Юуны өмнө “Чингис хаан” банк төлбөр тооцоо гүйцэтгэх чадваргүй 800 гаруй хоночихоод байхад Монголбанк яагаад үүргийнхээ дагуу тус банкинд БЭТ, эрх хүлээн авагч томилохгүй байгаа юм бэ гэдэг асуудал хэрээс хэтэрч онцгой анхаарал татаж эхэллээ. Бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ томилно гэдэг нь дампууруулна гэсэн үг биш. Тухайн банкны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд БЭТ томилж, БЭТ нь банкны гүйцэтгэх удирдлагыг гартаа аваад хяналт тавьж, үйл ажиллагааг нь хэвийн болгож боломжтой билээ. Хэрэв хэвийн ажиллах боломжгүй бол дампуурлыг нь зарлуулаад эрх хүлээн авагч томилуулах ёстой. Эндээс Монголбанк “Чингис хаан” банкинд БЭТ томилохгүй байгаагаараа харилцагчийн эрх ашгийн төлөө үүргээ биелүүлэхгүй байгаа нь илт харагдаж байна. Тэгвэл тэд харилцагчдын бус өөр хэний эрх ашгийг хамгаалаад байна вэ?

“Чингис хаан” банк Хөгжлийн банкийг “дээрэлхэх” боломжийг Г.Амартүвшин олгосон уу, мэдээгүй юу?


“Чингис хаан” банк Хөгжлийн банктай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээ 12-08-2/705 дугаартай “Мөнгөн хадгаламж байршуулах” гэрээ байгуулж 25 тэрбум төгрөгийг жилийн 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байршуулсан байдаг. Энэ гэрээний 2019 оны 12 дугаар сарын 19-нд хугацаа дуусгавар болоход 19-12/01-2/244 дугаартай “Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ” гэгчийг байгуулж гэрээний хавсралт дахь 19-12/02-2/245 дугаартай гэрээгээр 15 тэрбум төгрөгийг 92 хоногийн хугацаатайгаар мөн 19-12/03-2/246 Мөнгөн хадгаламж байгуулах гэрээгээр 10 тэрбум төгрөгийг 82 хоногийн хугацаатайгаар 2 хувааж, 4 хувийн хүүтэйгээр тус тус байршуулж барьцаанд нь нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүд болон “Хан хиллс” хотхоны 521 дүгээр барилгын нийт 27 гэрээний үүргээ хангах баталгаа болгон гэрээ байгуулжээ.
Ингээд өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны “Чингис хаан” банкнаас шүүхээр нэхэмжилж байгаа нийлбэр дүнгээр үндсэн хадгаламж, үндсэн хүү, алдангийн хэмжээ 33.5 тэрбум гаруй төгрөг болжээ. Харамсалтай нь дээрх 27 орон сууцнаас 7-г нь зээлдэгчид өөрсдөө зарж борлуулчихаад байна.
Дашрамд дурьдахад дээрх Хөгжлийн банкнаас Чингис хаан банкинд 25 тэрбум төгрөгийн хадгаламжийг байршуулах гэрээ, гэрээ дуусахад шинээр байгуулсан “мөнгөн хадгаламж байршуулах мастер гэрээ” зэрэг нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажиллаж байсан үе юм. Мөн дээр дурдсанчлан “Вестерн холдинг”-ийн зээлтэй холбоотой ямар хамааралтай байсныг эрхэм гишүүн Г.Амартүвшин тайлбарлах биз ээ. Түүнийг 1998-2005 онд Нидерландын АБН АМРО банкинд менежерээр ажиллаж байсан, Казахстаны Казкоммерц банкны хэлтсийн даргаар ажиллаж байсан ажлын туршлага түүхийг бодож томилсон нь лавтай. Харин түүнийг томилохдоо Г.Амартүвшингийн гурван үеийн түүхийг, 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр өөрийн гараар бичигдсэн хүсэлт, түүний дараа хэрхэн Монгол Улсын иргэн болсон түүхийг Монгол төрийн хэн ч сонирхоогүй томилсон ч тэр Хөгжлийн банкны захирлаар ажилласан. Тэр хугацаандаа дээрх хариуцлагагүй гэрээнүүдийг байгуулахыг зөвшөөрсөн, УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон, эдүгээ ҮАБЗ-ийн хэмжээний хаалттай мэдээлэл сонсож суугаа гэдэгт олон нийт эргэлзээтэй хандаж байна.

Монголбанкны Хяналт шалгалтад эргэлзэж байна

Барьцаалсан хөрөнгөө бусдад зарж борлуулна гэдэг нь албан тушаалын гэмт хэрэг болдог учраас хуулиараа Чингис хаан банкны гүйцэтгэх эрх бүхий этгээдүүд энэ гэмт хэрэгт холбогдож таарна. Тийм ч учраас нэр бүхий харилцагчдын “Банкны эрх бүхий албан тушаалтан нь банкийг төлбөрийн чадваргүй болгосон” гэх гомдлоор Чингис хаан банкны Ерөнхий захирал Б.Батхүү яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ. Түүнийг “хуулиас өмгөөлж”, Чингис хаан банкийг хууль зөрчин, зүй бусаар оршин тогтнуулаад байгаа далдын хүч УИХ дотор байдаг. Тэр хүч Монголбанкны удирдлага, Монголбанкны Хянан шалгах газрыг удирдаад байна уу гэж хардах бүрэн үндэслэл дээрх хууль зөрчсөн эс үйлдлүүдээс харагдаж байна.
Их хэмжээний хэлцэл гэдэг утгаараа ТУЗ нь шийддэг, нийт актив хөрөнгийн 25 хувиас дээш бол их хэмжээний хэлцэлд тооцож байгаа. Тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Сандагдорж НДЕГ-ын мөнгийг өөрийн банкинд байршуулахын тулд бусдад авлига өгсөн асуудлаар шалгагдаж байгаа бөгөөд НДЕГ-ын гомдлоор 101.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр яваа, банкны зүгээс эвлэрлийн гэрээгээ зөрчсөн асуудал бий гэдэг.
Мөн ААН-үүдээс “Вестерн холдинг” ХХК, “Сод монгол групп” зэрэг ХХК-иуд “өр төлбөр саатуулсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар АТГ, СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс зэрэгт хандаж “Чингис хаан” банкийг шалгуулахаар гомдол гаргасан байдаг. Явцын дунд “Сод монгол групп”  төлбөр тооцоог зээлийн барьцаа хөрөнгөөр барагдуулсан хэмээн үзэж шалгуулах хүсэлтээ буцааж авах хүсэлт илгээсэн нь сонирхолтой. Харин “Вестерн Холдинг”-ийн хувьд Чингис хаан банкнаас 7.8 тэрбумын зээлийн асуудалтай бөгөөд уг зээлээ дансан дахь пассив хөрөнгийг зээлтэй нь хамт Чингис хаан банкнаас Хаан банк руу зээлээ шилжүүлсэн тухай мэдээлэл бий.
Одоогоор “Вестерн холдинг”-ийн гомдлоор иргэний хэрэг үүсгэн Чингис хаан банкийг шалгаж байна. Мөн “өр төлбөрийг саатуулсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг шалгуулахаар тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Сандагдорж, Ерөнхий захирал Б.Батхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд Чингис хаан банкнаас импортын баталгаа гаргаж өгч асуудлыг 2022 оны 3 дугаар сар хүртэл хойшлуулсан байдаг. Тэгэхээр энэ сард дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг эргэж мэдээлэх болно.

“Зээлийн батлан даалт гаргах” аргаар банкирууд банкийг “тоносоор” байх уу?

Одоо хамгийн ноцтой хэсгээс дурдъя. “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигчидтэй холбогдох албан тушаалын гэмт хэрэгт тооцогдох цөөнгүй хэргүүд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Тухайлбал, Тээвэр хөгжлийн банкнаас Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч Ш.Бүтэдийн хамаарал бүхий “Сөрөг хамгаалалт” ХХК  эх үүсвэргүй, барьцаагүй 1.5 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргаж өгсөн үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул нэхэмжлэх гаргасан нь Улсын Дээд шүүх дээр яваа.  Мөн Голомт банкнаас Чингис хаан банкны Ерөнхий захирал Б.Батхүүгийн хамаарал бүхий “Органик солюшн Монголиа” ХХК-д эх үүсвэргүй, барьцаагүй 11 тэрбумын зээлийн баталгаа гаргаж өгсөн үүргээ биелүүлээгүй гэх гомдлоор СБД-ийн анхан шатны шүүхэд шалгагдаж байна.
Энд ямар асуудал байна вэ гэхээр Монголбанкнаас тогтоосон хязгаараар бол тухайн арилжааны банкны хувьцаа эзэмшигчид нь шууд хамаарал бүхий этгээдийн хувьд тухайн банкныхаа өөрийн хөрөнгийн 5 хувиас илүү хэмжээгээр зээл авч болдоггүй. Ингээд өөрийнхөө банкнаас зээл авч чадахгүй болохоор өөрийн банкнаас баталгаа гаргаад өөр банкуудаас зээл аваад байна. Муу баталгаа гаргаж өгсөн бол муу зээлтэйгээ холбогдож л таарна. Тэгэхээр одоо Улсын дээд шүүх дээр очоод байгаа Тээвэр хөгжлийн банкинд Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч Ш.Бүтэдийн хамаарал бүхий “Сөрөг хамгаалалт” ХХК Чингис хаан банкнаас гарсан эх үүсвэргүй, барьцаагүй 1.5 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргаж өгсөн явдал, Голомт банкинд 11 тэрбум Чингис хаан банкны Ерөнхий захирал Б.Батхүүгийн хамаарал бүхий “Органик солюшн Монголиа” ХХК-д эх үүсвэргүй, барьцаагүй зээлийн баталгаа энэ бүхэн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг мөн!
Монголбанкны зүгээс зохистой засаглалынхаа талаас нь “Банкны хувьцаа эзэмшигчид банкныхаа Гүйцэтгэх захирлын үүргээс түдгэлзээч” гэж хүсдэг ч Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч байсан /одоо түүний оронд гэр бүлийн хүн нь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн/ Б.Батхүү өөрийгөө Чингис хаан банкны Ерөнхий захирал гэж явдаг.
Гэтэл тус банкны харилцагчдаас Чингис хаан банкны Ерөнхий захирал Б.Батхүүг “банкны эрх бүхий албан тушаалтан нь банкийг төлбөрийн чадваргүй болгосон” гэх үндэслэлээр АТГ-т гомдол гаргасан, энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна
Түүнчлэн арилжааны банкинд батлан даалт гаргахад Монголбанкин дээр аваачиж бүртгүүлдэг. Үүнд Монголбанк хяналт тавих бөгөөд Монголбанк оролцогч талын хувьд үүргээ гүйцэтгээд бүртгүүлсэн батлан даалтыг нь төлүүлэх талаар хөрөнгө тусгаарлах гэх мэтээр ажиллах ёстой. Монголбанк энэ үүргээ биелүүлээгүйгээс арилжааны банк эрсдэлд орж байсан тохиолдлыг жишээ нь АНОД банкнаас бид харсан.
Сонирхолтой нь Хөгжлийн банкнаас Чингис хаан банкинд 25 тэрбумыг байршуулах үед Монголбанкнаас төлбөрийн чадвартай эсэх талаар тодорхойлолт ирсэн байдаг юм. Харин түүний дараагийн жилээс Монголбанк ийм тодорхойлолт өгдөг байснаа больсон байдаг. Гэхдээ ямар нэгэн хуулийн зохицуулалт буюу шийдвэргүйгээр больчихсон гэх мэдээлэл байх юм. Хэрэв тийм бол Монголбанк үүгээрээ ямар нэгэн хариуцлагаас бултсан байдал харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголбанк хяналт шалгалтынхаа үүргийг гүйцэтгэх үедээ хяналт шалгалттай холбоотой мэдээллийг зохих газруудад нь өгч болох байтал гэтэл өгөхөө больчихсон. Одоо энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Ц.Нарандалай ажилладаг. Түүний албан тушаалын үүргийн эс үйлдэлтэй холбоотойгоор Чингис хаан банкинд ямар хамааралтай, эсвэл ийм хамааралтай хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүс түүнийг томилуулав уу гэдэг хардлага төрж байна.
Яагаад нэг дансаар? Яагаад векселийг мөнгөжүүлсэн боловч өрөө төлөөгүй вэ?
Өнөөдөр асуудал үүсгээд буй Хөгжлийн банкны хүндрэлтэй асуудлуудыг ярихын тулд вексель барьцаалж олгосон зээлүүдийн асуудлыг ярих ёстой болно. Вексель гэдэг нь ирээдүйд мөнгөжүүлэх өрийн бичиг, мөнгөжүүлэх хэлбэр нь Монголбанкинд л хамаатай. Капитал банк дээр ч, Чингис хаан банк дээр ч векселээр барьцаалж зээлүүд цөөнгүй. Гэтэл “Кью Эс Си” ХХК Хөгжлийн банкнаас 2014 оны 12 дугаар сарын 13-нд  авсан зээл, Хөтөл /Бейзмент/-ийн цементийн үйлдвэрийн Хөгжлийн банкнаас 2012 оны 10 дугаар сарын 19-нд зээл авсан данс нь ижилхэн ХХБ дахь “Кью Эс Си” ХХК-ийн 499480051 тоот данс байгаа юм бэ. Иргэд хоорондоо дундын данстай байж болох ч хоёр том үйлдвэрийн данс яагаад ижил данстай гэж? Яагаад тэдний векселийг мөнгөжүүлсөн боловч Хөгжлийн банкин дахь өрөө төлөөгүй вэ? Яагаад одоо хүртэл Хөгжлийн банкинд зээлээ төлөөгүй байхад нь “Зээл төлөхөд учирч болзошгүй эрсдлээс хамгаалах сан” байгуулахгүй байна вэ. Энэ бол Монголбанкнаас харилцагчдын мөнгийг хамгаалах зорилготой сан байтал энэ ажил хийгдсэнгүй. Мөн Монголбанкнаас баталсан журмаар энэ тохиолдолд аль зэрэглэл муутай байгаагаар нь ангилагдах ёстой байтал “Кью Эс Си”-ийн зээлийн ангиллийг бууруулахгүй байна вэ гэхчлэн эс үйлдлийн олон “ажиллагаа” банкууд банк дээрэмддэг явдлыг өөгшүүлсээр байгаа явдалд хууль хяналтын байгууллага шуурхай ажиллах, хамгийн гол нь санаатайгаар үйлдэгдсэн санхүүгийн ноцтой гэмт хэргийг шударгаар шүүж чадах эсэх нь хамгийн чухал асуудал болоод байна.

                                                                                                                                                                      /Үргэлжлэл бий/