З.Энхболд спикер болмогц анх хийсэн мэдэгдэлдээ УИХ хуулийн биелэлтэд, хууль баталдгаасаа дутуугүй анхаарал хандуулна гэж цохсоныг сонгогч би баяртай хүлээж авсан билээ. Яагаад гэвэл хуулийн биелэлт, хэрэгжилт өнгөрсөн жилүүдэд Монголд ор тас үгүй болохдоо тулсан. Хууль завхруулагчид бүр хавтгайрч дэндсэн. Хуулиа дагадаг, хуулиа дээдэлдэг иргэд алхам тутамдаа хууль завшигчдад ялагдаж бүр цөхрөөд, эцэст нь тэдний араас дагаж хуулиа арга буюу гишгэлж эхэлсэн. Тэнэг хүн л Монголд хуулиалаараа явах гэж зүтгэнэ гэсэн арчаагүй цөхрөлд унасан нөхцөлд УИХ-ын шинэ дарга З.Энхболдын дэвшүүлсэн дээрх зорилго маш чухал бөгөөд хөл толгой нь мэдэгдэхээ больсон байдлыг шинэ Төр Засаг эмхлэхээр овоо ажил зохиох нь үү дээ гэж иргэд горьдож буй.  

Тэгтэл саяхнаас намууд, хэвлэл мэдээлэл Засгийн газар луу давшилж гарав. Би МАН-ын ч хүн биш, АН-ын ч хүн биш. Би зөвхөн ардчиллын л хүн. Нураая, булаая, хаая, бооё гэж дарангулахаас өөр ажил Засгийн газар хийхээ болилоо гэж бөөнөөрөө айхтар омойрон дайрч эхлэх нь даварсан дархлагдсан бүлэглэлийн довтолгоо юу даа гэсэн сэжиг үг холбоход хүргэв. Засгийн газрын хөнгөн хуумгай, эргэлзээ дагуулсан зарим шийдвэрийг дөрөөлөн хууль бус бизнес, хулгай луйвар нь хөндөгдөж бачимдсан этгээдүүд бослого гаргах нь ээ янз нь.

Зөвшөөрөлгүй газар зөвшөөрөлгүй барилга бариад байх уу? Тэдний хүслээр бол бариад байх нь. Нийслэл эцэстээ яаж балрах нь хамаагүй. Ном журмаараа баригдсан барилгыг нураая гээгүй шүү дээ.

Баян эзнийхээ боол болсон сэтгүүл зүйг даамжруулаад, хүн амынхаа толгойг эргүүлээд байх уу? Эргүүлээд байя.

Стандарт мөрдөөгүй 21 телевизэд зөрчлөө арилгах 45 хоногийн хугацаа өгдөг нь ардчилалд байж болшгүй дарангуйлал мөн үү? Мөн.

Хурдны зам барих даланд таарсан айлуудын хашаа байшинг яаж чөлөөлөх вэ гэсэн шийдэхэд ярвигтай ажил тулгарав. Газарт орсон иргэдийн эрх ашиг байдаг, хурдны замаа тавьчихвал нийслэлчүүд төдийгүй бүх хүн амд ашигтай байдаг. Эх орны хэмжээний ийм далайцтай бүтээн байгуулалт шийдэхэд Төр Засаг ямар эрх үүрэг эдлэх нь тодорхой бус. Хамгийн хялбар шийдэл хурдны зам барихаа болих. Больчихвол Засгийн газар иргэдийн өмч хөрөнгийг булаагч гэж цоллуулахгүй нэр цэвэр.

Улсдаа бус намдаа далдуур үйлчилдэг, татвар төлөгчдийн олон зуун сая төгрөгийг хуйвалдан орон сууцны дэмжлэг, гадаад аялал гэх мэт нэрээр идэж баяжсан дархан луйварчдыг халсан томилгоо, МАН-ын олон жилийн зүтгэлээр арай чамай бүрэлдсэн төрийн мэргэжсэн албан хаагчдын багийг задалчихаж гэнэ ээ. МАН-ыг дуурайж олон хүн халсан явдал бол ичгүүртэй үйлдэл мөн гэж өвгөн гишүүн үрчигнэв. Залгамж халаа нь үлгэр дууриалал авбал ичгүүр болдог сайхан гарууд явснаа ийнхүү батлалаа.   

Буруу талдаа жолоотой машин, сэтгэгдэл бичигчийн нэр хаягийг тодруулах гэсэн нь алдаа байжээ. Алдаагаа түргэн засвал эрүүл Засгийн шинж. Ялимгүй алдааг нь далимдуулаад эрх ашиг нь хөндөгдсөн том гарын луйварчин-олигархиуд хуулийн биелэлтийг хангах гэсэн Засаг руу довтолж буйг сонин телевиз дэврээвэл хууль улам хүчгүйднэ. Хүчгүй хууль луйварчдад хужир. Хуулиа дээдэлж, яс биелүүлдэг замыг хэлбэртгүй сонгоё гэсэн олон нийтэд хууль хүчгүйдэх аюул. Засгийн газрыг өмөөрөх үүднээс бус хуулиа өмөөрөх үүднээс бичиж буйг минь ойлгоорой.  

Олонх цөөнхийн мэтгэлцээн дайсагнал болж хувирах нь. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Д.Арвиныг МАХН руу явсан бол хүний ёсоор ойлгох байсан” гээд тэр бээр цааш нь “өчигдрийн дайсантайгаа өнөөдөр нэг хөнжилд орж хэвтчихээд байгааг нь хараад миний огиудас цутгаад байдаг юм” гэжээ. Хамгийн гол нь Ц.Нямдорж гишүүн МАН, АН хоёрыг дайснууд гэж үздэгээ илчилж хэн болохоо таниулсан нь яамай. Ер нь түүний бусад намын талаар хийсэн мэдэгдэл, хэлсэн үгнээс дайснаа хэмээн үзэн ядсан хорсол ямагт буцалж байдаг даа. Олон нам эх орноо хөгжүүлэх уран санаа уралдуулдаг. Ц.Нямдорж гишүүнийхээр бол дайснууд аж. Дайснууд юм чинь бие биеэ устгах зорилготой байж таарна.

Хүчирхэг дайснаасаа ерөнхий сайд Н.Алтанхуяг жийрхээд МАН-ын удирдах зөвлөлийн алсын нууц удирдлагаар Сү.Батболдын Засгийн газар сонгуулийн амлалтад ашиглахаар гадаадаас зээлсэн асар их зээлийг Чингис бондоор хаахаас өөр гарц алга гэж ятгах болов. Сү.Батболд нарын сонгуульд зориулж тавьсан өрийн хүү Чингис бондын хүүнээс хамаагүй өндөр тул Монголд маш их ашигтай гэж тэр бээр хөөрлөө.

Олонх цөөнх, сөрөг хүчин, төрийн эрх баригч хүчин өвөр хоорондоо өшөөт дайснууд бус Монголынхоо төлөө нэгэн үзүүрт зорилгод зангигддаг эх оронч хүчнүүд билээ. Энд дайсан гэсэн үзэл юунаас ч илүү харш. Сөрөг хүчний шинэхэн лидерүүд Ц.Нямдорж багшаа дуурайж олонхийг дайснаа гэж үзээд буй юм шиг сэтгэгдэл төрүүлдгийг санаа авбал аваг гээд хэлчихье. Хөгжлийн төлөө шүүмжилж болно, хянаж болно, огцруулж болно. Харин дайсан хэмээн дайсагнаж боломгүй. Дайсагналдвал эх орон хямарна. 

Ц.Нямдорж орондоо хууль боловсруулсан туршлагаа яриад байх юм. Түүнийг УИХ-аар баталж ёсчилсон, хэн ч гар хүрэх ёсгүй хуулийг дураараа зассан гэж УИХ-ын даргаас буулгасан биз дээ. Тулга тойрч чадахгүй баригдах худал үгээ болиоч ээ. Болихгүй аваас өөрт чинь л муу даа. 

Шинэ Төр Засаг тал талаасаа давшлах довтолгооноос шантарч, хууль номоо “чанга” мөрдөх гэсэн хөтөлбөрөө сулруулах янз ороод явчихлаа. Хууль зөрчиж, хувьдаа цадсан этгээдүүдийн бүлэглэл хүчжиж, нар нь гарч байх шиг. 
 
Бүх юмыг хуулиараа явуулахыг мөрөөдөгчид Монголд цөөнгүй бий. Тэдэнд л харамсалтай байгаа вий. Хуулийн өчүүхэн ч гажуудлыг орхилгүй нэг бүрчлэн засаж амьдрах сан. Тэгвэл мөн ч их ашиг гарна даа. Хуулийн биелэлтэд энэ дөрвөн жилд ахиц гарах нь гэж горьдсон маань талаар болж байх шиг.

                                                                                              2013-01-24