Ирэх даваа гаригт буюу 11 дүгээр сарын 28-нд Египетийн парламентын сонгууль эхэлж байна. Өнгөрсөн онд явагдсан Ардын хурлын сонгуульд  парламентын 508 суудлын төлөө 254 тойрог дээр (тус бүр хоёр депутат) албан ёсоор 10 гаруй улс төрийн нам өрсөлдөж, Ерөнхийлөгч 10 гишүүнийг шууд томилж байсан бол энэ удаа өрсөлдөх намуудын тоо 110 орчим болж, 10 дахин өсчээ. Жирийн египет хүмүүсийн яриагаар бол улс төрийн намуудын тоо албан бусаар 300-д хүрсэн гэнэ. Каирын Маади дүүрэг дэх манай ЭСЯ-ны дэргэд байгаа сонгуулийн сурталчилгаа ингэж харагдаж байв.


Духан дээрээ энэ айхтар сорвитой нөхөд бол “үнэнч мусульманчууд”,  ийм сорвитой эрс маш олноороо лалын исламист намуудаас (Буянт үйлсийн нам, Aсала нам, Аль-Нуур нам, Aль- Taхрир нам, Аль-Нахда нам гэх мэт) дэвшчээ.


“Лалын ахан дүүс”-ийн Эрх чөлөө, шударга ёсны намаас манай энэ дүүргийн хороонд нэр дэвшиж буй нөхрийн сурталчилгааны хуудас, зааварчилгаанууд.   


“Лалын ахан дүүс”-ийн Эрх чөлөө, шударга ёсны намын зүтгэлтэн Махмуд Абдул Вахаб надтай мэндчилэнгээ: Сонгууль болдогоороо болно, бид ялдагаараа ялна гэв. Түүний ярьснаар бол лалын энэ нам 800 мянган гишүүнтэй, өөр жижиг 8 намтай эвсэж сонгуульд орж байгаа аж. Хэн ч танихгүй, нэр нь түгээгүй, нам гэж нэрлэхэд ч хэцүү тийм намууд “Лалын ахан дүүс”-ийн далбаан дор Ардын хуралд суудал авчихыг үгүйсгэхгүй хэмээн эндхийн хэвлэлүүд бичиж байна.


Сурталчилгааны самбар, уриа лоозонг зам дагуу, олны хөлийн газар, ил захуудад өлгөжээ.


Харин гутал тахладаг энэ нөхөр арай хэтэрнээ. Нэр дэвшигчийнхээ сурталчилгааны хуудсыг гутал тавьдаг хайрцаг дээрээ наачихаад хээв нэг сууж байв. Эрхий хуруугаа гозойлгож байна лээ. Бодвол сайн нөхөр, би дэмжинэ гэсэн санаа нь байх.


Зуу хол давсан энэ олон намуудыг ялгаж танихад тун хэцүү. Бичиг үсэггүй хүн олон байдаг тул намын эмблем лого маш энгийн, танихад амар гээд. Жишээ нь энэ нөхөр алимаар лого хийсэн нэгэн жижиг намын нэр дэвшигч байна. Чийдэнгийн шил, навч, усан үзэм, томруулдаг шил, компьютерийн диск, алх, танк, өвсний машин, бүрх малгай гээд намуудын лого хөвөрч өгнө.  


Хэрэв танкны зурагтай лого байвал Цэргийн дээд зөвлөлийн нэр дэвшигч гэж бодчих, цэргийнхэн нэр дэвшигчээ ийм таних тэмдгээр өрсөлдүүлж байгаа юм хэмээн цаад нөхөр хүү бид хоёрт ярив.


Плакат өлгөх чийдэнгийн шон хүрэлцсэнгүй юү, эсвэл заавал олон замын уулзвар дээр харагдуулах гэсэн үү, иймэрхүү ядмаг сурталчилгаа зөндөө. Модон раам зангидаад өлгөөдөхсөн чинь дор нь өөр намууд уриа лоозонгоо аваачаад хадчихна, энд ямар ч хэл ам гарахгүй, мөнгө төлөхгүй. Даавуун плакатыг хэргээр цоолж нүхэлдэг юм байна. Салхины ая даахдаа сайн, салхинд дэвэрч хийсэхгүй, урагдахгүй гэж нэг нөхөр хэлж байв.