Би өөрийн хөтөлдөг “Ярилцъя”  буландаа эмэгтэй зочин ховорхон урьдаг юм биш байгаа гэж хааяа боддог. Тэр бодлоосоо болоод энэ хавар хэд хэдэн хүчирхэг бүсгүйг зочноороо урилаа. Уншигчид маань ч сайхан хүлээж авсан. Өнөөдөр ч гэсэн тэднийхээ тоог нэгээр нэмж, УИХ-ын эрхэм гишүүн хатагтай Д.ОЮУНХОРОЛТОЙ ярилцахаар шийдсэн нь энэ. Бидний хөөрөлдөөнийг сонирхон уншина гэдэгт найдаж байна.      

-Тантай их олон жилийн өмнө ярилцаж байсан юм бай­на. Тэр үеийн Оюун­хо­рол мэдээж эрс өөрчлөгд­сөн байх?

-Үнэхээр олон жил өнгөр­чээ. “Отгонтэнгэр” их сур­гуу­лиа босгох гээд ид зүтгэж явсан үе маань шүү дээ. Энэ жил сур­гуу­лийн маань 20 жи­лийн ой то­хиож байгаа.  
-Тэр өдөр та боловс­ро­лын салбараас төрсөн анх­ны шилдэг бизнесмен болж байс­ныг их тод санаж бай­на?

-Тийм билүү. Яасан март­даггүй юм бэ. Сонин сонсогдож байна. 

-Өнөөдрийн улс төрийн үйл амьдрал бидний яриа­ны гол цөм болж таарах байх. Сайд Д.Зоригтыг огц­руу­­лах эсэх асуудал хэлцэг­дэж байх үеэр таны тавьсан асуулт анхаарлыг маань  тат­сан?

-Улс төрийн хувьд өнөөд­рийн байдлаар хамгийн халуун сэ­дэв байх шиг байна. Бид өнөө­­дөр парламент дээр зөв­хөн Д.Зоригт сайдын асуудлыг авч хэлэлцээд байгаа юм шиг ха­рагдаж байгаа боловч цаана нь огт  өөр зүйл хөндөгдөж бай­на гэдгийг анзаарах ёстой. На­дад ойлгогдохгүй зүйл бас бай­сан. Тэрийгээ асуусан. Мэ­дээж улс­­төрчийнхөө хувьд өр­нөж буй үйл явдлыг өөрийнхөө өнц­гөөс харж сэтгэлийн хө­дөл­гөө­нөөр бусдыг дагаж дав­хих­гүй­гээр үнэлэлт, дүгнэлт хийх чад­вар улстөрчдөд байдаг. Мон­голын улс төрийн тогтол­цоог сайж­­руулахын тулд Үнд­сэн хуу­лиа өөрчлөх  цаг нь  болсон. Тог­толцоо маань  буруу жиш­гийг өдөөж бай­на гэсэн дохио дуугараад бай­гаа юм. Иймээс л стандарт бус Засгийн газар байгуулагд­сан. Засгийн газрыг бай­гуулах­даа улс тө­рийн на­мууд тус ту­сын шийд­вэрээ сай­тар ярил­цаж хэ­лэлцэж  гаргасан. Түү­ний­хээ да­гуу хам­тарч ажил­­­ла­­на гэдэг нэг­д­­­сэн тохирол­цоонд хүрч, хам­­тарсан Зас­гийн газрыг бай­­гуулаад  өнөөг хүртэл явж ир­сэн. Тог­толцоогоо өөрч­лөх­гүй­гээр тө­рийн тогт­вор­гүй байд­­лын та­лаар­хи яриа дуусах­гүй л дээ. 

-Өнөөдөр АН-ын гурав та­най нэг сайдыг, маргааш МАН-ын гурван гишүүн тэд­ний нэг сайдын асуудлыг өр­гөн барих эрх нь нээлт­тэй?

-Засгийн газраа байгуу­лах­даа намууд хамтарсан шийд­вэр гаргасан юм бол огцруу­лах­­­даа ч хоорондоо ярилцаж шийд­вэр гаргах ёстой байх. Онгор­хой цонхоор том том чу­луу оруулж шидээд байх бо­лол­цоо нь нээлттэй байгаа ч юм шиг. Засгийн газрын гишүү­дийг ингэж сугалаад эхлэх юм бол юу болох юм. Тэгвэл ма­най намын гурван гишүүн бас АН-ын нэг сайдыг нь огц­руу­лах тухай ярьж л таараа ш дээ.

-Тэгвэл С.Баярцогттой чинь ярина шүү гэж угаасаа та нар айлгасан юм биш үү?

-Улс төр л юм чинь тоглох гээд байгаа тэр зарчимгүй тог­лоо­моор нь тоглоод өгч болно ш дээ. Гэвч энэ нь өөрөө Мон­го­лын ард түмэнд ашиг байх­гүй, улс төрийнхөө тогтвортой бай­­далд ашиг байхгүй. Хэнд аши­г­тай үйл явц болох гээд бай­­гаа юм бэ гэдэг нь өөрөө то­­дорхойгүй зүйл учраас хүн болгон хувь хүнийхээ амбицыг дараад, том эрх ашгаа хараад зүтгэх хэрэгтэй биш гэж үү.

-Тогтолцооны гажууд­лын талаар олон жил ярьж бай­­­на. Ер нь та хувьдаа одоо­­­­гийн Засгийн газрыг хэр ажил­лаж байна гэж үздэг юм? 


-Хамтарсан Засгийн газрыг ажлаа гайгүй хийж байгаа гэж бо­дож байгаа. Нийгэмд хүлээг­дэж  байсан олон асуудлуудыг хөдөлгөсөн, стратегийн ор­дуудыг эдийн засгийн эргэлтэд оруу­лах түүхэн шийдвэ­рүү­дийг гаргаж хөгжлийнхөө галт тэр­гийг замд нь гаргаж чадсан. Энэ бол бүхэл бүтэн зургаан жил гацаанд хэвтсэн хүнд төс­лүүд шүү дээ. Одоо эдийн зас­гийн өсөлт  бий болж үр дүнгүүд харагдаж  эхэлж байна.  

-Та үнэхээр тэгж үнэлж бай­на уу. Эсвэл намын дар­гын тань танхим учраас ин­гэж хэлэхгүй бол болохгүй юу?


-Үгүй дээ. Ер нь бол эдийн зас­гийн реформ өмнө байгаа­гүй боломжийн хэмжээнд ураг­шаа явсан. Энэ нь 2008-2012 онд сонгогдсон УИХ, Засгийн газ­­рын гишүүдийн хийсэн  аж­лын амжилт мөн. Монголын ард түм­ний амны хишиг ч их. Ул­сын маань эдийн засаг бо­лом­жийн хэмжээнд өсч байна. Болж байгаа юмаа бид болж байна гэж бас чанга хэлж  байх ёстой. Гэхдээ бүх зүйл сайхан бол­чих­сон гэж гялгар болгож ярьж болохгүй. Ажлыг хийж бай­гаа хүмүүс дотор хийж ча­дах­гүй нэг хэсэг байна, хийж бай­гаа аж­лаа сурталчилж чад­даггүй, урагштай, өнгөтэй өөд­тэй явж байгаагаа мэдэрч бус­дадаа мэдрүүлж чаддаггүй нь ч бай­на. Хоосон PR-чин ч бас байна. Ин­гэж олон юмс өнгө өнгөөрөө ялгарч байх шиг. Амьд­ралын үнэнийг л бид ярих ёстой. Хийж бай­гаа ажлаа үгүйсгэх бас дур­гүй. Бид сууж бай­гаа модоо төр гэж ойлгоод мөч­рийг нь нэг нэ­гээр нь өөрс­дөө хөрөөдөөд бай­вал ер нь энэ төр чинь юун дээр оршин тогт­нох юм бэ. Би С.Баяр дар­гын хамтарсан за­саг байгуула­хаар гаргасан шийд­вэрийг их зөв байсан гэж бод­дог. Стан­дарт бус засгийн газар бай­гуулж байж, Монго­лын хөгжлийг урагшлуулахаар зүт­­гэ­сэн. Бид 20 жил их улс­төр­­жиж, талцаж хуваагдсан. Сон­­гуульд орсон намууд Мон­го­лын ард түм­ний амьдралыг сайхан бол­гоё гээд яриад бай­даг. Яг эц­сийн үр дүнд нь бид тоймтой ураг­шаа алхаж ча­даа­гүй шүү дээ. Энэ гацааг хө­дөл­гөх меха­низм нь хамтарсан за­саг бай­сан. Ма­най нам 46 суу­дал ав­сан мөрт­лөө  бид л ахиу эрх эд­лэнэ, тэг­нэ ингэнэ, тэгж дар­га сайд бо­лох ёстой гэсэн улиг болсон зүйлийг  ярихгүй­гээр, тал­цаж хувааг­дахгүйгээр Мон­гол Улсын­хаа эрх ашгийн тө­лөө хамт­раад үзье л дээ гэ­сэн шийд­­вэрийг гаргасан. Энэ шийд­вэр нь өөрөө стандарт бус Зас­гийн газар байгуулагд­сан үндэс суурь. Бүх нөхцөл байд­лыг сөрж, улс орноо бодож гар­гасан шийдвэр учраас бид хүндэтгэлтэй ханддаг. Том эрх ашгаа бодох нь зөв л дөө. Энэ дөрвөн жилийн улс төрийн эр­хийг авсан хүмүүс нийлээд ард түмний төлөө нэг ч гэсэн сайн зүй­лийг хамтраад хийж бүтээ­хийн төлөө явъя л даа.

-Д.Зоригт сайд ер нь хувь хүнийхээ хувьд ямар­хуу хүн бэ. Хүмүүс түүнийг их л ху­вир­сан гэх юм билээ. Ер нь энэ дашрамд ангийн­хаа 73 эрчүүдийн тухай бод­лоо хуваалцчихвал яасан юм?

-Хувь хүнийхээ хувьд бол Д.Зо­ригт сайдыг би  гайгүй бо­ловс­­­­ролтой, соёлтой, мэдлэг­тэй, чад­вартай сайд гэж боддог. Өнө­ө­­дөр эмэгтэй улстөрчдийг да­­­рамталчих гээд байдаг за­рим бү­дүүлэг эрэгтэй улстөр­чид бай­на ш дээ. Эцгийн эрхт ёс ноёр­­­хож байсан үеийн зар­чим нь тархиных нь ард талд нь ч юмуу наалдаад үлдчих­сэн. Тэд­ний дэргэд Д.Зоригт гишүүн маань  ёс суртахуунтай л хүн дээ. 

-С.Эрдэнэ гишүүн нээ­рээ таныг юу гээд байсан бэ?


-С.Эрдэнэ гишүүн ууран­даа янз бүрийн үг хэллэг хэл­сээн. Яахав дээ уур нь хүр­чих­­сэн бай­гаа хүн  ухаантай үг хэ­зээ ч хэл­дэггүй юм бо­лохоор нэг үг хэлээд, түүгээрээ на­майг муу­хай харагдуул­чихаж бай­гаа ч юм шиг ойлгоод байх шиг бай­на лээ. Тийм юм байх­гүй л дээ. Энэ байтугай л юм үз­лээ. Түү­ний хэлсэн хоёр үгэнд би цохиг­доод  жижгэр­чихнэ гэсэн юм байх­гүй.  

-Хуучин ёс суртахууны хувьд гишүүдийн бухимд­лыг төрүүлдэг нэг хэлбэр ха­рагддаг байсан. Засгийн газ­рын гишүүд нь дарга юм шиг орж ирээд хаахалзаад бай­даг. Парламентынхаа толгой дээр гараад суучих­сан урвуу дүр төрх. Энэ та­лын гажиг хэр засагдаж байгаа вэ?

-Дээхнэ үеийн дарга нар хүмүүстэй их энгийн харьцдаг байсан санагддаг юм. Том байх тус­маа энгийн байдаг зарчим­тай байсан. Энэ байдал  жаа­хан алсраад байгаа юм шиг  са­­­нагд­даг. Одоогийн Засгийн газ­рын гишүүдийн хувьд нэг их томорхоод тасраад байгаа хүн бай­­даггүй. Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдийг зоригтой хий­мээр байна. Бид Үндсэн хуу­лиа­­раа л ард түмнээ хоёр ху­ваа­гаад байгаа ш дээ. Баг дээр очихоор багийн 60 хүн нам яриад хэрэлдчихсэн сууж бай­даг. Бараг гэр бүлдээ эхнэр нө­хөр хоёр намчирхаад маргаад сууж байдаг. Сонгуулиар бид нийг­­мээ ингэж  хуваан тал­цуул­даг. Энэ нь Монголын нийг­мийг муухай, өнгөгүй болгож ха­­рагдуулдаг. Энийгээ л янзал­чихмаар байна шүү дээ.

-Ямар ч байсан Засгийн газ­рын гишүүд орж ирээд пар­ламентад хямсалзаад байдаггүй болсон юм байна. Нам дотор үнэхээр ийм нэг галбир байх нь байсан шүү?


-Одоо ч гайгүй дээ. Улс төр хөгж­лийнхөө явцад соёлжиж, эрүүл­жиж  явдаг. Бас тухайн цаг үеийн лидерүүд хэн байна гэдгээс асуудал их болдог юм байна ш дээ. 

-Таны улстөрчийн зам­нал баргийн эрэгтэй хүнд ч  то­хиолдоогүй замнал байж мэдэх юм ?

-Аль утгаараа.

-Аль аль талаараа ?

-Би таныг ямар сэдэв рүү орох гээд байгааг гадарлаж л байна. Үнэнийг хэлэхэд надад харин наад сэдэв рүү тань орох сонирхол огт байдаггүй юм.

-Танай намд насаараа эр­хэлж яваа ганц хоёр эмэгтэй улстөрч бий. Эрх мэдлийн тойр­­­гоос огт гардаггүй. Тэ­дэн­тэй харьцуулахад та бол үнэ­хээр янз бүрийн юм үз­сэн. Энэ нэн шинэ цаг үед на­маа­саа “хөөгдөж”, хашааны гад­на түлхүүлж гаргуулж хүр­тэл үзсэн. Энэ бол бар­гийн эмэг­тэй хүн тэсээд га­ра­хааргүй бэрхшээл. Тэр үед яг юу болсон юм бэ. Яа­гаад гэнэт намаасаа “хөөг­дөх” болсон юм бэ. Тэр үед Энх­баяризм гэж том ойлголт байлаа. Энэ тойрог дотор ч явж байсан хүний нэг та байх?

-Ер нь бол Монголын улс төрд орсноос хойшхи хуга­цаа­ны хамгийн хүнд үе нь 2000-2004 он гэж боддог юм. Мон­го­лын нийгэм,  өөрөө улс төрөө­сөө донсолгоо авсан үе байх­гүй юу. Би  1991 оноос хойш биз­­нес хийгээд, энгийн амьд­ра­лаараа л явж байсан хүн. Цаг үеийн шалгууруудтай бусдын л адил нүүр тулж байсан. Бод­лого боловсруулах төвшинд очиж ажиллахын тулд өөрийгөө бэлтгэсэн. Нам маань ч санал тавьсан. Ингээд л улс төрд хөл тавь­­­сан даа. Одоо  тэр үед болж байсан янз бүрийн явд­лууд түүх болон үлдэж дээ.  Ма­най аймагт 2002 онд айм­шигтай зуд болдог юм байна. УИХ-ын гишүүд бид тойрогтоо  явж ажиллана. Ажиллахаас ч өөр арга байгаагүй. Би тэр үед ойролцоогоор найман сумаа­раа 40 гаруй удаа явсан байдаг юм. Манай аймгийн зам харгуй дэд бүтэц сул. Бас л хүнд зам туулна шүү дээ.  Тэгж яваад л очно. Очиход үнэхээр нүд халь­­­тир­маар дүр төрх угтдаг  байсан. Хэдэн малаа зуданд алд­­чих­сан, зуданд тэр чигээрээ нэрвэгдчихсэн, амьдрал нь хүндэрчихсэн хүмүүс нулим­саа урсгаад угтаж байсан үе. Хөөе та нар ард түмнээ ядуур­лаас гаргана гэсэн яасан бэ. Саа­лийн ганц үнээгүй бол­чих­сон, тогоогоо харлуулчи­хаад сууж байна. Одоо бид яаж амьд­­рах юм бэ. Малжуулах төсөл хэрэгжүүлж өгөөч ээ гээд л бухимдацгаана. Энэ бол энгийн л гуйлт. Энэ талаараа бүлгийн хурал дээрээ л ярина ш дээ. Засгийн газраас  болом­жийн­хоо хэмжээгээр мал­жуу­лах төсөл хэрэгжүүлээд өгөөч. Ганц тэрбум төгрөгийг тө­сөвт суул­гаад зуданд нэр­вэгд­сэн хэд­хэн аймагтаа төсөл хэрэг­жүү­лээд өгөөч дээ гээд хэлэ­хээр сайд нь ойл­гохгүй. Зарим нэг нь тэрийг сон­соод том дар­гад очиж хэ­лэх­­дээ  нэлээд тийм ховын маяг­­тай зүйл болгож дам­жуул­на. Оюунхорол юм л бол Зас­гийн газрыг шүүмжилж бай­на гэж ирээд л. Тэр үед зөв­хөн тэгж  амьдардаг улстөрчид маш олон болчихсон байсан л даа.

-Үзэгдлийн төвшинд хүр­сэн?

-Ерөнхийдөө улстөрч эр­чүүдийн ханш тэр үеэс эхэлж унаж эхэлсэн гэж би боддог юм. Тэр явуулдаг ховынх нь хоронг ямар гэж санана. Ингэж л  хү­мүү­сийн харилцаа холдож, алсарч эхэлсэн дээ. Тэр үеийн сэт­гүүлчид үнэнийг бараг би­чиж байгаагүй ш дээ. Их хэцүү үе байсан. Яагаад гэвэл үнэнд ойр­хон юм биччих л юм бол тэр сонин өөрөө хардагдаж сэр­­дэгдээд шалгагдаад бай­сан. Тийм учраас сэтгүүлчид хүр­тэл дөрөв дэх засаглалын­хаа үүр­гийг сайн гүйцэтгэх  бо­ломж  нөх­цөл хязгаарлагдмал тийм үе байсан. Тухайн үед ганц хоёр сонин л чадан ядан үүр­гээ бие­лүүлэх гэж оролдож байсан.

-2004 оны сонгууль бол­лоо. Танд нэр дэвших эрх ол­гоогүй?


-Ингээд би дараагийн сон­гуульд орлоо. Тэр үед бол надад маш олон дарамтыг үзүүлсэн. 2004 оны гуравдугаар сараас эхлэн надад улс төрийн асар олон дарамтууд ирсэн. Би буруу гишгээгүй, миний нутгийн ард түмэн намайг улстөрч болгоод гаргаад ирсэн, тэр итгэлийг нь би эвдээгүй. Тийм байтал яа­гаад би ийм дарамт амсах ёстой юм гэж  өөртөө хэлж байсан. Би зөв алхаж байгаа. Яахав дарга нарын өмнө гутлыг нь долоож, худ­лаа үнэн юм ярьж, бял­дуу­чилж, зусардаж чадаагүйгээрээ л би хасах оноотой юм байна. Тэгэхдээ би хийх ёстой ажлаа хийж байгаа гэж бодож байсан. Би тэрэндээ итгэлтэй байсан. Сонгуульд орох дөхөөд байдаг. Над руу чиглэсэн юмнууд улам хүндрээд байлаа. Гэхдээ би  ерөө­сөө айгаагүй. Энэ бүхнийг дурсах одоо бол надад сонин биш. Үнэндээ Ганчимэг ээ, өнөөдөр надад өнгөрснийг ярих ямар ч сонирхол алга. Энэ сэдвийг орхичих. 

-Ойлголоо. Ингэхэд та хэзээ намд элссэн юм бэ?


-Би 1996 онд намаа ялагдчихсан байхад элссэн гишүүн. Манай намын цагаан байшингийн үүд хаалгаар орж гардаг хүнийх нь тоо нэлээд цөөрчих­сөн сонин үед би МАХН-ыг сонгож байсан. Үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө явж байна гэж бодож л сонголтоо хийсэн. Тэр үед улс төр одоог бодвол  цэвэр тунгалаг байсан. 2000 оны сонгуульд нэр дэвшиж,  тэр үед би долоо найман эрэгтэйчүүдтэй өрсөлдөөд ялж  УИХ-ын гишүүн болж  байсан. Монголын уураг тархи болсон тэр хүмүүсийнхээ дунд ороод явж байгаа учраас би маш их зүйлийг сурах, унших, сонсох хэрэгтэй байсан. Олон цагаар суудаг байлаа. (инээв).

-Та гурван сонгуульд орж өр­сөлд­сөн. Сонгууль бүрийн да­раа өөр өөр дурсамж үлддэг байх даа?


 -Монголын ард түмний  агуу ухаанд биширч шүтэн, итгэж баярлаж явдаг. Тэр олон хүний хайр хүндэт­гэлийг дааж явах юмсан, сэтгэлийг нь сэвтээхгүй юмсан гэж боддог.  Өнгө мөнгө, албан тушаалд аагархаад байгаа даргыг тэгтлээ  дагаж гүйж  хуйлардаггүй. Аливаад эрдэж бярдаж болохгүй, үнэнд ойр амьдрахыг Мон­го­­лын ард түмэн жишиг болгон тогтоож өгсөн. Эрх мэдэл, албан тушаалаас илүү үнэ цэнэтэй юм хүний нийгмийн харилцаанд байдаг гэдгийг сонгууль бүрээр Монголын ард түмэн жишиг болгож харуулсан.

-2004 оны хүндхэн болсон тэр сон­гуулийн дараа та юу хийсэн бэ?

-Болоод өнгөрчихсөн юмны тухай бодоод, улам унаад байхыг би хүсдэг­гүй. Дурсч яриад ч надад  тийм сайхан энерги хуримтлагдахгүй. Би өөрийн­хөө амьдралын олон сайхан зарчим, үнэт зүйлээ алдчихна шүү дээ. Тийм учраас дэмий юманд цагаа үрснээс урагшаа хараад сайхан амьдраад явахыг би чухалчилдаг. Би хөдөлмөр­лөж амьдрах дуртай. Анх 1991 онд зах зээлийн шуургыг сөрж, өөртөө даахгүй том зорилго тавьж, тэмцэн Их хайрха­наараа овоглосон “Отгонтэнгэр” их сургуулиа үүсгэн байгуулж байсан. Оюуны их уурхай болсон их сургуу­лийнхаа үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлсэн. Цаг хугацаа бүх юмны шалгуур гэдгийг болж  буй үйл явдлууд харуулж байна л даа. Одоо  сургуу­лийн маань хүүхэд балчир нас, зах зээлийн нугачаа, адармаатай замыг туулж эдүгээ  эрийн цээнд хүрч  хорин  жилийн ойтойгоо золгож байна. Дээд боловсролын  салбарт нийгмийн хөгж­лийн эх үүсвэр, нийтийн баялгийг бү­тээгчийн нэг болж чадсан. Бизнесийн  шударга өрсөлдөөн дунд шударгаар орон зайгаа эзэлж, хувийн хэвшлийн сургуулийн шилмэл дүр  төрхийг  бүтээж чадсанаараа бахархдаг.

-Ялагдлын дараа өөртөө завсар олгохгүй ажиллана гэдэг өөрөө том тэвчээр. Мэдээж ийм зүй­лийн дараа том үр дүн хүлээж байдаг болохоор?

-Тийм. Би 100 хувь санал нийлж байна.

-Би танаас бас нэг шударга юм асуучихъя. 2009 оны сонгуульд Завханд Н.Энхбаяр даргыг унага­хын төлөө таныг нэлээд хүчтэй ажилласан гэдэг. Энэ үнэн үү, бас хардлага уу?

-Хардлага. Бид нарт намаас Н.Энхбаяр даргын сонгуулийг дэмж, яв гэсэн л үүрэг өгсөн. Ингээд бүгд  на­мынхаа нэр дэвшигчийнхээ төлөө яв­сан. Бид хоёр муудалцсан сайдалцсан байж болно. Тэр ямар хамаатай юм бэ. Би тийм өчүүхэн хүн биш.

-Н.Энхбаяр даргын түүх өнөө­дөр их сонин хэлбэрээр үргэл­жилж байна. Намын дарга нь намаа­саа гарч байсан түүх танай на­мын түүхэнд анхных боллоо. Нэ­гэн цагт энэ намын туг нь яв­сан хүний тухай одоогийн үйлд­лүүдийг нь хараад ямар дүгнэлт хийдэг вэ?

-Энэ намын буяныг хамгийн их эдэлсэн, энэ намын нэрээр  төрийн бүх өндөр албан тушаалуудыг нь хашиж явсан хүний хувьд ийм алхам хийж байгааг  зохисгүй гэж бодож байна. Гэх­дээ энэ хувь хүний сонголт юм биздээ.  2004 онд УИХ-д нэр дэвших эрхээ хасуулчихаад, элдвийн дайралт давшилтад балбуулж  байх үедээ ч би энэ намаас урваж яваагүй. Энэ бол харин миний сонголт байсан. Тэр үед надад янз бүрийн саналуудыг тавьж л байсан. Гэвч миний амьдралын зарчим тэр биш байсан

-Гадаа байгаа хөдөлгөөнийхөн заримдаа ордныг бүслээд л, ганц  нэг гишүүд гарч ирэхээр нь барьж аваад л байгаа харагдах юм. Тань руу тэгж довтолж байна уу?

-Үгүй. Хаврын зэвэргэн хөх сал­хиар буухиалсан юм шиг л улс төрийн амьдралын халуухан өдрүүд ирдэг уламжлал сүүлийн хэдэн жил  манайд тогтоод байна. Нийгмийн энэ үйл явцыг  “Хаврын синдром” гэж  хүртэл нэрлээд байна шүү дээ. Улс төрийн дотоод эмгэг гадагшилж эрүүлжих үйл явц байнга өрнөж байдаг нь ардчилсан нийгмийн жам ёс. Ардчилсан нийгэмд байдаг иргэний хөдөлгөөн, жагсаал цуг­лаан болж байна. Айх, гайхах, эмзэглэх юу байх вэ. Өнөөдрийн  жаг­саал цуглааны нэг хэсэг нь төр  засгийн үйл ажиллагааг шүүмжилж, нөгөө  хэсэг нь тодорхой бүлэг хүмүү­сийн захиалгатай үйл ажиллагааг хэрэгжүүлж, нийтийг эмх замбараагүй байдалд турхирсан шинжтэй үйлдлүү­дийг  үзүүлж байна. Зарим хэсэг нь улс төрийн  намууд нийгмийн төлөөлөл,  ардчиллыг хэрэгжүүлэх процесст итгэхгүй гутарч бухимдан төр, засгийн байгууллагуудын ажиллагсадын хүнд суртлын эсрэг  дургүйцлээ  илэрхийлж байна. Эрхээ эдлэж дуу хоолойгоо төр засагт хүргэх нь тэдний эрхийн асуу­дал. Ажил хийж байгаа хүмүүст  шүүмж­лүүлэх асуудал  байлгүй  яахав. 

-Та талбай дээр очиж үзсэн үү. Зарим гишүүн  талбай дээр гарч ирээд сүрхий рейтинг цуглуулж байгаа харагдах юм байна ш дээ?

-Тэгж рейтинг цуглуулаад ч яахав дээ.

-Завханаас морьтнууд ирсэн үү?


-Ирээгүй байхаа. Хөөрхий тэд нар 1000 километрээс морь уначихсан энд ирээд цохиж явна гэж бараг байхгүй биз. Болсон болоогүй юманд хутгал­даж авахаас илүү өөрсдийнхөө амьд­ралыг эвтэйхэн аваад явах хүсэл эр­мэл­зэл нэг хэсэгт нь бол сууж байгаа шүү дээ.

-МАХН-ын Оюунхорол л гэдэг байлаа. Одоогийн МАН-ын  Оюун­хорол гэх нэрэндээ ер нь дасч байна уу?


-Дассан шүү хө. Ардын нам гэдэг чихэнд чимэгтэй дулаахан санагдаж байгаа биздээ. МАН гэдэг хуучин нэрээ сэргээхэд гар  бие оролцсон  болохоор дасч ядаад байх юм байхгүй л дээ. Намынхаа үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцож байгаа. 

-Хүмүүс үнэмлэхээ авч байгаа юм уу даа. 160 мянгад өгчихсөн гээд л байх юм. Дэгс л сонсогд­дог юм?

-Үгүй үгүй. Үнэхээр авч байгаа. 163500 гишүүн батлахаа авсан. Айм­гийн намын хороо, сумын намын хороо дүнгээ худлаа гаргана гэж байхгүй ш дээ. Яагаад гэвэл  намын батлахаа авч байгаа гишүүдийн намтар түүх анкет нь бичигдээд хөтлөгдөөд явж байгаа шүү дээ. Нөгөө талд нь шинээр 22400 гишүүн манай намд элссэн байгаа.

-Одоо хамгийн анхаарал татаж байгаа сэдэв Сонгуулийн хууль. Танай нам сонгуулийн систе­мийн аль хувилбар дээр нэгдэх нь вэ?

-УИХ-аас томилогдсон ажлын хэсэг сонгуулийн хууль боловсруу­лаад Төрийн байгуулалтын  байнгын хороогоор нэг удаа хэлэлцүүлсэн. Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуу­лиа төгс төгөлдөр болгоё, пропорцио­наль тогтолцоонд шилжье гэж  2007 онд С.Баяр дарга анх санал тавьж байсан. Гэтэл  өнөөдөр манай намыг  сонгуулийн хуулийг өөрчлөхөөс тат­гал­заад болгоомжлоод байгаа юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлэхүйц  мэдээлэл хэвлэлээр  нэлээд бичиг­дээд  байна. МАН одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулиа өөрчилж сайжруу­лах дээр санал  нэгтэй байгаа. Жижиг ба томсгосон тойргоор УИХ-ын гишүү­дийг иргэд, сонгогчид шууд сонгож байсан мажоритар тогтолцоонд сайн муу тал аль аль нь байсан. Сонгогчид төрд төлөөлөх хүнтэйгээ уулзаж ярил­цаж, дотор сэтгэл, үзэл бодлыг нь уу­далж,  жинлүүрийн  тавган дээр тавьж дэнсэлж байж сонгодог хувилбар  шүү дээ.  Энэ хувилбараар сонгууль явуул­сан тохиолдолд сонгогчдын санал олноор гээгддэг сул талтай. Өөрөөр хэл­бэл төрийн эрхээ барилцах болом­жоо олон иргэд алдаж байна гэсэн үг. Нөгөө талаар намууд, нэр дэвшигчид их хэмжээний мөнгө амладаг, төр засгийн эрх авсан хойноо амлалтаа биелүүлэх гэж төрийн санхүүг тамир­дуулдаг, бэлэн мөнгө тарааж,  олон түмнийг арайхийн салж ядаж байсан бэлэнчлэх сэтгэлгээ рүү нь буцаах гэх мэтийн сөрөг үр дагавартай.  Сонгуу­лийн  холимог хувилбараар бол нэг тойрогт  нэг л  хүний нэрийг дугуйлах уч­раас улс төрийн намууд  жинхэнэ лидерүүдээ өрсөлдүүлнэ гэсэн үг л дээ.  Энэ системээр сонгууль явуулбал улс төрийн  намууд төлөвших, санхүү­жилтийн зарчмаа зөв болгох, намын хө­төл­бөр нь төрийн бодлого болж хэрэгжих, улс төрийн авлига үгүй болох, намын бүлгүүдийн үйл ажил­ла­гаа цэгцрэхэд маш чухал ач холбог­долтой.Эмэгтэйчүүдийн квотын асуу­дал намаас жагсаасан нэрсэд багтан шийдэгдэж, улс төрийн намууд  гудамжинд бус парламентын танхимд улстөр хийж, сонгууль шударга болж, парламентын төлөвшилд ахиц дэвшил гарна гэж бодож байна. 

-Сонгуулийн хуулиа ч ярьж шийдэж чадаагүй байхад зарим нутаг оронд нэр дэвшигчдийн нэр “тодорсон” байх юм. Таны хувьд  тойрогтоо хэвээрээ юу. Таныг намын Удирдах зөвлө­лийн гишүүн, дээр нь нутгийн олон түмний хүндэтгэл, дэмж­лэг талаасаа ч өрсөлдөгчгүй гэж ойлгож болох уу?

-Тийм ойлголт байж болохгүй. Ардчилсан тогтолцоо чинь өрсөлдөж байхдаа л эрүүл байдаг жамтай. Нөгөө талаар сонгуулийн хууль ч тодорхой­гүй байна. Завханчуудынхаа төлөө миний хийж байгаа ажлыг сонгуульд өрсөлдөгчгүй ялалт байгуулахын төлөө  хийгээд байгаа, хийх гэж зүтгээд байгаа мэтээр ойлговол  дэндүү өрөөс­гөл ойлголт болно. Төрсөн нутгаа гэх сэтгэл, сонгогч олон түмний итгэл, хайрыг даах ухаан, айл өрх бүрийн амьд­­рал дээшилж, өнгөтэй өөдтэй бо­лоосой гэсэн чин сэтгэлээсээ хичээж зүтгэж явдаг юмаа. Хувь хүний хүсэл эрмэлзлэлээс гадна төрсөн нутаг усныхны минь санал хүсэлт, үнэлэлт дүгнэлт  юу юунаас илүү чухал шүү дээ. Мөн нэр дэвшигчид   намын хам­тын бодлого шийдвэр маш их нө­лөөлд­гөөс гадна улс төрийн бичигд­сэн хийгээд бичигдээгүй ёс зүйн зарчим  байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор Монгол Улс дэл­хийн улс орнуудын хэдэд жагс­даг вэ. Энэ байр дараагийн УИХ-ын сонгуулиар урагшлах бо­ломж харагдах юм уу?


-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог парламентад эзэлсэн сууд­лын тоогоор харьцуулсан үзүүлэлтээр 187 орноос Монгол Улс 115 дугаар байр  эзэлсэн ба 2008 онд 76 суудал­тай парламентад 3 эмэгтэй сонгогдож 3.4 хувийн  төлөөллийг бүрдүүлсэн нь олон улсын парламентын дундажаас даруй 2.6 дахин бага байна. УИХ-ын 2008 оны сонгуульд 356 нэр дэвшиг­чээс 66 нь эмэгтэй байсан нь нэр дэв­шигчдийн  эзлэх хувь байнга өсч, ха­рин  сонгогдсон  эмэгтэйчүүдийн хувь буур­сан байна. Өнөөдөр  эмэгтэй­чүүдийн санал бодлыг сонсч улмаар төрийн бодлогод тусгах явдал чухал байгаа.  УИХ Жендерийн  эрх тэгш байдлын тухай  хуулийг батлан гаргаж, хуулиа хэрэгжүүлэх  ажлуудыг эх­лүүлж байна. Монгол эмэгтэйчүүдийн  үнэлэмжийг дээшлүүлж, улс төрд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чадвартай, боловсролтой  эмэгтэйчүү­дийг сурталчлах ажил маш чухал байна. Мөн  эмэгтэйчүүд өөр хоорон­доо бие биесээ хүлээн зөвшөөрч, хамт­ран ажиллах сэтгэлгээний өөрч­лөлтийг хийх тал дээр  эмэгтэй­чүүдийн байгууллагууд идэвхтэй ажиллах ёстой гэж боддог. Мэдээж 2012 оны сонгуульд эмэгтэйчүүд олноор нэр дэвшиж, их хуралд сонгогдоосой гэж хүсч  байна. Энэ үйл хэргийн төлөө би эмэгтэй­чүүдтэйгээ хамтран ажиллах болно.  Эмэгтэйчүүд нийгмийг хөдөл­гөгч гол хүчин гэдгийг нийгэмд мэд­рүүлж, хүн ам ба хөгжлийн асуудлаар­хи батлагд­сан хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүү­лэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эмэгтэйчүүд  рүү түлхүү хандуулах шаард­лагатай. Эмэгтэй­чүүд маань өөрс­дийн хүч чадал, нөөц боломж, бодит үр дүнгээ харуулах нь бидний хамтын ажиллагаанаас шалтгаална.
     
-Та бол МАН-ын Удирдах зөв­лөлийн гишүүн. Намын удирд­лагад орсноор ачаалал, хариуц­лага харьцангуй нэмэгдэж бас нөгөө талаар намын дотоод асуудалд нөлөөлөх, дуу хоо­лой­гоо хүргэх утгаараа давуу тал их байдаг байх?

-Аливаа үүрэгт ажил хариуцлага дагуулж, ачаалал нэмдэг. Өнөөгийн Монгол төрийн эрхийг барилцаж байгаа улс төрийн намын удирдах зөвлөлийн гишүүн байна гэдэг  том хариуцлага, олон мянган гишүүд, дэмжигчдийн минь надад хүлээлгэж буй итгэл гэж ойлгож хариуцлагатай, идэвхтэй ажилладаг. 

-Энэ жил Отгонтэнгэр хайрха­ныг тахина.  Өмнөх жилүүдэд газар нутгийн уул овооны та­хил­гуудын  наадам үнэтэй ма­шины л цуглаан болдог байлаа. Үр дүнд нь байгаль дэлхий бохирдон, нутгийн олон түмэн  бухимдан үлддэг  муу жишиг тогтчихоод байна. Та энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?

-Төрийн тахилгат Богд-Очиваань хайрхан уулын маань  төрийн тахилга дөрвөн жилд нэг удаа болдог. Ард олон ч Отгонтэнгэр хайрханыхаа тө­рийн тахилгад бэлтгэж, оролцдог. Би ч гэсэн  очиж сүслэн залбирдаг. Энэ хайрхан зөвхөн завханчуудыг  төдий­гүй монголчуудын минь ажил амьдралыг дааж, ивээж явдаг хайрхан. Уул усны аливаа тахилга ёслол даруухан хийгээд байгаль дэлхий, ариун дагшин уул усаа хайрлах ардын ухааныг шингээсэн байх ёстой.  Тахилга ёслол нарийн ёс дэгтэй байдаг шиг түүнийг тойрсон үйл явдлууд эмх цэгцтэй байгаасай гэсэн таны бодлыг хуваалцаж байгаадаа баяртай байна. Өчигдрийн муугаа өнөөдөр давталгүй, өнөөгийнхөө сайн сайхныг маргааш марталгүй л урагш­лах бодол өнөөгийн монгол хүн бү­рийн сэтгэлд байгаасай гэж залбирдаг. Нутгийн хүн зон, сүсэгтэн олон түмэн их хайрханыхаа тахилгыг уул усаа баярлахаар ёслол төгөлдөр үйлдэж, цаашдаа уул усаа зөв тахих жишиг бо­лох хэмжээнд зохион байгуулна.  Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн Там­гын газар, Завхан аймгийн Засаг даргын ажлын алба ч санаа бодлоо нэгтгэж, одооноос энэ ёслолд бэлтгэж байгаа.

 -Та олон жил улс төрд явлаа. Яагаад сайд болдоггүй юм бэ. Танд сайд болооч гэж санал ирдэг үү?


-Ер нь  би сайд болъё ч гэж гүйж үзсэнгүй, чамайг сайд болгоё гэж ч са­нал ирсэнгүй. Тийм учраас би урдахь ажлаа хийгээд л бусдын жишгээр амьдарч яваа. Албан тушаалын төлөө  улайраад худлаа үнэн юм яриад гүйгээд байж чаддаггүй л дээ. Аливаа юм  зурсан  зургаараа л явдаг цаг хугацааны шалгууртай.

-Гэрийн эзэгтэйн ажлаа хэр биелүүлдэг вэ. Амжуулж чадаж байна уу?


-Гайгүй ш дээ. Гэртээ бас нэр хүнд өндөртэй эзэгтэй шүү. (инээв) Хүнд сайхан гэр бүлээс илүү нандин юм хаа­на байхав дээ. Гэр бүл доторхи халуун дулаан уур амьсгал, бие биенээ хүндэтгэж хайрласан хайр, энэ бүхэн амьдралын тулгуур суурь болдог юм байна даа. Ар гэр маань найдвартай учраас сэтгэл зовох юмгүй сайхан тайван амьдардаг.

-Гэр бүлийнхээ танилцуулж болох уу?

-Нөхөр маань Гадаад харилцааны яаманд  ажилладаг дипломатч хүн бий. Хүү, охин хоёр маань одоо ч хүний гар харахааргүй том болцгоосон. Бие дааж зөв амьдарч сурсанд нь баяр­лаж, амьдралын үнэнд ойрхон яваа­рай гэж захидаг. Гадаадад сурч мэдлэг боловсрол эзэмшиж байгаа. Удахгүй төгсөөд эх орондоо ирж ажиллана. Бид хоёр хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл, шийдвэрт нь нөлөөлдөггүй. Зурсан зургаараа л амьдрах байлгүй дээ.

-Улстөрч хүн болоод тэр үү ихэвчлэн эрчүүдтэй нөхөрлө­дөг юм шиг харагдаг. Нөхөрлөл бол хүчирхэг ойлголт. Энэ та­лаар таны зүрхэнд ямархуу ойл­голтууд явдгийг сонирхмоор байна?

-Найз нөхдийн харилцаагаа хүн үргэлж өнгөлж, тордож явах ёстой гэж би үздэг.

-Тийм шүү. Үнэхээр сайхан сон­согдож байна?

-Найздаа хүн шудрага хандах учиртай. Олон жилийн найз нөхөд гэдэг бие биенийхээ  дутагдал, сайн талыг олж харах чадвартай болдог гэж боддог. Би хүнийг байгаагаар нь хү­лээн авч чаддаг, зөөлөн сэтгэлтэй эх хүн шүү дээ. Гэхдээ ойр дотныхоо хүмүүст арай илүү өндөр шаардлага тавьдаг муу талтай. Дотны минь хүн гэж л тэгдэг байх даа. Гэхдээ сэтгэ­лийнхээ мухарт би тэднийгээ маш их хүндэлж хайрладаг, бас буулт хийж чаддаг болохоор асуудал үүсдэггүй, үүссэн ч хүндэрдэггүй. Салахгүй сайн найз нар уулзахгүй удвал хогийн ургамал л хооронд нь дүүрэн ургана гэдэг үнэн байдаг байхаа. Сайхан найз нөхдийн үерхлийг алдахгүй байя гэвэл найз нөхөрлөлийнхөө төлөө тэмцэх чадвартай байх нь зөв гэж ойлгодог. Ийм хичээл зүтгэлийг аль аль нь ойлгож хүлээж авдаг байх учиртай. Ингэж чадвал олон жилийн турш сэтгэл дулаацуулах бат бэх холбоо болон үргэлжилж байдаг байх.

-Таныг сүүлийн үед зөв хооллох эрдэмд суралцаж байгаа  гэсэн мэдээ хүлээж авсан юм байна?

-Манай гэр бүл  бие махбод, эрүүл мэнддээ хандах оюун санааны асар их өөрчлөлтийг эхлүүлсэн. Хоол хүнсний асуудлыг айл гэрийн эмэгтэй хүний асуудал төдийхнөөр сэтгэх хуучин зуу­ны сэтгэлгээг халж, идэх хоолоор дамжуулан бие, оюун ухаанаа цэг­цэлж,  эрүүл сайхан байх боломж  бүрэн байдгийг надад мэдрүүлсэн Анужин багшдаа  маш их баярлаж явдаг. Олон жилийн судалгааны ажил дээрээ түшиглэн макробиотикийн шинжлэх ухааныг судалж, эрүүл хоол хүнсийг монголчууддаа зааж, сургаж, үлгэрлэн байгаа түүнд талархаж явдаг олон хүний нэг нь би. Олон хүнд буян болж, эрүүл чийрэг, эрч хүчтэй ажиллаж  амьдрах боломж олгож байгааг нь хараад  багшаараа бахарх­даг. Энэ ухаан бол макробиотик нь тэнц­вэрт байдлын тухай  ухаан бөгөөд монголчууд бидний арга  билэг, өгөх ава­хын ухаантай адил юм. Эрүүл  биеийн гайхамшгийг насан туршдаа эдэлж, идэж хүртэхийн сайхныг шинээр мэдрүүлэх ийм гайхалтай эрдэм ухаан  нь  амьдралын цоо шинэ хэв маягийн  тухай ойлголт байдаг. Ор­чин үеийн хүмүүсийн орой босч, орой унтдаг, хоол хүнсийг авахдаа  ихэвч­лэн буруу цагт авдаг зэрэг нь бие мах­бодийг байнга ачааалалд байлгаж улмаар бие, эд эрхтнийг өвчлүүлж эхэлдэг байна. Дотооддоо, эх орныхоо хөрс шороонд ургадаг, өөрийн  газар нутаг, уул усныхаа эрч хүчийг  шингээ­сэн  хүнс  ногоо, тариа будаагаа түлхүү хэрэглэдэг болсон. Монголчууд бид эртнээсээ экологийн хувьд хүний биед хор, аюулгүй хүнсний хэрэглээтэй ард түмэн байсан. Өнөөгийн монгол хүний хооллох хэв, маяг, амьдралын  дадал зуршлын хор холбогдол нь залуу на­санд нь гойд мэдэгдэлгүй явсаар дий­лэн­х нь гуч хүрээд өвчин хэлж, дөч хүрээд эд эрхтнээсээ салж, тавь хүрээд хазгар доголон явж, жар хүрээд хорвоог орхиж байна. Шинжилгээ хийл­гэхээр дотор эрхтнүүд нь бүгд л эмгэг, сэвтэй болчихсон байдаг.  Ингэхлээр л хүн болгон олдож байгаа боломжийнхоо хэрээр зөв хооллох эрдэмд суралцаж хэвшвэл эрүүл амьдрах, урт наслах их нөөц байна гэж бодох болсон.  Өөрийн биедээ итгэж, түүнийг  арчлан хайрлаваас үр дүн заавал ирдэг юм байна. 

-Хөөх, та чинь бараг багш бол­чих­сон байна шүү. Амжилт хүсье?


-Баярлалаа. Ойрд ийм тухтай ярилцлагад ороогүй юм байна.

Ярилцлага албан ёсоор ингээд өндөрлөлөө. Уг нь түүний амнаас ха­луу­хан сэдвүүдээр зүрх шимшир­тэл унаж ирэх өдий төдий юм сэт­гэлд нь байгаа гэж би тооцож бай­сан. Гэвч тэр эмэгтэй хүн гэхэд ха­рин ч гонгиноо биш, тунирхуу биш, бас өш хонзон тээгээд явдаггүй нэгэн бололтой. Эрчүүд цаагуураа давжаарч, эмэгтэйчүүд харин эс­рэгээ­рээ гүдэсхэн нөхдүүд болж хувирсан юм биш үү…