Товчхон

Дарамсала- Далай ламын суугаа газар. Гэхдээ энэ бол Энэтхэгийн Химчал Пара­дейш мужийн Кангра районд байх уулын жижигхэн хот. Хэдий уулан дээр ч гэлээ нэг л нэвсгэр. Чухамдаа бол Далай ламын өргөө Дарам­салагийн Маклеодганж хэ­мээх дүүрэгт байх ажээ. Яг уулын орой дээр. Маклеод­ганжийг “Дээд Дарамсала” гэх нь ч бий. Уулын орой гээд бас шалихгүй. Далайн түвшнээс ердөө 1457 метр. Доод Да­рам­салагаасаа 460-аад мет­рийн дээр. Энэ хэсгийг “Бага Лхас” ч гэнэ. Манайханд их танил болж байгаа газар. Буян заяагаа даатгах гэсэн мон­голчууд тасрахаа байжээ. Бээжин-Дели хоёрын хооронд шууд нислэгтэй болсон нь бөөн завшаан. Найман цагийн газар. Энэтхэг, Монгол хоёрт цагийн зөрөө ажиглагдахгүй. Ердөө хоёр цаг гучин минут. Делигээс автобусаар 12 цаг гаран давхиад Дарамсала хүрнэ.

Буян ба монголчууд

Өнгөрсөн оны сүүлээр Дарамсалад Далай лам “Баг­шийн ёог” сэдвээр лекц унш­лаа. Эртнээс улбаатай гай­хам­шигт сургаалыг өнөөгийн бидэнд тайлбарлах гэж. Буян­тай ажил. Манайхан энэ сур­гаар тийш хөвөрлөө. Замын зардалтай, завтай бас дээр нь “буян”-тай хэсэг нь. Гандан бараг тэр чигтээ. Харин Чой хамба бие чилээрхүү учир явсангүй. Жирийн сүсэгтэн ч олон. Эгээ л Монголдоо бай­гаа юм шиг санагдсан. Гэхдээ тоог нь гаргаж хараахан чад­сангүй, гээд “нүгэл” болохгүй байх аа. Энэ газар монгол­чуудын сүсэг бишрэл дээд цэгтээ хүрдэг ажээ. “Чингис хаан” нисэх буудлаас эхлээд Дарамсала хүртэл монгол­чуудын сүсэг бишрэл зөвхөн өсөх графикаар дүрслэгдэнэ. Ухаан нь, онгоц хүлээнгээ очкоовны 500-гаар муушги­даж байсан улс тэнд очоод махнаас гарна. Энэ хооронд хорвоогийн бүх юманд “нүгэл”, “буян” гэдэг хоёрхон нэр өгч эхэллээ. Харин чухам юуг “нүгэл, буян” гэдгийг тоймтой хэлээд өгөх хүн ховор. Надтай таараагүй ч байж мэднэ. Лекц эхлэхээс хоногийн өмнө Далай багшид хэдэн монгол хүн мөргөх завшаан тохиов. Бид өөрсдийгөө “буян заяа нь дэлгэрсэн улс” гэж тодорхойллоо. Далай ламтай уулзахын тулд урьдчилан зөвшөөрөл авах, цаг тохирох, хүний тоог яс тогтоох, мэ­дүүлэг бөглөх, паспортоо шалгуулах, нэгжүүлэх зэрэг “хүнд суртал” байдаг аж. Энэ бүхэн нөхцөлдөн бүтэж ор­донд нэвтрэх хүртэл “буян” л бүхнийг шийддэг хэмээн турш­лагатай “буян”-тан айл­гана. Бидэнтэй орох байсан хэдэн хүний “буян нь дутаж” Делигээс гарч амжаагүй тул төдий тооны хүний “буян дэлгэрэв”. Бусдын “буян”-ыг дэлгэрүүлсэн тэдний “буян дутсан” биш харин бусдад “буян боллоо”. Хэрэмний дотор хүлээл­гийн жижиг сэхээвч байх аж. Тэнд сандал ширээнээс гадна олон модон цар тавьсан байх нь “өргөл барьц”-аа цэгцэлдэг газар болохыг илтгэнэ. Хэдий нэлээд тооны монгол байсан ч хоорондоо толхилцож, ха­раал урсгах хүн гарсангүй. Ямар нэг илүү үйлдэл “буян”-д нь сэв суулгана гэсэн үү эсвэл Далай ламтай нүүр учруулах болсон “буян” нь номхотгов уу, бүү мэд. Харц, суудал, амьсгаа нь хүртэл намуун зөөлөн аястай болов. Энд ирээд худалдаж авсан эрхиэ эргүүлэн амандаа маа­ни гөвтнөцгөөнө. Манайхны “буян” жигдэрчээ. Нэг сэргэ­лэн “буян”-тан зургийн аппа­рат­тай ороод ирсэн байна. Уул нь ийм зүйл хамгийн хориотой. Гэхдээ энд сэргэ­лэн зан үнэгүйднэ. Гагцхүү бидний “буян”-д ганц аппарат багтаах нөөц байжээ гэсэн үг. Мөргөлчид хадагнаас гадна бөөрөн дээрээ тусгай үгтэй мөнгөн аяга, дугтуйтай мөнгө, ноолууран цамц гээд хэр хэрээрээ өргөл зэхсэн байх аж. Төдөлгүй Далай ламын өргөөний хүлээлгийн тан­химд орууллаа. Бидэн дээр хоёр ч төвд нэмэгджээ. Нэг нь өвгөн лам, нөгөөх нь Норвегиос ирсэн “даши дэ­лэк”-ээс өөр төвд хэлгүй ч үндэснийхээ дээлийг өмссөн ахимаг насны төвд эр. Ингээд хүлээсэн мөч ирж биднийг хонгилд дуудан гар­гахад Далай лам тосон авч эхнээс нь ээлж дараалан адис хүртээлээ. Дараа нь биднийг ордны гадаа байраа эзэлсэн хойно Далай лам дунд ирж зогсон зураг татуу­лав. Мөргөл ерөнхийдөө дуус­чээ. Гэтэл хэн нэг нь “энийг одоо яах вэ” гэж туршлагатай “буян”-тандаа хандлаа. Тэ­рээр бүх хүний гар дахийг нийлүүлэн Далай ламаар “үлээлгэх”-ээр хамгаалалтын албаны хүнийг гуйв. Далай багшийн амьсгалаар илбүү­лэх гэсэн зүйлс нь мөнгө төгрөг, хадаг яндар, даллагын уут бас улаан, шар, эрээн утас ажээ. Төдөлгүй “шид” орсон зүйлс эзэн эзэндээ эргэн ирж бид гадагшаа гар­лаа. Ордны хашаанаас гараад “буян”-аа баталгаажуулан дахин зураг татууллаа. Хүн бүхэн өөрийгөө “буян”-тай гэдэгт итгэл төгс болсон харагдана. “Буян” дутвал Далай багштай авахуулсан зураг тэр чигтээ эсвэл зөвхөн тухайн хүний дүрс нь гар­даггүй гэх яриа сэтгэл эмзэг­лүүлнэ. Энд иррациноль сэтгэхүй бүрэн ноёлдог юм.

Сүсэг ба “сүн чэ”

Хуваарьт өдрөө лекц эхэл­лээ. Уг нь жинхэнэ сү­сэгтэн үүнийг төвдөөр “сүн чэ” буюу “их айлдвар” гэж нэрлэнэ. Бас “ном айлдах”, “ном тавих” ч гэнэ. Агуулгын хувьд бол буддын шашны багшийг шүтэх ёсны тухай лекц байлаа. Энэ удаагийн лекц ерөнхийдөө монгол­чуудад чиглэсэн гэх үг бидний “буян”-ыг арвижуулж, тэр хэрээрээ “нүгэл”-ийг нимгэл­нэ. “Сүн чэ” эхлүүлэх ёслолд монголчууд түлхүү оролцов. Далай багшийг ордноосоо гарч ирэн суудалдаа хүрэх замд монголчууд багцалсан хүж барин дагалдана. Монгол унзад уншлагын ян татна. Лекцийн дундуур өдөрт нэг удаа 4-5 монгол Далай ламд мандал өргөнө. Тэгэхдээ Дээрхийн гэгээнийг ном сур­гаалаа айлдаж буйд нь талар­хал илэрхийлэн бяцхан барьц барина. Тэр нь ойролцоогоор нэг хүний 500 ам.доллар гэж сонсогдсон. Харин нэг мун­гинуу эр хамаг мөнгөө барь­чихаад хагасыг нь эргүүлж авах арга байна уу хэмээн лам нарыг царайчилж явсан. “Буян”-аа нэмж, “нүгэл”-ээ нимгэлмэр гэж, баахан инээ­сэн. Ер нь инээдтэй юм биш­гүй. Лекцэнд суугаа улс хүний өөрийнгүй үүрэглэнэ. Бүр хурхирах ч тохиол гарсан. Гэхдээ хажуу дахь нь “буян”-ы сэтгэлээр сүвээ рүү нь хатгаж “нүгэл”-ийн нойрыг нь үргээнэ. Гэвч тусаар бага юм билээ. Ингэн ингэн энд суух хэрэг байна уу гэж бодогдом. Зарим нь “буян”-ы сэдвээр буу хална. Лекцийн дундуур уламжлал ёсоор цай, боов тараахад биеийн чилээ гаргах сайхан боломж гардаг аж. Сураагүй хүнд удаан завилж суух гэдэг хэцүү. Өглөөнөөс үдэш хүртэл нэг суудлаараа. Дундаа нэг завсарлана. Энэ үеэр зөвхөн монголчуудыг махгүй бас үнэгүй хоолоор дайлна. Сандал, ширээ бүхий хооллох тусгай талбай хүртэл зассан байлаа. “Өргөлд өгсөн бүх мөнгө энэ бүхэнд яг таардаг гэсэн” гэх далд са­наагүй “буян”-лаг цуу сонсог­доно. Махгүйгээс бусдаар сайхан амттай хоол. “Буян”-ы үеэр мах идэхгүй, дан ногоо. Гэхдээ ургаж, төлжөөд, хагдардгийг нь бодохоор но­гоо ч гэсэн амьтай мэт санаг­дана, “нүгэл” л байх даа. Далай багшийн төвдөөр айлдсан номыг үндэстэн бүр өөрийн хэлээрээ орчуулан богино долгионоор цацсан юм. Богино долгионы радио бай­хад л болно. Монгол орчуулга өнөө л хэдэн зууны тэртээх хэлээрээ... Ялгамжаатайд номолсон дор... гээд л. За­римдаа хоцроод байгаа бо­лол­той, гэнэт авцалдаагүй юм яриад унана. Лекцэнд ирсэн хэрнээ гартаа үзэг, цаас барьсан хүн өдрийн од шиг. Харин хамт ирсэн нэгнээ харцаараа бүртгэж “буян заяа”-г нь тодорхойлно. “Сүн чэ-н дээр харагдахгүй юм аа” гэдэг үг “Чиний буян ч дээ” гэсэн утгатай. Уул нь энэ лекцийг Маклеодганжийн хаа­на ч богино долгионы радио­гоор сонсож болно. Далай багшийн лекц сүсэг биш­рэлээр дамжин сэтгэлд уус­на. Сүсэг байхад “буян” нь хаачих вэ. Баруунтайгуур суусан хятад (тайвань) гэлэнмаа Далай ламын бараанаар л мэлмэрүүлээд унана. Бай­чихаад бүр эхэр татна. Тэгс­нээ хөхрөөд явчихна. Уул нь Далай багшийн ярианд тийм реакц үзүүлэхээр зүйл нэгээ­хэн ч байгаагүй билээ. Сүсэг нь түүний сэтгэлийн жолоог булаасан биз ээ, зайлуул. Энэ тал дээр тэр энэ гэж ялгагдах юм бага. Хар нь ч, шар нь ч, цагаан нь ч адилхан. Зарим нь зүгээр л төвлөрөлд орохыг хичээн суугаа харагдана. Мэдээж ухаарч ойлгох гэж эрмэлзэн суух хүн байлгүй яахав. Хүний сүсэг янз янз. Гаднаас нь хараад мэдэж болох биш. Далай ламын сүр бараа хэний ч өвдгийг бохи­руулна.

 Free Tibet ба парадокс

Дарамсалад ойрол­цоо­гоор таван мянган төвд амь­дардаг гэнэ. Ламаа дагаж амьдраад сурчихсан улс. Дарамсалагийн нийт хүн ам 2001 онд 20 орчим мянга болсон гэдэг тоо байна. Чу­луу болгон дээр өнгө бүрээр бичсэн маанийн зургаан үсэг­нээс гадна Free Tibet гэдэг үг нүдэнд тусна. Энэ үг хана туурга бүхэн дээр харагдах юм. Юмс бодит байдал дээр биеллээ олох боломжгүй болохоороо уриа лоозонд хувирдгийг бид өнгөрсөн түүхээсээ мэднэ. “Орон бүх­ний пролетари нар...”, “Со­циализмын бүрэн төгс ялалт...” яалаа даа?! Төвдүү­дэд ямар ингэж хэ­лэлтэй нь биш, гомдоно биз. Төвдийн далбааны өнгө­тэй нэхмэл малгай, майк, футболка, тор, наадаг цаас гээд байж болох бүх хэлбэрт орсон Free Tibet гуниг төрүүл­нэ. Мөнгөнөөс маань хороох гэнэ. Save Tibet гэж бас бий. Иймэрхүү үг, үсэгтэй бэлэг дурсгалын зүйлс нь болхи, чанар муутай. Free Tibet гэсэн ханан зурагны доор Free Tibet малгай нэхээд зарж суугаа эмэгтэй Free Tibet-ийн үр шимийг өөрөөр амсч чадах­гүй л болов уу. БНХАУ-д нийт 2.5 сая төвд хүн амьдарч байгаа. Асуудал байдаг л байх.

Гэхдээ амьдрал нь өдөр өдрөөр дээшилж байгаа су­раг­тай. Далай ламын ордны дэргэдэх хийдэд ном уншуу­лахаар зогсоо түвдүүд төл­бөрөө юаниар хийж байна. Сониуч зан дийлээд хүний өгч байгаа мөнгийг тоолж үзлээ. Найман мянган юань, илүү ч үгүй дутуу ч үгүй. Олимп ойртох тусам ханш нь чангарч яваа юань Маклеодганжид чөлөөтэй хөрвөнө. Хятадын төвдүүд ийшээ ирэхэд бараг саад үгүй болсон гэнэ. One world-One dream гэ­сэн үгтэй ирэх олимпийн эмблэм бүхий зурагт хуудас хаа сайгүй. Харин бэлгэдлийн таван амьтны ганцаас бусдыг нь тарчилгасан байдлаар дүрсэлжээ. Хөлөөс нь дүү­жилж, амыг нь таглаж, гарыг нь гавласан харагдана. Гай­гүй ганц нь төвд үндэсний хувцастай аж. Хажууд нь “One world-many dream” бичигтэй плакат алба юм шиг байна. Тэнд бичсэнээр цагаач төв­дүүд 2008 оны тавдугаар сарын 15- 25-нд Дарамсалад өөрс­дийн олимпийг зохионо гэ­жээ. Болтугай, болтугай. Дуулх­наа цагаач төвдүүд 2002 оноос Miss Tibet зохиох болсон гэнэ. Анхны тэмцээнд таван бүсгүй оролцсон бол энэ жилийнхэд хоёр хүн урал­даад Маклеодганжийн унаган охин түрүүлсэн бай­на. Улсын дайтай улс болох гэж байгаа хэрэг юм уу даа. Энэтхэгт “Дэлхийн мисс” зохиох гээд яаж баларлаа. Гэтэл түвдүүд яг тэнд мисс тодруулаад байхыг бодохоор бахархмаар ч юм шиг. Үзүүш­тэй Free Tibet. Made in China-Boycott. Ийм бичиг бүхий цайны газар орсон. Гадны хүн бараг ор­доггүй бололтой юм. Хэдэн түвд банди буу халж сууна. Цэс нь бусадтайгаа яг ижил. Хоолны тал дээр Хятадын царай харахгүй байж дөнгөөд байгаа бололтой. Харин за­луу­сын олонх нь Made in China-гаар гангарчээ. Ер нь Энэтхэгт гайгүй чанартайг нь эс тооцвол хятад, турк бараа хахчихсан. Дэлхийн аль ч дэлгүүрийн жишиг, даяарч­лалын хишиг. Америк хүртэл ая талыг нь хардаг болсон Хятад эдний хувьд дайсан. Монголтой л адил. Мак­леод­ганжийн хамгийн том ресто­ран нь Chinese&Tibetan cuisine гэдэг тодотголтой. Хүсэл мө­рөө­дөл, бодит ахуй хоёрын ялгаа. Байсхийгээд л Хятадын эсрэг, Ху Жинтао­гийн эсрэг зултай жагсаал хийдэг юм байна. Энэ талын суртал­чилгааны элдэв мате­риалд өнөө найман мянган юань зарцуулагдах байх. АНУ, БНХАУ хоёрын хооронд Төв­дийн тусгаар тогнолын тухай яриа байхгүй. Хүний эрх энэ тэр гээд “шалихгүй” юм бол бий. Саяхан Тайваньд Эх газрын талыг баримтлагчид төрд гараад ирлээ. Ганцаард­сан Free Tibet. Гэвч төвдүүдийн сэтгэ­лийг сэргээх юм бас бий. АНУ энэ жил Конгрессын алтан медалиа Далай ламд гар­дуулжээ. Тухайн үеийн бич­лэ­гийг DvD байдлаар зарах юм. Заримдаа “үнэгүй” үзүүл­нэ. Шавж зогсоод, наминчлан үзэцгээнэ. Ангела Меркиль хатагтай бас Далай багшийг урьж уулзсан. Энэ бүхэн үнэндээ бол Хятадыг чимхэж байгаа хэрэг л дээ. Нобелийн шагналаар гараагаа авсан энэ мэт үзэгдэл Хятадад зо­риу­лагдсан нь хэнд ч илэрхий. Өөрийнхөө төлөө бусдыг золь­дог америк зангийн үзүүр нь. АНУ 1964 онд Далай ламд 180 мянган ам.доллар өгчээ. Үүгээр ч зогсохгүй Төвдийн зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд зориулан жил бүр 1.7 сая ам.доллар төсөвтөө тусгадаг байсан гэдэг. Одоо ч өгдөг байх. Янз бүрийн нэртэй сангууд зөндөө л байна лээ. Ер нь Дарамсалагийн олон газар бусдын хандиваар бос­соныг хадсан пайз нь гэр­чилнэ. Ахмадыг асрах газар, музей, сургууль, номын сан, дүрвэгсдийн байр, нийтийн халуун ус. Ричард Гирээс аваад АНУ дахь монголчууд ч хандив өгсөн байна. Дэлхий нийтээс дэм хүссэн Free Tibet. Гэхдээ төвдүүд сүрхий улс. Маклеодганжийн бараг бүх үйлчилгээний газар төв­дүү­дийн мэдэлд. Тэнд хар бор ажлыг энэтхэгчүүд л хийнэ. Ганц энд ч биш бүр Делид ч төвдүүд бизнесийн тодорхой хувийг атгадаг гэнэ лээ. Бие­л­лээ олсон Free Tibet гэвэл ямар вэ?! Яадгаа алдсан төвд ганц нэг харагдавч тал нь шахуу гуйлга гуйдаг энэт­хэг­чүүдээс сондгой. Төвдүүд энд иргэний харьяалалгүй ч аргыг нь олбол баруун руу цагаач­лах боломжтой. Бараг өрх бүрээс нэг хүн ийм шугамаар га­даг­шаа гарч бусдыгаа тэт­гэдэг гэж хүн хуучилсан. Хайраараа ч юм уу, хачин сонин юманд татагдамхай араншингаар ч юм уу ба­руу­ныхан төвдүүдтэй гэрлэх нь элбэг ажээ. Шар толгойтой хэд хэдэн хүүхэн жинхэнэ “natural” эр хүн суга­даад алхаж явна. Цаадах нь ямар чанар хүүхэнд таалаг­даад байгааг гадарладаг бололтой. Урт хар үсээ задгай тавьж, дээлээ сугалдаргалан том том алхана. Найдлага сугад­сан Free Tibet. Жавахарлал Неру 1960 онд Далай ламын хүсэлтийг хүлээн авч энэ газрыг Төв­дийн дүр­вэгсдэд зааж өгчээ. Тэд ч Дүрвэгсдийн засгийн газар байгуулж Далай лам түүнийгээ тэргүүлэх болсон байна. Пар­ла­ментын гишүү­дийг нь ард­чилсан сонгуулиар сонгоно. Энэ нь Хятадад үл­гэр дуурайл болох учиртай. Одоогийн Ерөн­хий сайд нь 69 настай Лувсан Данзан хэмээх лам хүн. Тэрээр, 2001 онд болсон сонгуулиар 29 мянган санал буюу 84 хувиар үнэм­лэхүй ялалт байгуулжээ. Энэт­­хэгт байгаа төвдүүдийн тоо хэдийнэ 100 мянга давсан гэнэ. Гэвч аль 1969 онд Далай лам өөрийн­­хөө институцийг БНХАУ-д байгаа төвдүүдийн хүсэл зоригоос бүрэн шалт­гаална хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Нутагтаа үлд­сэн хэд нь одоо ямар бодол­той болсныг бүү мэд. Энэ хооронд хүний нэг үе солигд­жээ. Хятадаас ирсэн төвд бүсгүй гэр рүүгээ утсаар ярихдаа хятад хэлээр ярихыг сонссон. Дүрвэгсдийн Зас­гийн газар долоон яамтай, гол нь төвдийн соёл, уламжлалыг сурталчлах. Энэ сувгаар дэлхий нийтийг өөртөө хан­дуулахыг хичээнэ. Харин соё­лыг иргэншил хэдийнэ залгиад эхэлснийг Маклеод­ганж, Маж­ну Ка Тила (Дели дэх Төвд хороолол)-гийн амьд­рал но­тол­но. Жамаараа яваа Free Tibet.

 Манай ба хүний лам

Далай багшийг лекц унших үеэр Дарамсала лам нарын хөлд дарагдлаа. Хаашаа л харна буддын хувраг. Хар, шар, цагаан. Бүгд улаан шарыг тунаруулжээ. Чухам аль газраас ирснийг нь таахад ч хялбар. Цагаан арьст хуврагууд содон харагдана. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд. Ямархан учирлаар энэ замыг сонгосон юм бүү мэд. Хайрлаж дурлах нь хүртэл ISO стандартыг хангаж байх учиртай бүтэж үхэм иргэншлийн шоронгоос л зулбаж яваа амьтад болов уу. Миний л бодол. Эвий дээ, хүний зовлонд төгсгөл байх биш. Төвдөд буддын шашныг амжилттай дэлгэрүүлсэн ловон Бадамжунай “төмөр шувуу нисэхийн цагт буддын шашин улаан нүүртний оронд дэлгэрнэ” гэсэн гэдэг. Үнэн бололтой. Харин Далай багш баруунд лекц унших бүртээ “хүн өөрийн унаган соёлыг дагах нь дээр” гэж хэлдэг.

    Тайваниас олон хувраг иржээ. Мөнөөх сэтгэлийн хөөрөлтэй гэлэнмаа тэдний нэг нь. Их газрын Хятадын нөлөөнөөс ямагт эмээдэг тэдний нэг хамгаалалт нь шашин болжээ. Тайваньчуудын тусгаар тогтнолын тэмцэл яв явсаар соёлын хүрээнд шилжсэн ба түүний том жишээ нь төвдийн буддизмд зарласан хайр юм. Бүр тусгай сангууд хүртэл байдаг. The Corporate Body of the Buddha Educational Foundation гэж байгууллага бий. Төвдийн буддизмтэй нягт хамтран ажиллана. Буддын шашны ном бүтээлийг үнэ төлбөргүй хэвлээд өгнө. Манайхан ч андахгүй. Зурхайч Тэрбишээс аваад академич Авдай хүртэл тэдний аяыг олоод баахан ном үнэгүй хэвлүүлсэн байдаг. Бодвол өөрийнхөө номыг “шашны юм” гэж панаалдаа биз. Уул нь тэр хоёрын хоолоо олдог арга шашинтай даанч хавьтахгүй л дээ. Юутай ч тайваньчууд Далай лам болоод шарын шашинд элэгтэй улс. Лам нараас нь гадна тайвань сүсэгтнүүд ч олон байлаа. Тэд бусдаас бийлэгжүү.

    Хөх саарал хувцас өмссөн солонгос хуврагууд мэр сэр үзэгдэнэ. Мөн цув шиг урт шар өмсгөлтэй япон хувраг ганц хоёрын зэрэг байх. Зэнгийн эдгээр хуврагуудыг гаднаас нь харахад гайхалтай даруу бас цэмцгэр ажээ. Мулзайтал хуссан сахал үс, жижиг үүргэвч үүрсэн тэднийг хайхгүй л бол нүдэнд өртөхгүй. Ядахад тоо нь цөөн. Лекцийн дараа хүн бүр (ялангуяа монголчууд) Маклеодганжийн дэлгүүр хоршоогоор нэг дүүрдэг бол япон, солонгосчууд хаа нэг тийшээ алга болчихно. Надтай таараагүй ч байж мэднэ. Ер нь л даруу улс шиг билээ. Солонгосын сүсэгтнүүд их зохион байгуулалттай, дэг журамтайгаар лекцэнд суусан. Сурвалжлагч бололтой нэг солонгос хүүхэнд Дарамсала гойд нөлөөлжээ. Гартаа диктофон барьчихаад төрсөн сэтгэгдлээ буулгаж байгаа бололтой юм. Ямар нэг зүйл олж харахаараа дороо дэвхцэж байгаад л ганцаараа яриад унана. Сэтгэлийн амгалан ахуйд ноёлсон энэ газар орилж бахираад гүйгээд байгаа хүн “гажиг” харагддаг юм билээ. Нар үзэгдэхгүй болтол нь загалмай зоосон хойгтоо буцаж очоод сүрхий сурвалжлага нийтэлсэн байх гэж найдаж сууна.   

    Монгол лам нар бусдаас өнгөлөг бөгөөд сүрлэг. Олуулаа ч байлаа. Булцгар цагаанаа байг гэхэд мах мариатай хувраг таарвал ямар ч өмсгөлтэй байсан монгол гэдэг нь гарцаагүй. Хэдий төвд, монгол хоёр зүсээр адилхан ч өмсгөлөөр нь ялгаж болдог. Гэхдээ манайхан төвд маягаар банзал өмссөн явах нь элбэг. Гол ялгаа нь “буян”-ы тарга, хээнцэр ганган бөгөөд ихэмсэг төрх. Өндөр гэгээн анх загварыг нь гаргасан хуврагийн дээл эдүгээ хувь хүний хөрөнгө чинээ, зэрэг зиндаанаас хамаараад хоорондоо адилгүй болжээ. Ухаан нь, нэг нь торгоор, нөгөө нь пүүсүүгээр бас нэг нь цэмбээр гэх мэтчилэн хийж өмссөн лам дээлийг “номын хувцас” гэхэд хэцүү. Харин “загварын долоо хоног” гэмээр. Өнгөний хувьд ч өөр өөр. Бид сонголт сайтай улс. Улаанаас шар хүртэлх гэрлийн дипресэд багтдаг бүх өнгө алаглана. Монголын шашин “алга цоог” ажээ. Гоё ч юм уу, солонго шиг. Манай том, жижиг хийдийн хамбагуай нар хар хиазтай, хээтэй хээгүй улаан торгон дээл өмссөн нь Далай багшийн сүрийг дарах гэсэн мэт харагдана. “Буян” нь тэр юм биз ээ. Ер нь бид их ганган, хээмсэг улс гэдгээ хүний газар очиж мэдлээ. Гадас шиг өсгийтэй туфлиэр уулын зам даган бөгцөгнөж яваа монгол охин ч таарсан. Бусдаас л илүү гарч байвал юухан хээхэн ч хамаагүй өөртөө зүүнэ.

    Далим гаргаад сонирхуулахад Төвдөд ренбүчи олон байдаг шиг манай лам нар дунд “магистр”, “доктор” зэрэг цол хэргэмтэн олон бий. “Гавж”, “гэвш” гэх мэт шашны цол жулдаад байгаа аж. Номын амьдрал, хорвоогийн явдал хоёр гал, ус шиг харш боловч орчлонгийн хэмжүүрээр өөрийгөө тодруулах гэсэн лам монголоор л нэг байна. Сүүлийн жилүүдэд “Соёлын гавъяат зүтгэлтэн” хувраг олноор төрөх төлөв ажиглагдах боллоо. Та лам нарын гаргасан ямар нэг номыг аваад хараарай. Буддагийнхаас ч сүртэй CV олж уншина. Нэг лам жижгэвтэр ном орчуулаад өөрийгөө дараах үгээр тодотгожээ. “Хуврагийн чуулганы уламжлалыг дэлгэрүүлэх төвийн тэргүүн, дүвчин Данбивагийн хувилгаан Лувсанданбийнямын номын хүрдэнгийн сэрүүн ордны хуврагийн уламжлалыг дэлгэрүүлэх төслийн удирдагч...” Хүн шоолох нь “нүгэл” л дээ. Даан ч тэссэнгүй. Хүн нь хэдий чинээ бага байх тусмаа тодорхойлолт нь төдий чинээ урт байдаг аж. Далай багш нэрнийхээ ард “Шагжийн гэлэн” хэмээх даруухан тодотгол тавьдаг юм.

    Монгол лам нарыг сахил санваараа сахидаггүй гэдэг зэмлэл Далай багшийн зүгээс байнга ирдэг. Уншлага номоо ч дэг жаягаар нь уншиж чаддаггүй гэж банга донго хүртдэг бололтой юм. Саяын “сүн чэ”-ний уншлагыг монгол лам нараар уншуулсан нь үнэн хэрэгтээ шалгаж буй мэт санагдсан. “Сүн чэ” эхлэхийн өмнөх хоёр хоногт монгол лам нар уншлагаа нэлээд давтлаа. Урлагын үзлэгт орох гэж байгаа юм шиг. Үлдсэн цагт нь манай лам нар эхнэр хүүхэд, ээж аавдаа бэлэг цуглуулахаар дэлгүүр хэснэ. Маклеодганжид шашны эд зүйлийн дэлгүүр алхам тутамд бий. Тэндээс монголчууд бурхан шүтээний элдэв зүйл авна. Баяжуулдаг шидтэй гэх “Намсрайн бумба”-ыг бөөнөөр нь авч байхыг харлаа. Алладины дэнлүү маягийн эд юм уу даа. Амраг садангууддаа нэг нэгийг авч байгаа юм болов уу гэтэл үгүй гэнэ. Энд авчираад 200 мянгаар зардаг аж. Үнэхээр л шидтэй эд юм бол бусдад ямар ч үнээр байсан өгмөөргүй санагдсан. Өөртөө нэгийг авах гэснээ баяжуулдаг бумба зарж зогсоо төвд надаас ч ядуу болохыг нь анзаараад болчихлоо. Тэр “Намсрайн бумба” найдваргүй ээ.

    Тэнд байгаа төвд эрчүүдийн ихэнх нь лам. Хооронд нь ялгахын аргагүй гүрдгэр хөх юмнууд. Айлын хаяанд хавчуулагдаж суугаа улс арга байж уу. Далай багшийн ордонтой залгаа “Зүглигхан” хийд рүү оройн 20 цагаас хойш гадны хүн орохыг хориглодог аж. Тийм пайз байсан. Манай хэдэн лам энд ном үзэж байна. Тэд нар маань яг л төвдүүд шиг гүрдгэр хөх амьтад болжээ. Хариад харвин суулгангаа “номоо үзэж” болмоор санагдана. Тэндхийн нэг монгол ламтай жаал хуучилсан. Гол нь төвдүүдийн тухай сонирхсон хэрэг. Эцэг, эхийг нь хятадууд алчихсан гэж ярьдаг өнчин өрөөсөн лам нар олон гэнэ. Лам болохоос өөрөөр амьдрах аргагүйдээд хийдэд суугаа гэж нууцаа дэлгэдэг улс ч байдаг байна. Манай хүний ярьснаар төвд лам нар нөхөн үржихүйн асуудлыг алгасдаггүй бололтой. Гол нь нуух. Манайхантай л адил юм. Амьдрал л болсон хойно, хаана ч байдаг л асуудал.

    Монгол, төвд лам нар их ходий. Энэ удаагийн “сүн чэ”-нд монголчуудыг “өөдтэйхөн” оролцуулахын төлөө манай хэдэн лам танил тал, арга саам бүхнээ ашигласан. Далай багшид бараалхахад хүртэл тэр холбоо сүлбээ нь хэрэг болсон гэнэлээ. Монгол хүний овжин ухаан, арга эвийг нь олох чадвар гээд олон сайн чанарыг тэнд мэдэрсэн. Төвдүүдэд Монголын гадаад паспорт гаргаж өгдөг нэг бизнэс байх шиг байна. Энэ бол зөвхөн таамаг. Эрэлт хэрэгцээ ямар нэг аргаар хэзээд хангагддаг жамтай. Монголд өнөөдөр хичнээн төвд байгааг мэдэх хүн байхгүй л болов уу. Удахгүй Улаанбаатарт Далай ламын ивээлээр үлгэр жишээ хийд(хэнд үлгэр дууриал болох вэ?), “жинхэнэ төвд” лам нартайгаа бий болно. Тэр цагт манай хэдийн ханш унана. Өнөөдөр гэхэд л төвдүүдийн мэдэлд байдаг Бэтүб хийд бусдаасаа нэр хүндтэй. Элдэв ренбүчи нар байн байн манайхаар үзэгдэх болж. “Эрүүгийн хэргийн” улмаас хөөгдсөн ренбүчи өөр паспортоор дахиад ирчихсэн манаргаж яваад баригдсан удаатай. Паспорт бол байж болмоор, байвал унацтай байхаар бизнэс. Буддизм төвдүүдийн амьдардаг арга болчихсон ч тэдний өмч биш билээ.

 Гуйлга ба маркетинг

Энэтхэгийн тухай ярихдаа гуйлгачинг нь орхичихвол ямар хэрэг байхав дээ. Гуйлга тэнд хэвийн үзэгдэл. Энэ нийгэмд бүхэл бүтэн “гуйлгачин” давхарга байдаг аж. Делид дөнгөж хөл тавьсан хүний нинжин сэтгэл сэмэрнэ. Хаашаа л харна гуйлгачин. Гэрлэн дохион дээр зогсож байхдаа Д.Пүрэвдоржийнхоос ч илүү шүлэг бичсэн болно. Биднийг очих үеэр сэрүүний улирал нь эхлээд өдөртөө +10 орчим байсан болохоор гуйлгачны “ажлын нөхцөл” арай дөнгүүр харагдсан байх. Дөчин хэмээс дээш халуунд тас гэдэргээ савж унадаг өвчтэй (энэ бол маркетинг, удахгүй ярина) гуйлгачин “маргааш өглөө гэхэд үхчихсэн байгаасай” гэдэг ерөөл тавьдаг байх. Гэвч гуйлга гуйх нь тэдний хувьд бизнэс. Дотор нь хэд хэдэн төрөлд ангилж болмоор. Миний хийсэн ангилал маркетингийн чанартай гэдгийг сануулъя.

Өрөөл татанхайчууд. Гуйлга гуйх хамгийн сэтгэл эмзэглэм маркетинг нь энэ. Энэтхэгт очсон хэн ч мянган хүн тутамд ноогдох тахир дутуу, өрөөл татанхайн тоогоор энэ улс бусдаас хол тасарсан гэдэгт итгэнэ. 17 инчийн зурагт шиг толгойтойгоос аваад түнхээрээ мултарсан хөлөө ар нуруугаараа дамнуулан мөрөн дээрээ тохсон хүнтэй таарна. Дүрсэлж ярихад л зүүдэнд ормоор төрхтэй гуйлгачин бишгүй. Хүмүүсийн цуурх нь, нэгэнт доод кастад төрчихвөл өөдлөх боломжгүй учир эцэг, эх нь нялх хүүхдээ янз янзаар зэрэмдэглэдэг гэнэ. Тэгээд л зүрх шимшрэм төрхтэй “ажилчин” бий болно. Гар хөл нь санжигнасан, тасарсан хүнийг яваандаа эрүүл саруулд тооцохдоо тулна.

    Нялх хүүхэдтэй эхчүүд. Даг дайр болсон сайрийтай хүүхэн нүд нь гялалзсан халтар хүүхдээ алчуурт боогоод сугавчилсан байна. Мэдээж өрөвдмөөр. Өр нимгэн сэтгэлээр тоглох нь тэдний гол арга. Халтар хултар англи хэлээр “мөнгө өгөөч, хүүхэд өлсөөд байна” гэж яруухан хэлнэ. Задгай мөнгө сарвайвал авахгүй санаатай. Харин мөнгө биш сүү хэрэгтэй гэж ойлгуулна. Зааж байгаа сүү нь 100 рупи(3000 төгрөг). Эсвэл тэр дайны үнэтэй жүүс аваад өгөөч гэнэ. Нэг тийм эмэгтэйг жаал ажиглаж зогслоо. Гурван хүнээр нэг литрийн сүү тус бүр нэгийг авахуулсан. Ой хүрээгүй хүүхдэд долоо хоногийн хоолонд элбэг хүрэхээр сүү. Гэвч тэр ажлаа үргэлжлүүлсээр үлдсэн юм.

    Дарамтлагчид. Тэд нар насаар бага байдаг байх. Мөнгө өгөхөөс өөр аргагүй болтол дарамтлана. Мэдээж, өөрийн гэсэн “багаж зэвсэг”-тэй. Надтай таарсан хоёр жаалын ахмад нь бөмбөр зүүж, бага нь цан барьсан байлаа. Дэргэд ирээд хэдэн үг хэлснээ хөгжмийн зэмсгээрээ ая тоглохын оронд учир зүггүй пижигнүүлээд унана. Ядахдаа “бей бара-бан-шик, бей бара-бан-шик...” ч байхгүй. Сонсъё гэхнээ хөггүй ийм хөгжим үнэн лай. Хэдэн рупи өгөөд л салсан дээр. Эсвэл зугатчихаж болно.

    Уран сайханчид. Тэд дээрх жаалуудтай адил хөгжмийн зэмсэгтэй. Харин нот мэдэхгүй ч гэлээ ая тоглож чадна. Бүдүүн хулсанд чавхдас татсан тэр хөгжим нь яавч алдарт пийпа биш. Морин хуур шиг хөрөөддөг юм билээ. Нэг тийм дуниартаж манарсан халуун эсвэл өдөр шөнөгүй шаагих борооны амьсгаа мэдрэгдэхээр ая тоглоно. Өөр номер байхгүй. Хөгжимчид нэг аккордыг дахин дахин тоглоод байгаа нь огтхон ч сонсголгүй надад хүртэл илт байсан. Бас алба юм шиг бага насны хүүхдээр дагуул хийнэ. Багачуул өөрийн үүрэгтэй. “Ядарсан бидэнд мөнгө хайрла”, “Таньд гялайлаа” гэдэг үгсийг англиар эвлэгхэн хэлнэ.

    Бадарчингууд. Энэтхэг бол шашны өлгий нутаг. Чингис хаан аль ч шашинд ээлтэй ханддаг байсан гэдэг. Ямар харсан биш. Харин энд бол үнэхээр тийм. Хиндүгээс аваад бахай хүртэлх шашин бүхний бадарчин элбэг. Ердөө гуйлгачин гэсэн үг л дээ. Маркетингийн онцлог нь л “шашин” юм. Тэд шашин бүрийнхээ онцлогоор хувцасласан байна. Бариад авъя гэхнээ ч хувцасны тамтаггүй чармай шалдан ч хүн бий. Энэ бол Буддатай нэгэн үед аж төрж асан Махавирагийн шавь. Бүгд нэг гартаа жижигхэн никель сав, нөгөө гартаа таягтай явна. Хүрч ирээд ерөөл хэлснээр ажилдаа орлоо гэсэн үг. Эдний онцлог нь салж өгөхгүй зовоогоод байх нь бага. “Шаазгай баах” эсэхийг хэсэг харзнаад найдваргүй шиг бол дахин ерөөл хэлчихээд л дараагийн хүнийг чиглэнэ.

    Энэтхэгийн соёл таван мянга гаруй жилийн настай. Египет, Шүмэрийн соёл хэдийнэ музейн хоргонд орчихсон байхад эднийх “амьд бүхнээс амьд” гэдэг шиг байж л байна. Энэ соёлын нэг онцлог нь гуйлга. Хачирхах хэрэггүй. Цагтаа бидний багш Шагжамуни Будда ч гэсэн бусдын өглөгөөр гол зогоон бадар барьж явсан түүхтэй. Гутамшигтай юм огт биш. Манай хуврагууд уул нь хөрөнгө хогшил цуглуулах гэж нэр нүүрээ барахын оронд бадар барих номтой юм. Гэхдээ тэд маань бусдын бадар аяга руу алтан зоос атгаад чулуудах дайны хөрөнгөтэй болчихсон улс аа. Бахархууштай.

 Ариун цэвэр ба ариусал  

Ахуйн соёлыг эрхэмлэдэг бол Энэтхэг яваагүй нь дээр. Мэдээж дэлхийн жишигт хүрсэн зочид буудал, үйлчилгээ байлгүй яахав. Харин түрийвч тань нимгэн атлаа хамар жаахан шантгар бол больсон дээр л гэх гэсэн юм. Делигийн гудамжинд заан харж байгаа хүн (Энэтхэгийн тухай ярьж байгааг санана уу) огт сонин биш. Маклеодганжийн бохирын шугам гэдэг нь ердөө ил шуудуу байсныг ч дурьдмаар байна. Тийм бохирын шугам шууд л уулын уруу урсаж одно. Ойгоор явах үедээ зарим нэг булгыг нягталж байж амсахгүй бол горьгүй. Сэрүүний улирал таарсан учир Дели тоостой, харин шилмүүст ойгоор бүрхэгдсэн Дарамсала харьцангуй “ариун” байлаа.

    Салхины аясаар гэнэ гэнэ нэлхийх өмхий үнэрээр хүссэн, хүсээгүй амьсгалж л таарна. Хүн амьсгаа авахгүй байж яахин чадах билээ. Яахав, амаараа амьсгалж болно. Амтагдаад сүйд болохгүй. Эхэндээ эвгүй байдаг ч хэд хоногоос дасна. Бас “минийх ч гэсэн нийлсэн л байгаа” гэдэг бодол сэтгэл тайтгаруулна. Хаа сайгүй зардаг хоол, цайны хувьд мэргэжлийн хяналтынхан торгосон байлаа ч шударга ёсонд нийцнэ. Хувинтай усанд тавгаа хэд зайлаад дараагийн хүнд шилжүүлдэг юм. Хоолоо тавиад идэх ширээ, хутгаад ам руугаа дөхүүлэх халбага дутна. Энэтхэгийн хоолны соёл анхнаасаа халбага, сэрээгүй бүтээгдсэн аж. Харин “карри” хэмээх ерөнхий нэрийн доор элдэв халуун чинжүү өнгө өнгөөрөө бий. Маклеодганжийн хоолны газрууд зориулалтыг нь ялгахгүй ч гэлээ халбага, сэрээ өгч байсан. Энэ бүхнийг тоочвол нуршуу яриа болно. Ер нь мэргэжлийн хяналтынхан тэнд хийх юм ихтэй.

    Делигийн замын хөдөлгөөн манайхаас аймаар. Ядахад зүүн гарын дүрэмтэй болохоор эхэндээ эвгүй. Жолооч нар нь чагнаалаа хангинуулаад л зүтгээд байна. Ийм хөдөлгөөн дунд хоёр машин мөргөлдөхтэй таарлаа. Тас няс буугаад л явчихсан. Машинуудын гүүпэр нэлээд гэмтжээ. Хоёр жолооч нь буугаад ирлээ. Энд ирснийх нэг дорвитой юм үзэх нь гэж хүлээв. Гэтэл зодолдох нь байтугай монгол хэмжүүрээр бол олигтойхон ч хэрэлдсэнгүй. Хэн хэн нь толгойгоо бөнжигнүүлэн, гараа алдалж ирээд жаал ярилаа. Тэгснээ нэг нь духандаа гараа хүргээд машиндаа суугаад хөдлөв. “Арай ч дээ, нэг сайн шаагаад авахгүй”. Монгол ухаан ингэж шивнэнэ. Харин духандаа гараа хүргэдэг нь монголоор бол “үхэж байсан муу тэнэг п...” гэж байгаа юм гэнэ. Энэтхэгт олон жил болсон найз маань тэгж хэлсэн. Орчуулга нь зөв бол ч овоо л хараадаг залуусанж.    
  
    Энэ газар ер бусын амгалан санагдсан. Шашин соёлын нөлөө биз. Ахуйн соёлын үнэр ч үгүй тарчиг хороололд хэрүүл зодоон харахгүй. Энэтхэг киноны зодоон “шал худлаа” байдгийг ойлгох шиг болсон. Амьдрал дээр гар зөрүүлж үзээгүй улс чинь ямар юмаараа зодоонтой кино хийхэв дээ. Архи ч бага уудаг байх. Уусан ч шальдаггүй байх. Маклеодганжийн виски зардаг ганц дэлгүүр нь биднийг байх хугацаанд 17 цагаас хойш наймаа хийж байсан. Найзын маань ярьснаар Дели их хөлийн газар учраас элдэв муу юм ихтэй аж. Харин өөрийнх нь суудаг өмнөд Энэтхэг ер бусын амгалан тайван гэнэлээ. “Давагдашгүй хүчин зүйл”-ийн өмнөөс сөрж гүйхгүй ч, сөхөрч унахгүй байх нэг тийм ухаан лавтай байлаа, тэнд. Амьдралын жамаар өөрт тохиосон явдлыг ая зөнд нь хүлээн авна гэдэг өөрийн сэтгэлд хичнээн амар билээ. Энэтхэг бол бясалгалын өлгий, шашны хүлэмж. Гэвч энэтхэгчүүдийн бахархал болсон Гандигийн удмынхан бүгд бусдын гарт амиа алдсан нь түүх. Өнөөдөр Делид метро мэтийн их хөлийн газар орохын тулд металл хайгчаар заавал дайрч, сэжиг бүхий этгээдийг автоматтай цэргүүд сүрхий нэгждэг. Метрон доторх дэлгэцээр “Та суухаасаа өмнө суудал дор тань сэжиг бүхий зүйл байгаа эсэхийг шалгана уу” гэсэн титр урсана. Амирлангуйн зүрхэнд бөмбөг байж мэдэх аж. 

Хавтгай ба хавтгай дэлхий     
                
Эхлээд хүн төрөлхтөнд дэлхий байсангүй. Дараа нь бид хавтгай дэлхийтэй болсон. Төдөлгүй түүнийгээ бөөрөнхий болгосон. Одоо дэлхий эргээд хавтгай болж байгаа гэдэг. Тэгэхээр удахгүй бүр байхгүй болох биз. Дэлхийг хавтгайлж байгаа үндэстний нэг нь энэтхэгчүүд. Энэ тухай Томас Л.Фрийдманы номоос уншсан. Гэвч надад “чи бөөрөнхий бас тэгээд эргэдэг гэл үү?” гэж бөмбөрцгийг хавтайтал нь дэвсэлж байгаа улсыг нь харах боломж олдсонгүй. Харамсалтай. Харин Делигээс тал тал тийш тавьж байгаа давхар давхар замууд, данхайтал ачаа ачсан том тэрэгний үл тасрах цуваа нэгийг хэлнэ. Тун удахгүй энэ улс дэлхийн эдийн засагт нөлөөтэй болох байх. Хятадтай эдийн засгийн хувьд илүү их ойртож байгаа нь Дели-Бээжингийн шууд нислэгийн билээт олдохгүй байгаагаар тайлбарлагдана. Дели Энэтхэгийн нийслэл боловч эдийн засгийн төв нь Мумбай.

 Гэвч бас зай байнаа. Үүнийг хөдөлмөрийн хуваарь, ажиллаж байгаа байдал, хэрэглээ зэргээс нь харж болно. Аливаа мэргэжил, мэргэшил шаардсан ажлыг голдуу эрчүүд нь хийнэ. Үсчин, гуталчин, тогооч, жолооч, худалдагч нар нь бүгд эрчүүд. Эмэгтэйчүүдэд ажлын фронт бий, тэр нь барилга. Ямар ч зам барилга дээр нүсэр техник бараг харагдахгүй. Мэдээж шавар зуурагч энэ тэрхэн бий л дээ. Хүн төрөлхтөн караан гэж зүйл бүтээснийг огт мэдээгүй байх гэмээр. Толгой дээрээ долоон тоосго тавьсан бүсгүй залхуутай нь аргагүй ганц нэг алхана. Дөрвөн сайхан эр дундаа нэг жижиг тэрэг, ганц хүрзтэй шороо зөөж байхыг харлаа. Нэг нь лав дарга байх. Харин нэг нь хүрзний ишнээс атгаад нөгөө нь хүрзэнд уясан оосроос татан шороо хутгах аж. Ингээд зэрэг өргөн тэрэгний тэвшинд шороо хийнэ. Ярихад ч залхуу хүрмээр.

    Зах зээл хөгжихөд хэрэглээ хамгаас чухал. Гэтэл энэтхэгчүүдийн хэрэгцээ тун даруухан. Байр сууц гээд сүртэй юм хэрэггүй. Хувцас хунар нь ч ялгаагүй. Гол нь тэд ясны залхуу зантай байх. Ийм нэг түүх сонссон. Энэтхэг дэх Монголын элчинд олон жил цэцэрлэгч хийсэн нэг хүн байжээ. Манайхан идэвх зүтгэлийг нь үнэлээд цалинг нь 100 рупигээр нэмсний маргаашаас цэцэрлэгч ажилдаа ирсэнгүй, харин өөр хүн цэцэрлэгийг нь янзлах болж. Шинэ хүнээс учрыг нь асуувал нөгөө нөхөр мань эрийг хөлслөөд өөрийнхөө оронд ажиллуулж байсан гэдэг. За нэг иймэрхүү л сэтгэхүйтэй улс.

    Энэтхэгт хамгийн давгүй бизнэс нь цай зарах. Аяга цай ч байсан тусад нь чанаж өгнө. Монгол ухаанаар бол нэгмөсөн хэдэн битаанаар нь чанаад халуун саванд хийчихээд аягалж зогсмоор. Гэтэл үгүй, аяга цай бүрийг буцалган идээшүүлж, сүлээд аягалж өгнө. Зугаатай ч юм шиг. Цай зарж зогсоо эр нэлээд ажил хэрэгч төрхтэй. Энэтхэгт түмэн янзын төрхтэй таарна. Сүсгээсээ өөр өмчгүй бадарчингаас аваад дэлхийн номер нэг баян хүртэл бий. Дэлхийгээр нэг тарсан энэтхэгчүүд нутагтаа байдаг шигээ залхуу улс биш. Харин эх нутагт нь дэлхийн “хэлбэр дүрс” хэрхэн хувирч байгааг тоож сонирхдог хүн ховор ч юм шиг.

Жуулчин ба сүсэгтэн

Энэтхэг, Америк хоёрыг заавал үзэх хэрэгтэй гэдэг. Маклеодганж жуулчин татах юм ихтэй. Байгаль нь сэтгэл татам. Химлайн уулсын өмнөд үзүүр болох Дауладарын нурууны ноён оргил нь 5639 метр. Нэрийг нь орчуулбал “цаст хайрхан” болно. Дарамсала ер нь уулархаг газар. Энд нэг бол өгсөнө эсвэл уруудна. Тэгш газар гэж үгүй. Жижигхэн боловч үзэсгэлэнтэй цөөрөм бас хүрхрээ ч байгаа. Уулын цэнгэг булаг хаа сайгүй. Үзэх харах юм мундахгүй. Энэ ертөнцийн олон мянган хүний итгэл найдварын амьд бэлгэдэл болсон Далай ламыг зоригсод татрахгүй.

Маклеодганжид ирэгсдийн ихэнх нь сүсэгтэн. Зарим жуулчид эндхийн аж амьдрал, байгалийн сонин сайхныг үзэхээр ирдэг аж. Монголчуудын хувьд бол цэвэр “бурханы орон”. Энд IX Богд аж төрөн суугаа. Манайханд их талтай, монголчууд ч сүйд болно. Ренбүчи нар ч олон. Нэрийг нь жагсаавал нэлээд урт жагсаалт гарах биз. “Далай багшийн эмч” гэх өргөмжлөлтэй төвд эмч бий. Судас бариад л хамаг оношийг хэлдэг гэх ба үнэ төлбөргүй үзнэ. Харин хажууд нь байх эмийн сангаас бичиж өгсөн жороор нь эм авах учиртай. Үздэг хардаг, барьдаг илдэг улс ч байх. Төвдийн уламжлалт анагаах ухааны том эмнэлэг ч бий. Манайхан “сүн чэ”-нийхээ зай заваар эдгээр газруудаар заавал орно.

Далай ламыг лекц унших үеэр жуулчны тоо эрс нэмэгддэг бололтой. Миний буусан зочид буудлын эзэн дараагийн лекцэнд ирэх үү гэж асуусан. Харин лекцийн үеэр ирсэн сүсэгтэн газар оронтой танилцаад байх боломж багатай. Далай багшийн өмнө “үүрэглэж суусаар” хамаг цагаа өнгөрөөнө. Үлдсэн цагт нь дэлгүүр хэснэ. Өвөл болоод ч тэр үү, Маклеодганж 18 цагаас хойш үндсэндээ унтахаар зэхнэ. Манайхан ум хумгүй хэдэн газраар ороод буудлаа чиглэхээс өөр аргагүй. Гэхдээ жуулчны хот юм хойно баар, ресторан зөндөө. “Бүсгүй хүн бүтэн биеийн массаж хийнэ. Дотроос илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу” гэсэн тодотголтой салоон нэгийн зэрэг бий. Хажууханд нь ДОХ-ын эсрэг сурталчилгааны төв бүхий эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар харагдсан.

Мөн элдэв шидийн ёог, бяслгалын газрууд элбэг. Манайхны сайн мэддэг “Амьдрах ухаан”-ыг энд ч бас заадаг аж. Хэдхэн өдрийн дотор хинди хэл сургах дамжаатай зэрэгцээд хоромхон зуур “нирваан”-д хүргэх бэлдмэл ч байгаа. Жуулчин хүн хэдэн өдөр дотор амжуулаад үзмээр зүйл тун олон. Хурд нь сайнгүй ч интернэт кафе хаа сайгүй. Алхам тутамд олон улсын ярианы цэг бий. Бас олон улсын мөнгө гуйвуулгын “Moneygram”, “Westernunion”-ны салбарууд ч зөндөө. Энэ сувгаар л дэлхийн өнцөг булан бүрээс цагаач төвдүүдэд мөнгө цутгадаг байх. Доод Дарамсалагийн “Канграгийн эртний урлагийн музей” үзмэр багатай ч ороод гарахад гэмгүй газар. Маклеодганжийн ойр байх Дармакот, Багсу аль аль нь жуулчны нэгэн дүүрэг болохоор ид бүтээж босгож байна. Тэнд Кришнагийн хөөрхөн сүм байх агаад хүсвэл хажуу дахь задгай бассэйнд нь сэлсэн ч болохоор. Мөнгөтэй  бол энэ хооронд таксидаад л байна. Харин энэ уулын амуудыг өгсөж уруудан алхана гэдэг овоо ажил шүү. Дарамсалад Далай багш маань суудаг ч гэлээ хэний ч нүдэнд жуулчны хот гэдгээрээ илүү тод буух бизээ.

Гэлэн ба “Би”

Энэ газрыг зорихдоо Далай багшаас илүүтэй өөр нэг хүнийг олж уулзахсан гэж бодсон. Уул нь миний багш. Харин надтай “өөрөө” гэж ярьдаг. Тэгэхээр “багш ч юм, найз ч юм”. Гол нь тэр гэлэн өмнөд Энэтхэгт суудаг учир Делигээс цааш явах хэрэгтэй байлаа. Тэрээр “Эвдэрч үл дуусах сав ертөнц, Энэлж үл дуусах шимийн ертөнц, Эргэж үл дуусах гаслант орчлон, Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл”-ээс бүрмөсөн салахаар хатуу шийдсэн хүн. Делид буусан өглөөнөө Мажну Ка Тилагийн захын нэг гуанзанд цай уухаар ороход хүслэн болсон хүн маань өөдөөс хараад сууж байх юм. Үйлийн үрээс өөр өөдтэй тайлбар олдсонгүй. “Нүдэндээ ч итгээгүй” гэдэг үг үнэн болж, “хэлэх ч үг олдохгүй нь” гэдэг хэлц хоолой дээр тээглэж байлаа. Дөрвөн жил хэл сураг авалцаж чадаагүй билээ. Гэтэл тэр гэлэн өчигдөрхөн салсан аятай “юу байна” гээд инээх юм. ЮУ БАЙХАВ ДЭЭ...!!! Орчлонгийн тоосонд даруулаад бүрзийж л явна.

    Бид өдрийн хугасыг хамт өнгөрөөлөө. Жаал буу халсан. Хэдэн хүн дагаж Балба орчихоод буцах гэж байж. Делигээр хамтдаа хэсэг явсан. Сэтгэлийнх нь жолоо цулбуур гарт нь овоо орсон бололтой. “Гэхдээ хааяа Кока-Кола уумаар санагдаад байдаг юм” гээд инээнэ. Нэг л мэдэхэд орой болжээ. Салах цаг ирлээ. “За, баяртай” гээд маргааш дахиад уулзах юм шиг эргэж ч харалгүй яваад өгөв. Гомдох ч шиг. Араас нь бугуйл шидээд зогсоомоор санагдав. Харин түүний бараа харагдавч сэтгэл нь шал өөр орон зайд яваа. Би гэдэг амьтан “Гасалж үл дуусах орчлонгийн зовлон, Ханаж үл дуусах ертөнцийн хүсэл”-дээ хүлэгдэн хөдөлж ч чадахгүй манараад хоцорлоо. Баяртай, битгий эргэж ирээрэй.

Дарамсала ба бурхад

Дарамсалад очвол төвдийн дүрвэгсдийн байгуулсан олон хийд орныг үзэж болно. Өдгөө энд төвдийн буддизмын гэлүгба болон гармавагийн уламжлалын хийдүүд байна. Далай ламын ордны дэргэдэх “Зүглигхан”-д хийдэд Будда Шагжамуни, Жанрайсиг, Бадамжунай бурхад заларна. Энэ мэт сүм бүр өөрийн гол шүтээнтэй байдаг болохоор бурхан шүтээний тоо олон. “Бурхад Хималайд суудаг” гэдэг үнэн бололтой. Дарамсалад маш эртнээс индуизм, буддизм хоёр зэрэгцэн оршсоор иржээ. Төвдүүд бүүр VIII зууны үеэс л энэ хавиар нутаглах болж сүм хийдээ байгуулсан аж. Тэр цагт Дауладарын уугуул ардууд болох гадди нар ч суурин амьдралд оржээ. Гадди нар нь Шива, Дурга хоёрыг шүтнэ. Эд индуизмын политеист домгоор бол нэг гэр бүлийнхэн. Шиваг төвдөөр Жигдэнваанчиг гэх агаад индуизмын гурван гол бурхны нэг нь. Шива тэнгэр энэ орчлонг үйн ариусгагчийн үүрэгтэй бол Дурга бурхдыг гадны гэмт халдлагаас хамгаална. Харин 1848 онд британичууд энэ газрыг өөрийн болгож, 1852 оноос Кангра мужийн засаг захиргааны төвийг энд төвхнүүлсэн байна. Хэдий энэ газар бурхан хангалттай байсан ч британичууд “өөрийнхөө” бурхантай ирсэн байна. Ингээд Дарамсалад дахин нэг бурхан орон зайгаа эзэлжээ.

     Маклеодганжаас яльгүй баруун өмнө оршдог Форситганж хэмээх ойн дундах дэвсэг дээр англи маягийн сүм бий. Хэмжээний хувьд багахан нео-готик загвартай чулуун барилгыг 1852 онд байгуулжээ. Түүнийг “Гэгээн Ионны сүм” гэнэ. Ойн багахан чөлөө эзлэн орших уг сүмийн хашаанд олон тооны булш байх ба бүгд XIX зууны дунд үед хамаарна. Жирийн энэтхэгчүүд тэдгээр булшнуудын дунд зогсон зургаа татуулах юм. Нэгнийх нь хувьд ариун нандин зүйл нөгөөд нь зүгээр л сонин хачин санагддаг аж. Хүний хорвоогийн хэмжүүр түг түмэн янз. Мөн хэдэн жилийн өмнө сүмийн хонхыг хулгайч авч явах гээд буулгасан ч даалгүй орхижээ. Одоо тэр хонхыг хулгайчийн хаясан яг тэр газар нь бунхан маягийн зүйл бариад цоожилсон байна. Айдгаа авдрандаа хийжээ.

    Мөн Далай багшийн ордны доохон талд индуизмын нэгэн жижиг сүм байх. Тэнд сүсэгтэн үзэгдэхгүй. Нэлээд сүүлийн үед байгуулагдсан энэ “бурхны өргөө“-ий дээр голцуу нохой цуглана. Замын хажуугийн огцом өгсүүр дээр барьсан болохоор дээвэр нь газартай чацуу. Тэгээд л “нохойд ээлтэй” наран ээвэр талбай болжээ. Далай багшийн лекц эхэлдэг өдөр Маклеодганжийн гудамжинд дээрээ чанга яригч суурилуулсан жижиг тэрэг гарч ирлээ. Нэлээд мотоциклиор сүр нэмсэн эл машинаас “...Жэ, Шри Рам” гэх дуу хадна. Бас л нэг бурханд хандсан мөргөл, уншлага бололтой. Зарим газар зогсон хүссэн хүн бүрийн цохон дээр улаан зосоор тэмдэг тавин адислаж, атга атгаар нь попкорн өгөх аж. Хичээлээ тариад харьж яваа хүүхүүдэд попкорн маш их таалагдаж байлаа. Харин тодорхой өргөл өгсөн хүнд бол цэцгэн эрхи зүүж өгнө. Албаар энэ өдрийг сонгосон эсэхийг нь мэдэхгүй юм. Ямартай ч бусдын анхаарлыг хөөрхөн татаад авсан.

    Биднийг байх хугацаанд Есүүс Христийн төрсөн өдөр тохиолоо. Маклеодганжийн гудамжаар энэ тухай зарыг Далай ламын лекцийн зартай зэрэгцүүлэн олноор нь хаджээ. “Гэгээн Ионны сүм” дээр болсон ёслолд зөвхөн энэтхэгчүүд цуглаж эзэн тэнгэрийн магтууг дуулан ёсоллоо. Сүм дотор бурхны хүү (бусад бурхдын адил өөрийгөө цорын ганц оргиналь гэдэг) малын хороонд төрсөн домгийг харуулсан хүүхэлдэйн үзмэр дэлгэж, гацуур чимжээ. Магтуу дуу энэтхэг аккордоор дуурьсах нь содон сонин. Мөн төвд эзэнтэй “Snowlion” ресторан дотор ч гацуур чимж, бурхны хүү мэндэлсэн өдрийн баярт мэдээг зарласан тууз хадсан байлаа. Мөнөөх туузан дээрх “Happy new year” гэдэг өөр нэг үг тухайн баярыг шашин-соёл бус зөвхөн иргэншил-даяаршил талаас нь хүлээн зөвшөөрдгөө батлах гэсэн мэт.

    Дарамсала “бурхдын орон”. Хүсвэл аль ч бурхны ивээл хайрыг олж болно. Шинэ цагийн сектүүд ч байх. Америк номлогчид хаанаас л хоцров гэж. Тэд “англи хэл заах” үндсэн аргаа хэрэглэж нутгийн олныг араасаа дагуулахыг хичээнэ. Төвдүүд англи, хиндү хэлийг сурахаас өөр аргагүй бөгөөд энэ эрэлтийг Ертөнцийн эзэн соргогоор анзаарчээ. Саяхан Ийгл телевизээр Төвд (БНХАУ)-д оччихсон яваа хоёр номлогч гарахыг үзлээ. (Жаахан хадуурч байна шүү) Мань хоёр англи хэл мэдэхгүйн “буян”-аар чухам юу гээд байгааг нь ойлгохгүй хөгшин ламын төлөө залбиран додигор суусан. Бас төвдүүд талийгаачийнхаа цогцсыг тасдан тасанд хаяж өгч байгааг харуулаад “Ийм зэрлэг бүдүүлэг явдлыг зогсоож хайрла” гээд мөргөж байх юм. Соёл бүр өөрийн үнэ цэнэтэй, өөрийн хэмжүүртэй, даанч америкчууд үүнийг ойлгохгүй л дээ. Тэд өөрсдийгөө энэ дэлхийг аврах төөрөгтэй “супермээн” гэдэгт бат итгэчихсэн улс. Инээдтэй. Оршуулгын ёслолынх нь тухайд гэхэд л тэдний булсан талийгаач хоног хоногоор өмхийрч, үжрээд харх ч тоох аргагүй юм болно. Бас “эргээд босоод ирэхвий” гэсэн шиг бетондож, том чулуун пайлуур толгой дээр нь тавьчихдаг. “Энэ чинь тэгээд ариун явдал уу?” Рашааныг килограммаар, алтыг литрээр хэмждэггүй.        

Буян ба нүгэл

Буцах цаг боллоо. Дунд эргэм насны хэдэн авгай, нэг ануухан эмээ бид хэд нийлээд нэг баг. Бурхны оронд ирээд “буян заяа” нь дэлгэрч, “адис жанлав”-аар амьсгалсан улс. Манай хэд энэ газар оронд ирсэндээ туйлын сэтгэл хангалуун байлаа. Сонирхуулахад тэд нар өнөө гэлэнтэй хамт Балба орсон аж. Эрээн ороод буцаж байгаагаас дутахгүй ачаа бараа чиржээ. Гэвч тэдний цүнхэнд цул “буян” бий. Төрөл садандаа өгөх бэлэг сэлт гэдэг нь ойлгомжтой. Энэтхэг даавуугаар дэлхийд номер нэг болохоор энэ төрлийн бараа чамгүй авсан гэнэ. Бас алт, мөнгөн чимэг зүүлт ч авчээ. Авсан бараа, амьсгалсан агаар, явсан газар бүхэн нь гагцхүү “буян” гэдэг нэртэй. “Адис жанлав” өөрсдийнх нь мөн чанарт шингэсэн болохоор одоо аливаа үйлс нь саадгүй бүтнэ гэдэг итгэлтэй. Гэвч ачаа бараа хэмжээнээсээ хэтэрчихвий, ямар нэг үл мэдэгдэх шалтгаанаар онгоцноосоо хоцорчихвий, цүнх сав нь гээгдэхвий гэдэг айдаст автаастай. 

Бээжинд хөл тавьсан манай багийнхан “гэртээ ирсэн” мэт сэтгэл нь уужирлаа. Гэхдээ аль болох түргэн Улаанбаатарынхаа барааг харахсан гэнэ.  Эмэгтэй хүний зангаар Бээжингийн нисэх буудлын Duty free-гээр хэсэж үлдсэн хэдэн цаасаа үрнэ. Гай болоход нэг нь их эвтэйхэн боодолтой чихэр олоод аваадхаж дээ. Ингээд “буян”-ы сэтгэлд нь “нүгэл” хургав. Хэдий өөрийнх нь мөнгө дууссан ч чихэр авах хүсэлдээ дийлдлээ. Эмээгийн илүү хэдэн юань шунал бадарсан өлөн нүднээс мултарсангүй. Зээлэх нэрээр нэгмөсөн авахыг санаархагч гарч ирлээ. Эмээг “нарийндаа хатсан, айхтар чавганц” гэж тодорхойлон “эс өгснийг нь авах” гэнэ. Дарамсала, Далай лам хоёроос холдохын хэрээр “нүгэл” арвиждаг ажээ. Монголчуудын сүсэг бишрэл буурах графикаар дүрслэгдэж эхлэв. Удалгүй бид хөөрлөө. “Нүгэл”, “буян” хоёр ч бидэнтэй хамт онгоцонд суужээ. “Хаана ч явсан цуг гэж мэдээрэй”.  

Улаанбаатарын утаанаас болоод Бээжин-Улаанбаатарын онгоц эргэж буцдаг тухай ярихад минь “Яасан бэлгэгүй амтай хүүхэд вэ, бид чинь адис жанлавтай улс” гэлээ. “Адис жанлав” агаарын бохирдол хоёр хоорондоо хавирахгүй асуудал ажээ. Төдөлгүй онгоц буцаж Бээжинд буусан төдийгүй хоёр цаг гарантаа хүлээсний эцэст дахин хөөрсөн. Харин би “муу ёрлогч” гэдэг хочтой болов. Хил гаалийн бичиг цаас бөглөх энэ тэрхэнд нь тусалж явахдаа “хэлтэй устай хүүхэд” гэгдэж байсан юм. Цаг цагаараа байдаггүй ажээ. Улсын хил давмагцаа манай багийнхны царай “төв халх” төрхөө олж баяртай ч гэлгүй гэр гэр лүүгээ одцгоолоо. Бид Монголдоо иржээ. Харихаар суусан таксины жолооч хараал урсгана. Радиогоор нэг хүн сүүтэй цайны тухай дуулна. Шинэ дуу гарчээ. Амьдрал урьдынхаараа. Өвөл ид дундаа. Монголд маань “Буян” гэдэг компани бий, эзнийг нь “хулхи” гэж цоллодог юм.

2007 он 12-р сарын 30