Г.ОТГОНБАЯР

Монгол хүний амьдралын дундаж насжилт жар гаруй. Үүний гуравны хоёр, гуравны нэгтэй тэнцэх хугацаанд улс орон үсрэнгүй хөгжиж болдгийг монголчууд нүдээр үзэж чихээр сонслоо. Мэдээж зөв бодлоготой бол шүү дээ. Амьд жишээг нь Арабын орнуудаас харав. Ийм боломж Монгол Улсад ч байгааг хэлэх хүн олон юм аа. Ерөнхий сайд С.Батболдын айчилсан Куйвет, Эмиратын өндөр албаныхан бол өнөөдрийн Улаанбаатарыг  дөчин жилийн өмнөх Эмиратын Дубайн, хорин жилийн өмнөх Катарын Доха-гийн ирээдүйтэй зүйрлэж байна. Элсэн цөлд газрын диваажин босгосон гэж америкуудад хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн Арабын орнуудын хөгжлийн ганц тулгуур нь түүхий нефть. Харин монголчууд бидэнд  алт зэс, нүүрс гээд олон баялаг, мөн хаяа нийлсэн их хөршүүдийн аварга том зах зээл гээд олон тулгуур, давуу талууд  бий. Эдгээрийг хөгжил болгоход туршлага судлах, Кувейт, Эмиртын тал яаж туслахад Ерөнхий сайд С.Батболдын булангийн орнуудад хийсэн айчлалын зорилго чиглэв.
 Хөгжил өндөртэй, мөнгө ихтэй учраас кувейт, эмиратууд амаар ярихаас илүү нүдээр үзэхийг, эцсийн байдлаар цаасан дээр буулгасан саналыг илүүд үзэх юм. Банкууд эцсийн байдлаар хийсэн, хэрэгжүүлэхэд бэлэн төслийг л хүлээж авдаг шиг эдийн засгийн нарийн тооцоо, техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэлийг л нэхдэг юм байна. Асуух нь ч, харуилах нь ч шулуухан. Албаны яриа өрнүүлж сунжраад байхгүй. Эмир, Засгийн газрын төвшинд бодлогын шийдвэр гарчихсан байхад эргэж буцаад байдаггүй ажээ. Ерөнхий сайд С.Батболд  ч хэд хэдэн асуудлаар Эмир, Ерөнхий сайд нь зөвшөөрсөн  бодлогын шийдвэртэй, эргэж нарийвчлсан төслөө өгч байж санхүүжилтээ авах, хамтын ажиллагаа эхлүүлэх болзолтой айлчиллаа.  Энэ утгаараа 35 жилийн дипломат харилцааны түхэнд Монголын Засгийн газрын тэргүүний  Кувейт, Эмиратад хийсэн анхны  айлчлалаас Ерөнхий сайд С.Батболд хэд хэдэн гэрийн даалгавартай ирлээ.   
Хамгийн нэгдүгээрт кувейтүүд манай улсад 150 ортой хүүдийн эмнэлэг барьж өгөхөөр болов. Санхүүжилт нь 35 сая доллар. Энэ нь зөвхөн эмнэлэгийн барилгын санхүүжилт биш. Оношлогооны орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах эмч ажиллагсадын сургалт, цахим эмнэлэгийн менежмент зэргийг багтаасан иж бүрэн цогцолбор эмнэлэг байгуулж өгөхийг Ерөнхий сайд Кувейтийн талаас хүссэн юм. Кувейтийн Эмир ч, Ерөнхий сайд нь энэ саналыг хүлээн зөвшөөрөв. Ерөнхий сайдаасаа үүрэг авсны дагуу Кувейтийн сангийн тэргүүн ч манай Ерөнхий сайдад бараалхаж, эмнэлэгийн төслийг дэлгэрүүлсэн. Тус сан Засгийн газрынхаа төслийг санхүүжүүлдэг.  Манай улсад хэд хэдэн төсөл хэрэгжүүлдэг. Энэ хамтын ажиллагаанд нь эмнэлгийн төсөл шинээр орж ирсэн тул эхлээд эмнэлэг чухал уу, эсвэл одло хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Хөвсгөлийн Мөрөнгөөс Тариалангийн чиглэлд тавих 170 км замын санхүүжилт чухал уу гэдгийг сангийн тэргүүн асуусан.  Хариуд нь Ерөнхий сайд С.Батболд эмнэлэг илүү чухал. Гэхдээ замын бүтээн байгуулалтаа зогсоомооргүй байна гээд эмнэлгийг буцалтгүй тусламжаар байгуулж, Тариалангийн чиглэлийн замыг хөнгөлөлттэй зээлээр тавьж өгөх санал тавив. Энэ дагуу нь Кувейтийн Засгийн газрын холбогдох албаны хүмүүстэй Сангийн сайд С.Баярцогт эргэж уулзсанаар эцэст нь Ерөнхий сайдын хувилбараар шийдсэн юм. Одоо  манай тал эмнэлийн нарийвчилсан төслөө эргэж танилцуулна. Ингэснээр кувейтүүд манай улсын нийгмийн салбрт санхүүгийн дэмжлэг шүшшож эхэлж байгаа юм. Өмнө нь тэд  зөвхөн  дэд бүтцийн салбарт л зээл тусламж өгдөг байлаа.  
Хүүхдийн эмнэлэг, 170 км зам хоёроо шийдсэний дараа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав. Кувейтүүдийн хүнсний гол хэрэглээ нь манай адил мах. Тэр дундаа хонины мах. Одоо энэ хэрэгцээгээ Австралиас голдуу авдаг. Нефтээр баялаг энэ улсад литр бензин 300 төгрөг бол хонины мах чанараасаа хамаараад 3500 төгрөгөөс эхэлнэ. Бүр кг нь 40 ам.доллар ч гэж байдаг гэсэн. Улс нь хөгжилтэй, иргэд нь баян учраас махны үнэд биш, чанарт илүү санаа тавьдаг. Австрал хониныхоос монгол хонины мах илүү амттай чанартайд тэд эргэлздэггүй юм байна. Энэ бодлыг нь 2006 онд Өвөрмонголоос  авсан 70 мянган хонины мах авсан улам баталгаажуулсан бололтой.  Иргэд нь дахиад  ийм чанартай мах  нийлүүлэхийг Засгийн газрааэсаа шаарддаг байна.  Манай улс ч бог малынхаа махыг гадагш нь борлуулж чаддаггүй, олон жил ярьсан. Хэрвээ бид Кувейтэд гарцтай болчихвол махны экспортын  орлого үлэмж нэмэгдэнэ гэж ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хэлсэн.  Хэдийгээр энэ асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан ч бас л гэрийн даалгавартай. Арабууд  махны чанараас гадна эрүүл ахуйд нь ихэд анхаардаг. Мах нь чанартай ч гэсэн улсад нь шүлхий өвчин байдаг л бол мах авдаггүй. Харин манай улсын баруун зүгийн 17 аймагт шүлхий өвчин гардаггүйг кувейтүүд бараг биднээс илүү мэдэж байна лээ. Тийм учраас зөвхөн баруун зүгийн 17 аймгийн малын махыг л авна. Харин үүний тулд танай улс Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас  энэ бүс нутаг малын халдварт өвчингүй гэдэг статусаа хурдан аваадах. Тэр үед бид махаа импортолж   эхэлнэ, бидэнд тээвэр проблем биш. Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэж  болно, Баян-Өлгийгөөс шууд онгоцоор авч ч болно гэдгээ хэлсэн.  Мах аваад зогсохгүй, монгол амлыг эрүүлжүүлэхийн тулд малыг ээмэгжүүлэх, орон нутагт махны шинжилгээ халдавргүйжүүлэлтийг лаборитор байгуулах, сумад малын эмч ажиллуулах зэрэгт 18 сая долларын буцалтгүй тусламж үзүүлж хамтарч ажиллахаар болов.  
Манай улс Арабын орнуудаас түүхий нефть авах талаар  байнга л ярьдаг. Нэг сая тонн гэсэн тодорхой тоо ч явдаг.  Энэ яриа Ерөнхий сайдын айлчлалын үеэр урагшилж ажил хэрэг болохоор боллоо гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Амарсайхан хэлсэн. Тус улс манайад түүхийгээр нь биш, боловсруулсан нефть нийлүүлэх, эсвэл Хятадад удахгүй ашиглалтад орох үйлдвэрт  боловсруулж авна. Кувейтүүд өмнө нь боловсруулсан нефть нийлүүлдэггүй, өөр улсад боловсруулаад авъя гэхээр стандартын шаардлага хангахгүй гэдэг байжээ. Харин Хятадад нээгдэх боловсруулах үйлдвэрийн тодорхой хувийг кувейтүүд өөрсдөө эзэмшдэг учраас Монгол Улсыг  сая тонн нефтээ тэнд боловсруулж авч болох хувилбар хэлсэн. Ер нь Кувейтийн Засгийн газар  өөрийн орны бизнес эрхлэгчдийг, эсвэл хувь эзэмшиж байгаа бхөрөнгө оруулалтаа ихээхэн дэмждэг бололтой.  Манай улсын ураны салбарт орох сонирхолтой Францын Арева групп-д кувейтүүд хувь эзэмшдэг юм байна. Хэрвээ энэ групп нь Монголын ураны салбарт идэвхтнй тоглогч болбол бид Монголд бүр илүү хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжтой гэдгийг Ерөнхий сайд нь илэрхийлсэн.
Кувейтүүд Монголд их элэгтэй юм. Гэхдээ энэ нь нийт улсынх нь байр суурть хараахан биш. Исламын ардчилсан төртэй Эмирийн эзэнт улс учраас Эмирийн үг, хандлага энэ улсад хууль.  Кувейтүүд ч та нар манай Эмирийн Монголд элэгтэй энэ алтан үеийг ашиглах хэрэгтэйг зөвлөж байв Кувейтэд  Монголыг төлөөлж суугаа Элчин сайд К.Сайрааны хэлснээр тус улсын Эмир 2006 оноос хойш гурван улсад л тус бүр гурван удаа очсоны нэг нь Монгол юм байна. Тэрээр анх 2006 онд Монголд айлчлахдаа “манай улсад Ирак довтолсныг Монгол Улс тууштай эсэргүүцсэнд баярлалаа гэдгийг хэлэх гэж л би Монголд ирлээ” гэж байсан. Сая ч энэ талархлаа дахин илэрхийлж, “ Та бүхэн гэсэн найзындаа ирсэн юмшиг л тавтай байгаарай” гэсээр Монголын Ерөнхий сайдыг угтав. Мөн тэрээр “Бид монголчуудад тусална. Хэдүүлээ том төслүүд дээр хамтран ажиллая. Монголччууд та нар жижиг төсөл санхүүжүүлэхийг хүсдэг. Хоолны ширээ байлаа гэхэд зөвхөн халбага сэрээг нь нийлүүлэхийг хүсэх юм. Гэтэл кувейтүүд бидэнд халбага сэрээ аяга таваг гээд хоолны ширээг хоолтой нь  бүхлээр нь санхүүжүүлэх сонирхол, боломж байна” гэсэн.  Магадгүй энэ  үгээс нь санаа авсан уу, далимдуулсан уу, Ерөнхий сайд хүүхдийн эмнэлэгийг оношлогооны тоног төхөөрмж, боловсон хүчний сургалт гээд цогцоор нь барьж өгөхийг хүссэн. Эмирийн эзэнт улс ч нэг хүн насаараа Эмир байдаггүй. Үндэсний асамблей буюу парламентын 50 гишүүнийх нь гуравны хоёр зөвшөөрвөл эмирийг хугацаанаас нь огцруулж болдог. Гэхдээ энэ хүний удмаас л дараагийн эмирийг сонгоно. Одоогийн Эмир бол тус улсын 15 дахь Эмир юм.  Тийм учраас л одоо байгаа Эмирийн  Монголд элэгтэй ханддагийг нь ашигла гээд байгаа хэрэг.  
Куйветэд үүнээс гадна тус улсад одоо суралцаж дөрвөн  монгол оюутны тоог нэмэгдүүлэх, булангийн орнуудын  орны хөрөнгө оруулагчлын чуулга уулзалтыг энэ оны эхний хагас жилд багтаан Улаанбаатарт хийхээр болов.  
Хүн амынх нь гуравны нэг нь унаган кувейтүүд бусад нь цагаачид улс хөгжихдөө гаднын иргэдийн хүчийг их ашигласан. Одоо ч тийм. Хамгийн гол нь эх орныхоо эзэд нь хэн бэ, баялгийн эзэд нь хэн бэ гэдэг эрх ашгийн эрэмбийг маш сайн баримталдаг юм байна. Харин манай улсад бол гаднынхан ирэхээрээ Монголын унаган иргэдээс ч илүү эрх дахртай болчихдог. Эсвэл манайхан урд хөршнийнхөө үздэг  уламжлалт сэтгэхгүйгээр бүх гаднынхныг хардаг, ханддаг дутагдалтай. Үүнээс ч том дутагдал монголчуудад бийг Монгол Улс  Кувейт, Эмират шиг баялгаараа хурдан хөгжихөд хөгжлийн талаархи төр засгийн бодлого нь тогтворгүй, сонгуулийн дөрвөн жилээр хэмжигддэг, бие биеэ татаж унагадаг дайсагнасан хамтын ажиллагаа хамгийн их саад болно. Энэ маань магадгүй бидний давуу талуудтай ч тэнцэх эсрэг хүчин болно. Бидэнд баялгаас гадна хөгжлийн бодлого нь тогтвортой, урт хугацааны, төрийн бодлого нь залгамж чанартай, бүх шатандаа бие биеэ дэмжсэн бүтээлч хамтын ажиллагаа чухал байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд    айлчлалын багт багтсан улстөрчид, бизнесийнхэн, сэтгүүлчдэд хэдэнтээ сануулж явлаа.
Тийм ээ, улс орон монгол хүний амьдралын насны нэг хэсэг хугацаанд хөгжиж болж байна. Бурхны хайрласан баялгаар тэгж хөгжих боломж бидэнд ч байгааг хэн хүнгүй хэлж байна.  Монголынхоо хөгжлийг өөрөө  үзэх нь чухал ч, үр хүүхдэдээ хөгжилтэй улс орон, амар тайван амьдрал үлдээх нь илүү чухал гэдэгтэй санал нийлэхгүй хүн ганц ч байхгүй. Чухам эндээс л кувейтүүдийн  хөгжлийн төлөөх  бүтээлч хамтын ажиллагаа эхэлжээ.
Үргэлжлэл бий.