“Голын эргийн өвөлжөөний хавар” хошин туужаас

Үргэлжлэл.

...Би хулигаанаас айж байсан боловч хот руу явахдаа шийдвэр төгс байсан болохоор Дамлинд дургүй хүрлээ. Эмээ намайг хот явуулахаа болино гэвэл дүүрлээ л гэсэн үг.

-Чи чинь мал тууж хот ороод, тэндээ шингэх гэж оролдоод бүтэлгүй, албадангаар ачуулаад ирсэн биш билүү гэж түүнээс би эгдүүцэн асуулаа.

-Албадангийн машинд   ачигдаж биш дайгдаж ирсэн юм. Чи мэднэ дээ

-Би мэдэхгүй ээ

-Мэднэ ээ мэднэ. Улаанбаатар ирэх очихын зардал хэд билээ? Аан. 500 гаад цаас болно. Албадангийн машинаар үнэгүй ирвэл тэр мөнгөөрөө юу авах вэ? Чи миний сүүлд авдаг орос хороомыг мэднэ дээ?

-Харин тэрийг чинь харин ч мэднэ. Чиний анхны, дундах, дундахийн удаах, сүүлийнх, сүүлийнхийн өмнөх бүх хороомыг санаж байна.  Бүгд нийлээд нэг л хороом юм чинь яахин мэдэхгүй байх билээ...

Уур нь хүрсэн Дамлинсүрэн дараагийнхаа айлаас адуугаа эрэхээр мордов.

Эмээ хулигаанаас айх айдас нь намайг эрдэм номтой хүн болгох хүслийг арай ч дарж гүйцээгүй учраас явуулахаар боллоо. Манай нутгаас өч төчнөөн хүн хот ордог, мөн арваад хүүхэд тэнд сурдаг боловч нэг цөм тоо бүрэн толгой бүтэн байгаа нь түүнийг тайтгаруулсан юм. Нээрээ ч, нийслэл хотод хүний бөөр гаргадаг хулигаан нь язганаж байх боловч Дамлинсүрэнгээс өөр  хүнтэй тааралдсан удаа бас үгүй.

Харин онгоцны зардал хийх, мөн  оюутны тэтгэлэгтэй залгах хүртлээ хэрэг болох хэдэн төгрөгийг өмдны дотор гуянд тусгай хармай хийж нуугаад битүүлж оёлоо.  Хүний хармай хэзээ ч байдаггүй бүс нутгийг эмээ бид хоёр нээсэн хэрэг л дээ. Хэрэг дээрээ тэр хавьдаа зүсүүллээ гэхэд мөнгөтэй байгаад ч нэмэргүй  тийм сүрхий осол болно л доо. Ер нь бол хар тамхи хилээр давуулах аятай л юм болсон. Нуух ажлын төгсгөл дээр эмээтэйгээ би сүрхий маргалдлаа. Тэрээр миний өмдний гуяны дотор талыг пэрээтгээр зүсдэг юмаа гэхэд аюулгүй талыг бодолцон молоонкны лааз хайчилж хийнэ гэж зүтгээд...

...ёо ёо, цавинаасаа төмөр зүүх нь дутаж гэнэ.  Муу Дамлинсүрэн  муу погооди... хотод боксын секцинд явж байгаад...эргэж ирээд...нүүрийг нь хавтгайлах хуна. 

Эцсийн эцэст миний тал ялалт ирлээ. Би явах суухдаа үргэж цавиа хавчих явах үүрэг авсны эцэст өмдийхээ дотор хасыг хуяглуулалгүй үлдээв.

Ингээд радиогоор “Энэ жил их дээд сургуульд элссэн оюутнуудыг 8 сарын 10 гэхэд тус тусын сургууль дээр ирсэн байхыг зарлаж байна.  Хожимдвол сургуулиас хасахыг мэдэгдье. Улсын ургацын комисс” гэсэн зарын мөрөөр товлосноосоо өмнө хот гарах боллоо.



Ургацын комисс гэхээс өвс ургамал хариуцсан газар баймаар, гэтэл хаа хамаагүй мэргэжлээр сурах намайг хэзээ ирэхийг мэдэж байсан нь хачин.  Ядаж би агрономийн ангид орсон бол ч яая гэхэв.

Ургацын комисс гэж дороо баахан их дээд сургуультай  газар байдаг уу, эсвэл их дээд сургууль болгон дотроо ургацын комисстой юу, ерөөсөө шинээр элссэн оюутанг ургац гэж нэрлэх ба тэднийг хариуцах газрыг ургацын комисс гэдэг ч юм уу учрыг ололгүй замд гарлаа. Гайхахдаа МУИС-д элсүүлсэн томилолт дээрээ ургацын комисс гэсэн үг хайсан боловч олоогүй. Элсэлтийн комисс гэсэн үг л байх. Магадгүй, элсүүлэхдээ элсэлтийн, элсүүлж дуусмагцаа ургацын болдог комисс ч байдаг юм билүү? Өнөө уран сайхны “хөнгөн” Дулмаа гэртээ байхдаа айлын эхнэр, гэрээс гараад эвлэлийн даргын нуудгай болчихдог шиг.

Сүүлд мэдэхнээ Ургацын комисс гэж ном заахын оронд аж ахуй явуулж төмс сугалуулдаг, тэрэнд нь явахгүй бол хөөрхий оюутныг  сургуулиас нь сугалахаа ч мэддэг газар байж. Их сургуульд оруулах  мэдэлгүй аталтай, хөөх мэдэлтэй нөхөр. Өнөө ходоодны шараа эмчлүүлэхээр хэвтсэн хүнийг шприцний шартай болгоод гаргадаг эмнэлэгэрхүү.

Ингээд аянд гарах өдөр ч ирж, сейфтэй шарваараараа гангарав. Халуунд өдөр байсан тул аль цагаан сараар бэлгэнд аваад жоорлосон сороочгоороо гангарлаа.  Ханцуй нь төө хэртэй урт байсныг шамлах замаар тэгшитгэв. Цамц  яахав, өмд. Та алцайнаасаа юм зүүгээд явж үзсэн үү? Эмээгийн маань хураасан хэдэн цаас нэгт, гуравт голдууг хэлэх үү, таван зуу болохын тулд хөөрхөн бөндийлээ. Намайг алхаж явахад таарсан хүмүүсийн зарим нь “Эр хүнд ийм явдал тохиолддог юм аа. Дициллин нэг курсийг 8 цагаар тариулаад л нам” гэж зөвлөж байсан бол сандал дээр налайн сууж байхыг харсан нэг ах  нүдээ ирмэж “Эр хүний хугарай болох нь гээч” хэмээн дал руу алгадсан удаатай.

Би машины тэвшин суун замаа гарсан хойноо донсолгоонд унаж тусан байж пүүгээгээ уудлан өмдөө солилоо. Тэгж үйлээ үзэж явснаас ууттай пүүгээнээсээ салахгүй тэвэрч явсан нь дээр юм билээ.

Замын буудал дээр ирсэн хойноо гуанз идэх мөнгө  сейфтэй өмдөнд байгааг саналаа. Ингээд “алтан шарваар”-аа гаргаж ирээд улс амьтны нүд хариулан дотор оёдлыг нь ухаж гарлаа.

Жолооч нар өлөн нүдтэй улс шүү. Тэр олон амьтны дундаас олоод харчихаж байгаа юм. Мөнгөний үнэр авсан жолооч нар гэмтэй. Тээврийн хөлсөө нэмэх ч юм билүү.Түүнийг ойртон ирэх бараанаар би эрдэнийн өмдөө бөөгнөрүүлээд, гэмгүй царайллаа

Жолооч

-Дүү хүү анх удаагаа хот орж байна уу?

Анх удаа орж байгаа бол мэхлэхэд амархан байж таарна. Тэгээд тандаж байх нь.

Би дуугарсангүй.

Тэрээр

-Ингэсэн өмдийг ч хаясан нь бараг дээр дээ. Ахынх нь нэг тос болчихсон л болохоос бүтэн өмд байна. Тэрийг ав лдаа, хот ороод шинэ гончоом хаашдаа авна биз

Аа мөн, шуударчихсан эр байх нь. Өмдийг минь юутай хүүтэй нь булаахаар шийдэж. Тиим ч амар өгөхгүй дээ.

-Миний дүү юунаас нь зовох вэ? Ах нь чам шиг явсан юм. Ахаасаа креосин ав.

Би түүнийг гайхан харлаа

-Бөөсний ганц аранга байгаа юм гэж хэллээ.

Тэр намайг хот орохын өмнө өмднийхээ шимэгчээсээ салж байна гэж бодож, уул нь...