Ойр дотны хүмүүстээ дорнод Монголын талыг очиж нэг үзээч гэж зөндөө ятгасан юм. Тэгэхээр ха­риуд нь
-Тэнд очоод яг юу үзэх гэж? гэхээр олигтой хариулт олддоггүй.
-Яахав тал газар гэж ийм байд­гийг үзэхгүй юу
-Тал газраас юуг нь  харж, алиныг нь сонир­хох вэ?
-Талд юу ч харагдах­гүй. Сонин юм ч байхгүй. Тал харж мэлэрснээс тал дээр нөмрөөстэй  тэнгэ­рийн үүл нь арай сонир­холтой байж магад­гүй.
-Тэгээд л болоо юу?
-Тийм
Ингээд хэлчихээр ма­нийг хэн дагаж ертөнцийн зүүн хязгаарыг зорих вэ дээ. Талдаа мянган ки­лометр, түүн дотроо Мэ­нэнгийн тал дээр цэвэр 300 км чилийсэн урт зам бий. Их хотын түгжрэлд оочерлож яваад дас­чих­сан ихэнх жолооч энд наран дунай болж цөх­рөнгөө бар­даг. Баарны дискон дээрээс чирч гар­гаад дуурийн театр руу түлхээд оруулчихсантай адил.

Их олон газар орноор явж шалиагүй л дээ. Харин тэнэхийн хувьд бараг сэцэн болтлоо тэнэ­сээн. Ээлжит тэнэлт болгоныхоо дараа ямар нэгэн ажлаар дорнын их талд очиж байсан байдаг. Тий­шээ хичнээн ч явав даа.

Сая бас яваад л ирлээ. Түрүү долоо хоногт ирлээ. Монголчуудын удам судар угсаа цөм тал нутгийн нүүдэлчдээс гарвалтай. Биднийг одоо ч хээр талын монголчууд гэлцдэг. Чингэс хаан ба түүний хойч үе бүгд л дэлхийгээр нэг аян дайн хийчихээд хээр талдаа буцаад ирдэг байсан. Хэрлэнгийн Хөдөө арал дээрээ ирж амсхийдэг байсан. Омогтой авиргүй нүүдэлчдийг тэн­гэрийн хаяанд зэргэлээтэх уудам чилгэр нутаг л номхруулж уужруулж өгдөг байсан биз ээ.

Орчин үед Монгол төдийгүй  хотожсон иргэншсэн болгонд  тар­хи­ныхаа ядаргааг тал нутгаар тай­лах онош гараад байна. Тэр эмчил­гээг хийдэг газар дэлхий дээр ганц­хан үлдсэн. Тэр нь Дорнод Мон­голын хялганат тал нутаг. Цагаан зээрээр давалгаалсан онгон зэлүүд бай­галь. Үхтэлээ хамгаалж, үгүйрт­лээ хадгалж бай­мааж авч хоцрон өнөөдөр хүн төрөлхтөнд бэлэглэж буй Дорнын их тал минь юмсан.  Дээгүүр нь машинтай давхих нь байтугай гишгэхэд хиртэм орчлонд ганц хувь үлдсэн гудас билээ.

Энэ нутагт ХХ зуунд бөмбөг дэлбэлж, окоп ухаж, төмөр зам тавьж, дайн болж, тэнгэрийг нь хүртэл хэдэн мянган онгоц сараа­чин хүү татаж орхисон. Залгуулаад энх цагийн бүтээн босголтын да­вал­гаа аянаар  атар онгон газрыг нь  эзэмдэж газар тариалан хөгжүү­лэх гэсэн. Тал нутаг ханхар тулдаа л тэр олон шархыг даван туулж гарсан даа. Одоо яг зүрхэн тушаа  Мэнэнгийн хамгийн тэгш гоё тал дээр нь хятадууд шавчихсан  нэвт бүлэн ханаж, нефть олгойдуулж сууна. Холоос ирж энд амьдрагсад хоттой жишин хэдэн цооногийг сүртэй юм биш гэж тайлбарладаг. “Дачин Тамсаг”-ийнхан газар дээр нь ирээд үз, талыг бүгдийг нь хэрчээд дуусчихсан юм шиг битгий хэтрүүлээд бай гэнэ. Ингэж хэлсээр олны сэтгэл зүйг дасгаж байна. Нээрэн ч тийм юм уу гэж эргэл­зүүлж байна. Дэлхийн хэмжээнд авч үзэх юм бол хүн төрөлхтнөөс байгалийн эсрэг хийж буй хамгийн сүүлчийн яргалал, гэмт үйлдэл энд ид явагдаж байгаа юм. Энд захир­гаа байхгүй, хяналт байхгүй, хүн мал амьдардаггүй, гурван зүг зур­гаан зовхисыг нь харийн нутаг хазаад зуучихсан, үнэн замбараа­гүй дураараа дургиж байна шүү дээ.

Дорнын талд явж байхад Хөх өндөрийн овоо гэдэг газар  мян­ганы газраас бүртийн харагддаг. Энэ бол Тасганы овооны хаана ч хүрэхгүй намхан овгор. Тал нутагт түүнтэй адил  хоёр бүтээн байгуу­лалт хийгдсэн байдаг. Тэр нь Чой­балсан хотын уурын зуухны яндан, нөгөө нь Халх голын дайнд зориу­лан босгосон хөшөөний цамхаг юм. Энэ хоёр гозгорын оройг дэл­хий бөөрөнхий тулдаа л нүүрийг нь харуулдаггүй байх. Тийм л гоё тэгшхэн нутаг шүү дээ. Одоо тэгвэл талаар нэг тараагаад хаячихсан цамхгууд, хэрж томсон замууд, шаварт суусан машинууд, үхсэн зээрийн зэм, өнгөрсөн дайны суваг шуудуу, хаягдсан тариан талбайн шарилж лууль хөглөрнө. Яах учраа олохгүй нутгийн хэдхээн малчин­тай. Тэдний мал сүргийг байсгээд л шүлхий өвчин халдаалаа гээд хоморголон тууж аваачаад устгаж орхидог. Санамсаргүй ч юм шиг санаатай үйлдэл ч юм шиг их сонин.

Энд атрын хэд дэх ч билээ аяны үеэр алс баруун хязгаараас олон айл дайчлан аваачсан байдаг. Тэр шилжилт хөдөлгөөнийг далимдуу­лан хажуугаар нь эсэн бусын нөх­дүүд шургалан ирж хууль хяналтаас алс бүгэн нэг хэсэг элдэв гэмт хэргийн уурхай болж байсан. Тэд­ний үлдэгдэл болов уу. Сая Буйр нууран дээр очиход тэр сайхан уудам нутаг дээр нэг этгээд аллага үйлдэн нэгнийгээ хөнөө­чихөөд сууж байлаа. Сумын хэс­гийн тө­лөөлөгч Наранбаатар уг гэмтэнг гавлаад төвөөс хүн ирэхийг хүлээ­гээд сууж байсан юм. Өнөө­гийн дорнын онгон талын харагдах царай, ааш зан нэг иймэрхүү.

Дулаан цаг ирмэгц ийшээ япон, солонгос жуулчид цувж өгдөг. Тэд тэнгэрийн хаяа, зэрэглээт алсыг цэлхэрсэн нүдээрээ  хэдэн цагаар ч хамаагүй хараад гөлөрчихнө. Тархи толгойгоо цэнэглэж, ядар­гаагаа тайлж байгаа нэг байхад бусад нь энэ эзгүй нутгаар машин хөлслөн дураараа туучин цагаан зээр элдэн, эрэвгэр жирэвгэр, хүн орхоодой зэрэг ховор ургамал түүх наймаалах хууль бус үйлдлүүдийг айх юмгүй өрнүүлцгээнэ. Манай орноос өөр газар гадаадынхан ингэж дураараа авирлаж чаддаг­гүй. Энд ирсэн хүн болгон л өөртөө шинэ тив нээсэн шиг авирлацгаах юм даа.

Дорнод аймаг орох зам дагуу “Чингэсийн хэрмэн зам” гэх нууцлаг асар урт суваг бий. Түүний хажууд эртний Кидан гүрний гэгддэг хотын туурины үлдэгдэл алсаас овоо­лоостой аргал мэт бараатна. Дун­дад зууны буддын сүм хийдээс эрс ялгаатай лонх хэлбэрийн их ээ өндөр байгууламж тал дээр лав­тайяа мянга хол илүү жил торойж байгаа юм. Түүнийг эсэргүүний хэлмэгдүүлэлтийн жилүүдэд ч, олон жилийн салхи шуурга ч ну­рааж чадаагүй. Харин сая очих нь оо 48-88 ДО дугаартай жип бүхий нөхдүүд буулгаж байх юм.

-Та нар түүх соёлын ховор дурсгалт байгууламжийг яаж бай­гаа нь энэ вэ гэхэд
-Хятадууд ирж аваад байдаг. Тэдэнд аваачиж өгөх гэж байна гээд туурь өөд авиран  тоос­гонуу­дыг нэг нэгээр сугалан шидэлж байв. Дорнод нутгийн эзэнгүй бас нэг дүр төрх.
Аялж жуулчлахад хамгийн аятайхан газрын тоонд СNN-ийхэн  манай Монголын Хөвсгөл, Тэрхийн цагаан нуурыг багтаасан гэнэ. Тэнд ч сайхан л даа. Уг нь Дорнын тал түүн дээр орших Буйр нуурыг хамгаалалтдаа аваад нэмээд жаахан тохижуулчих юм бол дэл­хийд өрсөлдөгчгүй гайхамшигт аяллын бүс нутаг болох боломж­той.

Газар нутаг бас ингэж хамаагүй хязгааргүй үргэлжилдэг гэж үү?. Болоогүй юу? гэж анх очсон хүн болгон гайхдаг. Гайхахаар, дээр нь гайхамшигтай орчин л жинхэнэ аялал байдаг. Мэдээж аюулгүй, тааламжтай нөхцөл хангагдсан байх ёстой. Талыг туулах зам тувт л ямар нэгэн алсын өөд өгсөөд л байх шиг. Буцаад давхихад бас л өгсөөд буй мэт. Тэгснээ аль зүгт яваа зүг чиг алдарна. Халиурсан их өвсөн дунд замгүй бол  бүх багцаа баримжаа дуусаа гэсэн үг. За байз тэр уулыг тойрсон билүү гэх тэмдэггүй орчинд хүнийг бал­магдуулна. Тохой өндөр өвсний ёроолоор зулсан зам арван алхмын цаанаас яаж харагдах вэ. Энэ зам тэр гүдгэр дээгүүр дав­чихаж гэх хараачлал байхгүй бол­чих­лоор ертөнц дээр цор ганцаа­раа хоцорсон мэт сэтгэгдэл төрдөг.

Хамт яваа хүмүүстээ “Та нарт Буйр нуурыг харуулна аа” гэж ёстой залхааж орхисон юм. Тал нутагт  жижиг сажиг нуур тогтоол хуртай жил бол элбэг. “Энэ нөгөө нуур чинь мөн үү” л гэнэ. Тэгж тэгж их талын хаяанд хэсэгхэн элсэн ман­хан гараад ирнэ. Тэр нь зам зас­варын овоолсон шороо шиг өчүү­хэн намхан. Элс юм болохоороо машин тэрэг суулган барин сүл­жээд тойрмогц өөдөөс мэлтийсэн том далай палхийтэл гараад ирнэ. Хүн эхлээд савж унатлаа цочин арагш өөрийн мэдэлгүй ухрах ба төд удалгүй бүх биеэр сэрүү татан тааламжтай сайхан чийг амьсгалан биес тавирна. Байгалийн энэ со­нин тогтолцоо концерт эхлэх гээд хө­шиг нээгдэж, гэрэл асаах лугаа санагдуулна. Тэнгэр хажуулдаж, сарыг  сульдаадаг болов уу гэмээр энэ уудамд энүүхэн зам ч, тэртээх нуур ч дөрөө шүргэх өвсний цаана нуугдана. Буйр нуур уул биш бо­лохоор яахин овойж алсаас хараг­дах билээ. Наян километр урт, хорин километр өргөн агуу их усны цаад эргийг хэн ч олж харж чадах­гүй. Тийм учраас хөл дороос эхэл­сэн тэнгэрийн хаяа усаар эхэлж тийшээ, дээшээ, арагшаа хаашаа л бол хаашаа хязгааргүй цэлийл­гэнэ. Нуурын тунгалаг бүлээн ус руу хөлөө дүрэхэд дор нь торгон элс шаргалтан байна. Ус ердөө төө хүрэхгүй гүнзгий. Талын нуур ийм онцлогтой. Нуурын гүн тийш бараа тасартал алхаж болно. Цаашлах тусам сэм сэмхэнээр гүнзийрээд л байна.

Буриадын нутаг дахь Байгал нуур түүний бага хувилбар Хөвсгөл манайд оршдог. Түүн лугаа Баргын тал дахь Далай нуурын дүү Буйр нь Халхын нутагт, Халх голын адагт тунарна. Буйр нууран дээр “Буйр” гэсэн амралтын газар байгуу­лагдаж дотоод гадаадынхан зорь­дог болж. Амралтын газрын дарга Батжил гэх эр энэ нутгийн хүн юм байна. Нуураас зургаан кило­метрийн өмнүүр “Мянганы зам” тавигдах зураг гарсан. Тэр цагт энэ нууранд ирэгсэд олшрох байх. Одоо ч хөл тасрахгүй байна. Энд гадаадынхан төдийгүй дотоодын­хон үзэх юм их бий. Монголын өөр нутагт байдаггүй загасны аж ахуй, үйлдвэр, усан хилийн харуул гэж ямар байдаг, за тэгээд Халх голын дайнтай холбоотой хөшөө дурс­галууд, музей, түүхэн газар нутгийг биеэр очиж үзнэ. Монголын гурав дахь том шүтээн Мэгжид Жанрай­сиг бурханд ирж мөргөл үйлдэн хойчийн буянаа даатгах завшаан гарна. Хамгийн гол нь энэ нуурын ус, нуурнаас холгүйхэн орших шаварт хүмүүс сууж биеэ сувилуу­лаад буцдаг гэсэн юм. Жилээтэй энэ сэдвээр тухтай ярих гэсэн чинь эхний өдөр Н.Алтанхуяг сайд, Б.Ариунсан дэд сайд, П.Алтангэрэл гишүүн энэ тэр ирж шаварт биеэ сувилуулж завдуулсангүй. Мар­гааш нь нөхдүүдийг явуулчихаад амсхийж байтал нөгөө гайтай хүн амины хэрэг гараад ажил явдал болж юун ярилцах манатай.

Халхын голд тариа ногоо тарьж, дээр нь ган гачиг болсноос талын нуур аажмаар ширгэж байна. Нуу­рын хойд эрэг нь Хятадын нутаг. Эрэг нь хоцорч нуур нь наашаа ирж явна. Эрэг дээр хятадууд загасны үйлдвэртэйгээ хоцрох юмуу эсвэл нуураа дагаад наашаа нутгаа тэлэх үү гэдэг асуултын тэмдэг тэнд үүсч байна. Ийм тохиолдлыг чухам яаж шийддэг юм бол. Хөвсгөл нуур Эг, Сэлэнгээр  дамжин Байгал нуурыг дүүргэдэг шиг Буйрт бас өөрийн гэсэн үүрэг бий. Тэр нь өөрөөсөө хэд дахин том Далай нуурыг тэтгэж байдаг. Орос, Хятад хоёр том хөршийнхөө хоёр том нуурыг Монголын “Хөвсгөл Увс Буйрын гүн цэнхэр нуурууд…” ийн амьдруулдаг бөлгөө.

Эзэн Чингэсийн ээж хатдын өлгий эртний Хонгиради аймаг, одоо­гийн Дорнод аймаг, Чойбал­сангийн  Буйр нуур  элдэв домгийг дотроо залгин үл цалгин дүнсийнэ. Нуурын ус цагираг үүсгэн дотогшоо огшиж буйраа харьд үлдээнэ. Халхын гол эргэж Монгол руугаа урсан сайраа бас харьд үлдээнэ. Мэнэнгийн талд мэлтийсэн их ус хаашаа ч явалгүй нутгаа сахина. Монголоо манана. Монголчууд нь харин нуураа загастай нь, талаа газрын тостой нь тариагаа талбай­тай нь гадаадынханд өгцгөөнө.

Тэглээ ч гэсэн эх орондоо хайр­тай Буйр нуур очсон болгоныг хайраараа бүүвэйлэн тэнхрүүлж өгөөд буцах цаг дор гунигтайяа алс тэр­тээд бүртийн хоцорно.