-хошин тууж-

Б.Цэнддоогийн “Голын тэртээх гацааны хавар” хошин туужийг уншигчид сайн мэдэх билээ. Сонинд хэсэгчлэн гарсан цагаасаа эхлэн олон түмний сонирхлыг татаж хэд хэд хэвлэгдсэн энэ бүтээлийнхээ шинэ дэвтэрийг “Голын эргийн өвөлжөөний хавар” нэртэйгээр бичиж эхэлжээ. Шинэ  хошин туужийн анхны уншигч байх боломжийг танд олгож хэсэгчлэн нийтэллээ. Хошин романы шинэ бүлгүүдээс бид ирэх онд цувруулан хэвлэхээр төлөвлөж байна.

ЯНЖМАА ЧАВГАНЦЫН ОРОС-МОНГОЛ ТОЛЬ

...Тэр жил Бүгд найрамдах хятад ард улс маань Бүгд найрамадах социалист вьетнам улстай маань байлдаж, анхдугаар социалист дайн дэгдэв дээ. Ямарваа дайн  нь энх тайвны төлөө тэмцлээс үүддэг  хойно тэд манай гаригийн энх амгаланг хамгаалан байлджээ. Нэг талын хоёр улсыг хүртэл дайтуулж байгаагаас үзэхэд энхтайван гэдэг бол шуудайд хийсэн шөвөг шиг аюултай эд ажгуу. Хамгаалахгүй байж болдоггүй, хамгаална гэхээр байлдахаас өөр замгүй болчихдог. Ингээд манай нутагт цаг ямагт энхтайвнаасаа болоод дайнаас салдаггүй зөвлөлтийн цэргүүд бөөнөөрөө ирлээ. Харин  энхтайваныг хамгаалдаггүй бусад улсууд бол дайн хийхгүй л байсан хэрэг шүү дээ. Чухам хаанаа очиж энхтайвны төлөө байлдах оросууд тэнд явсан юм бүү мэд.

Манай сумынхан л лав байлдах, хэн нэгнийг алах хэрэг байгаагүйг бодоход  энхтайвангүйгээр товхийгээд байсан хэрэг. Үүндээ бид дуртай байсан. Ер нь бол зарчмын хувьд энхтайваны талд бат зогсох боловч түүнийг хамгаалаад байх шаардлагагүй гэж монголчууд үзэж байсан болтой юм.

Зайлуул оросууд, хөөрхий иванууд л энхтайванд ясны дуртай улс болохоороо амар заяа  үздэггүй байж. Хаа нэгтэй энхтайваны төлөө алалдахаар (золоор тэр нь манайд байгаагүй) явсан тэр орос цэргүүд манай сумын ойролцоо  хээрийн лагерь байгуулан удсан юм.

Ойр хавиас энхтайван олоод тэрийгээ хамгаалан алалдах санаатай болов уу гэж хардаад, тэр золиг нь аль нэг жалга судгаас гараад ирж хөөдөх вий дээ хэмээн хөгшчүүл ханцуй дотроо залбирдагсан.   

Нэг хавар Ням гуайн Энхтайван хоньтойгоо уруудаж алга болоод хэд хоног эрсэн явдал гарч билээ. Тэрхэн зуур “орос цэргүүд даян дэлхийн энхтайвантай манай энхтайванг нэр андуураад юу яачихсан. Олдохоосоо өнгөрсөн” гэсэн цуу тараад , тэр цуунд үнэмшсэн “намын” орлогч Энхтайван нэрээ “Дайнсүрэн” болгох өргөдөл гаргаж амжсан байгаа юм даа.

Энхтайваны хайгуул(бид тэднийг ингэж ойлгож асан)-ын орос цэргүүд хээрийн лагертаа орос дэлгүүртэй. Тэнд нь манай суманд байтугаа, манай гариг дээр ийм юм бас байдгийг манууст хэлж өгдөг ховор сонин бараатай. Харин тийшээ орно гэвэд аймгийн нэг ба хоёрдугаар даргаас өөр монгол хүн шонгүй. Ерөөсөө Улаанбаатарын орос дэлгүүрч гэсэн монгол хүн “үзвэл үнс, харвал харвал хальс” болчихдог бараа зардаг учраас манайхныг хавьтуулдаггүй юм гэж хүмүүс шивэгнэлдэнэ. Цэргийн орос дэлгүүрт орж харсан хүн байхгүй боловч, өөрснөө аваад гарч яваа барааг хашааны завсраар харахад хальс болдоггүй л байлаа.  

Түүгээрч барахгүй цэргийн дарга нар дэлгүүрээсээ аваад  нэрмэлээр сольдог маасал чихэр боов, савхин гутлыг үзэхэд үнс болохгүйгээр идэх, өмсөхөд зүгээр байдаг нь хачин. Ой! тэр молоок, сороход мөн ч гоё дээ. Шинэ юм болгоныг зөнгөөрөө эсэргүүцдэг хэдэн хөгшин “Одооны хүүхдүүд хүн болохоосоо өнгөрчээ. Гучин хоёрны эсэргүүний жил энэ молоонкыг чинь орос эхнэрийн мөөмний сүү гэдэг л байлаа ш дээ” хэмээн цуурна. Бид жигшихийн оронд ээжийнх нь мөөмнөөс молоонк гардаг орос хүүхдүүдэд үнэндээ атаархах шиг болно.

-Бороо бороо ороорой,

Оросын маамуу ирээрэй гэж гэж дуулах. Хүүхдийнхээ араас ээж нь гүйгээд ирвэл гувших юм уу, хаашаа юм бэ?

Хүүхдүүд эхлээд молоонкийг нүдээ аниж байгаад сордог байсансан. Хальс болгочихолгүй л сорох гэж тэр шүү дээ. Нэгэнт залгисан хойно бол ходоодонд ямар нүд байх биш.

Сумынхан “Юмыг яаж мэдэх вэ? Хальс болдоггүй юм зардаг өдөр  нь таараад оруулчих ч юм билүү” гэж горьдоод нэгээс доошгүй удаа хөөгджээ. Харин Янжмаа чавганц л захиргаагүй, хамжааргагүйгээрээ  бараг өдөр болгон очиж, хөөгдөнө. Бусад хүнийг бол намын дарга айлгаж байгаад  орос дэлгүүрийн амгалан тайван байдлыг алдагуулахгүй болгож болоод байсан боловч  хэдэн нас хүрснээ мартаж, үхэл хүртэл тоохоо больсон тэр чавганыг дийлэх хүн суманд гараагүй юмдаг. Янжмаа чавганц орос цэргүүдийг хүртэл цөхрөөгөөд дэлгүүрт ордог ганц монгол болчих нь тэр. Арга аа бараад хий буудаж хүртэл үзсэн гэдэг, гэтэл дүлий золиг чинь толгой дээгүүрээ сум шунгинахыг ер мэдээгүй гэж байгаа. Тэр чавганц орос дэлгүүрчин болоод зогссонгүй орос хэл сураад эхэлсэн гэнэ. Сурснаа ч бусдад харамгүй зааж эхэлжээ.

Янжмаа чавганцын орос монгол толиос:

нет нет- үзвэл үнс болно

Вон отсюда- харвал хальс болно

Тот самый пиздюк- сайн уу эмээ

Сука- урт наслаарай

На хуй-дээшээ суу

Еби твою мать-баяртай, Ажаа

Энэ толь бичгийн үнэн магадтайг сумандаа ганцхан орос хэлний багш хэлж өгөхөөс булзаад байв.   Нарийндаа  бол намын дарга үзэл сурталч хүний хувь ийм явдал болж магадгүйг урьдчилан мэдээд хөөрхий багшид хатуу анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, Монгол зөвлөлтийн найрамдалд сэв суулгах ямар нэг орчуулга хийсэн байвал дээлээ толгой дээгүүрээ нөмрөнө гэж мэдээрэй.

 Түүнтэй яриа дэлгэнгээ

-Янжмаа гуай настай хүн гэхэд орос сурчихлаа шүү

-Өнөөдөр чинь мөн сайхан нартай өдөр өө

-Нар яахав ээ? Нет нет гэж яг тэгж байгаа юм уу

-Би цагаа мартчихаж

-Цаг асуугаа юу чамаас. Намайг орос цэрэг намайг “дурак” гэсэн нь “мал тарган уу” гэсэн үг мөн үү, хэлээд нэг санаа амраагаад аль..

-Одоохон, гэрээрээ орж цагаа аваад ирье гээд гүйгээд явчих жишээний

Дараа  тааралдахдаа өмнөхөө мартсан царайлна.

-Эртүүд чи яалаа

-Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч арвич хямгач...

-Чамаас намын лоозон асуугаа юу? Ганц орос үг хэлээд өгөөч

-Тантай захирал таараагүй биз. Ингэхэд би цагаа...

-Өнөөдөр арай өөр юмаа, ядаж писдюкээ мартаач. Писдюк гэж юу вэ аан

-Одоохон гэрээсээ аваад ирье

-Тэгвэл дагаж очоод чиний писдюкийг харна..

-Авраарай... гээд гүйчихнэ.

Хөөрхий сүүлдээ их муугаар дууссан даа. Аймгийн боловсролын хэлтсийн шалгагч ирээд

Хабаровск хотноо Зөвлөлтийн удирдагч Леонид Брежнэвийн  хэлсэн үгийг юу гэж бодож байна вэ гэж асуухад

Мао даргын улаан ном нэг тэрбум хувь хэвлэгджээ гэж хариулаад  хэрэгт орчихсон билээ.

Ингээд сумын хэмжээгээр орос хэлтэй ганц хүн нь Янжмаа чавганц болсон хэрэг. Харин  манай сумынхан тэр чавганцаас цөмөөрөө сэжиглэн дөлдөг, түүнийг хар хэлтэй, хорхой нүдтэй гэж сэм ярьдаг байлаа.

Хар хэлтэй хүнээр магтуулсан муулуулсан ер нь хэлүүлсэн юмс үхэх, эвдрэх, гээгдэх зэргээр нохойн замаараа ордог гэдэг. Бас хорхой нүдтэй хүний харсан юм хальс болох болох байтугаа, хальс ч үгүй болчих номтой тухай ярьж, сум даяараа Янжмаа чавганцаас айдаг дөлдөг, өнгөтэй өөдтэйгээ нуудаг байлаа.

“Өчигдөр тараг бүрж байтал гайтай чавганц орж ирээд харчихсан, сагаад юу ч биш болчихлоо”, “дээл эсгэж байтал Янжмаа чавганц таараад эсгүүр оёдол зөрөөд мануухай хийхээс өөр замгүй юм болчих юм”, “Хар хэлтэй хүн хэцүү,  нохой Ёндонгийн ганц хүүг цэрэгт мордоход нь цаад гай чинь таараад “сайн яваарай” гэчихсэн байж. Хөөрхий халагдахын даваан дээр шинэ цэрэг зодоод шоронгийн хаалга татаагүй юу” гэх маягийн яриа бол тасранаа нэг байхгүй.

Гэтэл гай чинь орос хэл сураад зогссонгүй орос дэлгүүрээс молоонк аваад байдаг болчлоо. Зарим нь  задарчихсан, дундуур энэ тэр байх болов ч молоонк бол молоонк шүү дээ. Хүүхдүүд чавганцын хорхой нүд, хар хэлнээс айж байсан боловч ходоодонд нь байсан өөр нэг хорхой тэднийг амархаан дийлжээ. Ингээд дотуур байрны хүүхдүүд хогийн толгойн ард байх Янжмаа чавганцын гэр рүү сэм цувах болжээ. Зальтай золигнууд шүү, багшийнхаа өөдөөс ширтэж байгаад “Зөвлөлтийн пионерүүдийн үлгэр жишээгээр “Төмөр ба түүний команд” байгуулж, өндөр настанд тусалж сайн үйлс бүтээж байгаа юм” гэж нүдээ чавчихгүй бүлтэрсэн байгаа юм даа.

 Багш нь болохоор сайн үйлсийг,  ялангуяа зөвлөлтийн пионерийн жишээгээр бүтээж байгаа хүүхдүүдийг яаж ч болдоггүй. Золигнууд нэг юм сэдээд байгааг гадарлан, хааяа нэг дуран тавихад гэрийн гадаахыг цэвэрлэх, аргал оруулах зэргээр пионерч ёсоор ахмадуудад туслах багачуудын хэв шинжит дүр харагдана. Үнэн хэрэгтээ бол тэнд “хоёр хувин ус зөөхөд хагас молоонк” “араг түлээ дөхүүлээд өгвөл бүтэн молоонк болно” гэхчлэнгийн баартер хийгдэж байжээ.   Гэтэл нэг өдөр хүүхдүүд сорж байгаа молоонкоо дуусахын алдад  өнгө нь нэг л биш байгааг хэн нь ч юм бэ анзаараатахжээ.

Тэр молоонк хар бор өнгэтэй байв. Мэдэж ядах юмгүй, Янжмаа чавганц хорхой нүдээрээ ширтээд, хар хэлээрээ долоочихож. Пүй пай...уугь уугь...хормойлсон аргал, зөөсөн түлээгээ тэр чигтээ хотонд нь цацаж хаяаад зугтлаа. Гурвын гурван  бүтэн лааз молоонк ч хээр хаягдав...

Гэтэл хожмоо зөвлөлтөд сургуульд явах хувь тохиосон мухар хуруу Тэрбиш “Бид Янжмаа чавганцыг дэмий хардсан билээ. Зөвлөлтөд “өтгөрүүлсэн сүүтэй какао” гээд хар молоок зөндөө. Би уугаад яагаа ч үгүй” гэж хуучилсан байдаг.

Харин Янжмаа чавганц өнөө молоонкоороо хэдэн ямаагаа угжаад эхэлж. Хэдэн жилийн дараа чавганц нас барж, ямаа нь сургуулийн гуанзанд шилжив. Ямааны махыг талхан дээр тавин идүүлж байсан нь түүнээс молоонкны чихэр амтагтдаад байснаас болсон хэрэг...