Аливаа хямралын эх үүсвэр нь төр засгийн хямрал байдаг байна. Төр хямарвал мөнгөний ханш унана, ард иргэдийн амьдрал үймнэ, итгэл үнэмшил нь  сарниж саарна. Уг нь “ нуур амгалан бол нугас амгалан” л байдаг хорвоо шүү дээ. Бүүр уг нь ард түмэн бол цалин пүнлүүтэй, ажил албатай, орох оронтой, орчин нөхцөл нь дажгүй, хэрүүл шуугиангүй,шүүх цагдаа нь шудрага, төр засаг нь энэрэлтэй, ирээдүйдээ итгэлтэй амар амгалан аж төрцгөөж байвал есөн хүсэл нь бүрдэх нь тэр. Нэг их “шудрага” хүн хайгаад л (шударга нь ч яг ямрыг нь хэлдэг юм ), нэг их эх оронч дүртэй баатар эр эрж сурж сүйд болоод л (эх оронч гэж яг ямрыг нь ч ойлгоод байгаан ), тиймийг нь гаргаж ирж Их хуралд сонгох гэсэн эцэж цуцашгүй мөрөөдөлд умбаад л шаналаад байгаа юм нарийндаа ард түмний дунд байхгүй шүү дээ.

Яг нарийндаа. Сү.Батболд бол бодит эдийн засагтай сүүлийн 25 жил зууралдсан хүн. Гадаад худалдаа, гадаад харилцаа, эдийн засгийн талаарх асуудалд өөрийн түүхээ зориулж ирсэн одоо байгаа цөөхөн хүмүүсийн нэг.

Сүүлийн үед түүнийг өөрийн эрхгүй өмөөрмөөр болтол “зодож” байнаа. Намынхан нь ч ил далд балбаад, УИХ-ынхан нь ч огцруулах гээд, “Оюутолгой”-гоор ч боож боомилох гээд сүйд ээ, сүйд. Хүнийх нь ч яахав. Өөрийнхөн нь л осолтой.  Өөрийнхөн дотроос өрвөлзөж чадсан дөрөв бол үнэндээ нүүрээ нуухгүй ил гарч ирээд уурлаж байгаа нь сайн. Нүүрээ нуучихаад далд хорсож яваа нөхдүүд бол харин олон бөгөөд хорон. Ер нь ил юмнаасаа далд нь илүү аюултай байдаг шүү дээ. За, энэ ч яахав. Маний асуудал биш. Хамгийн гол нь элдэв дэмий хэрүүл шуугиан манай дотоодод хэрэггүй байна. Залхатлаа, бүр хорийн хорин жил хэрэлдэж уралцсан шүү дээ, бид. Эргээд л тэр юм руугаа явж ороод байх нь төвөгтэй байна. 

Ийм нөхцөлд хэн юм хийж чадах вэ? Сингапурын Ли Куан Ю ч юу ч хийж чадахгүй. Хятадын Дэн өвгөн ч байсан юу л хийв гэж. Аливаа реформын үндэс суурь ерөөсөө л удирдагч нарын үг хэлээ олох эсэх дээр тогтдог. Их энгийн үгээр хэлж байгаа боловч амьдрал дээр ийм л байдаг, тийм л байсан. 

Сү.Батболд үнэхээр юм хийе гэж байгаа бол одоо л танк шиг зүтгэх цаг нь иржээ. Хэрэв саатвал Ерөнхий сайд болж л түүхэнд үлдэх гэсэн хүн болж хувирна. Нөгөө талдаа лидер хэзээ ч цэвэр өөрийнхөө бүтээл байдаггүй. Хамтын бүтээл байдаг. Нийгмийн бүтээл байдаг. Тийм учраас нийгэмд өөрийн төрүүлсэн лидерээ хамгаалах, хянах, түших бүх үүрэг нь бас бий. Гэвч манай нийгэм  эрхийн тухайд нэлээн гүжирмэг ойлголттой мөртлөө үүргийн тухайд бараг таг.  Үүргээ мэддэггүй нийгэм лидерээ зөвшөөрч чаддаггүй. Лидерээ хүлээн зөвшөөрдөггүй нийгэм ямар ч реформыг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн үгүйсгэлээр амьдардаг. Үгүйсгэл, үгүйсгэлийг үгүйсгэсэн үгүйсгэл, бүр тэр үгүйсгэлээ үгүйсгэсэн үгүйсгэл гээд явах юм бол бидэнд юу үлдэх билээ.

Шинэтэй хуучинтай нь нийлүүлээд захаас нь нэрлэхэд Ю. Цэдэнбалаас эхлүүлээд Д. Моломжамц,Т. Рагчаа, П. Дамдин, П. Жасрай, Д. Содном, Д. Бямбасүрэн, Д. Ганболд, М. Энхсайхан, М. Энхболд, О. Чулуунбат гээд сайн муугаараа дуудуулж ирсэн үе үеийн олон эдийн засагчдын зүтгэл дээр манай орны нийгэм эдийн засгийн амьдрал төдийгөөс өдий хүртэл явж ирсэн. Хувийн хэвшилд зүтгэж шорон оронд орж гарч, татвараа төрдөө өгдгөөрөө өгч ирсэн хэдэн бизнесийнхний нуруун дээр явж ирлээ. Одоо тэдний хэн нь сайн нэргүй.
 
Бид өнгөрснөө ханатлаа нулимжээ. Гэвч үнэн хэрэгтээ Монгол орны хөгжлийн оргил үе нь өнгөрсөн зууны 50-80 онд болж өнгөрснийг одоо үгүйсгэх гээд яах юм. Энэ хэдэн үгний араас юу хэлэх гэсэн маань төвөггүй харагдаж байгаа байх.
Тэр үед улс орны маань удирдагч нар нэгдмэл байсан байна. Түүхийн янз бүрийн ороо бусгаа салхи байсан л байх. Гэвч улс орныхоо ирээдүйн өмнө, ус орныхоо нэр нүүрийн өмнө, явуулж буй бодлого шийдвэрүүдийнхээ өмнө нэгдмэл зогсч чаддаг байж. Тэгж байж үйлдвэржилт, газар тариалан, мал аж ахуй, соёл урлаг, боловсролын салбартаа ахиц олж, тэгж байж ард иргэдээ амар амгалан амьдруулж, Монгол гэдэг улсыг тогтоож авсан байна.  Гадна дотны нөлөө, элдэв тулгалт, дарамт шахалтын эсрэг туурга тусгаар орныг босгож чадсан байна.
Гэтэл өнөөдөр бид дөрөвхөн жил нэгдээд ажиллаж чадахгүй 

“Урдах юмаа хийх завгүй
  Уралцан тэмцэлдэж байна.”


Дээрх эдийн засагчдын нэрийг дурддагийн учир бол “статистик бүхнийг мэддэг” гэдэг үгийг  л сануулахыг хүссэн хэрэг. (Аягүй бол энэ муу хэдийг нэрлээд байхдаа яадгийн гээд эдийн засагчийн үнэмлэхтэй түмэн нөхөр намайг хараагаад эхлэчихсэн сууж байгаа байх )

Тийм ээ, статистик бүхнийг мэддэг. Сү. Батболд тоо ярьдаг эдийн засагч. Логиктой, логикгүй хоосон чалчигч биш. Өвгөн Д. Моломжамц тоо ярина. П.Жасрай, Д.Бямбасүрэн тоо ярина. Сүүлийн үеийнхнээс М.Энхсайхан, М.Энхболд нараас өөр тоо ярьдаг хүн Сү.Батболд л байна шүү дээ. Бусад энд тэнд харагддаг, элдэв хэл ус мэддэг, мөнгөтэй мэргэн жаалуудын дүр төрх, дуу хоолой арай түмэнд хүрч, түүхэнд үлдэх чансаагүй байна.

Өвгөн Жасрай гуай “Тэрбум доллартой ч болоосой” гэж ёстой өнөө “Морьтой ч болоосой” гэдэг шиг Монгол орны нийгэм эдийн засгийн амьдрал нурж байх хүнд үед халаглаж байсан. Өвгөн өнөөдөр байсан бол энэ толгой эргэм тоог хараад яаж их баярлах байсан бол. Бидэнд өнөөдөр тэрбум юу ч биш санагдах болжээ. Тэрбумуудын эзэд нь хэн болох вэ гэж уралцаж байх шиг санагдах юм, манай томчуулыг харахаар...

Гэсэн ч хувь заяаны эрхээр, бас ч гэж өдгөө төр барьж буй эдийн засагчдын оролцоотойгоор бид хязгааргүй баян болох болоод байна. Энэ жил манай эдийн засаг дор хаяж 18 хувь өсөх хандлагатай байна. Энэ бол гайхалтай статистик. Хятадын гайхамшиг гэдэг чухамдаа эдийн засгийн өсөлтөндөө л байсан хэрэг. Сүүлийн 20-иод жил дунджаар 8-11 хувьд тасралтгүй хэлбэлзэлж байлаа. Гэтэл Сү. Батболдын өнгөн дээр манай эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрэх ч болзошгүй байна. Мэдээж еэвэнгийн нөгөө тал нь түүхий эдээс хараат эдийн засаг байгаа нь үнэн ч энэ статистикт бид талархахаас өөр аргагүй. Сү.Батболд саяхан телевизийн сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Тэндээ “...Түүхий эдээс хараат эдийн засгийн хамаарлыг багасгая. Аль болох боловсруулах үйлдвэрийг дэмжиж татвар, санхүү, мөнгө зээлийн бодлогыг үүн лүү чиглүүлье. Тиймээс бид Хөгжлийн банк байгуулсан” гэж ярьсан байна.

Ямааны ноолуураас ч болдог бил үү, хэдэн жилийн өмнө эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрэхэд бид яаж дэвхцэж байлаа. Одоо яагаад дэвхцэхгүй огцруулна гээд байна вэ.

Эдийн засгийн өсөлт нь 20 хувьд хүрч байгаа үед Ерөнхий сайдаа огцруулъя гээд явж байх ер нь аль зэрэг зөв логик вэ?

“Оюутолгой” л гэнэ. Тэднийг ядаж олигтойхон оруулж ирж байгаад оролдохоо бодохгүй юм уу. Тэд бидэнд хайртай даа орж ирээгүй нь ойлгомжтой, гэхдээ тэд бидэнд мөнгө олж өгөх хүмүүс гэдэг нь ойлгомжтой. “Оюутолгой”-г эргэлтэнд орчихсон байхад Ж.Батзандан, Л.Гүндалай хоёрыг явуулахад учрыг нь олно шүү дээ.

 “Оюутолгой”-гоогоо тусгайлан учрыг нь ол л доо. Сү.Батболдыг огцруулчихвал адаглаад барьж авах эзэнгүй болно шүү дээ...хэ хэ Үнэхээр хошин үгийг гамгүйхэн шидмээр юм болж байна.

...Аливаа хөгжлийн үндэс бол хүний соёл гэгээрэл. Үүнийг бид биш америкчууд судалгаа хийгээд нотолчихсон. Өнөөдөр Кембрижийн стандартыг нэвтрүүлж чадлаа гэмээ нь ирээдүйн өмнө хамгийн том хөрөнгө оруулж байна гэсэн үг. Түүхий эд, “Тавантолгой”, “Оюутолгой” дундрахын цагт бид агаараас хоолоо олж идэж чаддаг болсон байх хэрэгтэй юм. Бид баялагтай өрсөлдөж өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Бид баялаг шингэрэхтэй уралдаж ухаантай болох хэрэгтэй. Үүний эхлэлийг С.Баярын өрхийг нь татаж, үүдийг нь нээсэн Засгийн газар, түүний тэргүүн Сү.Батболд тавьж байна. Энэ бол яав ч огцруулах ял зэм биш. Оролдох шалтаг шалтгаан ч биш.

Бидний тархи дөрвөн уулын дунд хэрэлдэж байх биш дөрвөн далай, таван тивийн хэмжээнд сэтгэж байгаасай. 

Үгүйсгэлээр дүүрэн Монголд тариа ногоо тарих ч буруу болжээ.
Одоо бүр улаан буудай учиргүй их авлаа гээд уурлацгаах болж. Хажууд маань 127 сая га тариалангийн талбайтай, энэ нь манай гаригийн тариа тарих бүх газрын 7% -тай тэнцэх хэмжээний газартай улс байна. Тэд биднийг тариа тариулдаггүй болгож чадна. Таван жилийн дараа бензиний хараат шигээ улаан буудайныхаа хараат болоход ердөө ядах юмгүй.

Нөгөө бөөрөнд маань Оросууд байна. 1-2 метр зузаан хар шороон хөрстэй сайхан нутагтай. Тэдний буудай яагаад хямд байна гэвэл нэг га-гаасаа 2-3 дахин их ургац авна. Тэднээс бид хүнсээ аваад энэ өргөн уудам нутаг дээрээ юу хийж амьдрах гээд байгаа улс вэ?

Үнэндээ зүгээр нэг шогломоор биш уур хилэн төрмөөр юм манайд энэ мэт олон болж байна. 

20 жилийн өмнө лангуун дээрээ давснаас өөр юмгүй гайхширч байсан бид өнөөдөр үр тариа, төмс хүнсний ногоогоор дотоодоо хангаад зогсохгүй  гадагшаа экспотлоход ч боломжтой болжээ. Ердөө 10 гаруйхан жилийн өмнө бид ямар гээчийн төмс идэж, ямар гээчийн гурил хэрэглэж байснаа эргэж нэг санах хэрэгтэй болсон байна. Япончууд хүртэл цагаан будааныхаа зах зээлийг хамгаалж өөрөөсөө өөрсдөө цагаан будаагаа худалдаж авдаг шүү дээ. “Ходоод ямар ч үзэл бодлоос чанга хоржигнодог” гэсэн үг бий. Бид уул овоо шиг улаан буудайтай болсондоо баярлах бус яагаад уурлаад байгаа юм бэ.

“Ухаантай улсууд тэнэгтэхээрээ
Усан тэнэгээсээ дор болдог гэдэг”
л энэ юм болов уу.

УИХ-ын гишүүд бол биднийхээ сор нь болсон хүмүүс. Тэд бол түмний дундаас сонгогдсон “ухаантнууд” . Гэхдээ тэрийгээ ухамсарладаг бол шүү дээ. Засгаа л солих гэж заргалдаж байлдах юм. 1996-2000 оны хооронд дөрвөн Засаг сольж дөвчигнөж байсан хүмүүс өнөөдөр мөн л Засаг солих гэж өвчигнөж явна.

Зургаан сарын дараа ард түмэн дүн тавихын хооронд эд ёстой юу чив дээ гэмээр санагдана. Цаана нь төсөв мөнгөний бодлого, сонгуулийн хууль, эрх зүйн шинэчлэл, гэр хорооллын утаа ... зөндөөн юм шил шилээ даран хүлээгдэж байна. Бас нөнөө нэг сая таван зуу. З.Алтай, С.Оюун, Д.Энхбат гурваас бусад нь сая таван зуугаар гарч ирснээ мартчихаагүй баймаар.

МАН-д дайх үг

1911 онд Дамдины Сүхбаатар МАН-ыг байгуулалцсан бол 2011 онд Сүхбаатарын Батболд МАН-ыг байгуулсан нь санаандгүй атлаа санаандгүй хэрэг биш юм. Одоо Бодоо, Данзангийн гэнэ үү, Богд, Сүхбаатарын гэнэ үү. Энэ намаа аваад л урагшаа явахаас өөр аргагүй.   Ухралт байхгүй.  Гарман дээр морио сольдоггүй гэдэг одоо  лидерээ соливол онц их хурал хуралдаад ч нэмэр болохгүй. Реформыг нэгдмэл хүч л хийнэ. Сонгуульд ч нэгдмэл хүч амжилт олно. Угтаж байгаа зургаан сарын дотор Ардчилсан нам ч тэр, Ардын нам ч тэр нийгмийг бужигнуулах  шаардлагагүй.  Ахиад давтая. Нуур амгалан бол нугас амгалан . Ард түмэнд алиа шуугианы хэрэг алга. Амгалан амьдрал л хэрэгтэй байна. Аз жаргал гэдэг угтаа амгалан л амьдрал шүү дээ.