”VERY SOON” ГЭДЭГ ХАРИУЛТААР ДАХИН ХОЁР САРЫГ ТУУЛАВ (2)
Египетийн Гадаад хэргийн сайдын тэрхүү амлалтыг дахин 2 сар 20 хоног хүлээсэн юм даа. Бид ИЖБ барих тэр өдрийг 5 дугаар сарын турш хүлээв. ИЖБ барихаар надтай хамт жагсаалтад багтсан Элчин сайд нартай хүлээн авалт,
Дипломат албаны 100 жилийн ойд зориулсан дурсамж
Египетийн Гадаад хэргийн сайдын тэрхүү амлалтыг дахин 2 сар 20 хоног хүлээсэн юм даа. Бид ИЖБ барих тэр өдрийг 5 дугаар сарын турш хүлээв. ИЖБ барихаар надтай хамт жагсаалтад багтсан Элчин сайд нартай хүлээн авалт, бусад арга хэмжээний үед уулзах болгондоо харилцан мэдээлэл солилцож, сураг ажиг гаргаж байтал хүлээгдэж буй Элчин сайдын тоо юу юугүй 20-иос давлаа. ГХЯ-ны туслах сайд, Ёслолын ба чиглэлийн газрын албан хүмүүстэй уулзаж асуух бүрт "Very Soon" гэдэг хариулт л өгнө. Зарим дипломатчдын яриагаар намар болтол хойшилж мэдэх ч сураг гарч, ноднин 10-11 дүгээр сард ирсэн Элчин сайд нарын зарим нь бухимдангуй, гутранги явахтай нэг бус удаа таарч байв. Түрүүлж ирсэн Элчин сайд нарын нэлээд нь ЭСЯ-дын зохиож буй үндэсний баярын хүлээн авалтад үзэгдэхгүй болж, тэдний хувьд сэтгэлээр унасан юм уу гэмээр байдалтай явааг ажиглалаа. 2007 оны намраас хойш хүлээж байгаа Хятад, Индонез, Филиппиний сайд нарыг бодвол би сэтгэлээр унахаар ч биш юм.
Нэг өдөр гэнэгүй байж байтал ИЖБ барих товыг ГХЯ-наас нь гэнэт зарлаж түргэн авахуулав. Энэ бол 6 дугаар сарын 11-ний өдөр байлаа. Тэгснээ 15-ныг хүртэл эргээд алга болчихов. Тэр өдөр үдээс хойш ажил тарахын алдад факсаар нэгэн ноот иржээ. Маргааш өглөө төдөн цагт бэлэн байх, юу юуг анхаарах зэргийг мэдэгджээ. Ерөнхийлөгчийн ордон руу авч явах ёслолын машины жолооч, хамгаалалтын ажилтан нар гэнэт ЭСЯ-нд ирээд хонх дуугарган сүр бараатай орж ирэв. Тэд маршруттайгаа танилцаж яваа нь тэр гэнэ.
Ингээд хүсэн хүлээсэн ИЖБ барих өдөр маань ирлээ. 2008.06.16-ны өглөө 07.00 цагт ёслолын машин, мотоцикл хөлөглөсөн хамгаалалтын ажилтан намайг авахаар иржээ. Египетийн талын ёслолын журмаар бол ИЖБ барих гадаадын Элчин сайдыг яамнаас нь хэн ч дагалддаггүй, зөвхөн ганцаараа айлын талын ёслолын машинаар явж, буцаж ирдэг юм байна. Бид 07.40 цагт ЭСЯ-наас хөдөлж 45 минут явсны дараа Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн очиж, хүлээлгийн танхимд бусад Элчин сайд нартай хамт сууцгаалаа. Энд надаас гадна 5 тивийн 24 улсын Элчин сайд уван цуван хүрэлцэн ирцгээв. Үүнд
· Азийн 6: Монгол, Хятад, Индонез, Филиппин, Бангладеш, Узбекистан;
· Америкийн хоёр: АНУ, Панам;
· Европын 4: Мальта, Их Британи, Латви, Босни-Герцеговина;
· Африкийн 9: Эретрэй, Буркина-Фасо, Чад, Кот д’Ивуар, Намиби, Мали, Сенегал, Лесото, Свазиланд;
· Арабын гурав: Кувейт, Палестин, Иордан;
· Мөн Австралийн Элчин сайд нар ирсэн байлаа.
Биднийг цайлсны дараа Ерөнхийлөгчийн Ёслолын албаны хариуцлагатан хоёр эрхэм ИЖБ-г хэрхэн яаж барих талаар газар дээр нь сургуулилахаар бөөнөөр нь дагуулан гарлаа. Египетийн Ерөнхийлөгчийн ёслолын журмаар бол ИЖБ барьж байгаа гадаадын Элчин сайдад 1 минутаас илүү хугацаа өгдөггүй, Төрийн тэргүүнтэй юм ярихгүй, зэрэгцэж зогсохгүй, дөхөж очихгүй юм байна. Төрийн дуулал 1 бадгийг эгшиглүүлэх, жуух гардуулах, хүндэт зочдын дэвтэрт гарын үсгээ үлдээхэд нийтдээ 5 минутаас илүү хугацаа зарцуулдаггүй гэв. Айхтар шахуу ёслол байна.
ИЖБ-г хэрхэн яаж барих талаар хичээллэсний дараа 10.30 цагаас эхлэн жагсаалтад бүртгэгдсэн (Каирт ирсэн он, сар, өдрөөрөө) дарааллын дагуу нэрээ дуудуулан нэг нэгээрээ цувран гүйлдэж эхлэв. Эхнийх нь 2007 оны 10 дугаар сараас хүлээж байгаа Мальта улсын Элчин сайд салхи хагаллаа. Харьцуулбаас бид нэг эмчийн үүдэнд оочер хүлээн суугаа өвчтөн аятай, сувилагч нь гарч ирээд л номерыг нь дууддаг даа. Яг тэрэн рхүү л юм шиг. Эелдэг үг, ёслол хүндэтгэл гэж байхгүй л улсынхаа нэрийг дуудуулаад л чавхдаад байх нь тэр. Миний бие 13 дугаарт бичигдсэнээрээ 11.05 цагт бослоо. Ёслолын танхимаар дамжин гадна довжоон дээр тусгайлан зассан хивсэн дээр очиж зогсмогц ёслолын хоёр ажилтан хоёр талд зогсов. Хүндэт харуул командаар сэлэмт ёслол үйлдсэний дараа манай улсын Төрийн дууллыг нэг бадгийг эгшиглүүлэв. Төрийн далбаа мандуулсан нь харагдсангүй.
Залгаад танхим руу эргэн аажуухан алхсаар гол танхимд орж, Ерөнхийлөгч Хосни Мубаракийн зогсож буй зүг хүрэв. Тэнд Ерөнхийлөгчид тусгайлан зассан нэг том торгон хивс, Элчин сайдад зориулан зассан нэг жижиг торгон хивс байна. Тэр хивснээс урагшилж алхаж болохгүй журамтай. Тэнд очиж номхон зогсоод Ерөнхийлөгч Х.Мубаракийн нүд рүү эгцлэн харж, чанга дуугаар:
- Ambassador of Mongolia to the Arab Republic of Egypt Prof.Dashdorjiin Bayarkhuu. I have the honor to present my Credentials, Your Excellency! гэж хэлээд ИЖБ-ээ дугтуйнаас нь гаргалгүй гардуулав.
Ерөнхийлөгч Х.Мубарак ИЖБ-г хүлээн аваад баярлалаа хэмээн англиар хэлж гар барьснаар үндсэн ёслол дуусч би гэдрэг буцан, чигээрээ алхсаар зочдын дэвтэрт гарын үсэг зурдаг тасалгаанд хүрэв. Тэнд нэгэн том, шугамтай дэвтэрт өөрийн нэр, албан тушаалаа англиар бичсэнээр ИЖБ барих ёслол өндөрлөлөө.
Ёслолыг дуусгаад гарч ирэхэд өглөө нь ЭСЯ-наас авсан ёслолын хар тэрэгт урьж суулгалаа. Эртнээс, 3 сарын өмнөөс шаардан байж авсан манай төрийн жижиг далбааг мандуулаад буцах ёстой байтал далбаа маань байдаггүй, миний асуусныг үл тоосон янзтай авч хөдөллөө. Ерөнхийлөгчийн ордны хашааны гаднаас өглөөний мотоциклч өмнө маань орж давхилаа. Далбаа яасан бэ гэдгийг жолооч маань мэдэхгүй, англиар ойлгодоггүй гэдгээр дохиж зангаж өнгөрөөв. ГХЯ-ны Ёслолын албаныхны өгсөн 25 улсын далбааг хольж хутгаад олсонгүй юү, эсвэл ГХЯ-наас өгөөгүй юм уу, мэдэж чадсангүй. Буцах замдаа саадгүй явсан боловч ЭСЯ-ны хавьд ирээд мотоциклч маань төөрч будилан, буруу замаар давхиулаад би өөрөө жолоочид нь зааж занган газарчилсаар ЭСЯ-ндаа хүрэв. ЭСЯ-нд ирмэгцээ жолооч, мотоциклч нарт ундаа, жигнэмэг, жимс зэргээр үйлчилж тус бүрт нь 50 фунт өгч, талархал илэрхийлээд явууллаа. Миний өмнөх Элчин сайд тийм хэмжээний мөнгө өгсөн юм билээ. Маргааш нь буюу 2008.06.17-нд Египетийн өдөр тутмын араб хэл дээрхи 4 гол сонинд ИЖБ барьсан тухай мэдээ зурагтайгаа нийтлэгджээ. Нөгөө 25-ыг чинь цувуулаад жагсаачихаж, өмнө нь ганц том босоо зураг (Х.Мубарак шүү дээ) байхаар монтажэлжээ. Тэр 25 дотор АНУ, Хятад, Британи, Индонез гээд их ба бүс нутгийн гүрний төлөөлөгчид оролцсоноороо, мөн "25" гэдэг энэ тоондоо бидний ИЖБ барих ёслолын гол онцлог байх шиг санагдаж билээ.
Ингээд би албан ёсны Элчин сайд болж байгаа нь энэ юм. Үе шатыг жагсаавал:
1. ГХЯ-наасаа Засгийн газрын хуралдаанд өргөн баригдах;
2. Засгийн газрын хуралдаанаас Ерөнхийлөгчид танилцуулагдаж зөвшилцөөд УИХ-д өргөн баригдах;
3. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар батлагдах;
4. УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдах;
5. Монгол Улсын ГХЯ Египетийн ЭСЯ-нд хандаж агреман ноотоор асуух;
6. Египетийн ГХЯ агреманыг зөвшөөрч хариу өгөх;
7. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах, ИЖБ-ийг гардуулах;
8. ИЖБ-ийн хувийг АБНЕУ-ын Гадаад хэргийн сайдад гардуулах;
9. ИЖБ-ээ АБНЕУ-ын Ерөнхийлөгчид өргөн барих.
Ийм 9 үе шатаар дамжин Элчин сайд болж байна. Амаргүй байгаа биз. Монгол Улсын Ерөнхийлөгч л томилчихвол шууд Элчин сайд болчихдог гэж манайхан хялбаршуулж боддог тул би ийнхүү үе шат бүрээр нь задлан бичиж байгаа хэрэг л дээ. – Үргэлжлэл болон түүхэн бусад гэрэл зургуудыг НЭПКО хэвлэлийн газраас хэвлэж гаргасан зохиогчийн номоос олж үзнэ үү – baabar.mn