Дижитал үхрийн мах
Манайд шинжлэх ухаан их хөгжиж байна.
Сэхээ самбаатай хүмүүс нанотехнологийг барьж авч байгаа нь сайшаагууштай. Нэр нь ч на... на...но..но... гээд тогтооход амархан, ердөө л амандаа дуу аялах зуураа цээжилчих зүйл. Саяхан хэсэг эрдэмтэн нано технологи ашиглан хулганаас гөлчгий гаргаж авсан нь дэлхийг шуугиулсэн нээлт болов гэлцэнэ. Зохиогчийн эрхийн газарт хамгийн сүүлийн үеийн байдлаар нано технологи ашиглан тоосгоноос тоосгоны үртэс гаргаж авсныг баталсан өргөдөл ирсэн байна. Манай эмч сэхээтнүүд ч нано хувьсгалаас хоцорсонгүй. Тэд хүүхдийг “нано-хүн” гэж нэрлэх түүхэн санал гаргаад байгаа билээ.
Шинжлэх ухаанжих процесс цааш үргэлжилсээр. Манай толгойлох дэлгүүрүүдийн нэг “Миний дэлгүүр дижитал болов” гэсэн мэдээлэл зурагтаар тасралтгүй явж байна. Бид энэ дэлгүүрээс хуучин шигээ аналог төмс, жирийн байцаа авахаа болих аж. Ийнхүү монголын иргэд хэрэглэгч- үйлчлүүлэгчид оройн хоолондоо үхрийн дижитал мах идэж, тоон системийн байцаагаар даруулах цаг ирж байгаа нь энэ.
Гэр хорооллынхонд өвлийг давахад зориулж банкнаас задгай мөнгөөр илэрхийлэгдэх “Ультра зээл” олгож эхэлснийг бас мэдээлсэн байна. Ухаандаа мөнгийг нано болгосон хэрэг шүү дээ. Ультра зээлийн нано мөнгөөрөө халбага нүүрс авсан хүний нүүрэнд нано инээмсэглэл тодорсон байхыг сонины хуудаснаас харж болж байна. Ямарч юм хоёр талтай хойно доо. Танил талаа ашиглан ультра зээлийг инфра болтол нь зувчуулсан этгээд аяга гаруй нүүрсээ савхдаж байгааг хөдлөх аргагүй нотолсон нууц камерийн зураг ч томоохон шүүмжлэлийн хамт гарчээ.Манай уран бүтээлчид гар хумхин суусангүй. Нано шүлэг, дуу гарч эхэлжээ. Анхны хайраас олон дахин хүчтэй нано хайрын тухай ч яригдах болж. Ромео, Жульетта хоёрын дурлалыг дугаарлах эрэмблэх гэж урлаг судлаачид олон жил толгойгоо гашилгасан юм. Учир нь тэдний хайр хэн хэндээ анхных биш байсан гэдэг диалектик үнэнийг учраа мэдсэн сахилга баттай зохиолч В.Шекспир нуугаагаагүй билээ. Ингээд түүхт хосуудын хайрыг нэрлэх “дэд хайр”, “хоёр дахь анхны хайр”, “анхны хайраа нахихуй” зэрэг зэрэг олон кандидат нэр томьёо төсөл байдлаар гараад байлаа. Харин манай судлаачид тэдний хайр бол биотехнологид хамаарах “нано хайр” мөн болохыг лаборторийн туршилтаар батласан ажгуу.
Энэ фельетон нано биш тул нано биш технологиор төгсгөхгүй бол эрдэмтэд сурдлаачид дургуйцэх үнэн магадтай. Олны ярилцах нь: МИАТ компани өөрийн онгоцоор “Москвагаас Берлин хүрэх агаарын замыг дугуйгаараа туулж” шинэ амжилт тогтоон “газар-агаар” ангилалд найдвартайгаа харуулжээ. Энийг нь сонссон уу яасан, Олон улсын агаарын тээврийн холбоо IOSA гэрчилгээ, үнэ бүхий зүйлээр шагнасан байна. Үүндээ урамшсан агаарын тээврийнхэн нутаг дээгүүрээ өнгөрч буй гадаадын онгоцтой нэг өдөр холбоогоо таслан тэмдэглэжээ. Энэ нь хэр баргийн амьтантай тоож дуугарахааргүй хэмжээнд очсныг илтгэж буй хэрэг гэлцэнэ.Сонин сайхан юм бишгүй байна аа. Төмөрийн заводынхан мөөг тариад эхэлчихэж. News.mn-ийн мэдээнд дурьдснаар бол мөөгний найрлагад витаминээс гадна маш их төмөр байдаг юм гэнэ ээ. Юмны учир нарийн. Ус сувгийн газар нэг дамжлагаа янзлаад цус сэлбэх шингэн найруулаад эхлэхэд гайхах юм алга байх нь. Цусны чинь наяад хувь нь ус байдаг юм гэхчивлээ.
Бас нэг юм ярихаа мартах нь байна. “Өөрийгээ ялах” зорилготой марафон гүйлт Эрдэнэт хотод болжээ. Ард иргэд “бид тэгээд дайснаа яах болж байна” гэлцэн эргэлзэж байна. Хэрвээ энэ марафончууд 1939 онд Халхын голд байсан бол бид ч дүүрчээ. Тэд японтой байлдахын оронд “өөрийгээ ялна” гээд гүйчих байсан байна шүү, бурхоон.
баагий
Зочин
Munkhbayar