Цагаан сарын зоогийн ширээнд
Цагаан сарын хүндэтгэлийн зоогийн ширээг чимэглэх, ирсэн зочноо соёлтой дайлах, уламжлалт болон орчин цагийн хоол ундааг зохицуулан хэрэглэхэд төрөл бүрийн зууш, ялангуяа өнгө алагласан ногооны шанцай зайлшгүй шаардлагатай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Чинжүүтэй шанцай
1кг шанцайнд:
Орц: ( грамм-аар)
- амтат чинжүү-200
- шинэ улаан лооль-20
- шинэ өргөст хэмх-150
- булцуут сонгино-150
- талхны нунтаг хатаамаг (сухарь)-100
- зөөхий-20
- нунтаг хар повоор
- давс амт оруулах хэмжээгээр
Хийх арга:
- Чинжүүг үрээс нь цэвэрлэж дэрс хэлбэр дүрстэй хэрчинэ.
- Улаан лооль, өргөст хэмхийг нимгэн хавтгай хэрчинэ.
- Сонгиныг жижиглэж хэрчинэ.
- Талхны нунтаг хатаамгийг саванд хуурч дээр нь чинжүү, бусад ногоогоо нэмж хутгаад давс, повоороор амт тохируулж зөөхийгөөр найруулна.
Холимог шанцай
Нэг тавагт:
Орц:
- шинэ улаан лооль-20
- шинэ өргөст хэмх-20
- булцуут сонгино-10
- бөөрөнхий байцаа-40
- амтат чинжүү (болгар чинжүү)-10
- цуужуулсан мөөг-10
- өндөг- 1/8 ширхэг
- шанцайн амт оруулагч-20
Хийх арга:
- Улаан лоолийг нимгэн дугуй, өргөст хэмхийг саримс, булцуут сонгиныг хагас цагираг хэлбэр дүрстэй хэрчиж байцаа, чинжүүг жижиглэж татна.
- Байцаан дээр давс үрж хэсэг байлгаад шүүснээс нь базаж авна.
- Бүх ногоог нийлүүлж шанцайн амт оруулагчаар найруулж таваглаад цуужуулсан мөөг, зүссэн өндөг, бусад ногоогоор чимэглэнэ.
Шанцайн амт оруулагчийг бэлтгэхийн тулд 500 мл ургамлын цэвэр тосонд 40-45 г
буюу хоолны 2 халбага орчим элсэн чихэр, цайны 2 халбага давс, чимх нунтаг
повоор хийж уусгасны дараа 500 мл 3%-ийн цагаан цууны уусмал хольж
сайтар хутгана. Энэ нь ойролцоогоор 50 таваг шанцайг найруулахад хүрэлцээтэй. Шанцайн
амт оруулагчийг хэрэглэхийн өмнө сайн сэгсэрч зайлах буюу хутгаж самрах
хэрэгтэй.
Хүрэн манжинтай шанцай (Винегрет )
Орц (1000 г буюу 10 таваг шанцайнд)
- шар лууван-125
- хүрэн манжин-200
- төмс-300
- давсалсан өргөст хэмх-200
- исгэлэн (дарсан) байцаа-200
- ногоон сонгино-180, эсвэл булцуут сонгино-180
- ургамлын тос-100, эсвэл шанцайн амт оруулагч-100
- давс, нунтаг повоор- амт оруулах хэмжээгээр
Хийх арга:
- Чанасан төмс, хүрэн манжин, шар лууван, түүнчлэн давсалсан өргөст хэмхийг нимгэн хавтгай юмуу жижиг шоо дөрвөлжин хэрчинэ.
- Дарсан байцааг шүүснээс нь базаж гаргаад дээрх ногооны адил жижиглэж хэрчинэ. Байцаа хэт давстай бол усаар угааж давсыг багасгана.
- Сонгиныг жижиглэж хэрчинэ.
- Бүх ногоог нийлүүлж ургамлын тос юмуу шанцайн амт оруулагчаар найруулж таваглана.
- Цагираг хэлбэр дүрстэй хэрчсэн сонгино, салатны навчаар чимэглэнэ.
Мэдэхэд илүүдэхгүй
- Төмс, манжин, лууван, хүрэн манжинг хальстай нь чанаж болговол аминдэмээ алдах нь бага байдаг. Ер нь хүнсний ногооны чанарыг алдагдуулахгүйгээр түргэн болгох хамгийн сайн арга бол ууранд жигнэх, тагтай саванд зөөлөн галаар чанах юм. Ногоог ялз болгохгүй байх хэрэгтэй.
- Төмс, лууван, хүрэн ба шар манжинг чанах шингэн нь ногооноос дээш 1 см бүрхэж байхаар бодож саваа сонгоно.
- Ногооны шанцайг урьдчилан чанаад хөргөөсөн ногоогоор бэлтгэнэ. Түүнчлэн шанцайг найруулах, амт оруулах зүйлсийг урьдчилан хөргөөсөн байх шаардлагатай.
kkkkkk
Zochin
Happy Chinese New Year
зочин
zochin
Зочин