“Ярилцъя” буландаа бас нэгэн цоо шинэ зочныг урилаа. Түүний нэр Т.Буян-Ундрах. Харин эрхэлж буй алба нь “ХЬЮНДАЙ МОТОРС МОНГОЛ”  ХХК-ийн гүйцэтгэх захирал. Шинэ монголчуудын төлөөлөл ч гэж түүнийг товчхон тодорхойлж болно. Шинэ Монголыг эрдэмтэй боловсролтой, дэлхийн жишгийн чадавхтай залуус тодорхойлно.  Тэдний түрүүч ийнхүү амжилттай “довтолж” байна. Ийм довтлогчдоос бүү зэнзийрхээрэй гэж хэлмээр санагдана. Ингээд түүний ярианд анхаарлыг тань хандуулъя.

-Сүүлийн үед “Ярил­цъя” буландаа шинэ цагийн залуу лиде­рүүдийг түлхүү урьж ярилцаж байгаа. Тэд­гээр цоо шинэ өнгө төрхийн нэгэн илэр­хийлэл гэж таныг үзэж байна. Урилгыг маань хү­лээж авсанд баяр­лалаа?


-Баярлалаа.

-”КИА МОТОРС МОН­ГОЛ” гэх шинэхэн ком­па­ни үүд хаалгаа нээ­сэн тухай зар түгээд тун удаа­гүй бай­на. Энэ шинэхэн үед захир­лыг нь урьж ярилцаж бай­гаа нь таатай хэрэг. “КИА” брэндийн будаг нь ханхал­сан маши­­нууд манай хо­тоор салхи татуулан дав­хиж байна. Энэ бүхэн мэдээж тантай хол­боо­той. Эндээс яриа­гаа эхлэх үү?

-”Киа моторс Монгол” ком­пани бол “Хьюндай Mо­торс” компанийн л үргэлж­лэл. 2009 оны сүүлээр хям­рал эцэслэж байх үед ихэнхи ком­пани уруудаж байсан бол Со­лонгосын ма­шин үйлдвэрлэгч “Хьюндай” корпо­рац маш их амжилт олсон. Түү­хэндээ бай­гаагүй их амжилтыг ол­сон. Нэг талдаа хямрал бай­даг, нэг талдаа ам­жилт бай­даг гэд­гийг жинхэнэ амьдрал дээр харуулсан ком­пани бол “Хьюн­дай” корпорац юм.
     
-Оptima машины Аме­ри­кийн зах зээл дээр ол­сон амжилт дээр суурилж ярьж байна уу. Эсвэл?

-Бид эхлээд “Киа”-гийн ажил хийдэг машинуудыг нь оруулж ирсэн юм. Ажил хий­дэг машиных нь албан ёсны борлуулагч шүү дээ, бас. Бен­зиний машин, усны машин, том чирэгчүүд гээд. Эд бол эзэндээ мөнгө оруул­даг машин. Манай эдийн засаг унтаа, жижиг­хэн, хаагдмал байдалд нэ­лээд цаг хугацааг туулж ирлээ. Нэгэнт нийтдээ эдийн засаг өөрөө ийм өнгө төрхтэй байсан болохоор хүмүүс маань ихэвчлэн бэлэн мөнгөө барьж яваад л Солон­госоос хуучин ма­шин худал­даж авдаг бай­сан. Өөр боломж ч бага байж. Гэвч тэр авсан машин нь таваас зур­гаа, дээд тал нь 10 жил ашиг­лагдчихсан машинууд бай­даг. Тэндээ үнэ нь бүр уна­чихсан. Ашиг­лах боломжгүй болчих­сон тийм машинуудыг авч­раад л бид энд үйл ажил­лагаагаа явуулдаг байлаа шүү дээ. Тэгвэл бид 2009 онд хэ­рэг­лэгчдэдээ юу санал болго­сон бэ гэхээр ерөөсөө ма­шин авах гэж байгаа энэ том мөнгөө үйлдвэрээ, ком­па­ниа том болгоход ашиг­лаач ээ. Битгий явж, их зард­лаар хуучин машин аваач ээ.

Энэ машинууд өөрөө мөн­гөө хийдэг машинууд. Тийм учраас ажил хийдэг машин гэж нэрлэж ч болох юм. Тэдгээр ажил хийдэг маши­нуудыг бид хэрэглэгчиддээ лизингээр өгөхийг санал бол­го­сон. Энэ машинууд өө­рөө өдөр тутам ажилтай байдаг боло­хоор эзэн­дээ ямар нэгэн хүнд дарамт байхгүй. Жишээл­бэл, та 70 мянган доллараар ма­шин авах байсан бол манайд 10 мянган долларыг нь өгөөд лизингээр машинаа гар дээрээ авчихаж байгаа юм. Солонго­соос хуу­чин машин авч байхын оронд 10 мянган доллараар ма­най­хаас машин аваад лизингийн үйлчилгээтэй нь хамт бу­цаа­гаад машинаараа мөнгөө төлөх боломж­той болж ирж байгаа бөгөөд таны машин ажилтай л бол танд дарамт учруу­лах­гүйгээр үнээ өөрөө хийж өгч байгаа хэлбэр юм. Энэ бизне­сийг бид жил хэр­тэй нэлээн ам­жилттай хэрэг­жүүл­лээ. Мон­голын тэргүүлэх бүх л компани манай хэрэглэг­чид болсон. Бид тухайн компа­ниу­дад чанартай үйлчилгээ үзүүлж байгаа уч­раас тэд манайхтай хамтран ажиллаж байна. “АПУ”-гаас эхлээд “Эр­дэнэт” үйлдвэр, MCS, “Сод Мон­гол” гээд Мон­гол­доо эхний 20-д жагсдаг бүх компани манай хэрэглэгчид. 2010 онд бид  үйл ажиллагаагаа том ком­паниуд руу түлхүү хандуулсан бол 2011 онд Мон­голынхоо бүх компаниуддаа хүрч ажиллая гэж зорьж байна. Тэгэхээр бид  тоо бодох л хэрэгтэй болж байгаа юм л даа. Хэрэглэгчид маань энэ нөхц­лийн учрыг сайн ойлгох, үр ашигтай тооцоо хийх хэрэгтэй байна. Өмнө нь эдийн засаг унтаа үед хийх ажил байгаагүй болохоор нөгөө үнэтэй авсан машин чинь зогсоод, ашиггүй болоод ирсэн бол одоо манай эдийн засагт сэргэлт ирсэн. Бай­дал өөрчлөгдсөн. Одоо ком­­паниуд маань маш их ажил­­тай болж байна. Хариуц­лагатай болж байна. Түүнийгээ дагаад өндөр чанарыг шаардаж байна. Тийм учраас таны нөгөө ачаа тээвэрлэж байгаа ма­шин чинь хамгийн нэгдүгээрт, найд­вартай байх ёстой. Хоёр­ду­гаарт, хүмүүсийн “хоол”-ыг тээж байгаа гэдэг утгаараа хөл­дөөгч, бусад тоноглосон тех­но­логиуд нь найдвартай байх ёстой гээд ингээд шаардлага нь тодорхой жишигт тавигдаад эх­лэхээр хуучин машинууд маань болохоо болиод ирж байгаа юм л даа. Яг энэ ачаа­ны машины секторт бол “Хьюн­дай”-тай өрсөлдөх машинууд бага л даа. Япон машинууд өрсөлдвөл өрсөлдөх байх. Хятад машинууд бол найд­вар­тай гэдэг үндсэн шаардлага дээр арай болоогүй байгаа. Хята­даас манайхан юу авчирч бай­на вэ гэхээр энгийн үгээр хэ­лэхэд ерөөсөө л гар аргаар хашаанд угсарчихсан маши­ныг Монголд оруулж ирээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь нэгдүгээрт, ямар ч  баталгаа байхгүй. Сая нэг том хэрэг гарлаа шүү дээ. Компанийнх нь нэрийг хэлээд яахав. 70 гаруй тэрбум төгрөгийн хогны машин авсан байгаа юм. Бүгд зогс­чихсон. Эргээд сэлбэг нь ол­дох­гүй байна. Яасан гэхээр угсарчихсан машинууд оруу­лаад ирчихсэн. Ардаа ямар ч баталгаа байхгүй.

-Сонссон мэдээлэл бай­на. Хогны машинууд оруулж ирээд маш их хохирол амссан гэсэн?

-Бид хэрэглэгчдийг ийм нэг буруу, хуучин сэтгэлгээнээс нь салгах гэж бүтэн жил оролд­соны дүнд хэрэглэгчдийнхээ итгэлийг олж авсан. Нэлээн олон харилцагчтай болсон. Харилцагчид маань бидэнд итгэдэг болж байна. Бид чинь шинэ компани шүү дээ. Гэхдээ шинэ гэдэг утгаараа бүх юманд түүхий хандах зарчим бариа­гүй. Жинхэнэ стандартын да­гуу хөдөлж эхэлсэн. Хэрэг­лэгч­дийн хамгийн их амсч хаширсан буруу ойлголтуудыг Монголын хөрснөөс арчих зүг рүү хэцүү ч гэсэн зам гаргаж мацсан. Зөв бодлого дээр суу­рилж чадсан учраас амжилт олж байна.

-“Киа Моторс Монгол” компани хаалгаа нээгээд нэг жил болчихож бай­гаа юм уу?

-“Киа Моторс Монгол” ком­па­ни хаалгаа нээгээд гурав л хонож байна. “Хьюндай Моторс Монгол”, “Киа Моторс Монгол” гээд энэ хоёр компанийн тухай би ярьж байна л даа. Албан ёсны борлуулагч компанийн үйл ажиллагаа гэдэг нь өөрөө бүрэн хэмжээний үйлчилгээ үзүүлдэг бизнес байх ёстой. Бүрэн, иж бүрэн биз­несийн утгаар нь хөгжүү­лэх ёстой. Үйлчилгээ чинь найд­вартай хийгддэг байх ёс­той, оригиналь сэлбэг чинь байх ёстой, тэрийг засдаг засварчид нь байх ёстой. Тэ­гээд үнэ нь болом­жийн байх ёстой. Хэрэглэгчийн шаардла­гаар юмаа өөрчилдөг байх ёстой гээд олон шалгуур тавиг­даж байгаа юм. “Киа Мо­торс Монгол” компани хаалгаа нээ­сэн эхний гурав хоног дотор нээлтэд зориулж тавигдсан машинуудын маань ихэнх нь зарагдаад дуусч байна. Энэ амжилтад хүрсний цаад учир начир нь юу байсан бэ гэдгийг л ярих гээд оролдоод байна л даа. Ерөөсөө  угтвар нөхцөл нь “Хьюндай Моторс Монгол” ком­пани нэг жил сайн ажилласных гэж би харж байна.

-Манай автомашин бор­луулдаг компаниуд хэ­рэг­лэгчдэд машинаа за­раад, 20 мянган километ­рийн баталгаа өгөөд л орхидог. Гэтэл танайх эргэлт хийчихлээ. 100 мянган километр, гурван жил явах баталгаа өгч байна. Энэ үнэхээр бар­дам ам байна шүү?

-Том амлалт л даа.

-Япон машин л илүү гэ­сэн нэг тогтчихсон ойл­голт манайханд байдаг. Энэ ужиг, гүнзгий тогт­сон ойлголтын өмнөөс хэтэрхий том ам юм биш үү. Ерөнхийдөө машинд хандах хандлага, ма­ши­ны хэрэглээ тойрсон соё­лын тухайд бид дутуу ард түмэн шүү дээ?

-Би Монгол Улсынхаа хөг­жил цэцэглэлтэд итгэдэг. Мон­гол Улс маань дандаа нэг ийм бүрсгэр, дандаа нэг ийм хүний гологдмол юм хэрэглэдэг байд­лаасаа салах хэрэгтэй. Улаан­баатар хот маань ч гэсэн замаа стандартынх нь дагуу барьдаг болох гээд явж байна. Замыг бизнес болгоод сурчихсан, жил болгон нөхөөс хийдэг, тэр нь хэдэн хүний бизнес болоод явж байдаг тэр буруу сэтгэлгээ­нээ­сээ удахгүй салах байх. Тэр бизнесийг хийдэг хүмүүс нь ч мөнгөтэй болох байх. Үүнийгээ дагаад улс орондоо халтай аргаар мөнгө олох гэж явахаа болих байх. Явж явж нөгөө л мөнгөгүйн зовлонгоосоо бо­лоод л ёс зүйгүй бизнес рүү хальтирцгаасан шүү дээ. Тэр байдал удахгүй халагдана гэж би итгэдэг. Компаниуд маань алийн болгон жижигхэн байх вэ дээ. Тийм биз дээ. Том байх хэрэгтэй. Улаанбаатар хотын зам дээр ч гэсэн энэ жил овоо их мөнгө төлөвлөгдөж байна. Улаанбаатар хот маань бие даасан статустай болж байна. Өөрсдөө юмаа мэддэг, захи­ран зарцуулдаг эрхтэй болж байна.

-Тийм ээ, сая манай хо­тын дарга замын тендер дээр  цоо шинэ дуугаралт үзүүлж байна лээ?

-Тийм. Мань хүн одоо хүч­тэй болж байгаа байхгүй юу. Эрх мэдэлтэй хүн чанга дуу­гар­даг. Хэлсэн шүү дээ. За, ня­луураад байхгүй шүү. Чадах­гүй бол танд баяртай гэж л хэлнэ шүү гэж. Дараагийн компани бэлэн байгаа гэж. Ажил ингэж л явах ёстой. Бүтээн байгуу­лалтын ажил явж байна. Өндөр өндөр барилгууд ба­ригдаж байна. Давхар замууд хийгдэж байна. Тэгэхээр энд нэг юмыг ярихгүй байх аргагүй. Монгол Улс баруун гарын дүрэмтэй улс. Гэвч тэр хууль нь ч хэ­рэгж­дэггүй. Баахан буруу тал­даа рультэй машин ороод ир­чихсэн. Тэрнээс болж хэдэн осол гарч байна, хэдэн хүн нас барж байна. Ямар ямар сөрөг үр дагаврууд гарч байна гэдгээ мэддэггүй. Давхар болон хурд­ны замууд баригдаад ирэхээр өөрчлөгдөх ёстой олон юм гарч ирнэ. Ядаж л хурдны замаараа бид чинь мөнгөө төлж явдаг бол­но шүү дээ. Тэгэхээр мөн­гө хураадаг цэг маань хоёр биш нэг талдаа л байдаг байх­гүй юу. Үүнээс эхлээд хийх ажил зөндөө гарч ирнэ.

-Энэ талаар ЗЦГ-ынхан л хааяа хөндөж байгаа ха­рагд­даг. Ингэхэд 100 мян­ган километрийн ба­талгааг бусад оронд өг­дөг юм уу?

-Бид гурван жил, 100 мян­ган километр гэсэн энэ батал­гааныхаа талаар “Киа”-тайгаа бас зөвшилцсөн. Тэгсний үнд­сэн дээр шийдвэрээ гаргасан. “Киа” бол Америкт бүр долоон жилийн баталгаа өгдөг юм шүү дээ.

-Долоон жил ээ?

-Тийм ээ, долоон жилийн баталгаа өгдөг. Манайх бол нөхцлөөсөө болоод хагасыг нь авсан. Монголд бид энэ шинэ жишгийг тогтоож чадна гэсэн ойлголттой байгаа. Яагаад гэвэл бид саяхан жи­шиг зас­варынхаа төвийг нээ­лээ. Зас­варын төвд юу юу байх ёстой, тэр бүх юм байгаа. Тэгээд бид энэ олон засвар хийдэг ком­паниудыг уриалж байгаа юм. Та нар манай дилер бол. Та нар энэ бизнесийг хийх гэж байгаа бол стандартынх нь дагуу хий. Танд ийм ийм засва­рын бага­жууд хэрэгтэй юм байна. Ийм зай талбай хэрэгтэй юм байна. Жижигхэн бол ийм байна, дунд бол ийм байна, том бол ийм байна гээд манай хүмүүс очоод, хэмжээд, стан­дарт юмыг нь тогтоогоод өгчих­нө. Тэгээд “Хьюндай моторс”, “Киа моторс” компанийн ит­гэмж­лэгдсэн засварын төв гээд байгуулчихаж байгаа юм. Хү­мүүс ч гэсэн итгэмжлэгдсэн зас­варын төвөөр юмаа хийл­гэж хэвшинэ. Бид тэр хүмүү­сийг яаж дэмжиж болох вэ гэхээр засдаг тоног төхөөрөм­жийг нь банкуудаар дам­жуу­лаад жижиг дунд бизнесийг дэмжих зээлтэй  холбож өгч болох юм. Хоёрдугаарт, тэр хүн өөрөө сэлбэг хайгаад яв­даг нь больж байгаа юм. Ма­найх бүх сэлбэгийн бөөний агуулах нээж байгаа. Тэр агуу­лахаас очоод л сэлбэгээ ав­чих­на. Интернэтээр захиалгаа өгөөд манайхан хүргээд өгсөн ч болно. Засварын газрын эзэн юугаа авах ёстой вэ гэхээр тэр сервис үзүүлж байгаа, ажлаа хийж байгаа орлогоо л 100 хувь өөрөө авах юм. Бид тэндээс нэг төгрөг ч авах­гүй. Засварын газрын үйлчилгээ үзүүлж буй бизнесмэнүүд маань бизнесээ стандарт руу л оруулах ёстой юм. Энэ бай­далтай холбог­дуулаад нэлээн олон ажлыг Авто тээврийн газраас хийж байгаа бөгөөд сэл­бэг оруулж ирж байгаа бөө­ний төвүүдийг, компаниудыг ч гэсэн шалгаж байх шиг байна. Бид том юмыг хараад жижиг юмыг хардаггүй юм байна л даа. Хуурамч сэлбэг, муу сэлбэгээс болоод авто ос­лын хэдэн хувь гарч байгааг мэдэхгүй. Эсвэл зас­варч­ны буруугаас болж юм за­сахдаа алдаа гаргасан тохиол­долд   хариуцлага нь тооцогд­дог­гүй. Жишээлбэл, та нэг жижигхэн газар очоод ма­ши­наа засуулъя гэхэд тэр зас­варчин үнэхээр мэргэж­лийн засвар­чин мөн юм уу гэдгийг мэдэх­гүй байна. Чи үнэхээр мэргэж­лийн засвар­чин мөн үү гэхээр үгүй, би ааваараа заалгасан, зүгээр л өөрөө сурсан гэх мэтийн үг хэлээд сууж байдаг. Ийм осол­той нөхцөлд аюулгүй байдлаа итгэж даатгах газ­руудгүй л бид явж байна л даа. Тэнд стан­дарт байх ёстой. Тэрийг чинь засах технологи гэдэг юм байх ёстой. Тэр нь алдагдсан байгаа учраас авто тээврийн салбар маань ч өө­рөө дэвждэггүй, ком­пани нь ч өөрөө томор­дог­гүй.

-Нээлтийнхээ үеэр таны сэтгүүлчдэд өгсөн мэдээл­лийг уншсан. Дэлхийн олон нэр хүндтэй уралдаанаас “Киа”-гийн машинууд шагнал авсан гэж ярьсан байна лээ. Авто­машины ертөнцөд ямар ямар том хүлээн зөвшөөрөгд­сөн уралдаанууд болдог юм бэ. Эндээс хэдэд нь “Киа”-гийн машинууд шалгарсан тухай сонирхмоор байна?


-”Киа”-ийн менежментийг яг үнэнийг хэлэхэд америкууд хийж байгаа. Солонгосууд хийхгүй бай­гаа юм л даа. “Киа”-гийн Оptima гэдэг машин гэхэд 2010 оны хамгийн дизайнлаг бөгөөд фэйшн­лэг машин гэдэг шагналыг авсан.   

-”Киа” 67 жилийн түүхтэй их залуу брэнд юм билээ?

-Тийм. Дэлхийн акулуудтай харьцуулах юм бол залуу л даа. “Киа” бол “Хьюндай”-гийн дагавар компани маягаар явж байгаад бүтцийн болон хөрөнгө оруу­лагчдын өөрчлөлт нийгдсэн. Гэсэн ч “Хьюндай”-гийн охин компани гэдгээрээ явж байгаа. Менежмен­тийнхээ багийг Америкийн талд шилжүүлсэн. Тэгээд Audi, Wolkes­wagen-ий ерөнхий дизай­нер бай­сан хүнийг “Киа” өөрийн­хөө ерөн­хий дизайнер болгосон юм. Гад­нахь өнгө загварууд нь асар их өөрчлөгдсөн. Дотоод шийд­лүүд нь ч гэсэн шинэч­лэгдсэн. Мэдээллийн технологийн ололттой талуудыг бүгдийг нь тусгасан машинуудыг үйлдвэрлэж  байгаа. Дотор талдаа орчин үеийн хүний хэрэгцээнд юу юу хэрэгтэй тэр бүгд  хангагдсан. Чанар, инновац хоёрыг хослуулж, элэгдэл хорогдлыг хамгийн доод, өнгө үзэмж дизайн ба техникийн үзүүлэлтийг хамгийн дээд хэм­жээнд нь хүргэсэн болохыг “Киа”-гийн бүх загвараас харах болно.

-Нээлтээ хийснээс хойш хэд орчим машин зарав. Өнгөр­сөн өдрүүдэд ямар гүйлгээ хийснээ ярьж болох уу. Эсвэл бизнесийн нууц уу?

-Болно болно. Ер нь бизнесээ нууц л гээд байх юм бол бизнес нь томордоггүй юм шиг байгаа юм. Бизнес бол нээлттэй байх тусмаа л явах ёстой. Бид сая 40 гаруй машин оруулж ирсэн. Одоо долоон машинтай л сууж байна. Дөнгөж гурав хонож байхад хүмүүст үзүүлэх машингүй болчих гээд байна. Тэгээд заримыг нь зарахыг нь болиулаад машин иртэл түр байж бай гээд байлгаж байгаа нь энэ.

-”Киа”-гийн машин сонир­хогчдыг нас хүйс, ажил хэр­гээр нь ангилбал ямархуу улсууд их сонирхож байна?

-Ажиглаж үзсэн. Бид одоо яг шилжилтийн үеэ туулаад дуусч байна. 20 жил бизнес хийчихсэн хүмүүсийн хүүхдүүд нь ид насанд хүрч байна л даа. Амьдрал ахуй нь цэгцэрч, компаниуд нь хөл дээрээ зогссон байна. Хүүхдүүд­дээ машин авч өгч амьдралын замыг нь шинэ машинаар эх­лүүлье гэсэн хүмүүс их байна. Хоёр­дугаарт, миний үеийн залуу­чууд бол дунджаас дээгүүр шатны менежерүүд болчихсон байна. Тэр хүмүүс их авч байна. Гуравду­гаарт, одоо бизнес хийж байгаа залуучууд маань гэр бүлдээ их анхаарал тавьж, гэр бүлийн нэр төр, аюулгүй байдал гэдэг юмыг их боддог болсон байна. Тийм учраас тэр хүмүүс эхнэрүүддээ машин их авч байна. Дөрөвдүгээрт, улсын байгуул­лагууд. Бас такси компа­ниуд их сонирхож байна. Хүмүүст манай өгч байгаа гурван жилийн баталгаа бас их нөлөөлж байна л даа. Шинэ, үнэ өртгийн хувьд харьцан­гуй хямд, баталгаат үйл­чил­гээ санал болгож байгаа боло­хоор тэд манайхаар үйлчлүүлэх сонирхолтой байна.

-Машины нэр хүндийг тодор­хойлдог хуучин ойл­гол­тууд ингэхэд хэр өөрчлөгд­сөн бэ. Жишээ нь “Бенз ба бусад машин” гэсэн нэг алдартай сурталчилгаа байдаг. Энэ тухай таны юу хэлэх сонин байна?

-Тэр одоо өөрчлөгдөөд удаж байна шүү дээ. Жишээлбэл, аме­рикуудын ойлголт асар өөрчлөгд­сөн. Америк бол том гүрэн.  Дэл­хийн эдийн засгийн хэдэн хувийг ч хяналтандаа байлгадаг юм. Энэ мэт өөрийгөө их гүрэн гэж бодох өдий төдий шалтгаантай. Тэрийгээ дагаад бүх юм маань том байх ёстой гэж үздэг үзэл тэдэнд байсан бол одоо тэр сэтгэлгээ нь өөрчлөгдсөн. Америкт бол аль болох жижиг, бензин бага иддэг машин чухал. Яагаад гэвэл Америк өргөн уудам нутагтай, тэнд машингүй бол хэцүү болохоор тэдний том машин сонир­хох сонирхол буурчихсан. Тийм учраас Америкт солонгос маши­нууд тэсрэлт хийж байгаа. Тэгэхээр “Киа” дээр нэг ажиглагддаг юм нь “Киа”-гийн түүх 1970-аад оны Солон­госын түүхтэй маш адилхан. Со­лон­гос 1970-1980-аад онд үсрэлт хийгээд дэлхийн анхаарал татсан улсын нэг болж байсан. Эдийн засаг нь бүр гэнэт цойлсон. Тэгвэл сая сүүлийн 2009, 2010 онд “Киа” 38 хувийн өсөлттэй компани болж өссөн. Монгол бас яг тийм өсөлтийн шатан дээрээ явж байна.  

-Би танаас машинд хандах хэрэглээний соёлд дэлхийд гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар сонсохыг хүсч байна. Жишээлбэл, зарим хүн ма­шин бол маяг биш хэрэг­лээ. Хөл дүүжлээд л хүрэх газар нь хүргэчихэж байвал болоо гэдэг?

-Сүүлийн үед бол энэ юугаа­раа хэмжигдээд ирж байгаа вэ гэхээр эдийн засаг талаасаа хэмжигдээд ирж байгаа юм л даа. Бүх юм эрчим хүч, бензинээс хамааралтай. Дэлхий ч өөрөө хамааралтай болоод ирж байна. Одоо эдийн засагт бензин бага иддэг машин, “Эко” буюу байгальд ээлтэй машин хэрэгтэй болоод ирж байна. Манай “Киа”-гийн машинууд бол байгальд ээл­тэй, хэрэглээ талдаа гэхэд бага бензин иддэг, дээр нь эзэндээ ээлтэй машин. Монголд байгаа ма­шины дилерүүд, дист­рибью­терүүдийн нэг буруу бодлого нь яаж гарсан бэ гэхээр машинаа зарчихаад араас нь үйлчилгээгээ өн­дөр үнэтэй зараад байна. Бид маши­наа хямд­хан зар­лаа, үйлчилгээгээ хямд­руул­­лаа. Ардуудад ойрхон бо­лох ёстой гэж ойлгож бай­гаа. Сая та хэллээ. Машин бол хэрэг­лээ. Хуу­чин байсан ч хамаагүй гэж боддог тухай. Одоо орчин үед тийм биш. Одоо монгол хүн үнэтэй болж бай­на шүү дээ. Жишээлбэл, би мене­жер ажилд авъя гэхэд маш их өр­сөл­дөөн дундаас сайн хүн олж ча­дах­гүй бай­гаа юм. Сайн хүн үнэтэй болчихож. Тэгэхээр сайн бо­лохын төлөө хүмүүс тэмүү­лэх ёстой. Сайн болохын тулд сэтгэл­гээгээ өөрчлөх ёстой. Монгол хүн алийн болгон хуучин байх юм бэ. Алийн болгон үнэ­гүй байх юм бэ. Монгол хүн үнэ­тэй болж байна шүү дээ. Жишээл­бэл, өөрийн  салбарт шалгарсан чадвартай бол та үнэтэй болж ирж байна. Жишээл­бэл, одоо манайд дундаж мене­жерийн цалин 800 мянга болж байна. Бид өөрсдийгөө алийн болгон хямдхан үнэлэх вэ дээ. Өөрийгөө хүн үнэлээд эхлэ­хээр ядаж нэг шинэ юм уная даа гэдэг ч юм уу. Ядаж хүнд аятайхан ха­рагдъя даа. Алийн болгон хуучин байхав гэсэн үнэлэмжийн өөрч­лөлт ороод ирж байгаа байхгүй юу. Одоо Монгол Улс Катар шиг, Арабын бусад улс шиг хурдан өөрчлөгдөх болно. Таны амь нас, таны ирээдүй, таны амьдрал маш үнэтэй зүйл биз дээ. Тэгэхээр өөрийгөө ингэж дэнчин тавьж, үнэ цэнгүй явж бид болохгүй. Би заримдаа гудамжаар явж байгаа машинуудыг хараад энэ хүн ийм машин унаж байснаас нийтийн тээврээр явж байхгүй дээ гэж өөрийн эрхгүй харамсдаг. Тэр хүний амьдрал нь хуучин маши­наа сэлбэх гэсээр байтал, хуучин машиныхаа юмыг солих гэсээр байтал уруудаад л байгаа байхгүй юу. Машинтай болж харагдах гол нь биш шүү дээ. Тэр машин танд ажлыг чинь хийж өгч байх ёстой. Хоол идэх мөнгөнөөс нь машин нь зулгаагаад байвал хэцүү биз дээ. Шинэ машины нэг ололттой тал бол баталгаат хугацаатай байдаг. Машин өөрөө паспорттой болж байгаа юм. Та яг цаг хугацаанд нь юмаа солиулсан байна. Ингэсэн байна, тэгсэн байна гээд нөгөө машинаа буцаа­гаад зарахад нь ч гэсэн би яг үүнийг ингэж тэгсэн, паспорт нь энэ байна гээд амьтай машин үзүүлнэ ш дээ.

Би одоо авах гэж байгаа арга хэмжээнийхээ талаар яръя л даа. Бид нийтийн тээврийнхэнтэй хамтраад автобусныхаа нас­жилтыг сая  тодорхойллоо л доо. Манайд яг ямар машин хэзээ үйлдвэрлэгдсэнийг тогтоох систем байдаг. Энэ машин хэзээ үйлдвэр­лэгдэж вэ, яаж вэ, хаашаа зараг­даж вэ гээд. Тэгээд нийтийн тээв­рийн газрынхан нийтийн тээвэрт явж байгаа, орон нутгийн тээвэрт явж байгаа “Хьюндай”-гийн  авто­бусуудыг манайд кодоор өгөөд, бид кодоор нь шалгаад үзсэн чинь 70-90 хувь нь ийм машин байхгүй гэсэн хариу гарч ирж байгаа юм. Энд эдийн засгийн хувьд гэмт хэргийн шинжтэй үйлдэл нуугдаж байж болох юм. Жишээлбэл, солонгос­чуудтай нийлээд монгол­чууд 1996 оны машиныг pin кодыг нь засаад 2005 оны машин болгоод зар­чихаж байна. Тийм машинуудыг капитал засвар хийгээд, бүх юмыг нь өөрчлөөд 10 саяын үнэтэй  машиныг 50 саяар зарчихаж байгаа юм. Тэгэхээр авч байгаа хүн хохирч байгаа биз. Бид “Хьюндэй”-гийн том оврын авто­бус, тусгай зориулттай авто­маши­ны дилерийн хувьд, “Хьюн­дэй”-гийн нэр хүндийг нь тухайн улсдаа хадгалах, хамгаалах үүрэгтэй. 2005 оны автобус гээд 1990 оны автобус авчирч өгөөд, тэрнээс нь болоод осол гарахаас өгсүү­лээд өчнөөн сөрөг үр дагаврууд гарч байдаг. Ийм нэг жижигхэн мөнгө­ний төлөө нэг нэгийгээ хуурч мэхэлсэн юмнууд яваад байгаа учраас бид үүнийг эдийн засгийн цагдаагийн газарт өгөөд, Авто тээврийн газраар шалгуулаад цэгцэнд нь оруулах гэж оролдож байна. Монгол Улс хөгжих болно. Гэхдээ ийм нэг жижигхэн юмнуудыг цэгцэлж авах­гүй бол болохгүй. Ерөнхий сайд нэг удаа хэлж байсан манайхан нэг тийм сонин ченж сэтгэхүйтэй гэж. Энэ яг үнэн. Тэгэхээр нэг жижигхэн компани ч гэсэн үүнийг өөрчлөхийн төлөө стандартын бизнес хийгээд, стандартын юмыг оруулж ирээд ингээд явж байна. Бид дор бүрнээ ингэж стандарт руу шилжихгүй бол  Монгол Улс маань өөрчлөгдөхгүй ш дээ.

-Та манай  Ц.Балдорж эрх­лэгчийн туслах байсан. Хаа­на юу хийж, хэрхэн ажиллаж амьдарч байгаад гарч ирэв ээ?


-Миний хамгийн хайртай хүний тухай дурьдсанд баярлалаа. Би бол тэр хүний удирдлаган дор ажиллаж байсандаа үнэхээр их баярлаж явдаг. Их  сургуульд байхад Ц.Балдорж эрхлэгч намайг татаж аваад, би дор нь ажилласан. Түүний надад хэлж байсан үг нь одоо ч санаанаас гардаггүй юм. Би чамд мөнгө өгөхгүй. Би хүмүүст мөнгө өгч байж болно. Гэхдээ энэ хамаагүй. Чи намайг юу хийж байна, яаж байна гэдгийг тоть шиг л дуурайгаад байх юм бол чи нэг л өдөр насны хоолтойгоо болно доо гэж. Эрхлэгч маань маш гүйлгээ ухаантай, хэвлэлийн хүн гэхээсээ илүү бизнес талдаа асар их хөгжсөн хүн байсан. Хүмүүс тэр хүнийг  хэвлэлийн магнат, сэтгүүлч гэдэг талаас нь их хардаг юм. Тэр хүний дотор бол асар том бизнес­мений философи байдаг байсан. Тухайн үедээ сэтгэж байсан юм нь гурав дөрвөн үеийн дараахь юмыг харж байсан байгаа юм л даа. Хьюндэй-тэй танилцсан түүх маань ч талийгаачтай хамаарал­тай. Бал ах маань дэлхийн хэмээ­ний олон хүнтэй найзалж байсан л даа. Тухайн үед туслахыг нь хийж байсан гэдэг утгаар нь тэр хүмүүс­тэй би холбогдож байсан. Одоо ч гэсэн тэр хүмүүсийн тусламж дэмжлэг, миний гадаад дотоод харилцаа холбоо бүх юман дээр туслалцаа болж байдаг. Бал ах намайг дээрээс харж байгаа юм шиг, араас чиглүүлж байгаа юм шиг санагдах үе ч бий.

-Солонгост сургууль төгссөн үү?

-Тэгсэн. Солонгост сургууль төгссөн.

-Ямар сургуульд, ямар мэргэжлээр?

-Бас л ахтай маань холбоотой. Улаанбаатар зочид буудлыг хувьчилж аваад, намайг оюутан байхад тэндээ ажиллуулж байлаа. Тэгээд дараа нь жуулчны компани байгуулаад, жуулчны компанид нь ажиллаад, удалгүй Солонгос руу хүмүүс явуулдаг болоод, тэр үйл ажиллагаанд нь оролцоод явсан. Солонгостой нэлээн ойрхон байсан учраас Солонгост зочид буудлын менежментээр төгссөн. Зочид буудлын менежментээр төгссөн маань ч гэсэн одоо миний хийж байгаа  бизнест их нөлөөлж байгаа юм. Яагаад гэвэл зочид буудлын менежмент гэдэг бол онол байдаггүй мэргэжил. Онол биш стандарт үйлчилдэг. Энэ энд байх юм бол энэ энд л байх ёстой. Энэ байхгүй бол энэ байхгүй гэдэг юм заадаг юм. Би инженер биш учраас машиныг тийм ч их со­нирхдоггүй байсан. Яг ингээд машин­тай холбогдоод ирэхээр машин үйлчилгээний борлуулал­тад стандарт их хэрэг болж байна.  

-Одоо “Шунхлай” ком­пани­тай хамтарч ажиллаж байна уу. Охин компани нь гэсэн байх аа?

-Тийм.

-Яагаад “Шунхлай”-г сонго­сон юм бэ?

-Энэ бас их сонин түүх л дээ. П.Батсайхан захирал бид хоёр нэг ТББ-д  хамаарагддаг юм. Бас л нөгөө нийгмээ өөрчилье, өөрчлөлт нь өөрөө байя гэсэн уриатай. Тэнд хүн яах гэж ордог вэ гэхээр өөрийгөө бусдад таниулах гэж ордог. Жишээлбэл, Монгол Улс өнөөдөр гаднын бүх оронд нээлт­тэй улс болж байна л даа. Тэгэхээр нэг миний үеийн нөхөр энд ирээд юм ярихад “А” гэж дуугарахад нь адилхан төвшинд л бид дуугардаг байх ёстой байхгүй юу. Монголчууд интернэшнл хүн болох ёстой. Сүүлийн үед ажиглагдаад байгаа нэг юм бол гаднынхныг их тахин шүтэх явдал. Үүнд би жаахан бухимдалтай явдаг. Зүгээр нэг хөрөнгө оруулалт гэж байдаггүй. Хүмүүс  ашиг олох гэж л хөрөнгө оруулдаг байхгүй юу.  Монгол улсаас мөнгө олох гэж орж ирж байгаа гэдгийг л маш сайн ойлгох ёстой. Манай “Киа”-д нэг ийм уриа байгаа юм. “Сэтгэхүйгээ өөрчлөе” гэсэн. Одоо Монгол улс том тоглогч орон болж байна. Гэтэл бидний ха­жууд Хятад улс гэж нэг ходоод­гүй мангас байна. Энэ том зах зээлийн хэрэглээг хан­гахын тулд бид өрсөлдөнө. Үүгээр дамжиж мэ­дээж орлого орж ирнэ. Дэлхий яагаад монголд сонирхол­той бай­гаа юм бэ. Хуучин монгол гэхээр өө, чи хамтарч ажиллана гэж юу яриад байгаа юм бэ, харин тус­ламж энэ тэр авбал болох юм гэсэн иймэрхүү байдлаар бидэнтэй харьцдаг байсан бол одоо хамтрая гэдэг болсон. Монгол моодонд орж байна. Тийм учраас монгол хүн өөрийгөө моодонд оруулах ёстой байхгүй юу. Монгол хүн эрхэмсэг байх ёстой. Энийг л бид үргэлж бодмоор байна.