, өөрчлөх зүйлүүд байна. Тэр нь суурь буюу Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах. Үүнийг л засч залруулах ёстой.  Гэхдээ шүүлтүүрээр оруулж, хяналтын тогтолцоог хуулиндаа маш сайн суулгаж өгөх ёстой.  

56. Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэлц үг хүртэл гарч. Энэ нь нийгмийн шударга ёс алдагдаж, хуулиас дээгүүр байсантай холбоотой юу?

- Энэ бас л улс төрийн тогтолцоотой хамааралтай асуудал. 1990 оноос хойш Монголын төрийг өнөөдөр цөөн тооны улстөрч, цөөн тооны уул уурхайгаар хөрөнгө мөнгөтэй болсон бизнесменүүд удирдаж ирсэн. Зарим гишүүд нь УИХ - д долоо сонгогдож, таван удаа сайд хийсэн хэрнээ үл хөдлөх хөрөнгө, хадгаламжил дахь мөнгө нь бизнесменүүдээс илүү их байна. 

Яагаад бизнес эрхлэхгүй байгаа мөртлөө бизнесменүүдээс их хэмжээний хөрөнгөтэй байна вэ? гэдэг бол зүй ёсны асуулт. Нэг талдаа Монголын төрийг цөөн тооны олигархчихсан улстөрч, тэднийг налж дагасан цөөн тооны ёс зүйгүй олигархиуд эзлээд авсанд л байгаа юм.

57. Саяхан хүртэл олон гишүүд ЖДҮ - гийн зээлийг өөрсдөдөө олгосон асуудал үүссэн?

- Тийм, эрх мэдэл албан тушаалаараа далайлган, мөн ил тод биш байсан учраас тэд сэм хуйвалдаж, өөрсөддөө ЖДҮ – гийн зээл авсан. Гэтэл Золоо гэдэг бизнесмен жилийн 20 гаруй хувиар хүү төлж байхад, Их хурлын гишүүд гурван хувийн хүү төлж байх жишээний, энэ бол яавч шудрага ёсонд нийцэхгүй, энэ нь л шударга ёс алдагдсаныг харуулаад байгаа учраас иргэд их шүүмжилж байгаа юм.

58. Түүнээс гадна бид маш их байгалийн баялагтай, хүн ам багатай улс. Та түрүүн хэлсэн маш цөөхөн хүн уул уурхайгаар мөнгөтэй болсон гэж. Тэр цөөн тооны хүмүүс, улстөрчдөөс болж баялгийн тэгш хуваарилалт алдагдсан гэж хэлж болов уу?

Тэгш хуваарилалтын тухай яриад ч хэрэггүй, алдагдахын дээдээр алдагдсан, хуулиндаа байгаа заалтаа ч санаатайгаар хэрэгжүүлэхгүй байгаа. Стратегийн ордын 15 хүртэлх хувийг иргэд эзэмшинэ гэсэн заалтын тухай ярьж байна л даа. Мөн байгалийн баялгаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах аж үйлдвэрийг санаатайгаар барихгүй байна. 

Менделевийн 108 – н элементийн олонх нь Монголд бий. Бид нефтийн бүтээгдэхүүн, төмөр, зэс, шил, эрчим хүчний нүүрсээ боловсруулж ашиглахгүй байгаа тухай яриад байна л даа, тэдгээрийг гадагшаа түүхийгээр нь гаргаж байна. 

Гэтэл Монголд шилний үйлдвэр барих, эрчим хүчээ дотооддоо хангаж чадахгүй, нефтьтэй хэрнээ импортлохоо урьтал болгож, бензин худалдаж авдаг компаниудын үйлдлээс хараарай даа. Үүнийг улс төр байна гэж л харж байгаа юм. Хэн үүнийг хүсэхгүй байна вэ? гэвэл улстөрчид. Хүмүүст ажлын байр бий болгож болохгүй, ажилгүй бол орлогогүй, орлогогүй бол ядуу. Ийм хүмүүсийг сонгуулийн өдөр шууд ходоодтой нь холбоод бага мөнгө зараад л санал авах боломжтой, ингэсээр ч ирсэн. Яг ийм замаар Өмнөд Америк, Африкийн ихэнх орнууд явж байна. 

Тиймээс хөгждөггүй. 1.5 сая хавтгай км газар нутагтай, 65 сая малтай, 3.2 сая хүн амтай, жилийн дөрвөн улиралтай, байгалийн үзэсгэлэнт газартай аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Ийм улсыг хөгжүүлэхэд юу болохгүй байна вэ гэвэл улс төрд байгаа хүмүүс нь санаатайгаар улсаа нийтэр нь хөгжүүлчихье гэсэн хүсэл, сонирхол огт алга.

59. Өнгөрснөө, бас хийж байгаа хүнийг шүүмжлэхэд амархан, хийхэд хэцүү гэдэг. Тэгвэл бид цаашид юу хийх ёстой вэ?

- Дуслыг хураавал далай болно гэгчээр эрдэмтэн, мэргэд, нарийн мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг авч, төрийн бодлогод тусгаж аль нам нь Засгийн эрхэнд гарч ирсэн ч хамаагүй төрийн бодлого, залгамж халаатай байж, ямар ч Засгийн газар гарч ирсэн өмнөхөө үгүйсгэхгүй үргэлжлүүлээд явах ёстой.

60. Бодлогын түвшинд юунаас эхлэх нь зүйтэй вэ?

Юуны түрүүнд хүнд аж үйлдвэржилт, аж үйлдвэржилтийн бодлогыг гаргаж ирж, ажил хэрэгчээр хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд, энэ цаг үед Монголчууд бид юу хийх ёстой вэ гэвэл,

Нэгд, дотооддоо 100 хувь цахилгаан эрчим хүчээр бүрэн хангадаг байх ёстой.
Хоёрд, шатахуунаа 100 хувь дотоодоос хангах ёстой.
Гуравд, зэсийн боловсруулах үйлдвэр байгуулж чадвал валютын урсгал нэмэгдэнэ.
Дөрөвд, шил, шилэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх.
Тавд, арматур хийх түвшинд төмөрлөгийн үйлдвэр хөгжсөн учраас дээд зэргийн ган төмөрлөгийн үйлдвэр байгуулах ёстой.
Зургаад, Сүхбаатараас Замын - Үүд хүртэл хос төмөртэй болох, мөн экспортын төмөр замтай болох эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй.

Ингэж чадвал бид гадагшаа урсдаг ам.доллароо валютын нөөц болгож, гаднаас орж ирж байгаа ам.доллароо мөн валютын нөөц болгож чадна. Монголчууд бид өнөөдөр нэг ам.долларыг 9 төгрөгөөр авах уу, 2675  төгрөгөөр авах уу гэдэг нь хүний халаастай шууд хамааралтай асуудал юм.

61. Өнгөрсөн хугацаанд бид байгалийн баялгаас өөр дэлхийд өрсөлдөхүйц бодлого бараг л хэрэгжүүлсэнгүй. Тусгаар тогтносон, уламжлалт соёл, ахуйтай улсын хувьд ардын урлаг, соёлоо хадгалж, түүгээрээ дамжуулж дэлхийн тавцанд өрсөлдөх боломжууд их харагддаг. Гэтэл энэ чиглэлд төр засгийн бодлого дутагдаад байх шиг?

Аливаа улсыг авч явдаг суурь нь соёл гэдэг биздээ. Соёл, урлагтаа бид нийт төсвийнхөө 0.08 хувийг зарцуулж байна. Ийм хандлагаар бид олон жил явж ирлээ. Мөнгө зарж байж бид дэлхийн хэмжээний оюуны том амжилтад хүрнэ. Сайн дурын арга нь тулхтай хөгжил биш түр зуурын амиа аргацаасан хөгжил. Үүний тулд төр, засгаас урлаг соёлоо хөгжүүлэхэд зохих хэмжээнд нь төсвөө нэмэгдүүлж зарцуулах ёстой.

62. Төрөөс гоц сайн анхаардаггүй, бодлого нь байнга өөрчлөгдөн байгаа бас нэг салбар нь боловсролын салбар байх шиг байна. Ирээдүйг авч явах залуучуудынхаа боловсролд хэрхэн анхаарч, ямар бодлого явуулах ёстой юм бол?

- Боловсрол маш чухал суурь. Манай Гадаад яам болж өгвөл дэлхийн аль ч орны буцалтгүй тусламжаар оюутнаа сургаж, бэлтгэх хэлэлцээр хийх нь зүйтэй. Суралцаад буцаж эх орондоо заавал эргэж ирж, 3 - 5 жил улсынхаа хөгжил, эдийн засагт хувь нэмрээ оруулах ёстой гэдэг хөшүүрэг байж үр дүнд хүрэх болов уу. Угаасаа Монголчууд бид боловсрол, мэдлэг өндөр байх тусам улс төрийн тогтолцоог зөв болгож, төлөвшүүлэхэд олон ургалч үзэл, зөв өнцгөөс нь шахаж шаардах зүйл гараад ирнэ. Мэдлэггүй, боловсролгүй, ажилгүй хүмүүс Монгол Улсын хөгжлийн төлөө зөв зүйтэй санал, санаачлага гаргаж ирж чадахгүй л болов уу. Суусан цэцнээс, явсан тэнэг дээр гэж сайхан зүйр үг байдаг шүү дээ. 

63. Баабар хэлж байсан юм, би одоо хүний диплом харахаа байсан гэж. Монголд хэтэрхий олон их, дээд сургууль, маш олон дипломтой, ажилгүй залуус дүүрчээ дээ?

- Социализмын үед цөөн тооны, чанартай их дээд сургууль байсан энэ нь ч зөв бодлого. Одоо бол хэтэрхий их дээд сургууль байна, түүний оронд нарийн мэргэжлийн анхан дунд шатны сургалтын төв, коллежууд байх нь зүйтэй. Дээд боловсролын өрсөлдөөн чанартай байх ёстой. Төрийн бодлогоор цөөн тооны чанартай сургууль байх ёстой бөгөөд тэр нь хувьчлагдсан байх ёстой гэж боддог.

64. Гадаад руу залуучуудыг сургах асуудал дээр нэг нюанс байна. Түүхээ эргэн харвал ч, энэ эрин цагийг ч сонжвол. Дэлхий нь зах зээл дээр тоглогч хоёр их гүрний дунд оршиж буй Монголын хувьд гуравдагч хөрш орнуудын бодлогыг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд их ажиллаж байх шиг байна. Та юу гэж хардаг вэ?

- Бид дэлхийн их гүрэн, гол бодлогыг тодорхойлогч улс биш учраас хэнтэй ч муудалцаж болохгүй. Гэхдээ бас хэмжээндээ тэнцвэртэй харилцах ёстой. Юун түрүүнд бид хоёр хөршөөсөө нүүгээд явахгүй учраас хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, соёлын гээд бүх талаараа жигдхэн харилцах нь зүйтэй болов уу.

65. Таныг туршлагатай, сайн банкир гэдгийг олон харилцагч нар чинь, манай нийгэм мэднэ. Гэхдээ Б.Мэдрээ хувь хүнийхээ талаас хэн бэ гэдгийг олон нийт тэр бүр мэдэхгүй болов уу?

- Миний бие Нийслэлийн 14-р сургуулийг 1972 онд төгсч, дараа нь Украйны Харьков хотын инженер – эдийн засгийн дээд сургуулийг инженер – эдийн засагч мэргэжлээр 1977 онд төгсч, хөдөлмөрийн гараагаа 1977 оноос Улсын төлөвлөгөөний комиссоос эхэлж, тэндээ 10 жил тасралтгүй ажилласан. 1987 оноос Улсын банкны ерөнхий хороонд шилжиж ирснээр л банкны мэргэжлийн хүн болох замналаа тавьсан.

66. Та ямар төрлийн кинонд сонирхолтой вэ?

- Анх гуравдугаар ангид байхдаа офицеруудын ордонд “Гамлет” уран сайхны киног үзэж байв. Тэр киног орос, монгол хэлний алинаар нь үзсэнээ санахгүй байгаа ч учир мэдэхгүй надад маш их гүн сэтгэгдэл үлдээсэн. Түүнээс хойш Нийслэлийн кино театрт гарсан бүхий л кинонуудыг алгасалгүй шахуу үзэж байлаа.

67. Хамгийн сүүлд ямар кино үзэв?

- Саяхан дахин “Forest Cump” киног үзлээ. Гэхдээ Акирава Курасовагийн кинонууд таалагддаг. Хуучны Оросын (ЗХУ) үеийн сонгодог болсон Эльдар Резанов, Никита Михалков, Сергей Бондарчук, Андрей Тарковский, Андрон Кончаловский, Грегорий Козинцев нарын найруулсан кинонуудыг үзэх дуртай.

68. Таныг балетад дуртай, театрын тайзнаа гардаг балет бүрийг алгасдаггүй гэж сонссон юм байна?

- Манай довны Хүрэлсүх, Энх – Амгалан гэдэг хоёр найз маань Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид сурдаг байсан. Тэдний тоглолтыг байнга үзсээр, 1967 оноос хойш балет сонирхож, алгасалгүй шахуу үздэг болсон, 

69. Та ямар спорт сонирхож, хичээллэдэг вэ?

- Хөлбөмбөг.

70.  Хамгийн сүүлд ямар ном уншив? Ямар дуу хөгжим сонсов?

Зенжи Макитагийн “Зөв хоололтын хөтөч”, “Икигай” гэдэг хоёр ном уншлаа. Ер нь бол сүүлийн үед менежментийн талаарх ном унших хоббитой болсон. Найз нөхдийнхөө хүрээнд Ди Жи хийдэг.

71. Хөлбөмбөг бол багийн спорт. Манайд багийн спорт хөгжих, энэ чиглэлээр хөгжих боломж байна уу?

- Төрийн дэмжлэгтэйгээр битүүрж нээгддэг хөлбөмбөгийн стадион бүх аймгийн төв, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод бодлогоор, ээлж дараатайгаар бариад өгчихвөл хөгжих боломжтой гэж харж байна. 

Хамгийн сүүлд буюу 2019 оны 7 – р сард Дэрэн клубийн 11 настнууд Шведэд болсон олон улсын тэмцээнд 28 тоглохдоо 23-д нь ялалт байгуулж, айлын хаалганд 150 гоол оруулсан бол өөрийн хаалганд 15 гоол алдаж, нэгдүгээр байранд орсон байгаа юм. Энэ тэмцээнд 80 орны 1700 клубээс шигшигдэж, 13 орны 50 клубын дунд болсон тэмцээн юм. Энэнээс харахад багийн спорт хөгжих боломж байна.

72. Сүүлийн үед Монгол хүүхдүүд оюун ухааны спортоор дэлхийн олон амжилтуудыг эвдэж, тэргүүлж байгааг харахад цөөхөн хүн амтай улс хэрнээ олон сая хүн амтай улсуудтай өрсөлдөөд түрүү байр эзлэж байх шиг. Гэхдээ сайн дураараа, өөрсдийн хүчээр яваад байгааг харахаар?

- Харин тиймээ, Монголын Нууц Товчоонд яагаад монголчуудыг дээд тэнгэрээс заяатай гэж нэрлэсэн юм болдоо гэж боддог болчихлоо. Оюун ухаанаар дэлхийн тэмцээнүүдэд тэргүүлж, ялалт байгуулж байна. Хэрэв төр бодлогоор, санжүүжилтээр дэмжиж чадвал бүр илүү амжилтуудыг харуулж чадна гэдэгт бүр итгэлтэй болчихлоо. Ер нь бол салбар салбар төрийн бодлоготой байж, салбар бүрийн хөрөнгө оруулалтыг зөв зарцуулж чадвал цэцэглэн хөгжинө.

73. Танай Худалдаа, хөгжлийн банк хэр зэрэг нийгмийн хариуцлага хүлээдэг банк бол?

- Хоёрхон баримт л хэлье. Манай “Bloomberg” телевиз хүмүүсийн эдийн засаг, бизнес, санхүүгийн соёл, боловсролд хөрөнгө оруулалт хийж, үнэн бодит мэдээллийг хүргэж, гүтгэлэг, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл дамжуулахгүй байх соёлд хувь нэмрээ оруулаад л явж байна. 

Бид Хотын захиргаатай хамтран Францын ЖисиДеко компанийн загвараар 274 автобусны буудлыг барьж өгч байна.  Энэ бол хотын соёлд хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгээд л байгаа ажил. Яриад байвал өөр олон ажлыг нэрлэж болно.