Солонгосыг хэн  эс бичлээ...Зүгээр л Солонгос гэвэл манайхан Өмнөд Солонгосыг ойлгоод, нөгөөхийг нь Хойд Солонгос гэх болжээ. Тэнд манай нэг аймгийн дайтай иргэн маань  амь зууж байна. Дөчөөд мянган сонгогч бүхий сонгуулийн томоохон тойрог гэж нэрлэсэн ч болно. Тэдний амин зуулга, олз олбор өнөөгийн монголын эдийн засгийн салшгүй нэгэн хэсэг болоод байгаа юм. Ийм учраас Солонгосын эдийн засгийн ололт, доргио чичрээг бид андахгүй мэдэрдэг болжээ. Зарим ажиглагчдын хэлж байгаагаар улс төрийнх нь амьдралд тусч буй гэрэл сүүдрийнх нь туяа тусгал хүртэл манайд нөлөөлөх болж байна гэлцэнэ.
Монгол Солонгосын харилцаа нэн эртээс улбаатай, энэ орныг бид өөрсдөө болон гадныхан нэрлэдгээс тэр ондоогоор нэрлэн дууддаг, солонго гэдэг нь юуны өмнө борооны дараа харагддаг гайхамшигт сайхан үзэгдэл бас ойн жижиг амьтны нэр, энэ улсын хувьд амьтных нь нэрийг биш байгалийн үзэгдлийн нэрийг өгсөн гэж ирээд л баахан түүх ярих хэрэг байна уу? Үгүй юу? 1990 оныг хүртэл үнэн хэрэгтээ монгол хүн солонгос ба солонгосын хуваагдал, умард өмнөдийн тухайд “ардын нам,засаг”-ынхаа л байр суурийг дагадаг байсан. Дэглэм журам ч тэгэхийг шаарддаг байж. Харин ардчилсан хувьсгалын дараагаар  бидны олон хүн ийшээ амь зуухаар одож, бас солонгосын олон иргэн энд бизнес хиихээр иржээ. Чухам эндээс л  Солонгосын тухайд заавал нам төрийнхтэй давхцах албагүй иргэний сэтгэгдэл үнэлэмжүүд бий болоод эхэлжээ.Тиишээ  очиж амь зуусан улс нь гэртээ мөнгө явуулаад, яваад ирсэн нь машин зөөгөөд эхэлсэн тул тэндээ бол тун  өгөөжтэй орон юм байна гэж дүгнэв.Харин энд ирж байгаа  зарим нөхөд нь хаашаа байдаг юм бол гэсэн санаа нэлээд зонхилж байв даа. Солонгосын иргэн тэр ингэж залилаад, тэгж мундраа хутгаад гэсэн мэдээ тэр үеийн сонинуудад бишгүй байгаа.

Уг нь бол ирсэн солонгос болгон хэрэг тарьдаггүйгээр барахгүй, монголд сайн үйлс бишгүй бүтээдэг, үгүйдээ л мөрөөрөө л байж байгаад буцдаг гэдгийг хүмүүс мэдэхгүй биш мэднэ л дээ.  Гэвч сайхан үйлс чимээгүй өнгөрч, саар юмны цуурай хаддаг хорвоо хойно яана гэх билээ. Бид хүний амь аварсан хүний ихэнхийг мэдэхгүй буюу мэдсэн ч мартаад явчихдаг. Харин цуутай алуурчний нэрийг бол санаад байдаг. Манайд “Шударга журам” гэж ёстой шударгаар олддог цорын ганц шагнал байдаг. Хүний амь аварсан хүн өгдөг юм шүү дээ, уг нь. Даанч тоох хүн байдаггүй. Хаа хамаагүй газарт “ Би шударга журам медальтай “гэж яривал инээлдээд унаж мэднэ.  Гэхдээ гутах юм бас бишээ . Хүн төрөлхтөн сонор соргог байхын тулд гай гамшгииг тод санах араншин гаргадаг ч юм бил үү. Сайн үйл хэргийг одонгоор, магтаалаар үнэлэх аргагүй бөгөөд түүний хариу бурханы ариун мутраас” аз жаргал баяр хөөр” нэртэйгээр бидэнд ирдэг билээ л.

 

Үүнтэй зэрэгцээд манайхан ч тэнд зүгээ байдаггүй. Хулгай хиихээс эхлээд чавганц хүчиндэх хүртэл бас л юу эсийг хийв дээ.

Эндээс нэгэн гүн ухааны гэх нь хаашаа асуулт гарч байгаа нь “Аливаа улсаас эхлээд хүндхэн гарууд нь ирдэг юм уу”.Үнэн хэрэгтээ алив улс үндэстний зоримог хэсэг нь аялан одох, амь зуулга хайх зүрх зоригтой байдаг. Энэ хэсэг л шинэ тив нээж, нээлт хииж, хүний түүхийг түүчээлж явдаг. Энэ зоримог хэсгийг заримыг угаасаа алдах юмгүй, алдах юмгүй болохоор харамсах юмгүй, харамсах юмгүйгээсээ болоод айх шаардлагагүй нөхдүүд бүрдүүлдэг ээ. Нийгмийн зоримог хэсгийг үүнээс салгах цэвэрлэх аргагүйгээс хойш хүлээн зөвшөөрөх л учиртай болж байна. Америкийн эрэг дээр анх хөл тавьсан цагаан арьстнууд цөмөөрөө хүний хайлан байгаагүй нь лав. Тэнд аугаа нээлт хиих хүсэлдээ хөтлөгдсөн баатруудаас гадна зүгээр л адал явдал хайсан, гэнэтийн олз горьдсон, эсвэл зүгээр ял завшин далайд гарсан эсэн бусын хүмүүсийн л нийлбэр байсан байж таарна.

1990-ээд оноос эрх чөлөө эдийн засгийн уналт хоёртой зэрэгцэн золгосон монголчуудад өмч хөрөнгө зоорь бизнэс гэхчлэнгийн алдах юм байсангүй. Өмнөх төр нь хувийн бизнес, хувийн өмчийг хуулиар хориглосон байсан тул дампуурах бизнес, үнэгүйдэх хөрөнгө гэж юу байхсан билээ. “Бийгээс бие, бэлчихээс...юутэй” л байсан манайхан амь зуулга хайн хамгийн зоримог хэсэг нь хол ойрыг зорилоо. Зоримог хэсэг нь юу байхав дээ. Шинэ газар орон руу, огтоос үзээгүй, таниагүй нутаг руу “олз омогтой ирнэ” гэдэг бат итгэлтэй одох нь бидний өвөг дээдсээс өвлөсөн төрөлх араншин шүү дээ.  Шинэ газар орон, огт үзээгүй орон зай руу одоо ч явахад хүн бүр нь бэлэн байдаг тиим үндэстэн биднээс өөр нэг их олонгүй байхаа.  Монгол хүн бүр машинтай, болж өгвөл жиптэй байх гэдэг. Энэ нь тансаг хэрэглээнд дуртайгаас болдоггүй. Дуртай үедээ дуртай газар луугаа шурдхийгээд ирдэг байх гэж л тэгдэг юм. Иймд залхуу нь хүрсэн, энд байгаа ажил төрөлдөө илүү найдлага тавьсан, нэг бол аз нь хаяснаас виз нь гараагүй хэсэг нь л үлдсэн байх.  Саяхан социализмаас тавигдсан тул алдах өмч хөрөнгө бизнэстэй болж амжаагүй, дээр нь хаа ч очихоос айдаггүй монголчууд анх Солонгост иргэний хувиар бидний нэрийн хуудас болон очжээ. Тэдний дотор хаа очихоос айхгүйгээс гадна, юу руу орохыг ч тоохгүй нөхдүүд бас байсан хэрэг.

Харин солонгосчууд тэднийг бодсноос их өөрөөр угтсан юм. Тэд дайн тулаан хуваагдал хямралыг бишгүй нэг амссан ард түмэн байв. Тэд амь зуухын эрхээр япон, америк руу түм бумаараа цагаачилж харлаж явж хөл дээрээ зогссон улс зон байв. Хэдийгээр очсон монгол бүрийг ижии ахай болон угтаагүй ч гэсэн ингэж бэдрэн цагаачлахын зовлонг мэддэг хүмүүс байсан хэрэг. Тэд АНУ руу амьдрал бидрэн явдаг хэвээрээ. Хорвоо сонин юм даа солонгосчууд америк руу харлаад, манайхан солонгос руу харлаад, ядарсан хятадууд зам барилгын ажлын нэрээр манай руу харлаад сонин тойрог байх юм даа.

Дээр нь солонгос орон орчин цагийн монголчуудад капитализмд хэрхэн ажиллаж амьдрах тухай томоохон дээд сургууль болж байгаа юм аа. Өнгөрсөн зууны жараад онд явуулсан “Соёлын довтолгоо” хэмээх операци монголчуудын амьдралын өнгө төрхийг үндсээр нь шинэтгэсэн юм. Яг иим соёлын довтолгооны томоохон курсыг мянга мянган монгол хүн солонгост дүүргээд ирж байгаа.

Харин солонгосоос монголд түүчээлэн ирэгсэд бол биднээс арай ондоо. Юуны өмнө нүүх аялах хүсэл сэтгэлд нь хадаастай төрдөг нүүдэлчдийн үр хүүхэд бус, харин газартаа уягдсан сэтгэлгээтэй суурьшмал үндэстэн. Тиим учраас сүүлийн боломжоо тасартал тэндээ л байх сонирхолтой. Тиим учраас тэндээ бизнес нь бүтэлгүй болсон, америк явах гэхээр арай бэл муутай учраас монголыг азаа турших боломжийн талбар гэж үзсэн хүмүүс голчлон ирсэн бололтой. Ялангуяа 90-ээд оны сүүлийн Азийн хямралаар модоо барьсан олон хүн энд орж байгаа. Эдний дотор алдаад байх мөнгө, нэр хоёроор маруухан  гарууд ч нэг бус ирсэн ба  чухам энэ хүмүүсийн адал явдал дээр нь өнөөгийн зарим төсөөлөл оршин тогтнож байгаа билээ.

Нөгөө талаас харийн хүнд хандах Монголчуудыг сэтгэлгээ Солонгосчуудынхаас их өөр. Өөрснөө үндсэндээ нэг үндэстний улс. ХХ зуун эхээр монголын бэлчээрийг зориуд хагалбарлан тариалж, нийгмийг нь  хятадчилахаар зориуд суулгасан хятад хүмүүс тэдний үр садад тун таагүй хандаж ирсэн уламжлалтай. Удаа нь ирсэн Зөвлөлтийн мэргэжилтэн, улаан цэргүүд нэг талаасаа тусгаар тогтнолыг нь хамгаалагч байсан боловч цадиггүй авир, дээрэлхүү зангаараа бас л таатай дурсамж үлдээсэнгүй. Өөрсдийгээ тооны хувьд маш цөөхөн гэдэгт ямагт эмзэглэдэг үндэстэнд дээрх үзүүлэлтүүдийг нэмэхээр харийн хүмүүст таагүй хандах бүрэн үндэс болно. Чухамхүү “ бид цөөхүүлээ” гэдэг коомплэкс  нь харийн хүмүүс эх нутагт нь ирээд хүүхэмсэг загнахад  машид эмзэглэдэгийн гол шалтгаан бололтой. Тиим учраас манайд байгаа солонгос ялангуяа хятад иргэд “янхан авч байна” гэхээр л нийгэм юу юунаас илүү жигшин, дургүйцдэг юм. Биеэ үнэлэх бузар явдлыг жигшихээсээ илүүтэйгээр тэр хүүхнүүд  гадны  хүнээс жирэмслэхээс ухаангүй айж байгаа юмаа. Хэт олон хүнтэй хоёр гүрний дунд оршиж яваа цөөхөн хүнтэй үндэстний л ойлгож болох зовлон юм шүү дээ.

Дипломат харилцаа,  хөрөнгө оруулалт олон талт хүмүүнлэгийн ажиллагаа зэргийг алгасан иргэн, иргэндээ хандсан харилцаа үнэлэмжийн үүднээс харахад Монгол-Солонгосын харилцааны өнгөрсөн хэдэн жил, ялангуяа эхэн үе иимэрхүү төсөөлөгдөж байна.  Улс үндэстэн дайнтай цагт бол цэргүүд, дайнгүй цагт бол цэрэг лугаа адил зоримог иргэд иргэд зорчин мөрөө гаргасны хойно сая хөрөнгө бэлтэй, зангарагтай нь харилцан явалцаж, хөрөнгө бэл  оруулдаг нь ёс. Одоо чухам энэхүү хаалганы босгон дээр ирээд байх шиг байна. Сонирхуулахад манайхан Сөүлийн Тандэмүн, Нандэмүн гээд л яриад байдаг. Умар ч өмнөд ч гэнэ үү их хаалга гэсэн үг гэнэ. Тэгсэн чинь дэмүн гэдэг бидний мэдэх дааман буюу их хаалга гэсэн нангиад үг байна лээ. Хашааны том хаалгыг л дааман гээд байдаг даа.