Гадаа маш хүйтэн байна, Ерөнхийлөгч өө!

Цаг уурын байгууллагын мэдээлж байгаагаар цаашдын өдөр хоногууд бүр ч хэцүү, улам хүйтрэх юм гэнэ. Монголчууд биднийхээр хахир өвлийн хамгийн чанга үе буюу “Ес” өчигдрөөс эхэлж буйг Та бодвол мэргэн ухаандаа болгоон, бодол оюунаа чилээж суугаа гэдэгт эргэлзэх юм алга. Хөдөө орон нутагт зутрангуй, мал сүрэг тун “эвгүй” байдалд орох гээд байгаа бололтой. Уржигдар Засгийн газраас энэ бүхэнд санаа тавьж баахан өвс, энэ тэрийг ачсан олон арван машин бүхий цувааг баруун аймгуудад үдэн гаргасныг бид баяр талархалтайяа хүлээн авч, хөхиүлэн дэмжлээ. Тун удахгүй хоёр дахь цувааг зохион байгуулах юм байна. “Сайн байна, сайхан санагдаж байна” гэж хэлэх ёстой гэдгээ эхлээд Танд дуулгах нь зөв байх.

Москва хотын “мээр” Юрий Лужков гэдэг нөхөр байдгийг Та мэднэ, тээ. Тэр “Цасгүй өвөл байж болно” гэж хэлсэн байна. Тэгээд маш том “идээг” араас нь дэвшүүлжээ. Москвагийн цаг уурыг контролдож болно гэнэ. Оросын хахир хүйтэнд гуйлгачин, орон байргүй тэнэмэл, найгүй архичин хэн ч бай, хөлдөж үхэж болохгүй ээ гэв. Энэ бол зөвхөн Москва хотын бус Орос орны үзэл баримтлал байх ёстой гэж тэрбээр номлосон байна. Цаг агаараас шалтгаалсан ийм золгүй үхэл орос хүнийг, москвачуудыг хэлмэгдүүлэх ёсгүй гэж маш чангаар ярьжээ. Оросууд азтай юм аа. Тэдэнд Юрий Лужковын энэ үг мянган давхар ноолууран хөнжил шиг санагдсан нь лавтай. Хөндлөнгийн маний сэтгэл дотор хүртэл пүнхийн дулаан оргиж байгаа хойно. Юрий Лужков тэгээд ямар санаа дэвшүүлснийг Та зориуд хайж олоод уншаарай гэж хүсье. Болж өгвөл шүү дээ, тэгэхдээ.

Уг нь хотын “мээр” ноён Г.Мөнхбаярт хаягламаар байвч жаахан дээгүүр хандсан сэхүүн занг минь уучлаарай.

Бас УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, эрхэм гишүүд үүнийг унших байх гэж найдсан юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 16 хүн осгож үхсэн гэх мэдээг манай сэтгүүлч эмзэглэн дуулгалаа. Өмнө нь “Нэг хүн, хоёр хүн, гурван хүн хөлдөж үхсэн гэнэ ээ” гээд яриад л  байдаг байсан юм аа. Аа, тийм үү, гэх маягаар хандаад л өнгөрдөг байсан байжээ, бид. Яагаад ч юм өчигдөр Монголд хүн болж мэндэлсэнд орвол мал болж төрөх нь дээр юм уу гэж бодлоо. “Мал бол Монгол Улсын баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гээд Үндсэн хуулиндаа хуульчилчихсан мөртлөө Монгол хүний талаар ийм заалт алга учраас атаа төрж байна. Би юу гэж бичих гэлээ, аа тийм. Сүүлийн үед жам ёсоороо бус зуурдаар, тэр тусмаа хөлдөж, хойд насаа зорих монголчуудын тоо геометрийн прогрессийн дэсээр өслөө. Энэ бүхэнд ард үлдэгсэд болох мань, эрхэм дээдэс Та бид хээвнэг дасаж байгаагаа анзаарсан чинь харамсахгүй байх аргагүй боллоо. Амьдрал завгүй бужигнаад, оройд эрүү хөдөлгөчих үмх идэшнийхээ төлөө бид юун хүний амь нас эрсдэхийг анзаарах манатай болсон юм биш үү. Бид ямар үнэ цэнэгүй болж байна вэ? Сонин хэвлэл,  радио телевизээр өдөр болгон л өнгөрсөн шөнө төдөн хүн хөлдөж үхжээ, цогцсыг таних нэгэн байвал ийм, тийм дугаарын утас руу залгана уу гэсэн зар ч юм шиг, мэдээ ч юм шиг яриа гараад өнгөрдгийг анхаардаг нэгэн үгүй болжээ. Өглөө бүр хүн хөлдөж үхсэн тухай мэдээг хээвнэг сонсох хэрнээ Баянхонгор, Говь-Алтай Завханд зуд болж, мал хиарч байгааг, хиарах гээд байгаад асар ихээр харамсах юм, эрхэм төрийн түшээд..

Мал үхнэ гэдэг Монгол Улсад том гарз. Мал үхээд, үхэх гээд байгаа газруудаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эрхэм гишүүд байн байн аялан, яаралтай шуурхай арга хэмжээг авч байна. Малын төлөө өлгийтэй нялхсаас өтөл хүртлээ өндийн босож, дугуйтай, дугуйгүй техникээ дайчлан, хүнс тэжээл, эм тариа, нэмнээ, дулаалга болон уухилан зүтгэнэ. Энд тэндээс хандив дэмжлэг цуглуулж, хэн хүнгүй санаа зовнин харуусч, дор бүрийдээ одоо хэдэн мал үхсэн гэх бол гэх мэтээр сэтгэл түгшин чих тавина. Малгүй бол модоо барих учраас ийн түгших нь аргагүй ээ.

Гэтэл хүн гэдэг “мал” хэдэн арваараа гудамж талбай, орц буланд хөлдүүс болж буй бас нэгэн зудыг тоож байгаа эзэн үгүй. Тоох эзэн нь ч алга. Бид яг золбин нохой шиг гадаа хөлдөөд үхчихэж байх юм аа. Хүн үхчих аваас мал сүрэг байхын учир бас байдаг ажээ. Өнгөрсөн шөнө гэхэд л Улаанбаатарт таван хүн хөлдөөд, талийчихаж. Таван хүүхдийн эх хүн тэдний нэг байж гэнэ, дөнгөж амьдрал гэдгийг амталж яваа хорин нэгхэн настай оюутан залуу нөгөөдөх нь гэнэ.

Харамсалтай байна. Малаас дор адлагдсан “хүний” хэнд нь ийм тавилан хэзээ тохиолдохыг таашгүй ээ. Хүйтэн болж буй, хүйтэрсээр буй энэ цаг дор гудамжинд элбэгших цогцсыг “Хохь нь, архичин байж л дээ, тэгэхээс яахав” гэж тавлаад өнгөрөөд байх уу. Зуданд нэрвэгдсэн малаас дор үнэлэгдэж байгаагаа мэдэхгүй хэчнээн хүн ийнхүү нүдээ аньчихаж байна даа хөөрхий. Удахгүй шинэ жил, тэгээд цагаан сар болно. Хэд маань тэр үед байхгүй байх бол гэх эмзэглэл тарчлаах юм. Цаг агаар энэ өдрүүдэд улам чангарч хүйтрэх нь.  

Цасны зуд тэгсхийгээд арилна. Харин хүний мөс чанарыг нэрвэсэн зуд хэзээ арилдаг юм бол доо. Уг нь бидний тухай “амьд явах эрхтэй” гээд Үндсэн хуульд заачихсан байна. Дуугүй байх мянган лан байж болох ч, дуугарах юм гэж бас байх юм аа. Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа! Гадаа маш хүйтэн байна аа! Манийгаа бодож, мааскаа аваад нэг дуугарчихаач. Монгол хүн амиа хороодог, өөрөөр хэлбэл сайн дураараа энэ орчлонг орхидог явдал эрс нэмэгдлээ. Малаасаа дорд үзэгдсэн цаг дор арга ч үгүй юм даа.

Ш.Даваадорж