У.Хүрэлсүх гэж хэн бэ?
Улс төр сонирхогчдын анхаарлыг сүүлийн хоёр сарын турш МАХН-ын шинэ генсек хэн байх вэ гэсэн сонирхолтой асуудал татах шиг боллоо.
Өнгөрсөн хугацааны турш нэр дэвших магадлалтай гишүүдийн дунд далд хэлбэрийн өрсөлдөөн явагдаж, сүүлдээ нэлээн хурцадмал байдал руу орох шинж ажиглагдаж байтал удирдах зөвлөл хуралдаж, У.Хүрэлсүх, Г.Шийлэгдамба, Ц.Сүхбаатар нарын нэрсийг тодруулан бага хуралдаа оруулснаар уг сэдэвт цэг тавигдлаа. Энэ удаа намын бага хурлын төлөөлөгчид 72 хувийн саналаар итгэл хүлээлгэж Ухнаагийн Хүрэлсүхэд намын ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг хүлээлгэн өгчээ.
У.Хүрэлсүх гэж хэн бэ
Энэ асуултад манай улс төрийн хүрээнийхэн ч, олон нийт ч нэг их түгдрэхгүй хариулна. Учир нь тэрбээр улс төрд шинэ хүн биш билээ. Энэ хүн намтартаа гадаадад боловсрол эзэмшсэн, дөчин мянгатад өссөн, хэлтэй устай гэх мэт чамин тансаг баримтууд ховор ч хувийн зан чанар, улстөрч хүнд байвал зохих үнэт чанаруудаараа өөрийн үеийнхнээ манлайлж чадсан, дээд доод үедээ хүлээн зөвшөөрөгдөж амжсан нэгэн. Улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн гэх энэ эрхэм зан чанарын хувьд байдаг л нэг дундаж кадр биш. Магадгүй МАХН-ын үе үеийн генсекүүд дотроос хамгийн тод зан төрхтэй нь ч байж мэднэ.
Тэрбээр 1968 оны зургадугаар сарын 14 нд нийслэл Улаанбаатар хотод төржээ. Уг гарал нь Хэнтий аймгийн харъяат ч яс үндсийн хувьд албан ёсны намтарт нь халх хэмээн бичигддэг. Цөс ихтэй, омголон зан авиртайг нь үзвэл буриад ч байж мэдэхээр, царай төрхийг нь харвал биш ч байх талтай халуухан товарищ. Гэхдээ энэ тийм чухал асуудал биш.
Хүрэлсүхийн бага нас энгийн нэгэн жолооч аавын гэрт бужигнаж, пижигнэж өнгөрсөн гэдэг. Тэрбээр 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд элсчээ. Өнөөгийн улс төрийн өрсөлдөгчид нь түүнийг офицер хэмээн цоллодог нь эндээс эхтэй. Сахилгагүй, өөрөөр хэлбэл юу руу ч орчих магадлалтай хөвгүүдээ аав нар цэргийн хатуу диктатураар хүн болгож авах шийдвэр гаргадаг даа. Тэр жамаар л түүнийг цэргийн хуаран руу илгээчихсэн болов уу.
Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч явсан энэ залуу 1991 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтан болж гэнэт дэвшсэн. Гурван жил орчим намын аппаратын халуун тогоон дотор амьдарсан түүнд тухайн үеийн дарга нар гайгүй дүн тавьж, УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр татсан байдаг. Дараа нь тэр МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал болсон. Энэ үеэс нам дотор тухайн үеийн нөлөө бүхий хүмүүстэй ойртсон гэдэг. Үүнээс хойш Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гээд яруу алдарт намын залуу халаагийн замналаар дээшээ өгссөн жаатай намтрууд зурайж байгаа.
Ерэн хэдэн онд сөрөг хүчнийхнийхээ эсрэг өлсгөлөн зарлаж, тухайн үеийн залуучууд дотроосоо онцгойрон олны анхааралд орж ирсэн. Энэ үеэс эхлэн эсрэг өлсгөлөн, эсрэг жагсаал гэх мэт үзэл сурталжсан тэмцлийн гол дүр болсон гэхэд хилсдэхгүй.
У.Хүрэлсүх төлөвшлийн хувьд коммунист угшилтай, одоо үеийн улс төр хийж байгаа залуучууд дотроо бол хуучинсаг арга барилтай гэж үзэж болох фигур.
УИХ-ын сонгуульд Хэнтий аймгийнхан түүнд хоёр удаа итгэл хүлээлгэж төрд илгээсэн. Тэр итгэл нь ч талаар өнгөрөөгүй. Ахиад 2008 онд ч гарч ирэх бүрэн боломж түүнд байсан гэж ажиглагчид үздэг. Хэрвээ Хадгаламж банкнаас алга болсон 14 тэрбумын хэрэгт сэжиглэн хориг тавьж, хожмоо фургоны хэргээр яллах гэж оролдоогүй бол яралзаж байгаад л гараад ирэх байсан гэдэгт нь олон хүн эргэлздэггүй. Чуулганы танхимд үе үе гал асаадаг байсан энэ эрхмийг сайд болооод ч “томоожоогүй” гэх нь элбэг.
Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаа түүний улс төрийн амьдралд тохиолдсон хамгийн хүнд үеүд болон үлдсэн болов уу. Улс төрийн захиалгатай хэмээн одоо дуу нэгтэйгээр үзэх болсон тэрхүү хэргийн ард гарах гэж багагүй шаналснаа нуудаггүй. Арай л санчигандаа цагаан сор суусан гэж хэлээгүй ч санаа сэтгэлийн хувьд баргийн хүн даахааргүй хатуу юм туулснаа ил цагаан хэлсэн.
Тийм айхтар шахаан дотроос нэг өндийгөөд л “Зүүний хүчний холбоо” гэсэн өвөрмөц, хачирхалтай байгууллага байгуулж байх жишээтэй. Үүгээрээ тэр дотоод сэтгэлийн тамираа тийм амар алдчихгүй аавын хүү болохоо харуулсан юм. Хувь хүнийхээ хувьд У.Хүрэлсүх бусдад өс санамтгай, шүд зуумтгай, жавар сэнгэнүүлсэн хүйтэн хүн биш. Лав ханилж яваад хутгалдаг Түгжил зангүй мужик. Бас хулгахгүй, хулчийхгүй, ер нь л яаж ч мэдэх нөхөр дөө.
Сонин хэвлэлийн баатар явсан тэрбээр сүүлийн үед харин дажгүй хар цагаан PR хийчихдэг туршлага суусан нь харагдаж байна. Амьдрал нь сургаад өгсөн болохоор арга ч үгүй биз. Генсекийн марафонд түүн шиг их салбар салбарын дэмжлэгтэй хүн байсангүй.
Ийнхүү МАХН 40-хөн настай, халуун сэтгэлтэй, алдаж онож явсан элбэг баян намтартай, басхүү хүчирхэг, залуухан генсекийг хүлээн авлаа. Түүнд амжилт хүсье.
Chaavaas
Зочин
Anxmaa
johsin
Зочин
shinee
эрдэнэ
zochin
зочин
зочин
зочин
зочин