Ё.ОТГОНБАЯР: МАНАЙ АЙЛЫН ХӨӨРХӨН НАВЧАА (МАХН)
“Ярилцъя” булан БСШУ-яамны сайд Ё.Отгонбаяртай та бүхнийг уулзуулж байна.
“Ярилцъя” булан БСШУ-яамны сайд Ё.Отгонбаяртай та бүхнийг уулзуулж байна. Энэ удаа салбарынх нь тухай сэдвүүдээс түр холдуулж, улс төр болон бусад сэдвээр ярилцсан болохоор эрхэм уншигч танд таалагдах байх хэмээн найдаж байна.
-Сайдтай энэ удаа улс төрийн сэдвээр ярилцъя гэж шийдлээ. Зөвшөөрнө биз дээ?
-Яагаад заавал улс төр гэж. Өөр сэдвүүд амьдралаар дүүрэн бий шүү дээ.
-Та бараг улс төрийн сэдвээр ярьдаггүй болохоор л?
-За, тэгвэл асуугаад бай л даа.
-Зарим гишүүд Хамтарсан ЗГ-ын ажиллах хугацааг дуусгавар болох цаг нь ирсэн гэж үзэж байна. Одоо байр байрандаа очъё”, “Хоёр том төслөө хөдөлгөчихлөө. Хийгээд байх юм ч үлдсэнгүй”, “Парламент сөрөг хүчингүй”, “Хэдхэн л нөхдүүд идэж уугаад болохоо байлаа” гэж шүүмжилдэг. Харин яг Засгийн газар дотор ийм байр суурьтай хүн бий юу?
-Ер нь яах гэж эвссэн билээ гэдгээ эргэж санах хэрэгтэй л дээ. Тодорхой хугацаа өнгөрчихсөн болохоор хүмүүс бас мартаад байх шиг байна. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа эвссэн шалтгаанаа бол хангалттай л тайлбарлаж байсан ш дээ. Энэ том том төслүүдийг хөдөлгөе өө. Хоёрдугаарт, энэ төслүүдээс орж ирэх эдийн засгийн бололцоогоороо хүн амынхаа амьдралыг өөд нь татъя. Сонгогчдод өгчихсөн амлалтуудаа хэрэгжүүлье гэж л ингэж эвссэн. Одоогийн байдлаар харахад “Оюутолгой”-н төсөл бол явчихлаа. Удахгүй ирэх оноос бүтээгдэхүүнээ өгч эхлэх юм байна гэж ойлгогдож байгаа. “Тавантолгой”-н төсөл дөнгөж хөдөлж эхэлж байна. Энэ төсөл дээр гадаад дотоодын асар том сонирхлууд орж ирж байна. Шахалтууд явж байна. Тэгэхээр энэ гадна дотны сонирхлуудыг зөв зохицуулж энэ төслийг хөдөлгөөнд оруулъя гэвэл дотоодынхоо улс төрийг аль болохоор үүнээс ангид байлгах ёстой. Тийм болохоор эвслийн Засгийн газар байж байж, энэ асуудлуудаа ярьж байж, энэ олон гадныхны шахалт дарамт дундаас монголчуудынхаа эрх ашигт нийцсэн зөв шийдлээ бид олж авах ёстой. Амлалт бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хамгийн гол амлалт сая таван зуун мянган төгрөгний амлалт байна. Энэ амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Хоёр сая таван зуу биш бил үү?
-Сая таван зуу.
-Ингээд л та нар хүрэн бөөртэй юм ярьдаг. Эвсээд нэг гэр бариад ажиллаж байгаа байж тэр амлалтын гэх мөнгө тань хоёр сая таван зуу биш юм уу?
-Үгүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж хоёр талаасаа баталсан. Эвслийн гэрээ гэж байгуулсан. Тэгэхээр эвслийн гэрээн дээр тавьсан мөнгөө л ярина шүү дээ. Ер нь тэгээд эдийн засаг гэдэг чинь ёроолгүй сав биш биз дээ. Тийм болохоор ордог орц, гардаг гарц хоёр нь тэнцэх ёстой. Ордог орцыг томруулахын тулд л энэ ажлууд хийгдэж байгаа. Цаашдаа бол орон сууцны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар нэлээн дорвитой алхам хийхээр ярилцаж байна. Тэгээд ирэхээр бэлэн болон бэлэн бусаар авах сая төгрөгөө орон сууцандаа хийгээд явахаар л ярилцаж байна л даа.
-Улс төрийн хүчнүүд эвсэхдээ гэрээ хийдэг л дээ. Гэхдээ тэр нь цуцлагдаж болдог. Улс төр юм чинь тоглоом дүрмээсээ гарч задрах тохиолдол бишгүй. Засгийн газар дотор үнэхээр ямар нэгэн толхилцоон, таагүй гэмээр ширүүн дориун уур амьсгал байхгүй юу?
-Би бол тийм юм байгаа гэж бодохгүй байна. Цөмөөрөө зорилго нэгдсэн улс. Зорилго биелтэл салах тухай одоо яригдахгүй байлгүй гэж бодогдох юм.
-За, тэгвэл Засгийн газар бол эвтэй найртай л аж төрж байгаа юм байна. Парламент дотор харин өөр өнгийн хоолойгоор дуулдаг гишүүд нэлээд олширч байгааг та харж байгаа байх?
-Сонгууль дөхөх тусам ийм үзэгдэл бол нэмэгдэх байх л даа. Яагаад гэвэл улс төрийн хоёр том хүчин нэгдчихсэн тохиолдолд сонгуульд орж ирэхдээ юугаараа ялгагдах юм бэ гэдэг асуулт хүн болгоны толгойг зовоож байгаа. Гэхдээ аливаа улс төрийн хүчин сонгуульд орохдоо гаргасан мөрийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэр нь олон түмний аж амьдралд сайнаар нөлөөлөх гэж л ажилладаг. Тийм учраас би тэр мөрийн хөтөлбөр гэдэг юмыг яриад байгаа учиртай юм л даа. Ерөөсөө тоглоомын дүрэм нь өөрөө үүнд хашигддаг. Хэрвээ одоо аль нэг нь гарч гүйх юм бол олон түмнийхээ амлалтаас няцсан л хэрэг болно.
-Танай Засгийн газрын нэг сайдыг хэл үг багагүй гороолж байгаа. Одоо ахиад л огцруулах санал оруулна гэж ярьцгааж байна. Тэр тусмаа танай намын гишүүдээс нэлээн ширүүн дуугарсан. Яагаад Д.Зоригтыг ингэтэл онцлоод байна вэ. Хувь хүн дээр нь юм уу, зан ааш, харьцааны асуудлаас үүдсэн эвгүйцлүүд явж байгаа юм биш биз дээ. Нэг их том юм яриад сандал ширээтэй ноцолдоод байгаагийн ард иймэрхүү жижиг юм явж байх нь түгээмэл шүү дээ. Эсвэл үнэхээр идэж уугаад, сүйтгээд байдаг нөхөр юм уу?
-Хэрвээ чимээгүй идэж уугаад, сүйтгээд (инээв) яваад байгаа бол хууль хяналтынхаа газар оччихсон байх байлгүй дээ. Очоогүйг бодоход улс төр л байгаа биз. Д.Зоригт гэдэг хүнд нь ч дургүйдээ асуудал үүсээд байгаа юм биш. Ер нь бол ЭБЭХ-ний асуудал эрхэлсэн сайдыг огцруулна гэдэг бол өдий хүртэл хийсэн ажил нь буруу байнаа гэсэн улс төрийн дүгнэлт гарч таарах байх. Би бол “Оюутолгой”-н гэрээг буруу гэрээ хийгдсэн гэж үздэггүй.
-Ё.Отгонбаяр хэрвээ ЭБЭХ-йи сайд байсан бол Д.Зоригтынхтой адилхан “зовлон” эдлэх байсан болов уу, яах байсан бол. Та юу гэж бодож байна ?
-Би илүү их зовлон эдлэх байсан байх. Д.Зоригт бол УИХ-ын гишүүн хүн. Ер нь энэ том төслүүдийг хэрэгжүүлэхэд бас харьцангуй хамгаалалттай хүн байж хэрэгжүүлэх ч байх гэж бодож байсан.
-Тийм их хамгаалалттай хүн юм уу?
-УИХ-ын гишүүн гэдэг чинь хуулиараа хамгаалалттай хүн шүү дээ. Би тэр утгаар нь хэлж байна.
-Өөр утгаар ч нам дотор том хамгаалалттай хүн байх, тийм үү?
-Хэрвээ гэрээ хийсэн сайдуудыг огцруулах гэж байгаа бол Д.Зоригт ч ганцаараа хийчихээгүй. Энэ бол тодорхой асуудал. Ийм замааар улс төр хийж, цаагуур нь тэр гэрээг буруу гэрээ болсон гэсэн ойлгол руу нийгмийг турхирах бодлого явуулж байгаа бол хэт явуургүй л улс төр гэж хэлнэ. Тэр гэрээн дотор засч сайжруулах юм бол байгаа байх. Би мэргэжлийн хүн биш учраас нарийн хэлж мэдэхгүй байна. Гэрээ Монгол улсад үр ашгаа өгөөд л явж байна. Бид нар сая сая доллараар нь аваад л хэрэглээд байгаа шүү дээ. Нэг зүйлийг хэлмээр санагддаг юм. 2004 он УИХ-ын сонгууль явж байх үед манай улсын нийт төсөв гурван зуун хэдэн тэрбум ч билээ дээ байсан. Одоо дөрвөн их наяд гараад явчихсан байж байгаа байх. Долоохон жилийн дотор шүү дээ. Тэгэхээр хэдийгээр тойроод улс төртэй, хэрүүл зодоонтой байгаа ч гэсэн улс орон их эрчимтэй урагшилж байна. Нэг тагш хоол иддэг байсан бол одоо тогоо хоолтой болчихоод байна ш дээ. Ер нь бол бий болгочихоод хуваах гээд зодолдож байна гэдэг нь өөрөө байхгүй юман дээр зодолдохоос хавьгүй илүү хэрэг л дээ. Цаашдаа ч гэсэн “Тавантолгой”-н гэрээ эрчимтэй явах ёстой.
-Олон түмний дунд бол “Энэ нөхдүүд буруу гэрээ хийчихсэн юм байна” гэсэн ойлголт нэлээн гүн явчихлаа. Яагаад гэвэл парламент дотроос гишүүд нь орой болгон дуугарч байна шүү дээ. Тэд бүгд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, хүмүүсийн итгэлийг авч төрд сонгогдсон хүмүүс. Тэгэхээр тэдний хийж байгаа мэгдэгдлүүдийг хавтгайд нь улс төр гэж хэлэхэд хэцүү байна?
-Яг өөрөө гараар барьж хийх бол хэцүү шүү дээ. Ямар ч байсан гаднаас нь ярих шүүхээс л хавьгүй хэцүү. Их өрийн хэлэлцээрт жишээ нь би оролцож л явсан. Одоогийн энэ Ерөнхий сайд С.Батболд, мөн С.Баяр дарга, ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр гуай гээд олон хүнтэй цуг их өрийн хэлэлцээрт оролцож явсан. Тэрийг тойрсон ямар улс төр явсныг та бид хоёр сайн мэдэж байгаа. Дараа нь тэр идсэн уусан гэх гүтгэлгүүд нь ч нотлогдоогүйг мэдэж байгаа. Ямар хүнд хэлэлцээр байсан, хичнээн жил явсан билээ гэдгийг бол хийж үзсэн хүмүүс л мэднэ. Дуусчихаад, 98 хувиар хөнгөлчихөөд байхад нь хэн ч гарч ирээд 99 хувиар хөнгөлчих ёстой байсан юм гэж хэлэх амархан. Өөрөө ямар хийх юм биш, амаараа ярих юм чинь.
-Их өр дээр чинь сүүлд бас нэг дутуу хагас шийдвэрлэгдсэн гэх яриа боссон байх аа ?
-Тэр бол бичиг цаасны л ажил сунжирсанаас үүдсэн асуудал шүү дээ.
-Энхбаяр гуай гэсэн чинь сонин сонсогдож байна. Таны “ах” байсан юм биш үү?
-Надтай хамаатан садны холбоогүй л дээ. Гадаад хэргийн яаманд ажиллаж байхдаа анх танилцаж байлаа. Намайг улс төрд татаж оруулсан хүн.
-Ерөнхийдөө “Энхбаярын хүн” гэдэг нэг зүүлт олон жил залхтал дагасан байх л даа. Ингэхэд ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын хийж байгаа одоогийн улс төрийг та яаж хүлээж авдаг вэ?
-Би МАХН гэдэг нэрийг сэргээх гэж байгаа оролдлогыг нь бол дэмжихгүй байгаа. Коментериний шахалтаар манай намын нэр дээр хувьсгалт гэдэг үг нэмэгдсэн гэдгийг түүх гэрчилдэг. МАН болж анхны нэрээ сэргээн авсныг монголын тусгаар тогтнол дахиад нэг алхмаар баталгаажиж байгаа явдал гэж хувьдаа хүлээж авсан. Тийм учраас энэ тал дээр нь бол би санал зөрж байгаа.
-Намын зүтгэлтний л хариулт байна. Хэрэв би буруу санаагүй бол та МАХН гэдэг нэрийг JVC шиг нэр гэж хайрлаж хамгаалдаг хүн биш билүү. JVC шиг брэнд нэр учраас тэдэнд өгөхгүй гэсэн хармын бодол бас танд байгаа юм биш үү. Тэгээд ч авчихлаа шүү дээ ?
-Дорж, Долгор, Дулмаа хэн ч гэж нэрлэж болно л доо. Ер нь бол улс орноо хөгжүүлэх энэ юмаа тойрч маргалдвал зүгээр байгаа юм. МАН уу, МАХН уу гэж маргалдах бол ач холбогдолгүй. Та сая гарсан шүүхийн шийдвэрийг хэлж байгаа бол хууль зөрчсөн байна гэж ойлгож байгаа. Одоо та бид хоёр хүсвэл JVC гэдэг брэнд байгуулж болох нь ээ.
-Брэнд болсон нэр гэдэг нь бол үнэн биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ энэ брэнд нэр чинь өмчлөлөөрөө Ардын нам дээр байгаа шүү дээ. Агуулга талаас нь аваад үзвэл манай мянга мянган гишүүдийн өмч.
-Таны нэр дээр МАХН гэсэн томъёололоор авсан ямар нэг гэрчилгээ байдаг уу?
-Хуучин батлах маань бол байгаа.
-Тэр биш. Намын ямар нэгэн гэрчилгээ?
-Үгүй. Надад тийм юм алга.
-Танайхан чинь 80 шахам гэрчилгээ авчихсан байсан. Тэгээд л танд бас байдаг байх даа л гэж ?
-Байхгүй. Товчлолыг юу ч гэж задалж болно ш тээ. Манай айлын хөөрхөн навчаа (МАХН) гэсэн ч товчлол ч бий гэсэн хошин яриа гарсан гээ биз дээ.
-Улсын дээд шүүхээс МАХН-ын нэрийг олгочихлоо. Уг нь бүгд л хуулиар тийм бололцоо байхгүй гээд байсан?
-Манай толгой хуульчид гэж үзэж байгаа, манай МАН-ын бүлэгт байдаг хуульчдыг намын УЗ-ийн хурал дээр удаа дараа ярихыг сонч байсан. Монгол улсад хууль гэж байдаг л юм бол энэ нэр олгогдох ёсгүй гэж ингэж ойлгож байгаа. Хуулиас гадуур юм төрийн зүтгэлтэн хүн бол ярьж, хийх ёсгүй л дээ.
-Та Н.Энхбаяр даргатай ер нь уулздаг уу?
-Ер нь уулзаагүй нэлээн удчихлаа шүү. Биднийг ингээд нэг хуулиа тойроод тоглож байгааг хөрш улсууд хараад инээд нь хүрч байдаг байх даа гэж санаа зовж байдаг юм. Энэ хэдэн нөхдүүдийн улс болж тоглож байгааг дээ гээд шоолж байдаг болов уу гэж бодохоор яс хавтайх юм.
-Н.Энхбаяр дарга бухимдалтай байгаа л даа. Хэвлэлд өгсөн нэг ярилцлагандаа бөгс долоох шахсан ичмээр нялуун хайраар намайг хайрлаж байсан нөхдүүд тэнд бүгдээрээ л сууж байна даа гэж хэлсэн. Ажиглагчид бол У.Хүрэлсүх, Ё.Отгонбаяр, У.Барсболдыг хэлж байна гээд л шууд ярьцгааж байна билээ. Тэр хүний гаргаж байгаа ааш, шидилсэн шорвог үгсийг нь та жишээ нь яаж хүлээж авдаг вэ?
-Янз бүрээр доромжлуулах ч үе гардаг. Тэр болгонд шүдээ зуугаад л тэсдэг ш дээ.
-Тийм ч эмзэг хүн биш үү ?
-Би эмзэг хүн биш.
-Эмзэг л гэж бодож байлаа?
-Үгүй дээ. Ер нь зүгээр би хэзээ ч хэлсэн үгнээсээ нэг их буцахгүй дээ. Би Н.Энхбаяр даргад хувь хүнийх нь хувьд бол хүндэтгэлтэй ханддаг. Энийгээ нуудаггүй.
-Одоо та түүнээс урвасан хүмүүсийнх нь нэг биш юм уу?
-Урвана гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Улс төрийнх нь хувьд үзэл баримтлал гэж нэг зүйл байна шүү дээ. Улс төрийнхөө үзэл баримтлалын дагуу л би явж байна.
-Сонгууль ч ойртож байна даа. Ирэх сонгуулиар бүгдийг чинь л эзнээсээ урвасан нөхдүүд гэж цоллох байх даа?
-Нэгдүгээрт, би түрүүчийн таны асуултан дээр нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй байх гэж бодож байна. Н.Энхбаяр дарга бид хоёрын харилцаа бол би өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж байх үед, намын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед ч гэсэн тийм бөгс долоосон гэх харилцаа байгаагүй. Асуудал гарвал илэн далангүй хэлчихдэг цөөхөн хүний нэг нь би байсан болов уу гэж хувьдаа өөрийгөө боддог. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд дэвших хэрэггүй биз дээ гэж би хэлж л байсан. Улс төрөөс ангид явцгааж байсан, боловсролтой залуучуудыг нам руу оруулж ирсэн нь МАХН –ын даргаар тухайн үед ажиллаж байсан Н.Энхбаярын гавьяа мөн үү, гэвэл мөн гэж би хэлнэ. Олон хүн татагдаж орж ирсэн. Тэр нь намд л сайн юм болсон гэж би боддог. Одоо нэгэнт улс төрийн байр суурь нь өөрчлөгдчихсөн тохиолдолд би хувь тэр хүнд хичнээн сайн байсан ч гэсэн улс төрийн байр сууриараа л явна. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ л явах ёстой гэж би хувьдаа бодож байгаа.
-Нам нэрээ сольсоноос хойш рейтинг нь буурч байгааг анзаарсан уу. Танай намын рейтинг АН-ын дор орчихсон байгааг мэдэж байгаа биз дээ?
-Судалгаа бол харьцангуй эд. Судалгаа хийсэн өдрийн тэнгэрээс л хамаарна.Нэр сэргээсэнтэй хамаагүй гэж бодож байна. 2004 онд сонгуульд тэнцчихээд анхны том их эвслийн Засгийн газар байгуулахад Израйль руу нэг баг бүрэлдэхүүн явсан даа. Одоо Ерөнхийлөгчийн зөвлөх байгаа П.Цагаан, Ц.Сүхбаатар, би гээд хэдэн хүн явсан юм. Тэгэхэд тэд нар хэлж л байсан. Хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд хоёр намын хоёулангийнх нь нэр унадаг юмаа гэж. Одоо дүн тавихад арай эрт юм уу даа. Дахиад нэг жилийн ажил байна даа.
-Танай намд хуваагдал явагдаж байгаа л даа. Ил биш ч далд. Маш сонин чимээгүй явцтай хуваагдал. Ил ярих цаг нь ч биш. Нөгөө нам чинь бол тэр зовлонгоо аль эрт туулчихсан нам?
-Ардын нам хуваагдаагүй ээ. Манайхаас 900 орчим хүн л гарсан байна гэсэн. 20000 хүн нэмж элссэн байна гэсэн.
-200 гаруй хүн байсан. 900 гарчихсан юм уу. Том тоо байна шүү?
-Би тэгж л сонссон. Эндүүрч байж магадгүй шүү.
-Саяхан нэг “Их тэнгэр”-т болсон Удирдах зөвлөлийн хурал дээр бөөн хэрүүл болсон гэж үнэн үү?
-Хэрүүл болоогүй. Хүмүүс бол шүүмжилсэн. Бухимдал, шүүмжлэл юуг тойрч явсан бэ гэхээр зэрэг одоо ингээд ганцхан жилийн хугацаа үлдлээ. Энэ жилийн хугацаанд бид ярьж хэлсэн юмнаасаа алийг нь биелүүлэх гэж байна вэ. Мөнгө төгрөг нь хаана байна вэ. Яах гэж байна вэ гэсэн л зарчмын шүүмжлэлүүд гарсан.
-Ц.Нямдорж сайдаас эхлээд засгаас гаръя гэсэн юм биш үү?
-Би л лав тийм юм дуулаагүй. Зарим гишүүд санаа оноо хэлэх нь хэлж л байсан. Гэхдээ нам гэдэг бол хамтын байгууллага. Шийдвэрийг бол хамтаараа л гаргана. Ц.Нямдорж сайд тийм юм яриагүй.
-Өвөл хөдөө томилолоор ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Булганы иргэдтэй хийсэн уулзалт дээр суусан юм. Хэд гурван хүн босоод л “Энэ Отгонбаяр сайд ер нь яах гээд Булганаар гүйгээд байгаа юм бэ. Энэ муу хоёр гишүүнийхээ хэнийг нь жийх гээд байгаа нөхөр вэ” гээд л загнаж байсан. Та үүнд ямар тайлбар өгөх бол. Надад бол их хөгжилтэй санагдсан?
-Ер нь нэр дэвшинэ дэвшихгүй гэдэг сэдвээр ярьж байна гэж таны сурвалжлаганаас бол ойлгосон л доо. Тэр нэр дэвшилтийн асуудлыг бол Отгонбаяр мэддэггүй юм л даа. Нам, намын бага хурал шийднэ. Булган миний ээжийн нутаг. Би нутагтаа очих дуртай. Очиж байгаа юм болохоор ганц хоёр асуудал шийдэлгүй яахав дээ. Тэгээд тэрэнтэй холбоотой дургүйцэл байгаа бол би яахав дээ. Уг нь шийдэж байгаа юм нь бол хувьдаа биш Булганы хүүхдүүдийн боловсрол, соёлд л хэрэгтэй зүйлс байгаа байх гэж бодож байна ш дээ.
-Таныг төсвийн мөнгөөр шоу хийгээд байна. Энэ бол сонгууль угтсан шоу гэж шүүмжилж байсан. Тэр юу вэ. Тийм их гарт баригдаж, нүдэнд өртөхөөр их мөнгийг та Булган руу чирээд байгаа юм уу?
-Бүх аймгуудад л жигдхэн хувааж байгаа. Магадгүй нийт хэмжээ урд өмнөх хөрөнгө оруулалтаасаа нэмэгдсэн байж магадгүй. Тэр утгаар нь Булган аймагт шударга бус байсан юмыг шударга л болгосон юм байна гэж харин би дотроо дүгнэмээр юм байна. Төсвөөс гадна эх үүсвэрүүд олж ирдэг л дээ. Олон улсын байгууллагын, төрийн бус байгууллагын журмаар. Үндсэндээ хувийн журмаар хийж байгаа юмнууд ч зөндөө бий. Хувийн журмаар олж ирсэн юмаа нутагтаа аваачаад наачих хүсэл хүний хүүд бас байж болноо доо.
-Тэр ч тийм шүү. Гэхдээ одоо байгаа хоёр гишүүн танд дургүйцэхгүй байна уу?
-Үгүй дээ.Булган аймгийн л хөгжилд орж байгаа юм чинь.
-Хүн л юм чинь дургүй л байдаг биз дээ. Ойлгомжтой шүү дээ?
-Булган аймгийн хөгжилд орж байгаа хувь нэмэр учраас дургүй байх үндэслэл байхгүй.
-Тийм юм танд илэрхийлээгүй юу?
-Гайгүй.
-Ер нь бол та 2012 онд Булганд дэвших юм байна, тийм үү. Тэгж ойлгож болох уу?
-Нам шийднэ гээд би хэлчихээд байна шүү дээ. Нэг юмыг хэлчихье. Дэвших ч байсан дэвшихгүй ч байсан би нутаг руугаа явна. Миний л нутаг. Би өөрийхөө нутаг руу очихоо хэн нэгэн хүн муу хэлсний төлөө зогсоочихгүй. Тэнд найз нөхөд байж байна. Хамаатан садан байж байна. Дэвших ч байсан дэвшихгүй ч байсан би боломж олдвол нутагтаа нэг юм ч гэсэн илүү хийчихыг л бодно. Тэр бол гарцаа байхгүй. Нийтэд зарцуулагдах мөнгөнөөс илүүг хийхгүй. Зарчим бол хэвээрээ. Харин Боловсролын төсөв намайг сайд байх хугацаанд эрс нэмэгдсэн. Намайг анх Засгийн газрын гишүүн болж байхад 400 гаруй тэрбумын төсөвтэй байсан. Энэ жил 600 гаруй тэрбум болж өссөн. Азийн хөгжлийн банкнаас 30-аад сая доллар, дэлхийн банкнаас 10-аад сая доллар авчихаад байна. БНХАУ-ын хүрээнд авах гээд гэрээлчихээд байгаа. Бараг 100 –аад сая доллар болох гээд байна. Тэгэхээр зэрэг нэгэнт салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа учраас бас урд өмнө байсныгаа бодвол ажил хийгдэж байна гэдгийг иргэд харж байгаа байх. Тэрийгээ улс төртэй холбож ярих юм бол би хэлчихье. Би Булганд дэвших ч байсан дэвшихгүй ч байсан хийх юмаа хийнэ. Сонгуульд нэр дэвшихийн хувьд гэвэл сонгуулийн хууль нь батлагдаг дээ. Барилдах дүрэм нь гараагүй байхад дэвээд яваа бөх шиг байж болохгүй л дээ.
-Нэг их гойд хөгжсөн юм байхгүй л байна лээ. Бусад аймгуудтай л адилхан. Харин нэг шинэ техник мэргэжлийн сургууль байгуулагдсан байна лээ. Бусдаар бол урсгал засварууд хийгддэг л дээ. Энэ л таныг зовоосон асуудлын нэг байх. Хөдөө орон нутгийн сургуулиуд, цэцэрлэг, дотуур байрууд хэцүү болчихсон. Жил болгон л засвар хийгээд будаад л, тэрнээс нь толгойлж байгаа нөхдүүд нь жаахан шомбодоод л. Дараа жилийн хавар гэхэд ахиад л дээврээс нь ус гоожоод эхэлдэг. Ийм маягаар л монголын амьдрал явж ирсэн. Таны үед онцгой юм юу өөрчлөгдсөн юм бэ?
-Ер нь бол олон жил засвар үйлчилгээ хийгдээгүй байсан сургуулиуд л даа. Одоо надад 100 гаруй барилга дээр гарсан Мэргэжлийн хаяналтын дүгнэлт байгаа. Бүгдийг нь шинээр барина гэвэл улсын төсөв хүрэхгүй. Тийм учраас гадаад эх үүсвэр бол нэлээн идэвхитэй хайж байна. Яриа хэлэлцээнүүд нэлээн урагштай явж байгаа. Цаашдаа бол бид Кембриж стандартанд шилжинэ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр Кембриж стандарт гэдэг бол зөвхөн сургалтын биш барилгын стандарт давхар орж ирдэг. Бид нар шинээр барих тал руугаа одоо орно. Боломжийнхоо хэмжээгээр нутагтаа юм хийх хүсэл байнаа. Саяхан манай Булган аймгийн гаралтай хэсэг нөхдүүд нийлээд Эрдэнэдайчин хошуу Ван Чин ван Ханддоржийн нийгэмлэг гэж байгуулсан. Тэгээд бид нар 1912 онд Хаант Орос улсад хийсэн айлчлалын материалыг эмхэтгэж ном хийж гаргасан. Эртдэмтэн судлаачидтайгаа нийлээд Булган аймгаас төрөн гарсан алдартнуудыг цааш нь олон түмэнд таниулах ажлыг хийнэ гэж яриад байгаа юм. Одоо жишээлбэл манай түүхэнд 1911 оны эрх чөлөөний хувьсгалд Чин Ван Ханддорж шиг үүрэг гүйцэтгэсэн хүн байхгүй. Тэгсэн мөртлөө түүх нь бүдгэрчихсэн хүн шиг харагддаг л даа. Тийм болохоор үүнийг тодотгож гаргаж ирэх ёстой.
-Боловсролын салбарт бол та бүхэн том бүрээ үлээж, маш том зорилго тавьсан. Хэрэгжээд явж байгаа зүйл зөндөө л байгаа байх. Бас шүүмжлэгчид байгаа. Юун Кембриж вэ хөрснөөсөө тасарсан юм яриад гээд л ?
-Энэ салбарт хийгдэж байгаа өөрчлөлтүүдийн үр дүн бол доод тал нь 10 жилийн дараа харагдаж эхлэх байх. Дэлхий дэх жишиг нь ч тийм л байдаг. Энэ ажлыг эхлүүлсэндээ бол баяртай байгаа. Эсэргүүцэх улс гаралгүй яахав. Нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг бид хийж чадах юм бол Монгол Улсын ЕБС-ийг төгссөн хүүхэд гадаадын аль ч улс орны сургуульд орж чадах эрхтэй болчихно. Үүгээрээ их том ач холбогдолтой. Бид нар XX зуунд хуучин боловсролоосоо Зөвлөлтийн боловсролыг шууд хуулж авсан ш дээ. Тэглээ гээд муу болоогүй. Та бид хоёр ч гэсэн тэр системын л бүтээгдэхүүн. Монгол улс бол орчин цагийн боловсролтой болж чадсан. Одоо тэр Зөвлөлтийн боловсролоосоо дэлхийн боловсрол руу шилжих ёстой. Кембрижйн хувьд бол манайд болно, бид чадна гэдгийг хувийн сургуулиуд харуулчихаад л байна ш дээ. Бусад нь юугаараа дутах вэ?
- Дээд боловсролын тухай олон шүүмжлэл сонсогддог биз дээ. Чанаргүй олон сургуулиуд, ардын хүүхдийн мөнгийг үрээд гээд л...?
-Манай дээд боловсролын хувьд би боддог. Тухайн үед дэндүү тийм хүйтэн сэтгэлээр хандаад замбараагүй олон сургууль гаргачихсан. Зүгээр л бие биедээ найз нөхдийн журмаар лиценз бичиж өгөөд байсан. Тэгээд эргээд тэр нь өнөөгийн энэ байдлыг үүсгэсэн байх. Олгож байгаа боловсрол нь чанар муутай ийм тогтолцоо руу ороод ирчихсэн. Би Засгийн газрын гишүүн болсноосоо хойш ганцхан лиценз олгосон. Тэр нь ОХУ-ын Эрхүүгийн Төмөр замын их сургуулийн салбарыг монголд байгуулахад лиценз олгосон. Өөр нэг ч лиценз олгоогүй. Одоо нийтдээ 44 их дээд сургуулийг хаачихаад байна. Намайг ажлаа авахад 154 байсан. Яг өнөөдөр бол 110 байна. Төрийн өмчийн сургуулиудын бүтцийн өөрчлөлт яваад дууслаа. Одоо ирэх хичээлийн жилээс мэргэжлийн давхардалтаа арилгах ажил явна. Хувийн сургуулиудыг бол нийлүүлж нэгтгэх замаар цомхотгож байна. Ард иргэд ч гэсэн нэлээн ойлгож байх шиг байна. Энэ ажил маань цаашаагаа эрч нь битгий саараасай гэж бодож байгаа юм. 28 их дээд сургуульд шалгалт орчихсон явж байгаа. Тэндээс тодорхой хэсэг нь хаагдах байх. 2,7 сая хүнтэй улсад бол ахадчихсан дээд боловсролтой улс болчихсон явж байна шүү дээ. Ер нь бол социализмын үеийн сэтгэлгээ үргэлжлээд байгаа байхгүй юу. Социализмын үед дээд боловсрол эзэмшсэн хүний амьдрал бол баталгааждаг байлаа. Яг тэгж бодоод яваад байдаг. Тэр үед улс маань 20 мянган оюутантай байсан. Одоо 160 мянган оюутантай болсон. Ажлын байр нь гарч ирдэггүй. Үүнийг бас бодох ёстой болчихоод байна.
-Хуучнаар ТМС гэж байсан. Тэрийг алга болгосноор монголд ажил хийдэг арми байхгүй болсон гэж их шүүмжилдэг. Эргээд нэлээн сэргэж байгаа юм билээ. Явц нь ямар байна?
-МСҮТ-ийн үйл ажиллагаа бол нэлээн их эрчимжчихсэн байгаа шүү.
-Хүүхдүүд хэр сонирхож байна?
-Сонирхож байгаа. Анх ажил авч байхад 27 000 суралцагч байсан бол одоо 49 000 болоод байна.
-Цалинтай болохоор уу?
-Гараад ажлын байртай болохоор. Жишээлбэл, дээд сургууль төгсөгчдийн 34 хувь ажлын байртай болж байхад, МСҮТ-ийн төгсөгчдийн 76 хувь нь ажлын байртай болж байна. Тийм учраас тийшээ орох сонирхол бол нэлээн нэмэгдэж байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхлэхэд бол 27 мянган хүүхэл сурч байсан шиг санагдаж байна. Яг энэ жил “Оюутолгой”-н сургалтыг оролцуулаад тооцох юм бол 49 мянган хүүхэд суралцаж байгаа. Тоо нь хоёр дахин өссөн. Цаашдаа бол бид захиалгат сургалт явуулах гэж байгаа. Захиалгат сургалт гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр шууд компани өөрөө ирээд яг энэ мэргэжлээр тэдэн ажилчин хэрэгтэй байна гээд захиалгаа өгөөд, бид бэлтгэхээр ярьж байгаа. Саяхан “Ээрмэл” хувьцаат компани 300 захиалга өгсөн. Хөдөлмөрийн биржээр дамжуулааад ажилгүй иргэдээсэээ авъя. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн ажилгүй иргэдээ шинэ мэргэжилтэй болгох, тэгээд ажлын байртай болгох зүг рүү анхаарч байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хүнд механизм дээр ажиллаж байгаа ажилчин хоёр сая гаруй төгрөгний цалин авч байгаа юм. Инженер нь сая орчим төгрөгний цалинтай байгаа юм. Тийм учраас хүүхдийнхээ ирээдүй амьдралыг бодох юм бол бас энэ асуудалд илүү прагматик хандах ёстой гэж эцэг эхчүүддээ зөвлөмөөр байгаа юм.
-Та хувийн сургуултай юу?
-Байхгүй.
-Нэг гадаад хэлний дунд сургуульд хувь эзэмшдэг гэж дуулсан юм байна?
-Байхгүй. Ганц хоёр компаний хувьцаанууд бол байдаг.
-Энэ жил таны орлого өссөн үү?
-Өссөн байлгүй дээ. Манай эхнэр бизнесээ хийгээд л явж байгаа юм чинь. Аялал жуулчлал, худалдаа арилжааны бизнес хийдэг. Гэвч би бол холдчихоод байна.
-Эхнэрээсээ юу?
-Үгүй. Бизнесээс нь. (инээв)
-“Цогт тайж” киноны талаар нэг мэдээлэл гарсан байсан. Тэр юу болсон юм бэ?
-Францын Засгийн газартай харилцан тохиролцоод хуучны киног сэргээх тухай асуудлыг ярилцсан юм. Хэд хэдэн кино ярилцаж байгаад Францын талаас төсөвлөсөн мөнгөнд нь багтахаар нь “Цогт тайж” кинон дээр л буусан л даа.
-Булганы хүн болохоор Булганы кино сонгосон юм уу?
-Үгүй, үгүй. “Цогт тайж” киноны хувьд бол “Монгол хүү” киноны дараа гарсан хоёрдахь уран сайхны кино. Яг уран сайхны гэдэг агуулгаараа бол их сайн чанартай хийгдсэн соёлын том өв шүү дээ.
-Телевизээр гаргахад шаардлага хангахгүй болчихсоныг нь сэргээж байна гэж ойлгож болох уу?
-Ер нь бол одоо эх нь их муудчихсан ш дээ. Гэхдээ эх нь бол архивтаа байж байгаа. Сая явдаг нь бол хувилсан хувь.
-Тэр кино чинь тийм өндөр үнэтэй кино байсан юм уу. 15 тэрбум гэсэн үү?
-Нэгэнт улсын хилээр гарч байгаа учраас үнэлгээ тавих байсан. Тэр киноны үнэ өртөгийн талаар бол бидэнд мэдээлэл байгаагүй. Кино үйлдвэрээс бол тухайн үеийн үндэсний нийт бүтээгдэхүүний таван хувиар хийсэн кино гэсэн мэдээлэл өгсөн учраас тэрүүгээр нь үнэлээд л 15 тэрбум гээд тавьчихсан хэрэг.
-Тэгээд та энэнд юугаараа буруутав?
-Би бол сайн ойлгохгүй байгаа. Ёстой улс төр байхаа. Тэрнээс биш бид бол наадмаас өмнө ядаж нэг бүлгийг нь авчрах зорилт тавиад ажиллаж байгаа.
-Гаалийнхнаас асуухаар таныг буруутай л гэж мэдээлсэн?
-Үгүй, яахав соёлын өв хилээр гарч байгаа тохиолдолд бол гаалийн бүрдүүлэлт хийх ёстой гэж үздэг юм байна лээ. “Цогт тайж” киног бид соёлын өв гэж байгаа боловч оргиналь хувь нь архивт байгаа.
-Ер нь жил жилд хуучин бүтээлээ сэргээж авах төсөл явж байгаа юм уу?
-Сэргээхээс гадна будуулчихъя гэсэн хүсэлт тавьсан юм. Тэгвэл их гоё болно. Орчин үеийн хүүхдүүд чинь хар цагаан киног ойлгохгүй байна ш дээ. Францын тэр кино урлагийн академи нь бол баримталдаг тусгай зарчимтай юм байна лээ. Тийм учраас будахыг нь зөвшөөрөөгүй. Сэргээж байгаа. Сая манай групп яваад сурвалжлага хийгээд ирсэн. Аймаар ажилтай юм байна лээ. Кадр болгоныг бүртгээд, кадр болгон дээр байгаа гэмтлийг тогтоож байгаа юм. Тэр чинь хоёр ангитай кино ш дээ. Тэгээд дууг нь сэргээнэ, дүрсийг нь сэргээнэ. Асар их ажилтай. Бид наадмын өмнө амжих нь уу, үгүй юу гэдэг л байна. Энэ жилдээ багтаж заавал нэг ангийг нь дуусна гэсэн бодолтой байгаа.
-Та хуучин МАХН-ын үзэл суртлын чиглэлийн ажлуудад бол зөндөө оролцож явсан намтартай улстөрч. Сонгуулийн үеэр штаб удирдана. Урлагийнхантай ажиллана. Тэрийгээ үргэлжлүүлээд л байгаа бололтой. Таныг дуучдыг намд элсүүлэхэд нэлээн үүрэг гүйцэтгэсэн гэж сонссон. Дуучид намд ямар хэрэгтэй юм бэ?
-Итгэл үнэмшлээрээр элсч байгаа байхаа. Би тэд нарыг элс гээд ятгаад яваад байсан юм бол байхгүй. Урлагийнхан бол манай намд тааламжтай ханддаг юм бол бий. Манайх бол аль ч удирдлагынхаа үед урлагийнхныг ивээн тэтгэж ирсэн нам шүү дээ. “Өглөө шиг эх орон” дууг бол хүмүүс сонгуулийн дуу гэж хардаг. Энэ уул нь урлагийн сайхан бүтээл шүү дээ. Цаашдаа ч ийм бүтээл хийнэ гэж бодож байгаа. Би бол бас нэлээн олон клипэнд оролцчихсон юм байна лээ.
-Танай нам сонгууль болгоноор баахан клип нэлээн мөнгө зарж хийдэг л дээ?
-Мөнгөөр зодоод байсан юм ч нэг их гайгүй дээ.
-Сэтгэлээрээ л гүйж ирээд дуулаад байдаг юм уу?
-Итгэл үнэмшил байвал хүмүүс ирнэ ш дээ.
-Олон жил эрх барьсан нам болохоор төрийн одон тэмдгийг өөрсдөө өгч байгаа юм шиг өгч цацаж сурсан. Цаадуул нь ч нам минь өглөө гэж итгээд зүтгээд байдаг юм шиг санагддаг. Хөөрхий тэгээд л дуудаж авчирцгаагаад нэг намын плакат болгочихдог нь сонин харагддаг юм?
-Одоо тэгээд эсрэгээрээ л байна шүү дээ хө.
-Н.Энхбаяр дарга намаа өөрийнхөө эсрэг ажилласан гэдэг. Та бол намын штабт ажилласан голлох хүний нэг. Үнэхээр эсрэг ажилласан гэх хар төрөхөөр юм хийсэн юм уу?
-Би сурталчилгааны ажил дээр нь голлож ажиллаж байсан. Чин сэтгэлээсээ ажилласан. Алдаа гарсан байхыг бол үгүйсгэхгүй. Ажил хийж байхад алдаа гардаг юм чинь. Эсрэг ажилласан юм бол байхгүй.
-Намын даргыгаа бас шууд эсрэг ажилласан гэж үздэг юм билээ?
-Намын дарга нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаж байвал намын даргаасаа огцрох ажил хийж байна л гэсэн үг. Тэр бол логикийн хувьд утгагүй.
-7 сарын 1-нд та хаана байсан бэ?
-Намын байран дотроо байсан.
-С.Баяр даргын дэргэдээс нэг хүн над руу утасдахад цаана нь буу юм дэлбэрээд аюултай басан гэж Н.Энхбаяр дарга ярьж байсан. Тэр хүн нь та мөн үү?
-Намын байранд сүүлд зургаан хүн үлдсэн санагддаг юмаа. Намын дарга, би, гурван нарийн бичгийн дарга, Ц.Мөнх-Оргил сайд бид зургаа л албан тушаалтнуудаас үлдээд хамгийн сүүлд намын ажилтнуудаа гарсны дараа найман цагийн үед гарсан санагдаж байна. Тэр пижигнэж байх үед доор нь гал ноцоогоод хажуу талд баригдаж байсан байрны дулаалганы хавтангуудыг аваачиж гал дээр хийгээд, тэгээд их муухай өтгөн утаа гараад байрандаа байж чадахаа болиод хамгийн дээд давхрын нэг өрөөнд орсон юм. Тэр хооронд бол бүгдээрээ л тал тал тийшээ ярьж байсан. Дээд давхар луугаа нэг өрөөнд шахагдаад орчихсон л байж байсан. Би ч утсаар ярьж л байсан.
-Найман цагт гарахдаа та нар таван хүний амь үрэгдсэн мэдээллийг авсан байсан уу, үгүй юу?
-Аваагүй байсан. Тэр чинь сүүлд болсон үйл явдал юм байна лээ гэж би ойлгож байгаа. Намын байрны гадаа бол буун дуу гарч байсан ш дээ. Зүгээр цонхоор харах ч боломжгүй байсан.
-Энэ “7 сарын 1”-ний талаар та яг юу гэж боддог вэ. Нэг хэсэг нь бол хэзээ ч мартаж болохгүй. Эцсээ хүртэл учир начирыг нь олохын төлөө явах ёстой гэдэг. Таван хүний амийг төр ч бай, ард түмэн ч бай мартах ёсгүй гэж. Нөгөө талд нь энэ хэргийг зүгээр л хутга болгож ашиглах гэсэн түмэн санаархлууд өндөлзөж байна?
-Би бол их том сургамж авах ёстой үйл явдал болсон гэж боддог юм. Хэдийгээр сонгуулийн маргаан байж болно. Гэхдээ галдан шатаасан, бие биенийхээ аминд хүрсэн ийм үйл явдал бол хэзээ ч өрнөж болохгүй. Сонгууль гэдэг бол засгийн эрхэнд гарахын төлөө л хийж байгаа улс төрийн тэмцэл ш дээ. Тэрнээс биш энэ бол дайн биш дажин биш. Дотроо харамсч явдаг юм байдаг. Сонгууль дөхөөд ирэхээр манайхан улс төржөөд манай, дайсны болж хуваагдаад давхилдчихдаг. Дээхэн үед нэг сонгуульд явж байхад хажууд явж байсан хүн маань энэ манайх, энэ айлынх гээд хашаагаар нь хуваачихсан ярьж байж билээ. Ийм нөхцөл байдал монголд үүсгэж болохгүй. Тийм ч учраас одоо энэ сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад байгаа үндсэн учир шалтгаан энэнд байгаа байх. “7 сарын 1” бол монголчуудын нүдэн дээр болж өнгөрсөн үйл явдал ш дээ. Бүтэн өдөр телевизээр гарсан. Хэн нь тэр байран дотор амиа алдчих гээд гал дунд сууж байсан бэ, хэн нь гаднаас нь чулуугаар шидэж байсан бэ бүгдээрээ мэдэж байгаа. Сүүлдээ байрандаа гал дунд сууж байсан бид буруудчих маягийн юм болж байгаа нь харамсалтай. Хоёрдугаарт, монгол төрд дархлаа гэж байх ёстой. Тэнд үүрэг гүйцэтгэж явсан хүмүүс одоо буруутгагдаад явж байх шиг байна. Буруутай зөрүүтэй юм хийсэн бол хууль хяналтын байгууллага нь тогтоохыг нь тогтоох ёстой байх. Хэрвээ төрөөс хүлээлгэсэн үүргийг нь гүйцэтгүүлчихээд эргэж дараа нь улс төржүүлээд байвал цагдаа хүчний байгууллага яаж ажиллах юм бэ. Цагдаагийн алба хаагчид хэдэн зуугаараа л шархдаж гэмтсэн ш дээ. Тэр үед согтуу хүмүүс маш их байсан. Хулгай дээрэм тонуул гарсан. Ийм нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэнд бол үнэхээр харамсдаг. Бид нийгмээрээ л эндээс сургамж авах ёстой гэж боддог.
-Энэ асуудлаар танаас аль ч байгууллага ямар нэг мэдүүлэг аваагүй юу?
-Аваагүй л байна.
-Ерөнхийдөө 2012 оны сонгуулийн гол сэдэв болох байх. Ингэж ашиглах нь бол гарцаагүй болчихлоо ?
-Маш буруу. Тэгэхдээ одоо хүмүүсийн үйлдлийг би ганцаараа зогсооно гэж байх биш ээ. Ер нь зүгээр энийг улс төрийн сэдэв болгож ашиглах нь буруу.
-Засгийн газрынхан бүгдээрээ олигархи болж нэрлэгдсэн. Таны нэр байсан уу?
-Байгаагүй.
-Азаар уу?
-Арай ч олигархийн тоонд орохгүй байлгүй дээ.
-Таныг зарим нь их бөөрөнхий л хүн дээ гэдэг. Яг ч тулахаар тийм зөөлөн, тийм ч бөөрөнхий хүн биш юм ?
-Ер нь миний туулж ирсэн замнал дандаа нэг тийм эв эе хайсан, цавуудаж нийлүүлсэн ажил байгаад байгаа юм. Дипломат ажил гэдэг чинь аль болохоор хоёр улсын юмнаас нь аваад л болох бүтэх талаас нь ярьж явдаг ажил. Дараа нь намд шилжиж орж ирээд хийхээр чинь намын нарийн бичгийн дарга, ЕНБД гэдэг бол маргалдаж байгаа талуудын аль нэг талд нь оролгүй зохицуулж байх үүрэгтэй ийм албан тушаал. Намын эв нэгдлийг сахин хамгаалах дүрмээр заагдчихсан үүрэгтэй албан тушаалтан болчихдог. Тэгээд ингээд яваад байхаар би аль болох юмыг ширүүлэх, бусдыг дайрах, довтлох гомдоох үйлдэл хийхгүй байхыг олон жилийн турш эрмэлзсэн болохоор миний яриа тийм санагддаг байж магадгүй. Би ажил дээрээ бол шулуухан шиг хатуу хөтүү хэлээд хийгээд л явдаг. Хувь хүн маань бол бас тийм зөөлөн хүн биш байх аа. Намайг хүмүүс их зөөлхөн хүн гэж хардаг юм шиг байгаа юм. Энэ салбар дээр ирээд хийсэн ажлууд гайгүй амжилттай явж байгаа нь би өөрөө тийм зөөлхөн хүн биш, сонирхлын зөрчилгүйд бас байж болох юм.
Энэ хүрээд бидний яриа өндөрлөж байна. Зөөлөн царайлсан энэ яггүй эрхмийг зарим нь сүрхий таагүй хүлээж авч байгаа харагддаг. Бас зарим нь ганц нэгхэн уулзаад жигтэйхэн татагдчихсан, дажгүй товарищ юм аа гэчихсэн тууж явдаг. Улс төр бол эзлэгдэхийн эсрэг талбар байх. Тийм болохоор барагтайд эзлэгдчихээд явахгүй иймэрхүү хүмүүсийн сэтгэлийг булаадаг “этгээдүүд” тэнд амжилттай тоглож чаддаг байх. Түүнд амжилт хүсэн энэхүү ярилцлагаа өдөрлөж байна.