Акуркачид*: Шинэ бүхний дайсан
Акурка бол хогийн саванд хаягддаггүй ганц хог. Монголчууд татчихсан тамхины ишийг “акурка” гэнэ. Уул нь “окурок” гэж орос үг*.
Гүтэнбергийн ном хэвлэх арга, ажиллагаа бол хүн төрөлхтний тэргүүний ололтын нэг. Гэхдээ Гүтэнбергийн хэвлэсэн анхны хэдэн Библийг “чөтгөрийн бүтээл” гэж хочлоод шатаачихсан юм. Амэнь. Сүм хийдийнхэн Библи хуулж зардаг байсан юмсанж. Гүтэнбергийн хэвлэл хийдийн гар бичмэлээс хямдхан учир зах зээлээ алдах нь гэдгийг хашрууд ойлгожээ. Тэгээд л... Амэнь. Хүн шинэ юманд дайсагнадаг. Ихэвчлэн хувийн шалтгаантай. Амэнь.
Онцгой чухал мэдээ
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өчигдөр (2022.05.03) “никитон агуулсан шингэн тамхины хуулийн зохицуулалт, стандартын талаар санал өгч” ажиллажээ. Сангийн дэд сайдын үг стандартад нэмэртэй л байлгүй. Ямартаа ч ойрмогхноос хэн хүнгүй электрон тамхи ярих боллоо. Аль олон үзэгчтэй телевизүүд мэдээ бэлтгэж, ярилцлага, бүр нэвтрүүлэг хийжээ. Ноднин хэдэн сайтад мэдээ гарсныг бодоход илүү санаа тавиад эхэлсэн нь анзаарагдана. Энэ сэдвээр ярьдаг мэргэжилтэн ч нэгийн зэрэг тодорч. НЭМҮТ-ийн ажилтан Б.Майцэцэг. Бүх хэвлэл мэдээллийнхэн Б.Майцэцэгээс ярилцлага, тодруулга авдаг аж. Тэр бүгдийнх нь агуулга хоорондоо тохирчихсон мэт адилхан. “Электрон тамхи гэж хүн төрөлхтнийг үгүй хийх цоо шинэ аюумшигт хорыг огтоос хяналтгүй зарж байна. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуус л татаад байна”.
Онцгой чухал хууль
П.Анужин, Б.Жаргалмаа нарын УИХ-ын гишүүд электрон тамхийг хянах хуулийн төсөл өргөн барьжээ. Хэлэлцэх ч биз, батлах ч биз, хэрэгжүүлэх ч биз. Харин Баянзүрх, Багануур дүүрэг; Дундговь, Төв аймгийн Зуунмодод электрон тамхи зарахыг хориглосон бол Орхон аймагт электрон тамхи зарсан дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Бид хууль гээчийг ойлгох ч биш, ойшоох ч биш. Дарга бол “буй биеэрээ хууль” гэж үздэг хойно. Зарим засаг дарга Тамхины хяналтын тухай хуулийн “6.7.14. ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглох” гэснийг дурдсан буй. Өнөөхөндөө Монгол Улс электрон тамхийг “тамхи” гэж хуульчлаагүй байгаа юм. Тэгээд ч тусгайлсан хууль гэж суухаар Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төдийгөөр шийдчихэж болмоор.
Онцгой их аюул
Электрон тамхины тухай мэдээ “никотин зэрэг донтуулдаг олон хорт бодис агуулдаг” болохыг онцолно. Залгуулаад мэргэжилтэнд “Электрон тамхинаас болж хэдэн хүн үхэв?” гэдэг гол асуултаа тавьдаг аж. Мэргэжилтэн “Орост 12 настай нэг хүүхэд үхсэн. Австралийн нэг эр тамхинаас гарах гэж 10 жил электрон тамхи хэрэглээд уушгины хорт хавдраар үхсэн” гэх хоёр жишээгээ хэлнэ. МҮТВ ажил гаргаж нэвтрүүлэг бэлтгэснийг хараад бахархаж л суулаа. Мань мэтийн архаг тамхичид 14, 15-тайгаасаа тамхинд орсон байдаг. Электрон тамхийг энэ насныхан түлхүү хэрэглээд байгаа гэнэ. Сэтгүүлчид мэргэжилтнээс тодруулга авахдаа “электрон тамхи энгийнхээсээ илүү хортой” гэж хэлүүлэхийг хичээх аж. “Утаат тамхи нь дээр” гэдэг мессэж ч юм шиг. Жишээ нь, Нийслэлийн эрүүл мэндийн газрын судалгаагаар манай тамхичид дунджаар 18.9 настайгаасаа тамхинд орсон ажээ. Монгол Улсын хуулиар 18-ыг нас биед хүрлээ гэж үздэг болоод л энэ. Том болчихсон хойно тамхи таталгүй л яах вэ.
Онцгой их ашиг
Манайх 700 мянга гаруй тамхичинтай гэнэ. Өнгөрөгч 2-3 жилд 100 мянга гаруй нь электрон тамхи руу “уравжээ”. Утаа баагидаг нь никотинтой өвс, уур савсуулдаг нь никотин уусгасан шингэн. Электрон нь өмхий үнэргүй, сонголт ихтэй, хэлбэр загвар олон. Алив шинэ соргог зүйлийг сонирхдог залуус электрон тамхи хэрэглэж байна. Ирээдүйн хэрэглэгчид. Тамхины зах зээл жилдээ 620 тэрбум төгрөгийн эргэлттэй. Гурил, будааг ч хавьтуулахгүй тоо. Утаат тамхины 85 хувийг “Алтангадас трейд”, “Волтам” компаниуд нийлүүлдэг. Утаат тамхины үнэ харьцангуй тогтвортой явж ирсэн. Миний 10 гаран жил татсан тамхины үнэ долларын ханштай харьцуулахад сүйдтэй нэмэгдээгүй. Тусгайлан судалмаар сонирхолтой шинжлэх ухаан.
Онцгой сонин нэршил
Татаад дууссан тамхины иш хот суурингаас гардаг хамгийн том хуванцар хог. Манай гаргийнхан жилд 5.6 их наяд ширхэг тамхи татдаг. Үүний 2/3 буюу 4.5 их наяд нь хот газар хог болдог. Янжуурын шүүлтүүрийг ацетат целюлолз хэмээх нэгэн зүйл биохуванцраар хийнэ. Байгальд 10 орчим жилийн дараа бүрэн задарч дуусна. Anglia Ruskin их сургууль татсан тамхины иш ургамлын өсөлтөд ямар нөлөө үзүүлдгийг судалжээ. Хот суурингийн гол ургамал хошингорын ургалтыг сааруулж, үндсэнд нь нөлөөлдөг аж. Акурка бол хогийн саванд хаягддаггүй ганц хог. Монголчууд татчихсан тамхины ишийг “акурка” гэнэ. Уул нь “окурок” гэж орос үг*. Утаат тамхи ойрын ирээдүйд бүрмөсөн устахгүй, хот суурин акурканаас салахгүй биз ээ. Энэ төрлийн тамхинд холбогдох этгээдүүдийг “акуркачид” гэвэл зохилтой. “Шинэ юмны дайсан” гэдэг утгаар шүү. Хуучинтайгаа зууралдаж, шинийг зүхэх акуркачид минь. Далаад оноос өмнөх үеийнхэн акурка түүж татсаар тамхичид болсон бөлгөө. Одоо бол ядарсан ч янжууртайгаа:
Янжуур тамхийг татъя гэвэл
Янзын үнэр ханхлаад байна аа хө
Янагийн сэтгэл янзаараа байвал
Яагаад ч гэсэн уулзана даа хө...