Монгол Улсын эдийн засаг мөрөөдлийн хурдаар өсч эхэллээ. Энэ оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.6 хувиар өсчээ. Энэ хандлага цаашид үргэлжлэн жилд 15 хувиар өссөөр, 2015 онд 2010 онтой харьцуулахад эдийн засаг маань хоёр дахин том болох гэж байна. Монголчууд дэлхийн хамгийн түргэн өсөлтийн амжилтыг Катарын дараа тогтооно. Гэвч энэхүү өсөлттэй гурван эрсдэл зэрэгцэж яваа бөгөөд тэдгээрийг ухаалаг удирдаж эс чадваас өссөн ч гэсэн өөдлөөгүй орнуудын амжилтыг тогтоож магадгүй. Энэ бол ганц орноос бараг бүрэн хамаарсан эдийн засгийн тогтолцоо, Монголын засаглал өөрөө, хөгжлийн өсөлтийг арилгаж чадах инфляц юм. Энэ гурван эрсдэлийг яаж удирдсанаас эдийн засгийн хөгжлийн хамгийн гол зорилго болох монгол хүний амьдралын бодит түвшин хамаарна.

ГАНЦ ОРНЫ ХАМААРАЛ

Монголчуудын мартахгүй байх ёстой нэгэн зүйл гэвэл эдийн засгаа та бид өөрсдөө бүтээж өсгөөд байгаа хэрэг огт биш. Бид байгалийн бүтээсэн баялгийг газраас нь ухаж аваад түүхий эд чигээр нь шахуу ганцхан оронд борлуулж байгаа. Монголын экспортын 85 хувь нь урд хөршид гарч, уул уурхайн эспортын 60 хувь нь эсвэл нүүрс, эсвэл зэс болжээ. Бид саяхнаас зэсээсээ илүү нүүрснээсээ орлого олов. Урд хөрш зэс бага хэрэглэж байгаа биш, зүгээр л Монголоос авахаа багасгасан юм байна. Хятадын хэрэгцээг дагаад манай экспорт өссөн ч импорт түүнээс ч хурдан өсч байна. Бараг бүх зүйлээ бид гадаадаас, ихэнхийг нь ахиад л Хятадаас авч байгаа.

Статистикийн төв газраас гаргасан эхний найман сарын дүнгээр Монгол Улс 2.8 тэрбум ам.долларын экспорт, 4.1 тэрбум долларын импорт хийж, гадаад худалдааны 1.4 тэрбум долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 7.8 дахин их байна. Бүтцийн хувьд гадаадаас тээврийн хэрэгсэл болон машин тоног тө- хөөрөмж авсны дийлэнх нь Оюутолгойн тө сөлтэй холбоотой. Гадаад худалдааны алдагдал 2013 оноос Оюутолгойн зэс гаргаж эхлэхэд арилна гэж зарим шинжээчид үзэж байна. Урд хөрш улс төрийн болон эдийн засгийн ямар нэг шалтгаанаар Монголын түүхий эдийг авахаа бүрмөсөн буюу түр зогсоовол мон голчууд яах вэ?

МОНГОЛЫН ЗАСАГЛАЛЫН ХАМААРАЛ

Эдийн засгийн болон нийгмийн хөгжлийг чиглүүлэхийн оронд түүнийг сааруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж, бодлого тооцоогүй гарсан шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй байгаа Монголын төр засаг (Их Хурал болон Засгийн Газар, түүний нэгжүүд) өөрөө дараачийн эрсдэл болжээ . Монголын төр засаг эдийн засгийн хөгжлөөсөө хурдан томорч байна. Төр засгийн ажиллагсдын цалин хөлс болон төр засгийн эрх баригчдыг засгийн эрхэнд үлдээх зорилготой сонгуулийн амлалтын зардал нь зонхилсон төр засгийн хэрэглээ сүүлийн 12 сард 27 хувь өссөн нь эдийн засгийн өсөлтөөс 10 хувиар өндөр байна.
Засгийн эрхэнд дахин үлдэхийн төлөө эрх баригчид юу ч хийхээс буцахгүй байна. Тэдэнд гадаадын хөрөнгө оруулагчид эхлээд бэлэн мөнгө өгч л байвал улс орны алс хэтийн сонирхол ямар ч хамаагүй болжээ. Түрүүлж мөнгө авч байж Оюутолгойн гэрээг зурсан шигээ 250 сая доллар аваад Тавантолгойн тодорхой хэсгээс олон жилээр нүүрс олборлуулах гэрээг Хятадын засгийн газрын хөнгөн цагааны корпорацитай тохиролцоод байна. Улстөрчдийн 2008 оны сонгуулийн амлалтыг биелүүлэхэд 4.0 тэрбум доллар буюу энэ жилийн улсын төсвийн бүх мөнгийг өгөөд ч барахгүй юм.

Олон улсын гэрээг нэгэнт л зурсан бол түүнийг сар бүр өөрчлөөд байж болдоггүй, яагаад гэвэл уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг олон жилээр түрүүлж хийдэг гэдгийг тэд үл ойшоож байна. Тэдний гаргаж байгаа шийдвэрүүд явцуу, богино хугацаатай учраас гаргасан шийдвэрээ өөрчлөхийг бие биенээсээ тулган шаардахаас өөр зүйл манай Их Хурлын гишүүд хийж чадахаа больжээ. Өөрийнхөө намын удирдлагын, эсвэл өөрсдөө гаргасан шийдвэрээ өөрсдөө үгүйсгэж, өөр хоорондоо бүлэглэн талцдаг болсон нь улс төрийн байдлыг тогтворгүй болгож, эдийн засгийн өсөлт хөгжлийг зогсоох, гажуудуулах хандлагатай боллоо.

ИНФЛЯЦЫН ХАМААРАЛ

Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг алга хийж байгаа хамгийн нөлөөтэй хүчин зүйл бол инфляц. Эдийн засгийн 17.6 хувийн өсөлтийг 13 хувийн инфляц арилгаж, ядуу болон дунд орлоготой иргэд эдийн засгийн өсөлтийг мэдрэхгүй болголоо. Нийгмийн энэ хэсэг бол орлогынхоо ихэнхийг өдөр тутмын хэрэгцээнд зарцуулдаг учир улам бүр нэмэгдэж байгаа үнийн өсөлтийн цохилтыг хамгийн түрүүнд авдаг. Өндөр орлоготой хүмүүс инфляцыг харьцангуй бага мэдэрч, орлогын тодорхой хэсгийг илүүтэйгээр хадгалдаг бөгөөд өнгөрсөн 12 сард банкны хадгаламж 76 хувиар өсч, 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь дээд амжилт тогтоожээ. Үүнд бас төгрөг чангарах хүлээлт нөлөөлжээ. Инфляц өндөр болж байгаагийн гол шалтгаан бол зах зээл дээр хангалттай өрсөлдөөн дутаж, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхийн оронд бэлэн мөнгө тарааж байгаатай холбоотой. Дэд бүтэц сайн хөгжсөн газар нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг хямд байдаг.

ГАРЦ

Гурван эрсдэлийг удирдах талаар бүрэн биш ч гэсэн зарим шаардлагатай алхмуудыг хийж болно. Эхний хүчин зүйлээс бага хамаарах ганцхан арга зам бол дэлхийн бусад оронд хэрэгцээтэй, зах зээлд өөрийн онц лог байр суурь эзэлсэн бүтээгдэхүүн, үй чилгээг бий болгох явдал юм. Энэ нь ямар бүтээгдэхүүн байхыг юуны өмнө судлан тогтоож чиглэлийг нь гаргах, эхлэн бүтээхэд хөрөнгө оруулалт хийж, олон компаниудыг татаж оролцуулан кластер бий болгох үйл явц юм. Дараачийн хүчин зүйлийг багасгахын тулд төр засгийн үйл ажиллагааг (засаглалыг) ил тод болгох ёстой. Ил тод байгаа газарт хөрөнгө, эрх мэдэл, албан тушаал завших боломжгүй.

Төрд ажиллан тэрбумтан болоод байгаа бүх сувгийг хаах, Төрийн (нийтийн засаглалын гэвэл зүйд нийцнэ) хяналтын системийг иргэний нийгэмд шилжүүлэх, Иргэд идэвхтэй, бас хариуцлагатай байх, сонгох эрхээ чөлөөтэй эдлэх, Орон нутгийн удирдлагаа иргэд өөрсдөө сонгодог болох, Төр засагт ажилтан авахдаа улс төрийн буюу орон нутгийн харъяаллаар биш авьяас чадварт нь суурилж сонгох, тэдэнд бүтээмжээр нь өрсөлдөхүйц цалин өгөх нь нэн чухал билээ. Гуравдагч хүчин зүйлээс гарах нэг арга зам бол хувийн секторт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, ил далд монополийг арилгах, Засгийн газрыг эдийн засагт бага оролцуулах, газрын хуйвалдааныг таслан зогсоож, байрны үнийн хөөрөгдлийг хязгаарлах, нэг цагийн бүтээмжийг нэмэгдүүлэн, бү тээмжийг ца лингийн өсөлтийн суурь болгох зарчмыг хувийн болон төрийн салбарт адил нэвтрүүлэх, бэлэн мөнгө амлах луйврыг зогсоох болон бусад үйл ажиллагааг өрнүүлэх шаардлагатай.