МОНГОЛ 2:1 ФИЛИППИН (нийлбэр 2:3)

Тоглолтын өмнө

    Азийн чансаа доогуур багуудын дунд болдог Challenge cup – 2012 тэмцээний Монгол – Филиппиний өмнөх тоглолт эсрэг багийн талбай дээр болж бид 2-0-ээр хожигдсон. Сугалаа явагдсаны дараагаас л Филиппинчүүд өрсөлдөгч багаа маш их судалж байсан бөгөөд Монголын шигшээ багийг “blue wolves” гэж нэрлэх болсон юм. Логон дээрээ морины зурагтай байхад яагаад хөх чононууд гэж нэрлэсэн нь гайхалтай юм. Яагаад биднийг өөрсдөөс минь илүү мэдэж, хочилж байдаг билээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун. Үнэхээр чоно Монголчуудын дээдэлдэг амьтан мөн. Цаашдаа хөх чононууд (Филиппинчүүдийн нэрлэснээр) гэж өөрсдийгөө нэрлэхээр бол МХБХ-ны логон дээр байгаа морийг яах вэ? Тоглолтын хувцасаа улаан биш хөх өнгөтэй болгох уу? гээд олон асуудал байсан. Улаан өнгө бол коммунизмээс улбаатай хойноос орж ирсэн өнгө болохоос эрт дээр үеэс хөх өнгө Монголын уламжлалт төрх байсан юм. Харамсалтай нь өөрсдийн өнгө төрхөө ололгүй, бусдын зааснаар явж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. Өөрсдийн гэсэн толгой, бодлого, арга барил, боловсон хүчин...

    Өмнөх Мальдив, Макао, БНАСАУ-ийн шигшээ багууд бидэнд хоч өгөөгүй шалтгааныг олоход амархан. БНАСАУ бол манайхаас чансаа харьцангуй өндөр гэдгээ мэдэж байсан учраас төдийлөн ач холбогдол өгөөгүй бол, Малдив, Макаочууд хөлбөмбөгт төдийлөн анхаардаггүй. Хүн амаасаа болоод хөгжих боломжгүй, тэгээд ч шаардлагагүй учраас тоглолтоос бусад зүйлд төдийлөн анхаараад байдаггүй. Харин Филиппинчүүд бол өөр. Хөлбөмбөгийн спорт хүчээ авч сагсанбөмбөг, тулааны спортыг нь нэг нэгээр нь ардаа орхиж буй. Тийм ч учраас энэ тоглолтоор далимдуулж улс орноо хөдөлгөх, хөлбөмбөгт татан оролцуулах сайхан боломж гэж Хөлбөмбөгийн холбоо нь харж байсан. Заавал өрсөлдөгч багт хоч байх ёстой. Өөрсдөө Азкалс гэж зөвхөн Филиппинд байдаг нохойг билэгдлээ болгосон бол өрсөлдөгч Монголыг Хөх чононууд гэж нэрлэсэн. “Филиппин – Монгол” гэхээс илүү “Азкалс, Хөх чононуудын эсрэг” гэсэн имижд анхаарлыг нь татах зорилгоор Пи Ар-ын Зэрэгцүүлсэн аргыг амжилттай хэрэгжүүлсэн. Азкалстай зэрэгцүүлэх гэж олсон хоч нь Хөх чононууд. Энэ Пи Ар манайд ч нөлөөлж шигшээ багаа яаж нэрлэхээ мэдэж авсан. Тоглолт болох Баколод хотын цэнгэлдэх хүрээлэн 15 000 хүний суудалтай байсан боловч 20 000 хүн оруулна зарлаад тасалбарыг нь үнэгүй тараахаар шийдсэн. Филиппиний хоёр том компани бүх тасалбарыг нь худалдан авч битүү рекламаар бөмдөгдөж өгөв. 91 сая хүний дийлэнх хэсгийг хөлбөмбөг оруулна гэдэг амаргүй. Улс орны өнцөг булан бүрээс (7000 аралтай) хүмүүс үзэхээр ирж цэнгэлдэхийн гадна талд орж чадаагүй үлдсэн хүмүүс тэр хавиарах пабуудад орж тоглолтыг үзэж сонирхов. Ерөнхийлөгчөөс гадна удирдах албан тушаалын хүмүүс ирж үзсэн бөгөөд цэнгэлдэх, цэнгэлдэхийн гаднах үзэгчдийг хараад хөлбөмбөгт ямар олон хүн анхаарлаа хандуулж байгааг ойлгосон болов уу. Тиймдээ ч удалгүй Баколод хотын цэнгэлдэхийг 35 000 хүний багтаамжтай болгох төсвийг улсаас батлав. Өрсөлдөгч Филиппинд иймэрхүү үйл явдал тоглолтын өмнө болоод өнгөрөв.

   Манайд тоглолт болохоос өмнө Хөлбөмбөгийн холбоо сэтгүүлчдийн хооронд асуудал үүсэв. Тоглолт болохын өмнөх орой телевизүүдийн эфирээр голдуу цавчилт маягийн мэдээ явав. Гайхаад сураг тавихад С1 телевиз 10 сая төгрөгөөр эрх авсан учраас өөр телевиз оруулахгүй гэдэг шалтгаанаар хэвлэлийн хурал дээр маргаан үүссэн юм байж. Камергүй сэтгүүлч 60 000 төгрөг төлөөд С1 телевизээс эрх авах ёстой юм гэнэ. За арайчдээ. Хөлбөмбөгийн холбоонд телевизийн эрхээ зарах нь чухал болохоос, телевизүүдийг ашиглах нь чухал биш гэж үү. Мэдээж С1 телевизийн зорилго ашгийн төлөө учраас ганцаараа шууд тоглолтын бүх юмыг мэднэ гэдэг онцгой завшаан. Ийм сайхан “бялуу”-г бусад телевизүүдтэй юу гэж хуваалцахав. Хөлбөмбөг хөгжүүлэх зорилготой биш. Харин хөлбөмбөг хөгжүүлэх зорилготой газар маань нэг телевизийн хараат болчихов. Билет 15 000 төгрөг гэдгээс харахад бас л эгдүүцмээр. Яг Филиппиний эсрэг. Ядаж байхад ерөнхийлөгч нь хөлбөмбөгийн хамгийн муу үзэгдэл болчихоод байхад мөнгө харш эд гэдгийг ойлгохгүй л байгаа юм байх даа. Өөрсдийгөө нэр хүндтэй, хүмүүс 15 000 байтугай төлөөд үзнэ гэж тооцоолсон гэж үү. Үзэгч дүүрээгүй шалтгаан энэ. Макао, БНАСАУ дээр наадам болж байгаа мэт хөл хөдөлгөөнтэй байсан учир нь төлбөрөөс болсон.

Тоглолт  

     Манай дасгалжуулагч С.Эрдэнэбат 4-4-2 хувилбарыг сонгож бүрэлдэхүүнд үл ялиг өөрчлөлт оруулав.
                                                             1.Ганбаяр (УБДС)

                                    3. Лүмбэнгарав (УБДС)       8.Энхжаргал (Эрчим)
 4.Одхүү (Сэлэнгэ Пресс)                                                                         2.Очбаяр (УБДС)


                             7.Чинзориг(УБДС)                        5. Гарьдмагнай(Мазаалай)

13. Түмэнжаргал (УБДС)                                                                          11.Цэдэнбал (УБДС)

                                               
                                 17.Ганзориг (УБДС)                 12.Төгсбаяр (Сэлэнгэ Пресс)

    Тоглолт эхлээд төдийлөн удалгүй Филиппиний зүүн хагас хамгаалагч 13 дугаартай Калигдонг хоёр хамгаалагчийг хуураад цохисон бөмбөгийг хаалгач Ганбаяр хаасан ч 7 дугаартай Жэймс Янгхасбанд нэмчихэв. Бид эхний гоолоо ердөө  4 дэх минутанд алдсанаар тун хүнд байдалд орж дөрвөн гоол оруулах хүндхэн даалгавартай болов. Уг нь Филиппинчүүд бүтэн талбайн прессинг хийж байсан боловч гоол орсоноос хойш арагш татсан тоглолтыг хийх болов. Манайхан ч бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан бөгөөд алсын дамжуулалтаар тоглолтыг голчон явуулж байлаа. Төвөөр, богино дамжуулалт хийж тоглоно гэдэг бүтэшгүй байв. Ур чадвар, багаар сэтгэх тоглолтоор илт дутмаг байж, хамгаалах чиглэлийн хагас №27 Жонссон, №8 Гритвич нар Чинзориг, Гарьдмагнай нарын санаачлага гаргах боломжыг үгүй хийж байв. 22 дахь минутанд төвийн шугамны урдхан алдаа гаргаж манайх чөлөөт цохилт хийх эрхтэй болов. Энхжаргалын цохисон бөмбөг маш гоё ирж Гарьдмагнайгийн ухаалаг хүрэлгүй өнгөрөөсөн бөмбөгийг хамгаалагчдын ард зогсож байсан Лүмбэнгарав хүлээж аваад шууд цохиж тооны харьцааг тэнцүүллээ. Филиппиний тоглогч, хаалгач, дасгалгалжуулагчид отон тоглолт гэж бүгд орилж байсан ч гоолыг тооцсон юм. Миний харсанаар Гарьд хүрээгүй учраас отон тоглолт гэж үзэхэд хэцүү болов уу. Энэ гоол манайханд маш том урам өгч, тоглолт улам чанаржив. Төд удалгүй Төгсбаярыг алсын дамжуулалт хүлээн аваад довтлох үед алдаа гаргаж торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болов. Хэрвээ алдаа гаргаагүй бол Төгсөө маш ашигтай байдалд гарч ирэх байсан ч хачирхалтай нь шүүгч эсрэг багт шар хуудас ч өгсөнгүй. Торгуулийн цохилтыг Гарьдмагнай гүйцэтгэхээр болов. Гарьд өмнө нь (2005 он) шигшээгийн бэлтгэл дээр голдуу хаалгачийн баруун талд цохидогийг ажиглаж байсан юм. Баруун булан руу бөмбөгийг сулхан цохиж хаалгач Сакапано хаасан ч ойж ирсэн бөмбөгийг нь нэмчихэв. Тооны харьцаа 2:1 болж үзэгчдийн дуу дээд цэгтээ хүрлээ. Тоглолт завсарлахад Филиппинчүүд сандралдаж байгаа нь илт байлаа. Хоёрдугаар үе эхлэхэд тоглолт тэнцүүхэн болж ирэв. Ах дүү хоёр Янгхасбандууд мэргэжлийн тамирчид гэдгээ техник ур чадвар, бие бялдараараа харуулж байлаа. 10 дугаартай Филип нь бараг бүх довтолгоог зохион байгуулж байв. Азаар гүйлтэн дундаа гуяны шөрмөсөндөө гэмтэл авсанаар талбайг орхисон бол гоол оруулдаг Жэймс нь мөн л шагайны гэмтэлтэй байсан ч тоглолтыг бүтэн дуусгасан юм. Харин 2-р үеийн гол довтолгооныг манайх хийж Цэдэнбалын маш гоё дамжуулалтыг Төгсбаяр мөргөсөн боловч хөндлөвч оноод гарч ирсэн нь юм. Тоглолтын төгсгөл рүү манай тамирчид илт ядарсан нь мэдэгдэж гүйлт удааширсан байв. Дасгалжуулагч солилцоо оруулсан боловч арай хожимдчихсон болов уу гэмээр харагдсан. Анарыг оруулж Лүмбэнгаравыг урагш хагас хамгаалагч дээр тоглуулав. Тоглолтын санаачлага, ур чадвар төвд арай дээрдсэн ч гоолын боломж гаргахад тун хэцүү байлаа. Энэ тоглолтонд тийм ч сайн тоглоогүй Түмэнжаргалыг 89 дэх минут хүртэл тоглуулсан нь хачирхалтай. Түүний оронд адилхан солгой Эрдэнэбаяр буюу Гату орж ирсэнээр Цэдэнбал баруун жигүүрт хэдэн минут тоглов. Бөмбөг эзэмшилт, хаалга руу довтолгоон зохион байгуулалт тийм ч зөрөөтэй байсангүй. Шигшээ баг минь чансаа өндөр багтай тун сайн тоглосныг тэмдэглүүштэй. Талбай дээрээ хоёр тоглолт дарааллан хожил байгууллаа.

    Тоглолтын тухайд манай тамирчдын ур чадвар илт өсч, гүйлт, багийн тоглолт, байрлал нөхөлт сайжирсан. Хөлбөмбөгийг яаж тоглодогийг мэдэж эхэлж байна. Мөн гоёмсог бөмбөг тогтоолт, цохилт, алсын дамжуулалтуудыг бид харлаа. Манайхан бөмбөг тогтоохдоо ямар муу юм бэ гэх хүмүүс байсан. Үгүй харин ч сайжирч, өөртөө итгэлтэй байгаа нь харагдсан. Дээрх бол тамирчдын хувийн ур чадвараас шалтгаалсан зүйлс. Харин багийн ур чадварыг сайжруулахын тулд, багаар сэтгэж тоглохыг сайжруулах хэрэгтэй. Тооны зөрүү ойрхон харагдах боловч, чанар, тоглолтын тал дээр Филиппиний хэмжээнд очино гэдэг амаргүй.

Дашрамд хэлэхэд

    Өнөөдрийн Филиппинтэй хийсэн тоглолтоор дүгнэхэд хэцүү. 2001 онд Бангладештэй 2-2, 2005 онд Таивантай 0-0-ээр тэнцэж байлаа. Үүнийг тохиолдол гэх үү? Хөгжил гэх үү? Бангладеш манайхаас 10 байр урд, Таиван Филиппинээс 10 байр урд явна. Бид Макаог хожсон гэх боловч нийлбэр дүнгээр тэд ялж, чансаа нь анх удаа манай урд гараад ирлээ. Бид хөлбөмбөгийг тоон дүнгээр дүгнэж болохгүй. Дүгнэхдээ зөвхөн хожсон тоглолтуудаа хараад байх шиг. Гуам гэж цэргийн баазыг нусыг нь сугартал хождог байсан бол жил ирэх тусам тооны харьцаа ойртсоор өнгөрсөн жил бид хожигдсон. Гуам анх удаа албан ёсны хожлоо бид нараар байгуулсан. Бидний сэтгэлгээний хоцрогдол, тодруулвал орчин үеийн хөлбөмбөгийн байдлыг уламжлалт хандлагаараа хэт хялбараар, болхидуу, зөвхөн өөрсдийн хожсоноор сэтгэх арга дадал харагдаж байна. Хөлбөмбөг хөгждөггүй улсуудын тоонд орчихсон чансааны эргэлтээс гарч чадахгүй байгаагаа харах ёстой. Бид энэ тоглолтоор чансаа 10 байр урагшлах ч удахгүй буцаад л байрандаа ирнэ.

     Монголд хөлбөмбөг хөгжихгүй байгаа нь дотоод шалтгаан. Өөр хэн ч биш. Бид өөрсдөөсөө алдаа хайх ёстой. Өөрсдийгөө цэвэрлэхийн тулд магтаалын ард нуугдсан сул талаасаа салах ёстой. Хайр найргүй шүүмжилж байж шилдэгүүд нь ялгарна. Зөв шүүмжлэл гэдэг ил тод байдал. Дотоод ялзарлаасаа салаагүй цагт тусламж, төсөл орж ирээд нэмэргүй. Бангладеш, Бутан, Непал, Кени, Нигер, Мьянмар хамгийн их тусламж авдаг. Гэхдээ хөгждөггүй, ёстой л ёроолгүй сав. Тусламж, төслөөр биш дотоод ардчилалаас хөгжил эхтэй. Гоол төсөл гурван удаа авч, Япон, Германаас хичнээн тусламж орж ирээд ч манайд байдал өөрчлөгдсөн гэж үү. Дарангуйлагчдын жижиг хувилбар хөлбөмбөгт оршин тогтносон хэвээр. Муу юмандаа гаршиж, боловсролгүй, харанхуй орчиноос хүчээ олж авч, бусдыг харанхуй бүдүүлэг байлгахыг цаг ямагт хүсч, өөрөөсөө илүү нэгнийг үгүйсгэнэ. Хөгжлийн хандлагаас илүү өөрт ашигтай тэр хандлагыг өмгөөлж, дэмждэг. Ёстой л нийтийн сайн сайхан гэж ярьж ар хударгаар нь өөртөө ашиг авдаг улс төрчтэй ялгаагүй. Тэнэгүүд ичдэггүй юм билээ.

    Тоглолт дуусаад буцаад л байрандаа очих хөлбөмбөгчид. Хэн ч тоохгүй, хэн ч анхаарахгүй. Шигшээ багийн ихэнх нь ажилгүй, эсвэл оюутнууд. Ажил, хичээлээсээ чөлөө авч ямарч цалингүй хэдэн сар. Тэдний хөлбөмбөгт зориулсан сэтгэл, зүрх, цаг хугацаа, хайрыг нь авч улс орныхоо төлөө тогло гэнэ. Буцаагаад дурсамж л өгдөг. Ирээдүйгээрээ биш дурсамжаараа амьдарна.

    Улс орон хөгжихийн тулд тухайн салбарын хамгийн шилдэг боловсон хүчнүүдээ ашиглаж, тэдний хойч үеийг дэлхийн тэргүүний улс оронд бэлдэж байж урагшлана. Ёстой л Айн Рэндийн хэлсэнээр “Хамгийн хэцүү зүйл юу гээч: Эргэн тойронд минь ямар ч авьяас чадваргүй хүмүүсийг харж хичнээн их зүйлийг хийж бүтээж, гэхдээ маш сайн хийж болохыг мэдэж байсан ч тэгэх эрх мэдэл байхгүй гэдгээ ойлгоод дотор минь бачууран орилж хашгирмаар болдог үе”.....