Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудыг ОХУ хэрхэн угтав? Тэд манайд айлчлахдаа яалаа? Огт санаандгүй явсан манай Төр Засагаас 180 сая ам долларын өр бал цул нэхэж, шоконд унагаад, дуртай гэрээндээ гарын үсэг зуруулсан. Өрийн энэхүү үлдэгдлийг нэхэхэд манай Төр Засгийнхан эхлээд маш их гайхаж, тийм өр байх ёсгүй, бичиг баримтаа гүйцэд үйлдээгүйгээс үл ойлголцол үүсэх шиг байна, түүнээс биш тийм өр үлдэх ёсгүй гэж мэдэгдэж байсныг сана. Хэнд нь “но” байсныг бүү мэд. Ямар ч гэсэн бид төлөхөөр болсон. Үүнд ахын буруу гэж юу байхав. Шог нь хав дарж байгаад гэрээ хийх агшинд гэнэт ил гаргаж манай хэдийг паникт оруулсанд оршино.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүзүүг зөөлрүүлэхээр хэн хэнээ холголгүй олон жил наймаалцсан шатахуунаа таслах гэв үү яав? Манайх газрын тосны хүрэхүйц нөөцтэй мөртлөө боловсруулах үйлдвэрлэл явуулах гэсэн хувийн хэвшлийнхэнд УИХ, Засгийн газар зөвшөөрөл олгодоггүй нь цаанаа дарамттай юм уу гэсэн хардлага төрүүлдэг. Мөн нүүрсэн далайн орон атлаа Д.Зоригт гэгч сайд-жаал эрчим хүчний эх үүсвэр байгуулахад хойрогшоод, ОХУ-аас эрчим хүч импортлохыг өөгшүүлээд буй нь сонин. Ц.Элбэгдоржийн айлчлал  С.Баяр, Сү.Батболд нарын айлчлалыг эргэн дурсахад хүргэв.    

     Хэдхэн сарын өмнөх Сү.Батболдын айлчлалыг Оросын өдөр тутмын “Коммерсант” сонины тоймч “Монголын Таван толгойн нүүрс их өрөө хаах уу?” гэсэн асуултаар мялаасан. “Их өр” гэгчийн тухай Оросын том сонины тоймчийн төсөөлөл айдас хүргэж билээ. Монголын Их өр Таван толгойтой нь тэнцэх үү? гэж асууж буйг бодоход Оросууд биднээс төлж баршгүй өр нэхэж буй санагдсан. Таван толгойн нөөц хэдэн сая живаа билээ? Зуун жил тэжээнэ гэж бид хөөрч байдаг. Гэтэл энэ ордыг маань хуйгаар нь өрөндөө авбал хүрэх үү, хүрэхгүй юү? гэж орос ах минь эргэлзэж байдаг. Хүрэхгүй бол Таван толгой дээрээ бид юугаа нэмж өгөх билээ? Ю.Цэдэнбал нарын тавьсан Их өр гэгчээс бид салах юм уу? Мөнхийн найрамдал, мөнхийн өр байжээ. Ямар аймаар юм бэ? Өрийн барьцаанаас бид салахгүй нь айлчлалаас айлчлалд тодроод байх шиг? Уг нь бид Оросод өргүй, авлагатай. Авлагаа өр болгож төлөөд байхад ядуу биднийг өрөвдөх нь байтугай цөлмөх санаагаа улам лавшруулж, дорой хөршийнхөө сэхэх өндийх гэсэн  сэдэл бүхнийг бантагнуулах түрэмгий бодлогоо ялангуяа манай хэдэн ордоос болж нэр нүүргүй гааруулав. Өрөө тэглэлээ л гэдэг. Дахиад л гараад ирдэг. Орос Монголын харилцаанд өрийн үлдэгдэл гэгч хорт хавдар ужгирчээ. Өрийн үлдэгдэл гэдгээр ашигт малтмал барьцаалдаг муухан далдалсан башир арга хойшид диктовальдсаар байх нь. С.Батболдын айлчиллаар “энэ удаа Орос Монголын хооронд өрийн тухай ярианд цэг тавилаа” гэсэн боловч ОХУ-ын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Хоёр талд ашигтай төслийг хамтран хэрэгжүүлэх байдлаар өрийг хэсэгчлэн тэглэнэ” гэжээ. “Хэсэгчлэн тэглэнэ” гэсэн нь цаашаа “ашигтай төсөл”-өөр шатлах гинжин задаргаатай аж. Ашигтай төсөл нь Таван толгой, Оюу толгой, уран, төмөр зам гээд шулуухан хэлэхэд Монгол тэр аяараа байх нь. Ийм санаатай их гүрэнтэй Монгол шиг улс тохиролцоход мөн хэцүү еэ. Тохиролцох л юм. Тохиролцооноос бунгуу цухуйна. Орос бунгуу Монгол улс хувхайрсан цагт арилах уу, үгүй юү? Дээд зиндааны албан ёсны мэдэгдлээс харахад “өрийн тухай ярианд цэг” тавиагүй, бүгдийг тэглэх нь байтугай, тэглэвэл “хэсэгчлэн” тэглэнэ гэдгийн ард юу нэхэж буйгаа айлчлал болгоноор шатлан өсгөөд байх нь. Таван толгойгоо ёроолоор нь өгсөн ч өр цайрахгүй бол яаж үхдэг билээ? “Монголын Таван толгойн нүүрс Их өрөө хаах уу?” гэсэн дээрх өгүүлбэрийг сайн тунгаа.

Зүрхээ зүсүүлсэн манай коммунистууд хойч үедээ ямар ч гамшиг үлдээхээс гудийдаггүй угшилтай. С.Батболдын айлчиллаас тийм үнэр ханхалсан. Бид ч шившигтэй хульчгар амьтад юм, ах нар ч дэндүү увайгүй народ юм. Оросыг түшсэн улс болгон зугтаадаг нь ах нарын ийм мөсгүй зангаас болдог. Балтийн гурав, Украйн, Гүрж, Чечень, Польш, Чех Унгар, Румын, Болгар гээд бүгд зугтаад Европын холбоо тэр ч байтугай Натод элссэн. Аварга их гүрэн байж ялигүй юман дээр царай алдаж нэр төрөө барна. Нууц протоколиор барьсан найм ч билүү орон сууцаар манай хэдэн айлыг 20 гаруй жил давхар шулаад, хэдэн байрныхаа өртгийг хэд нугалаад авчихсан атлаа одоо хэр Төрийн дээд хэлэлцээр болгонд нээнтэг болгох нь Орос шиг аварга гүрэнд ичгүүр байгууштай. Ичдэггүй улс аж. Одоо их өрөндөө Таван толгойг нь авбал хангалттай юу, хангалтгүй юү? гээд эргэлзээд сууж байдаг хайрт ахын минь улаан нүүр бас бөх нүүр ээ? Оросууд англиас ичнэ, америкаас, японоос ичнэ. Хятадаас нэрэлхдэг болж байх шиг. Харин монголоос бол ичнэ гэдэг шившиг. Юу дуртайгаа үйлдэнэ. 

    “Коммерсант”-ын тоймч цааш нь юу гэж вэ? “Москва энэ өрийг (гэнэт гарч ирсэн 180 сая доллар) Монголын байгалийн баялгаас хүртэх ашигтай төсөл болгон хувиргахаар нэг бус оролдсон... Москва өнгөрсөн жилийн турш Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа Монголын төмөр зам болон дэд бүтцэд хөрөнгө оруулсныхаа хариуд энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Таван толгой, алт зэсний Оюу толгойн лицензийг авахаар чармайсан. С. Баярыг энэ хэлэлцээний баталгаа болно гэж тооцож байлаа. С. Баяр ерөнхий сайд байхдаа Оюу толгой, Таван толгойн лицензийг “Оросын төмөр зам” болон Монголын төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Монголын төмөр зам” компаниудын нэгдэл “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан байгууллагад өгөхөөр В.Путинд амалсан” байна. Таван толгойн ордыг ашиглах ОХУ-ын сонирхлыг харгалзаж үзнэ гэсэн Монголын (С. Батблдын) амлалтын улмаас өрийн асуудлыг шийдсэн байна” гэжээ. “180 сая ам долларын өрийг шийдсэн өөр нэг хүчин зүйл бол Монгол Улсын засгийн газраас энэ оны есдүгээр сард гаргасан төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм. Монгол улс нүүрснийхээ дийлэнх хэсгийг Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцоолж байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар, энэ нь Таван толгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм” гэж “Коммерсант” ил тод зарлажээ. Их өрийн нээнтэг төмөр замын царигт бас орчихлоо гэдгийг монголчууд мэдээд цуураад байсан. Сангийн сайд С.Баярцогт 180 сая өрийн 3-хан саяыг бид бэлнээр төлөөд үлдсэн 177 сая долларыг ах нараар бид цайруулаад байхад тэнэг нь дэндсэн манай ард түмэн ойлгохгүй ш дээ гэх маягийн мэдэгдэл телевизээр хийж сайрхсан. Түүний худал ярьж буй тэр үедээ андашгүй байв. Худал болгон илэрдэг болжээ. 170 гаруй сая доллар цайрах бус нүүрс ураны урсгалаар хэд дахин нугарч төлөгдөхийг айлчлалууд аяндаа илчлээд өгнө. 
 
    “Коммерсант” сонины тоймч Александр Габуев “Дэлхийн банк бүр 2008 онд Улаанбаатарын захиалгаар төмөр замын ямар чиглэл хямд төсөр байхыг судалжээ. Судалгааны дүнд Монголоос өмнөд чиглэлд тээвэрлэх нь Таван толгойн нүүрсэнд БНХАУ-ын аварга том зах зээлийг нээх, Хятадын Тяньжин боомтоор Япон, Өмнөд Солонгос руу хүдэр зөөх нь Оросын нутгаар дамжуулахаас хоёр дахин хямд тусахыг тэмдэглэсэн байна” гэж бодит байдлыг тоймч А.Габуев шударгаар дурдсан байна. Дэлхийн сэргээн босголт, хөгжлийн банк Монголын төмөр замын бодлогыг нэг бус удаа шүүмжилж, тээвэрлэлт Оросын урт удаан маршрутаар явж, ойрхны Хятадын боомтоор дамжуулснаас гурав дахин их зардал гаргана гэж сануулсаар буйг хамтарсан Засгийн газар үл тоох нь хачирхалтай.

Г.Лувсан “Өнөөдөр” сонинд бичжээ: Таван толгойн нэг давуу тал нь Хятадын хилээс 270-хан км зайтай... оросуудын хувьд монголчуудын давуу талыг тасалдуулах, эсвэл түр ч атугай хойшлуулах нь чухал байгаа… Энэ нөхцөлөө… Монголын төрийн зарим түшээ, хамтарсан Засгийн газрын гишүүдийн дэмжлэгээр бүрдүүлээд авсан. Энэ бол “Монгол төрийн төмөр замын бодлого” гээч… Монголчууд мянга гаруй км төмөр зам барих гэж нэлээд хэдэн жил болно… эзгүй хээр талд баригдах зуу гаруй гүүр, ус болон мал амьтан гаргах мянга давах хоолой зэрэг инженерийн байгууламжийн төмөр бетон хийц тийм ч амар бүтэхгүй гэдгийг тооцоолсон. ОХУ өнгөрсөн жил БНХАУ-аас зургаан тэрбум ам долларын зээл авсан. Уг зээлийн төлбөрийг нүүрс зэрэг байгалийн түүхий эдээ өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэх замаар төлөх болно. Иймд тэдэнд цаг хугацаа маш чухал. Тэгэхээр монголчууд энэ бүх бэрхшээлийг туулж гартал оросууд Хятадын зах зээлд өөрийн нүүрсний экспорын зах зээлийн байр сууриа алдахгүй байна гэсэн тооцооны хариу гарч байгаа. Дээр нь Хятадын аюул гэдгийг зохиомлоор Монголд сайн дэвэргэж чадсан, тэр нь ч сайн дэвэрч байна гэжээ. “Заавал хөрш хоёр гүрнээ муудалцуулан байж Таван толгойгоо ашиглах гээд байх хэрэг байна уу? Өөрсдөө оролдоод үзэж яагаад болохгүй гэж. Багануураа, Шивээ овоогоо бид ашиглаад болоод л байгаа шүү дээ. Нүүрсний ил уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулаад аваад явчих боловсон хүчин манайд байж л байна шүү дээ. Нүүрс угаахаас хавьгүй нарийн технологи, горимтой Эрдэнтийн баяжуулах үйлдвэрийг өнөөдөр монголчууд л ажиллуулж байна” гэх мэтээр Г.Лувсан гайхширчээ.    

    Оросын “РИА Новости” агентлаг энэ талаар юу гэснийг сонирхъё: “ХХ зууны Монгол нь Зөвлөлтийнх байсан… Манайх Монголын үйлдвэрлэдэг зэс, молибден, нүүрс, цинк, мал, мах, арьс гээд барааных нь 90 хувийг авдаг байсан бол 2009 оноос Хятад 79, Канад 9, Орос 3 хувийг нь худалдан авдаг болжээ… Тиймээс ч булаалгаснаа бараг л дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна… Монголчууд яарахгүй байх шиг байна. Тэд Хятад, Япон гээд чинээлэг хөршүүдтэй. Тэд нар дээр Америк, Канад нэмэгдсэн. Тиймээс бидний итгэл найдвар нэг л зүйл дээр тогтоно. Ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй. Тийм болохоор цаашид ч бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ гэсэн үг. Харин ойрын ирээдүйд бид хятад эзэнтэй, эсвэл АНУ Японы тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд боловсруулсан Монголын бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа хүрэх вий” гэж ичиж буйгаа үг алджээ. Байгалийн баялгаа хагас хугас боловсруулж, нэмүү өртөг шингээж, иргэдээ ажилтай болгох манай Төрийн бодлогыг орос ахын геополитик зөвшөөрдөггүйн нууц ийнхүү танигдлаа. Орос ахаас олигтой юм горьдолтгүй дэг ээ. Ичдэг хүн ичмээр тэнцвэргүй харилцааг бүх дэлхий ажиглаж буй гэдгээр сэтгэл юугаа хуурч суухаас өөр яалтай билээ. БНХАУ-ын ерөнхий сайд айлчлах үедээ манайхыг байгалийн баялгаа хагас боловсруулж, нэмүү өртөг шингээж экспортлохыг дэмжиж, үйлдвэр байгуулахад зориулж өч төчнөөн зуун сая долларын хөнгөлттэй зээл олгох санал тавиад явсан. Зээлийн сүүл лууны сүүл шиг урт бол уу? Хадны завсар хавьчуулсан халиуны зулзага хөөрхий еө. ОХУ-ын “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В. Якунин АНУ-ын Мянганы Сорилын корпорациас манай төмөр замд 188 сая доллар зарцуулах гэснийг “үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэж цэцэрхээд 2 жилийн өмнө хорьчихсон билээ. 188 саяыг хорьчихсон Якунин одоо болохоор төмөр замын салбарт 1,5 сая долларын хөрөнгө оруулахад бэлэн байна гэснийг Блүүмберг уламжлав. Якунин үнэгүй билэг бусдаас бүү авч бай гэж зааварласан. 1,5 сая доллароо тэр ямар хавханд булсан бол?

Ардчилсан Ерөнхийлөгч маань ОХУ-д айлчлах явцдаа “Бидэнд ОХУ, Хятад улс гэсэн хоёр хөрш бий. Хүнд үедээ бид нэг л сонголт хийдэг. Энэ бол хойд хөрш. Энэ бол цусаар гагнагдсан харилцаа” гэжээ. Ерөнхийлөгчийн үг ийм байхаас ч өөр яахав. Харин иргэн миний үг бол салшгүй гагнасан тэр их цусны ихэнх нь хар шар феодал, нударган, ардын дайсан, японы тагнуулууд гэж хөнөөсөн гэмгүй олны цус нөж  шүү гэдгийг орос ахдаа сануулахад илүүдэхгүй биз ээ.