-Төгсгөл. Түрүүч нь өмнөх дугааруудад-

Нэг. Ази ба жүүд

Жүүдүүд ба монголчуудын хооронд төсөөтэй зүйл их бий. Сонирхолтой нь төсөө болгон биднийг бие биеэсээ улам ондоо харагдуулж байгаа нь сонин юм. Төсөөгөө ярихын өмнө тэд ази хүмүүст хэрхэн ханддагийг сонирхоод үзье.
Жүүдүүд Ази руу нэвтрэх сонирхол ихтэй. Үүнийг Азид, ялангуяа Монголд Оюу толгой, Таван толгой гэх мэт ямар нэгэн баялаг олж хараад шунаад байгаагаар тайлбарлах аргагүй. Цагаан арьстны ертөнцөд тэднийг олон мянган жил “илүү үзэж” хялайсаар үе дамжсан дургүйцэл үүсчихсэн. Ардчилсан Америкт ч гэсэн Европоос нүүж ирээд одоо ч арилаагүй антисемитизмийн үр хөвөөстэй. Мэдээж албан бус байдлаар.

Харин Хятадад жүүдийг үзэн ядах уламжлал байхгүй. Адилхан л том хамартай нөхдүүд. Иймээс израйльчууд шинэ үеийн голлох түншээрээ Хятадыг сонгож, нэр нөлөө бүхий олон арван пүүс хөрөнгөө тийш нь оруулж, салбараа нээж, цоо шинэ бизнесийн орон зай тэмтэрсэн старт-ап компаниудаа нээж байна. Энэ хандлага Хятадын ч сонирхлыг татаж байгаа юм билээ. Учир нь хөдөлмөрч хятад, жүүдийн овсгоо хоёр нийлэхээрээ манай өмнөд хөршид эдийн засаг, бизнес, технологийн шинэ үеийг нээх нь дамжиггүй.

Угаасаа “хэнд технологи байна тэр орон хүчирхэг” гэдэг логикийг жүүдүүд номлодог шүү дээ. Өнөөдөр том нутагтай, олон  цэрэгтэй, цэрэг бүр буутай, буу бүр сумтай улс ноёлдог цаг өнгөрөөд технологи атгасан гарууд  жижиг, томоосоо үл хамааран асуудал шийддэг  үе рүү орж байгаа юм гэнэ. Ер нь бол цөөн хүн ам бол давуу тал болоод байгаа юм биш үү? Маневрлах, хэрэглээгээ өөрчлөх, хуучнаа агшин зуур орхин шинэ бизнес рүү орох, инновациар амьсгалан оршин тогтнох зэрэгт жижиг улс илүү боломжтой байх талтай юм байна.

Хоёр. Сул байгаа давуу тал

Бид хоёрхон хөрштэй гээд гомдоллодог. Израйль зөвхөн дайсантайгаа хиллэдэг. Хяслан байгаа бол боломж байна гэж үздэг жүүдийн нүдээр харахад энд давуу талууд байгаа. Хүн ам цөөн гэдэг ч бас л давуу тал. Бүл цөөтэй айл хонио хариулахад хэцүү боловч хоолоо идэхэд аятайхан гэдэг шиг. Ядаж арван сая уншигчтай бол арай олон ном зарна даа гэсэн гоморхол  бидэнд байх нь байгаа. Гэхдээ номоо англиар бичээд үгүйдээ орчуулаад дэлхийн зах зээлд гарахыг хэн ч хориогүй. Даанч бичихгүй, дээр нь менежмэнт хийж дийлэхгүй, магадгүй “бүтэхгүй биз дээ” гэсэн итгэлгүй зангаасаа болоод л сууж байгаа юм шүү дээ. Уг нь жүүд хүн бол “Монголоор уншдаг хүн цөөн байна уу? Энэ бол англиар бичиж сураад дэлхийн зах зээлд гарах шинэ боломж байхгүй юу” гэж хэлнэ. Тэд сул тал гэдэг бол учир нь олдоогүй байгаа давуу тал гэж хардаг юм.

Бидэнд төсөө их бий. Үе дамжин сэтгэл зүрхэнд нь явж ирсэн омогшилтой. Израйльчууд мянганы турш хорвоогоор хэсэхдээ “жүүд хүн сайн амьдрах учиртай, бусад хүнд боломжгүй зүйл бидний хувьд шинэ нөөц бололцоо” гэсэн философитой болж. Дээр нь Библийн домог, шилэгдмэл үндэстний тухай миф.

Бид ч гэсэн бүхнийг боломжтой гэж үздэг үндэстэн. Малчин өвөг дээдэс маань “тэгж байгаад болно доо”, “болохгүй хаачив л гэж дээ” гэсэн бодолтой явж ирсэн. Өнчин өрөөсөн Тэмүүжин хүү хэдэн адуугаа олохоор гараад дэлхийг олж ирсэн юм. Болгоё гэвэл болохгүй юм байхгүй. Их гүрэн тарсан, хээр талд мартагдсан үедээ ч энэ итгэлээ алдаагүй.  “Амарсанаа баатар нэг л өдөр эргэж ирээд манжуудыг хөөж биднийгээ чөлөөлнө” гэсэн домог итгэл, “Халхын заяа буян тасрах учиргүй юм гэнэ лээ” гэх амны бэлгэ бидний сэтгэл зүрх, итгэл найдварын менежмэнт байсан. Энэ бол ирээдүйдээ хийж буй ховс, бясалгал.

Гурав. Хагараастай эв нэгдэл


Бид хоорондоо эв муутайгаа гайхдаг. Үнэхээр л улс орон даяар дүүрэн хэрүүл, мөчөөрхөл. Сонин аваад гарчиглахад алаад, залилаад, сүйрүүлээд хаясан мэдээ хөврөх нь тэнгэр бидний дээрээс хөмөрч буй мэт. Гэтэл жүүдүүд ч яг л тийм. Бие биеэ үзнэ гэж байхгүй. Ерөнхий сайдаа тэсгээхгүй ээ. Хэд хонуулаад авилга, улсын өмч идсэн хэрэгт унагаана. Манай  Н.Нямдорж, Н.Энхбаяр хоёр “Би чамайг шоронд хийнэ”, “Үгүй ээ, харин чамайг би шоронд хийлгэнэ” гээд хашгичаад суудаг бол тэд шууд хийчихээд дараа нь яриандаа орно. Хамгийн шинэ мэдээ гэхэд Израйлын ерөнхийлөгч хотын үнэ цэнэтэй газрыг зарсан хэргээр бариулчихсан, одоо шүүгдэж байх жишээний.

Манайхан өрсөлдөгчөө дарахын тулд хэнтэй ч нийлэхэд бэлэн байдаг бол тэд зөвхөн өөрийнхөнтэйгөө л нийлдэг. Муудалцахаараа Палестины талд ороод, тендергүй хоцорсон нь Аль-Кайдатай нийлээд явчихдаггүйгээрээ биднээс ондоо. Гадна ерөнцийн өмнө тэдэн шиг эвтэй, нэгдмэл үндэстэн үгүй. Эв нэгдэлгүй байдал бол хамгийн том эв  нэгдэл байдаг хэрэг үү? Үнэхээр л жүүдүүд дээр очихоор тэгээд байна.

Жүүдүүд дээшээ асч, мэтгэлцэнэ гэж жигтэйхэн. Манайд ч өөрөөсөө илүү нэгнийг харахаараа л аллерги нь хөдөлдөг хүн бишгүй. Израйлын нэгэн компанийг худалдан авсан америк эзэд Тель Авивт ирчээ. Компанийн ажилчидтэй уулзах ёслолын цуглаан зохион байгуулсан байна. Уул нь харилцан хүндэтгэлцэх учиртай тэр цуглаан дээр ажилчид асуултаар булж, зарим алхмыг нь шүүмжилж, шинэ эздийг сандаргасан байна. Ийм уур амьсгалд дасаагүй америк эзэд эхлээд  мэгдсэн боловч үнэлж баршгүй ач тустай зүйл болохыг ухаарчээ. Тэд америк эздийн ёс журамтай байдал, хүндлэл гэгчийн цаана дороос гарсан хичнээн олон бүтээлч санаа дарагдан мөхдөг бол хэмээн харамссан байдаг.  

Үүний жишээ болгож тэр жил сүйрдэг сансрын “Колумбиа” хөлгийн талаар ярьсан байх юм. Хөлгийн хамгаалах хавтангуудын нэг нь хөөрөх үед салж унахыг инженер техникийн ажилтнууд ажиглажээ. Гэтэл нислэгийн удирдагч нар “яав л гэж” гэсэн байдлаар хандаж огт тоосонгүй. Уг нь бол салж ч байдаг, нөхөж ч байдаг хавтан юм билээ. Монголын  уран сайхны “Өглөө” кинон дээр лам-эмч нарыг өвчтнөөс авилга авлаа хэмээн буруутгахад “Авч, өгч сурсан хадаг самбай хоёр шүү дээ” хэмээн өмөөрдөг шиг юм болж. Харин доод шатны инженерүүд “энэ удаагийн тохиолдол онцгой байна. Хөлгийг буухаас өмнө ямар нэг арга хэмжээ авууштай” гэж мэтгээд амаа алгадуулжээ. Хөлөг буух гэж байгаад осолдсон ба хөөрөхөд хууларсан хавтан нь түлшний саваа гэмтээснээс үүдэн сүйрчээ. Хэрвээ энэ үйл явдал Израйльд болсон бол их өөр байх учиртай аж. Ажилтнууд дор нь удирдагчаа шүүмжлээд, агшин зуур комисс томилуулаад, хөлгийг аврах ажиллагаа явуулж, нисгэгчид эсэн мэнд газардах боломж байсан гэж үзэх юм билээ. Дайнаа гурав хоног зогсоогоод фронтод байсан офицеруудаа шалгадаг улс шүү дээ, Израйль. Ихэнх газар захирах захирагдах ёс алдагдвал ажил унадаг. Харин Израйльд болохоор ажил цэгцэрдэг. Нэг онцлог байна аа.

Дөрөв. Төсөөтэй ялгаа ба ялгаатай төсөө

Бид үргэлж өөрийн бодлоо бусаддаа сөргүүлдэг. Гол нь өөрийн бодолтой байхаас илүү хүний бодлын эсрэг байх учиртай. Хүний өөдөөс элбэгхээн “хуцваа” гэнэ. Жүүдүүд ч ялгаагүй бусдын санаа бодолд “Хуцпа” гэж хандана. Олон хуцпа нийлэхээрээ жүүдийн нэгдсэн санал бодол болно. Манайх болохоор бөөн хуцваа болоод тэднийн нэгдсэн санал болдгийн учир юу вэ? Тэд өөрснөө хуцпатай байхын зэрэгцээ бусдыгаа хуцпа-тай байж болно гэж үздэгт байна.

Үйлдвэрчин ардын эсэргүүцэл, төрийн данхайлт, барж ядсан төсөв гээд манай өнөөдөр бол Израйлын өчигдөр байж. Энэ өчигдрийг ярихын тулд үндэсний нэгэн баатарыг ярих хэрэг гарна. Тэр бол Шимон Пэрэс. Манайхан ч мэднэ. Тэр яаж баатар болсон гэхээр төсвийг танаж, төрийн албыг нэлд нь цомхотгож, үйлдвэрчний эвлэлийг сөрж чадсан аж. Уул нь мянга мянган шударга төрийн албан хаагчийг гудамжинд гаргаж, улсын санг танасан төдийгүй, ард түмний аврагч болсон үйлдвэрчний эвлэлийг сөрөөд ялсан этгээд үндэстний дайсан болмоор доо. Гэтэл Шимон Пэрэс баатар болсноор барахгүй Израйлийн хөгжлийн хамгийн үсрэнгүй үе эндээс эхэлсэн гэж үздэг юм байна. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг ажилчны байрнаас ч биш, ажил олгогчийн зүгээс ч биш, хөв хөндлөнгөөс харахад их өөр дүр харагддаг. Учир нь үйлдвэрчний эвлэл орон тоог хадгалах, цалин нэмэхийн төлөө тэмцснээрээ үр бүтээлгүй байдал, илүүдэл орон тоо, үрэлгэн төсвийг өөгшүүлж байдаг. Нэг талаасаа ард түмний эрх ашгийг хамгаалж байв ч тодорхой заагийг давахын цагт үндэстнийхээ эдийн засгийг хорлож эхэлдэг гэж жүүдүүд үздэг байна. Тиймээс үйлдвэрчний шаардлагыг амжилттай сөрж, төрийн албаны орон тоо цомхтгож, төсвийг дээд хэмжээнд багасгасан Шимон Пэрэс бол Израйлын эдийн засгийг аврагч, хөгжлийн шинэ үеийг нээгч гэнэ. 

Бид жүүдүүдийн нэгэн адил  хочломтгой. Монголчууд бараг цөмөөрөө хочтой. Ялгаатай нь жүүдүүд нэг нэгнээ хочоор нь дууддаг бол манайхан далдуур хочлоно. Эзэн нь гомдох учраас тэр. Их төлөв бие эрхтний сул талыг тодосгож,  доромжилж шоолсон агуулгаар хочилдгоос тэр. Харин Израйльчууд арай өөрөөр, хөгжилтэй атлаа эзэн нь гомдоод байхааргүй, эмзэг дорой талыг нь дөвийлгөлгүй, бахаддаг талыг нь онцлон хочилдог болтой. Жүүдүүд ах зах гэлтгүй, алба амь ялгалгүй бие биеэ хочоор нь дууддаг, тэр хэрээрээ дотно нөхөрсөг уур амьсгал бүрддэг гээд бодохоор даргыгаа “нөхөр хазгар аа”, “Долир гуайд хандахад” гэлцдэггүй бололтой.

Жүүд хүн бусдын үгээр явах, даргын заавраар хийх дургүй. Генералаас гарсан тушаал хэрхэн биелэхийг ахлагч шийднэ. Харин манай дарга нар бүх гүйцэтгэлийг өөрийнхөөрөө шийдэхийг хичээдэг. Энэ нь учиртай.

Харин даргын өгсөн үүргийг жүүд албан хаагч өөрийнхөөрөө гүйцэтгэнэ. Манайхан гэсэн юмыг өөрийнхөөрөө гүйцэтгэх дуртай. Их төлөв монголчлох буюу өөрийнхөөрөө халтуурддаг учраас дарга нь оролцохоос өөр аргагүй болдог. Эцсийн эцэст дарга хариуцлага хүлээх учраас өгсөн үүргээ хамжиж биелүүлэхэд хүрдэг гэсэн үг. Харин жүүд ажилтан өөрийнхөөрөө, өөрийн гэсэн чанартайгаар хийдэг. Ийм л жаахан зөрөө байна.

Бид төсөөтэй атлаа ялгаатай. Жүүдийн туулсан зам бол аугаа сорилт, хатуужлын зам. Харин нугачаа дүүрэн монголчуудын түүх тэднийхээс өөр. Бид хэзээ ч бусдын газар оронд тэнүүчлэн хэрэхийн зовлонг амсаагүй. Хэдийгээр Манжийн эрхшээл, Зөвлөлтийн дагуул явсан ч уугуул нутагтаа дорд үзэгдэхийн зовлонг амссан нь бага. Үндэстнийхээ хувьд сэргэн мандсан үйл явц бүр нь гадаад, дотоод олон нөхцөл байдлаар ивээгдсэн харагддаг. Манжийн уналт, Бароны явдал, Зөвлөлт засаг, Дэлхийн хоёрдугаар дайн гээд л олон үйл явдал Монголын тусгаар тогтнол, мандал бадралыг цаагуураа ивээхээр өрнөсөн мэт. Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэхийг бурхан цаагуураа таалах мэт. Зэрэгцүүлээд харахад хоюулаа бурханы хүүхэд мэт боловч нэг нь өргөмөл, нөгөө нь төрмөлийн замаар явсан мэт.

Та эл нийтлэлийн ерөнхий гарчгийг харсан байх. 972 ба 976 гэж. Эхнийх нь Израйлийн олон улсын утсан ярианы код, арынх нь манай улсынх. Бид ижилсэхэд  дөрөвхөн тооны байгаа юм биш биз? Энэ бүхний хариуг та Дэн Синор, Сол Сингер. Төр улс цогцолсон нь: Хэрмэл жүүдээс хүчирхэг Израйль. НЭПКО.2012 номоос эрээд үзээрэй.

Төгсгөл. Эхлэл...

Манайд нэг сонин парадокс байдаг. Нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх боловч суурин газрынхаа хүн амын сүүний хэрэгцээг үндсэнд нь импортын сүү, эсвэл импортлосон хуурай сүү найруулах замаар хангадаг.

Үнэн хэрэгтээ манай 40-өөд сая малтай, эцэг малаас бусад нь сүүтэй боловч мессэнжэрээр л  цуглуулахгүй бол  үйлдвэрт бөөгнөрүүлж савлахад хэцүү. Сая таван зуун мянган ам.км нутагтаа мал сүрэг нь жигд таран бэлчдэг учраас цуглуулах өртөг өндөр.  Замдаа  гашилгахгүй аваад ирдэг юмаа гэхэд  тээврийн зардал нь үнээнээсээ давна. Ийм учраас хөдөө тал минь малаар дүүрэн боловч манай хотынхон хуурай сүү найруулж уудаг. Арай биш, найруулсан хуурай сүү уудаг. Уг нь бол бэлчээрийн ургамлаар хооллодог монгол малын сүү нь “оригинал, органик, ногоон” гэсэн урианд дарагдсан өнөө үеийн хамгийн чамин, үнэт хүнс мөн. Гэхдээ түүнийг хүртэнэ гэвэл рашаанд явж байгаа аятай хөдөө нь очих л хэрэгтэй. Учир иймд манай бэлчээрийн малын сүүг цуглуулан боловсруулах боломжгүй тул зөвхөн малчин өөрөө уух нигууртай.

Гэтэл саяхан Монфрешийн Т.Насанхүү захирал нэг ийм юм ярив даа. Манай бэлчээрийн малын сүүг  цуглуулан боловсруулах, ариутган савлах гэж байгаа тухай. Яаж гэдгийг нь сонирхож завдсангүй. Гэхдээ л монголчууд “боломжгүй”-н дотроос шинэ боломж хайгаад эхэлчихэж...сайн байна.