Миний анхны хулигаан
...Хот явахаас хэд хоногийн өмнө манайд хулигааны сэдэвтэй, нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Эмээ минь
“Голын эргийн өвөлжөөний хавар” хошин туужаас
...Хот явахаас хэд хоногийн өмнө манайд хулигааны сэдэвтэй, нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Эмээ минь
-Хүн танихгүй, газар мэдэхгүй нялх амьтныг ганцааранг явуулна гэхээр сэтгэлд нэг л багтаж өгөхгүй юм. Хотод ч янзын янзын л юм болсон дуулдах юм... гэж санаашрангуй хэлнэ.
Манай саахалтын Дамлинсүрэн гэдэг хархүү цай уунгаа үг нэмнэ. Тэр адуу эрж яваа юм гэсэн. Тэрээр гэрээс гарах тоолондоо адуу эрж явна гэж ярих боловч түүнийг адуугаа эрж байхыг, олж байхыг, ерөөсөө нь түүний адууг үзснээ би санадаггүй юм. Сандуйн жүд 10 уншихад гай зовлон арилан одно гэдэг шиг арван сайхан хулигааны түүх ярихад алдуул мал олдох нигууртай аятай юм боллоо.
-За даа хулигаанууд ч өрөөсөн өглөө сэрэхэд өрөөсөн бөөрийг чинь сугалаад авчих улс даа.
Эмээ
-Ээ базарваань. Манай өнөө Ажмаа гэзэгтын хүү Тожоо чинь Аргастайн траактор комбайны сургуульд явав даа. Тэгсэн нь сургуулиа хаяж хот ороод хулигаан болсон гэх юм.
Дамлинсүрэн ингэж хэлэхийг л анаж байсан аятай
-Тэгсэн, хулигаан болсон гэж түс тас хэлэв. Царайг нь харахад зайлуул муу Тожоог хулигаан болгох ёслолд ороод, сөн тогтоож, ерөөл айлдаад иржээ гэхээр.
Адууны эрэлч Дамлин цай уугаа л суугаад байгаа юм. Магадгүй, түүнд хэзээ ч байгаагүй байж мэдэх адуу нь данхтай цай руу унаад сураг тасарсан, нэг л мэдэхэд аяганы ероолоос гараад ирэх аятай. Тэрээр мал тууж хот ороод амь хулигаан үзсэн нэгэн гэх.
Тэр бүхий л сэдвээр сонин юм ярьдаг нөхөр байгаа юм.
Дамлинсүрэн цэргээс ирээд бидэнд Зөвлөлт хятадын харилцаа муудах үеэр зохиогдсон амьдрал ойртуулсан цэргийн сургууль гээчид оролцсноо ярьсан юм. Хээрийн сургуулийн үед нэг цэрэгт хоёрын зэрэг алах ялтай хоригдол өгдөг. Тэдэндээ хятад хувцас өмсүүлж байгаад алуулж сургууль хийлгэдэг гэж хэлсэн юм. Хээрийн сургуулийн оргил үед хоригдол дуусаад хүнд байдалд орсон боловч зөвлөлтөөс нисдэг тэргээр “зөвлөлтийн мэргэжилтэн хоригдол” зөөж ирээд асуудлыг шийдсэн. Ах нарын тусламж ч мөн сайхан даа. За нөхөд минь улсын нууц алдвал толгойгүй ш дээ, амаа мэдэж яваарай гэж ярьсан. Хүүхдүүд сонин юм дуулсандаа хөөрч байсан боловч улсын нууц мэдсэндээ айж байлаа. Улсын нууц гэж нэг мэдэж цөхөх юмгүй боловч мэдсэн хойно осолтой юм бас байна аа. Анх гурвуулхнаа энэ нууцыг сонссон чинь хэцүү байлаа. Ер нь нууцыг цөөхүүлээ мэдэх нь маш их аюул дагуулдгийг бид тэхэд анзаарсан билээ. Тэгээд аюулгүй байдлаа хангахын тулд байрныхаа бүх хүүхдэд ярьсан юм. Удалгүй сургууль даяараа мэдэх болсон тул бид айхаа больсон. Ер нь нууц гэдэг бол хичнээн олон хүн мэдэх тусмаа аюул бага болдгийг тэгж ухаарсан юм. Манайхан сум даяараа мэддэг ярьдаг болсон тэр нууц социализм нуран нуртал алдагдахын зовлонд ороогүй билээ.
Дамлинсүрэн
-Чи мэднэ дээ гээд яриагаа эхлэв. Танихгүй хүн бол мэддэг юмыг нь ярих нь гэж бодож магад. Харин мань хүн бол их төлөв хэний ч дуулаагүй, цаашдаа нэг их дуулаад байхаагүй ер бусын түүх ярина. Харин тэр бүгдээ “чи мэднэ дээ” гэсэн тулгалт-асуултаар баталгаажуулдаг зантай
Чи мэднэ дээ. Миний сүүлд мал туудгийг
Үнэхээр түүнийг тууврын мал мал тууж хот орсныг мэднэ. Бас “Сүүлд туусан” нь ч үнэн. Учир нь ганцхан л удаа явсан тул тэрийгээ эхнийх ч гэж болох, сүүлийнх ч гэж болох билээ.
Нэг удаа малаа тушаачихаад хэдэн цаасаа аваад буцаж явлаа. Уг нь мөнгөө тушаачихаад1 такси л авдагсан, тэр өдөр яах гэж автобусанд суусан юм бүү мэд. Зүүн аймгийн нэг маанагдуу залуу бас цуг явлаа. Ингээд автобусанд орлоо доо. Тэгсэн чинь нэг хулигаан ороод ирлээ...Чи мэднэ дээ. Миний өнөө ногоон, цэнхэр хоёр үйтэн хуар тэрлэгний ногооныг нь...
Би түүний үйтэн хуар байтугаа торгон дээлийг мэдэхгүй боловч яриаг цааш сонсохын тулд
-Мэднэ мэднэ, мэдэлгүй яахав гэлээ
-Тэрийг чинь өмсчихсөн явсан хэрэг. Би хулигааныг харуутаа л хэрэг бишдснийг мэдлээ.
-хулигааныг яаж мэддэг юм бэ? Ургамал судлалын номон дээр хортой мөөгийг таних арга2 гээд бүлэг байдаг шүү дээ. Тэрэн шиг содон шинж...
-За даа ер нь андашгүй дээ... гээд мань хүн гацлаа. Тэгснээ,
-Тиинн... андашгүй юмыг чинь одоо юугаар нь онцгой гэх юм хэмээн тэр унтууцлаа.
1 Уул нь малаа тушаачихаад ...гэх гэсэн шиг байгаа юм.
2 Би хортой мөөгийг таних арга гэдэг хичээл дээр унаж байсан болохоор доторхи агуулыг ер санагдаггүй. Харин гарчгийг нь санаж байна. Юмны доторхийг ойлгохдоо маруухан боловч гарчгийг их сайн санадаг хүүхэд байж. Ер нь их сургуульд элсэж чадсны маань нэг нууц энд ч байж магадгүй.
Үнэхээр сонирхолтой яриаг нь болиулчихгүйн тулд би
-Аа мөн мөн. Андашгүй байдаг байх нь хэмээн гацаанаас гаргав.
Хулигаан гэж... ямар ч содон тэмдэггүй атлаа андашгүй, айхавтар амьтан байх нь ээ.
-За тэгээд хулигааныг харуутаа л би ч болохоо байлаа гэж мэдлээ. Өвөр түрийг бол мэдэгдэхгүй зүснэ. Хажуугаар өнгөрөх шиг л болоход зүсээд, түрийвч авчихсан байна. Ингээд би хашир хүний хувьд өвөртөө гараа оруулаад хамаг мөнгөө өмднийхээ амсар руу чихчихлээ. Баадантай мөнгө хүлл гээд доошоо шулхнаг руу унаж байна. Монгол гутал ч найдвартай нь сайхан. Чи мэднэ дээ. Миний том бага хоёр 32 угалзатыг, тэрнийхээ томыг нь өмсчихсөн явсныг хэлэх үү?...Нүднийхээ булангаар хараа л байлаа. Хажуугаар уул нь зүгээр л өнгөрөх шиг болсон. Гэтэл суга руу сэнгэнээ л явчихлаа. Чи мэднэ дээ, миний хөх үйхэн хуар дээлийн суганд байдаг шаглаа нөхөөсийг
-Түрүүн ногоон гээгүй билүү
-...тиим. тэгээд яачихаав. Ногоон гэсэн. Хотод 11 сарын сүүлчээр хоёр тэрлэг давхарлахгүй бол осгоно шүү дээ. Үйтүү дээлийн сугыг хоёр төө зүсээд, Сарчаакан3 бээлийтэй гар орж ирснээ суга руу нэг тэмтрээд, ашгүй эвлэлийн батлаханд гар хүрсэнгүй... тэгээд хүйсний нүхэнд ээмэг бөгж нууж уу гэж нэг тэмтрээд өнгөрч байгаа юм даа.
-Гар нь мэдэгдээд байх юм уу
-Мэдэгдэхгүй л дээ. Тэгэхдээ андашгүй.
-Аан мөн,мөн. Нээрээ андашгүй юм байна
-Тэгээ л урагшаа, өнөө зүүн аймгийн мангар руу явлаа. Өнгөрөхдөө сугыг шүргэх шиг болоод, мань хүний өвөр сулс гээд явчихаж байгаа юм.
-Чи хэлэхгүй яасан юм бэ?
-Одоо ярих гээд байна ш дээ. Тэгтэл арын суудалд явсан нэг хөдөө маягийн хүүхэд өнөөхийг чинь хараадахваа.
-аа, ашгүй
-юуны чинь ашгүй. Ёстой аймаар юм болсон. Өнөө хүүхэд “Хөөе, сэргийлэгч байна уу. Энэ ахын мөнгийг хулигаан авчлаа” гээд автуус дүүрэн орилов. Автобусанд явсан сэргийлэгч дорхноо хулигааныг барилаа
-Ээ ашгүй.
3 Перчатка буюу хуруутай бээлийн орос нэр.
-Ашгүй бишээ. Аймаар юм болсон. Өнөө хулигаан чинь сэргийлэгчид хөтлөгдөөд гарахдаа хов зөөсөн хүүхдийн дэргэдүүр өнгөрсөн юм. Өнгөрөх зуураа
-яасан хөөрхөн нүдтэй хүүхэд вэ гээд нүүрийг нь илэх шиг болсон чинь өнөө жаал орь дуу тавиад явчихсан
-...........
-Нүдий нь пэрээтгээр зүсчихсэн...ээдээ хулигаанууд ч аюултай... Чамд гэж захихад хулигаан харсан хүн юу ч дуугарч болдоггүй номтой. Хот гэдэг хүн амь зуух газар биш. Би хотын паспорт авангаа алдаад, эцэст нь зүрх үхээд больсон хүн. Хөдөөнөө суух нь хамаагүй өлзийтэй...
-Тэгээд өнөө баригдаад явсан хулиган шоронд орсон байхдаа
-Хай бүү мэд. Харин бариад гарсан сэргийлэгч нь сүүлд хар шил зүүгээд, цагаан таяг барьчихсан явсан. Би зам хөндлөн гаргаж өгсөн дөө, хөөрхий
Иргэн
autochem.mn
zochin 58
zochin 58
zochin 58
Unen
Monto Kristo
Mendee
Mendee
Mendee
д тэмүүжин
Odna Voina
Bolishevik ba ateist
kkk
Зочин
ДАМЛИНСҮРЭН
Цэнддоо гуайд
Зочин
ДАХИН ХЭВЛЭЭЧ
Зочин
B.D
uzel surtal
Зочин
b
зочин
suvilald amraarai
nab
Дуртай сайт
zochin
dorjoo
Зочин
Зочин
1