Багш нарын ажил хаялт шуугиан тарив. Ихэнхи сэтгүүлч “Хүүхдүүдийн төлөө сэтгэлгүй новшнууд, бүгдийг нь хал” гэж хараан зүхнэ, гэхдээ мэдээж соёлтойгоор. Зарим нэг нь “Цалинг нэмсэнээр инфляцыг хөөрөгдөнө” гэж сэрэмжлүүлнэ. Цөөхөн хэд нь “Хөөрхий багш нар 200хан долларын цалинтай” хэмээн харуусна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бүгдээрээ л шуугиж, хоорондоо мэтгэлцэж, интернэтэд тавигдсан мэдээнүүдийн доор сэтгэгдэлээр хэрэлдэцгээнэ, хараацгаана. Азийн хөрөнгийн биржийн уналт, Сүүгийн засгийн газрыг унагаах эсэх, сонгуулийн хуулийн 48/28 зэрэг сонирхолтой мэдээнүүд Бөмбөгөр захын ногооны худалдагчид хамаагүй л дээ. Харин багш нарын ажил хаялт түүнд их хамаатай, учир нь гурван хүүхэд нь дунд сургуулийн сурагч. Таксинд суухдаа жолоочтой нь ярьдаг сүүлийн үеийн онцлох сэдэв. Товчхондоо бүгд л “яах вэ? одоо юу болох уу?” хэмээн санаа зовно, нэг хүнээс бусад нь. Багш нар ажил хаяад, томоохон асуудал үүссэн үед ч тэрбээр хэрэгтэй хэрэггүй зөвлөгөөнд сууж, элдэв байгууллагын нээлтэнд үг хэлж явсанаа твитер хуудаснаа гайхуулна. “Сайдаа асуудал үүсээд байна, яаж шийдэх вэ” гэж асуухад “Миний хариуцсан ажил биш, төсвийг би батлаагүй” гэнэ. Системд учирсан гажуудлыг засч залруулах, үгүй ядахдаа санаа тавьж чадлынхаа хирээр зохицуулалт хийх гэж сайд хүн ажилладаг байлтай. Гэтэл ихэнхи сайд, дарга нар маань хэрэгтэй хэрэггүй календарчилсан төлөвлөгөө гаргачихаад л түүнийхээ дагуу өдөр шөнөгүй хий дэмий хөдөлмөр үрнэ. Сайдуудыг өглөөнөөс шөнө хүртэл ажилладаг туйлын завгүй хүмүүс гэдэгт би эргэлзэхгүй. Харин яг асуудал шийдээд, хэрэгтэй юм хийсэн нь хаана байна?

Багш нар их олон янз, сайн муу, мэдлэгтэй мэдлэггүй. Хичээл нь ч их олон янз, хэрэгтэй хэрэггүй, ойлгомжтой ойлгомжгүй. Дунд сургуульд байхад манай биологийн багш гэж хүний яриа ойлгодоггүй, асуусан үг мэддэггүй хичээл дээрээ хуулан бичгээс өөр зүйл хийлгэдэггүй нэг авгай байж билээ. Саяхан зурагтаар гарч л харагдсан. Ер нь ихэнхи хичээл хуулан бичигээс өөр юм хийдэггүй байсан дөө. Хөдөлмөрийн багш бол хөвгүүдийг “Тисхий” хэмээх төмөрнөөс өөр зүйлгүй өрөөнд дөчин минут суулгаад л орхичихно. Биеийн тамирын багш бол дунд нь нэг бөмбөг шидээд л гүйцээ. Гэх мэт, гэх мэт. Одоо энэ байдал нэг их дээрдээгүй биз, учир нь ДУНД боловсролын салбар луу ТӨРӨӨС тийм ч их хөрөнгө оруулалт хийгдээгүй. Харин манай математик, физикийн багш нар өөр хүн байсаан. Ялангуяа математикийн багш 50 хүүхэдтэй ангийг нэг ч хоцрогдолгүй болгож, олон ч олимпиадын аваргууд төрсөн. Багш хүн сайн мэдлэг чадвараас гадна маш сайн менежментийн хүчээр хүүхдэд мэдлэг олгож, авъяасыг нь нээдэг. Магад би азгүй шалтгаанаар хэн нэг унхиагүй багшийн ангид орчихсон бол өдийд өөрөө архичин болчихсон, эсвэл ямар нэг “оюутны үйлдвэрчний эвлэл” гээч юм байгуулаад жагсаал хийгээд явж байх ч юм билүү, хувь заяааа гэж. Манай ангийн 48 төгсөгчдөөс арван хэд нь МУИС –д, мөн арван хэд нь ШУТИС –д , хоёр нь СЭЗДС, зарим нь гадагшаа явж сурсан. Ганцхан математикийн багш ийм олон хүний хувь заяанд хүчтэй нөлөөлсөн байгаа биз. Хэрвээ манай багш архичин байсан бол ч..

Зарим нь үнэхээр их хөдөлмөрлөж, сайхан сэтгэлээрээ зүтгэж яваа. Хаа газар л юу ч чадахгүй, юу ч хийхгүй мөртлөө бусдын хүчээр амьдардаг бэртэгчид бий. Багш нарын дунд ч гэсэн бусдынхаа сүүдэрт нуугдчихаад “цалин нэмүүлэх сайхан шалтаг боллоо” гээд завшиж яваа юу ч хийдэггүй улс бий. Ялгах л хэрэгтэй дээ, сайн ялгаж үнэхээр чадалтайд нь цалин нэмэх нь зүйтэй биз. “Багш нар ийм тийм зантай, багш нар ингэдэг тэгдэг” гэж огт мэдэхгүй юмаа “өөрийн төсөөллөөр” сийрүүлдэг сэтгүүлчид чухамхүү хэн нь хөдөлмөрлөж, хэн нь суудал бөглөж байгааг нь ялгахад дөмөг болоосой. Хөдөлмөрийн багш, биологийн багш, биеийн тамирын багш хэрэггүй биш л дээ. Угаас СССР –т үйлдвэрлэсэн хар төмрөн тисхийнээс өөр юмгүй кабинетэд юу заах ч билээ, их сургуулийн проффесор хүн ч ойлгохооргүй бичигдсэн сурах бичгийг хуулан бичүүлэхгүй гээд яалтай билээ. Найзын нэг гадаад танил нь дунд сургуулийн Англи хэлний сурах бичиг үзээд халагласан гэсэн “I understand nothing” гэж. Багш нарын ажил хаялт бол мөсөн уулын зөвхөн өнгөн хэсэг, цаана нь бөөн асуудал. Хэн ч сайд боллоо гэсэн асуудал шийдэхгүй зүгээр л “календарын төлөвлөгөөний дагуу” ажилласаар байгаад хорин жилийг үдэж. Ухаан дутаагүй байх л даа, зориг зүрх сэтгэл л дутсан гэж би хувьдаа бодно.

Хүн бүхэн оюутан байх албагүй, харин хүн бүхэн сурагч байх албатай. Наймаачин, авилгалч, сэтгүүлч, багш, жолооч бүгдийн хувьд хүүхдүүд нь хамгийн том “бурхад” учраас сайн боловсролынх нь төлөө юугаа ч хайрладаггүй. Тиймээс ч хувийн дунд сургуулиуд улсынхаас хавьгүй илүү чанартай, өргөн зах зээлтэй болжээ. Харин чанаргүй олон хувийн их дээд сургуулиудын зах зээл хумигдан сүйрэх шахсаныг оюутны 500 мянгын хүчээр аварч байх шиг. Өнгөн дээрээ оюутнаа “хайрласан” мэт харагдах ч үнэндээ хувийн дээд сургуулийн эздийг л тэтгэсэн энэ их мөнгөөр УЛСЫН дунд сургуулиудад хөрөнгө оруулчихгүй яав аа.

Багш нарын цалинг нэмсэнээр инфляц өсч эдийн засаг сүйрэх тухай олон ч сэтгүүлч халагласан. Хэвлэж тараасан сул мөнгө л мөнгөний үнийг унагадаг болохоос ажил хийсэн хүн их цалин авсанаараа инфляц өсөхөд бараг нөлөөгүй. Ер нь ч тэгээд багш нарын цалин нэмэгдвэл танай сонин сэтгүүлийг чинь захиалж унших нь л нэмэгдэх байхдаа сэтгүүлч нар минь. Харин оюутнууд, эсвэл архичидад тарааж өгсөн сул мөнгө арай өөр зүйлд зарцуулагддаг юм.

    Нэг эсэргүү тооцоо хийж үзлээ. Төсвийг өөрчлөхгүй гэвэл чанартай сайн аттестачлал явуулаад багш нарын 20 хувийг халаад, үлдсэнийх нь цалинг 25 хувиар нэмж болох юм. Даан ч нэгэнт сая хоёр зуун мянган хүнтэй нийслэлд багш нар угаасаа дутагдалтай байхад хэнийг нь ч халах билээ. Бас өнөө ажлаасаа жийгдсэн чанаргүй багш нар нь Мангай, Энкэ, Янгаа нартай нийлээд хувьгалч болчих аюултай. Энэ дэмий санаа байнаа, тэгээд яамаар ч юм дээ, уг нь элдэв арга, санаа оноо сэтгэж нойр нь хүрэхгүй шаналах ёстой сайд хүн энэ салбарт бий л юмсан.

Төгсгөлд нь ЭМЧ НАРТ БАЯРЛАЛАА. Хүнд сурталтай гэж байнга муулуулдаг, багш нараас дор нөхцөлтэй мөртлөө ажил хаялт зарлаагүйд нь. Эмч нарын тухай сайн мэдэхгүй учир элдвээр мэдэмхийрч чадсангүй.  Сэхээтний давхаргын томоохон массыг бүрдүүлэх учиртай эмч, багш нар маань арай л “арчаагүй” цалинтай. Хэн ч байсан олон жил сурч төгсөөд сонгосон мэргэжлээрээ амьдарч л таараа. Нэгэнт цалин нь “амьдар” гэж биш “амьдралдаа нэмэрлэ” гэж өгдөг мэт жаахан юм чинь элдэв арга саам, авлага авилга, хандив халтуураар л гэрээ тэжээж байгаа биз. “Сайн эмч хүний амь аварч муу эмч хүний амь алдаг, сайн багш хүний амьдрал аварч, муу багш хүний амьдрал алдаг” гэсэн хэлц бий. Эмч багш нар гэдэг тухайн үндэстэний оршин тогтнолыг шийддэг улсууд. Сайн мэргэжилтэн сайн цалин авахгүй л бол сайн ажиллахаа больдог юмдаа.