Хүүхэд ахуйн дурсамжууд санаа сэтгэлийн гүнд гэрэл үсчүүлэн оршиж, хааяа хааяахан амилан дурсагдаж, өнгөрч одсоныг улам л үнэ цэнэтэй болгож байдаг нь юутай сайхан.

Яруухан, амар амгалан төрөлх суурин...Яагаад тэндэхийн бүх юм тийм  гайхалтай санагддаг юм бол.

Жаахан байхад аймгаас соёлын ордныхон ирэх гэнээ гэсэн мэдээ хамгийн жигтэй сайхан мэдээ байдаг байжээ. Туг дарцаг болсон бүхээгтэй машин сүнгэнэн ирж, сумын клуб руу гоё гоё эгч нар орж гараад л...эрчүүд нь ачаа бараагаа буулгаж байхыг яг л кино үзэж байгаа юм шиг бид шохоорхон харж зогсдогсон.  Хөгжимчид нь ёочин, хуучир сэлтээ дон дон хийлгэн зөөж гүйлдээд л...Ахлагч нь “Хөөх яасан олон жаалууд вэ. Одоо тарцгаа. Таван цагт хүүхдэд тоглоно бушуухан харьж нүүрээ угаацгаагаад гүйгээд ир” гэж эелдэгхэн хөөгөөд л...Бид ч түүний командаар үргэсэн болжморууд шиг дэрх хийн тарж одоод л....Санах тусам хөөрхөн юм аа.  
 
Тэдний дунд Үенч гэж гоё эгч, Очирбат гэж сайхан ах байсан нь санаанаас гардаггүй. Хоёулаа жүжигт тоглоно, дуулна...бараг л илбэ үзүүлэх шахна. Тэр үеийн хөдөөгийн соёлын ордныхон бүгдээрээ л тийм “универсиал” улсууд байсан байх аа.  Олон жилийн дараа Булганы алдарт дуучин С.Очирбат ахтай уулзлаа. Цагийн зүүг залуу насан дээр нь зогсоогоод орхичихсон юм шиг л хэвээрээ. Хүн яаж ингэж өөрийгөө хадгалдаг юм бол гэж өөрийн эрхгүй гайхав. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя. 


-Таныг хүүхэд байхаасаа мэдэх юм. Ингэхэд хэдэн жил дуулж байна вэ.  Булганы театртаа л байгаад байна уу?

-Тийм ээ. Нутагтаа л насаараа амьдрах ёстой хүн юм байлгүй.  Би 1971 онд урлаг уран сайхан руу орсон хүн шүү дээ. Аймгийн соёлын ордонд бол 1973 онд орсон. 39 жил аймгийнхаа театрт ажиллаж байна даа. Эргээд харахад мөн ч олон жил жирийсэн байх юм. 

-Танай удамд дуучин хүн бий л биз дээ. Анх ер нь яаж яваад дуучны мэргэжлийг эзэмших болов. Хоёулаа жаахан хууч хөөрөе л дөө?

-Манай удамд дуучин хүн байлгүй яахав. Манай эцэг их мундаг дуучин хүн байсан. Сандаг гэж.  Гэрчлэх улсууд зөндөө л байдаг юм. Алдарт дуучин Дорждагва гуайг мэднэ биз дээ. Яагаав Норовбанзад гуайн багш. Тэр их хүн миний аавы 1951 онд урлагийн үзлэгээр Улаанбаатарт ирэхэд нь тэгж байсан юм гэнэ лээ. “Авзагын энэ шар залуу ч хоолой сайтай. Сайхан хархүү юм даа” гэж. Дорждагва гуай тэгж миний аавыг  магтаж байсан юм гэнэ лээ. Нутаг ородоо дуучин Сандаг гэж хүндлэгддэг ийм хүн байсан. Аавын минь хишиг ахад нь жаахан дуссан юм байлгүй дээ.

-Таныг  Хишиг-Өндөр сумын хүн гэж дуулж байсан?


-Хишиг-Өндөрийнх.  Авзага талдаа нутаглаж ирсэн улс. Эцгийн удам байсан юм байхдаа ах нь дуунд дурлаж, дуучин болж амьдрах ёстой л хүн байж. Би чинь анх тракторын жолооч байсан хүн шүү дээ. Хүүхэд байхдаа. Ингэт-Толгойн сангийн аж ахуйд трактор бариад давхиж явлаа.

-Тэр үеийн алдартай дуучид бүгд л нутаг орондоо ажиллаж амьдарч байсан, бүх ард түмний урлагийн их наадмаар тодорсон улсууд байдаг биз дээ. Оросоо гуай гэхэд л Ингэт-Толгойн сангийн аж ахуйд  тань шиг жолоо мушгиж явсан байдаг?

-Тийм шүү. Оросоо гуай, Машлай гуай, Хишгээ гээд л бүгд л тракторын жолооч, автын талын улсууд байсан л даа. Оросоо гуай маань Ингэтээс тавин хэдэн онд шалгарч байсан юм байна лээ. Би 70 оны үед бүх ард түмний урлагийн үзлэгээр шалгарч нутгаасаа явж байлаа.

-Бүх ард түмний урлагийн үзлэг гэж том арга хэмжээ болдог байж. Та тэнд  ямар дуугаар шалгарч байв?

-Монгол ардын дуу “Гарын арван хуруу”.

-Гарын арван хуруу нь хө
Гажаа нь үгүй шулуун даа хө
Гартаа хийсэн бөгж нь хө
Хольцоо нь үгүй шижир дээ... гээд мөн биз дээ?


-Ай даа мөн дөө. Мөн ч олон жил наадахыг чинь гангинуулж явна даа.

-Тэр урлагийн үзлэг гэж жигтэйхэн олон үе шаттай юм болно биз дээ?

-Тэгнээ. Аймгуудаас 300 гаруй хүн ирж байсан. Тэднээс 22- 23 нь л алтан медаль авч байсан юм ш дээ. Тэгээд  270 нь медальгүй л буцдаг байсан.

-Одтой байж дээ. Тэрэн олноос шоволзож гарч ирээд алтан медаль авчихдаг?

-Тийм юм байлгүй. Алтан медаль авсан.  Монгол ардын дуу “Гарын арван хуруу”, Жанцанноровын “Уран гоо” гэдэг дуугаар. Бас дөрвүүлээ мөнгөн медаль авч байсан юм. Манай Баян-Агтын Пүрэв-Очир гуай, Ваанчиг бид дөрөв “Халх голын баатрууд” гэдэг дуугаар бас мөнгөн медалийг нь  авчихаж  байлаа.

-Манай суманд аймгийн соёлын ордон ирлээ гэхээр л бөөн хөл болдогсон.  Таныг их сайн санадаг юм. Лодойдамба гуайн  “Манай сургуулийнхан” гэдэг жүжиг тоглоод л. Одоо энэ гавьяат Үенч гуай та гээд. Та чинь ловон ламын дүрд тоглодог байсан биз дээ?

-Тийм. Соёлын ордон гэдэг чинь тэр үед хүнийг бүх юманд оруулдаг, хөрвөх чадвартай болгож байсан газар. Та урлагт орсон л бол тушаасан болгоныг гүйцэлдүүлэх ёстой гэсэн л хууль үйлчилдэг. Ийм л байгууллага байлаа ш дээ. Сүүлд  1980-аад оны эхээс л дуучин нь дуучнаараа байх ёстой, бүжигчин бүжигчнээрээ байх ёстой, хөгжимчин хөгжимчнөөрөө байх ёстой гэсэн ёс горим үйлчилж эхэлсэн. Урьд нь бол дуулна, бүжиглэнэ, жүжигтээ тоглоно гээд хийхгүй юм байхгүй явдаг байж.  

-Та одоо театртаа ажлаа хийж байгаа юу?

-Ажлаа хийж байнаа. Ард түмэн маань дуугаа дуулж яв л гэх юм байна ш дээ.

-Нас сүүдэр хэд хүрч байна?

-60 хүрч байна.

-50 шүргэж яваа юм шиг л харагдаж байна. Их эртний хүн санагдаад байсан, та чинь угаасаа л залуу хүн юм байна шүү дээ?

-Ээ, мэдэхгүй. Гэхдээ сайхан сонсогдож байнаа. Баярлалаа. 

-Наяад оны сүүлээр “Уул үүл нь нийлэн харагдсан, умрын цэнхэр хангай минь ээ”- гээд л цээл сайхан хоолойгоороо цангинуулан  дуулдаг байсныг тань санаж байна. Урын сандаа хэдэн дуутай болж байна. Тэр дуугаа дуулж байгаа юу ?

-Миний урын санд 200 гаруй дуу байдаг юм. Сонин нь хүнд чинь гол дуулдаг хэдэн дуу гэж байх юм байна ш дээ. 20 гаруй дуун дотор л эргэлддэг юм байна. Эргэлддэг хэдийн маань нэг наад дуу чинь мөн дөө.

 -Үзэгчдээс шалтгаална л даа?

-Гол нь тийм шүү дээ.Үзэгчид аль дууг их сонирхож байна гэдгээс шалтгаална. Урлагийнхан чинь ерөөсөө л үзэгчдийн мэдэлд байдаг амьтан л даа.

-Тэгээд Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан медаль” авчихлаа. Их урлагийнхны нүдэнд хэзээнээс өртөж эхлэв дээ. Таны уулзсан хамгийн анхны том дуучин хэн байсан бэ?

-Дараа нь Архангай аймагт нэг том урлагийн наадам болсон юм. Тэнд уралдаанд яваад очсон чинь, Э.Оюун багш, Л.Мөрдорж гуай, С.Лувсаншарав гуай, зураач Ц.Одон гуай, Дугарсүрэн гуай,  Л.Цогзолмаа гуай гээд бүгд оччихсон байна. Үлгэрийн юм үзэж байгаа юм шиг ямар гоё юм бэ. Тэдий тэр сүр хүч. Хажуугаар нь гарч чадахгүй айгаад л. Яаж гарч дуулна даа гэхээс энэ дотор юм дэлсээд. Тэгээд л үүргээ биелүүлээд дууслаа. Цооцоо багш асууж байна. ” Чи соёлын ордонд ороод удаж байна уу” гэж. Би ч ороод удаагүй байсан. Удаагүй ээ л гэлээ. “За, хүү минь цаашаа улам сайн дуулна шүү” гэж урам өгч байсан юм. Тэгж анх их урлагийн хаад хатадтай нүүр тулж үзсэн түүхтэй. Дараа нь улсын филормоныхонтой хамт Оросоо гуай ирлээ. Булганыхаа тайзан дээр Оросоо гуайтай “Дуунд дуртай боловоо би” дууг хамт дуулж, мундаг урам авч байлаа даа.

-Тэр үед Оросоо гуай бол том “од” биз дээ?


-Тэр тэгэлгүй яахав. 

-Таны хоолой хэвээрээ л байгаад байх юм. Хоолойгоо яаж арчилдаг юм бэ?

-Ах нь энэ хоолой гэдэг юмаа ч ёстой нэг арчилдаггүй хүн ш дээ. Мөрөөрөө л туугаад  байдаг. Хар зөнгөөрөө л яваад байдаг юм. Яахав нэг авах юм нь би ер нь архи тамхи хэрэглээгүй хүн шүү. Хөзөр, даалууг ч тоглоогүй. Миний онцлог энэ байх. Ээж аавын буян байдаг юм байгаа биз дээ. Тэгж төлөвшүүлсэн.

-Одоо танай театр  хэдэн гоцлол дуучинтай вэ?

-Гоцлол дуучин 13 хүн байна даа. Манай Баасанжав гавьяат байгаа. Тэтгэвэрт гарсан ч гэсэн хоолой нь их сайхан хэвээрээ байгаа.

-Байгалиасаа хоолойтой л доо. Манай Баасанжав гавьяат?

-Мундаг шүү дээ. Өөрөө ч хоолойндоо гамтай, их журамтай байдаг хүн дээ.

-Өвөл Ерөнхийлөгчийг  Булганд ажиллахад иргэдийн уулзалт дээр хүмүүс босоод  “Манай С.Очирбат дуучинд тэр гавъяат цолоо олгох цаг болсон л баймаар юм даа. Одоо олгож өгөөч ээ” гэж хэлж байсан.  Иргэд нь босоод ерөнхийлөчдөө өөрсдийнхөө дундаас алдар гавъяагаа үнэлүүлэх ёстой гэж үздэг хүмүүсээ хэлж байгаа нь шударга санагдсан. Би бол ер нь тийм үзэгдэлтэй тааралдаж байгаагүй. Гэвч дараа нь та юу бодож байв?

-Би тэр хуралд очиж чадаагүй л дээ. Хүмүүс хэлсэн. Одоо юу гэдэг нь болж байгаа юм бол доо гэж гайхаж гайхширсан. Дотроо баярлаж, бас догдолсон.  Надад их сайхан урамтай байсан.

-Ямар нэгэн бичиг цаасаар биш ард түмэн Ерөнхийлөгчид өөрт нь уламжилж байна гэдэг нэр төрийн хэрэг биз дээ?


-Ерөнхийлагч бодит амьдрал дундаас та нар өөрсдөө ингэж илэрхийлж байгааг би таатай хүлээж авч байна.  Энэ бол элдэв бичиг цааснаас өөр ойлголт гэж хэлсэн гэнэ лээ.

-Та эцэг эхээс ах дүү олуулаа юу?

-Би эх эцгээс зургуулаа.    

-Бүгдээрээ сайхан дуулах уу?

-Ер нь голдуу дуулна даа. Хүүхдүүд нь хүртэл одоо урлаг руу хурдлаад  л байх юм байна ш дээ.

-Танай хүүхдүүд урлагаар явж байна уу?


-Яг урлагаар яваагүй. Гэхдээ медальтай энэ тэр хүүхдүүд бий.  Манай ач алт, мөнгө, хүрэлтэй. Одоо зургадугаар ангийн хүүхэд байна.
 
-Одоо та нарын үе шиг саалийн бригад дээр ч шууд зогсоод л дуулж байхаа больсон.  Бүх дуучид фонаграмм энэ тэр гээд электрон хөгжим ардаа тавиад  дуулдаг. Их амар болсон шүү дээ. Та тийм фонаграмм энэ тэртэй болов уу. CD гаргав уу ?

-Гаргаагүй ээ. Хэдэн дуугаа бичүүлсэн. Монголын радиод бичүүлсэн 20 гаруй  дуу байдаг юм. Алтан фондонд. Миний хувьд  дурсгалтай дуунууд маань байдаг.

-Тэр дуунуудаа авав уу?

-Аваагүй. Авах л санаатай байгаа. Бид нар тэрний талаар хөөцөлдлөгөө их муутай. Ер нь тэр үеийнхэн чинь дуулчихаад л яваад өгдөг байсан улс шүү дээ. Харин нэг сайхан санагддаг юм байдаг юм. Далан хэдэн онд “Хүсэлтийн хариу”-аар миний хоёр гурван дуу явж байсан. 80 он хүртэл ер нь  “Хүсэлтийн хариу”-аар баргийн улсыг дуулуулдаггүй байсан юм шүү. Ерөөсөө л тоотой хэдхэн хүн дуулна л даа. Норовбанзад, Түмэндэмбэрэл, Адарсүрэн, Хоролсүрэн, Нансалмаа, Банзрагч, Оросоо, Зангад, эстрадын Оюунчимэг, Галхүү гээд тоотой 30-аадхан дуучид дуулдаг байсан юм даа. Тэр үед миний “Алдрайхан чи минь”, “Гарын арван хуруу” хоёр явж л байсан юм байна лээ.

-“Алдрайхан чи минь” гэдэг чинь нээрээ их гоё дуу шүү ?

-Хэнтийн мундаг ерөөлч магтаалч Агваанжамбал гуайн зохиосон дуу даа. 1977 онд Хэнтийд болсон уулзалтан дээр миний дууг сонсчихоод их л  баярлаж байсан юм.

-Төв бараадъя, хот сууринд очиж хүчээ үзье гэж ер нь бодож байв уу. Тийм санал ирж байв уу?

-Төв бараадъя гэж бодож байгаагүй. Цэргийн чуулга хоёр удаа авч явах гэж сандаргасан. Аймагт цэрэг татлагаар 70 оны эхээр чинь дуулаад л очно. Том цэргийн дарга нар чинь “Энэ нөхөр цэрэгт явсан уу”- гээд л яваагүй гэхээр ” Авч явна, цэргийн ансамбелд аваачна” гээд чангаана. Хоёр ч удаа тэгж сандаргаад. Дараа нь би насаа ахиулаад цэргээс мултарчихсан.

-Одооны залуу дуучдын талаар ямар сэтгэгдэл төрж байх юм. Бүр үнэхээр төрчихсөн юм даа гэх дуучин харагдаж байна уу?

-Сайхан дуучид байнаа байна. Ган хоолойт Ганзориг байна, манай Далантай байна, талийгаач Ганбаттай бол юу ярихав. Мундаг гайхалтай сайхан дуучин байсан. Сайхан сайхан улс байх юмаа. Хоёр Болдбаатар хоёулаа л аятайхан дуулах юм даа. Манай Жавхлан байна.  Хүний патентэн дээр гэх юм уу даа. Юу гэж хэлмэр юм. Өмнөх үеийн гайхамшигтай сайхан дуучдын бүтээлүүдийг шууд эзэмшээд, бүр дордуулаад явчих нь жаахан эвгүй санагдах юм. Бидний үед бол Оросоо, Банзрагч хоёрыг дуурайж дуулж болохгүй гэж байсан. Миний тембртэй их төстэй. Тэгэхээр би их эрлийз хэцүү болчихдог байхгүй юу. Эр хоёрын дундаас яг өөр юм гаргах гэж их зовдог байсан шүү. Яаж энэ хоёроос зугтаж дуулах вэ гэж.
 
-Одоо бол?


-Одоо бол өөр болсон. Харин ч сайн дуурайвал бүр их ашигтай юм шиг байна ш дээ. Муухай санагдаад байх юм. Ямарваа нэг хүнийг битгий дуурай. Чиний өөрийн зам мөр чамайг урлагт хөтөлж явна гэж багш нар маань хэлдэгсэн.   Тэр л номоор явсаар байгаад хорвоог тууллаа ш дээ.

-Сумдаар явж тоглодог хэвээрээ юу?

-Манай театр  шинэ машинтай болсон.  Сүүлийн долоо найман жил сайн явсан. Би саяхан хүртэл Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн 25 сумаар ороод ирсэн. Хэдэн хүүхэд дагуулаад л явдаг юм даа. Хүүхдүүддээ заах маягтай. Дунд нь дуугаа дуулчихна.

-Ерээд оны эхээр Х.Батдорж гээд сайхан дуучин гарах нь гэтэл алга болчихсон?


-Х.Батдорж маань театртаа ажиллаж байгаа. Их сайхан хоолойтой. Материал сайтай. Өөрөө их сайхан томоотой хүү байгаа юм. Наяад оны сүүлээр Хайдав гуай, Жаргалсайхан гуай энэ тэр их сонирхож байсан юм.

-Одоо энэ Доржсамбуу гарьдийн ах Пэрэнлэйсамбуу гэж дуучин байсан. “Амьдрал хайр дээр тогтдог” гээд л дуулдаг байлаа. Тэр хүн хааччихсан бэ?


-Анх тэр дууг гарангуут л ер нь Цэрэнчимэдийн дараа  манай Пэрэнлэйсамбуу аман хүзүүнд л дуулсан даа. Тэр маань Гурванбулагтаа байгаа. Тэднийхэн удмаараа дууч улс. Хамгийн том ах нь дуулна, исгэрнэ.  Бүх ард түмний урлагийн үзлэгийн алт, мөнгөн медальтай. Ёндонсамбуу ч гэсэн сайхан дуулна.

-Үенч гуай бүжиглэдэг хүн байсан. Гэнэт Улаанбаатарт ирээд дуулдаг хүн болчихсон. Та Үенч гуайг хэр дуучин гэж боддог вэ?


-Манай Үенч чинь бүжигчин байхдаа дуулж байсан юм. 70 оны эхээр хүүхдийн дуу дуулдаг байлаа. Манай Ёндонгийн Дашгиваа гэж мундаг найруулагч байлаа.  Тэр хүн “Одоо чи өнөөдөр дуул” гэвэл дуулах л ёстой, дуулаад бай гэвэл дуулаад л байна. Найруулагчийн мэдэлд амьдар. Бусад нь болохгүй ч гэсэн дуулаад л бай” гэж хэлдэг байсан. Хүнийг ийм дасалжуулалт чинь и шахдаг юм байна. Тэр хүний их нөлөө их орсон гэж би боддог юм. Дээр нь цаашаагаа өсөж дэвжихэд нь,  дууны арга барилыг  эзэмшихэд нь түүний хань Балданцэрэн их нөлөөлсөн гэж би боддог.  Манай Балданцэрэн бол авьяастай, өдөлмөрч, ухаалаг хүн. Ер нь Даашка багш, Балданцэрэн хоёрын нөлөө Үенчид их шүү.

-Тэд одоо төрөлх театраараа очдог  уу?

-Очдог. Саяхан хүртэл хүүхэд нь Буриадын Ардын жүжигчин болоод тоглолтоо хийсэн ш дээ. Бөөнөөрөө очоод сайхан тоглотоо хийгээд сайхан байсан. Эднийхэн чинь бөөнөөрөө авьяастай.

-Хамгийн сүүлд ямар гоё шинэ дуутай болов, та?


-Сүүлийн үед Цогт тайжынхаа тухай нэг дуу дуулсан. Манай Бат-Очир багшийн хөгжим. Монголын радиод бичүүлчихсэн байгаа. Тэ дуу маань уртын дууны хаялагатай, нэлээн том дуу болсон гэж бодож байгаа.

-Уртын дуу ер нь та дуулж байсан уу?

-Уртын дууг намайг дуулуулаагүй. Сүүлийн үед хувиараа оролдож л байгаа. Сурсан гэж хэлж болохгүй. Тэр худлаа. Уртын дуу бол Монголын сонгодог. Тийм юм дэлхийд байхгүй учраас тэрэнд хэн дуртай нь гар хүрч болохгүй.

-Н.Норовбанзад гуайтай уулзаж байв уу?

-Уулзаж байсаан. 1984 онд манай тэнд тоглолтоор очсон юм. Тэгээд нэг сонин юм ярихад Норовбанзад гуай манай уртын дуучин Шагжаа ахыг  их үнэлж байж билээ. “Танай Шагжаа онцгой авьяастай хүн шүү” гэж. Тэгээд намайг  “Чи богинын дуу дуулдаг юм байна . Чиний хоолойн өнгө цэвэрхэн юм байна” гэж. Ийм том хүн агуу хүн манай театрт дуулчихаад Шагжаа ах бид хоёрын талаар үг унагачихаад явна гэдэг бахархал шүү дээ. Бусад энгийн улсад яаж буухыг би мэдэхгүй. Гэхдээ урлагийн тоосонд амьдарсан мань мэтэд агуу их Норовбазадаас үг сонсоно гэдэг нэг л тохиолдох зүйл шүү дээ.  

-Одоо ч тэгээд хотоос очсон энэ шинэ дуучид театрын та нартай уулзах юм уу?

-Өө. Тэгэхгүй. Уулзаад юм асуусан ч дугарахгүй дээ. Тоглочихоод л мөнгөө л бодно уу гэхээс. Тэнд байгаа урлагийнхантай уулзаж учирч, тэгж ярих хөөрөх, урлагийн хүн гэдгээ өргөн утгаар нь хүндэтгэж үздэг дуучин ховор л болчихсон юм билээ.

-Тэднээс ч та юу сонсох вэ дээ. Тийм биз дээ?

-Бараг л. 

-Танд би тэр дууг л дуулах байсан юм даа гэж шунаж явдаг дуу байдаг уу?

-Би Банзрагч гуайн “Сайн нөхрийн ерөөл”, “Сийлэн бөөр” энэ тэрийг дуулж байсан юм. Тэгээд Монголын радио дээр очсон чинь Хаянхярваа гуай” Банзрагч дуулдаг юм яах юм бэ” гээд болиулчихсан юм. Тэрнийг би уг нь сайхан дуулаад бичүүлдэг байсан юм. Татагдаад болдоггүй байж билээ.

-Таныг хайрын дуу бараг дуулаагүй байх гэж бодох юм?

-Ховор шүү.

-Хайрын дуунуудаас дуулж байсан хамгийн гоё дуу тань ямар дуу вэ?

- “Гарын арван хуруу” л юм даа. Яаж хайрын дуу биш гэх юм. Н.Жанцаноровын “Уран гоо” байна. Тохиолдлын маягаар бол дуулсан дуунууд бий л дээ.

-Та театрт 40 жил ажилласан дуучин. Одоо хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

-200 мянган төгрөгний цалин л авна даа.

-Яагаад?

-Ерөөсөө л хэмжээ нь тэр дээ.

-Амьдралд хүрч байна уу?


-Амьдрал тэгээд л болно ш дээ. Хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг утгаараа. Цалин бага байна гэж би ерөөсөө бодож үзээгүй хүн байгаа юм. Би чинь дагалдан жүжигчний 250 төгрөгөөр есөн жил явсан хүн шүү. Тэгээд дөрвөн хүүхэдтэй. Тэрийгээ болгоод л. Социализмын үед болж байсан. Одоо 200 мянган төгрөгөөр болно ш дээ. Хөрөнгө энэ тэр гэж юм бодогдохгүй. Дээр үеийнхээ үзэл суртлаар явчихсан даа. Цалин буухыг нягтлан, няраваасаа асууж үзээгүй. Цалингаа аваарай гэвэл авчихна. Сүртэй хөдөлмөрлөчихсөн биш, 24 цагаар ажиллачихсан биш гэдэг л бодолтой явдаг юм ш дээ. Ерөнхийдөө жаахан хэнхэгдүү. Нэг их юм бүтээгээгүй ч гэсэн ажил таслахгүй юм сан, цаг тохирсон бол тэрийгээ барьчих юмсан гэсэн жаягаар л хорвоог ер нь барж байгаа юм даа. Миний нөгөө зарчим  шударгадуу байхыг хичээдэг. Найз нөхдийнхөө өдөөс харж байгаад дутагдлыг нь хэлчихдэг. Зарим улсууд халчихаараа л айхтар шударга, айхтар баян, айхтар найзтай болоод ирдэг юм. Надад тийм зан байхгүй.

-Булганыхан нэг дуу хийгээд байгаа сурагтай. Та дуулав уу?

-Соёмбын үг, Цэвээнравдангийн ая “Босоо хиймортой Булган хангай” гээд дуу. Манай дөрвөн залуу 90 жилийн ойгоор дуулна. Сургуулилт хийж байгаа. Сайхан дуу болсон байна лээ.