Оршил. Ялалт дагуулсан гомдол

Манай монгол хэлнээ ямар ч харь гаралгүй, цэвэр цусны нэгэн хэллэг байдаг нь “Уг номоороо бол болохгүй, гэхдээ яахав” болой. Ямар нэгэн юмыг хууль номын дагуу хийхгүй гэсэн санаа. Их төлөв хүнд зөв санасан хэрэгтэй үед тусламжийн гараа сунгасан сайн хүний амнаас их төлөв гарна. Яг түүн шиг ардчилсан сонгууль нь “уг номоороо”засаг барих хөтөлбөрийн сонгон шалгаруулалт бөгөөд олон түмэн өөрийн амьдралын маргаашийн программыг сонгох процесс.

Харин манай сонгууль “гэхдээ яахав”утгаараа аанай л өөр. Сонгууль нь дуртай улс төрийн хүчнээ дэмжих сонголт бус, харин дургүй намаасаа өшөөгөө авах, тэдний “дайсан”-д эрх мэдлийг өгч бах таваа хангах процесс болоод байгаа юм. Нэгэнт л ийм байгаа юмыг сайхан муухайг нь дуудлаа гээд яах ч билээ. Ерөөсөө ч бидний өнгөрсөн түүхийн олон эргэлтүүдээс “ялалтаас илүү өшөө авалт”-ын зарчим харагддаг.

2016 оны сонгууль ч яг ийм утгаар явагдаж, засаг барьж зэвүү хүргэсэн АН-аас өшөөгөө авах процесс болон өрнөв. Бараг бүх аймгуудыг автозамаар нийслэлтэй холбосон амжилт ба Улаанбаатарын дарга Бат-Үүлийн үлгэр жишээгээр түрээ бариад ч амжилт олсонгүй. Түүгээр ч үл барам Бат-Үүлийн баг нь өөрөө хотод ялагдав. Сонгууль бол үндэсний өшөө авалт ажгуу.

Хачирхалтай нь, хөдөөний сонгогчид МАН-д санал өгсөндөө сэтгэл ханамжтай байсан ба харин “Улаанбаатарт Бат-Үүл яагаад ялагдчихаа вэ” гэж гайхах нь их байлаа. Сүүлдээ намайг ч буруутгаад байх шиг санагдахаар нь “Та нарт ямар хамаатай юм бэ” хэмээн уцаарлахад “Бидэн ч хамаагүй л дээ. Гэхдээ л Улаанбаатар гоё болж байсан шүү дээ” гэх юм билээ.

Нэг. Өөрийнхөндөө ялагдсан АН-ын Улс төрийн товчоо

Манайд ажиглагдсан жишээгээр бол ялагдах нам эхлээд өөрийн гишүүддээ ялагддаг бололтой.

Өнөөх хуучин цагийн хүрээ онигоонд “Манай хороон дарга ёстой цусуутай хүн баа. За тэр Дулмаа ч дулмаа” гэдэг шиг “АН ч ан л” байсан. Ардчилсан нам 2004 онд луйвардуулсныг тооцвол арваад жил сонгуульд амжилт гаргаж, сүүлийн гурван (парламентын нэг, ерөнхийлөгчийн хоёр)сонгуульд дараалан гялалзсан ялалт байгуулсан. Үүндээ эрдэж, “үүрд эрх барих аятай” төөрөлдчихсөн байв. Ийм учраас сонгуулийг сөрөг намаа ялах утгаар бус нам доторхи сөрөг бүлгээ дарах процесс болгохыг удирдагчид нь хэтэрхий чармайсан.

Намын удирдлага нь сүүлдээ хуучин “МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчоо”-г санагдуулам команд болон хувирсан гэж гишүүд нь шүүмжилдэг. Мөнөөх “улс төрийн товчоо”-гоо хамгаалахын тулд намын их хурал хийхээ больсон ба ҮЗХ-д ротаци явуулан шинэчлэхээ зогсоогоод удсан аж. Энэ байдлаа хадгалахын тулд намын анхан шатны байгууллагаа “овгийн байгуулал” маягтай болгон төрөл садан, худ ургаараа бүрэлдүүлээд, намаа өргөжүүлэх ажилд туйлын болгоомжтой хандах болсон нь нэрмээс болов. Өнгөрсөн сонгуулийн үеэр парламентад нэр дэвшсэн Засгийн газрын гишүүн хүн өөрийн дэмжигчдээс АН-д элсүүлэх гэтэл “Батлах байхгүй” гэсэн шалтаг заан цааргалсаар өнгөрөөж байсан нь “овгийн байгуулал”-аа хамгаалж байгаагийн жишээ бололтой.

Үүнд гонсойсон намын олон мянган гишүүд “Улс төрийн товчоо”-ноосоо салахын тулд тэднийгээ газарт буулгахыг чухалчилсан нь МАН-ын ялалтад бас дэм болжээ гэж хармаар байна. Үнэхээр ч “ардчилалгүйн манлай” гэгдэх МАН нэр дэвшигчдээ бага хурлын хэдэн зуун гишүүдээрээ хоёр өдөр хэлэлцэн, хүн тус бүрээр ярилцан баталж байхад “ардчиллын магнай” болсон АН дарга нарынхаа “санал болгосон” нэрсийн багцыг хэдхэн минутанд бөөндөн ёсчилсон зэрэг нь ч юм бодогдуулсан байх.

Намынхаа ардчилалгүй байдалд дургүйцсэн гишүүд, гадуурхагдсан зүтгэлтнүүдийн хүчин зүйл нь сонгуулийн дүнд нөлөөлсөн.Үнэхээр ч нам дотоодын тэмцэл нь нам хоорондын тэмцлээс хатуу харгис, өршөөлгүй байдгийн жишээ нь Н.Энхбаяр дээрээс харагддаг. Ингэхээр намын удирдлагадаа зуугдахын аюул нь сөрөг намд зуугдахаас аюултай гэсэн үг. Бас АН-ын өнгөрсөн ялалтууд нь өөрийн сайных гэхээсээ илүү МАН-ын гишүүд, зүтгэлтнүүдээс өөрийн лидер Н.Энхбаяртайгаа хийсэн тулалдааны үр дүн байсныг сануулах юун.

Хоёр. Монголын “Хувьцаат” намууд

Өнгөрсөн сонгуулийн үр дүн бол МАН-ын төсөөлж байснаас ч хэтийдсэн амжилт болсон юм. Сонгогчид тэдний төсөөлснөөс ч илүүтэйгээр АН-д гомдсон байж таарав. МАН ийм ялалтад бэлэн байсангүй.

Одоо гудамжинд гараад асуухад МАН-ын мөрийн хөтөлбөрт юу байсныг асуухад цээжээрээ хэлэх сонгогч олохгүй. Учир нь өрсөлдөөн сайн муу хөтөлбөрийн хооронд өрнөөгүй. МАН ч ёсыг бодож “нэгэнт л ийм юм хэрэг болдгоос хойш яая гэхэв” хэмээн мөрийн хөтөлбөр гаргасан байлаа. Эдийн засгийн өнөөгийн хямралыг хамтран бүтээгчийн хувьд бодит байдлыг төсөөлж байсан нь гарцаагүй ч түүнийг шийдэх талаар бодсон юм байсангүй. Их л сайндаа засаг байгуулах, голлох яамыг авах, үгүйдээ л 2012-2019 онуудад “нэрэн дээрээ сөрөг нэдэр дээрээ эрх баригч” байсан МАХН ба Энхбаярын орон зайг эзлэхээр л төсөөлж байсан болов уу.

Сонгуулийн ялалтыг дарга болох, чухал “мээст”-үүд дээр өөрийн хүнээ тавих лиценз хэмээн харж байснаас биш ийм хүнд үед улс орны хувь заяаг ганцаараа авч явах үүрэг, түүнийхээ төлөө ганцаараа хүлээх хариуцлага болно гэж төсөөлсөнгүй болтой.

Иймээс МАН-д өнөөдөр улс орноо удирдах ямар ч тодорхой хөтөлбөр байхгүйн дээр татвар нэмэх, хасах, гэхчлэнгийн сонгогчдын байтугаа өөрсдийнх нь толгойд байгаагүй юмсыг сэдэн гайхшруулж байгаа хэрэг.

Улс төрийн намуудын бас нэг сул тал нь өөрсдийн санхүүжүүлэгч, дэмжигчид ба тэдний ачийг хариулах үүрэг болоод байна. Тэдэнгүйгээр нам оршин тогтнох аргагүй, тэдэнтэйгээр ч оршин тогтноход цаашдаа хэцүү, нэг ийм байдалтай.

Сонгуулийн үед мөнгөөр тэтгэж, биеэр зүтгэж, үзэл суртлаар дэмжиж санал цуглуулсан хүмүүст албан тушаал хуваарилах, эрх ямбаар тэтгэх, намын төлөө үрсэн хөрөнгө зөөрөө нөхөх өсгөх (Хотын МА намын хороотой холбогдсон 60 тэрбумын дуулиан гм гм) боломж олгох хэцүүхэн үүрэг намд ногддог.

Энэ байдал нь сонгуульд оролцож буй улс төрийн намын жинхэнэ агуулгыг өөрчилж төсөв захиран зарцуулах тендерт өрсөлдөж буй хувьцаат компани маягтай болгож байгаа юм. Ингэхээр сайн нам байхын тулд арвин их ногдол ашиг хуваарилах чадамжтай байгууштай болоод ирнэ. Мөнөөх алдарт Сундуй даргын “60 тэрбум босгох ба хуучин бүх албан хаагчдыг халж өөрийн хүнийг тавих” тухай домогт яриа нь ийм тогтолцоон дотор бодитой зүйл юм. Төсөв зарцуулах лицензийн төлөөх тендерт оролцохын тулд томоохон хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө оруулалт шаардах, эргээд тэр хэрээр нь ногдол ашиг хуваарилах тухай л асуудал харагдаж байгаа биз дээ.

(Уул нь болдог бол засгийн эрхийг: инфляцийг энэ хэмжээнд барина, энэ хэмжээний төсвөөр ийм бүтээн байгуулалт хийнэ, ДНБ-г төд болгоно,та нарын ашиг 15-20 хувьд эргэлдэнэ гэхчлэнгийн тодорхой болзолтойгээр “хувьцаат нам”-уудад тендерээр өгөөд явбал их эрүүл юм ш дээ. Даан ч галзуу сонсогдож байгаа биз.)

Гурав. Ялсан намын салаа зовлон

МАН-ын өмнө одоо хоёрдмол асуудал тулгарч байгаа. Нэг талаасаа сонгуулиар улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүнд үед эдийн засгаа аврах алхмууд хийх явдал байна. Нөгөө талд нь аливаа ХК-ний зүгээс хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээдэг үүргийн тусгал болсон намын санхүүжүүлэгч, онцгойлон дэмжигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх явдал байна.

Улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол нам дараагийн сонгуульд ялахгүй. Санхүүжүүлэгчид дэмжигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол мөн л адил үр дагавартай.

Ингээд тэд хэдэн алхам хэрэгжүүлэх гэж байх шиг байна. Энэ нь эзэн Чингис хааны эрх ямба бэлэглэх ёсноос үүдэлтэй албан тушаалын бялуу хуваах асуудал. (Дашрамд дурьдахад, Чингисийн үеийн байгуулсан гавъяаных нь төлөө “есөн удаагийн гэмт хэрэгт нь ял хэлцэхгүй өршөөх” урамшуулал одоо ч “Өршөөлийн хууль” хэлбэрээр үргэлжилж байгаа)

Ялангуяа татварын маш сайн тогтолцоогоо өөрчлөх, хувь хэмжээг нь нэмэхээр завдаж байгаа нь нийгэмд томоохон хардлага төрүүлж байгаа юм.

Ер нь бол татвар нэмэхийн оронд татвар хураах талбайг томсгох, татвар төлөгчдийн чадамжийг нэмэх нь илүү үр дүнтэй гэдгийг тэд мэдэхгүй биш, мэдэхийн цаагуур мэднэ.

Татвар нэмснээрээ зохих гавъяа байгуулсны учир албан тушаалд томилогдсон “хувьцаа эзэмшигч” нарынхаа захиран зарцуулах хөрөнгийг яаралтай босгож урамшуулах, тайтгаруулах арга хэмжээ авч байна хэмээн хардмаар байгаа юм.

Ялангуяа нийслэлийн шинэ удирдлагын зүгээс хийж байгаа алхмууд гайхаш төрөм.

Хотруу хөдөөнөөс чиглэсэн авто машины урсгал нэмэгдэх үеийг тохиолдуулан авч байгаа тээврийн хэрэгслэлийн хяналтын томоохон үзлэг эхлүүлсэн, мөн баар рестораны ажиллах цагийн хуваарийг багасгахаар зарласан зэрэг олны сонирхол татсан алхмуудыг ажиглацгаая.

Энэ алхам хоёр талтай юм. Уул нь Бат-Үүл хотын дарга байхдаа хичээлийн шинэ жилийн эхээр болон цагаан сарын босгон дээрхи амралтын өдрүүдэд дугаарын “тэгш,сондгой” хязгаарлалт зарлаж ирсэн. Энэ нь хөдөөнөөс ирж түвэг удагсдын талыг нь нэг өдөр хазаарлаж хашраах зорилготой байгаагүй. Харин ч хотын машины талыг нэг өдөр зогсоож, хөдөөнийхэн ажлаа бүтээхэд чиглэсэн алхам байв. Учир нь энэ өдрүүдэд хот дахь худалдан авалт, үйлчилгээний хүрээ огцом нэмэгдэж Улаанбаатарчуудын эдийн засгийн эргэлтийг тэтгэдэг тул дэм өгч байгаа хэрэг. Үнэхээр л “Найрсаг Улаанбаатар” болж эхэлж байсан юм шүү.

Харин энэ удаа тэдэнд автотехникийн томоохон гэнэтийн шалгалтаар бэлэг барьж байна. Утаа хаядаг машин, бүрэн бус үзэмж муутай тэрэг, аптекгүй жолооч (Чааваас, далимд нь хотод эмчид үзүүлж эм авах санаатай яваа амьтан), ослын дохиогүй этгээд хөдөөнийх л байгаа. Эцсийн дүндээ хотод шалгуулж, торгуулж хаширсан хөдөөнийхэн эгүүрд Улаанбаатарыг зүглэхээ болих ба үр дүнд нь хотын түгжрэл багасах нигууртай болтой.

Баар рестороны цагийг хуваарийг уртасгасан нь мөн л Бат-Үүлийн алхам. Хүмүүс чөлөөт цагаараа, үдэш орой л баар ресторонд суудаг. Тэрнээс биш өглөө 9 цагт бааранд орчихоод орой 6 цагт харьдаг хүн байж гэмээнэ өвчтэй, эсвэл тусгай үүрэг гүйцэтгэж яваа этгээд л байж таарна. Энийг МАН ч мэднэ, мань ч мэднэ. Согтуугаар үйлдсэн хэргүүд гэр орон, харанхуй гудамжинд голлон гардаг, шөнө юм уухаар шийдсэн хүний хүслэн ямар ч цагийн хуваарьт үл захирагдана, баар ресторон хаасан бол мухар гудамжнаас найрка олж ууж байж ханана гэдгийг бас л МАН ч, мань ч мэднэ. Иймээс юуг ч мэдэхгүйгээсээ болж буруу хийгээгүй.

(Нууцгүй хэлэхэд хотын удирдлага өөрсдийгээ “өөр нэртэй Бат-Үүл”, “Бат-Үүлээс ч илүү батүүл” болгон харагдуулж байж олны сэтгэлийг татна шүү. Тэрнээс биш түүнээс өөр хүн, илүү мундаг дарга болох гэсэн явцгүй алхмууд чинь “өмнө нь Бат-Үүл байсныг өглөө бүр сануулах” болно. Хотын иргэд МАН-д хайртайдаа санал өгөөгүй, уурандаа өгсөн, түүнчлэн ялагдсан дарга нь хотынхны сэтгэлд “бурхан дарга” болон үлдснийг зөвшөөрөх ёстой)

Ялангуяа хотын удирдлагын ийм үйлдлүүд нь үед олон түмэнд хууль хэний гарт байгааг мэдрүүлэх нь зорилготой юм шиг санагдаж байна.

Ер нь бол төр засгийн зангарагийг харуулах, төрийг төлөөлдөг намын гишүүдийнхээ эрх мэдлийг тэтгэхийн тулд шалгах хянах явдлыг дээд хэмжээнд хүргэх бололтой. Тамхи татах, архи уух, биеэ үнэлэхтэй хийх тэмцэл өдөр тутмын үйлс болох царайтай.

Шинээр маш олон хориг нэмнэ. Шөнийн цагаар гадуур тэнэх, хүүхдүүд интернэтэд орох, гудамжинд нулимахтай дайн зарлана. Цаашлаад ард иргэдээ халамжлахын тулд өвөл малгайгүй явахыг хориглох ба байгууллагын ариун цэврийн комиссоос үс хумс шалгаж ч магад. Айлуудыг унтаж байхад орж шалгах ба үүнийгээ гэмт хэргээс сэргийлэх хууль дүрмийг хэрэгжүүлэхтэй холбон тайлбарлаж мэднэ.

Эцсийн дүндээ иргэд юун эдийн засаг масаг сайжрах вэ, хэрэгт орчихолгүй бор хоног өнгөрөөж байгаагаа их юм гэж боддог болгохыг санаархсан юм уу гэмээр. Ийм туршлагаар тэд дутахгүй л дээ.

Үүнээс өөрөөр төр барьж байгаагаа харуулах, юм хийж байгаагаа нотлох зам тэдэнд харагдахгүй байгаа нь дээрх хардлагыг улам нэмэгдүүлж байна.

Гэвч эцсийн дүндээ төрийн албаны нэр хүнд унаж, тэднийг авилга гэмт хэргийн зам руу хөтөлнө, хүмүүс өөрийг нь хэрэгт холбогдуулсан засгийг өөрийг нь сольж цагаадахыг эрмэлзэнэ, дараагийн сонгуулиар сөрөг үр дүн гарна.

Төгсгөл. Төгсгөлийн боломж


МАН-ыг сонгуульд ялсан атлаа улс орноо хямралаас гаргах мөрийн хөтөлбөргүй байгаад буруутгах аргагүй. Учир нь манайд “мөрийн хөтөлбөр” гэдэг бол сонгуульд ороход л хэрэг болдог, яг л үзлэгт орох үеэр л хэрэг нь гардаг автомашины аптек энэ тэр шиг зүйл.

Харин “Улс орны өнөөгийн байдал”-ыг хамтран бүтээгчийн хувьд хүлээх үүрэг хариуцлага МАН-д бий. Тэр үүргээ ухамсарлаж, эдийн засгийн орчноо эрүүлжүүлэх, байдгаа хувааж идээд дуусдаг халамжийн тогтолцооноос салах, нүүдэлчний зангаар бүхнийг өөрөө хийгээд өөрөө хэрэглэдэг араншингаас хагацах олон алхмыг хийвэл гайхалтай үр дүнд хүрмээр байна.

МАН-д үндэстнийхээ нийгэм, эдийн засгийг эрүүлжүүлсэн, улмаан аварсан гавъяанд эзэн суух гурван зурвас боломж байна.

Юуны өмнө зарчмын ийм шинэчлэлийг хямралын нэрийг өмнөө барин хийх боломжтой өчүүхэн зурвас үе гарсан байна. Хямарч байгааг нийтээрээ ухаарсан, шинэчлэлийн ая даахаар байгаа зурвас. Үүнээсээ цааш бол алдах юмаар улам багасч, нийтээрээ шийдэмгий хувьсгалч болж мэднэ.

Хоёрдугаарт, олон түмэн АН-ыг чадсандаа бах нь ханасан байдлаасаа гарч амжаагүй зурвас үе байна. Ийм үедээ сонгогчид зоримог шинэчлэлийн ая даах сэтгэлийн хаттай байж таарна.

Гуравдугаарт, АН дотоод зөрчлөө шийдэж амжаагүй, сөрөг хүчнүүд эвлэлдэн нэг фронт болж чадаагүй бяцхан чөлөө байна. Энэ нь зоримог шинэтгэлийг хэн ч тасалдуулах боломжгүй зурвас үе юм.

Хэрвээ зарчмын шинжтэй зоримог шинэчлэл хийх гэж байгаа бол ганц улирал, үсрээд л хагас жил байна. Цагаан сарын дараа боломжууд нөгөө талдаа гарчихсан, сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шаардлага ч гудамжнаас цуурайтаж байж мэднэ. Уурссан олон түмэн, мэргэжлийн хувьсгалчид хамтдаа гудамжинд байгаа шүү дээ. Санасандаа хүрэхийг хэн байг гэхэв.